Яагаад гэдгийг чи хэлээч



Яагаад гэдгийг чи хэлээч
Шинэхэн юм шиг сэтгэл ингэж догдолдогийг
Яагаад гэдгийг надад хэлээч
Хөнгөн баяслаар сэтгэлээ сэргээж
Зөөлөн мөрөөдөж, далдуурхан гунигладагийг
Сэтгэлийн гүндээ нууцхан үгүйлэн хайрлах
Мөрөөдөмтгий бяцхан оч
Хөгжилтэйгээр бадамлан асдагийг
Тоомжиргүй эрхэмсэг, эрэмгий харцанд
Бэргэн хөөрч ичингүйрдэгийг
Яагаад гэдгийг надад хэлээч

Мөнгө олохгүй ч (гэртээ би хамгийн бага орлоготой болохоор намайг гэрийхэн маань мөнгө олдоггүй хэрнээ хамгийн их ажилтай хүн гээд байгаам, хийж буй үйлдэл бүрээ мөнгөөр үнэлүүлдэг хүмүүст хийж байгаа бүхэн минь ихэд ойлгомжгүй гэдэгтэй санал нэгдэнэ л дээ ХЭХЭ) ажил ихтэй, нойр багатай ч өглөө бүр хөшигний чөлөөнөөр зуравсхан шагайвчилах нараар үнсүүлж, дулаахан анхилуун хөнжилдөө тэврүүлэн сэрэх юутай сайхан, юутай жаргалтай.

Нүүрээ хүйтэн усаар нэг шүршээд, урьд өдөр нь бэлдсэн хувцасаа хальт мулт шургуулж аваад чихэндээ хөгжим дуугарган баруун мөрөндөө ноутбүүкээ үүрээд, зүүн гартаа цүнхээ бариад дүүгийн машинд амжиж сууна хотын төвийг бараадна.

Хотын төвд амьдрал ориголон, бориглоно. Энэ долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригууд дүрэм журамд барьцаалагдан, албаны хувцсанд цус багтран боогдсон өдрүүд байлаа. Төр түшилцэж байгаа багагүй өндөр албан тушаалтантай уулзахаар цаг тохирсон тул тухайн хүнээ хүндэтгэж албаны цэвэр хувцаслах ёстой байлаа. Өндөрдүү өсгийт, хар юбка, захтай цамц эсвэл пиджак .........

Өчигдөр бол тэс ондоо. Өмд, намхан гутал. Жинхэнэ эрх чөлөө. Өдөржингөө оффислон хөмсгөө атруулан тачигнуулж байгаад оройхон шиг цүнхээ үүрээд удахгүй их хувь заяаг шийдэх хуваарьт ажлаа бодон нэгэн байгууллагыг зорьлоо.
Өөртөө амар чөлөөтэй хувцасласан тул зорьсон газраа хүртэл алхахаар шийдэв. Гадаа орчлонгийн тоосыг хотын сул хогтой туусан ууртай салхитай байсан ч мөрөөдөлдөө хөвөн хөгжим сонсон алхах сайхан байлаа.

Тэр нэгэн явдалаас хойш хэн нэгэнд яг түүнд татагдаж байсан шиг тэмүүлэхгүй байх гэж бодож байсан минь үгүй юм болов уу. Яг шинэхэн юм шиг хэн нэгэнд сэтгэл минь цагаахнаар, хариу хүсэлгүйгээр татагдаад байх шиг. Зүрхэний далд нууцхан бадамлах бяцхан оч хөлийг минь улам хөнгөрүүлж үүлнээс үүл дамжин нисэн буун яваад л ....
Биений ил далд нүх сүв бүхэнд хумхын тоос нэвчин бөглөх авч хүзүүний нимгэн алчуурт шингээсэн тансаг үнэр, өөрийн минь үнэртэй холилдон сэнгэнэх нь нэг л таатай мэдрэмж. Өөртөө дурлаад ч байх шиг ...
Хаврын хахирган шороотой хуурай салхи, хотын бачим ууртай машины дуут дохио, ар араасаа давран давхацах их ажил, хүмүүсийн уур бухимдал юу ч миний хөнгөн аз жаргал, нууцхан бадамлах дурлалын очыг унтрааж чадахгүй бололтой.
Ажил ихтэй байхад ....... хэхэ
Даанч тэр мэдэхгүй, анзаарахгүй ч үгүй, би ч мэдэгдэхийг үл хүснэ.

Төсөөлөл төдий мөрөөдөл бодитоор эхлэхийн цагт ...

