Шинэ – Та ч бас шинэ

2008 онд Би “Өөрөөр амьдрахаар” шийдлээ. Би аливаа зүйлд гол дүрд тоглох дургүй. Гэхдээ 2007 оныг дуустал тийм байсан. Яагаад гэвэл би өөрийгөө гол дүрд тоглоход хангалттай сайн бэлтгэгдээгүй гэж боддог байлаа.
Одоо би өөрийн чадах зүйл дээрээ гол дүрд тоглохоос татгалзахгүй ээ хэхэ. Яагаад байж болохгүй гэж.
Миний нэг орчуулж байсан номон дээр
Өнгөрсөн бол түүх
Ирээдүй бол таавар
Өнөөдөр бол бэлэг ....
гэсэн байдаг юм.
Тиймээ 2007 он Оогий гэмээх нэгэн жижиг ертөнцийн эргүүлэх хуудсыг нэгээр нэмж, түүх болон ард хоцорч байна.
Би ирээдүйгээ төсөөлж мөрөөдөж чадахаас, надад ирээдүй маань мөнхөд таавар хэвээр байх нь ойлгомжтой. Гэхдээ Өнөөдөр гэмээх томоос том, асар том бэлгийг би зөв ашиглаж нэг хормыг ч алдахгүй хөдөлмөрлөж чадвал таавар гэх төсөөллийн, мөрөөдлийн ирээдүй маань миний гарт ирэх нь дамжиггүй юм.
Өнөөдөр надад байгаа хамгийн үнэтэй бэлэг миний гэр бүл. Иймээс гэр бүлийнхэндээ, хамгаас хайрт ахдаа, дүү нартаа, эмээдээ бүгдэд нь ШИНЭ ОНЫ МЭНД.
2008 онд Би Шив Шинэхэн, Эрч Хүчтэй ООГИЙНОО байх болно.
ИРЭЭДҮЙГ НЭЭХ ТҮЛХҮҮР НАДАД БАЙГАА. ТҮЛХЭХ Л ХЭРЭГТЭЙ ТИЙМ ҮҮ.

Манайхан




Энэ бол манай ажлыхны шинэ жил. Үнэхээр сайхан болсон.
Бүгдэд нь Шинэ Жилийн Мэнд Хүргэе.

Time сэтгүүлийн Оны Шилдэг Хүн Владимир Владимирович Путин




Путины өмнөх Орос орон


20-р зуунд Зөвлөлт Холбоот улс дэлхий ертөнцийг үзэл сурталаар хоёр ангилан хуваахад голлох үүргийг гүйцэтгэж байлаа. Товчхондоо дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн хоёр туйлд хуваагдан оршиж байсан юм. Хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний Хана нуран унасаны дараа Орос орон АНУ-аас гэрэвших нь багассан. Хэдийгээр Зөвлөлт Холбоот улс, томоохон гүрнүүдийн хооронд явагдсан геополитикийн “бооцоот тоглоомд” ялагдал хүлээж, АНУын өмнө “сөхөрч” түүнчлэн хүчирхэгжиж байгаа Энэтхэг, Хятадын том “аманд” залгигдаж байгаа мэт дүр зураг харагдах боловч Орос орон өнгөрсөн, одоо, хэт ирээдүй ч дэлхий ертөнцийн “цөм” хэвээр байх болно.
Орос орон, Хятадтай 4200 километрээр хиллэж, дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч хэвээр байж, Саудын Арабын дараа орох хамгийн том нефт үйлдвэрлэгч болж, Ойрхи Дорнодын бүс нутгийн бодлого тодорхойлогч гол гүрэн хэвээр байсаар байна. Энэ ч утгаараа хэрэв Орос оронгүйгээр дэлхийн ертөнцийг төсөөлье гэвэл дэлхийн томоохон гүрнүүд 21р зуунд гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн бүхэн хөсөр хаягдана гэсэн үг.
21р зууны өнгө төрхийг тодорхойлогч Орос хэмээх Их Гүрнийг Владимир Владимирович Путингүйгээр төсөөлөхөд бэрх юм.

Time сэтгүүлийн оны шилдэг хүн Владимир Путин

Агуа Их Эх орны дайны жихүүхэн жилүүдэд 26 сая хүнээ алдан нулимсанд живээд байсан Орос орны баатарлаг Ленинград хотын нэгэн ажилтан ангийн гэр бүлд Путин мэндэлсэн гэдэг. Түүний төрсөн нь үнэн болохыг батлах мэдээллээс өөр хүүхэд ахуйн үеийн тухай тодорхой баримт байдаггүй юм. Гэхдээ түүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол коммунист дарангуйлагч гэгдэх Сталины тогооч хийдэг байсан өвөө нь гэж үздэг.

Тайм сэтгүүлээс жил болгон уламжлал болгон зарладаг оны шилдэг хүн хэмээх энэ шалгаруулалт нь бусдад өгч байгаа “хүндэтгэл бус”, бусдыг “сайшаан магтаж байгаа” хэрэг ч бус юм. Энэ бол тэмцээн уралдаан ч биш. Тайм сэтгүүлийн оны шилдэг гэсэн цолыг дэлхийн ертөнцийг “сайн”, “муу” аль хэсэгт хувааж чадсан тэрхүү хамгийн хүчирхэг “хувь” хүнийг олж харан дэлхий нийтэд танилцуулдаг шалгаруулалт юм.

Нэг үгээр, Тайм сэтгүүлийн Оны Шилдэг хүн болно гэдэг нь хүн төрлөхтөнд хүчирхэг, цуцашгүй удирдах чадвараа зүй ёсоор харуулж чадсан эрхэмд олгогддог цол юм. Путин бол Барууныхны дүгнэн хэлдэгээр ардчилагч биш. Тэр бол чөлөөт индэрийн төлөөлөл ч биш. Нэг үгээр, тэр Орос оронд тогтвортой байдлыг бий болгосоноос гадна Хүйтэн дайны уршигаар нэр хүнд нь унаад байсан Орос оронг эргүүлэн олон улсад үнэлэгдэхэд, олон улсын тавцанд байр сууриа эргүүлэн “тамгалах” нөхцөлийг бүрдүүлсэн гарамгай удирдагч юм. Путин, Орос орныг “чанга” нударгаар номхоруулж чадсан гавьяатан. Ийм учраас түүнийг Тайм Сэтгүүлийн Оны Шилдэг хүнээр зүй ёсоор зарласан болов уу.

Путины гүн цэнхэр “хөлбөрлөшгүй” харц, гадны ямар ч нөлөөнд авталгүйгээр биеэ авч явж чаддаг чадвар, сэтгэлийн хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй “чанга” төрх, өөрийн санаагаа бусдад олон долоо үггүйгээр үйл хөдлөл, харцаараа ойлгуулж чаддаг зэрэг нь түүнийг амжилтанд хүргэх гол зэвсэг болсон гэж ажиглагчид үздэг. Тэр бол үнэхээр “чанга” удирдагч. Түүнчлэн тэрээр АНУ-ын өмнө ямар ч эргэлзээгүйгээр Орос орны ашиг сонирхолыг баттай илэрхийлж, ятган үнэмшүүлж чаддаг цорын ганц удирдагч билээ.

Шинэ Оросын Шинэ Хаан

Путин Орос оронд юу хийж чадсан вэ?. Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2008 оны 3р сард дуусна. Оросын ард түмэн маш их итгэл найдвар өгч түүнийг улиран сонгосон. Үндсэн Хууль гэсэн саад байхгүй бол түүнийг ахин сонгох ч сонирхолтой байгаа нь нууц биш. Орос орон Путинд яагаад итгэл өгсөн вэ?.
Зөвлөлт Холбоот улс задран унасанаас хойш үгүй болоод байсан тогтвортой байдлыг бий болгож, ард түмний дунд их гүрний бахдам үзлийг эргүүлэн авчирч чадсан удирдагч юм. Тэр ерөнхийлөгч болсоныхоо дараа Оросын эдийн засгийг бүхэлд нь атгаж улмаар улс орныг мафийхан уландаа гишгэж байхад бүгдийг нь зоригтойгоор “арчин хаяж”, 2003 онд дундаж иргэний цалинг хоёр дахин нэмж, Оросын хөрөнгө эрх мэдэл хэдхэн баячуудын гарт атгагдсан байсныг задрааж, жирийн ард иргэдийн амьдралыг бодитоор өөд нь татаж чадсан гавьяатай.

Хүйтэн дайны шуурганд сөхөрч байсан хүчирхэг “баавгай”-г ахин сэргээж чадсанаараа Путин Оросын ард түмний дунд гавьяатай. Дээр нь бас Дэлхийн тавцанд өөрийнхөө нөлөөллийг ганцхан зэвсэглэл үйлдвэрлэл, нийлүүлэлтээр бус нефт, хийн түлш болон модны экспортоор бататгах болсон юм. Орос орон,
Дэлхийн ертөнцийн хурцадмал асуудал дээр Орос ямар байр суурьтай вэ?. Америкийн оолон улсад нөлөөллийг сааруулахад далдуур “өдөөн хатгагч”, Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, Ойрхи Дорнод, Ираны асуудалд голлох яриа хэлэлцээрч болж байна.

Путины засгийн газар Орос оронд тогтвортой байдлыг авчирч, мафийхны үйл ажиллагааг намжаахад бас л багагүй зүйлийг золиослох хэрэгтэй болсон. Нэг үгээр хүчтэй, хүнд нудрагны амтыг үзүүлэх шаардлагатай болсон юм. Нэг үгээр тэд хүний эрх, эрх чөлөөгөөр тоглох хэрэгтэй болсон гэсэн үг юм. Путин засгийн эрхэнд гарсаныхаа дараа оросын хэд хэдэн телевизүүдийн суваг, сонин сэтгүүлийг хааж кремлийн суурийг ганхуулахад хүргэж Оросын улс төрийг үнэгүйдүүлэхэд нөлөө үзүүлж байсан хөрөнгөтөнүүдийг үг сүггүй шоронд хориж, Путины засгийн газрыг эсэргүүцэгчдийг баривчилан хорьсон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Путины рейтинг хэзээ ч 70ээс доош орж байсангүй. Энэ түүнийг ямар улс төрч, удирдагч болохыг нотлож байгаа хэрэг юм.
Энэ утгаараа шинэ үеийн Орос орон судлалаар мэргэшсэн, Никсон Төвийн ерөнхийлөгч Димитри Саймэс “Путин бол шинэ үеийн дарангуйлагч. Тэр бол орчин үеийн Петр хаан” гэж дүгнэсэн байдаг юм.

Путины улс төрийн карьер

Зарим тохиодолд Путины улс төрд орсон явдалыг аз тохиосон явдал гэж үзэх хүн олон байдаг. Путин өөрийнхөө залуу насны амьдралыг халаас нимгэн, зодоон цохионд дуртай байнга шарх сорвитой явдаг байлаа гэж дурсан ярьсан байдаг юм. Шаливхан биетэй ч эр хүн шиг эр хүн болоход нь бөхөөр хичээллэдэг байсан нь нөлөөлсөн байж болох талтай.
Оросын Тагнуулын төв газар, гудамжны атаман гэгдэх Путиныг жинхэнэ эр хүн болгон хүмүүжүүлж чадсан. 1975 онд Ленинградын Их Сургуулийн оюутан залуугийн амьдралыг бүхлээр нь өөрчлөх үйл явдал болсон нь үл таних нэгэн этгээд ирж түүнд шууд л “Би чамтай ирээдүйд хэн болох талаар чинь ярилцмаар байна. Гэхдээ яг хэн гэдгийг нарийн яримааргүй байна. Зүгээр л надад итгэ” гэж хэлсэн гэдэг. Энэ бол түүнийг сөрөг тагнуулч болгоно бэлтгэх гэсэн санал байсан юм. Ингээд 1980иод оны дунд гэхэд Путин анхныхаа нууц даалгаварыг аван Зүүн Берлин руу явж НАТО болон Германы улс төрчдийн талаар мэдээлэл цуглуулах даалгавартай ажиллаж байлаа. Хүйтэн дайны үед тэр Германы Дрезденд ажиллаж байсан гэдэг. Харин Берлиний хана нуран унасаны дараа түүнийг Зөвлөлт Орос руу эргүүлэн татсан бөгөөд хамтран ажиллагч нөхдийн хамт Зөвлөлт Оросын үед тагнуул хийж байсан тухай бүх баримт бичиг, нэрсийг галдан шатааж улмаар Шинэ оросд шинэ хүний амьдралаар амьдарч эхлэсэн юм. Нийгэмд гарсан өөрчлөлт түүнээс энэ бүхнийг шаардаж байлаа.
Энэ бүгдийн дараа Путин Санкт Петербург хотын захирагч байсан Анатоли Собчактай танилцсан нь түүний хувьд өнөөдрийн Орос орны нүүр царайг тодорхойлогч залуу лидер байх үндэс суурийг тавьж өгсөн билээ.

Англи хэлнээс эмхэтгэн нийтлэв.

Сэтгэл

Юу хоосон вэ? Сэтгэл
Юу баян гэж? Бас л сэтгэл

Би хэн вэ?




Өчигдөр нэг таньдаг хүний хэлсэн үг өөрөө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэйг ойлгуулах шиг санагдлаа. Би тэр үгнээс болж шөнө ч унтаж чадсангүй. “Чи өөрийгөө ухаантай гэж боддог ш дээ” гэж хэлэхэд надад ямар хэцүү санагдаж байсан гэж санана. Яагаад ч юм дотогшоо нэг л сонин гэмээр мэдрэмж “арзагнаад”, нулимс минь эрхгүй гарах гээд гомдоод явчих шиг санагдсан. Ажил дээр байсан болохоор арай хийж л нулимсаа дотогшоогоо залгисан. “Шууд тэнэг” гээд хэлчихсэн бол би ийм хүндээр тусгаж авахгүй байсан байх л даа. Энэ үг надад би бусадтай их буруу харьцдаг болохыг, би буруу тийшээ явж байгааг басхүү “чи одоо хэн ч биш байгаа шүү” гэсэн дохиог өгөх шиг санагдсан л даа. Гэхдээ тэр хүнээс би тэр үгийг өөр нөхцөлд, арай өөр ярианы nuance.д сонсосон бол тэгж их хүндээр тусгаж авахгүй байсан байх л даа. Бас тэгэж хэлсэн хүн нь өөрөө надад их чухал хүн биш байсан бол тэр үг надад их хүнд тусахгүй ч байсан байж болох л юм. Хамгийн гол нь тэр хүний хэлсэн үгнээс би, миний бие авч яваа байдал, хүнтэй харьцдаг харьцаа, үг хэл, хүсэл сонирхол маань намайг эмэгтэй хүн гэж харагдуулдахаасаа илүү “адаар зантай хүйтэн зүрхт” шиг болгодог шиг санагдсан.
Гэхдээ өөрийн гэсэн бодолтой зорилготой хүсэл тэмүүлэлтэй, эрчүүдтэй ижилхэн байр суурьтай байхыг хүсдэг, “тэнэг ч гэсэн” өөрийн үзэл бодлыг хамгаалахын тулд “махарч” чаддаг, биеэ даасан байхыг хүсдэг эмэгтэй эсрэг хүйстэнээрээ зүгээр л эмэгтэй хүн гэдэг утгаараа хайрлуулах хувиар дутах ёстой байдаг гэж үү. Эмэгтэй хүн гэхээрээ заавал сул дорой байх ёстой юм гэж үү.
Хөөрхий дөө миний зорилго, хүсэл тэмүүлэл, үзэл бодол бусдын хувьд “инээдтэй” өчүүхэн байж, “үзэл бодол зорилго ч бол доо” гэж хэлэхээр байж болох ч, би тэнэг дөргүй бух шиг зүтгэдэг ч гэсэн тэр болгон минь наддаа л үнэ цэнэтэй байвал болоо биш гэжүү.
Би чинь эмэгтэй хүн шүү дээ …. Зүгээр л хайрлуулахыг хүсдэг. Хүн эрийн цээнд хүрч том болсон ч ээждээ духаа өгөөд үнсэлүүлэхдээ нялхардаг, бас баярладагтай л адилхан.
Гэхдээ би одоо өөртөө дүгнэлт хийлээ гээд ч яах юм билээ.
Эсрэг хүйстэнээрээ хайрлуулахын тулд заавал эмзэг туяхан, бусдын үгийг хүлээн зөвшөөрдөг, өөрийнхөөрөө шийдвэр гаргахыг хүсдэггүй болж жүжиглэх хэрэгтэй юм гэж үү !!!!!!!!!!!!!!!
Тэгэхээр “Би хэн вэ?”. Би зүгээр л эмэгтэй л хүн.
Би өргөстэй харгана байлаа гэхэд
Өшиглөж хугачихынхаа оронд
Эвтэйхэн шиг ишнээс нь бариад
Өнгийн шар цэцгийг онцгойлон ажиж болохгүй гэж үү
Гэхдээ яаалаа ч гэсэн тэр харгана харганаараа л үлдэнэ.

