Хүн чанар

Мөнгөтэй, хөрөнгөтэй болохоороо л хүн “хүнээ байчих” ёстой юм уу. Бид бүгдээрээ л адилхан. Алтаар гоёод, торгоор бүрээд тэр хүнээрээ л байна. Ингэж бодох нь буруу юм уу.
Хүн чанараа гээхэд мөнгөтэй, мөнгөгүй байх нь хамаагүй байх л даа.
Хүнд өөрт нь төрөлхийн бусдаас өөрийгөө дээгүүрт тавих “өвчин” байдаг байх. Магадгүй энэ өвчнийг нь мөнгө, хөрөнгө илүү сэдрээдэг бизээ.
Хүн чанараа гээн байж мөнгөтэй болдог гэвэл авсанд ороход аваад орохгүй тэр муу хөрөнгө, мөнгөөр юу хийх билээ. "Надаас" хэтэрсэн философи ...
БИЕ БИЕЭ ХҮНДЭЛДЭГ БАЙХ НЬ ТИЙМ ХЭЦҮҮ ГЭЖ ҮҮ.

Хоцормооргүй байна

Ажил
Сүүлийн үед ихийг сурч, ихийг ойлгож байна.
Ажлыг амжуулж, аливааг хийх тутамд мэдэхгүй юм тохионо. Тэр болгонд би ямар их зүйлээс яагаад ингээд хойш үлдээд хоцорчихсоноо өөрөө ч ойлгохгүй байна.
Сурах, судлах, мэдэх зүйл маш их байна. Үнэндээ би дэмий зүйл бодож, дэмий зүйл эргүүлдэж цагаа үрж байжээ.

Би сэтгүүлч-орчуулагч болох ёстой. Миний ганц охин сайн сэтгүүлч, сайн орчуулагч болноо гэж аав минь дандаа хэлдэг байсан. Хэдэн ном орчуулж гаргаад, жаал жуулхан юм бичдэг байснаараа би өөрийгөө орчуулагч болчихсон, сэтгүүлч болно гэж эндүү бодож байж.
4 жилийн өмнө төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуай "Намайг хойно сурч байхад манай орос багш чи монголынхоо түүх соёл, уламжлалыг сайн мэдэхгүй байж харийн түүх соёл, уламжлалыг судлана гэдэг юу гэсэн үг вэ гэж надаас асуухад би их ичиж билээ" гэж дурсан ярьж байсан нь надад их айхтар тусаж билээ. Өөрийн гэсэн бүхнийг үзэж судлах хэрэгтэй гэдгийг ухаарсан боловч ажлын чөлөө цагийн хажуугаар бас бус зүйлийг оролдох хийгээд халтуурдахын завсар завдал олдохгүй л явлаа.
Өнгөрсөн 12 сард Малайзад олон улсын хуралд оролцон илтгэл тавихад МОНГОЛ гэдэг тэнгэрлэг нэр намайг "өргөж" байх шиг санагдсан ..., саяхан Номинчимэд гуайн Тусгаар Тогтнолын бичлэгийг уншаад "Би дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой МОНГОЛ ХҮН" гэдгээ улам бүр ухаарсан. Дэлхийн хаана ч явсан намайг МОНГОЛ гэдэг л нэр чимнэ гэдгийг ойлгосон.