/Зургийг найз Жефийн фото хуудаснаас оруулав/
Сэтгэл үнэртсэн Бямба гарагууд

Би Бадамлянхуад бусдын сайхан сэтгэл үнэртсэн олон Бямба гарагуудыг өнгөрөөлөө. Нэг зүгт тэмүүлэх хүсэл зорилго нь, цаг хугацаа орон зайг хумин Уянга, Юки, Обод биднийг ойртуулан нөхөрлүүлж байгаа билээ. Энэ бол Монгол хүүхдийн төлөө гэсэн сэтгэл.

Уянга маань Японд сурахын хажуугаар Монголхүүхэд сайтынхаа админыг хийж, Обод маань хувийн амьдралаа умартан хөдөө орон нутгаар явж хүүхдийн асуудлаар олон төрлийн судалгаа хийж, Юки маань хувийн хувьсгалын их ажлын хажуугаар Монгол хүүхдийн үндсэн зохион байгууллалтын ажлыг хийж байна.

Хаврын хувирамтгай тэнгэр маяг нь олдохгүй аяглаж Яармагийн сул шороог нүүр нүдгүй балбасан энэ Бямба гарагт Юки, Обод хоёртой Бадамлянхуаг зорьлоо.

Намайг бодоход Юки, Обод, Уянга гурав маань өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээсэн, үстэй толгойноос их ажилтай улсууд.
Бямба гарагт л гэхэд надад Бадамлянхуа орохоос өөр онцын ажил үгүй байсан юм. Харин Юки маань охин, гэр бүлтэйгээ өнгөрөөх амралтынхаа өдрөөс хумслан хувийн ажлаа хойш тавьж, Обод Цэцээ Гүн рүү салхинд гарахаар төлөвлөсөн хамт олны ажлаас хойш ухран Яармагийг зорьсон юм.

Юки, Яармагийн хүнсний дэлгүүрээс хүүхэд бүрийн тоогоор ундаа, зөөлөн жигнэмэг авч, хүүхдүүдэд кино үзүүлэн сонирхуулахаар авсан нойтбүүкээ Ободод үүрүүлэн харин Обод хүүхдийн зурагнуудаа цүнхлэн явлаа.

Яг одоохондоо дүүгийн бяцхан зулзагад хичнээн хайртайгаа илэрхийлэн бичих үг олдоггүйтэй адилхан бусдын төлөө гаргаж байгаа найзуудынхаа сэтгэлийг тайлбарлан хүргэхэд миний бичиг эрдэмийн боловсрол багадан мохож байна.

Ямартай ч цаг минут нь өрсөлдөөн мөнгөөр хэмжигдэж өөрөө өөрийнхөө төлөө хүч гарган хөдөлмөрлөхийг шаардах энэ нийгэмд жаахан л зав гарвал гэр бүлдээ, жаахан л зав гарвал өөрөө өөртөө зориулахыг хэн бүхэн хүсэх нь дамжиггүй.
Гэтэл хамгаас үнэтэй цаг заваа бусдын төлөө зориулж байгаа эдгээр залуусын маань санал санаачлага сэтгэлийн угаас эх аван ундарч байгаа биш гэж үү. Энэ сэтгэл биш гэж үү.

Бусдыг бодвол нээх завтайдаа, бусдыг бодвол ажил амьдралаа гэдэггүйдээ, бусдыг бодвол хийх ажилгүйдээ тэд амралтынхаа өдрийг өөрийн биш хүний хүүхэдтэй өнгөрөөхөд зориулж байгаа юм гэж үү.
Хамгийн гол нь тэдэнд маань сэтгэл байдгийм. Энэ нийгмийн, энэ Монголын иргэн болсоныхоо үүрэг хариуцлагыг тэд хэнээс ч сайн мэдэрдэг мэт.

Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх Сүхбаатарын талбайд сүр бадруулан жагсаж, цагаан хоолойгоор уран цэцнээр бусдыг ятгах тэмцэгчийн халуун цусанд биш,
Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх парламентын зөөлөн суудалд хууль батлан суух хэрүүлч доруулч эрхэм гишүүний хурууны өндөгөөр дарагдах цахилгаан товчлуурт биш,
Монголын төлөө гэсэн сэтгэл, Монголын төлөө гэсэн зүрх өөрийнхөө эрх ашгийг өрөөл бусдынхаар арилжах эрхэм бизнесийн гарын үсэг болон дурайх үзэгний цэнхэр бэхэнд биш,

Харин тансаг машин унан хурдлах ялаа халтирам тослог халимагтай залуу тамхины үнсээ машины цонхоор гарган тоншихгүй байх,
Цөлжисөн хотын гудамжны байнга эргэлдэх хумхын тоосыг өдөржин шөнөжин шүүрдэн цэвэрлэх гудамжны цэвэрлэгчийн хөдөлмөрийг үнэлэх,
Хавар хаварт өөд өндийн бяцхан зулзган нялх ногоог гутлын улаар туучин гишгэхгүй байх
Жирийн нэгэн иргэний ухамсарт лугшидаг юм.