Хоёр. Боломж дандаа дэргэд байдаг – Энэ миний дуртай үг




Өмнө нь би олон улсын мэргэжил нэгт хүмүүсийг хамарсан том уулзалт семинарт оролцож байгаагүй болохоор “алдах бий, миний хэлэх зүйлийг юу гэж хүлээж авах бол” гэсэн айдас намайг маш их зовоож байлаа. Яг л өрөнд баригдсан “хужаа” шиг нэг их чухал хүн хөмсөгөө атруулаад л ...
Ингээд уулзалт семинарын эхний өдөр бидний буусан таван одтой зочид буудлын 2 давхарын хурлын цэлгэр танхимд эхэллээ. Цаг 9:00 ийг заана. Харин миний зүрхний бичлэг байх ёстой хэмжээнээсээ хэт давж, бараг л цөмийн дэлбэрэлт болохнээ.
Куала Лампурын гадаах гудамжинд халуун бөгчим, чийгтэй, халуун орны он удаан жил нигширсэн үл таних үнэр бүхий агаар амьсгалахад хэцүү цээжин дээр дарж байсан бол хурлын танхимд ер бусын таатай сэрүүхэн, заримдаа бүр нимгэн пиджакийн цаанаас жиндэнэ даарч байлаа.
Хурлын танхимд оронгуутаа л би Ази Номхон Далайн 22 орноос ирсэн 20 гаруй сэтгүүлчдийг гүйлгэн харж, байгаа байдал, үс зүсээр нь насыг нь бас хэр хүн вэ гэдгийг тодорхойлох гэж оролдлоо. Нэг бус хүнийг тооцвол би энд хамгийн залуухан нь бололтой.
Төсөөлж байснаас минь бүх зүйл өмнөө байсан юм. Хурал гэхээр л нэг их албаны зангиа хувцасандаа дарагдсан хүмүүс чухал чухал үг шидэлцээд л цэцэрхээд байх юм болов уу гэтэл. Харин ч эсрэгээр бүх зүйл маш найрсаг хэрнээ бүгд урьд нь бие биенээ таньдаг хэзээний найзууд мэтээр эхлэсэн юм. Семинарын явцад бидэнд сургалтын сонгон авсан point-ийг ойлгуулахын тулд тоглоом тоглуулж, хөгжөөх нь элбэг.
Улаанбаатраас тээж ирсэн нөгөө нэг айдас минь тэрхэн зуур алга болж, би биеээ барихаа болж эхэлсэн.
Ингээд үдийн завсарлага болоход бид бүгд цайны өрөө руу гарч кофе, жигнэмэг идэнгээ улам дотно танилцах зуур нэрийн хуудасаа солилцов. Яагаад ч юм би Монголоос авч явсан өнөөх нэрийн хуудаснуудааа гаргаж өгөхөөс санаа зовоод нэрийнхээ хуудсыг авчирсангүй гээд хэлчихсэн хэхэхэхэ. Яагаад ч юм нэрэлхүү гэмээр юм уу эсвэл ийм жаахан юм байж юун өөртөө ахадсан албан тушаалтай юм гэж бодох бий гэсэн нөгөө л нэг Монгол хүний “тэнэгдүү” зангаар тэгсэн хэрэг л дээ. Нэрийнхээ хуудсандаа би .... байгууллагын гадаад харилцааны албаны дарга, сэтгүүлч гээд биччихсэн байсан юм. Гадаад харилцааны албаны дарга гэж хэлж болох ч надаас олон жил ажиллаад олон газар явж юм үзэж нүд тайлсан ахимаг насны хүмүүсийн өөдөөс “том гинжтэй жижигхэн гөлөг” мэт нэрийн хуудас өгөхөөс ичсэн хэрэг л дээ.
Ер нь бол уулзалт семинарын гурван өдөр маш хурдан өнгөрч байсан гэж хэлж болно. Өглөөний 9ээс оройн 5н цаг хүртэл болж байсан ч сургалтын арга барил сонирхолтой тэгээд ч бас би мэргэжлийн чиг баримжаандаа дэлхийд шилдэгт тооцогдох мэргэжилтэнүүдээс анх удаа номын дуу сонсож байсан болохоор сайхан байлаа.
Эцсийн өдөр нь би бэлтгэсэн илтгэлээ тавих, нэвтрүүлгээ үзүүлэх цаг нь болсон юм.
Нэвтрүүлэг ч явлаа .... Би ч үгээ хэллээ .....
“Айдагаа авдартаа хийсний” дараа би урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй талархалыг хүлээн авсан.
Энэ бол би тодорхой шаардлагуудыг биелүүлж чадвал чам шиг залуухан, Англи хэлтэй хүмүүсийг Олон улсынхаа байгууллагын ажилтан болгох сонирхолтой байна гэсэн миний ирээдүйг тодорхойлсон ажлын санал байсан юм.
Тиймээ. Би ажлын санал хүлээн авна гэж төсөөлж ч байгаагүй. Тэр тусмаа гадаадад, дэлхийн 160 гаруй телевизүүдийг нэгтгэсэн тэр том байгууллагын ажилтан шүү.
Одоо цаг хугацаатай уралдан өөрийгөө дайчлах л үлдсэн. Нэг үгээр би эхлэлийг нь тавьж чадсан болохоор итгэлийг алдахгүй хичээх л хэрэгтэй болсон.
Энэ санал надад асар их урам зориг, басхүү томоос том шинэ цонхыг нээж өгсөн юм. Би хичээнээ.

Нэг. Хөнгөн айдастай хилийн дээс давсан нь




Он бүрийн төсгөлд сайн, муу бүх зүйлдээ дүгнэлт хийх сайхан байдаг юм.
Энэ жил 2006 оны сайн, муу, амжилт бүтээлийг гүйцэхгүй ч, оны төгсгөлд буюу 12р сарын дундуур 2007 он гарсанаас хойш хийсэн ажлынхаа үр дүнг үзэж Малайзын Куала Лампур руу өөрөө өөртөө томилолт өгөн явлаа. Томилолтынхоо үүрэг даалгаварыг бас л өөрөө өөртөө өгсөн. Учир нь би нэг байгууллагын гадаад харилцааг анх удаа хариуцан ажиллаж байгаагийн хувьд гадаад харилцаатай холбоотой бүхий л асуудалд өөрөө өөртөө дарга бас цэрэг нь болж явдаг юм. Мэдээж хагас жил гаруй хөөцөлдөн байж дэлхийн хамгийн том нэр хүндтэй хоёр ч холбоонд байгууллагаа амжилттай элсүүлэн, Францын нэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж чадсан юм. Ямар ч байсан би одоо ажиллаж байгаа байгууллагынхаа “анхдагч” бүхнийг хийж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Би энэ ажлынхаа үр дүнг үзэх гэж бүтэн нэг жил ганцаарханаа ажилласан. Хүссэн зорилго минь биелэхгүй удах тэр үед шантараад ажлаасаа гарахаар ч бодож байлаа.
Мэдээж зорилготой байх, зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хэр хэмжээнд хөдөлмөрлөх басхүү шантралгүй тэвчээртэй хүлээх нь амжилтын үндэс юм гэдгийг өнгөрсөнд болсон бүхнээс дүгнэж хэлэх байна.
Миний хийж байгаа ажлын давуу тал нь бусдаас төдийлөн хамааралтай биш, өөрийн хүссэнээрээ бүх ажлаа зохион байгуулж удирдаж болно басхүү шинэ санал санаачлагыг хэрэгжүүлж чадна. Хэрэв би ерөнхий захиралдаа миний санал санаачлага ач холбогдолтой гэдгийг ойлгуулж чадвал бүх зүйл ОК. Азаар захирал маань намайг сайн дэмжиж байгаа нь надад бас урам өгдөг. Иймээс би итгэл алдахгүй сайн ажиллах хэрэгтэй.
Энэ ч утгаараа би Куала Лампурт болсон олон улсын уулзалт семинарт оролцохдоо сайн дураараа шахуу илтгэл тавьж, сайн дураараа байгууллагаа танилцуулах зорилгоор нэвтрүүлэг хийж авч явсан юм. Учир нь гишүүнээр элссэн байгууллагадаа бид “хэн” гэдгээ багахан ч болов нотлохыг хүссэн билээ.

Хөнгөхөн айдас, хөнгөхөн догдлол дээрээс нь хүндхэн үүрэг хариуцлага өвөртөлсөөр Куала Лампурыг зорьлоо. Куалад зунаараа бөгчим байгаа гэсэн учраас гэрээсээ гарахдаа зуныхаа шаахай, нимгэн хүрэмээ өмсөн, Эйр Чайнагийн онгоцонд суусан юм. Бээжингээр дамжин Куала Лампурын нисэх буудалд газардахад үнэхээр л миний эх оронд хүйтний хэм тэгээс доош зааж, модод нүцгэрч, бүх зүйл сүүрмэг унтаа байдалд нойрмогтож байхад, Малайзад бөгчим халуун, зүлэг мод нь ногооноороо байлаа.
Малайзын онгоцны буудалд буухтай үгүйтээ л Улаанбаатраас тээсэн хөнгөн айдас минь зүрхний цохилтыг минь улам хүчтэй булиглуулж байсан юм.
Маргааш уулзалт семинарын эхний өдөр

Би нээрээ

Би нээрээ ... Би их сэтгэлийн хөдлөлтэй гэдгээ мэддэг. Ер нь тэр сэтгэлийн хөдлөлөөрөө бусадтай харьцдаг. Алдах нь бага байсан ч би дөнгөж саяхан болж өнгөрсөн бүхнээс сэтгэлийн хөдлөлөө яадаг ч байсан барьж байх нь зүйтэй гэж бодох боллоо.

Завсарлага

Улаанбаатарын утаатай саарал бүүдгэр цасгүй өвлийн завсархан хугацаанд далайн эргийн оронг зорих таатай боломж олдлоо. Энд би нүүрсний утаагаар амьсгалж, уйтгартай өдөр хоногийг аргацаан, арьсан биеэн дээрээ өчнөөн олон хэрэгтэй хэрэггүй хөвөн даавууг хүйтний хэмээс жихүүцэн "байцаалж" байсан бол тэнд би богино юбка, нимгэн мактай нарны сайхан нүдний шил зүүчихээд олон орны сэтгүүлч нартай зугаалах болох нь дээ ... хэхэ

Амьдрах сайхааан


Залуусаа амьдрах сайхан. Аз жаргал хаана байдаг гээч. Миний чиний бидний амьдарч байгаа газар байдаг юм. Чи өөрөө л зөв байж чадах юм бол амьдрал хичнээн сайхан гэдгийг мэдрэх болно. Надад унах машин байхгүй, өмсөх булган шуба байхгүй, тансаг байр сав ч байхгүй, бас баян нөхөртэй болох бодол ч байхгүй. Надад юу ч байхгүй. Харин надад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг сайхан амьдрал болгох "арга" байгаа, бас намайг дэмжидэг хүмүүс байгаа, бас эрх чөлөөтэй амьдарч болох эх орон минь байгаа.

Будда гэж хэн вэ?. Будда бол “Би”



Будда бол “Би” гэж бичсэн минь их учиртай. Өөрийгөө Будда гэж нэрлэх эрх яг одоо надад байхгүй ч ... хэл амаар үйлдэх нүгэл буюу худлаа ярихгүй хүнд хар буруу санахгүй зөв зүйтэй замаар амьдарч чадвал БИ хэзээ нэгэн цагт Будда буюу Бурхан болж чадах юм гэсэн гэгээн сайхан “мөрөөдөлөөр” “тэжээгдэж”, өнөөдрийн байгаа амьдралдаа сэтгэл ханамжтай амьдарч байгаадаа би дуртай байдаг.
Энэ эхлэлээр би Будда буюу Буддын “шашины” Бурханыг тайлбарлахыг оролдох гэсэн юм. Бурхан ялангуяа Буддын “шашинд” байдаг тэрхүү бурхан бол хүн та өөрөө гэж үздэг юм. Тэрнээс биш Монголчуудын дунд төөрөгдөл буюу мухар сүсэг хэлбэрээр оршин тогтнодог хий хоосон, миний гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй тэрхүү зүйл огтоос биш юм.
Одоо миний биш буддын шашиныг гүн гүнзгий судалсан, шашины харьцуулсан судлалын профессор Валпола Рахулагийн тайлбарласанаар “БУДДА ГЭЖ ХЭН ВЭ” гэдгийг таньд хүргэе.

Буддагийн багын нэр нь Сиддахаттха (самгардиар Сиддхартха) овог нь Готама юм. Тэр бээр Умард Энэтхэгт аргын тооллын өмнөх 6 дугаар зууны үед амьдарч байсан гэдэг түүхэн баримт бий. Түүний эцэг нь, Шуддходана (одоогийн Балбын) сакья (сажа) омгийн хаан байв. Тухайн үеийн заншлын дагуу, Сиддахаттха бага залуу 16 насандаа Яшодхара хэмээх гоо үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн байна. Тэр бээр ордоны тансаг жаргалтай амьдралд үнэнхүү аз жаргалтайгаар амьдарч байжээ. Сиддахаттха амьдралын бодит байдал, хүн төрлөхтөний зовлон зүдгүүрийг олж харан, улмаар зовлонг хэрхэн давж туулах замыг олж нээхээр сэтгэл шулуудсан гэдэг. Сиддахаттха энэ хүслээ биелүүлэхийн тулд 29н насандаа цорын ганц хүү Рахулагаа төрсний дараахан хант улсаа орхин дияанч болсон байна. Дияанч Готама Ганга мөрний хөндийгөөр зургаан жилийн турш хэрэн хэсэж шашины нэрт зүтгэлтэн багш нартай уулзаж тэдний номлол сургаалийг сонсож явсан байна. Гэвч түүнийг хүсэл зорилго ханасангүй. Ингээд тэрбээр уламжлалт шашины ёс жаягаас татгалзаж өөрийн замаар явж эхлэв. Ингээд Неранжара мөрний эрэг дээр нэгэн модны ёроолд сууж Готама 35 насандаа Гэгээрэлд хүрсэн гэдэг бөгөөд тэр цагаас хойш Будда буюу “Ялж Төгс Гэгээрсэн” хэмээн алдаршжээ. Түүнээс хойш Бодь буюу Бо мод, “Билгийн Мод” гэсэн нэр гарчээ. Ингэж гэгээрсэнийхээ дараа Будда Баранасын ойролцоохь Бугат цэцэрлэгт анхны номоо өөрийн таван дияанч нөхөртөө айлдсан байна.

Будда гэж хэн вэ гэдэгт товчхон хариулахад ийм буй. Тэгэхээр БУДДА буюу “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН” гэдэг нь өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрийнхөө дотоод сэтгэлийг муу муухай бүрээс ангижруулж чадах тэр ХҮН ТА ӨӨРӨӨ юм. БУДДЫН СУРГААЛЬ бол арван хар нүглээс хол байж өөрөө өөртөө бүрнээ итгэж, хүнд буруу муу хар үйлийг хийхгүйгээр, бусдад хайр түгээж, бусдыг хайрласаныхаа төлөө хариу нэхэхгүй сэтгэлээр амьдрахыг зааж сургадаг юм ЕРӨНХИЙДӨӨ. БУДДА БОЛ ЭНГИЙН НЭГЭН ХҮН. ГЭХДЭЭ ӨӨРИЙГӨӨ “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН”...

Буддизм шашин уу эсвэл гүн ухаан уу



Буддизм шашин уу эсвэл гүн ухаан уу
Буддизм ер нь шашин юм уу, гүн ухаан юм уу гэсэн асуулт олонтаа гарч ирдэг. Энэ нь шашин байх нь хамаагүй, гүн ухаан байх нь ч хамаагүй. Өөрөөр хэлбэл, Буддизмийг юу гэж нэрлэх нь гол биш. Нэг үгээр, түүнд шашин, гүн ухаан гэх мэтчилэн ямар шошго наасан ч энэ Буддизмийн мөн чанар хэвээрээ л үлдэнэ.