Гадны хэл сурч байгаа хүн Монголынхоо түүх, соёл, бичиг үсгийн найруулга зүйг гадарлахгүй, мэдэхгүй байж, орчуулагч тэр тусмаа сэтгүүлч гэх нэрийг зүүх байтугай бодох ч эрх байхгүй мэт надад санагдаж байна. Иймээс өөрийнхийгөө, өрөөлийнхтэй хамт цаг алдахгүй шалавхан судлахад надад цаг тун бага үлдэж.
АЗААР БИ ИХ САЙН, САЙХАН БАГШТАЙ БОЛСОН. ХҮНИЙГ ОЙЛГОДОГ, ХҮНИЙГ ЗӨӨЛНӨӨР, ЗӨВӨӨР СУРГАЖ ЧАДДАГ. Зөв, "зөөлөн" багштай болсондоо их баяртай байна. Хэдий мундаг мэдлэгтэй, чадалтай байсан ч ихэрхүү, бие тоосон ойворгон сагсуу хүнээс би хэзээ ч юм сурах ёстой гэж боддоггүй.
Харин хүн надад зөөлөн хандах тусам би өөрөө өөртөө шаардлага тавьж, чармайдаг зантай хүн.
Бас л азаар надад тийм сайн багш таарчээ. Мэдлэгтэй, чадалтай, зөөлөн БАГШ.
Сэтгүүл зүй өөрөө Эрхэм юм. Энэ салбарт би зөв, сайн багшаар хөтлүүлэн, залуулан орох болсондоо туйлын баяртай байгаа.
Ямар ч зүйлийг зөвөөр эхлэж мэдрэнэ гэдэг чухаг хэрэг.
Сайн, сайхан багшид шавь ороход тусласан "Бэлэн сэнгэ" хочит Айдоо, "Сэгсгэр" хочит Зандаа эгч нартаа баярлах нь зүйтэй бизээ.
Хувийн амьдрал
Их ажлын хажуугаар бас хүн сорихтойгоо байгаа юмаа гэж. Саяхнаас нэг залуу хархүү их таалагдах болсон. Нуруу туруу, зүс царай, нүд хөмсөг, ажил төрөл ер нь бол гадаад талаасаа болоод яриа хөөрөө, харилцаа хийгээд боловсрол энэ тэр нь их давгүй.
Санаа тавьж, халамжилах нь зүгээр.
Хоёр биендээ таалагдаж байгаа залуу хүмүүс гэтэл арай биш юмаа ...
Санаатай, санаандаггүй тавьсан "сорилтонд" минь "шифи" өгсөөр байтал бүдэрчихлээ.
Ингээд л таалагдахаа болив. Тавьсан "сорилтонд" унангуут таалагдаж байсан сайхан залуу таалагдахгүй болж байна гэхээр би өөрөө "бүтэхгүй" ээ.
Сайхан залуудаа "Оогийноо өөрөө бүтэхгүй ээ. Миний найз цагаа бараад юу хийхэв" гээд л хэлчихсэн.

Завсарлага
За ингээд бодлоо. Юун тэр онгироо сагсуу сайхан залуу, найзуудын "эмэгтэйлэг" болгох төлөвлөгөө энэ тэр ... Эдгээрийг бүр орхихгүй ч тусгайлан цаг гаргахад арай л болоогүй байна. Цэвэрхэн цэмцгэр байхад найзуудаасаа эмэгтэйлэг "шошгыг" нь гуйгаад биш ч гуядаад авчихна даа, харин тэр залуу "зам дээр байдаг заяаны хань" биш байсан бололтой.
Харин одоо хэт ирээдүйгээ бодоод мэдэхгүйгээ мэдэхийн төлөө сур сур бас дахин сур замаар эргэлт буцалтгүй явахаар шийдэв. Энэ шийдэлд нэгэн учир бий. Мөнгөний илүүг харж гэр бүлийн бизнестэй хоёр сар "барилдлаа". Тэр үед би өөрийгөө үнэнийг хоргүй худлаар буруулж хүн панаалдан панз үсэргэх авьяас чадваргүй нэгэн гэдгээ ухаарсан. Жаахан л зөрүүтэй үг дуугарвал хацар нь чихээ хүртэл улайгаад "баригдана" даа болно.
Олон шалтгаан, учралын буянаар өөрийгөө ямар салбарт зүтгэж, ямар замаар явах хүсэлтэйг, сонирхолтойг, юуг мэдэж юуг судалбал зохилтойг мэдрэв.

Сур, сурахын завсар "зам дээгүүр жороолох залууг" ханиа болгож аваад, найзуудаасаа шошгоо аваад зүүчихнэээ.
Нохойн дуу хаяанд ирээд өдөр шөнөгүй хуцаж унтахад ч болмооргүй санагдана.
Бусдаас хоцрохгүйн тулд илүү ихийг сурах хэрэгтэй байна.

Хөөрхөн төрсөн нь миний буруу юм уу ХЭХЭ


Бусдын нөлөөнд автмааргүй байсан ч заримдаа өөрийн эрхгүй ховсдуулаад, жанжин шугамаасаа далийж давхихад хүрэх юм.

