Би сайхаааааааааан гэдэг үгэнд угаасаа дуртай

Сэтгэлдээ урласан нандин шаглаасыг илэрхийлэхэд үг мэхийж, хэл бүрдэгдэг үү?
Давчидах зүрхний минь хэмнэлийг даган цагийн зүү яаран довтолгоно
Намайг чамтай уулзуулах гэж
Хоног өдрийг хумин хурдлана.

Ү.ЮМЖИР: НАДАД ӨГСӨН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ БОЛ МИНИЙ ГЭР БҮЛ

Хэдэн сарын өмнө сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргачихаад хөөрцөглөж байлаа. 2 дахь дугаарыг нь гаргах гэж явсаар байтал гарч амжилгүй "амьсгал хураачихав". Уг нь 2 дахь дугаарт орох нийтлэл, бичлэгүүд бэлэн болчихсон байхад нөгөө л нэг хэдэн "халтар төгрөг"-нөөс болоод "амыг нь барьчихвоо" хөөрхий. Гэхдээ яахвээ. Ахиад гарганаа хэзээ нэгэн цагт, Харин ч маш сайхан зурагтай, өгүүлэмжтэй, гэгээлэг сэтгүүл гарганаа. Миний эх орны өв соёл, уламжлалт заншил гээд сайхан бүхнийг багтаасан, басхүү аль хэдийнээ толгойд зураглагдан хэвлэгдээд байгаа сэтгүүлээ сурч, судалж байгаа хэл дээрээ давхар орчуулаад гаргана гэсэн бодолтой байгаа. Блогчин анд Саншайн загварын шоугаа хийгээд удаагүй байхад нь түүнтэй ярилцсан юм. Гэхдээ хэвлүүлж амжаагүй ээ. Харин одоо блогтоо "хэвлэчихий". Энэ ярилцлага сэтгүүлийн минь "Шинэ Үеийн Залуус" буланд зориулагдаж байлаа. Ингэхэд загвар зохион бүтээгч Саншайн маань ЭНЭ БЛОГИЙН эзэн юм шүү дээ.

Юун түрүүнд Glamour загварын шоугаа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. “Эрт урдын үед биш
Энэ орчин цагт юм гэнэ
Ардын зураач Ядамсүрэн өвөөгийнхөө
Авъяаснаас амилсан охин тэнгэр нь болж
Төрийн соёрхолт Үржнээ аавынхаа
Түүхийг үргэлжлүүлэх хувь зохиолоор
Алтан нарны цацраг шиг үзэсгэлэнтэй
Авъяаслаг бяцхан охин мэндэлжээ ...” гээд их гоё шүлгээр эхэлж байсан. Энэ шүлэгнээс аргагүй л гарын ур ухаантай сайхан гэр бүлд өсжээ гэх бахархал төрж суулаа. Бахархал төрөм сайхан гэр бүлийн тухай ялангуяа өвөөгийн тань тухай дурсамжаар яриагаа эхлэмээр байна.

Баярлалаа. Тиймээ би ийм сайхан гэр бүлд төрж өссөндөө баярладаг, бас гэр бүлээрээ бахархадаг. Миний өвөө төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн гэж эртний түүх соёлыг судалдаг, төвдөөр ном уншдаг эрдэмтэй буурал байлаа. Угсаатны зүй судлаач, урлаг судлаач, сурган хүмүүжүүлэгч тийм л хүн. Олон сайхан бүтээлүүд нь уран зургын галлерейд хадгалагдаж үлдсэн. Монголын олон үндэстэн ястаны хувцасыг судалж анх удаа бүрэн хэмжээний зурган албом гаргаж байсан нь одоо ч гэсэн угсаатны зүй төдийгүй урлаг соёл, түүхийн үнэт бүтээлд тооцогдож байна. Намайг 3-р ангид байхад өвөө маань бурхан болсон. Гурван хүүхэд нь бүгд аавынхаа мэргэжлийг өвлөн үлдсэн юм. Аав маань төрийн соёрхолт Ядамсүрэнгийн Үржнээ.
Миний аав Улаанбаатар хотноо байдаг олон сайхан түүх дурсгалын бүтээлүүдийг хийж төрийн соёрхолт зураач цол авсан юм. Зайсан толгойн эх загвар болоод доторх монументал чимэглэл, Лениний музейн гаднах чимэглэл, Гадаад Хэргийн яамны доторх Чингисийн хөргөөр хийсэн чулуун чимэглэл гээд л. Дурьдвал олон сайхан бүтээлүүд нь бий дээ.