Тэгвэл БУДДИЗМ гэж юу вэ?
Шашин (шашин гэдэг олны дунд мухар сүсэг мэтээр ойлгогдох нь бий. Хэрэв тэр утгаар олны дунд түгсэн гэж үзвэл БУДДИЗМЫГ шашин гэж хэлвэл өрөөсгөл болно. Гэхдээ нийтээр заншсан нэр томьёо ёсоор түүнийг хэрэв шашин хэмээн нэрлэх юм бол) үндэслэгчдийн дотроос гагцхүү Будда л өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч ялгаж үздэггүй цорын ганц багш мөн юм. Харин бусад багш нар өөрсдийгөө нэг бол тэнгэр бурхан (GOD) эсхүл түүний аль нэгэн дүр хувилгаан буюу Эрхэт тэнгэрээс шууд заяагдсан гэдэг. Будда бол эгэл жирийн хүн мөнөөс үл барам өөрийгөө аливаа нэгэн далдын хүчний биелэл бус гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл БУДДА бол өөрийн бүх бясалгал, гэгээрэл, олж хүрсэн бүхнээ чухамхүү хүний чармайлт, хүний оюун ухааны үр ач мөн гэж үздэг билээ. Хэрэв хичээнгүйлэн зориглож чармайх ахул хүн хүн бүхэнд бурхан болох дотоод чадавхи буй. БУДДА бол эрхэм дээдийн эгэх хүн юм гэж хэлж болно. “Хүн чанарын” хувьд тэр бээр асар их төгөлдөржсөн тул түүнийг яваандаа нийтийн шашин шүтлэгт бараг “дээд шидтэн” гэж хэлж болно.
БУДДА гэж юу гэсэн үг вэ. Энэ бол 35н насандаа Готама буюу Сиддхаттха гэгч эгэл нэгэн мах цуснаас бүтсэн бодгаль хүн гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш Будда буюу “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН” хэмээн алдаршжээ. Тэгэхээр Будда гэдэг бол “өөрийгөө ялж төгс гэгээрсэн” үг юм.
Буддизм мах цуснаас бүтсэн, өвдөлтийг мэдэрдэг баярлаж чаддаг, гуниж үйлж мэддэг хүнийг эрхэм дээд гэж үздэг. Иймээс хүн өөрөө өөртөө эзэн болох бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөрөөс нь илүү дээд зүйл буюу хүчин зүйл үгүй гэж Буддизмд үздэг.
БУДДА өөрийн шавь нартаа сургамжлан айлдахдаа “Хүн өөрөөр өөрийн итгэл мөн амуй. Та нар өөрсдийнхөө аврагч байх ёстой. Өөр бусад хэнээс ч аврал эр” гэжээ.
Үргэлжлэл бий ….

Зүүдэнд биелэх учрал


Зэгэл саарал .... Тоост орчлон .... Би олоон жилийн өмнө амьдарч байсан нэг өрөө байрныхаа том өрөөнд өглөөний ургах нарыг уу, алин эсвэл ямар нэгэн зүйл хүлээсэн шинжтэй цонх руу хараалан гүн бодолд автан зогсоно. Гэрт аниргүй агаад гэрийн эд хогшил ямар нэгэн зүйлийг олоон жил хүлээгээд, байрнаасаа хөдлөх нь бүү хэл, амьсгаа авахаас ч зүрхшээх мэт аниргүй, нам гүм ... Энэ аниргүйг эвдэх зүрх хэнд ч байхгүйн илт.
Хананд өлгөсөн Эрдэнэт хивс тоосонд бүрзүүн гунадаж, өнгө нь тэр гэхийх тэмдэггүй болж, гэрийн эд хогшил мөн л орчлонгийн өлөн тоосоос айх мэт нүүрээ далдлан зовхион аньжээ. Энэ бүгд эзнээ ирж, өлөн тоосноос л салгахыг хүлээж буй нь илт. Цонхон дээр ямар нэг зүйлийг хараалдан зогсох би ч гэсэн хөдлөхийг хүсэхгүй хөшиж, цаг хугацааг тэвчээр заан хүлээж, амьсгаа даран чимээ чанганан гансарна. Хананд өлгөсөн цаг 1995 оны 7-р сарын 27-ны 1 цаг 40 минутыг заан зогсожээ. Бас л хүлээлт ...
Нүднээс минь урсах нулимс, олооооон жилийн тоосонд мөн л дарагдаж хацар дээр зам татуулан харлажээ.
Хүлээлт. Энэ их хүлээлт юуг ингэтлээ хүсэмжилнэ вэ. Эд хогшил, хүнтэйгээ тоосонд дарагдана амьсгаа дарна вэ. 1995 оны зуны адаг сарын тэр нэгэн өдөр би ээжийгээ эргээд ирэхээр чинь ..... гэж хэлээд яг ингээд хүлээсэн юм. Тэр цагаас хойш арван хоёр жил өнгөрчээ. Арван хоёр жилийн өлөн тоос нэмэгдэн нэмэгдсээр арьсан дээр минь зузаахан түрхэсэн ингэсэг мэт болон тогтож, эд хогшилын өлөн тоос одоо даруй хуруу зузаан болжээ.
Гэнэт аниргүйг хүлээсийг эвдэж олоон жил салхи үзээгүй хаалганы нугас гаслантайгаар ёолсоор зүрх зүсэн хяхтанлаа. Аниргүйг үргээх хаалганы чихран онгойхтой зэрэгцэн, сэвхийн орж ирсэн салхиар өрөөнд нэвчисэн өлөн тоос бургих мэт болж улмаар бүх зүйл амь орон хөгжиж, хүнтэй юутайгаа хаалганы зүг харааллаа. ЭЭЖ ... МИНИЙ ЭЭЖ ... Тээр жил өмсөөд гарсан жинсэн өмд, хүрэн цамцтайгаа гартаа жижигхэн гар цүнхээ барьчихсан үүдэн дээр зогсож байлаа.
Би .... “Ээжээ” гэж чангаас чанга орилох гэсэн боловч олон жилийн “дуугүйд” аргаж харангатсан хоолой минь хуурай тоосонд горж, дэмий л ам минь ангалзаад чимээгүй “Аан” гэх муухан авиа гаргачихаан яадаад таг болчихов. Би хүчлэн байж
- “Ээжээ ээжээ би таныг ирнэ гэдгийг яг мэдэж байсан. Тэд таныг нас барсан гэсэн. Би итгээгүй ээ. Тэгээд л хүлээсэн. Охин чинь ажил хийдэг болсон. Дүү нар ч том болсон. Тэгэхээр одоо та биднийг тэжээх гэж ийшээ тийшээ олон сараар явах хэрэггүй болсоон .......” гэх мэтээр олоон жил ээжийгээ ирэхээр ингэж тэгэж хэлнэ бас ирэхээр нь ээжийгээ жаргаана даа гэж бодож байсан санаагаа нэг амьсгаагаар үргэлжлүүлж гарлаа.
Ээж минь ганц ч үг дуугарахгүй, анхааралтай чагнаж байснаа, нөгөө л нэг сайхан инээмсэглэлээр намайг харан, намайг тэврэхийг хүссэн байртай гараа сарвайлаа. Намайг үнсэх гэж байна. Харамсалтай нь, ээжийн минь царай өрөөний сараал тоосонд дарагдаад уу, аль эсвэл миний нүд бүрэлзээд юу нь төрх нь нэг л сайн тод харагдаж өгөхгүй байв. БИ ИЖИЙДЭЭ ТЭВРҮҮЛЭЭД, ХАЦАР ДЭЭРЭЭ ҮНСҮҮЛЭХИЙГ АРВАН ХОЁР ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ. Ингээд цонхны өмнөөс үүд хүртэл гүйх гэтэл хөл маань хөдлөхгүй, хүндрүүлэгч туухай зүүчихсэн мэт алхах нь байтугай газраас ч хөндүүрсэнгүй. Хүлээлтэнд хүлэгдсэн хөлийг минь хэзээ ч юм, нэгэн өдөр үүрд энд зогс гэсэн аятай цаг хугацааны гагнаас шалтай нь хамт цементлэчихсэн байсныг ижий рүүгээ тэмүүлэх тэрхэн агшинд л би мэдлээ. Хөлөө байдаг чадлаараа хүчлэн өргөхөд хөлийн тавхайн арьс цементэн хавтаны хамт зулгаран үлдэж, цус гарч байгааг ч үл хайхран урагшаа тэмүүлсээр арай хийж хөлөө салган урагшаа гүйтэл ...... өрөөний дунд томоос том ангал үүсэж би хөл алдан уналаа ...


Ингээд л би сэрчихэв. Гадаа үүр цайж байлаа. Ижий минь намайгаа ор ганцааранг минь орхин явсан цагаас хойш аль хэдийн арван хэдэн жил өнгөрчээ. Жаалхан охин өнчирч хоцрон амьдралыг яаж ч төсөөлөхөө мэдэхгүй байснаа бодвол өнөөдөр хорь гарсан том хүн болсон. Гэсэн хэдий ч би ээжийгээ нас барахад нь дэргэд нь байж, сүүлчийнхэн амьсгалыг мэдэрч, судасныхан аажим аажмаар сулрах цохилтыг чанганаж, “охиндоо ээж нь хайртай” гэх үгийг сонсоогүй болохоор өнөөдрийг хүртэл ээжийгээ ирэхийг хүлээдэг юм. Учир нь, ээж минь хамгийн сүүлд надад “ээж нь эргээд ирнээ” гэж хэлээд л явсан. Тэгж л хэлсэн бол миний ээж хэдэн сар болсон ч заавал эргээд ирдэг байлаа. Тэр болтол нь би өөр өөрийнхөө хийх ёстой ажлыг маш сайн хийгээд, дүү нараа сайн хараад байх ёстой байдаг юм. Одоо ч тийм л байсаар байгаа ... Иймээс ээж минь “миний охин, сайн охин бас дүү нараа сайн хардаг гэдгийг хаана нэгтэйгээ олж мэдээд эргээд л ирнэ. Учир нь би ээжийнхээ занг хэнээс ч сайн мэддэг юм чинь. Би “ээжийн сайн охин” байж чадахаа алхам бүртээ батлаж чадвал, ээжийн минь эргээд ирэх хугацаа нь улам хурдан наашлана. Ийм ч учраас би өнөөдрийг хүртэл бүх талаараа сайн байхыг хичээсээр яваа юм ...
Би эмгэн болтолоо, үхэн үхтэлээ ээжийгээ хүлээнээ .... Хүлээсээр л байна. Зүүдэндээ уулзаад л хүлээгээд байна .... Ээжтэйгээ ахиад уулзахын тулд “би сайн л охин байх” хэрэгтэй.

Энд тэндээс



Нээлттэй өдрийн тэмдэглэл. Блогийг миний нэг найз хүмүүсийн интернетэд байрлуулсан нээлттэй өдрийн тэмдэглэл гэж хэлж байсан юм. Бийр янтаа, цаас гэх зүйл үгүй байхад хүмүүс өөрийн үзэл бодлыг нийтэд хүргэх хэрэгсэлээр хад чулуу, цозон будагийг сонгодог байсан биз. Хөгжил ахисаар ... Цаас зохион бүтээгдсэн нь, хүмүүсийн үзэл бодлыг бусдад хурдан хугацаанд хүргэх, мэдээлэл түгээхэд асар том дэвшил гаргасан. Хөгжил явсаар .... Одоо миний мэдэх мэдээлэл түгээх цахим хэлбэр. Арван жилд анх удаа комьпютер хэмээгч дөрвөлжин цагаан “хайрцаг”тай танилцан, мэдээлэл зүйн багшаа “пааналдан” байж, ангийн хэсэг найзуудтайгаа мэдээлэл зүйн өрөөнд шөнө дөл болтол суудаг байсан сан. Тэр үед компьютер дээр юм бичиж, зураг зурахаас хэтрэхгүй байж билээ. Арван жилдээ өдрийн тэмдэглэлээ 98н хуудастай дөрвөлжин шугамтай дэвтэр дээр хөтөлж, их сургуульд орсоны дараа арай нэг шат ахин “Dairy” гэсэн зориулалтын гоёмсог дэвтэр дээр бичдэг болсон юм. Хувийн “нууц товчоогоо” амьнаасаа илүү хайрлана, бас бусдаас харамлахдаа нуух газраа олж яддаг байж билээ. Миний навсгар дэвтэрүүд .... Хэсэг цаг хугацааны дараа “нууц товчооныхоо” хуудсыг эргүүлэхэд өөрөө ч мартагнасан сайхан дурсамжууд дурайдаг байсан сан. Харамсалтай нь, гуравдугаар курст байхад “нууц товчоогоо” бусдын гарт алдчихаад .... түүнээс болж бүгдийг нь “галдсан” юм. “Галдаж” суухад нүднээс минь өөрийн эрхгүй нулимс гарч байлаа. Тэр дэвтэрүүдтэй миний нэгэн үеийн түүх “үхчисэн” мэт одоо санагддаг. Хүн өнгөрсөнд болсон онцгой үйл явдалыг л санах болохоос тэр болгоныг санаад байдаггүй. Өөрөө ч мэдэхгүй биччихсэн тэрхэн үеийн сэтгэгдэл хожмоо маш их ухаарал хайрладаг байж болох талтай. Цаасан дээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байх тэр үед цүнхэнд маань том хар дэвтэр байнга яваастай. Харин одоо өөр ... Одоо ч “бараг” л өдрийн тэмдэглэлээ компьютер дээр бичиж, тэрнээс “зүрхний”, “зүсний” гэж ангилан интернетэд тавьдаг болсон байна. Тэмдэглэл цахим хэлбэрт шилжсэнээс хойш “жижигхэн” биеийг минь салхинд туугдахаас хамгаалдаг нэг “зангуутай” болсон нь том хар цүнхтэй зөөврийн компьютер.

Блогчид.
Энэ Баасан гарагт ажлаа амжуулчихаад өрөөндөө ганцаараа үлдэн, өөртөө хальт зав гаргаж, энд тэндэхийн блогуудаар орлоо. Үнэн, худал хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж салгаж чадвал блогийн ертөнц үнэхээр баян юм билээ. Би худал ажиглаагүй бол блог бичигчид ялангуяа шилдэг бичлэгтэй, сэдэв өргөнтэй, бичлэг сайтай блогчид голчлон нь мэргэжлийн сэтгүүлчид биш байгаа юм. Мэргэжлийн сэтгүүлчид байгаа бол тэр нь гарын арван биш таван хуруунд багтаад байх шиг. Энэ бол миний дүгнэлт блог ертөнцийг мэдэх болсоноос хойшхи таван сарын хугацаанд ...
Ажил нэг л биш. Би одоогийн ажилдаа өөрөө өөртөө дарга, өөрөө өөртөө цэрэг. Алдаагаа өөрөө хянана, амжилтаа өөрөө дүгнэнэ, ажлын төлөвлөгөөгөө өөрөө гаргана. Өөртөө дарга, дүгнэгч байна гэдэг шиг тэнэг зүйл байхгүй бололтой. Сүүлдээ бүр зөв юм хийгээд байгаагаа ч, бурууг хийгээд байгаагаа ч мэдэхээ байлаа. Магадгүй албаны дарга гэх энэ албан тушаал надад ахдаад байгаа байж болох юм. Гэхдээ сүүлийн хэдэн сар арай л гайгүй байгаа.

Хурдхан. Хурдан л явмаар санагдаж байна шүү.... Эндээс ....

Бавуугийн Лхагвасүрэн - Үнэн хүн

Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойгоос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

11-р сарын 06-ны өдөр миний дотны найз, “Сайхан бүсгүй” бичлэгийн эзэн Янжка маань Бавуугийн Лхагвасүрэн гуайн уулзалт ярилцлаганд хамт явахыг урилаа. Мэдээж энэ санал миний хувьд татгалзаж боломгүй сайхан боломж байсан юм. Энэ дашрамд, найздаа эгэл агаад үнэн хүний үгийг сонсох боломж олгосонд баярлалаа гэж хэлмээр байна Сэтгэлийн гүнээс.