Надад ойр дотны боловч тэс хоёр өөр ертөнцөд багтах найз охидууд бий. Би бүгдтэйн ижил харьцаж хүссэн үед нь ямар их ажилтай байсан ч цаг гарган уулзах дуртай. Эхний ангилалд нь эрдэм номыг өөрсдийн амьдралын жанжин шугам болгон, хийж буй ажилдаа эзэн болох гэж мэрийдэг чадвартай, чансаатай, мэдлэгтэй бүсгүйчүүд багтдаг. Нөгөө ангилалд нь гангар шаазан шиг хээнцэр дэгжин, зүс царай биеэрээ эмэгтэй хүний увьдас, эрчүүдийг өмнөө сөхрүүлэхийн гайхамшигийг нотлохыг чармайдаг бүсгүйчүүд. Хоёулаа надад таалагддаг, хоёулаа миний сайн найзууд. Хэрэгтэй үед минь цааргалахгүйгээр туслаж дэмжин, зөвлөгөө өгдөг сайн нөхдүүд.

Харин би гангар шаазан шиг дэгжин найз охидуудаасаа алслан зугтаад “завгүй, завдалгүй” гэх шалтгаанаар уулзахгүй бараг хагас жил болчихсон байлаа. Өчигдөр нээрээ яг “гэмт этгээд баригдана даа” гэдэг шиг зам дагаад л нээх завтай нөхөр том хар цүнхээ дүүрч ядан сулдаа ганхаж яваад “олзлогддог” байна ш дээ.

Ингээд л найз охидууддаа баригдаал бол би чухам ярианы сэдэв болж, ариун цэврийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, мисс алхалт, ирмэлт, анивчилт зэрэг төгс сайхан эмэгтэй байхын албадан үзлэгт орно. Мэдээж тэдний шалгуурт угаасаа нийцдэг биш “0” гэсэн үнэлгээ авч хурлаар “банга” авахуулдаг нөхөр л дөө. Хүн муу байсан ч муу гэдгээ сонсох дургуй гэдэг шиг би эмэгтэй юм байж бас яаж эмэгтэй биш гэж дуудуулах дуртай байхав дээ. Энэ шалтгаанаар найз охидуудтайгаа уулзахаас дөлөөд байдаг болчихгүй юу.

За энэ удаад ч ёстой эхэллээ дээ. Олон жил компьютерийн ард сууж, ном шагайсны гавьяа хараа муудаад ... өвөл нэг нүдний шил хийлгэсэн байгаам л даа. Тэр нүдний шилийг минь “Пужкарева л гэнэ, эмээ үлгэр уншихдаа ийм шил зүүдэг байх л гэнэ”, “60-оны шилний хүрээ хийлгэчихсэн байна л гэнэ”, “миний найз хамгийн сүүлд хэзээ үсчинд орсон вэ. Арван жилээс хойш л ардаа үсээ боолоо. Хүмүүс өөрчлөгдөөд байхад чи яг л хэвэндээ л байхын. Ядаж наад үсээ эвтэйхэн шиг самначихдаг байхад яадаг юм вэ л гэнэ” /энэ ч яахав байнга л хэлж байдаг юм/ шүүмжлэл бол аадар бороо шиг амьсгаа авахын зав өгөлгүй асгарч гарлаа.

“Оогий минь гэрээсээ хөөгдсөн хүн шиг нээх том хар авдар чирчихээд. Хөнгөхөн, тансаг, цэвэрхэн гоё цүнх барьж бай гээд байхад. Нээх жижигхэн биен дээрээ яаахаар ингэж том цүнх барьж явдаг байнаа. Бусад эмэгтэйчүүд том цүнх чирэлгүйгээр ажил хийж болоо л байдаг юм байна лээ ш дээ. Чи л нэг ганцаараа бичиг цаастай ноцолддог хүн шиг байх юмаа” гээд л ....

Өмнө нь би хумс хуруугаа янзласангүй, нүүрээ угаасангүй, паарга паарга гэчихээд эрэгтэй хүн шиг энд тэнд гишгэж явлаа, айлгүйтэн ирмэж сур, эмэгтэйлэг ганган хувцасла гээд л шүүмжлүүлдэг байсан бол өчигдөр нэмэгдээд том хар цүнх, Пужкарева стилийн нүдний шил байлаа ....