Өвөөгийн маань өвгөн хуурч бүтээл нь ганцхан Монголд төдий биш дэлхийд танигдсан гэдгээр нь би бахархадаг. Монголчуудын бахархал болсон морин хуураар аялгуу тоглож байгаа тэр сайхан хөрөг бүтээл юм даа. Өвөө маань Лувсан гуай, Сүхбаатар, Хатанбаатар гэх мэт түүхэн бахархалт хүмүүсийн хөргийг бидэнд зургаар амилуулан үлдээсэн юм.

Авьяас билэгтэй энэ гэр бүлийн хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан нь юунд байдаг болоо гэж асуумаар санагдаж байна. Анх тантай уулзаад ярилцахад “бүгдийг эерэгээр бодож, хүсдэг” гэж олон удаан хэлж байсан шүү.
Авьяас билэг гэхээс илүү хувь хүний хичээнгүй хөдөлмөрч зан чухал. Гэр бүлээс минь өгсөн хамгийн том бэлэг бол хөдөлмөрч зан, бага ч болов авьяас байлгүй яахав /кккккк инээв/. Аав, өвөө хоёр маань зүгээр сууна гэж нэгээхэн ч үгүй. Яг ажлаа хийж байхад нь Бид саад болохгүй гээд аль болох чимээ гаргахгүйг хичээнэ.
Ээж маань мөн сурган хүмүүжүүлэгч, их сургууль ТИС-д түүх, гүн ухааны хичээлийг олон жил заасан. Аавын ажлыг их дэмждэг байлаа.

Өвөө, аав хоёрынхоо тухай сайхан дурсамжаас хуваалцаач. Хүүхэд насны тань ой тоонд хадгалагдан үлдсэн бүхнээ?

Би багадаа тун дэггүй хүүхэд байлаа. Дэггүй гэлээ гэхэд аавыгаа юм хийгээд, бодоод сууж байхад хэнээр ч хэлүүлэхгүй чимээгүй болон их томоотой сууна. Намайг цэцэрлэгт байхад аав минь хөтлөөд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байсан хүүхдүүдийн зургийн уралдаанд оролцуулж байсныг их тодхон санадаг. Тэр уралдаанд эвтэй дөрвөн амьтан зурж шагнал авж байсан.

Сүүлийн үед залуу гэр бүл хүүхдээ балет, төгөлдөр хуураар хичээлүүлдэг болчихож. Би үүнийг хувьдаа зөв гэж бодож байгаа. Урлаг бол хүний сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх хамгийн сайн арга зам байдаг. Мөн бодол санааг төвлөрүүлэх, тайвшируулах хамгийн сайхан хэрэгсэл шүү дээ. Урлагаар олон хүн хүмүүжиж, урлагийг олон хүн мэдрэх тусам тэр хэрээр миний эргэн тойрон амар амгалан тайван байх нөхцөл бүрдэх байх л даа. Хүнийг араатан шинжээс нь авч үлддэг хамгийн том арга зам гэдэгтэй би хувьдаа санал нэгддэг.

Залуу зураач, уран бүтээлчдийг дэмждэг “Ядамсүрэн” сан үйл ажиллагаа явуулдаг. “Ядамсүрэн” сангийн үйл ажиллагаанд яаж оролцдог вэ?
Залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Ядамсүрэн” санг байгуулсан. Жил бүр оюутан залуусын дунд зургийн уралдаан зарлаж залуу уран бүтээлчдийн бүтээлийг олонд таниулах боломжийг олгодог. Сангийн үйл ажиллагааг аавын маань дүү зураач Ү.Туяа эгч рхлэн явуулж байгаа. Мөн өвөөгийн минь нэрэмжит “Анима” зургийн дунд сургууль гэж байдаг.

Ү.ЮМЖИР: ХУВЦАС БОЛ ДҮР ТӨРХИЙН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ


Загвар зохион бүтээгч болохыг багаасаа хүсэж байсан уу?. Хэрэв уран бүтээлчийн гэр бүлд төрөөгүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол?

Урлагийн л хүн болох байсан байхаа. Би чинь СУИС-ийн жүжигчний ангид орох гээд ардын жүжигчин Гантөмөр гуайд шалгалт өгөөд тэнцээгүй, “жийгдэж” байсан юм даг/ ккккк инээв/. Ер нь багаасаа л дуулж бүжиглэх их сонирхолтой байлаа.

Та банк, санхүүгийн салбарт ажилладаг загвар зохион бүтээгч. Дуртай ажлаа хэрхэн амжуулж байна?
Ажлынхаа хажуугаар Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд сурч байгаа. Гэхдээ ямар ч их ажилтай байсан зураг зурж, хувцас оёхоо амжуулна шүү дээ. Энэ өвөл сургуулиа дүүргэнэ дээ. Амжуулья гэвэл хичнээн ч ажлыг амжуулж болдог юм шиг санагддаг. Харин ч завгүй байх тусам ажил их амждаг гээч. Санаж явбал бүтнэ. Их ч зүйл санаж явдаг даа. Өглөө эртхэн босоод дэлхий ертөнц дээр надгүйгээр юу болоод өнгөрчихөв гэж бодно /кккккк инээв/. Надгүйгээр болж өнгөрсөн бүхнийг амжиж мэдэхийн төлөө урагшаа. Хамгийн гол нь цаг алгуурлахгүй, зогсохгүйгээр бага багаар ургашилах л хэрэгтэй.