Монголын утга, уран зохиолоос миний хүндэтгэн хайрлаж явдаг хүн бол яах аргагүй Бавуугийн Лхагвасүрэн гуай юм. Би тэр хүнийг яруу найрагч гэхээс илүүтэйгээр хувь хүн талаас нь их хүндэлдэг гэхүү дээ.
Би, арван жилийн жаалхан охин байхдаа “Боржигоны Бор Тал” шүлгээс нь Лхагвасүрэн гуайтай ичнээ танил болсон юм. Гэхдээ таван жилийн өмнө сонинд өгсөн нэг ярилцлаганаас энэ хүнийг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Тэрхүү ярилцлаганд, Бавуугийн Лхагвасүрэн гуай өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг нэг нэгэнгүй ярьж “Амьдрал намайг сургасан юм шүү дээ” гэж хэлсэн тэр үг одоо хүртэл зүрхэнд минь хадаатай яваа. Яагаад ч юм тэр ярилцлага Лхагвасүрэн гуай бид хоёрт ижилхэн гэмээр олон зүйл байх шиг санагдсан юм. Нэг үгээр, бид хоёр “зовлон” гэдгийг магадгүй “жаргал” болгон харж тээршээдгүйгээрээ ижилхэн байж ч болох талтай. Мөн түүнчлэн амьдралын их аянд Лхагвасүрэн гуай зөвхөн өөрийгөө хүмүүжүүлээд зогсохгүй олон хүнийг хүмүүжүүлж ухаажуулж, амьдралыг хайрладаг болоход нь сургасан гэж бодохоор өөрийн эрхгүй даган дууриамаар сэтгэгдэл төрсөн юм.
Лхагвасүрэн гуайн “Зовлон жаргалаас илүү амттай” гэсэн үг надад маш их таалагдсан гэх үү дээ. Өнөөдрийг хүртэл “аавын энтэй” ухаалаг үгийг нь хаана нэгтэйгээс сонсох, эсвэл уншчих санаатай сонингийн хуудас эргүүлдэж, зурагтаны суваг сольж байдаг болсоноо нуугаад юу гэхэв.
Хамгийн сүүлд буюу 7н хоног өмнө Монголын Үндэсний Телевизээр гарч байсан “Монгол бичгийн араас маань унших уу эс унших уу” гэдэг хөндүүр сэдвийг ярилцан, Бавуугийн Лхагвасүрэн, Америкжсан соёлтой хөрөнгөжиж яваа бэлчинтэй Глобал Удирдагчийн залууг бүлтэгнүүлж байхыг нь нэг үзээд бах минь ханаж билээ. Магадгүй та, Глобалын залууг гоочилсон үг унагасан намайг өөдөө өгсөн яваа нэгнээ уруу дарж байгаа аргагүй л тамын тогооны монгол юм даа гэж бодож байх бий. Би тэр хүний цаг үеээ овжин харсан занд нь бус, бусдын хүсэл сонирхолыг дэгээдэн бэлжиж байгаа хөрөнгөнд ч бус харин ганцхан “Монголыг Америкаар солих, Монголыг Америктай жишэх” гэдэг үзэл бодолд нь эгдүйцдэг юм. Би Англи хэлийг сурж яваа. Өнөөдөр энэ хэлээр гэдсээ тэжээж ч яваа. Гэхдээ, би Англиар “ярьдаг” Монгол биш, Англи хэлээр хоолоо олж иддэг Монгол байх болно.
Эгэл агаад үнэн хүний ухаарал хайрласан үг бүрийг би тосож аван тэмдэглэж суусан бөгөөд ЭХ ОРОН, ЭХ БИЧИГ, УЛАМЖЛАЛ СОЁЛ, ХҮН байхын утга учрыг тайлбарлаж миний үеийн залуучуудад хэрэгтэй үнэ цэнэтэй зүйл ярьж байсан болохоор би тэр болгоныг ганцаараа амтлахыг хүсээгүйдээ, Лхагвасүрэн гуайн оюуны тольтноос ундарсан үг бүрээр цуврал бичлэг хийхээр шийдлээ. Та бүхэнд хэрэгтэй байж, ухаанд чинь бурам нэмж, оюунд тань мэлмий тольдоож, хүн байхын учир утгыг ойлгуулна гэж найдаж байна.

Сайхан бүсгүй



Миний нэг дотны найз Болдын “Би түүнийг харсанаас хойш” гэдэг дуу сонсож байснаа “энэ дууг сонсохоор яг намайг дуулаад байгаа юм шиг санагддаг юм” хэлж байсан юм. Тухайн үед инээлдээд өнгөрч байсан. Харин өчигдөр энэ дууг сонсож суухнээ, үнэхээр л манай найз охинд зориудаар зориулаад биччихсэн юм шиг санагдлаа. Нэг иймэрхүү:

Тэр тийм ч царайлаг биш ч гэсэн
Даруухан дөлгөөхөн цаанаа л нэг нууцлаг
Тэр тийм ч дэгжин биш ч гэсэн
Цэвэрхэн аятайхан, цаанаа нэг хайрламаар
Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах л гэж хайж явсан
Хармагц л дурлахгүй байхын аргагүй
Хамаг гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи
Тэр тийм ч онцгой биш ч гэсэн
Булбарайхан будаагүй, цаанаа л нэг зүүдэлмээр
Тэр тийм ч ялдамхан ч биш ч гэсэн
Хонгорхон холдомооргүй цаанаа л нэг уярмаар

Сахиусан тэнгэр



Сахиусан тэнгэр гэж байдаг болов уу?. Цав цагаан хувцастай, сэтгэл сэргэм сайхан инээмсэглэдэг, үзэсгэлэнтэй, (үзэсгэлэнтэй гэдэг нь хүмүүсийн нийтлэг шалгуураар авч үздэг тэр харах, хазах, үнэрлэх эрхтэний гоё ганган бишээ зүгээр л харахад бүх юмаа мартаад сэтгэл сэргэмээр гэгээрсэн царайтай гэж ...) аядуу амар амгалан, уян зөөлөн сэтгэлтэй сахиусан тэнгэр ганцхан диваажинд л байдаг гэж үү.
Хүрээд очихыг хүсмээр, ярилцаж зөвөлгөө авмаар санагдам тийм хүн байдаггүй гэж үү. Сахиусан тэнгэр диваанжинд л байдаг юм бол хүн төрлөхтөний энэ амьдралыг яагаад диваажин болгож болохгүй гэж.

Бидний дунд, энэ нийгэмд яагаад сахиусан тэнгэр байж болохгүй гэж. Бас яагаад зүгээр л жирийн нэг хүн сахиусан тэнгэрийн амьдралаар амьдарч болохгүй гэж. Нээх гоё ... Бүх юм нь үнэн, өөрөө ч үнэн, хийж байгаа хэлж байгаа бүхэн нь үнэн. Тийм л амьдралаар амьдрах юмсан. Миний бодлоор гэнэн зан гэж байдаггүй юм. За ... байдаг гэж бодоход тэр гэнэн зан ихэвчилэн хир буртаггүй цэвэр ариун сэтгэлтэй хүүхэд насанд л байдаг гээ биз дээ. Тэгэхээр тэр гэнэн гэж хэлээд байгаа зан бол хар буруу санадаггүй, үнэн гэх хэмжүүрээр бүгдийг хэмжисэн сайхан сэтгэлийн хариу илрэл. Магадгүй зөвхөн үнэн гэж бодсон тэр сэтгэлийг л хүмүүс буруу бүхэнд ашиглаж урвуулахдаа гэнэн гэдэг зан муу мэтээр бусдад ойлгуулаад ч байх шиг.

Эцсийн эцэст, миний эргэн тойрон худал хуурмаг байж болно. Би өөрөө өөртөө үнэнч, өөрөө өөртөө үнэн мөнөөр амьдарч энэ амьдралыг туулбал тэр миний хүн болж төрсөний утга учир. Үнэн явлаа гээд бусдын нүдэнд би “алдаж, хүнд ашиглагдаж, хүнд завшуулж” байгаа мэт байж болох ч би тийм гэж бодохгүй ээ. Яагаад гэвэл би юу хийж байгаа зүйл маань, буруу байсан ч нууж худлаа ярихгүй, бусдад ая тал засаж долигнохгүй ээ ...

Тэгвэл үнэн гэж юу юм вэ? Үнэн гэдэг бол хэн бүхэн хүн болж төрсөний утга учир, хүнд хар буруу санаж, хар буруу үйлдэл хийхгүй замнал, хүнийг мах цусанд төрсөнийхөн төлөө үнэлэх хүндлэл, өөрт байгаа бүхнээр хариу нэхэлгүй гар сунган туслах өглөг, хүний сэтгэлийг харлуулах муу үг хэлэхгүй хүсэл. Миний үнэн энэ юм болов уу ...

Хуурамч 14 хоног буюу Гэлэнмаа болохуй ...

Сүүлийн хэдэн өдөр, асар их хувьсгалын ажлын хажуугаар амин хувийн бага сага асуудлыг зохицуулах гээд толгойтой үснээс их проблемтай байлаа. Заримдаа найз нарын хэлдэгчилэн энэ жижиг биенд ахадсан их үүрэг хариуцлага, ачаа үүрч явах хэцүү ч юм шиг санагдах юм. Гэхдээ хэцүү бүхний цаана, хамгийн сайхан зүйл хүлээж байдаг гэдэг үнэн байх нь бий.
Мэдээж, энэ хэдэн өдрүүдэд блогноосоо хөндийрөөд шинэчлэл ч хийж амжсангүй. Сүүлийн 14 хоногт болж өнгөрсөн хувийн амьдрал надад давхар давхар сорилтуудыг нэгэн зэрэг илгээсэн. Сэтгэлийн асар их стресс, дарамт шахалт, өөрийн эрхгүй бодолд гунадах сэтгэл санаа - энэ бүгдийг үл ажиран ажлынхаа хэмийг алдахгүй хийж, хуурамч болтугай инээмсэглэл эсгэнэ гэдэг тийм ч амар байсангүй. Мэдээж, миний амин хувийн асуудал, ажилд маань ямар хамаа байхав дээ. Нэг үгээр ажил, амьдрал хоёр заавал ялгаа заагтай байх ёстой гэж боддог. Хувийн амьдралдаа хичнээн бэрх хүнд байлаа ч, ажлынхаа хэмийг алдахгүй хийх гэсэн зарчмыг баримтлахыг хичээдэг. Харин өнгөрсөн долоо хоногт энэ зарчимыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гэдэг хичнээн бэрх хэцүү болохыг мэдэрсэн. Нэг үгээр, сэтгэл зүрх минь ёолон уйлж байвч, бодол санаа минь хаа холын тэртээ тэнүүчлэн бэдэрч байвч, баяр баясгаланг маань өөрийн эрхгүй уйтгар гуниг дарлаж байвч, ажлаа хэмнэл алдахгүй явуулж, ажлынхаа нөхөдтэй энгийн мэт инээмсэглэн харьцана гэдэг хичнээн бэрх гэдгийг мэдэрлээ.
Гэхдээ одоо хуурамч дүр эсгэхийг шаардсан хуурамч 14 хоног ард үлджээ. Энэ бүгдийн эцэст, бүхнийг эргэн харахад “амьдрал ямар сайхан юм вэ” гэж дуу алдмаар санагдаж байна.
Хуурамч 14 хоног надад сэтгэлийн амар амгалан гээч хичнээн чухал болохыг л ойлгуулсан мэт санагдах юм. Гэхдээ дүр эсгэхгүйгээр ... бодож бодож би гэлэнмаа болохоор шийдсэн. Одоогоор байж болох зөв шийдвэр энэ л юм шиг санагдаад байна. Миний энэ шийдвэрийг надаас өөр хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр ч байтугай намайг галзуу золиотой гэж дүгнэх хүн ч гарсан. “Чи намайг насаараа гоонь эр яв гээ юу” гэж даажигнах, харамлах, харамсах, тохуурахыг зэрэгцүүлэн хэлэх хүмүүс ч таарсан. Гэхдээ л энэ миний шийдвэр, бас миний амьдрал ...

Жаргалтай гуниг

10-р сарын 05-ны Баасан гараг. Би бээр, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн “Суварга” кафед жаал юм бичиж суухнээ, кафен үйлчлэгч хаах цаг болсоныг сануулахад сая нэг сэхээ авч толгой өндийн цонхоор харлаа. Гадаа хэдийнээ харанхуй болжээ.
Миний мөрөн дээр сарын турш хүндхэн ачаа болон явж байгаа өөрөөсөө том хар цүнхээ үүрсээр кафенаас гарахад, гадаа цэвэр тунгалаг агаар толгой сэргээж ... харахнээ ... бороон мөнгөлөг талст дуслууд, зам дагсан шонгийн неон гэрэлд гялалзан урсах торгон хөшиг татуулсаар, тэнгэрийн харанхуйгаас газрын хэвлий руу зөөлнөөр гулсан бууж байлаа. Ямар сайхан юм вэ ...
Ямар сайхан гээч ... Мэдээж, энэ намрын сүүлчийн бороо ч байж болох юм.
Тас хар, харанхуй гүнээс гэгээ татуулан хөшиглөн буух энэ шиврээ бороо, хоёр жил сэтгэлд минь хургасан гунигийг, жаргалтайгаар үлдэнэ хөөх шиг санагдлаа.
4-н жилийн өмнө, би нэгэн залуутай хотын гудамжаар хөтлөлцөн алхаж анхныхаа үнсэлтийг, яг ийм намуухан шөнийн зөөлөн шиврээ бороон дусал бүрээр гэрчлүүлэн өгч билээ.
Харамсалтай нь, өөртөө итгэх эр хүний зориг зүрхгүй тэр залууд намайг “гүйцэх”-ийг оролдоод үзэх тэвчээр дутсанаас, аз жаргал хүссэн үнсэлтээр орхиод явсан юм.
Анхны үнсэлтийг минь, зөөлөн шиврээ бороо гэрчилсэн болохоор яг ийм шиврээ бороо сэтгэлийг минь норгож, хацар дагах нулимсыг мөнгөн дуслуудаараа хаман авч оддог болсон юм. Яагаад гэвэл зөөлөн шиврээ бороо чихэнд минь түүний “хайртай” гэж хэлсэн үгийг шивнэдэг байлаа.
Харин энэ бороо өөр ажээ.
Энэ удаагийн жаргалтай гуниг - нулимсгүй хуурай ... Яагаад гэвэл, тэр залуугийн сэтгэлийн үгсийг дамжуулах бороон дуслуудыг, би харамсалын нулимсаараа бус мартагнахын хүслээр арвилуулан, ард хоцрох мөрөндөө шидлэн хаялаа.
Ингээд л, жаргалтай гуниг сэтгэлийг минь жин дарж, том хар цүнхтэй зөөврийн компьютер дэлхийн татах хүчтэй хавсаран зүүн мөрийг минь доош чангааж, нимгэн хүрэмний цаанаас арьс холгох боловч өвдөлтийг үл хайхран ихэмсэг бардамаар толгой дээгүүр алхаж, ирээдүйд намайг гэх хүлээлтийн зүг тэмүүллээ.

Бороо

Өчигдрийн орсон бороо үнэхээр сайхан байлаа. Би намрыг өөрөөр харах болсоон хэхэ. Бороо гэснээс, Р.Чойномын “Бороо” шүлгийг нийтлэмээр санагдлаа. Цаашид Р.Чойномын зарим нэгэн билигт бүтээлийг нийтлэж байхыг хүсэж байна. Бүтээлийг нь, зарах бус олонд хүргэх хүслийг тээж байгаа болохоор, энэ нь хууль бусаар хүний зүйлийг хулгайлсан, хуулбарласан, нийтлэсэн гэх хэрэгт орохгүй байх гэж найднам.

Бороо

Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж
Агуу их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав
Асгаран орох борооны жигд усан ширхэгүүд
Алтан ятга хуурын утаснууд шиг харагдав

Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал
Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод санаа гэмээр
Нүргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ
Түргэлэн товших хөгжмийн нэгэн аялгуу гэмээр ...

Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа
Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод
Тэргэл дугуй солонгоор уул, үүлийг далимдуулан
Тэр хөгжмийнхөө нотын гэрлийн хуулиар бичив.

Хятад, Монголын тусгаар тогтнолд сэтгэл дундуур явдаг.

