Хүүхдийг хайрлах нь хамгийн том буян - Асрамжийн газарт өнгөрөөсөн хагас өдөр



Асрамжийн газарт өнгөрөөсөн хугас өдрийнхөө талаар бичихээс өмнө би “ТА ГАНДАН ОРЖ НОМ УНШУУЛДАГ МӨНГӨӨРӨӨ ЧИХЭР АВААД, ХЭРЭГГҮЙ ГЭЭД ХАЯЧИХАЖ БАЙГАА ХУУЧИН ХУВЦАСАА УГААГААД ЦЭВЭРХЭН ЭВХЭЭД УЛСЫН ТӨВ АСРАМЖИЙН ГАЗАРТ ОЧООД ХҮҮХДҮҮДЭД ӨГӨӨРЭЙ. Таны энэ үйл, ГАНДАНД ОРЖ МЯНГАН НОМ УНШУУЛСАНТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ИХ БУЯН ХУРААСНЫГ ХҮҮХДҮҮДИЙН БАЯРЛАСАН СЭТГЭЛИЙН НҮД ТАНЬД ААНДАА ХЭЛЭЭД ӨГНӨ. САРД ГАНЦ УДАА, ҮГҮЙ ЭЭ УЛИРАЛД ГАНЦ Ч БАЙСАН БОЛНОО. ТАНЫ ХИЙСЭН ГАНЦХАН АЛХАМ, ААВ ЭЭЖИЙН ХАЙРААР ДУТАЖ ЯВАА ХҮҮХДҮҮДЭД ХҮМҮҮС, ХҮМҮҮСЭЭ ХАЙРЛАДАГ ГЭДГИЙГ УХААРАХАД ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ХИЙЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ.”
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хоолны ширээний ард аав ээждээ “би хоолоо нэмүүлмээр байна" гээд хошуугаа унжуулан тунирхан суухын оронд, амт муутай нормын нэг тавга хоол идчихээд, нэмэлт гэдэг үгийг мэдэх ч үгүй ширээнийхээ араас үг дуугүйхэн босоод явах тэр жаалыг .....
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – аав ээжийнхээ дунд тарвалзан унтахын оронд, уцаартай асрагчийн чанга хахир дуунаар, толгойн дээгүүрээ бушуухан шиг хөнжлөө хулмайлдан, өөрийгөө унтуулахыг албадах гуравхан настай бяцхан хүүг ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – гурван настай дүүгээ хээв нэг том хүн шиг аргадаад, нулимсыг нь арчаад, хэгжүүхэн үг хэлэх таван настай хэрсүүхэн хүү, гомдсон сэтгэлээ нуун хөнжлийнхөө цаана чимээгүйхэн эхэр татан уйлахыг ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүний өгч байгаа цэвэрхэн, хуучин хувцасыг өмсөөд, тохой томдсон ханцуйг нь арагш нугалаж өмсчихөөд “би өмнө нь хэзээ ч ийм шив шинэ хувцас өмсөж байгаагүй ээ” гэж хэлээд баярлалаа гэж хэлэх бяцхан охиныг ....
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – Орж ирэх эмэгтэй болгоныг энэ “миний ээж тээ нөгөө намайг ирж авах” гээд хүлээлгийн сандал дээр өдөр болгон хэзээ ч хараагүй, хэзээ ч ирэхгүй ээжийг харуулдан суух, хазгай муруй ярих хэлд орж ядан байгаа бяцхан хүүг .... ээжийгээ хүлээлгийн сандал дээр өдөр болгон харуулдан мэндчилэх гэж үеийхнээсээ түрүүлж хэлд ороо юм болов уу ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүүхдийн нүдэнд хэзээ ч унах ёсгүй хэрсүү, хэгжүүн, ууртай, гомдсон, гутарсан, жигшсэн, хүлээсэн, царайчилсан харцыг ...
ХҮҮХЭД ХЭЗЭЭ Ч, ЮУНЫ Ч ӨМНӨ БУРУУТАЙ БАЙХ ЁСГҮЙ. ТЭД ЗҮГЭЭР Л ХҮҮХДҮҮД ШҮҮ ДЭЭ.