Хэлээд хүний үг авдаггүй надад арга хэмжээ авч ойрын хугацаанд “мисс” болгох мэргэжлийн баг ажиллах гэнээ хэхэ. Ингээд хүний үг авдаггүй Оогийноог усанд булхуулж, үсийг нь хайчилж, нүүрийг нь будаж, хувцасыг нь сонгон өмсгөх төлөвлөгөө бичлээ. Багийн ажлын үр дүн, төлөвлөгөөний биелэлт надаар илрэх тул хэрэв би татгалзвал анд нөхөрлөлийн ариун тангаргыг таслана шүү гэж хүртэл заналхийлэв. Найз охидууд маань “Бурханы бүтээлд ч завсар хэрэгтэй байдгийм Оогий минь. Эмэгтэй хүн гэдэг чинь ном шагайж суухаас илүүтэй эрчүүдийг өмнөө сөхрүүлж сайхан бүхнээрээ олзолж ховсдож амьдрах хэрэгтэй” гэж уулзах болгондоо сургана. Өнөөх нь аймаар дуулгавартай л даа ганц авах юм нь. “Засвар” хийх завдал өгөлгүй шууд л “эмэгтэйжих” гэдэг сайн сурагч байгаам хэхэ.

Уг ч сайхан эмэгтэй болохоос татгалзаад байх юу байхав. Даанч нөгөө Оогий нь “сахил санваар” дагаж мэддэггүй хачин хөлдүү нөхөр. Найзуудтайгаа уулзсаны маргааш нь исгэрээд л нүүрээ цэвэрлээд, будаж шунхдаад, гангалаж хээнцэрхээд, хавь ойрын болгон руу айлгүйтэж ирмээд гарч өгнө. Тэгээд маргаашнаас нь мартаж эхлэнэ. Мартахаас уртаад мангар залхуу. Хумсаа янзлах, нүүрээ угаах, үсээ самнахдаа хүртэл залхуурч байгаа юм чинь. Дэлгүүр хэсэж хувцас сонгохын тухайд бүр санаад ч хэрэггүй. Дэлгүүр хэсэх нь хамгийн дургуй ажил. Лангуу бүрийн өмнө ангайж, гялтайж зогсох бүр ч дургуй. Нүцгэн гүйхгүйн тулд улиралд ганц удаа дэлгүүр орохоороо захын лангуунаас харсан хувцасаа аваад гараад өгнө. Найз охидуудын маань хэлдэгээр “өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн нэг хувцасыг 2-ээс дээш жил өмсөх ёсгүй гэсэн”. Өөө мэдэхгүй ... Би лав хайртай хувцасаа өмсөөд л, өмсөөд л байна.

Шаал худлаа. Дэлгүүр хэсэхээс залхуурах, хувцас авах мөнгөө нарийлж байгаагаа “би энэ хувцсандаа хайртай” гэдгээр далдалж байгаа хэрэг л дээ.

Эмэгтэй хүнтэй “төстэй” байгаач Оогий минь гэж захирал нь хүртэл сануулж байсан удаатай. Засал аваагүй л явна. Одоо хүртэл.

Одоо яаана даа яана. Хүмүүс намайг “эмэгтэйжүүлэх” төсөл, төлөвлөгөө бичээд байдаг. Надад тэр нь нэг л ядаргаатай санагдаад байх юм. Найзуудынхаа сэтгэлийг ойлгоод байгаа боловч яршиг би тэдэн шиг “мисс” болж “мистер”-тэй суутлаа наян жил гэж бодох юм.

Гоо бүсгүй болоход аймаар их мөнгө, аймаар их цаг хэрэгтэй. Гутал, туфль заавал цүнхтэйгээ зохицох ёстой мэдэхгүй ээ мэдэхгүй ёстой ойлгохоос ч толгой өвдөж, тооны машины гарцмаар. Ванны усанд хөөс, цэцэг, давс, өөр юу ч билээ .... тэгсэнээ долоо хоногт нэг удаа гоо сайханд орж иллэг хийлгэж хумсаа янзлуулах, бүтэн хагас сайнд миний “домбороо” стилийг өөрчлөхөөр дэлгүүр орж хувцас сонгож өгнө гэсэн .... Пөөөх
Яаая даа байз. Би “эмэгтэй хүн” болмооргүй байна гээд хэлчихдэгийн бил үү.
Найзуудын минь намайг “эмэгтэй хүн” болгох гээд байгаа шалтгаан нь?. Бусдад таалагдах гэж үү, өөртөө таалагдах гэж үү. Өөртөө таалагдахын тухайд би өөртөө лав сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл ганган хээнцэр, гангар шаазанд дуртай хүмүүст таалагдах гэж үү.