Өчигдөр “Өдрийн Сонин”-ны №.237-р гарсан “Үндсэрхэг үзэлтэнүүдийн клубт хэлэх үг” хэмээх УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гуайн бичсэн нийтлэлийг уншиж эхлэхтэй үгүйтэй золтой л, олны өмнө урд хөршийн “жунгуа” нарын хийсэн, ядаж байхад тэрийг нь би худалдаж (худалдаж аваад шүү) аваад өмсчихсөн “арьсны халхавчуудыг” юу юугүй тайлж шидээд, хамгийн түрүүнд нүдэнд минь өртсөн өмхүү “Хятадын” халуун ногоондоо цоо түлэгдсэн шүдийг нь тас угаачихмаар санагдлаа. Бас хамаг байдаг чадлаараа цохиод цохиод хаячихмаар теоррист сэтгэгдэл төрлөө.
Цээжин тушаа гал дүрэлзэж, тухайн мөчид Хятадын эсрэг буу шийдэм агсаад эрэгчин, эмэгчинээ үзэлцэхэд бэлэн болсон байсныг нуугаад юу гэхэв. Гэхдээ 21-р зуунтай золгосон, глобалчлагдаж байгаа энэ дэлхийд хүчирхийлэлээр аливааг шийдэх нь хамгийн тэнэг алхам бизээ.
Би Хятадуудад дургүй ээ. Хятадууд манайхныг алхам алхамаар “эзэгнэхэн” байгааг өчигдөрхөн мэдсэн хэрэг огтхон биш юмааа. Мэдээж, би энэ бүхнийг анзаарч байсан болохоор, “яаая даа” гэмээн зүрх сэтгэлдээ шаналж буй болохоор тэрхүү нийтлэл миний дотор тэчилэн байсан бухимдалыг хормын төдийд тэсэл алдан “бүлтэрхэд” хүргэсэн буй заа.
Энэ нийтлэлтэй холбогдуулан, зүрхийг минь юунаас илүүтэйгээр шаналган шатааж явдаг зарим нэгэн эмзэглэлүүдийг “тайчин шидлэе”. Гэхдээ би Бат-Үүл гуай шиг, томоор биш “бичилээр” сэтгэж өөрийнхөө санаархалыг хүргэмээр байна.

"Битгий яв” гуйя эсвэл …
Солонгосд өдөржингөө усанд зогсож будаа тариалан, хэдхэн өдрийн хоолоор бөөрөө арилжаж байгаа ТА, АНУ-д очин хүний адаг Азиараа дуудуулан шал угааж байгаа ТА, Японд “цусан дахь хлострин нь ихэдчихсэн” “хөөсөн” сумочны ялагдасыг арилгах гэж хамраа дарж байгаа ТА … дэлхийн өнцөг булан бүрт шал угааж байгаа МОНГОЛЧУУДДАА хандан “Эх орондоо эргэж ирээд, эхнэрийнхээ өврийг дулаацуулж, хүүхдийнхээ бэтгэрсэн сэтгэлийг бүлээцүүлж, таниар дутаж яваа орон зайг дүүргэж, ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ байж тэнүүнээс тэнүүн амьсгалж, Тэрэлжид очин морь унаж, тал нутгийн хээрийн салхинд тэнхээ мэдэн орилж, брэндийн хувцас өмсөхгүй ч Монгол дээлээрээ гангарч, үнэтэй виски шимэхгүй ч эссэн айргаа амталж, шивтэр ханхалсан хонины махаар хөлс тавиулсан хар шөл хийж уугаад, “ЭХ ОРОНДОО ИРЭЭД ЭЗЭН НЬ БАЙГААЧ” гэж хүсмээр байна.

Тиймээ Улаанбаатар утаатай,
Тиймээ Улаанбаатар хогтой,
Тиймээ Улаанбаатар замбараагүй,
Тиймээ Улаанбаатар харанхуй,
Тиймээ эх орон чинь ядуу,
Яагаад гэвэл
Улаанбаатар таны цэвэр амьсгал үгүйлэгдэж байгаа болохоор
Улаанбаатар утаатай байгаа юм,
Улаанбаатарт орхигдсон нэг ширхэг шүдэнз, таныг авч хогийн саванд хийхийг хүлээж байгаа болохоор
Улаанбаатар хогтой байгаа юм,
Улаанбаатарын гудамж, таны жаргалтай инээмсэглэлээр дутаж байгаа болохоор
Улаанбаатар гэрэлгүй байгаа юм

Тиймээ Улаанбаатарын хүмүүс бухимдуу,
Тиймээ Улаанбаатарын ирээдүй бүрхэг,
Тиймээ Улаанбаатарын хувь заяа гучуу,
Тиймээ Улаанбаатарын өнгө дутуу,
Тиймээ Улаанбаатарын удирдлага толгойгүй,
Яагаад гэвэл
Таныг хүлээсэн хайр энд торлогдсон болохоор
Улаанбаатарын хүмүүс нь бухимдуу байгаа юм
Таны халамжаар “доголсон” өнчин сэтгэл энд жихүүцэж байгаа болохоор
Улаанбаатарын хүмүүс нь бухимдуу байгаа юм
Халуун үнсэлт, хатуухан үгээр дутсан үрсийн нүдэнд нулимс байгаа болохоор
Улаанбаатарын ирээдүй бүрхэг байгаа юм
Таны заяа харьд тушигдсан болохоор
Улаанбаатарын хувь заяа гучуу байгаа юм
Таны ухаан үгүйлэгдэж байгаа болохоор
Улаанбаатарын удирдлага толгойгоо харийнхны ногоонд шургуулсан байгаа юм
Иймд та эргээд ирээч эх орондоо
Эх орноосоо дайчин зугтах гэж байгаа ТА
Битгий яаваач сөгдөе

Бүгдээрээ “бор гэртээ богд, хар гэртээ хаан” нь байя. Та явж болнооо гэхдээ ирэх л хэрэгтэй …..
Таньгүйгээр Улаанбаатар хэзээд дутна ….
Таньгүйгээр Эх орон чинь эзэнгүй ...
“ХЭЭРИЙН ГАЛУУ НИСЭН ҮЛ ХҮРЭХ ГАЗРААС ХҮНИЙ ХҮҮ ЭРДЭМИЙГ ӨВӨРТЛӨН ИРДЭГ” ШҮҮ ДЭЭ!!!!!!!
ИЙМЭЭС ТИВ АЛГАСАН НИССЭН ООГИЙ “ХАРИЙН ЗАЛУУГИЙН” СЭТГЭЛИЙГ, КАПИТАЛТАЙ НЬ ГАНЗАГЛААД ГЭРТЭЭ ИРЭЕ.

Чамд Монгол хүн гэж, ядахнээ эмэгтэй хүн гэж бахархах сэтгэл байна уу?
Монголчуудын арчаагүй дорой, залхууч, цамаан зангийн үр дагавар болж вагон вагоноор ирж байгаа Хятадуудын цуваа. Хаашаа л харна их бүтээн босголт. Гэнэт л бид, эсгий гэрээ муу муухайгаар нь дуудаж тоосгоор шомбойлгосон шавар байшинд сэтгэл амар суухыг эрхэмлэх болжээ. Үүнд муу зүйл юусан билээ. Яг үүнийг дагаад хаа сайгүй их барилгын ажил явагдаж байна. Муу зүйл бас л үгүй. Харин тэнд хэн ажиллаж байна вэ. Хятадууд .... бас л муу зүйл нэг их байхгүй мэт .... Тэртэй тэргүй өөрийнхөө эх оронд эзэн нь байж чадахгүй, хүнд ажлын байраа алдан, өөрсдөө “лааз өшиглөн” яваа ажилгүйчүүдийг Хятадуудаар нөхөж яагаад болохгүй гэж ....
Барилга дээр ажиллаж байгаа Хятадууд Монгол (Монгол гэхээр зүрх минь шимшрээд байх юм. Яагаад гэвэл Хятадуудыг бялдуучлаж байгаа тэр эм хүйстэнүүдэд Монголоор өөрийгөө хаяглах эрх байхгүй) охидууд өөрсдөө гүйж очоод 5000-хан мянган төгрөгөөр бие үнэлдэг гэнээ. Ёооо …. Яачихсан хямдхан хувь тавилан вэ?. Сар гаруйн өмнө, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн Хятадуудтай явалдаж байгаа охидуудын үсийг хусна гэсэн мэдэгдэл хийж байсныг санаж байна. Гоморхосон, харамласан, гутсан Монгол эрчүүдийн хийж чадах зүйл үүнээс өөр юусан билээ.
Харин би тэр охидуудтай уулзвал “Чамд өөрийгөө эрхэмлэх, бахархах сэтгэл байна уу” гэж л асуумаар санагддаг юм.
Ганцхан Хятадууд ч биш, гадаад эрчүүдийн дэргэд хормой хотоо гялалзуулан хэд гурван ногоон унагаачих санаатай охид өнөөдөр захаас аваад л олдоно гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Хамгийн нэргүй янханууд оюутан охид байдаг гэдгийг ямар ч тэнэг хүн анзаарч байгаа.
“Биеэ үнэлэх” - энэ бол зүгээр л хувь хүний ёс суртахуун, ухамсарын асуудал. Тэд өөрсдийгөө “энэ нийгэмд чинь хийх ажил алга, үүнээс өөр хүнээс гуйхгүйгээр амьдрах арга алга” энэ тэр гэж “амьдрахад чадваржаагүйгээ, амьдрах эрхгүйгээ гайхуулах” нь бий.
За тэгвэл “биеэ үнэлэх” асуудлыг цагаатган ойлгож үзье л дээ. Тэгээд ч дээх нь “Өдрийн Сонин” дээр Батсайхан гэж нэг хүн “өөрөө зөвшөөрч, бусдыг хохироолгүй, өөрийнхөө биеэ үнэлэх нь муу хэрэг биш, хууль бус ч хэрэг биш” гэсэн ухааны юм бичсэн байсныг уншсанаа санаж байна.
Гэхдээ Монгол эмэгтэйчүүд, Монголдоо гадаадынханд биеэ үнэлж байгаа бол 5000 биш, тэр өлсөөд байгаа гэдсээ олигтойхон шиг үнэтэй реасторонд ороод цатгачих үнээр тохир л доо… Больё зүгээр тэднийг муучилахаа. Би бүр ингэж хэлмээр санагдах юм. Тэртэй тэргүй эхнэр, хүүхэн нь Монголд байхгүйгээс хойно “тэр болохгүй байгаа хагсараагаа” тэр гадаадынхан олигтойхон шиг үнээр гаргахаас буцахгүй биш гэж үүү … Мэдэхгүй ээ мэдэхгүй ….. Би бүр сүүлдээ тэр биеэ өмөөрдөг “энэ чинь миний өмч болохоор чамд хамаагүй” гээд хээв нэг хэлээд зогсодог “эмэгтэйчүүдэд” ингэж л хэлмээр санагддаг юм.
Гэхдээ, ямар ч тохиолдолд зөвхөн өнгө мөнгөний төлөө толгойгоо гудайлгаж, ихэмсэг зангаа алдахгүй байгаасай л гэж би хүсдэг.
Тэгсэнээс үнэндээ л бол нөгөө нэг “муу амьд явахаар сайн үхсэн нь” дээр бус уу. Зөвхөн хоол олохын төлөө биеэ үнэлэх нь муу амьд явж байгаа л хэрэг.
Тэгэхээр хэрвээ эмэгтэйчүүд бидэнд өөрсдийгөө эрхэмлэх, хүндэтгэх, үндэстэнээрээ бахарах сэтгэл байдаг л юм бол “хагасаж байгаа” тэр Хятадууд барилга дээр ажиллачихаад, “эхнэрээ санаад” хэзээ мөдгүй явах л болно.

ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭМЗЭГЛЭЛД ҮРГЭЛЖИЛЭЛ БИЙ …

25-р суваг телевиз: Манайхан

Хэхэ. Хоёр долоо хоногийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулбал би ажлынхаа хамт олонд, ажил хийж байгаа орчиндоо сэтгэл ханамжтай болжээ. Яагаад гэдгийг дараа тайлбарланаааа ....
Манай 25-р суваг телевизийн 11н насны ойн баяр тохиож манайхан 9-р сарын 29, 30-ны амралтын өдрүүдэд Тэрэлжийн “Бумбан Тур” амралтын газарт хоёр өдрийг “тасарчихсан” өнгөрүүллээ.
Агаар гэж тасарчихсан .... үйлчилгээ гэж бас тасарчихсан .... тохижилт нь тун давгүй.
9н сар гарсанаас хойш цаг агаар тааламж муутай байсан бол биднийг амралтанд байсан хоёр өдөр цаг агаар тогтуун маш сайхан байлаа.
Хөгжилтэй нэг зүйл болсооон амралтан дээр. Би гэдэг хүн чинь арван жилд байхдаа нэгэн “алсын дэвэлтээр дэвхцэн ирж шүүрдэг эр бор харцагын” савраас айснаас болж бөмбөг гээч зүйлийг ховорхон барих болсон юм. Гэтэл амралтанд очсоны дараа яалт ч үгүй сагсны багийн гишүүн болж оролцоод алтан медал, мөнгөн шагнал хүртчихдэг юм байна. Хоёр шийдний хооронд эрчтэй гүйх залуусын салхины сэвэлтэнд саваад унчихдаг ямар тамирчин байхав дээ ... хэхэ би тэрхүү салхинд нь гэдэргээ саваад унчихсан л юм дааа хэхэ ... Магадгүй миний баатарлаг чөлөөт уналтыг үнэлээд алтан медал өгсөн ч юм бил үү гэж ....
Зарим хүмүүс 25р суваг телевизийг өнгө будаг муутай, хотын захаар муу гардаг ... гэх зэргээр гоочилж л байдаг юм. Би ч бас гоочилж л байлаа. Ямартай ч, 25р суваг телевиз маань Монголд ардчилалыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганад хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанаас гадна ард түмний бүрэн дүүрэн чөлөөт индэр болж чаддаг гэж би баттай хэлж чадаад ... Чадахаар барахгүй түүнийгээ ямар ч хүнтэй мэтгэлцэн мэгдэж батлахад бэлэн байна. Цаашид ч тийм байх болно ... Үнэ цэнэ, итгэл үнэмшилийг ч хүртэл өнгө мөнгөөр хэмжиж болдог энэ нийгэмд аливаа зүйлийн анхдагч нь байж, түүнийхээ төлөө тууштай явж өөрийнхөө баримтлал үзэл бодлыг арилжаагүй телевиз гэвэл ганцхан 25р суваг телевиз гэж би хэлнэ.
25р суваг телевизийг бусдын нүдэнд уруу дорой мэт харагдуулдаг тэрхүү сул гэмээр талуудыг, Монголд ганцхан мөнгөөр шийдэж, итгэл үнэмшилийг нь золигт гаргах болзолоор арилгаж болох учраас ... сул тал гэмээр тэрхүү талыг арилгачихаж болохгүй байгаа гэж би ажигладаг юм. Гэхдээ итгэл үнэмшилдээ үнэнч байхын төлөөс нь, мөнгөөр үл солигдох сул тал байсандаа ер нь яадаг юм.
Ганцхан 25р суваг телевизд бэхжиж чадсан энэхүү чанар нь, итгэл үнэмшил, үнэн зөв үзэл баримтлалаа хадгалж үлдэхийн тулд тансаг шилтгээн, эд хөрөнгө, эрх мэдлээсээ татгалзаж амьдралынхаа сүүлийн жилүүдийг харанхуй агуйнд даяанчилан өнгөрүүлсэн ариун Шагжамуни бурханд л байсан юм. Гэхдээ хамгийн утга учиртай амьдрал энэ билээ.

Эмх замбараагүй

Намрын яг энэ өдрүүдэд би олон зүйл руу холбироод бүх юм эмх замбараагүй болчихдог юм. Өмнөх жилүүдэд би төөрдөг байшинд орчихсон мэт тэр төөрөгдөлөөс азаар ч гэх үү дээ зөвийг нь олоод хараалчихдаг байсан. Зөв онилсон хараа амьдральд минь том эргэлтүүдийг авчирч байсан удаатай. Энэ удаад яах юм бол доо ...

Навч

Гутлын ул газарт хүрэх бүрийн тоолонд хэврэгшиж өгжирсөн шаргал навч ёолон ... үйрмэгтэнэ. Би гишгэгдэн үйрмэгтсэн шаргал навчсыг харахыг хүссэнгүй. Зүгээр л чиг урагшаа хараад явмаар байлаа. Навчис ёолоно ... би алхасаар ...

Намар

Нар буцаад гадаа гэртгүй хүйт даана бас эзгүйрнэ. Би намарт дургүй. Яагаад гэвэл намрын буцаж байгаа нартай, сүүлчийн үнсэлтүүд миний баруун хацар дээр хүлээсэнд тэрчилэн, жил жилийн намарт зүрхний шарх сэдрэн байдаг болохоор би намарт дургүй.
Олон жилийн өмнөх намрын эхэн сарын тэр нэгэн өдөр ээж маань “ирнээ” гэсэн үгээр хүлээлт үүсгэн үнсээд одоо хир нь ирээгүй. Тэр хүлээлтийг би тайтгаруулах гэж олон ч жил зүүдэндээ ээжтэйгээ уулзаж байна даа. Зүүдэнд ирдэг тэр учрал намрын салхинд дээрэлхүүлэх хүйтэн хөнжилд улам ихэсдэгийг яаана. Тэр үнсэлт надаас “гэр бүлийг дулаацуулах зүрхийг” хулгайлаад явсан.