Улсын Төв Асрамжийн газрын хаалгаар гарах бүрт, зүрхэн тушаа хүндээс хүндээс, бүр хүндээс хүнд туухай дүүжлэгдээд, хоолой маань цэхэртээд, нулимс маань өөрийн эрхгүй нүдний аяга дүүргээд хэцүү байдаг юм. Хүний гар харж, бусдын нүд харуулдан, бараандуу өдөр хоногийг өнгөрөөж байгаа, хоосон ходоодонд захирагдсан хулгайн нүдээр дэл сул зүйлийг тэмтчих харцтай балчир хүүхдүүдийг хараад тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах шиг санагдаад л тэр. Өмнө нь асрамжийн газраар ойр ойрхон очдог байлаа. Тэр бүрт энэ мэдрэмж минь намайг хэдэн өдөртөө л зовоогоод, өдөр тутмын ажил амьдралд минь муугаар нөлөөлөөд байдаг болохоор, би асрамжийн газар руу зүглэхээс зүрхшээдэг болоод байгаа юм.
Харин энэ удаад ажлын завсар гарсан дээр нь, хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад жаал жуулхан юм аваад асрамжийн газар руу явлаа. Би дандаа эрэгтэй дүү нартай болохоор хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад асрамжийн газрын хүүхдүүдэд өгдөг болсон.
Үүдээр оронгуут л нөгөө л нэг танил шээсний, хирний бас хайр нэмхэмжилсэн үнэр намайг угтлаа.
Хуучин ч гэсэн хувцаснуудаа сайхан угааж индүүдээд цэвэрхэн шиг эвхээд таарсан хүүхдүүдэд өгөөд “баярлалаа эгчээ” гэх үгийг сонсох ямар сайхан байдаг гээч. Тэдний баярлалаа гэх үг өмнө нь, хэний ч амнаас сонсож байгаагүй үнэн сэтгэлийн жинхэнэ баярлалаа байж чаддаг юм. Хувцасыг минь аваад нүдэнд нь цог гэрэлтээд л, бүр нэг баяртай гээч ....
Жил гаруйн өмнө, би асрамжийн газар байгуулах гээд хөл алдан гүйж байлаа. Эхний хөрөнгө оруулагчид нь дэмжинэ гээд, Цолмон найз охин маань туслана гээд л .... Яг тэр үед асрамжийн газрынхаа бүх зүйлийг төлөвлөн ярилцаад бүр унтаж ч чадахгүй зүүдэндээ хүртэл хүүхдийн инээд цалгисан асрамжийн газраа төсөөлөн унтдаг байлаа. Ахын маань хэлсэн “хүн хүмүүжүүлнэ, сургана гэдэг чинь тийм амар зүйл биш. Эхлээд чи өөрөө хөл гараа ол. Өөрөө хүн болох ёстой. Юм юманд бухимдаад байдаг, автдаг зангаа захирч бас наад сэтгэл хөдлөлөө хэрэгтэй үед нь нууж чаддаг болох ёстой” гэж хэлсэн үг нь мэдээж хамгийн үнэн байсан юм. Гэхдээ өөрийн гэсэн асрамжийн газартай болно гэсэн маань, миний энэ насны мөрөөдөл ч байж болох юм.
Асрамжийн газарт өнгөөрсөн хагас өдөртөө би авч очсон “Үүлэн бор” номноосоо (энэ номыг би бичиг үсэг тайлагдсаныхаа дараагаас л амтархан унших болсон анхны ном. Одоо ч дүү нараа унтуулахад ашигладаг хэрэгсэл болгоод байгаа. 11-р ангийн зөнөг дүү нар маань Оогий эгчээ үлгэрээ уншуулая гэж хэлдэг гээд боддоо. Хайраар хүмүүмжсэн хүүхэд, хүүхэд л байдаг юм хөөрхөн) хүүхдүүдийг тойруулж суулгаад үлгэр уншиж өгөхөд ямар хөөрхөн гээч. “Ах дүү Иван”, “Хөх Чоно хөлгөлсөн хаан хүү Иван” гэхчилэнгээр хүүхдүүдийн хүсэлтээр дарааллуулан уншсаар байтал нэг мэдэхэд 4 цаг өнгөрчихнө. Ингээд л, би явна нөгөөх л хүнд гунигтайгаа, гэхдээ өөрийгөө хурдхан шиг бэрхэд хөл алдахгүй “том” эмэгтэй болгочихоод өөрийн гэсэн асрамжийн газартай болно доо гэсэн хүсэлтэйгээ ...