Үгүй ээ. Намайг байгаагаар минь хүлээн авч хайрласан, хайрладаг хүмүүс бий. Тэдэндээ сайхан байхад л болоо ... Ер нь ийм дүгнэлтэнд хүрлээ. Төсөл, төлөвлөгөө ч будооо ... Яахавэээ миний найзуудын төлөвлөгөө угаасаа үе үе ингэж нуралтанд ордог юм. Даанч тэд маань гандан буурахгүй төсөл боловсруулаад л явдагийм доо.

" Ирээдүйн ган үзэгтэн"



ЗОХИОН БИЧЛЭГ, УРАН ЗУРГИЙН УРАЛДААН

1. Үндэслэл: Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж хүүхдүүдийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч санаачлага өрнүүлэх, бодол саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгох үүднээс энэхүү уралдааныг зохиож байна.
Уралдаан гадаад, дотоодод амьдарч буй бүх монгол хүүхдэд нээлттэй ба бидний ирээдүй хойч үеийнхэн юу бодож сэтгэж, юунд санаа зовж, юуг хүсч мөрөөдөж, ямар төвшинд чөлөөтэй сэтгэж чадаж буйг харуулах, тэднийг нээх, сурталчлах, дэмжих нь энэхүү уралдааны гол үндэслэл болно.

2. Зорилго: Амьдарч буй нийгмээ хүүхдийн нүдээр харах, хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонссоноор өнөөгийн амьдралд үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч тодорхойлох, улс орны хөгжил, сайн сайхан ирээдүйг цогцлооход өсвөр үе, хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг урамшуулахад оршино.

3. Ангилал:
Ангаахай нас: 6-аас доош нас- Энд гар зурагын уралдаан
Дэгдээхэй нас: 7-9 нас
Тэмүүлэлт нас: 10-12 нас
Бахархалт нас: 13-15 нас

4. Сэдэв:
Хүүхэд дараах сэдвүүдээс өөрийн хүссэн сэдвээр сонгон бичнэ.
-Миний хүсэл, мөрөөдөл
-Намайг уучлаарай
-Надад хэлэх үг байна
-Хэрвээ би Ерөнхийлөгч бол...

5. Үгийн тоо: Доошоо хязгааргүй,дээшээ 350-аас хэтрэхгүй байх

6. Шагнал: Ангилал тус бүр нэг,хоёрдугаар байртай

7. Шүүгчид:


Амарсайхан
Алтаргана
Адъяасүрэн
Хөхтолбот
Бүбээ
Гамп
Галаус
Анжигай
Оогийноо
Анжелик-юнивэрс
Блогтой хүн
Мөөг
Болжмор

8. Бүртгүүлэхдээ:


-Төрсөний гэрчилгээ

-Товч танилцуулга /аль улсаас оролцож байгаагаа заавал бичнэ үү/

-Нэг хувь зураг /хүүхдийнхээ фото зурагыг/

-Зохион бичлэг,бүтээлийн хамт ирүүлнэ үү

9. Хугацаа:

Эхлэх: Монголын цагаар 2008-05-04 өдрөөс бүх бүтээлийг авч эхэлнэ.
Дуусах: Монголын цагаар 2008-05-20 өдөр сүүлчийн бүтээлийг хүлээн авна
Дүнг: Монголын цагаар 2008-05-29 өдөр эцсийн нэгдсэн дүнг гаргана
Бүх бүтээлийг дараах хаягаар хүлээн авна: huuhdiinertunts@yahoo.com

Жич: Тодруулах зүйл байвал дээрхи имэйл хаягаар болон сэтгэгдэл дээр бичиж үлдээнэ үү.

Бяцхан үрсийн минь үзэг нь хурц, харандаа нь уран байх болтугай...
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ http://boljmor.blog.banjig.net/post.php?post_id=50108 АВНА УУ.
БАЯРЛАЛАА

Аз жаргал

Өнгөрсөн жилийн үнэхээр аз жаргалтай байж билээ. Гэр бүлийхэнтэйгээ сар гаруй Архангай, Өвөрхангайн үзэсгэлэнт байгалиар аялаж Хөвсгөл нуурын эрэг дээр хоёр майхнаа зоон хэдэн өдөр болсон минь санаанаас ердөө гардаггүй юм. Бодох тусам Хөвсгөл нуурын гүн цэнхэр мандал, асгаран буух борооны дуслаар буржигнах нуурын мандал, амгалан хөвөх усны шувууд, зөөлөн хөрс гээд л ....