Зарим хүмүүс намайг дэндүү бичлээр сэтгэх юм гэдэг. Яахав дээ би энэ мэтээр бичлээр сэтгэхээс өөр юухан чадах билээ.

Толгойн өвчин царайд нь илт цонхийсоор байхад юу ч болоогүй юм шиг өөрийгөө хүчлэн бусдын тавь тух, хамт яваа нөхдийнхөө урмыг нь унтраачихгүйн тулд өөрийгөө албадан сайхан инээмсэглэх нь сэтгэл биш гэж үү. (Юкигийн толгойн өвдөнө бие нь тавьгүй байгаа нь үнэхээр мэдрэгдэж байсан.)

Бусдын төлөө явж байх зуур хувийн эрх ашиг, тав тухь, амар амгалан, аз жаргал хөндөгдөөд эхлэхээр ямар ч хүн уурлаж бухимдан, ингэж байх нь алба билүү гэмээн бодох нь бий.
Гэтэл тэр болгоныг үл тоон бусдын төлөө явж байгаа тэрхүү зүйлийг сэтгэл гэхгүй өөр юу гэхийн вэ.

Зарим хүмүүсийнхээр өөрийнхөө асуудлыг зохицуулж чадахгүй байж бусдыг өөд нь татах нь байж боломгүй хэрэг гэдэг. Гэтэл хүн болгонд асуудал байдаг ч өөрийнхөө асуудлыг ч зохицуулж чадахгүй, өрөөл бусдад ч цаг зарцуулж чадахгүй явах нь сайн хэрэг үү.

Төсөөлөл төдий мөрөөдөл бодитоор эхлэхийн цагт


“Та төсөөлөөд үз дээ”
гэдэг бичлэг маань тухайн үед төсөөлөл төдий мөрөөдөл байлаа. Харин өнөөдөр төсөөлөл төдийхөн мөрөөдөл маань бодитоор хэрэгжих суурь нь тавигдсан байгаад сэтгэл үнэхээр хангалуун байдаг юм шүү.

Хүслээр жигүүрлэсэн Обод, Юки хоёр маань Монголхүүхдийн хамгийн идэвхитэй, чадвартай, сэтгэлтэй, сайхан залуус.

Ганцаараа хэнбугай ч хэн ч биш. Онлайнаар дамжуулан олон олон залуучууд нэгдэн нягтрах эхлэл аажим аажмаар тавигдсаар байгаад туйлын сэтгэл хангалуун явна.
Төсөөлөл төдий мөрөөдөл өнөөдөр монголхүүхэд сайтаар биежиж, гадаад дотоодын олон залуучуудыг эгнээндээ нэгтгэж байгаа.

Монгол хүүхдийн төлөө гэсэн ажлыг бодит болгочих гээд бид дор бүрнээ л нэгийг бодож толгойгоо гашилгаж байгаа.

Бид Монголдоо, Монголынхоо хүүхдүүдийн төлөө чадах чинээгээр л алив сайхан зүйлийг хийхийг хүссэн эзэмшсэн мэргэжлээрээ өөр өөр салбарт хүч үзэн яваа энгийн нэгэн л залуус.

Монголхүүхэд сайтаа ганцхан Бадамлянхуа асрах газарт өнгөрөөсөн өдрүүдийн тухай бичлэгээр биш бодитоор хийж бүтээж байгаа ажлынхаа талаар баяжуулахаар зорьж байгаа.

Юу хийх хэрэгтэй вэ?

Хамгийн түрүүнд бид нэгдсэн зохион байгуулалтанд орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Биднийг зохион байгуулалтанд оруулж, нэгэн дээвэр дор нэгтгэх хэлбэр нь ТББ гэж үзсэн.
Харин Уянгаас ТББ-ын нэр хүнд унасан, хүүхдийн зовлонгоор, хүүхдийн нэрээр бизнес хийдэг нь дийлэнхи тийм ч учраас бидний үйл хэргийг бусад буруугаар ойлгуулна. Иймээс дэмий гэсэн саналтай байсан бол миний бие хийж байгаа үйл хэрэг биднийг бизнесийн чиглэлгүй гэдгийг нотлоно гэдэг байр суурьтай байлаа.