Яагаад заавал энэ жил загварынхаа анхны шоуг зохион байгуулсан вэ?
Энэ жил загварын шоу хийдэг нь гэнэт ухаан орсоных болов уу /инээв/. Би мөрөөдөөд л яваад байсан. Гэтэл ганц ч хуруугаа хөдөлгөхгүй байхад тэр мөрөөдөл хэзээ биелэх юм вэ гэж нэг л өдөр өөрөөсөө асуусан. Тэгээд яг нэг жилийн өмнөөс яадаг ч байсан загваруудаа гаргая гэж шийдээд зураад эхэлсэн. Зурсан загвар маань 100 гарчихсан. Тэгээд л шоу хийхэд ямар зардал гарах бүхий л судалгааг хийж эхэллээ. Ингэж судалгаа хийхэд минь санхүү эдийн засгийн эдийн засгийн дээд сургуульд сурцалж байгаа тус болсон шүү.

Манайхны дунд загвар зохион бүтээгч л гэхээр загвар өмсөгч нарт зориулсан хувцас урладаг хүмүүс гэж ойлгох нь түгээмэл байдаг. Таны хувьд?
Загвар зохион бүтээгчдийг тэгэж ойлгох хүмүүс байдаг л байх. Загвар өмсөгчид маань хийсэн загварыг хүмүүст үзүүлж таниулдаг шүү дээ. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүс загвар зохион бүтээгчдэд хандаад өөрт таарсан хувцас хийлгэдэг болчихож. Монголын бүх юм хөгжих шатандаа, илүү соёлтой чиг хандлага руугаа орж байна шүү дээ. Энэ нь ч гэсэн хувцас, хувцаслах соёлд нөлөөлж байна.

Стандартны бус гэж ярьдаг л даа. Тарган, хэт туранхай гэх мэт. Биенийхээ өө сэвийг дарсан хувцас оёулах гэхээр загвар зохион бүтээгчдийн хөлс харьцангуй өндөр байдаг. Тэгэхээр загвар зохион бүтээгчдийг зөвхөн халаас зузаан хүмүүст зориулж хувцас оёдог гэж ойлгож болох уу?
Тарган туранхай гэлтгүй хүнд хувцас хийж гаргах үнэ нь нэг ижил байдаг. Хамгийн гол нь махлаг хүнд хувцас оёход харьцангуй ажиллага ихтэй байдаг тал бий л дээ. Гэхдээ загвар зохион бүтээгч өөрийгөө яаж үнэлэнэ түүнээсээ шалтгаалах болов уу гэж бодож байна.

Давгүй гэсэн бүх загвар зохион бүтээгчдийг урлаг соёлынхон өмчлөөд авчихсан юм шиг байдаг. Энэ нь тухайн загвар өмсөгчийн чансааг илтгэдэг ч жирийн нэгэн мань мэт хүмүүс бас гоё баймаар байна ш дээ. Тэдэнд зориулсан тусгай үнийн ханш гаргаж болдоггүй юм болов уу? энэ талаар юу гэж боддог вэ? Нэг үгээр хүн бүрт хүссэн хувцасыг нь оёж өгөх талаар?
Би хүнийг ялгаж хувцас хийдэггүй. Надад хандсан хүн бүрт урлангийн үүд нээлттэй. Бүгд л адилхан хүмүүс шүү дээ. Гол нь урлаг соёлынхон бусдаас ялгарах өнгө төрхтэй хувцас хийлгэдэг болохоор үнэнд ахисан өөрчлөлт гардаг байх л даа. Тэрнээс биш ялгаж байгаа хэрэг биш. Ер нь хувцасны үнэ нь загвараасаа шалтгаалаад ямар материал сонгосноосоо болоод өөр өөр байна л даа.
Гэхдээ энгийн нэг хувцас захиалгын газар, хувцасын салоны үнэ өөр байх нь олон хүчин зүйлээс шалтгаална л даа. Нэгдүгээрт байрлаж байгаа байршилаасаа шалтгаалаад түрээсийн үнэ өөр байж болно шүү дээ. Тэр нь хувцас захиалгын үнэнд нөлөөлдөг гэх үү дээ.