Сэтгэл зүрх тэр чигтээ амар амгалан. Хамгийн ойр дотны хүмүүс маань бүгдээрээ хамт байсан болохоор хотын амьдралд яарч зүтгэх нь үгүй.


Өглөө эртээ сэрчихээд майхныхаа завсараар нуурын мандал хараалан хэвтэх тун сайхан.


Тааваараа хүссэн газраа буудаллан, тогоогоо тавиад хоолоо хийгээд идчихнэ.
Хийн зуух гэх авч би түүнийг төдийлөн таашаадаггүй. Түүний оронд дүү нартайгаа мод, аргал түүгээд нүдээ хорстол үлээж гал асаан тулгын гурван чулуун задгай гал дээр хоол цайгаа бургилан буцалгаад идэх сайхан.

Хээрийн гэр. Хоёр майхан. Гал тавиагүй шүү. Шумуул хөөж байгаам хэхэ. Ер нь тэгээд багачуултайгаа аялалаар явахад наад зах нь чихрийн ганц цаас байсан ч машиныхаа хогийн уутанд хийж, түүдэг тавьсан ч ойр орчимоо сайтар харж гал алдахгүй байхыг бодох хэрэгтэй гэдгийг анхааруулж байх нь зүйтэй. Аялалаар яваад байхаар дүү нар маань ч гэсэн байгальтайгаа зөв харьцаад сурчихдаг юм. Ганц шүдэнзний модыг ч тоомсоргүй хаяхгүй байх гэдгийг ойлгож байна гэдэг чухал.



Хээрийн хүмүүст хээ байх биш дээ. Аян зам нийлсэн хүмүүстэйгээ нэг үдшийг өнгөрөөж, яриа үүсгэн галын наадам хийж шоудаад л. Их сургуулиа төгсөөд ажилд орохоосоо өмнө Азийн орнуудаар аялаж байгаа гэх эдгээр Франц залуучуудтай хоёр өдөр нэг газар буудаллан түүдэг гал тойрон суугаад дуу дуулж, бүжиг хийн, ярилцаж өнгөрөөсөн.
Хоёр хоногийн дотор багагүй найзууд болж чадсан шүү.


Ингэхэд Монголчууд маань шүд, нүүр гараа угаахдаа голын усанд шууд угаачихдаг. Бас л буруу мэт. Хөвсгөлийн эрэг дээр байхад эдгээр залуучууд жижиг шилэнд ус хийж аваад нуурын эргээс холоо очоод угаагаад байсан. Их зөв санагдаж байсан шүү. Ганцаас, жижигээс бүх зүйл эхлэнэ.


Хамгийн их таалагдсан газар Төвхөн хийд: Уулын тагтан дээр барьсан хийд. Ирээдүйд нээх сайхан амьдрал "зохиохдоо" хэхэ хүүхдүүдээ дагуулаад Монголынхоо үзэсгэлэнт газраар зун бүр аялал хийнэ. Дараа нь өөрсдөө чадлаараа олон улсуудаар явж үзнэ биз. Эхлээд эх орныхоо сайхныг мэдэрсэний дараа явбал гадны хүний өмнө хэлэх үгтэй, жиших юмтай бахархах зүйлтэй байх байх л даа гэж бодоод байгаам.

Энэ жил ч мөн хамаг юмаа ачиж аваад гараад өгнө дөө. Би тогоо шанага, түмпэн саваа хачигнуулаад, хөнжил гудсаа бөөгнүүлээд л ... Зураг буулгагчаа ташаандаа, жижиг дэвтэрээ өвөртөө, үзэг харандаагаа чихнийхээ ард хийгээд л гарах ч үнэхээр сайхан шүү

Эргээд бодоход бие биенээ ойлгох, хамгийн үнэтэй нандин эрхэм зүйлс болох гэр бүлээ хайрлах сэтгэл аялалын өдрүүдэд улам батжидаг мэт. Эцсийн эцэст миний хийж, бодож байгаа бүхэн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л байдгаас хойш. Сайхан бүхнийг дэргэдээсээ, ойрхоноосоо мэдэрч амьдрах нь утга учиртай.

Намайг хүлээж байгаа тэр харийн дүр зургийг хүлээн зөвшөөрч нэг л чадахгүй юм. Би гэрээсээ явбал аймаар уйланхай, улам уярамтгай, гэгэлзүүр болчих байх даа.