Монголд Бурханы “шашин” хэрхэн түгсэн вэ



Гарчиг хэсэг дээр шашин гэдэг үгийг яагаад хашилтанд хийж байгааг, хэрэв та миний өмнөх бичлэгийг уншсан бол ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголд Бурханы шашин яагаад тархсан вэ гэдэг дээр хүмүүс янзан бүрээр л ярьдаг. Ихэнхи хүмүүс Бурханы шашин Монголчуудын баатарлаг, цөс ихтэй, дайчин зан чанарыг дарж номхоруулан хүлцэнгүй байлгах үүднээс зориудаар оруулж ирсэн мэт ярих нь элбэг. Бурханы шашин, Монголд түгэн дэлгэрсэн шалтгаан, энэ арай биш юм л даа. Ингээд яагаад биш гэдгийг миний бие бээр баримттай өгүүлэх нь:
Бурханы шашин, Монголчуудын цөс ихтэй, дайчин баатарлаг зан чанарыг номхотгон, бусдад хүлцэнгүй дагаар байлгахын тулд анх нэвтрүүлсэн гэж үзвэл үүнийг Манжийн дарангуйлалтай холбон ойлгохоос өөр аргагүй бус уу. Өөрөөр хэлбэл, бид Манжийн дарангуйлалд 200н жил байж, 20-р зууны эхэн үед ангижирсан гэж түүхэн бичиг баримт дээр тэмдэглэсэн байдаг нь үнэн болвоос Бурханы Шашин, Монголд 1700-иад оноос анх нэвтэрсэн гэж үзэх үндэстэй билээ. Гэтэл үгүй юмаа. Бурханы шашин Монголд “хамгийн анх” (анх гэдэг үгний өмнө хамгийн гэдэг үгийг авч хамгийн анх гэж хэлэх утгагүй ч энэ удаад ингэж хэлмээр санагдлаа) 1500-иад онд буюу бүр тодруулбал 1578 онд Монгол нэвтэрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ үед нэвтрэхдээ зорилго нь, Бусдыг мунхруулах бус, Бурханы сургаалийн үндсэн ухаан болох “Бурханы хутагт хүрэхийг хүссэн энгийн хүмүүст зориулсан зам мөрийг заадаг Энэ зам мөр нь бусдыг хорлохгүй байх ариун сахил санваарыг сахиж амьдрахаас эхлэх ба түүгээр дамжуулан өөртөө амар амгалан бүрдүүлэх замаар бусдад амар амгаланг түгээх” гэх түгээхэд оршиж байсан билээ. Харин бусдыг мунхруулах гэдэг дээр бол мэдээж Монголчуудын олноороо гүнээ сүсэглэж байсан тэрхүү ухаан дээр одоогоор бол жаахан өөр менежмент хийгээд, хар PR шургуулаад, тархи угаах зэвсэг болгохоор Манжууд хожмоо өөрчлөлт хийж мушигсан нь илт байдаг. Энэ бол одоо ардын дунд шүүмжлэгдээд байгаа “мөнгө төлүүлэн ном унших” бизнес гэмээр халуурал билээ. За одоо ингээд Бурханы сургааль буюу шашин Монголд түгсэн түүхийг өгүүлэх эх сурвалжит баримтыг сөхөе. Таалан болгооно уу Хүмүүн та Минь.

Арванзургаадугаар зууны үед Монголын цэрэг дайчид, Хятадад “Гэлүгвэ” (Шар Малгайтан) ёсны нэгэн хуврагыг олзлон баривчилжээ. Хуврагын биеэ авч явах намба байдал нь, цэргүүдэд гайхагдсан тул өөрийн Алтан Хаанд аваачжээ. Монголын их хаанд өнөөх хуврага өндөр сэтгэгдэл төрүүлсэн тул хуврагын багш Содном Жамцыг Монголд ирэхийг тушаалаа. Энэ зарлиг нь цаанаа, хэрэв ирэхгүй бол Төвд орныг Төвд орныг дайрна гэсэн утгатай байжээ. Тиймээс 1578 онд Содном Жамц Монголд морилж Алтан хааны багш боллоо. Хаан зарлиг буулган Бурханы шашиныг Монголчууд шүтэх болсон билээ.
Алтан хаан Содном Жамц багшдаа “Далай мэт гүн мэдлэгтэй” гэсэн утгыг бэлгэдэн “Далай лам” хэмээх болжээ. Гэлүгва ёсыг үндэслэгч Богд Зонховын хоёр их шавийн нэг Гэндэн Дүвийн хойд дүр Гэндэн Жамц, Гэндэн жамцын хойд дүр нь Содном Жамц байсан учраас Гуравдугаар “Далай Лам” хэмээн алдаршуулжээ. Өмнөх хоёр дүрд энэ алдрыг мөн адил дуурсгах болжээ.


Монголд түгсэн түүх товчхондоо ийм буй. Монголчуудад Бурханы шашин шүтэхийг хүчээр хэзээ ч тулгаагүй юм. Урьд байгаагүй цэргийн амжилтаар Монгол удирдагчид болон цэргүүд хүссэн эд зүйлээ олон, эрх мэдэл, эд хөрөнгөтэй байсан ч хүссэн аз жаргалд хүргэж чадахгүй байсан нь, Бурханы сургаалийн үндсэн үнэнд сэтгэлээ нээхэд хүргэсэн юм. Өнөөдөр хөгжилтэй орнуудад Бурханы шашиныг сонирхож байгааг мөн ийм шалтгаанаар тайлбарлаж боолно. Өөрөөр хэлбэл, жаргалд умбаж, элбэг хангалуун амьдрах тусмаа сэтгэл улам ханахгүй олон зүйлд шунах нь их болж, урам хугарсаар хүний сэтгэл өөрөө хоосордог. Иймээс хүмүүс ихэнхи тохиолдолд амьдралаас зовлон, жаргал гэж чухам юу болохын учир шалтгааныг хайх болдог юм. Харин зовлон, жаргалын шалтгаан, утга учрыг тайлж өгдөг ганц зам бол Бурханы сургааль билээ.