Гэсэн хэдий ч яг бодит байдал дээр ТББ- ийн нэр хүнд үнэхээр олны дунд унасан яг барин тавин ажлаа эхлээгүй энэ нөхцөлд биднийг анхан харьцаж байгаа хүмүүст буруу ойлгуулах нь их юм байна гэдгийг багагүй хүмүүстэй уулзсаны дараа мэдэрсэн.

Иймээс бид зохион байгуулалтын өөр хэлбэр сонгохоор шийдлээ.
Үүний тулд Уянга, Обод, Юки гэх мэт монголхүүхдийн гишүүд үйл ажиллагаа, зорилго чиглэлийн төлөвлөгөөг нарийн боловсруулж гаргахаар дор бүрнээ ажиллаж байна.
Хамгийн гол нь бидний хийх ажил нь бусдад загас өгөх биш загас барих аргыг заах, улмаар хийж бүтээж байгаа ажлаараа аливааг хийхэд заавал мөнгөтэй баян байх, эрх мэдэлтэй байх албагүй хийгээд бүхнийг бусдын гар харалгүй өөрсдийн нөөц бололцоогоор хийх гэсэн үндсэн санаанд дээр зангилагдаж байгаа билээ.

Гишүүдийн төлөвлөгөөг нэгтгэж монголхүүхэд цахим хуудсан дээр тавих бөгөөд үүнийг уншиж байгаа та ч мөн өөрийн саналыг нээлттэй бидэнд илгээж болно.

Гажуудал


Хүүхдийн төлөө ийм юм хийх юмсан, ингэх юмсан гээд яриад эхлэхээр ихэнхи хүмүүс улс төр хийх гэж байна уу, та нарын ард ямар нам байгаа вэ гэх мэт хардах сэрдэх, зарим нэг бизнес сэтгэлгээтэй хүмүүс нь ингээд тэгвэл тэдийг халааслана гэх зэргээр л залж гарах юм.

Мэдээж хүн хоолоо олж идэн, гэдсээ бордох, олонд танигдаж нэр алдартай болох хүсэл нь нүүрэн дээр ил биш ч далдын далд хадгалагдан байдаг л байх.
Гэхдээ бизнес хийж болдоггүй, улс төржүүлж болдоггүй, нэр төрийн шагналыг хүртэх гэж гар хөлийн хөдөлгөөн бүрээ тооцож үл болох ариун зүйл гэж бас байдаг шүү дээ.
Энэ бол хүүхэд, хүүхдийн төлөө гэсэн үйл хэрэг.

Ёстой яаахаа мэдэхээ байчихийн

Би нэг хүнийг харахаараа ёстой яаахаа мэдэхээ байчихийн. Харангуут л өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж байгаа мэт газар дээрээ нам тээглэж, хамаг байдаг бие салганаж чичрээд, хоолой ам өөрийн эрхгүй нялхарч уясаад, үнсэхэд ч хүртэл багадмаар санагдаад бүр байтлай хазаад авбал л хамаг хүсэл биелэх гээд … ядаж байхад хазаж болохгүй болохоор бүр хэцүүү мооо.
Хараад л хайр хүрнэ, хайр хүрсэний дараа шууд “террорист” сэтгэлгээ сэдэрч шүд ам хавираад, шүлс савираад байхынмаа. Яаахаараа ийм хайр байдаг байнаа.
Өмнө нь би хэнд ч ингэж хартайгаар, бүр “террорист” хандлагаар хайртай, дуртай болж байгаагүйм байна.
Харвал л хамаг ядаргаа арилчих шиг санагдаад үнсээд л үнсээд л үнэрлээд л үнэрлээд л байхыг хүснэ. Орой болгон тэврээд хамт унтах гэхээр даанч намайг “мөөмгүй” гээд тоохгүй юм.

Хайртай дүүгийн маань хүүхэд гараад одоо яг 8н сар болж байна. Миний ганц шүтээн, “Бурхан”, … Зулзагаа харахаар л аль байдаг сайн сайхан, ховрын үг дуусаад байхын.