Хоёр жилийн өмнөх намрын сүүлчийн сарын тэр нэгэн өдөр хайртай гэж бодож байсан залуу “ирнээ” гэж хэлээд уруул дээр минь үнсээд, зүрхийг минь ганцаардлын хүлээлтээр мануулаад одсон. Эцсийн эцэст тэр үнсэлт надаас “эр хүнд өгөх итгэлийг” хулгайлаад одсон. Бас л уйтай намар ...

Нэг жилийн өмнөх намрын дунд сарын тэр нэгэн өдөр ах маань мөн л “ирнээ” гээд хацар дээр үнсээд явсан. Гэхдээ би энэ үнсэлтээс юу ч хүлээхийг хүсээгүй. Учир нь ах маань эр хүний ёсоор өөрийн гэсэн өрх толгойлж байгааг мэдэж байсан болохоор би гансраагүй. Гэхдээ л бас намар ...

Намар намрын салхи хагацлын үнсэлтээр хацрыг минь норгож, намрын зэвүүн салхинд тэнэсэн өнчин хамхуулын өргөсөнд аз жаргалыг минь сүлбээрдэн авч оддог болохоор би намарт дургуй ээ.

Би өөрөөсөө айж байна ...

Өнөөдөр ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр. Өнгөрсөн долоо хоног ажлын хувьд гялалзсан гэж хэлж болохоор амжилт бүхэн цогцолсон өдрүүд байлаа.
Гадаа бүүдгэр саарал ... бас гунигтай ... тэнгэрт үүлгүй, гэхдээ үд дунд болж байгаа хэрнээ наргүй ... Тэнгэр, газар, агаар бүгд тэр гэхийн тэмдэггүй зэгэл сааралд эзлэгдэж ертөнцийн төгсгөлийг илтгэх мэт дүнсийнэ.... Анар чимээгүй .... Аливаа сүйрлийн өмнө нам гүм аниргүй ноёрхон хуурдаггүй гэж үү ....
Сэтгэл маань мөн адил юуг хүлээж байгаа мэдэхгүй гунихарна. Ажлын шинэ долоо хоногийн амралтын өдрүүдэд төлөвлөсөн дэс дараагаар эхлүүлэх ёстой байтал би юу юу ч хийгээгүй атлаа хийх гэж байгаа ажлууддаа дүгнэлт хиймээр санагдах юм. Хамгийн гол нь өөртөө .... Учир нь би өөрөөсөө айж эхэллээ ... би мэдэж байна. Дэндүү өөрийнхөөрөө, өөрийн хүссэнээр загнаж, бүх зүйл миний төлөө үйлчилэх ёстой гэдэгт гүнээ итгэж, бүгд намайг сонсох ёстой хэмээн мэгдэж мөн миний хийж байгаа бүхэн бүрэн дүүрэн зөв гэж бодох болсон маань өөрөө өөрөөсөө айхад хүргэж байна. Намайг айдасд нөмрүүлж байгаа энэ шалтгааныг буруу гэж бодохгүй байсан бол дээр байсан юм. Өмнө нь энэ зарчимаар л амьдарч ирсэн шүү дээ. Гэхдээ яагаад үүнийг буруу гэж бодоод шаналаад байгаагаа ч ойлгохгүй юм ... Магадгүй өөрийнхөөрөө загнаснаас болоод алдаа гардагийг мэдэж эхэлсэн маань, өөрийнхөө төлөө бусдыг “амьдруулах” гэхээр тэд харц буруулах болсонд, бүрэн дүүрэн зөв гэж бодон хийж байсан бүхэн маань буруу болж байгаа болохоор би айж эхэлсэн юм болов уу.
Гэхдээ би энэ айдсыг даваад гарчихвал хийсэн болгон, бодсон бүхэн маань мууг даллан дуусан ч бүгдийн өмнө хариуцлагаа үүрч чаднаааа.

Сэтгүүлч хэн байх ёстой вэ?

Энэ асуулт намайг сүүлийн үед маш их хатгадаг боллоо. Би сэтгүүлч гэх энэ мэргэжлийг хүүхэд байхаасаа эхлэн мөрөөдөн энэ мэргэжлээр суралцаж мөн энэ мэргэжлийн төлөө бүхнээ зориулахыг өнөөдрийг хүртэл бодож байсан гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэл гэдэг нь миний цөхөрсөн бус гомхорсон сэтгэлийн илрэл тэсвэр алдах хүртэл гэсэн үг л дээ.

Өнөөдөр Монголд гарын арван хуруунд багтахгүй олон телевиз үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл амралтын өдөр телевизийнхээ өмнө суугаад үзэх гэхээр сонирхон харчихмаар олигтой нэвтрүүлэг гарчихгүй цаг барах нь олонтой. Цаг бараад байгаагийн шалтгаан нь өнөөдрийн монголын телевизийн хөгжлийн хандлага нь зугаа цэнгэл руу түлхүү чиглээд байгаатай холбоотой болов уу. Зугаа цэнгэлийн буюу entertainment нь телевизийн нэг үүрэгт багтдаг ч informative and cognitive буюу мэдээлэх, танин мэдүүлэх гэсэн нэн чухал үүргүүд байх ёстой мэт. Гэтэл Монголын телевизүүдэд сүүлийн хоёр үүрэг бараг орхигдсон гэж хэлж болно.
Нөгөө л нэг од гэсэн тодотголтой хэдэн хүмүүсээ уйлуулж нэг үзээд, инээлгэж нэг үзээд, уралдуулж нэг үзээд, хэрэлдүүлж нэг үзэх юм. Сүүлдээ тэд бүр улиг болчихож. Эсвэл хэдэн дарга сайд нараа суулгаж байгаад талцуулж аваад л хэрэлдүүлж гарна. Хараал ерөөл чулуудалдцан хэр сайн сэтгэл хөдлөлтэй хэрэлдэнэ тэр нь сайн хэлэлцүүлэг, сайн халз тулаан боллоо гэж үнэлдэг нь элбэг. Харин сэтгэл хөдлөм мэтгэлцээнээс үзэгч буюу ард түмэн нь асуудлын гарах гарцыг олж харах нь тун ховор. Тэртэй тэргүй гарах гарцыг хайхаасаа илүүтэйгээр хэн нь сайн өөрийгөө хамгаалж мэгдэж байна гэдгийг л үзүүлэх гээд байх шиг. Жишээлэхэд дөрөв таван жилийн өмнө л яригдаж байсан хотын хоолой хоросгом утааны тухай жил бүр л талцаж ирээд хэрэлдэнэ. Манайхаас өөр газар бол аль хэдийн шийдэх аргаа олчихоод хэрэгжүүлчихсэн байх байтал манайхан телевизээр суугаад цэцэндэхээс цаашгүй. Магадгүй нөгөө дарга цэрэг нар нь, албан тушаалд байх хугацаандаа тархиныхаа хэмжээг мэдүүлэхийг бус зөвхөн нүүрнийхээ халтар арьсыг л олонд харуулах гэсэн далд PR тай холбоотой ч байж болох юм. Хаяа нэг телевизээр тун чухал хүн оролцож байх нь бий. Урамшаад ярилцлагыг нь сонсох гэхээр нөгөө нэг ярилцагч сэтгүүлч нь яриулахгүйгээр асуулт тавиад өөрөө хариулчих нь, эсвэл уялдаа холбоогүй, логик муутай асуулт тавина, аль эсвэл өөрөө тухайн ярилцагч этгээд болон ярьж байгаа сэдвээр огтхон ч мэдлэггүй байгаагийн хар гайгаар өөрийгөө мэдээллээр хангах гээд өөрийхнөө түвшинд хүрэх танилцах төдий асуулт тавьсаар ярилцлагын цаг дуусна.

Сэтгүүлч мэдээлэл шүүрэн авагч, мэдээллийн уурхайг малтагч, өдөөгч байх ёстой байтал манайд бол өөрийгөө мэдээллээр хангагч танин мэдэгч төдийхөн байх юм.

Ер нь аливаа зүйл 100 хувь байх ёсгүй. Гэхдээ ямарваа зүйлийн хөгжил дэвшилийг тухайн салбарыг төлөөлөх 60 биш юмаа гэхэд 55 хувийн стандарт хангасан сайн нөлөөлөөр авч үзэх ёстой хэмээн миний бие боддог. Гэтэл өнөөдрийн сэтгүүл зүйн тогоонд чанагдаж яваа, ард түмэнд мэдээлэл түгээх үүрэгтэй өнөөх сэтгүүлч маань өөрөө огтхон ч боловсроогүй, болоогүй байгаа мэт санагдах боллоо.

Миний бодлоор зааж сургадаг хүн өөрөө тухайн зүйлийн талаар сайтар мэддэг байх ёстой мэт. Юмыг төгс мэдэх боломжгүй гэмээн биеэ өмөөрөхийг оролдож байгаа бол ядахнээ тухайн зүйлийнхээ талаар 70 хувийг хангахуйц мэдлэг мэдээлэлтэй байж, хүмүүст сургаж зааж байх ёстой мэт надад санагдах юм. Эс тэгвээс дутуу дулимаг мэдлэгээр цэнэглэгдсэн хүний амийг харагч би, тархиа угаалгагч болохгүй гэж үү.

Тэгвэл сэтгүүлч хэн байх ёстой вэ?
Энгийнээр сэтгүүлч хүн нийгэмд болж байгаа үйл явдалд анализ дүн шинжилгээ хийх чадвартай, ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэдэг, ард түмнийг ашиг тустай мэдээ мэдээллээр хангадаг тоймлон тодорхойлвол чихээр сонсож нүдээр баталгаажуулсан мэдээллээ тархиндаа шүүн тунгааж, өгүүлэх эрхтэнээр олон нийтэд хүргэдэг төрийн сүлдний өмнө сөгдөн тангараг өргөдөггүй ч, зүрх сэтгэлдээ нийтийн өмнө үнэнч байхаа андгайлсан шудрага бус зүйлсийн төлөө тэмцэгч дайчин байх ёстой мэт. Мэддэгээ мэдээлдэг байх ёстой гэж би боддог. Мэддэгээ шүү. Мэдэхийн тулд судлах хэрэгтэй. Түүнээс биш мэддэггүйгээ мэддэг мэт уран цэцэн үгээр булзааруулан яригч биш.

Энэ салбарт ажилласан цөөхөн хэдэн сарын дотор эргэн тойрноо ажиглаад байхад мэддэгээ мэдээлдэг, мэдэхгүй байлаа гэхэд мэдэхийг тэмүүлдэг байх ёстой. Нэг үгээр бусдаас түрүүлж боловсрогч, гэгээрэгч мэдээллийг шүүрж авагч, адтай нэгэн байх ёстой. Энэ чанар бас л алга ....

Мэргэжил нэгт нөхдөө өөнтөглөж байгаа би өөрөө ямар хүн вэ сэтгүүлч мөн үү. Ямар ч байсан би өөрийн мэддэггүйгээ мэддэг юм шиг ярихыг хүсдэггүй хүн. Нэг үгээр би зөвхөн мэддэгээ л ярина.

Зияк байз ...

Блогноосоо хөндийрөөд зөндөө удчихлаа. Хийж төвдөхгүй, гүйцэж түрүүлэхгүй ажил, өөртөө зохиож явсаар байгаад зүүлдээ би бүр альнаас нь ч эхлэхээ мэдэхээ байчихлаа. Бүгд л чухал, бүгд л хэрэгтэй. Одоо тэр хувийн асуудлуудаа орхиноо. Бүр шал тэнэг санагдчихлаа. Ажлаа л хийх минь ... Хэдэн өдөр огтын хэрэггүй юмнуудад цагаа зарчихаж бодоод байхнээ. Одоо болиноо ... Хайран цаг минь .... Гэхдээ харамсаад ч яахав дээ цагийг ямар эргүүлж болох биш.

Өөрөө бултдаг зүлэг

Богино банзал, шулуун шилбэ, өндөр өсгийт ... энгэр задгай сэрүүхэн ... хаяаадаа нэг эсрэг хүйстнийхээ харцыг унаган таашаах урин дулаан зуны улирал баяртай.

Сэтгэл сэргэм ногоон дэвсгэр дээр өнгө алаглан хорших гайхамшигийг хотод бус хөдөөд үзэж баясах шив дээ ..
Дуугуй байяааа гэхээр өөрсдөө өдөөд байх юм ... Эднүүс ... энэ зэвийсэн саарал шороон хөшиг .... Хамар амаар дамжин хоолойнд тээглэн эрвэгнүүлж, эрвэгнүүлэх нь багадаад тоосны гэх харшил болоод тогтчих юм маньдаа ...
Зуны урин цагт дөрвөн мөчөө дэлгэн тэрий хадан унахын жаргалыг хотод биш хөдөө л эдлэх шив дээ. Уг нь ямарваа улсын нийслэл хотод иргэдээ, тэжээвэр амьтадтай нь салхилуулах нэг биш ногоон зүлэгтэй нилээн хэдэн цэнгэлдэх хүрээлэн байдаг гэх. Харин манайд зугаацан цэнгэх байтугай модны дор сүүдэрлэх өгзөх дарам сүүдэр ч алга ...
Тийм байтал би ямар энд л зүлэг байх байсыыын гээд тэрий хадаад унчилтайн биш дээ гэж ...
Жил бүрийн хавар түрүүвч зузаан, нимгэн наян олон жуулчид манай орныг зориод маш олноороо ирдэг дээ ... Гэтэл биднуус гэдэг хүмүүс элгээрээ шороон дээр туучиад л арьсны өнгөн давхаргад тогтсон тоосонцор дээр нэрээ бичээд явахаар бүрзгэр саарал хотод амьдраастай хэвээрээ ....

Жил бүрийн хавар Хотын Тохижилт Үйлчилгээний компаний дэргэдэх "Цэцэрлэгжүүлээд Өгье, Ногооруулаад Орхиё" гэх сайхан нэртэй газар мартахгүйгээр л зулзаган ногоонуудыг суулгаж өгнө. Харамсалтай нь, өөрсдийнхөн хашаандхаас бусад нь урганаа л гэж гонжийн жоо... "Цэцэрлэгжүүлээд Өгье, Ногооруулаад Орхиё" газрынхан маань хөөрхий нөгөө хэлдэг гурав хийдэг ганцын үлгэрээр хийх боловч суулгасан ногоо, бут сөөг нь хоёр хөлтэй хохимой толгойтнуудын хөлд нэрвэгдээд суулгасан тэр өдрөөс л сэхэл авах хувьгүйгээр амьсгал хураах юм даа. Зам дагуулан суулгасан зүлэгний нас нь, амьсгаа аваад гаргахын завдалгүй богино гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэдэнд нар тэмүүлж ургах хувь байнгийн дутаастай ... Богино насны нууц нь байраа буруу олж ургаад байгаад оршоод байгаа юм болов уу гэж би боддогийн хэхэ
Өөрсдөд нь зориулаад зориудаар засаж тавьсан тэмдэглэгээ гарцаар гарахаас залхуурч, богино банзалтай хүүхэн хасын цагаан гуяа, цагаан дотоожтойгоо гялалзуулан хайс давах аядаж, харин сайхан гонжтой залуу “нандин эрхтэнээ” золиос тавин өргөст шорон дээгүүр өндөрийн хайралт үйлдэж зам дагаж тавьсан хашаа хайсыг давдаг гэх. Тэгээд л нөгөө суулгасан зүлэг ногоог хамгаалж хатгасан хайс хамгаалагчийнхаа үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог юм.

“Ухамсарт өргөмжит хоёр хөлт” үргэлжийн мөнх ажилдаа яарч байгаа цагт зүлэг ургуулан сууршуулах шал өмнөө шинэ технологийн шийдэл гаргах хэрэгтэй юм болов уу гэж би “цэцэндэж” байна.
Нэг үгээр “өөрөө бултдаг зүлэг” гэж байгаа бөгөөд хэрэв эрдэмтэн мэргэд тархины минь мухарт тунгаагдан шүүгдсэн энэхүү технологийн шийдлийг хэрхэхийг эс олж чадваас Улаанбаатар хот хэзээ ч зүлэг ногоон зурвас газартай болохгүй гэж би “муу ёрлов”.