БИЧЛЭГИЙГ ДУУСТАЛ НЬ ТЭВЧЭЭР ЗААН УНШСАН ТАНЬД ТУЙЛААС БАЯРЛАЖ БАЙНА. ХЭРЭВ ТААЛАГДСАН БОЛ ЦААШ НЬ ТҮГЭЭНЭ ҮҮ. Түгээвэл таньд жаргал ирнэ эсвэл ингэ тэгнэ гэх олон зүйлийг хэлэхгүй ээ. Зүгээр л таалагдсан бол л, гэж хэлж байгааг минь ухаарна гэдэгт итгэж байна. Гэхдээ олон хүнд түгээх бүрт, Бурханы сургаалийн зөв утгыг буруугаар ойлгож байсан тэрхүү гажмал ойлголтоос та, ганц ч хүнийг болов ангижруулж чадах учраас энэ бол та өөрийнхөө сэтгэлд нээсэн буян юм. Магадгүй, үүгээрээ та өөрөө ч мэдэхгүй олон хүнд зөв тийш зүглэх үүдийг нээж өгөх буй за.

Ом мани бадмэ хум


Энэ зүрхэн тарнийг өдөр болгон ганц удаа ч болов уншиж чадвал таны сэтгэл цэвэр ариун байх болно. Цэвэр ариун, хир буртаггүй оюун ухаанаар энергийн хууль зохицуулагддаг бөгөөд таны ажил ямар ч эргэлзээгүйгээр бүтнэ гэсэн үг. Мэлмий ухаандаа тунгаана уу.
Одоо энэ тарний учир утгыг тайлая.
Жанрайсиг бурханы баруун мутарт амьдралыг тэтгэгч мөнхийн рашаан болох асрал хайрын бумба байна. Зүүн мутарт ямар ч хиргүй гайхамшигт тунгалаг толь байх бөгөөд бодит байдлыг ялган салгаж үзэх билгүүнийг бэлгэддэг. Энэхүү төгс байдал нь Жанрайсиг бурханы зүрхэн тарни ОМ МАНИ БАДМЭ ХУМ-д багтдаг буюу. ОМ нь Бурханы бүх эрдэм чадал. МАНИ нь асрал хайрын эрдэнэ. БАДМЭ нь билгүүний лянхуа. ХУМ нь билиг ухаан ба энэрэл нигүүсэлийг сэтгэлд нэгдмэл болгохыг тус тус бэлгэддэг. Энэ маанийг уншиж байх үедээ хүмүүс, “Би билгүүний лянхуан дахь асрал хайрын эрдэнэ болсон Бурхан лугаа адил гэгээрнэ” гэж бодож байх ёстой.
Энэ л утгаараа Бурханы сургаалийн баримтлан хүндлэгчид билиг ухаан хийгээд энэрэнгүй сэтгэлийг дотоод сэтгэлдээ төрүүлэх гэж Жанрайсиг бурханд шүтэн мөргөдөг юм.

Зарим заримдагуудад зориулсан шүлэг


Загатнаагүй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шүлэг бичилгүй горьгүй
Замбараагүй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа бие гутаажээ

Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юмс төдий элбэг болжээ
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ

Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивгээр хооллогч өт хорхой мэт буюу

Дөнгүүр явбал дээрд үзэж нударгана гэнэ
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаараа явбал аархахдаа зайгуул гэнэ

Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө ууж чадахгүй явж уусан хүнийг
архичин гэнэ
Уу ид гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана

Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй өнгөрвөл их зан гаргасан гэж уйлчих шахна

Дориухан явбал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишиглэнэ
Мөнгө харуулчилбал гуйж авчихаад эргүүлж өгөхгүй
Мөнгөтэй цагтаа уулзвал нэг нүдээр харахгүй цааш эргэнэ

Гэтэл энэ хүн өөрөө ямар хүн вэ?
Гэм буруугүй хазгүй гишгэдэггүй ариухан амьтан уу!!!
Гэвэл бас үгүй ээ !!!
Энэ хорвоод төрөөд гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагуудад зориулж
Өөрсөн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ ХАЙРАН ГАР МИНЬ