Одоо ёстой муухай дээрээ байгаа. Нээх том нүдээрээ над руу цоо ширтэнэ. Харсан болгоноо авч ам руугаа хийн орчлон ертөнцийг амаараа танин мэдэж байгаа гэгээхэн зулзага манайд байгаа.
Дүү маань эхнэрээ жирэмсэн байхад “Охин гараасай. Тэгвэл ганц эгч минь маш их баярлана” гэж байнга хэлдэг байсан гэдгийг сүүлд бэрээсээ сонсоод дүүгээ хараад улам хайр хүрээд байж билээ. Харин ч миний хөөрхөн дүү азтай, ууган хүүхэд нь голомт залгах нуган үр төрсөнд нь би маш их баяртай байгаа. Эрэгтэй, эмэгтэй ялгаа юу байхав дээ. Тэр сайхан “бурхад” чинь.

Баяр баясгалан, инээд хөөр бэлэглэгч. Зулзагын маань тонтгор аав нь наддаа л жаахан дүү минь хэвээрээ. Наддаа жаахан зулзага маань өөрөө бас зулзагатай. Хөөрхөн байгаа биз. Зулзага нь янз бүрийн ид шид үзүүлбэл “Оогий эгчээ хардаа. Сууж байна, инээж байна, баачихлаа, шээчихлээ” гээд юм болгоныг нь бид онц сонирхолтой кино, ший үзэж байгаа юм шиг харж баярлана хөөрч, өхөөрдөнө.
Нэг л мэдэхэд хоёр шүд, нөгөө мэдэхэд дөрвөн шүд. Одоо бүр зургаан шүдтэй гээд боддоо.
Миний муу алаг зулзага хөдөлгөөн гэж айхтар. Аав нь нэг хөлд оруулагч авч өгсөн чинь одоо тэрүүгээрээ хоёр өрөө, галын өрөөний хооронд Шумахир шиг л жолоодон давхина гээч.

Хөгширөөд тэгээд ч байгаа юм уу. Өмнө нь ингэж их хүн хайрлаж байснаа санахгүй л юм. Би гэртээ хамгийн чанга дуутай, орилоо хүн. Зулзагаа хараад л хэлэх байх үгээ олж ядан орилж гарна. Зулзага маань намайг хараад үгийг маань ойлгоод байгаам шиг байгаан. Гараа дэвээд л, толгойгоо сэгсрээд л, нүд нь гэрэлтээд л янз бүрийн авиа гаргаад миний урдаас орилж гарна. Сүүлдээ ховрын сайхан үгс дуусаад урдаас нь би бас зулзагынхаа авиагаар ярьж гарна. Орилж орилж байснаа хөгшин, залуу хоёрын хоолой хатаад нэг нь аяга ёроолдон, нөгөөх нь ээжийнхээ мөөмийг үмхээд авна.

Сая манай бэр “таныг байхгүй болохоор Идэрээ таг гайхширалын байдалтай болчихийн.” гэж байгаам. Чанга яригч нь байхгүй болчихоор зулзага маань хэсэгтээ л “шоконд” орчихдог юм шиг байгаан.
Би муухай зулзагадаа гурван настай болохоор нь цав цагаан төгөлдөр хуур авч өгнө гээд амалчихсан. Хүнд авч өгөхөөр амласан ганц том бэлэг маань тэр.
Манайх чинь адуу шиг тачигнатал давхидаг харчуудтай. Хамгийн багад тооцогдож нэг хэсэг “од” болдог байсан 2-р ангийн үеэл ах нь хөлбөмбөгийн улаан панат. Хэн хэн ч гэнээ бүх хөлбөмбөгчдийг нээх урт бүтэн нэр, удам судар түүх намтар, амжилт бүтээлтэй нь цээжилээд тархи нь бүхлээрээ архив болсон нэг “хархүү” байгаам. Жижигхэн үеэл ах нь Бямба, Нямынхаа амралтаа тэсэн ядан хүлээж манайд ирэхээрээ, 8н сартай дүүдээ хөлбөмбөг ярьж өгөөд одооноос багтаа элсүүлнэ барина гээд байгаа. Тэгэхээр миний төгөлдөр хуурыг дарж суухнуу үгүй уу мэдэхгүй ээ хэхэ.
Хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай … Дуусахгүй ээээээ

Урнаар урамдаж сурцгаая

4-р сарын 5-ны Бямба гарагийг өөрөөсөө ичиж, өрөөл бусдаар бахархаж өнгөрүүллээ. Монгол Мироку Айко өргөөнд Монголын Хүний Нөөцийн Академиас зохион байгуулсан “Оновчтой Презентаци” нэг өдрийн сургалтанд, тус Академийн захирал, залуухан авч шаливхан, бодож сэтгэж хийж бүтээж байгаагаараа сүүлийн үеийн хэлэлгээр үеийн нөхдөөс "тасарчихсан" Б.Энхболд ахын урилгаар суух зол завшаан миний биед олдсон билээ.

