"Ээжээ" - Бүүвэйн дуу


Хүн биеэрээ, өөр дээрээ мэдэрсэн юмаа л хамгийн сайн мэддэг гэдэг байхаа. Эхийн хайр гэдгийг ээж болж үзсэн хүн л мэдээж жинхэнэ утгаар хэлж чадах байх. Гэхдээ эх болсон хүн бүрээс үрээ хайрлах хайраа та үгээр илэрхийл дээ гэвэл бүх ээжүүд “үгээр хэлж боломгүй мэдрэмж” гэх болов уу.

Нэгэн хүний хэдэн жилийн өмнө хэлж байсан үг одоо их ойрхон бууж байна. Эмэгтэй хүн нөхөртэй болохоор ахин шинээр эмэгтэй хүн болж, эх хүн болохоороо жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болдог гэж. Үүнийг тайлбарлахад хэцүү юм. Гэхдээ л энэ үг их үнэн бололтой. Эмэгтэй хүний хамгийн нандин чанар болох хариу нэхэхгүй хайр, бас уян зөөлөн зан ааль хүний эхнэр болоод бас ээж болсоны дараа жинхэнээсээ төгс утгаа олдог болохоор тэр юм болов уу даа. Энэ мэтээр бодоход хариултыг нь заавал яг таг өгөмгүй хэрнээ сайхан бодролууд хөвөрч байгаа биз дээ бүсгүйчүүдээ. Саяхан блогчин Ига-гийн фэйсбүүкээс "Хүмүүсээ хүүхэд гаргацгаая" гэж уриалсан сэтгэгдэлийг уншсан хэхэ. Бүсгүй хүн ээж болохтой холбоотой бас нэгэн бодол төрдөг болсон кккк. Хүний энэ насны амьдралд гайхамшигтай хувь тавилан болгон илгээдэг “ГУРВАН БЭЛЭГ”-ийн тухай бодол өдөр шөнөгүй эргэлдэх болсон шүү. Тэрийгээ нэг завандаа бичиж оруулах юмсан гэж бодож байгаа. Ямартай ч хүний амьдралын, амьд байхуйн шалтгаан бас аз жаргалыг би “ХҮН” л гэж хэлнээ.

Нэмэлт болгоод энэ гоё богино өгүүллэгийг орууллаа. Өгүүллэгийг уншихдаа Игорь Крутой-ын “Бүүвэй”-н аязыг сонсоорой. Тайвширал дотроос мэдрэгдэнэ.

Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАН-аас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд ...

БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:

-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг "ЭЭЖ ЭЭ" гэж дуудаж болно гэлээ.

Хайраа түгжье

Утсаа халж, товчлуурын бичиг арилтал мессеж бичдэг байсан тэр үед иймэрхүү зүйл байсан бол гоё байхгүй юу. Зураглал нь хөөрхөн комикс.

Хайрласаар, хайрлуулсаар амьдарцгаая

Блогтоо баярын мэндчилгээнээс өөр бичлэг оруулалгүй уджээ. Одоо ч гэсэн баярын мэндчилгээ гэхдээ уртыг оруулчихья даа.


2 сарын 14ны өдрийг хайртай хосуудын өдөр гэдэг. Энэ баяр “импортын” баяр ч бай хамаагүй зүрх бүр хайртай хайртай гэж хүчтэй цохилох донсолгоог хамгийн ихээр мэдрэх энэ өдрийг эргэн тойронд хүмүүс тэмдэглэн өнгөрөөж байгаад би хувьдаа баяртай байдаг.

“Энэ хорвоод гурван агуу зүйл байна.
Нэгд, өөрөө чи хүнд дурлана гэдэг агуу
Удаад нь, өөрт чинь бас хүн дурлах агуу
Гэвч агуугаас агуу тэр зүйл бол ЭНЭ ХОЁР ХАМТДАА ТОХИОХ ЮМ ДАА”
гэсэн үг байх. Мэдээж хамтдаа тохиож байвал агуугаас агуу зүйл гайхамшиг биш гэж үү, бүхий л зүрх сэтгэлээрээ хоёр биенийхээ төлөө цугтаа цохилж "бөмбөрдөнө" гэдэг хүний биенээс гарах, биеэр "тоглох" хамгийн сайхан хөг аялгуу бизээ. Гэлээ гэхдээ өөрөө хүнд дурлаж, эсвэл өөртөө хүн дурлуулах ч мөн гайхамшиг. Зүрх сэтгэл нь хайрлаж чадаж эс бөгөөс эргүүлэн өгч чадахгүй ч өөрт хүн хайртай гэдгийг мэдэрч амьдрах нь өөрөө гайхамшиг юм.

Нүцгэн ирээд, нүцгэн л буцах хорвоод хүнээр хайрлуулж, хүнийг хайрлаж, өгч өгч бас дахиан өгч амьдарсаар “үзэхийн эцэстээ” үй олон хайрын сүман зүрхтэй золгох сайхан биш байна уу, биш гэж үү. Магад дэндүү романтик гэлээ ч хайр бол амьдралын хүрдийг зөвөөр хөдөлгөгч хүч гэдэгт би итгэдэг.

Хүн ганцаарддаг. Хүмүүс дунд ганцаарддаг. Гэхдээ хайрлаж чаддаг, хайрлуулж чаддаг, хайр дааж амьдардаг хүн ганцаарддаггүй байхаа. Би өөрөө хөвж, нисэж, дуулж амьдрах дуртай. Ихэнхидээ зүрхэндээ итгэдэг. Зүрх минь худал хэлдэггүй гэдэгт итгэсэн учраас аз жаргалаа олсон. Хайрлахын эхлэл итгэл ч байж болох, басхүү хайртай байсаар хайрлуулсаар амьдрах бүх хугацаа ганцхан итгэл дээр тогтсоор байдаг бизээ.

Бүгдэд нь гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе.

Баярын энэ өдөрт зориулаад Даярмонгол сайт дээр М.Саруул-Эрдэнэ ахын орчуулж нийтэлсэн хайрын тухай богино өгүүллэг, туужуудаас өөрт таалагдсан 2-ыг орууллаа.

Хараагүй охин
Хараагүй болохоороо өөрийгөө учиргүй үзэн яддаг нэг охин байсан юм сан жээ. Хайртай залуугаасаа бусдыг бүгдийг нь үзэн ядна. Учир нь залуу л үргэлж охиныг харж халамжилдаг аж. Охин энэ дэлхийг харах өдөр ирдэг л юм бол найз залуугийнхаа гэргий нь болно хэмээдэг байлаа.
Тэгтэл нэгэн сайхан сэтгэлтэн хос нүд хандивлаж, охин ч ертөнцийг, бас найз залуугаа анх удаагаа харав. “Хорвоог харах өдөр чинь ирлээ, хонгор минь надтайгаа одоо гэрлэх үү?” Гэтэл найз залуу нь бас өөр шиг нь сохор нэгэн байсныг харсан охин цочирдон, татгалзжээ.
Залуу уйлсаар холдон одов. Хэсэг хугацааны дараа нэгэн захиа ирүүлснийг нь уншвал “Би чамдаа үүрд хайртай хэвээрээ шүү. Харин нүдийг минь хайрлаж яваарай.”


**********

Залуу хайртдаа 12 цэцэг авчирчээ. 11 нь амьд, нэг нь харин хиймэл цэцэг байх юм гэнэ. Тэгээд хэлсэн нь: “Хамгийн сүүлчийн цэцгийг үхэж дуустал чамдаа би дурласаар байх болно”.