Бавуугийн Лхагвасүрэн – Сарны цагаан цус



Оршил. 12-р сарын 9-ны өдөр. Ажлаасаа гараад хүндхэн хар цүнхээ мөрөндөө нэг үүрч, гарандаа нэг дүүрсээр Улсын төв номын сангийн дэргэдэх драмын театр руу алхалаа. Таксидах хүсэл байсан ч шинэ жилийн баяр наадам гээд сарын төсөв хэтэрсэн болохоор нарийлаж бас хэмнэж байгаа ухаантай алхаж байгаан.
Улсын драмын театрт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Сарны цагаан цус” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийг үзэхээр явж байгаа минь энэ.
Энэ жүжгийг үзэх боломж олгосон найзтайгаа драмын театрын үүдэнд уулзаад дотогш орох явцад ажиглахад, жүжгийн нээлт хийж байгаа өдөр болоод ч тэрүү дандаа төрийн “томчууд”, урлаг соёлын одод байхаас гадна ер нь бол сэхээтэн байрын царайны хүмүүс дийлэнх байх юм гээч. Шинэхэн ерөнхий сайд Баяр, УИХ-ын дарга Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн харагдана лээ.
Жүжгийн зохиолч нь Бавуугийн Лхагвасүрэн гуай болохоор арга ч үгүй биз. Жүжиг эхлэхэд Лхагвасүрэн гуай үг хэллээ. Тэрбээр “Энэ жүжиг таны сэтгэлд удаан үргэлжлэх болтугай” гэсэн ерөөлөөр жүжигээ эхлүүлсэн юм.
Үзэгчид амьсгал дарж, чимээ анирлахад би ч мөн адил хүчтэйхэн шиг амьсгалаад аниргүйг үргээн “од” болчихвий гээд бас л амьсгаагаа хураав.
Жүжиг. Жүжиг эртний нэгэн Монгол гүрний мөхөл, мөхөлд хүргэсэн шалтгааныг өгүүлэх аж. Үхлээр эхлээд үхлээр төгсөх энэ жүжиг, жинхэнэ өнөөдрийн Монголын төрд, төрийн тэргүүнд сануулга, ухаарал, хэлэх үгээ драмаар илэрхийлж байгаа нь илт байсан юм. Жүжгийн үйл явдалыг энд нурших нь илүүц биз. Та зүгээр л очиод үз. Жүжгийн үг хэллэг нь яруу тансаг агаад хүнд ухаарал хайрлахаас гадна Монгол хэлний яруу тамсагийг илтгэнэ. Тайз засалт ч мөнхүү үнэхээрийн сайн, жүжгийн найруулга тавилт миний молхи дүгнэлтээр “тасарчихсан” байна лээ.
Б.Лхагвасүрэн гуайн өнөөдрийн төрд хандах үгээ жүжгээрээ дамжуулж хэлээд байх шиг санагдсан. Нэг үгээр жүжигт хэлсэн “Эхлэл буруу бол төгсгөл хүртлээ буруу байдаг” гэсэн үг илтгээд байна лээ. Төрд бугшсан алдаа эндэл, буруу алхамыг эхлүүлсэн бол төгсөлийг тэр чигт нь төгсөөд бүхнийг эхнээс нь эхлүүлэх ёстой гэсэн утга санаа юм. Тиймээ жүжигт өгүүлсэнээр өнөөдрийн манай төр, нийгэмд болж байгаа авилгалын торон хэлхээ, толгой түрүүгүй эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн энэ бүгдийг өнөөдрийн эрх барьж байгаа, түүнд орооцолдсон “толгойтон” бүрийг үндсээр нь устгаж байж, төр ариун байх ёстой гэсэн санаа цухалзаж байна лээ.
Инээдтэй дүгнэлт. Жүжиг төгссөний дараа хүрэлцэн ирж цагаа заран “ажаарсан” төрийн тэргүүдийг сэтгэгдэлээ хэлэхийг хөтлөгч урилаа. Юун түрүүнд, УИХ-ын дарга Лүндээжанцан “Би Лхагвасүрэн гуайг залуу ахуй цагаасаа мэднэ. Энэ их хүнийг хүндлээд Бавуу ахаа гэж дууддаг юм. Өнөөдрийн үзсэн энэ агуу цар хүрээтэй жүжгийг би өөрийнхөө хэмжээнд хүлээн авч ойлголоо. Ийм агуа оюуны тогооноос миний ойлгох хэмжээ халбагаар хутган авч ойлгохдоо адил юм” гэж хэлсэн юм. Харин шинэ ерөнхий сайд Лүндээжанцан гуай шиг олон үг хэлээгүй ч “сэтгэлд удаан үргэлжилэх болтугай” гэж хэлсэн. Төрийн өндөрлөгүүдийг үг хэлж дууссаны дараа Б.Лхагвасүрэн гуай, “Миний жүжгийг өнөөдөр Монголын төр ирж сонирхолоо гэж би ойлгож байна. Харин төрийн нэг өндөрлөг маань, халбагатай биш шанагатай ирж тогооноос хутган ойлгосон бол би баярлах байлаа” хэмээн хэлсэн нь цугларсан үзэгчдийн хоржоонтой инээдийг хүргээд зогсохгүй, Лүндээжанцан гуайг улайлгаад амжлаа. Нээрээ л, гол ойлгох ёстой хүмүүс нь угтаа ортол ойлгосонгүй гэдгийг УИХын даргын хэлсэн үг цухалзуулсан нь, УИХын ширээний ард дутуу ойлгосон, эсвэл ойлгох тархины хэмжээ хүрээгүйдээ хариуцлагаас зугтдаг хэвшсэн зангаас үүдэлтэй үгс нь эвгүй байдалд оруулаад авсан мэт надад санагдсан.
Би ингэж ойлголоо. Хүн хэлэхээс нааш, цааш чичэхээс нааш гэдэг шиг би энэ жүжгийг үзсэний дараа “би өөөрөө төр биш болохоор” өөрийнхөө хэмжээнд зарим нэгэн зүйлийг ойлголоо. Надад хамгийн үнэн санагдсан үг бол “Эхлэл буруу бол төгсгөл хүртлээ буруу байдаг” гэсэн үг. Тиймээ аливаа зүйлийн эхлэлийг тавих хүртлээ сайтар бодож байж, тунгаан байж эхлэлийг нь зөв тавьж чадвал аяндаа бүх зүйл сайхнаар үргэлжилэн бүтэх ажгуу.

