Сэтгүүлч хэн байх ёстой вэ?

Энэ асуулт намайг сүүлийн үед маш их хатгадаг боллоо. Би сэтгүүлч гэх энэ мэргэжлийг хүүхэд байхаасаа эхлэн мөрөөдөн энэ мэргэжлээр суралцаж мөн энэ мэргэжлийн төлөө бүхнээ зориулахыг өнөөдрийг хүртэл бодож байсан гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэл гэдэг нь миний цөхөрсөн бус гомхорсон сэтгэлийн илрэл тэсвэр алдах хүртэл гэсэн үг л дээ.

Өнөөдөр Монголд гарын арван хуруунд багтахгүй олон телевиз үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл амралтын өдөр телевизийнхээ өмнө суугаад үзэх гэхээр сонирхон харчихмаар олигтой нэвтрүүлэг гарчихгүй цаг барах нь олонтой. Цаг бараад байгаагийн шалтгаан нь өнөөдрийн монголын телевизийн хөгжлийн хандлага нь зугаа цэнгэл руу түлхүү чиглээд байгаатай холбоотой болов уу. Зугаа цэнгэлийн буюу entertainment нь телевизийн нэг үүрэгт багтдаг ч informative and cognitive буюу мэдээлэх, танин мэдүүлэх гэсэн нэн чухал үүргүүд байх ёстой мэт. Гэтэл Монголын телевизүүдэд сүүлийн хоёр үүрэг бараг орхигдсон гэж хэлж болно.
Нөгөө л нэг од гэсэн тодотголтой хэдэн хүмүүсээ уйлуулж нэг үзээд, инээлгэж нэг үзээд, уралдуулж нэг үзээд, хэрэлдүүлж нэг үзэх юм. Сүүлдээ тэд бүр улиг болчихож. Эсвэл хэдэн дарга сайд нараа суулгаж байгаад талцуулж аваад л хэрэлдүүлж гарна. Хараал ерөөл чулуудалдцан хэр сайн сэтгэл хөдлөлтэй хэрэлдэнэ тэр нь сайн хэлэлцүүлэг, сайн халз тулаан боллоо гэж үнэлдэг нь элбэг. Харин сэтгэл хөдлөм мэтгэлцээнээс үзэгч буюу ард түмэн нь асуудлын гарах гарцыг олж харах нь тун ховор. Тэртэй тэргүй гарах гарцыг хайхаасаа илүүтэйгээр хэн нь сайн өөрийгөө хамгаалж мэгдэж байна гэдгийг л үзүүлэх гээд байх шиг. Жишээлэхэд дөрөв таван жилийн өмнө л яригдаж байсан хотын хоолой хоросгом утааны тухай жил бүр л талцаж ирээд хэрэлдэнэ. Манайхаас өөр газар бол аль хэдийн шийдэх аргаа олчихоод хэрэгжүүлчихсэн байх байтал манайхан телевизээр суугаад цэцэндэхээс цаашгүй. Магадгүй нөгөө дарга цэрэг нар нь, албан тушаалд байх хугацаандаа тархиныхаа хэмжээг мэдүүлэхийг бус зөвхөн нүүрнийхээ халтар арьсыг л олонд харуулах гэсэн далд PR тай холбоотой ч байж болох юм. Хаяа нэг телевизээр тун чухал хүн оролцож байх нь бий. Урамшаад ярилцлагыг нь сонсох гэхээр нөгөө нэг ярилцагч сэтгүүлч нь яриулахгүйгээр асуулт тавиад өөрөө хариулчих нь, эсвэл уялдаа холбоогүй, логик муутай асуулт тавина, аль эсвэл өөрөө тухайн ярилцагч этгээд болон ярьж байгаа сэдвээр огтхон ч мэдлэггүй байгаагийн хар гайгаар өөрийгөө мэдээллээр хангах гээд өөрийхнөө түвшинд хүрэх танилцах төдий асуулт тавьсаар ярилцлагын цаг дуусна.

Сэтгүүлч мэдээлэл шүүрэн авагч, мэдээллийн уурхайг малтагч, өдөөгч байх ёстой байтал манайд бол өөрийгөө мэдээллээр хангагч танин мэдэгч төдийхөн байх юм.

Ер нь аливаа зүйл 100 хувь байх ёсгүй. Гэхдээ ямарваа зүйлийн хөгжил дэвшилийг тухайн салбарыг төлөөлөх 60 биш юмаа гэхэд 55 хувийн стандарт хангасан сайн нөлөөлөөр авч үзэх ёстой хэмээн миний бие боддог. Гэтэл өнөөдрийн сэтгүүл зүйн тогоонд чанагдаж яваа, ард түмэнд мэдээлэл түгээх үүрэгтэй өнөөх сэтгүүлч маань өөрөө огтхон ч боловсроогүй, болоогүй байгаа мэт санагдах боллоо.

Миний бодлоор зааж сургадаг хүн өөрөө тухайн зүйлийн талаар сайтар мэддэг байх ёстой мэт. Юмыг төгс мэдэх боломжгүй гэмээн биеэ өмөөрөхийг оролдож байгаа бол ядахнээ тухайн зүйлийнхээ талаар 70 хувийг хангахуйц мэдлэг мэдээлэлтэй байж, хүмүүст сургаж зааж байх ёстой мэт надад санагдах юм. Эс тэгвээс дутуу дулимаг мэдлэгээр цэнэглэгдсэн хүний амийг харагч би, тархиа угаалгагч болохгүй гэж үү.

Тэгвэл сэтгүүлч хэн байх ёстой вэ?
Энгийнээр сэтгүүлч хүн нийгэмд болж байгаа үйл явдалд анализ дүн шинжилгээ хийх чадвартай, ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэдэг, ард түмнийг ашиг тустай мэдээ мэдээллээр хангадаг тоймлон тодорхойлвол чихээр сонсож нүдээр баталгаажуулсан мэдээллээ тархиндаа шүүн тунгааж, өгүүлэх эрхтэнээр олон нийтэд хүргэдэг төрийн сүлдний өмнө сөгдөн тангараг өргөдөггүй ч, зүрх сэтгэлдээ нийтийн өмнө үнэнч байхаа андгайлсан шудрага бус зүйлсийн төлөө тэмцэгч дайчин байх ёстой мэт. Мэддэгээ мэдээлдэг байх ёстой гэж би боддог. Мэддэгээ шүү. Мэдэхийн тулд судлах хэрэгтэй. Түүнээс биш мэддэггүйгээ мэддэг мэт уран цэцэн үгээр булзааруулан яригч биш.

Энэ салбарт ажилласан цөөхөн хэдэн сарын дотор эргэн тойрноо ажиглаад байхад мэддэгээ мэдээлдэг, мэдэхгүй байлаа гэхэд мэдэхийг тэмүүлдэг байх ёстой. Нэг үгээр бусдаас түрүүлж боловсрогч, гэгээрэгч мэдээллийг шүүрж авагч, адтай нэгэн байх ёстой. Энэ чанар бас л алга ....

Мэргэжил нэгт нөхдөө өөнтөглөж байгаа би өөрөө ямар хүн вэ сэтгүүлч мөн үү. Ямар ч байсан би өөрийн мэддэггүйгээ мэддэг юм шиг ярихыг хүсдэггүй хүн. Нэг үгээр би зөвхөн мэддэгээ л ярина.

1 comment:

Unknown said...

shn niitlel bn amjilt :)