3 жилийн өмнө Интер Ном их дэлгүүрт Мартин Лютер Кингийн өдөрт зориулсан өдөрлөг дээр таарч Энхболдыг мэдэх болсон юм. Тэр цагаас хойш Энхболдтой ажил хэргийн холбоо тогтоосон бөгөөд Энхболд ахаас маш олон сайхан зүйлийг суралцаж, залуу хүний хүсэл мөрөөдлийн хүчээр бүтэж байгаа ажлуудыг нь мэдэрсээр явна.
Хэвлүүхэн яриатай, тун намбалаг, төлөв түвшин, үг яриа нь цэгцтэй байдал нь надад түүнийг дунд эргэм насны байх гэж бодогдуулсан учраас түүнийг би ахаа гэж авгайлсан. Харин сүүлд өөрөөс минь нэг ах гэдгийг мэдсэн авч хийж байгаа ажил хэрэг, гайхалтай хөдөлмөрч зан чанар, хүсэл сонирхолдоо үнэнч дайчин байдал, басхүү залуу хүнд баймгүй нийгмээ харах мэдрэмжийг нь биширэн хүндлэх сэтгэлээр түүнийг “ахаа” хэмээн авгайлсаар ирсэн билээ.

Хүний Нөөцийн Академийн захирал Б.Энхболд сургалт явуулж байгаа нь


“Оновчтой Презентаци” хэмээх энэ гайхалтай сургалт намайг яаж ичээсэн тухай одоо өгүүлэе. Би бол сэтгүүлч орчуулагч хүн. Багаас мөрөөдсөн энэхүү мэргэжилдээ гаршиж, гавьяа байгуулж амжаагүй ч ажил мэргэжлээ өөрийн болгочих юмсан гэсэн чин сэтгэлээр ажилчин ангийн эгнээнд бэдэрч яваа л нэгэн.

Үзэг цаас муухан шиг харшуулан, хурууныхаа хээг илээн байж компьютерийн товчлуур тогшиж үзсэн дуулсан, бодсон санасанаа цаасан дээр эрээчиж, хүнд ойлгомжтойхон шиг хүргэчих юмсан гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Ямартай ч, би үзэг цаас нийлүүлэн байж өөрийгөө бусдад ойлгуулахын дайтай байж болох ч хэл амаа эвлүүлэн ярихаараа илэрхийлэх гэсэн санааны шуудан болсон үгс маань эргүүлээд хоолойг минь боомлож, амьсгааг минь давчдуулан олны өмнө ув улаан алим болгох нь олонтой биш ч цөөнгүй удаа.

Олны өмнө гараад яриад эхлэхтэй зэрэгцэн цаасан дээр эрээчин дэс дарааллуулсан санаа минь нүдний өмнө улаан цайм байр байршилаа солин надаар тохуурхаж, эхлэл нь төгсгөлдөө, төгсгөл нь эхэндээ элийрч, харанхуй шөнө замгүй газраар гэрэлгүй машинтай хурдлан давхихтай адил болдог юм. Бусад хүмүүс олны өмнө гарахаараа хэлэх үгээ мартан спикергүй радио болчихдог бол би бээр спикер нь чанга дээрээ чихарсан, антен нь долгионоо олохгүй парчигнасан радио болчихоод, хүн л хамрыг нь мушигаж унтаарахгүй бол ярьж байгаагаараа хүн хашираадаг золиг байгаам.
Яагаад ингээд байхыг би өөрөө таашгүй ээ хэхэ.

Өглөөний 9 цагт бүртгэл нь явагдаж 10 цагт эхлэсэн оновчтой презентацийн энэхүү сургалтанд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн багш, АПУ компаний маркетингийн албаны дарга, Банжиг нетийн үүсгэн байгуулагч, улсын хяналтын прокурор, НҮБ-ын Залуучуудын хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт дандаа санаачилдаг бүтээдэг, нийгмийн идэвхитэй салбарын төлөөллүүд, байгууллагуудын удирдах албаны хүмүүсээс авахуулаад спикер нь шуугиантай ажилладаг сэтгүүлч би очсон байлаа.

Япон соёл ханхалсан илтгэл, презентаци тавихад зориулан засаж дотоод засал чимэглэлийг хийсэн цэвэрхэн цэмцгэр танхимд Академийн захирал Энхболд өөрөө сургалтыг удирдан хөтөлж, завсар хооронд нь Лектор төвийн захирал, Нээлттэй Мэтгэлцээний Холбооны гүйцэтгэх захирал гэх мэт шинэ үеийн залуучуудын мундаг төлөөлөгчид ирж зөвлөгөө зөвлөмж өгсөн юм.