Бавуугийн Лхагвасүрэн - Би баярлана


Бавуугийн Лхагвасүрэн гуайн ухаарал хайрласан шинэхэн шүлэг, дөнгөж дэвтэрээ нээгээд уншиж өгч байсан юм. Бараг 2 сарын өмнө. Үнэн хүний ухаанаас ундарсан сайхан шүлэгний анхны сонсогчийн нэг би байсан юм. Одоо таньд хүргэе.

Би баярлая
Би чамд дуу дуулж өгье
Аягүйн торгон чандын алиныг ч чи ойлгохгүй ч
Ажааран чагнаж байгаа ДҮР ЭСГЭ
Би баярлая
Би чамд уйлж өгье
Өвөр дээр минь тусаж байгаа нулимс
Өвдсөн цагаан сэтгэлийн цус гэдгийг чи ойлгохгүй ч
Өрөвдөж байгаа ДҮР ЭСГЭ
Би баярлая
Би чамд үлгэр хэлье
Харьж байгаа надад бүсгүй хүн дурлаж
Хамт сар таллаж хонолоо гэдгийг чи тоохгүй ч
Хардаж байгаа ДҮР ЭСГЭ
Би баярлая

Инкийн соёл иргэншил


Инкчууд гэж хэн вэ?. Тэдний соёл иргэншил нь, яагаад өнөөдрийг хүртэл судлаач, түүхчдийн анхаарлын төвд байсаар байна вэ?.
Инкчүүдийн ид сэргэн мандалтын үеийг, 15-р зууны сүүл гэж үздэг. Инкийн Эзэнт Гүрэн өмнөд Америкийг бүхэлд нь хамарч одоогийн Колумбийн хилээс Еквадор, Чили хүртлэх газар нутгийг эзэгнэн оршиж байжээ. Тухайн цаг үед Инкчүүдийн соёл иргэншил нь, өөрсдийгөө бүхний тэргүүнд тавьдаг соёлт Европчуудаас хамаагүй илүү байсныг түүхчид нотлон хэлдэг юм. Нэг үгээр Европчуудын дийлэнхи нь бөөстэй байхад, Инкчүүдийн олонхи нь бөөснөөсөө салсан, үг ярианы соёлтой, бидний одоо ярих дуртай менежментийн систем нь боловсронгуй, хөгшид ядуусаа дэмжин тэтгэдэг халамжийн системтэйгээс гадна ядуучууд болон өлсөглөнд нэрвэгдсэн ард түмнээ “нийгмийн халамжийн” хөтөлбөрт хамруулдаг гэх зэрэг дэвшилтэй байсан гэдэг юм.
Өөрсдийгөө “Нарны Хүүхдүүд” гэж нэрлэдэг Инкчүүдийн 9 дахь хаан болох Пачакути нь дээрх бүх систем, хөтөлбөр, менежментийг санаачлан хэрэгжүүлсэн “авилгалаас ангид” жинхэнэ л өнөөгийн Монголд баймаар удирдагч байсан гэж байгаам. Тэрээр бас тухайн үеийн соёлт Европийн орнуудад байхгүй Инкийн бүхий л эзэмшил нутаг дэвсгэрийг холбосон зам харилцааны сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлж байжээ. Эдгээр дэд бүтцийг Капак Нан гэж нэрлэдэг байж. Инкийн ард түмний бүгдийг холбож байсан энэ дэд бүтэц одоо манайд ч байхгүй гээд боддоо. Зандашуулсан хүн гэдэг ойлголт Инкийн соёл иргэншилээс улбаатай юм. Харамсалтай нь, Инкчүүдийн нэг сул тал нь бичиг үсгийн соёл нь төдийлөн хөгжөөгүй байсан нь бидний цаг үед тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлэл ирж чадаагүй юм. Харин тэдний тухай мэдээлэл, тэмдэглэлийг Инкчүүдийн хойч үе болон хойч үеийг нь хүйс тэмтэрсэн “нүгэлтэн” Испаний колончлогчид үлджээ. Инкчүүдийн соёл иргэншилийг илтгэж чадах хамгийн том хот бол Мачу Пиччу гэнэ. Андын нурууны байгалийн үзэсгэлэнт дэвсэг газар байгуулагдсан энэ хот нь 2400 метрийн өндөрт байжээ. Нэг үгээр үүлэнд хөвөн оршидог үлгэрийн, бурхадын ордонд ойрхон хот юм. Магадгүй өөрсдийгөө “Нарны Хүүхдүүд” гэж боддог байсан нь нийслэл хотоо Андын нурууны өндөрлөгт байгуулсан байж болох юм. Мачу Пиччу хот нь бүхэлдээ чулуугаар бүтээгдсэн. Харамсалтай нь буу сэлэм агссан Испаний түрэмгийлэгчид энэ хотыг сүйрүүлчихжээ. Андын нуруунд байрлах энэ хотыг анх удаа 1911 онд, Америкийн археологч Гирам Бингхам нээсэн нь Инкчүүдийн соёл иргэншилийг судлахад түүхчидэд асар их хувь нэмэр оруулсан байна.