Таны загварын шоунд хамгийн үнэтэй зарагдсан хувцас чинь хэдэн төгрөг байсан вэ?
Дандаа л үнэ асуугаад байна даа /кккк инээв/.
Үгүй ээ яахав өөрт таарсан хувцас хэдэн төгрөг болох вэ гэдэг их сонин байна л даа.
Хамгийн гол нь хийц загвар, ажиллагаа, материалаасаа болно.

Загвар зохион бүтээгч гэж чухам “хэн” бол? Тухайлбал эмч бол өргөсөн тангарагтаа үнэнч бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой гээд л мэргэжлийн нэг ёс зүй, жанжин шугам гэж байдаг даа. Тэр өнцөгөөс харвал?

Эмч хүн бол өргөсөн тангаратаа үнэнч бүх хүнд ижил тэгч үйлчилдэг бол загвар зохион бүтээгчид үргэлж шинийг эрэлхийлдэг, чөлөөтэй сэтгэдэг байх ёстойгоос гадна хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн хувцасыг хийж өгдөг байх ёстой. Хамгийн гол нь миний хийсэн хувцас тухайн хүнийхээ хэрэгцээ сонирхолд бүрэн нийцсэн л байх хэрэгтэй.

Надад нэг залуу чамд зориулаад энэ асуултыг заавал тавиарай гэж байсан. Эмэгтэйчүүд гэж угаасаа л цэцэг цэврүү шиг хүмүүс. Гэтэл энэ загвар зохион бүтээгчид яагаад эрчүүдэд зориулсан сайхан хувцас тэр бүр оёдоггүй юм вэ гэж. Энэ талаар?
Миний загварын 10 хувийг эрчүүдийн хувцас эзлэдэг. Дэндүү бага байна уу. Яг эрэгтэй хувцасаар дагнадаг загвар зохион бүтээгчид байдаг л даа. Гэхдээ эрэгтэй хувцас хийх нь хүнд байдаг. Жишээ нь эмэгтэй хувцасны нэг өдөрт хийдэг оёдолыг эрэгтэй хувцасан дээр 2 өдөр хийх ч юм уу. Элементүүд нь жаахан хэцүү л дээ. Жишээлбэл эрэгтэй пиджак гэхэд л халаас нь илүү их, хатуулга нь их байдаг гээд л. Оёдолчид сайн мэдэж байгаа даа. Эрэгтэй пиджак оёход үйлдвэрийнх яагаад илүү гоё байдаг вэ гэвэл индүүдлэг, наалт наах арга нь өөр л доо. Технологидоо байгаа юм.

Мэргэжлийн болоод загварын ертөнцийг сонирходог хүмүүс таны монгол хувцасыг их үнэлдэг юм билээ. Монгол дээл, монгол хувцас урлах тусгай арга ухаан танд байна уу?
Баярлалаа. Би үндэсний хувцасаар дипломоо хамгаалсан. Урьд өмнө нь эмэгтэй хүн бүр өөрсдөө дээлээ оёоод өмсчихдөг байлаа. Дээл оёж чаддаггүй хүн байгаагүй байхаа. Одоо тэр нь алдагдсан нь жаахан харамсалтай л байдгийн. Монгол хувцасны гол ажиллагаа, чимэглэл нь эмжээртэй байдаг. Гоё эмжсэн дээл ямар гоё харагддаг гээч. Тусгай арга ухаан гэж юу байхав дээ. Гол нь монгол хувцасыг энгийн үед өмсөхөд хялбар болгохыг зорьдог. Өмсөхөд эвтэйхэн, харагдахад аятайхан, угааж цэвэрлэхэд хялбар, даавуу ч сонгох гэх юм уу даа.

Өөрийнхөө загварын шоуг өвөөгийнхөө дурсгалд зориулан хийх нь таны нэг мөрөөдөл байсан гэж ярьж байсан. Тэгвэл одоо танд ахиад ямар мөрөөдөл байгаа бол?
/Инээв/. Мөрөөдлөө биелүүлчихээд мөрөөдөл биелэлээ гээд яриад сууж байх нь гоё юм болов уу даа.

Ү.ЮМЖИР: БИ МӨРӨӨДӨХ ДУРТАЙ
Эмэгтэй хүн юм оёж, сайхан хоол хийдэг байж жинхэнэ гэрийн эзэгтэй болно энэ тэр гээд л хүмүүс ярьдаг. Та ямар ч байсан уран гартай бүсгүй. Харин хоол хийх тал дээрээ?
Эмэгтэй хүн хувцас оёдоггүй юм аа гэхэд зүү утас нийлүүлдэг байхаа. Наад зах нь эр нөхрийнхөө уранхайг шидээд өгчих хэмжээний. Зарим эмэгтэй амьдралдаа зүү утас нийлүүлж үзээгүй гэхээр гайхаад л байдаг юм. Хоол хийх тал дээр гэвэл өөрөө жороо зохиогоод хоол хийх дуртай.