Лектор төвийн захирал Баатархүү

Сургалт өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл явагдсан. Сургалтанд хүрэлцэн ирсэн 28 залуус эхлээд “атом молекул” тоглоом тоглон 6 баг болж хуваагдсаны дараа баг багаараа тус бүрийн ширээнд суусан билээ.
Сургалтын завсар зайгаар бусдыг хөшөөж, хөлдөөхгүйн тулд төрөл бүрийн хөгжөөнт тоглоом тоглуулж байснаас хамгийн таатай нь эгнэн зогсож байгаад бие биенийхээ нуруунд иллэг хийж өгөх байсан шүү.

Coffee break

Сургалт зохион байгуулалт сайтай байлаа. Олны өмнө яаж зөв өөрийгөө ойлгуулах вэ, зөв ярьж зөв ойлгуулахад юуг анхаарах ёстой ... үг хэллэг, гаднах “интерфейс”, гар хөлийн “савалт”, нүдний “ирмэлт”, нүүрний “үрчийлт” ямар байвал зүгээр гэхээс гадна олны өмнө улаан алим болгож онигоонд чихдэг бусдыг даралдаг ичих нүүргүй “айдас” дайсантай индэр дээр гарахаас өмнө болоод гарсаны дараа хэрхэн “нэгийгээ үзэж нээхий дээлээ уралцан” байлдаж ялалтанд хүрэх вэ зэрэг чухал зөвлөмжүүдийг маш сонирхолтой байдлаар тайлбарлан хүргэж байлаа.

Цайны завсарлагаар олны өмнө үг хэлээд илтгэл тавиад сурчихсан Худалдааны Үйлдвэрийн дээд сургуулийн дунд эргэм насны багш эмэгтэй “сургалтаас авах хэрэгжүүлэх зүйл олон байна, шинэ үеийн залуучуудын шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байх нь зөв юм байна” гэмээн суусан нь сургалтын үр дүнгийн талаарх багахан боловч дорвитой дүгнэлт байна гэж би бодно.

Үдийн завсарлагаар бид урьдчилан захиалсаны дагуу Сансар хороололд байрлах Украйн зоогийн газарт олноороо сууж хооллосон бөгөөд ер нь нэг өдрийн дотор муугуй танилцаж, нийгмийн идэвхитэй, бүтээлч залуучуудтай харилцаа холбоо тогтоох өргөн боломжийг олгосон сургалт байлаа.

Сургалтын төгсгөлд оролцогчдын дунд чөлөөт сэдвээр 3 минутын илтгэл тавих даалгавар өгч шилдэг илтгэгчийг шалгаруулах болсон. Хүмүүс ч эхнээсээ илтгэл тавьж эхэллээ. Би бээр уг нь цаасан дээр санаагаа ээрээчээд суусан юм л даа. Ингээд салхи хагалж эхэнд гарахаас жаалхан имээж, сүүл мушиган нэр цолоо дуудуулах нь зохисгүй гэж бодсон учраас дунд хавьд гараад туучихлаа.

Индэрийн ард эрээчсэн цаасаа бариад гарлаа. Цаасан дээр буусан хэдэн үгс нөгөө л янзаараа байраа солин хөдөлж надад баригдах шинж алгаа ер нь. Төгсгөлөөрөө эхлэсэн үү, эхлэлээрээ төгсгөсөн үү би мэдэхгүй. Ямартай ч яриад л, яриад л байлаа. Яг үнэндээ би юу ярьсанаа таашгүй болоод явчихлаа.

Тавьсан илтгэлээ бодоод байхнээ “сургалтанд ирэхээс өмнө Оогий үсний боолт ч юм уу, үзэг харандаа ч юм уу өөрөө ч мэдэхгүй нэгэн зүйлийг алга болгосон байсан л гэнэ. Хайж байсан зүйлээ гэтэл сургалт болж байгаа Микроку Айко өргөөний шатан дээр хэвтэж байхыг олсон л гэнэ. Энхболд бид хоёр ах дүү биш ч, ах л гэнэ. Ийм ахтай байгаадаа баярладаг л гэнэ”. Ёстой чөтгөр бүү мэд. Оогий хэнийхэн үл мэдэх хайж байсан зүйл эрж хайж байснаа, учир нь үл мэдэгдэх ах дүүсын барилдлага энэ тэр ярьж хадуурч явсанаа төгсгөөд байх шиг байгаам.