Инкчүүдээ гэж …

Гоо “охин” байхад юу хэрэгтэй вэ

Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн бусдад биш юмаа гэхэд ядаж өөрөө өөртөө таалагдаад гоё байхыг хүсдэг шүү дээ. Энэ жил би өөрийнхөө гадаад имижд жаахан ч болов анхаарах хэрэгтэй гэж бодсон. Энэ маань гоо сайхны мэс ажилбарт орж, мэсийн ширээн дээр шинэ төрх олохоор эмчийн гарт өөрийгөө даатгана гэсэн үг биш л дээ. Би ерөөсөө тэр гоо сайхны мэс ажилбар гэдгийн чинь эсрэг байдаг хүн. Тэртэй тэргүй эхээс заяасан болгоныг мэсийн аргаар өөрчилнө гэдэг утгагүй хэрэг энэ миний бодол.
Тэгвэл гоо сайхан байхад, гоё, эрүүл харагдахад юу хэрэгтэй вэ?. Хамгийн түрүүнд идэж байгаа хоолондоо анхаарах хэрэгтэй. Энэ аргыг би бас л багагүй хугацаанд туршсан. Үр нөлөө нь надад мэдрэгдэж эхлээд байгаа л даа. Иймээс бусдад хэрэгтэй байж магадгүй гэдэг үүднээс блог дээрээ тавихаар шийдлээ. Ер нь бол гоё байна гэж өөрийгөө бодох нь амьдралын идэвхийг ч хүртэл сайжруулдаг юм шүү. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхад л боллоо. Эхлээд өөрөө өөртөө л таалагдах хэрэгтэй.
1. Арьс өнгөлөг бол ямар ч хүн сайхан харагддаг
Үүнтэй би санал нэг байдаг. Хамар нь мурий, нүд нь солир, тахир дутуу л биш бол арьс өнгөлөг л бол ямар ч хүн царайлаг харагддаг.
- Сайн унтаж амар. Өглөө та сэрэнгүүтээ орондоо нэээх сайхан заримдаа бүр шөрмөсөө таттал сунайх хэрэгтэй. Тэгээд дээшээ хараад 5 минут хэвтэхэд гэмгүй. Сэрүүлгийн дуунд хөл гар нь татганаж ирээд шууд босон харайх хэрэггүй. Тэгвэл шөнөжин амарсан эд эс чинь түгшүүрийн дуудлага авангуутаа шоконд ороод зарим нь үхчихэж ч мэднэ.
- За бослоо. Ингээд өглөөнийхөө цайг хүртэхээс өмнө заавал шингэн зүйл уух хэрэгтэй. Элэг чинь хатуурсан байгаа. Иймээс битүү хоол идвэл элэг чинь боловсруулах ачааллаа даахгүй. Иймээс элгийг химийн лобарторынхаа үйл ажиллагааг нь явуулахад нь бэлтгээд зөөллөх хэрэгтэй гэсэн үг л дээ. Өглөөний цайг заавал бүр заавал ууж заншаарай. Би өглөө босоод л хийдэг ажил юу гээч. Хоол хийх. Манай дүү нар намайг шоолоод “та ёстой өглөө босоод л хутга хурцлаад эхлэх юм. тэгээд таг таг гээд мах хөшиглөөд” гээд. Тэгэхээр нь би одоо өглөө хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд өмнөх орой нь өглөөнийхөө хоолны бэлтгэлийг хийчихэж байгаа. Тэгэхээр хольж болгоод л болоо гэсэн үг. Хоол хийчихсэн байхад хүмүүс иддэг л байхгүй юу.
2. Өдөрт хоолноос гадна юу идвэл эрүүл байж болох вэ. Өдөрт нэг шоколад, өндөг, бас ногоон цай заавал хэрэглэж занших нь чухал. Яагаад битгий асуу хэрэглээд л заншчих. Яагаад гэдгийг мэдмээр байвал Тайм сэтгүүлийн Эрүүл Мэнд гэдэг хэсэгт байна лээ хараарай. Тогтмол хэрэглэвэл сарын дараа л үр дүнг нь мэдрэнэ гэж байгаа.
3. Инээх хэрэгтэй. Бас өөртөө таарсан сайхан хувцаслах хэрэгтэй. Ямар ч хүн руу хараад инээхээр нам буудаг л байхгүй юу. Гэхдээ цагаа олж, хүнээ харж инээх хэрэгтэй л дээ. Нээх учир утгагүй гудамжинд ганцаараа явж байснаа инээгээд унавал галзуурч явна гэж бодно. Инээ гэдэг нь инээмсэглэл буюу мишээлт шүү дээ.
Өөрөө өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хүн гандсан өмд цамц өмсөж, халцарсан гуталтай явж болохгүй. Энэ хувцаслалт ямар ч хүн таньтай яаж харьцах вэ гэсэн дүнг тавьж орхино. Дүн мэдээж муу.