Залуу хүн ямар байгаасай гэж боддог. Тийм байгаасай л гэж боддог тэр чанар өөрт тань байгаа юу?
Залуу хүн бол жавхаалаг, эрч хүчээр дүүрэн, хөдөлмөрч байх хэрэгтэй. Эмэгтэй хүн их мундаг шүү дээ. Эрч хүчээр дүүрэн мөртлөө уян зөөлөн.

Сайн явах санааных гэж үнэхээр үнэн үг. Муу санаж байгаа хүний ажил бүтэхдээ ч муу, царай зүс нь хүртэл муухай болдог гэж санадаг. Сайхан сэтгэлтэй сайхан сайхан бодолтой хүний царай цаанаасаа гэрэлтээд сайхан байдаг шүү дээ.

Уучлаарай. Энэ эвгүй асуулт юм шиг санагдаж болох юм. Гэхдээ сонирхолтой санагдаад байна. Сувд гуайн хүү Бат-оргил “намайг жүжиглэсэн ч, дуулсан ч энэ залуу эмээ, ээжийнхээ далбаан дор яваа юм гэсэн хандлага гаргах нь надад их хэцүү санагддаг. Эцсийн эцэст бүх зүйл хувь хүнээс хамаардаг шүү дээ” гэж ярьсан байна лээ. Үүнтэй холбоотой асуухад өөрийн чинь сэтгэлээ гаргаад хийсэн зүйлийг таны хүч хөдөлмөр биш аав, эсвэл гэр бүлийн чинь нэг хэсэг мэтээр дүгнэж байсан тохиолдол гарч байсан уу.
Бат-Оргилтой санал нэг байна. Намайг юм хийлээ гэхээс илүү аавын нэр гарч ирнэ. Тиймээс би ямар ч үед нүүр улаахааргүй юм хийх ёстой гэж боддог. Төгс бүтээл хийчихээд би ч аргагүй энэ хүний үр удам шүү дээ гэж итгэлтэйгээр баяртайгаар хүлээн зөвшөөрөгдөөд байж байх шиг сайхан зүйл байхгүй. Шинэ үеийнхэн Үржнээ гэж хэн вэ гэдгийг мэдэх хүн байхгүй л дээ. Тиймээс мундаг аавынхаа нэр сүрийг өөрийнхөө уран бүтээлээр дамжуулан үе тэнгийн залуусдаа мэдрүүлэх юмсан гэж боддог, хичээдэг. Миний аав дээрээс хараад надаар бахархаж байгаа даа гэж бодох сайхан шүү.

Загварын сургуульд сурч байхад чинь энэ Ядамсүрэн гуайн ач, Үржнээ гуайн охин гээд багш нар бусдаас арай өөрөөр хандаж байх, давуу эрх элдэх тохиолдол байсан уу? байсан бол энэ үед ямар нэгэн зүйл бодогдох уу?
Тийм зүйл тохиож байгаагүй ээ. Яагаад гэвэл би оюутан байхдаа нүдэн дээр нь хийх зүйлээ хийчихдэг хичээнгүй оюутан байсан шүү. 2-р курсаасаа эхлээд мэргэжлийн дизайнеруудтай зэрэгцээд Гоёл наадамд бүтээлийнхээ хүчийг үздэг байсан. Гаргасан амжилт гэхээр зүйл үгүй ч мундаг мэргэжлийн дизайнеруудаас урмын үг сонсон, үнэлүүлэх нь үнэхээр сайхан байсан шүү.

Таныхаар хувцас бол?
Хувцас бол хүний дүр төрхийн салшгүй нэг хэсэг


Харин эмэгтэй хүн?

Бурханы харамгүй урласан тансаг бүтээл

Та өөрөө өдөр бүр гоё ганган байж чаддаг уу?
Өдөр бүр гангалаад байдаггүй ээ. Гангалах үедээ гангалан, ажил дээрээ бол ажил хэрэгч хувцасладаг.

Ингэхэд би Юмжир гэдэг нэрийг анх удаа л дуулж байна. Энэ нэр ямар утга учиртай нэр вэ?
Өвөө маань энэ нэрийг надад хайрласан. Хүүхэд байхдаа энэ нэрэндээ дургуй байлаа. харин одоо маш их дуртай, бас хайртай шүү. Утга нь Занабазарын 21 дахь дарь эхийн нэр гэж сонссон. Дуудах нэрийг эцэг эх дуурсах алдарыг өөрөө гэдэг байхаа. Нээх алдар хүндийн талаар боддоггүй ч, гэр бүлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж хайрлаж явах юмсан гэж хичээж яваа. Хийсэн ажилдаа эзэн шиг эзэн байхыг л боддог доо.