Илтгэл биш элгийг нь авсан хадуурлынхаа төгсгөлд хаашаа явах гэж байгаам бүү мэд, сургалт нь арай л дуусах болоогүй л байлтай гэтэл би гэдэг хүн “баяртай” гэж хэлээд индэрээс буух шиг болно лээ. Алга ташилт ... Алга ташилт яг л толгой дээр аянга ниргэж байгаа мэт л аймаар сонсогдоно лээ шүү.

Би будиалантай сэдэвтэй, цоховчисон дэс дараатай илтгэл тавьсан бол бусад залуусын илтгэлийн сэдвийн дийлэнхи нь эх ороноо хайрлах тухай, эх орондоо хийж бүтээхийн төлөө залуу хүн болгон хөдөлмөрлөх ёстой тухай, эх болсон байгалиа хайрлан хамгаалах нь залуус биднээс эхлэх тухай гэхчилэн эх оронч сэтгэлгээтэй байсан нь үнэхээрийн талархууштай байлаа. Хамгийн гол нь, тэд зүгээр нэг ярьдаг биш хийж бүтээж яваа залуус байгаа нь Монголын маань ирээдүй итгэлтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч бүтээлч залуусын гарт атгаастай байгаа юм гэдгийг мэдэрч суулаа.

Шилдэг илтгэгчдийг шалгаруулахад Банжиг нет компаний захирал Хүрэлбаатар хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж яваа, залуу хүн бүхэн хүсэл мөрөөдөл, зорилготой байх сэдэвт илтгэлээрээ айргийн 5-д орсон. Худалдаа Хөгжлийн Банкны Дотоод Аудитын Газрын хянан шалгагч Баттогтох 4-р байр, Нью Эксперт ХХК-ийн захирал Ууганболд Эрүүл амьдрахын талаар тавьсан илтгэлээрээ 3-р байр эзлэсэн бол аман хүзүүнд Улсын Ерөнхий Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Батчимэг “Бэлэг” сэдэвт илтгэлээрээ удаалсан. Харин нэгдүгээр байранд нүдэндээ нулимстай, хоолойн зангиран байж багын андынхаа тухай дурсан ярьсан “Үнэт зүйл”-ийн тухай илтгэлээрээ АПУ компаний Маркетингийн албаны дарга Баярхүү эзэлсэн юм.

Сургалтын төгсгөлд бүгдэд нь батламж гардуулсан. Ямартай ч нэг өдрийг сайхан залуучуудтай өнгөрөөж тэднээс их зүйл сурах ёстойгоо ойлгож, эх орондоо хайртай, зорилготой, тэрхүү зорилго хүсэл мөрөөдөлдөө үнэнч эзэн нь байж, эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол улсынхаа цохилох зүрхэнд цус сэлбэн лугших судас нь байж, үеийн залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөх дуусашгүй, үл дундарах, улмаар хойч үед маань үргэжилэн удамших цаглашгүй хүсэлтэйгээр би гарлаа.

Би сургалтанд хамрагдсан хүн шүү

Аан гэхдээ Оогий шууд харьсангүй ээ. Оогий сэтгэлийн хөөрөлд автан нисэж явсаар Их Монголд найзуудтайгаа уулзаж зөв сайхан урамдаж сурах нь сайн хэрэг байна шүү гэдгийг ухуулж амжсан юм шүү.

Төгсгөлийн цэг тавихын өмнө Оогий өөрөө парчигнадаг спикерээ засаж, санаагаа бусдад зөв хүргэх урлагт суралцахаар шийдсэн. Алийн болгон хэлгүй хүн шиг үзэг цаас барин хүнтэй харилцаж, өөрөөсөө ичиж явах юм вэ.
Зөв ярих нь үнэхээр л урлаг юм байна лээ шүү Залуусаа.

Дашрамд сонирхуулахад Монголын Хүний Нөөцийн Академи байгууллагуудын захиалгаар олон нийтийн харилцаа, хүний нөөцийн сургалт зохион байгуулж байгаа юм билээ. Монголдоо шинэ сургалтын арга барилаар явагдах сонирхолтой уйдамгүй сургалтын санаачлагыг талархаад барашгүй.
Залуу хүний явах замыг, залуу хүний тэмүүлэх хүслийг, залуу хүнийг цэнэглэх тэрхүү мөрөөдлийг та эндээс олно гэдэгт итгэлтэй байна.