Эр хүний хулчгар зан



Үнсэлт. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үнсэлтэнд өгөх ач холбогдол өөр байдаг бололтой юм. Эмэгтэй хүн ямар ч үед, эсрэг хүйстэнтэйгээ үнсэлцэхдээ их, бага ч болов ач холбогдол өгдөг юм. Эмэгтэй хүн, хэн нэгнийг үнсэж байгаа бол тэр үнсүүлж байгаа эрэгтэй хүн нь, тухайн эмэгтэйн хувьд их таалагдаж байгаа, хэрэв эрэгтэй хүн нь тэр үнсэлтийг нь ойлгон хүлээн авч, хүндэлж чадвал эмэгтэй нь тэр хүнд бүхнээ зориулахад бэлэн гэсний эхний алхам, дохио гэж ойлгож болно. Нэг үгээр эмэгтэй хүн хэзээ ч, хаана тааралдсан газраа, хэнтэй ч хамаагүй сэтгэл хөөрлөөр үнсэлцдэггүй гэсэн үг л дээ. Тэдэнд хэнтэй үнсэлцэх нь чухал байхаас гадна хаана үнсэлцэх нь маш чухал юм.
Гэтэл эрэгтэй хүмүүс шал эсрэгээр нь. Тэдний хувьд хаана л бол хаана, хэнтэй л бол хэнтэй шууд үнсэлцэхэд бэлэн. Хошуу, хүсэл хоёр нь байнга өлөн явдаг юм шигээ. Ийм ч учраас эмэгтэйчүүдэд хайнга хандаж гомдоох нь элбэг. Мэдээж аливаад өгч байгаа ач холбогдол нь ондоо юм чинь.
Тийм үүү ...

Би бол эмээ




Би хамгийн залуу эмээ. Энэ бол миний ач хүү. Манай гэрийхэн намайг хамгийн залуу эмээгээр тодруулаад байгаа. Энэ муухай амьтаны эмээ болно гэдэг нэр төрийн хэрэг биш гэж үү. Нэг үгээр дүүгийн маань хүүхэд л дээ. Багаасаа би дүү нараа өсгөсөн болохоор дүү маань, хэлд ч ороогүй бяцхан үрдээ “энэ чиний эмээ” гэж хэлсэн нь намайг хэдийгээр “ээжээ” гэж дууддаггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ “ээж” гэж бодож явдаг юм байна гэж би бодоод бараг л уйлах шахсан шүү. Би бол эмээ. Гоё байна уу.