Өөрийн хэлэх дуртай хамгийн сайхан санагддаг үгээр ярилцлагаа төгсөх үү?
Амьдрал сайхан.

Би баян болно гэдгээ цаг ямагт мэддэг байсан. Үүндээ нэг хором ч эргэлзэж байгаагүй. Варрен Буффет

Мөнгө “үйлдвэрлэгч”
Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишигсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа.
77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм.

Варрен Бафетын дараа Мексикийн харилцаа холбооны “хаан” гэгдэх Карлос Слим Хэлу 60 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 2-рт бичигдэж, 58 тэрбумын хөрөнгө тоолуулсан Микрософтын вант улсын эзэн Билл Гейтс удаалсан байна.
Манай гаригийн хамгийн баян хүн Варрен Буффетын амьдралын хуудсыг хамтдаа сөхье.

6 настай “наймаачин” хүү
Үе тэнгийн 6 настанууд нь ээжээрээ өмдөө татуулан, мээмнээсээ ч гараагүй эрхэлж, тоглоом наадам эргүүлэн гүйж байх тэр үед Варрен хүү өвөөгөөсөө зээлсэн 25 центээр 6 багц Кока кола ундаа худалдан авчээ. Ингээд гудамжинд хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт нэг ширхэг Колог 5 центээр зарлаа. 1930 оны 8-р сарын 30-нд Ховардын 2 дахь хүү болон мэндэлсэн Варрен хүүхэд байхаасаа л хэн нэгнээс худалдаж авсан зүйлээ бусдад үнэ нэмэн зарж ашиг олдог “мөнгө хүүлэгч” байсан бөгөөд мөнгөө хэрхэн өсгөх тал дээр толгой нь гайхалтай ажилладаг овжин хүүхэд байлаа. Брокероос, Конгрессын гишүүнд өрсөлдөж явсан аавын сэргэлэн зан Варрен хүүд өвлөгдсөн нь тэр бизээ.

Кока коло жижиглэн зарж олсон ашгаараа 6 настай Варрен унадаг дугуй худалдан авч өөртөө бэлэглэв. Үүнээс 5 жилийн дараа буюу 11 настайдаа Cities Service-ийн нэг бүр нь 38 доллараар үнэлэгдсэн 3 ширхэг хувьцаа худалдан авчээ. Хувьцаа худалдан авсны дараахан 38 доллараар арилжигдаж байсан хувьцааны үнэ 27 болтолоо унахад Варрен маш их сэтгэл санаагаар унасан гэдэг. Гэтэл тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй хувьцаагаа тэвчээртэй хадгалж нэг бүр нь 40 долларын үнэтэй болоход зарж санаа нь амарчээ. Гэтэл тэрбээр бас л яарсан гэдгээ ухаарлаа. Учир нь хувьцаагаа зарсанаас хэдхэн хоногийн дараа Cities Service-ийн хувьцаа 200 доллараар арилжигдаж эхлэв. Энэ явдал нь Варренд “Тэвч. Тэвчээр бүхнийг ялна” гэдэг сургамжийг өгсөн гэдгийг тэрбээр хожмоо дурсан ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд та ажиллахыг хүсэж байвал эсвэл энэ зах зээлээс мөнгө “уутлах” сонирхолтой бол сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган донсолж, яарч болохгүй гэдэг алтан зарчимыг баримтлах ёстой гэж Варрен хэлсэн байдаг.

Пенсилваний их сургуулийн Вартен бизнесийн сургуулийн профессоруудыг мадалсан хүү Харвардад “жийгдсэн” нь
1947 он. 17 настай Варрен Буфет ахлах сургуулиа дүүргээд аавынхаа шахалтаар их сургуульд орохоор болов. 6 настайгаасаа наймаа хийсэн Варрены “хөрөнгө” энэ үед 5000 доллар болтол өссөн байлаа. 6 настайдаа хувьцаагаар бизнесийн гараагаа эхлэсэн Варрен хүү Вартены бизнесийн сургуульд орсон боловч сургуулийн профессоруудын заасан бүхэн чамлалттай санагдсан тул сургуулиа орхихоор шийджээ. Сургуулиа орхисон Варрен Харвардын бизнесийн сургуулийн магистрын сургалтанд элсэхээр шийдэн хүсэлт гаргасан боловч Харвардаас түүнд санаанд оромгүй хариулт ирүүлсэн байна.
Энэ нь Варреныг ердөө л Харвардын магистарын сургалтанд суралцахад дэндүү залуу байна гэсэн шалтгаан байлаа. Тухайн үед доромжлол мэт хүлээн авсан энэ явдал нь түүнд хожмоо амьдралынхаа ялангуяа бизнесийн “тулаанд” хүчтэй байлдагч болоход нь тусласан гайхамшигт багштай учруулах эхлэл нь байсан гэдгийг Варрен өөрөө ч мэдээгүй юм.
Асар том боломжийг нь салхинд туусан тэрхүү дугтуйтай захиа Варренд түүнээс том боломжийг нь нээсэн шидэт илгээмж байжээ. Харвардад бүлтгүйтсэн хүү Колумбийн их сургуульд хүсэлт гарган оюутан боллоо.