Гэгэлзүүр

Сүүлийн хэдэн хоног зүүд минь барих үзүүргүй, хөөх учиггүй, тухайлах эзэнгүй, тунгаах үйлгүй болчихжээ .... зүүдэндээ хүртэл уймраад л .... Уг нь цэл залуугаараа л юм.

Сүүлийн хэдэн хоног нэг л мэдэхэд хаашаа ч минь гараад гүйчихээр сэдэл төрөөд, гэсэн хэрнээ хаашаа гүйхээ мэдэхгүй замгүй, хазааргүй уралдааны морь шиг сэтгэл тонгочиод болохоон байчихжээ. ....

Сүүлийн хэдэн хоног алсыг харж, холхон хайраагаад бэлчээрээс гарчих бядгүй, хүлээлтэнд хүлэгдээд, тоосондоо дарагдсан гадсанд зүүгдээстэй аргамж болчихжээ.

Яаалтай билэээ ....

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

Ёстой гоё

Би Буддийн сургаалийг унших тусам үнэхээр амтархан орж байгаагаа мэдэрч байна. Хамгийн гол нь Буддийн сургаалийг уншсанаар миний амьдрал ямар их хөнгөрч байгааг их ойлгож байх шив дээ. Буддийн сургаалийг унших энэ тэр гэхээр хүмүүс намайг өдөр болгон гандан орж хүрд эргүүлэн .... хийморийн сан тавиулж байгаа мэтээр төсөөлөөд байх юм. Үгүй тийм биш ээ нөхдөө ... Хэрэв та Буддийн сургааль гэхээр хотын төвд сүндэрлэн байдаг гандан хийд мэтээр төсөөлж байгаа бол ёстой “хм” гэмээр байна. Би үнэндээ хүн болж төрсөнөөр хүний урманд гандан орж хийморийн сан тавиулья гэж бодож байсангүй ... Угаасаа эндээс шал өмнөө ойлголт юм л даа ... Блогдоо энэ тухай цаашид жаахан ч болов бичиж байдаг юм уу гэж бодож байгаа шүү. Нээрээ манай найзууд намайг сүүлд Буддийн сургааль энэ тэр гээд яриад эхлэсэн чинь гэлэнмаа болчихвоо гээд санаа тавиад байгаа хэхэ .... Тэрэнд сэтгэлээ чилээлтгүй ээ гэж .... хэхэхэ

Яаж азаар эмэгтэй хүн болж төрөв өөө

Би ингэж боддог оо байнга хэхэ ... Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд бидэнд олон давуу тал байдаг юм шүүү ....

Зүгээр л ....

Зүгээр л нэээх гоё хөгжим сонсоод л .... зүгээр л нээх гоё юм мөрөөдөөд ... зүгээр л нээх гоё гадуур хаашаа ч хамаагүй хайрлаж болох хүнтэйгээ алхаад л ... зүгээр л нээх гоё гараа аймаар том алдалж байгаад суниагаад л ... зүгээр л нээх гоё амаа том ангааж байгаад эвшээгээд л .... энэ нэг биед эвгүй дүрэмт хувцасыг тайлж байгаад зүгээр л нэээх сайхан биенд чөлөөтэй биен тамирын хувцас өмсөж байгаад диксонд орж байгаад шар усаа хуртал, толгойгоо салж унатал хаялаад бүжиглээд л ..... бүжиглэхэд өндөр өсгийтэй гутал бас тэр нуруу энэ тэр гаргасан хувцас шиг ядаргаа байхгүй ээ ... зүгээр л ..... хэнд ч таалагдмааргүй өөрийнхөөрөөө баймаар байна .... орилдог ч юм билүү ... үргэсэн нь надад тохирох хүн лав биш ч гэх шиг .....

Тохиол нэг буюу хэн нэгэн намайг харааж зүхсэний хариуд би “алгадах” ёсгүй

Яагаад заавал тохиол гэж ... Алдаа биш гэж үү ... Тиймээ би үүнийг алдаа байсан гэж боддоггүй юм. Харин ИТГЭЛЭЭР БАЙГУУЛСАН ЯЛАЛТ ГЭЖ ойлгодог юм. Надад учирсан тохиолтой танилцана уу танд сургамжтай байж болох л юм.
Хувийн амьдралдаа орхихгүйгээр, гээлгүйгээр баримтлахыг хүсдэг зарчим бол аливаа асуудал гарахад тайван байж, хэн нэгэн миний өөдөөс яаж хашгирч орилж байсан ч, биеэ барин инээгээд өнгөрөх.
Гэхдээ энэ нь бусдын ойлгодог “хүнд доромжлуулах” гэсэн ангилал руу халтиран орчихож байгаа бус харин ч тэр хүний “нерб” дээр бахдалтайгаар ялалт байгуулж байгаа хэрэг гэж би ойлгодог.
Нэг үгээр маргаан, үл ойлголцлын гол субьект, обьектод хандаж ончтой ганц үг унагаж, тархиар нь дамжаад зүрхэнд нь тултал нөлөөлж чадахгүй юм бол бие биенээ “тэнэг, мангар, тарган туранхай, ... нүдтэй нүдгүй” гэхчилэн бөөсөнд хамааралгүйгээр “цэц булаалдан аядаж”, үг чулуудалцаж, мэддэг мэгзэмээ мэдэх мэдэхгүй хараалтайгаа баран, эцсийн бүлэгт харьцангуй ойлголтоор жишигдэх хэлбэр хэмжээс хэл ярианы хөгжлийн мууг мэдэлцэхийн хэрэг юун билээ.
Ер нь бол чамайг өдөөн хатгаад байгаа тэрхүү этгээдийн өмнөөс ганц сайхан том харж байгаад гааанц сайхан ёжтойхон, доогтойхон шиг инээмсэглэлийг хатуухан үгтэй хаяглачихаад л /үг хэлэхгүй бол манайхан хэлтэйг нь мэддэг ч гэсэн хэлгүй гэж хочилчохоод байдаг учраас хүсээд байгаа үгийг нь хэлэхээс өөр яахав/ явчих хэхэ. ... шартай хүмүүсийн шил нь татаад л явчихна. За тэр яаж хэрэлдэх гэх ч юмуу хаашаа юм тэр юмны талаар хичээл ч яахав. Оршилын орныг ингээд төгсөж гол юмандаа орьё.

Хэн нэгэн чамтай яаж харьцаж байгаагаас хараад чи өөрийгөө хэн вэ гэдгийг дүгнэж болох юм. Асуудал үүссэн л бол яагаад гэдгийн учрыг бусдаас бус өөрөөсөө асуусан дээр байдаг юм. Тэгвэл өөрийн сэтгэл төвөг багатай.
4н сарын өмнө би хүнд итгэсэнийхээ төлөө аймаар том алдсан ч гэж хэлж болохгүй юм байна ... “ухааран” гайхаж билээ. Одоо эргээд бодоход итгэлээр минь тоглосон тэр хүн харин алдсан юм шиг санагддаг энэ бодол маань ч бүрэн батлагдсан юм.
Хүн миний итгэлээр тоглосоны төлөө хүнд итгэх сэтгэл минь алга болоогүй харин ч итгэж явах нь “зөөлөн” байх хамгийн зөв зам мөр гэдэгт баттай итгэх болсон.
4н сарын өмнө маш ихээр итгэж байсан нэгэн ажлын хамтрагч маань намайг эзгүй хоогуур компани гэх юм уу хаашаа юм ямартай ч орлогын нэг эх үүсвэрийг минь, миний зөвшөөрөлгүйгээр өөрийн болгочихоод “одоо оогий чи энд байгаад хэрэггүй” гээд нэг л өдөр хэлчихдэг юм байна. Тухайн үед учрыг сайтар тунгааж ойлгоогүй ч аман дээр минь “яагаад” гэдэг асуулт л гарч ирсэн юм. Түүний хариулт: “Энэ бүхэн минийх ...” товхондоо хэхэхэ
Хүмүүсийн хэлдэгээр ар далаараа мад тавиулсан би гэдэг хүн “өдөр шөнөгүй цоортол эргүүлж тойруулан уншдаг Библи дээр чинь ингэж сургадаг юм уу. Эсвэл 78 оны эгчид хүний илүү оймс илээсэнд учир байна уу” гэхээс
надад хэлэх үг яг үнэндээ олдоогүй ээ. Гэхдээ тухайн үед маш их итгэж явсан хүнээ эртхэн таньж авсандаа баярлаж байсан юм. Хамгийн гол нь би тэр хүнд аймаар их итгэж компанийхаа тамга, ажил хийхэд хэрэгтэй эд хэрэгсэлийг даатган үлдээсэн байлаа.
Болсон явдалд манай гэрийнхэн болоод манай найзууд “гэнэн байна даа гэнэн байна. Ингэж хүнд чадуулчихаад шүүхэд өгөх хэрэгтэй” гэх зэргээр ятгаж байв. Би тэгэхийг хүсээгүй ээ. Харин хэдэн өдөр гайхширалын байдалтай байхдаа “хүнд итгэх нь гэнэн зан гэж үү. Би чадуулчихсан юм у. Би зүгээр л итгэсэн ... итгэсэн шүү дээ. Тэгсэн болохоороо би хамаг юмаа даатгасан. Эсвэл итгэнэ гэдэг нь гэнэн зан юм уу ....” гэж олон өдөр энэ асуултыг өөрөөсөө асууж хариултыг нь олохыг хичээж байлаа.
Харин “итгээчийг” бусниулсан нөгөө эгчид бүсгүй над руу хэдэн өдрийн дараа утас цохиж “Оогий уучлаарай. Чи надад их тус болж байсан. Би чамд баярлаж явдаг. Иймээс би чамаас урдын сайхан харьцаагаа тасламааргүй байна” гэдэг байгаа. Харин би “Зүгээрээ” гэж хэлээд л утсаа тасалсан. Бид хоёрт ярих шалтгаан байгаагүй ээ.
Энэ миний хувьд ТОМООС ТОМ ЯЛАЛТ байлаа. “Тэр хүн зүгээр л мөнгө олох гэсэн атгаг санаандаа хөтлөгдөн тэгэж авирласан юм байна.” гэж бодоод сэтгэл минь уужраад явчихав.
Ингээд л өнөөдрийнхөө хоолны мөнгөний төлөөх шунаг сэтгэлээрээ, өөрийнхөө алсыг харах мэлмийгээ сохолсонд нь харин ч би их өрөвдөж билээ.
Энэ бүгдээс би их сургамж авч үлдсэн юм. Хэрэв хүн чамайг өөрийнхөө ойлголтоор ашиглаж байна, доромжлож байна гэж бодон муугаар хандаж байсан ч чи зүгээр л өмнөөс нь харж байгаад амарлангуй, тайван гэхдээ ёжтойхон доогтойхон инээхэд л хангалттай гэдгийг би мэдэж авсан юм.

Тодруулга

Би нэг хоногийн өмнө “Сайн менежер байхаас сайн гэрийн эзэгтэй байх нь хэцүү” гэсэн бичлэгийг блогдоо тавьсан юм. Энэ маань цаад утгаараа яг сайн менежер байх буюу сайн manage хийх гэсэн үг биш л дээ. Ерөнхийдөө бол эмэгтэй хүн, тэр тусмаа гэрийн эзэгтэй болсон хүн сайн менежер биш юмаа гэхэд өөрийнхөө дуртай ажлыг хийгээд түүнийхээ үр дүнг үзэх гээд цаг хөдөлмөрөө зарцуулах гэхээр нөгөө гэрийн эзэгтэйн ажлыг хаагуур нь амжуулах вэ гэдгийг л хөндсөн юм. Түүнээс биш бас ч арай шууд менежер юмуу дарга болоод явах ч биш л дээ. Хамгийн гол нь, эмэгтэй хүн гэрийн эзэгтэй болно гэхээр оёдолчин байсан ч ажил нь алдагдаж идэвхи нь буурах гээд ажилдаа анхаарал тавья гэхээр ар гэр нь орхигдох гээд байдаг юм шиг ээ. Иймээс л ажил, амьдрал хоёрыг ижилхэн амжуулна гэдэг их хэцүү бөгөөд эрэгтэй хүнийг бодвол 2 дахин их ачаа үүрэх болоод байдаг мэт.
Миний өнцөгөөс харахад би лав гэрийн эзэгтэй боллоо гэхэд хүүхдүүд маань ээжийнхээ гарын хоолыг идэх гэж амралтын өдрийг хүлээдэг, хамтдаа байх гэж миний ажлын цаг завыг хардаг, нөхөр маань миний ажлын цаг заваар надаар хувцасаа угаалгадаг эвсэл хими цэвэрлэгээнд хувцасаа өгдөг, унтахдаа л бид гэртээ цугларч бараа бараагаа харалцдаг тийм гэр бүлийг үүсгэхийг би хүсэхгүй байна. Бас эсрэгээр нь би сайн гэрийн эзэгтэй, халамжтай ээж байхын тулд, өдөр болгон хүүхдүүддээ халуун гарынхаа хоолыг хийж, ойр дотныхон сайн найз нь байж, нөхрөөсөө байнга урьтаж гэртээ ирээд халуун хоолыг нь хийгээд хүлээж байх тэр энгийн харьцааг бий болгохын тулд ажлаа шууд хаямааргүй байна. Энэ бол ерөнхий ойлголт. Үүнээс илүү нарийн ширийн зүйл олон байгаа ш дээ гэр бүлийн харилцаанд ажиглаад байхад ....Гэхдээ бас хийж байгаа ажлаа, тавьсан зорилгоо хэзээ ч орхихыг мөн хүсэхгүй байна. Ингээд бодохоор сайн гэрийн эзэгтэйн ажлыг хаагуур нь амжуулах болж байнаа. Эсвэл би хэтэрхий хүндрүүлж бодоод байна уу. Эмэгтэйчүүд амжуулдаг юм уу. Гэхдээ амжуулдаг байлаа гэхэд би лав халтуурны, орон тооны ажилтан байхыг л хүсэхгүй эээ. Ер нь эмэгтэйчүүдийг нөхөрт гарахаараа ажлынхан идэвхи илт буурдаг гэдэг шүү дээ. Тийм л байхыг хүсэхгүй байна. Тэглээ гээд бас хүйтэн хөндий ажил хэрэгч гэрийн эзэгтэй байхыг мөн хүсэхгүй байна. Тэгэхээр надад лав сайн ажилтан, сайн гэрийн эзэгтэй гэсэн хоёр эрхэм цолыг хамтад нь авч явахад хэцүү мэт санагдах юм. .....

Сайн гэрийн эзэгтэй байх нь, сайн менежер байхаас хэцүү юу


Одоогоос жил гаруйн өмнө би энэ үгийг нэгэн том байгууллагын даргад тайлбарлах хэрэгтэй болж билээ. Учир нь би тэр байгууллагын ажилд орох өргөдлийн маягтан дээр таны ирээдүйн зорилго гэсэн хэсэгт нь “би сайн гэрийн эзэгтэй болно” гэж бичиж байсан юм. Ярилцлаган дээр нөгөө дарга надаас “энэ үг чинь их сонин санагдаж байна. Чиний насны эмэгтэй гэрийн эзэгтэй болох зорилт тавьж байгаа нь сонин л юм” гэж билээ. Ярилцлаган дээр тэр дарга ганцхан асуулт тавьсан нь энэ байлаа. Мэдээж би тайлбарласааан ....

Би тухайн үед “би өөрийнхөө эзэмшисэн мэргэжилээ ялзаруулахгүй байхын тулд мөн хүсэж байгаа зорилгодоо хүрэхийн тулд яг одоогоор юу хийхээ мэддэг болсон. Тэгээд ч би зорилгынхоо зах зухаас бариад авчихсан болохоор одоо зөвхөн хүсээд л, тэмүүлж байхад зорилгодоо хүрч чаднаа. Харин эмэгтэй хүний хувьд хэзээ нэгэн цагт хүний эхнэр боллоо гэхэд сайн гэрийн эзэгтэй болж чадна гэдэгтэй тийм ч итгэлтэй биш байна” гэж хариулж байлаа. Түүнийг “яагаад” гэх хариултанд нь доор бичсэн сайн гэрийн эзэгтэйд байх чанаруудыг хуруу дарааллан хэлээгүй ч ерөнхийд нь тайлбарлан хэлж “би хүнтэй сууснаар ажлаа мөн зорилгоо хаяхгүй ээ. Харин сайн гэрийн эзэгтэй байхыг хүсэж байна. Гэхдээ тэр болгоныг амжуулж чадна гэдэг хамгийн хэцүү” гэж хариулсан нь миний сүүлийн хариулт байлаа. Тэр дарга эрэгтэй хүн байсан болохоор миний яриаг сонссоны дараа жуумалзан инээж билээ.