Варрен Буффетын бизнесийн загалмайлсан эцэг
Колумбийн их сургуулийн багш Бен Грахамд Варрен Буффет “яг л мөнгө үйлдвэрлэгч” л ийм байх ёстой болов уу гэсэн сонгодог шинэ дүр төрхийг сануулдаг байсан гэдгийг хожмоо дурсан ярьсан байдаг. Энэ ч утгаараа цовоо сэргэлэн, суусан газраасаа шороо биш бүүүр алт ганзгалдаг Варрен хүү Колумбийн их сургуулийн профессор, хөрөнгийн зах зээлийн гайхамшигт гарын авлага гэгдэх “Security Analysis”, болон “Intelligent Investors” номын зохиолч, Бен Грахамын хайртай шавь болсон юм. Бен Грахам, 21 настай Варрен хүүг хөрөнгийн зах зээлийн эргэлт буцалтгүй хөтлөсөн алтан шатыг дардан тавьсан хүн яах аргагүй мөн гэдэг.

Оюутан байхдаа “Хэн нь хэн вэ” номыг уншсаны дараа Варрен Буффет уг номонд гардаг GEICO гэх хэн ч мэдэхгүй даатгалын компаний захиралтай уулзахаар Вашингтоныг зорьлоо. Энэ үед Варрен 21 настай байсан юм. Бямба гарагийн өглөө Вашингттонд GEICO-ийн байранд ирэхэд түгжээтэй хаалга түүнийг угтав. Варрен хэн нэгэн тэр байшинд ирж хаалга онгойлгохыг хүлээн үд дунд хүртэл байрны гадаа суужээ. Компаний хаалгач ирэхэд Варрен компаний байранд хүн байгаа эсэхийг асуутал 6 давхарт хонон өнжин ажилласан хүн байгаа тухай мэдэв. “Гэрээ мартсан гэсэр шиг” ажилладаг энэ хүн бол тус компаний Санхүүгийн албаны дарга Лоримар Давидсон байсан юм. Энэ хүн Варренг даатгалын компанитай насан турш нь холбох гүүрийг тавьсан бөгөөд хэн ч мэдэхгүй жижигхэн компани ч Варрены ачаар дэлхийд нэртэй болж чадсан байдаг.

Залуу Варрен Буффет хөрөнгийн зах зээлд
Колумбийн их сургуулиа төгсөөд төрлөх хотдоо эргэн ирж аавынхаа брокерын пүүсд ажилд оров. Энэ үеэр Сюзи нэртэй бүсгүйтэй танилцан төд удалгүй 1952 онд гэрлэжээ. Варрен Буффет өдрийн цагаар аавынхаа пүүсэд ажиллаж оройгоор Омахагийн их сургуульд лекц уншин бүх цагаа мөнгө болгохын тулд хөдөлмөрлөж байсан ч гэр бүлийн амьжиргааг нь хангалттай залгуулж чадахгүй л байлаа.

Ингээд тэрбээр Нью Иорк руу нүүв. Их хотод ирээд S&P-ийн тайланг судлан хөрөнгө оруулалтын боломж бололцоог эрэлхийлэв. Яг эндээс Варрен Буффетын хувийн онол, баримтлал төрж энэ баримтлал нь түүнийг хожмоо хэнд ч дийлдэхгүй хүчтэй хөрөнгө оруулагч болгох суурийг тавьжээ. Компани хэрхэн ажиллаж байгаа, компаний бодлого нь тус байгууллагад ямар давуу талыг бий болгож буй зэрэг нь Варрены анхаарлыг илүүтэй татна. Энэ бүхнээс тэрбээр компаний менежментийн бодлого нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хамгийн гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл гэдэгт бат итгэлтэй болж ирсэн юм. Харин Бэн Грахам компаний тайлан баланс, орлогын тайлан нь хөрөнгө оруулалт хийх шийдвэрийн гол чиглүүлэгч гэж үзэж байлаа. Нью Иоркод ирсэн Варрен өөрийн гэсэн заримчтай ч болж мөн анхны хөрөнгө оруулалт хийсэн 9,800 доллараа 140,000 доллар болтол өсгөж чадлаа.
Энэ мэтээр явсаар Варрен 1956 он гэхэд 300,000 долларын хөрөнгөтэй болсон байв. 100,000 ам долларын анхны хөрөнгө оруулалт нь түүний мөнгийг 300,000 болтол нь өсгөж чаджээ. 1960 он гарахад 3 сайхан хүүхэд, үзэсгэлэнтэй халамжит эхнэр, ирээдүйтэй, амжилттай яваа бизнес гээд аз жаргалтай амьдралын бүхэн Варрен Буффетад байв. Өсөлтөөс өсөлт рүү байнга тэмүүлэн амжилттай явж ирсэн түүний нууц нь Варрен хэзээ ч санаа амран хойш суухгүй яг л бүхнийг шинээр эхлүүлж байгаа юм шиг эрч хүчтэй хөдөлмөрлөдөгт байв. Тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 1962 он гэхэд Варрены гэр бүлийн хөрөнгө 6,846,936 болжээ.
Мэдээж үүнээс хойш түүнд уналт гэж бараг байсангүй дандаа өсөлт, амжилт, ашиг гэсэн гинжин хэлхээнд эргэлдсээр 2008 оны Forbes-ийн тэрбумтануудыг тэргүүлж нэгд бичигдсэн билээ.