Миний зорилго их энгийн. Зүрх сэтгэлд минь хүүхэд байхаас эхлээд л өдийг хүртэл хадгалагдаж байгаа юм. Өдөр өдрийнхөө өөрт оногдсон ажлыг чадах чинээгээр чинээнд нь тултал хийж, өөрийнхөө эдийн засгийн болон нийгмийн боломжийг аль болох тэлж, өөрийн гэсэн хөөрхөн жижигхэн АСРАМЖИЙН ГАЗАРТАЙ болж түүндээ ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүнийг, энэрэн хайрлах сэтгэлтэй, боловсролтой хүнийг өсгөн хүмүүжүүлэх юмсан гэж боддог. Энэ мөрөөдлөө орондоо хэвтэхдээ бодож, зүүдэндээ бодитоор биелүүлчихээд .... зүүдэндээ үр дүнг нь үзээд ... зүүдэндээ өсгөсөн хүүхдүүдийнхээ ач нарыг хараад ..... зүүднийхээ далай эрэг дээр ном бичээд..... зүүднийхээ хүлэмжинд цэцэг тариад сууж байгаа өөрийхөө насны төгсгөл хүртэл зүүдэлчихээд инээмсэглэн өглөө болгон сэрэх дуртай. Тийм дээ ч тэрхүү зорилгоо орхихыг хүсдэггүй ээ. Тэгээд л хэрэв би өөрийн гэсэн хувийн амьдралтай болвол тэр болгоныг амжуулж чадах болов уу гэж бодсоноо л бичсэн хэрэг байлаа.

Үүнтэй холбоотойгоор би өөрийн хувийн зүгээс сайн гэрийн эзэгтэй, сайн ч гэлтгүй ер нь гэрийн эзэгтэйд ямар чанарууд байх ёстой вэ гэдэг талаар санал бодлоо хуваалцахаар шийдсэн юм.

Би сайн гэрийн эзэгтэйд доорх чанарууд байх ёстой гэж боддог. Гэхдээ энэ бол 21р зууны гэрийн эзэгтэйд байх чанар. Ерөнхийлөн тоймолвол 21р зууны гэрийн эзэгтэй боловсролтой, хийдэг ажилтай, уужуу тайван, хэлэх олигтойхон үг байвал хэлчихдэг байхгүй бол дуугүй байж байдаг хүн байгаасай л гэж би хувьдаа боддог юм.
Тэгээд ч ер нь бол карьер албан тушаал, мөнгө, эрх мэдэл, боловсрол зэргийг би хүсээд хичээвэл өөрийн болгож болно. Харин хүнтэй харьцах сэтгэлийг би хүсээд хичээсэн ч өөрийн болгож чадахгүй тохиолдолууд байдаг шүү дээ.

Айл гэр сэтгэл болон хүч гэсэн хоёр энерги дээр тогтдог. Үүнийг нөгөөтэйгүүр иен болон ян энерги ч гэж хэлэх нь бий.
Хүч гэдэг нь мэдээж эр хүн, түүний ноён нуруу. Эрчүүд хэзээ ч хүүхнүүд бидний олж мэдэрдэг энгийн хирнээ, хамгийн нандин бүхнийг олж харахдаа маруухан улс, тийм дээ ч тэд эмэгтэй хүний халамжгүйгээр өнгө зүс гундуу байх нь нууц биш.
Сэтгэл гэдэг бол мэдээж эмэгтэй хүн. Гэр бүлийн нарийн ширийн бүхий л зүйлд сэтгэл гаргаж нөхөр хүүхдээ халамжлан хайрлаж байх ёстой. Сайн гэрийн эзэгтэй бол хоол хийж гэр цэвэрлэх гэхээс илүүтэйгээр гэр бүлийнхээ халуун дулаан сэтгэл гээчийн цөм байж, нэг бодлын маш сайн нарийн бичиг, зохион байгуулагч байх ёстой. Миний бодлоор дараах чанаруудыг эмэгтэй хүн хэрэгжүүлж байж сайн гэрийн эзэгтэй болох болов уу гэж санагддаг.

Сайн гэрийн эзэгтэйд байх чанарууд

1. Гэр бүлийн нарийн ширийн асуудлыг, ялангуяа нөхөр эхнэр хоёрын хооронд болсон жижиг ч гэлтгүй аливаа маргааныг хамгийн сайн гэх найздаа ч ярихгүй байх нь зүгээр мэт санагддаг. Яагаад гэвэл нөхөр эхнэр хоёрын хооронд гарсан тухайн асуудлыг шийдэх хамгийн сайн гарцыг зөвхөн та хоёр л ярилцаж байж л мэдэхээс таны хамгийн сайн найз чинь ч мэдэхгүй. Тэд таньд туслахаар анхааралтай сонсож байгаа боловч зүгээр л таны алдаан дээр суралцах гэсэн эсвэл зүгээр л хов живээр чихээ мялаах гэсэн эмэгтэй хүний сониуч зан.
2. Хадам муу хүн биш. Хадам ээжийн “хүүг минь энэ охин яаж халамжлаж байгаа” бол гэдгээс асуудал үүсдэг байх. Тиймээс хадам бэрийнхээ алхам бүрийг хянана, нөхрөөс чинь ч илүү. Тиймээс миний бодлоор чиний яаж хандаж байгаагаас хадмын хандлага шалтгаална. Хүнийг хайрлах тийм ч хэцүү биш шүү дээ. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг болохоор тэвчээр бүхнийг ялна.
3. Нөхрийнхөө муу болон дутагдалтай талыг аль болох өөрийн эцэг эх, ах дүүгээс нууж байх нь зүйтэй. Ямар ч сайн хүнд алдаа байдаг л байхгүй юу. Харин нэгэнт сэтгэл нийлэн гэр бүл болсон л бол, нөхрийнхөө алдааг засах хамгийн ойрын хүн бол чи. Хэрэв та хоёрын гэрлэлт хайр сэтгэл дээр үндэслэсэн бол ямар ч зөрүүд эрийг эмэгтэйчүүд номхоруулж чаддаг л байхгүй юу. Нээрээ мартаснаас нөхрөө өөрийн эцэг эхдээ муулах нь нөхөр тань яваандаа хадмууддаа муу нэртэй, луу данстай нэгэн болохын эхлэл юм шүү. Таны нөхөр муу нэртэй байх нь ерөнхийдөө таны гэр бүлийг хүндэтгэх рейтинг эхнэрийн төрөл саданд буурахын цондон.
4. Хүүхдүүдийн өмнө болж өгвөл бага хэрэлдэнэ, биенээ үл хүндэтгэж байгаа мэт хандлагыг үзүүлэхгүй байх. Чи хэдий чинээ уурлаж байсан ч нөхрөө хэзээ ч муу муухайгаар бүү дайрч доромжил хүүхдүүдийнхээ өмнө. Ялангуяа эмзэг сэдвээр нь нэг удаа тасартлаа уусан тохиолдолыг нь хэзээ ч эргэн сөхөж архичин энэ тэр гэж бүү дууд. Ингэж дуудвал харин ч тэр хүнийг улам бүр түлхэж байгаа юм. Тэрийг загнаж биш арай өөр аргаар ойлгуулж болох л байхгүй юу. Тэгээд ч уурлаж, хашгирч хэлсэн ямар ч үнэн үг үнэ цэнэгүй байдаг юм. Эмэгтэйчүүд бид ам түргэнтэй, үглээ амьтад гэх шошгоноос салах цаг болсон шүү.
5. Та ямар ч их ажилтай байсан нөхөр болон хүүхдүүддээ заавал цаг зав гаргаж бай. Та ажлын байрандаа бусдыг захиран тушаадаг сайн дарга, менежер байж болно харин та гэртээ бол уян зөөлөн уриалгах эмэгтэй байхаа мартаваа. Ялангуяа та нөхрийнхөө өмнө халамжит эхнэр байх ёстой гэсэн үг болохоос хайлсан тугалга бай гэсэн үг биш юм шүү.
6. ӨӨРИЙН ГЭСЭН ГАРЫН ЧАС ХИЙСЭН ГАРЫН ХООЛТОЙ БАЙ. Эрчүүд энэ үгэнд дургүй ч тэднийг ходоодоор нь хэзээд уйдаахгүй байлгаж болдог л байхгүй юу. Эмэгтэйчүүдийг үнэт эдлэлээр татдаг шиг хэхэ. Гэрийн эзэгтэй сайхан хоол хийж чадахгүй гэдэг бол надад тэр эмэгтэй хичнээн гоолиг нарийн бэлхүүстэй, хасын цагаан царайтай байсан ч манин болох шинж рүүгээ дөхөж байгаагийн илрэл мэт санагддаг юм. Энэ миний бодол л гэхдээ. Би хоол хийж чаддаггүй ядаж өөрийн гэсэн гарын хоолгүй эмэгтэй хүнд тун дургүй ээээээ.
7. ДАНДАА САЙХАН ХАРАГДА. Гэртээ дандаа гоё хувц өмс. Нөхөр чинь ажил дээрээ сайхан хүүхэн харж байгаа шүү. Гэтэл чи гэртээ навсайж харагдах ч бас л ..... Хүн угаасаа л удаймтгай амьтан. Эрчүүд бол нүдэндээ л ер нь итгэдэг байхгүй юу. Хайртай байсан ч эр хүн болгонд байдаг энэ сул тал нэг л өдөр таныг гомдоож мэднэ шүү. Эрчүүд заяаныхаа ханийг сонгохдоо “гадаад өнгө үзэмж төдийлөн хамаагүй сэтгэл нь сайхан байхад л болно” гэж хэлдэг. Тэгсэн хирнээ тэд сэтгэлийнхээ далд “сайхан сэтгэлтэй сайхан хүүхэн” хайсаар л явдаг юм. Гэхдээ мэдээж эмэгтэй хүн сайхан байгаад сайхан сэтгэлтэй бол бүр ч сайхан шүү дээ.
8. Өөрийгөө үнэ цэнэтэй, чадварлаг эмэгтэй гэдгийг байнга харуулж бай. Чи 21-р зууны гэрийн эзэгтэй. тиймээс 21-р зууны гэрийн эзэгтэйд байх ёстой нэг чанар бол нөхрөөсөө нэг их дээр гарахгүй ч тодорхой хэмжээний орлоготой, өөрийн хийх дуртай карьертай ажилтай, ажилдаа чадвартай байх нь зүйтэй. Тэртэй тэргүй чи дээрх 6 зарчмыг өөрийн болгосон цагт энэ долоо дахь зарчим чамайг нөхрийн найзуудад “арааны шүлс асгаруулам” эмэгтэй болгох болно. Үнэн л юм чинь.
9. Өөрийгөө хаяадаа ч гэсэн хардуулах нь зүйтэй. Миний нэг таньдаг хүн эмэгтэй хүн эрэгтэй хүний хажууд л өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэдгийг мэдрэх юмаа гэж хэлж байсан юм. Энэ ч үнэн шүү. Чи нөхөртөө өөрийгөө жаахан ч болов хардуулах сэдэл өгнө гэдэг нь өөрийгөө бас ч сайхан хэвээр, эрчүүд над руу сээтэн хаядаг юм шүү гэсэн эрхэмлэлийг төрүүлнэ. Гэхдээ хардуулна гэдэг нь нэг эртэй шөнийг хамт өнгөрөөхийн нэр биш шүү хэхэ.
10. Дээрхитэй холбон хэлэхэд сайн эр нэг төрд үйлчилдэг, сайн эм нэг эрд үйлчилдэг гэдэг үг байдаг. Шууд хүлээн авахад эмэгтэй хүн бараа мэт ойлгогдож болох байвч энэ бол бат бөх, амар амгалан цэвэр ариун гэр бүлийн нэг үндэс юм шүү.
11. Нөхөртөө урмын үг хэлж үнсэж бай. Таны нөхөр таны бас нэгэн хүүхэд л гэсэн үг. Тиймээс таны урмын үг, үнсэлт чинь түүнийг шуудай мөнгө олдог байсан бол вагон вагон мөнгө олох үндсийг тавих юм шүү.
12. НЭЭРЭЭ БҮҮ ҮГЛЭ. Үглээ гэдэг шошгыг заавал яагаад эмэгтэй хүн зүүх ёстой гэж. Би лав нэг үгээ олон давтаж хэлдэг хүнд туйлын дургүй. Би хэзээ ч олон давтаж үглэж хэлсэн үнэн үгийг ч дагахаас дургүй хүрдэг. Энэ үг нөхөртөө гэхээс илүү хүүхдүүдтэйгээ харьцах харьцаанд хамаатай.
13. Манай ах “шүд ам нь ярзагнаад урдаг нохой шиг хэрэлдэж байгаа эмэгтэйгээс уйлаад сууж байгаа эмэгтэйн гоё харагддаг” юм гэж хэлж байсан. Энэ надад үнэн юм шиг санагддаг. Сээхэлзүүр, соохолзуур, хардаг ярьдаг, язвага татвага гэсэн хэрүүлч гэрийн эзэгтэй байх нь ёстой тэнэг. Ерөнхийдөө бол даруухан хөөрхөн .... гоё шүү бас энхрийхэн хэхэ

Эмэгтэй хүнийхээ хувьд Миний нэг хобби бол нийгэмд хүндтэй байр суурь эзлэдэг өөрийн гэсэн үзэл бодолтой, ухаалаг чадалтай, оюунлаг эмэгтэйчүүдийн үүх түүхийг судалж тэдний ажлын амжилтын нууцыг уншиж судлах байдаг юм. Би өнгөрсөн 8-р сарын TIMES сэтгүүлийн нэгэн дугаарт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз-ын өгсөн ярилцлагыг уншиж суулаа. Гэтэл тэр ярилцлаганд хүн сүрдмээр агуа албан тушаал, өөрөө анзаарахгүй шат ахисан карьерт амьдрал нь түүнийг эрэгтэй хүнээс бүрэн тусгаарлсаныг өгүүлсэн байлаа. Райз нас хэлбийсэн ч одоо хүртэл хүнтэй суугаагүй төдийгүй үрийн зулай ч үнэрлэж амжаагүй байгаа гэнэ. Энэ ярилцлагын дараа би өмнө нь судалж байсан алдартай эмэгтэйчүүдийн түүхийг эргэн бодоход бүгдээс нь тийм ч сайхан хувийн амьдралын түүх харагдсангүй. Өмнө нь би үүнийг анзаардаггүй байжээ. Бодоод байхад тэр эмэгтэйчүүдэд сайн дарга, сайн менежер байхын сацуу /заавал ч сайн дарга байх албагүй ч ядаж л өөрийнхөө дуртай ажлыг цаг наргүй хийх боломж гэрийн эзэгтэй хүнд төдийлөн сайн олдохгүй шүү дээ/ сайн гэрийн эзэгтэй байх хэрэгтэй болсон нь зүйн хэрэг. Гэтэл тэдний хүслийг нөхөр нь ойлгохгүй, бас гэртээ ойртож ирэх, байнга ажил ажил гэж гүйх нь сайхан гэр бүл зохиох боломжийг нь өгдөггүй байсан болов уу. Ингээд бодохоор эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй, сайн хань байгаад сайн менежер байна гэдэг их хэцүү мэт санагддаг. Хамгийн ойрын жишээ дурьдахад Зууны манлай дуучин Сарантуяа, УИХ –ын гишүүн Оюун байна. Хэнээс ч дутахгүй сайхан эмэгтэйчүүд гэтэл ..... Зарим хүмүүс ааш муутай болоод л нөхөр тогтоодоггүй байх гэж хэлдэг юм. Харин надад тэр эмэгтэйчүүдийг ойлгох эрэгтэй хүн л олдохгүй байгаа байх гэж боддог юм.
Амжилтанд хүрэхэд цаг хугацаа, цаг наргүй хөдөлмөр, сэтгэлийн дэм хэрэгтэй шүү дээ. Энэ бүхэн сайн гэрийн эзэгтэй болоход саад болдог юм болов уу. Мэдэхгүй юм даа.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХҮНИЙ АМЬДРАЛД ЭМЭГТЭЙ ХҮН БОЛЖ ТӨРСӨНИЙ ХУВЬД САЙН МЕНЕЖЕР БАЙСНААС САЙН ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ БАЙСАН НЬ ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ Ч ЮМ ШИГ …..