ПИЛАНТРОФИ – БУСАДТАЙ ХУВААЖ ИДСЭН ХООЛ МАШ АМТТАЙ БАЙДАГИЙН.
Варрен Буффет бол зүгээр нэг мөнгө эргэлдүүлэгч, мөнгө үржүүлэгч, тоо бодогч биш тэрбээр хүмүүнлэгийн үлгэр жишээ үйлстэн, пилантрофийг дэлхий нийтэд ойлгуулахад асар их ажил хийж яваа буянтан.
2006 оны 6-р сарын 27: Энэ өдөрт дэлхийн пилантрофийн түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх үйл явдал болсон гэж хэлж болно. Энэ өдөр манай гаригийн хамгийн баян хүмүүс болох Билл Гэйтс, Варрен Буффет нар дэлхий нийтийн ядуурал, өлсгөлөн, халдварт өвчний эсрэг тэмцэхэд 60 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт бүхий санг байгуулан гарын үсэг зуржээ.
Өөрөөр хэлбэл Варрен, Гэйтс хоёр хөрөнгийнхөө 80 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг дэлхий нийтийн сайн сайхны төлөө гэрээслэн үлдээсэн гэсэн үг юм. 150 гаруй жилийн түүхтэй Америкийн пилантрофийн түүхэнд энэ явдал нь санаанд багтамгүй асар баялаг хөрөнгө оруулалт байлаа.
Нью Иоркийн төв номын санд сангийнхаа нээлтийг хийж гарын үсэг зурсан тэрбумтан найзуудаас гайхширсан сэтгүүлчид олон асуултыг тавьж байжээ. Сэтгүүлчид “олон жилийн турш хурааж хуримтлуулсан хөрөнгийнхөө 80 гаруй хувийг бусдад зориулах шийдвэрийг яагаад гаргах болсон вэ” гэсэн асуултыг нэгэн зэрэг сонирхож байв.

Энэ асуултанд Варрен Буффет “Өнөөдрийн баялагаа би өөрөө босгосон. Үр хүүхдээ би хэнээс дутахгүй хүн болгон хүмүүжүүлж чадсан. Миний хүүхдүүдэд миний мөнгө биш өөрсдийнхөө хөлсөөр бүтсэн баялаг амттай байх бизээ. Би эртнээс л 3 хүүхэддээ энэ бүхний та нарт өвлүүлэхгүй шүү гэдгээ хэлдэг байлаа. Варрен Буффетэд харьяалагдаж байгаа энэ бүх баялаг, эд хөрөнгө бусдын хөлс хүчээр бүтсэн зүйл. Иймээс би тэдний сайн сайхны төлөө эргүүлэн зарцуулмаар байна” гэж хариулсан гэдэг.

Хамтарсан сангийн хөрөнгө оруулагч Билл Гейтс “Энэ хөрөнгө оруулалтыг хүртсэн хэн бүхэн урдах ажлаа сэтгэлээсээ хийгээсэй гэж би хүсэж байна” хэмээн хариулсан байдаг.
Сайн үйлсийн /пилантроф/ сангийн нийт хөрөнгөөс жилд 3 тэрбумыг зарцуулах эрхийг сангийн ажилчидад олгожээ. 3 тэрбум нь АНУ-ын нэг улирлын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм байна.
Билл Гэйтс, Варрен Буффет нарын байгуулсан сайн үйлсийн сан 500 гаруй ажилтантай бөгөөд Сэйтэлд байрладаг гэнэ.
2009 онд 79 настай золгож байгаа Варрен Буффет “сэтгүүлчид надаас та энэ их эд хөрөнгийг бий болгох хэр хүч хөлс хүч, он цагийг зориулснаа бидэнд яриач гэдэг. Үүнд ганцхан хариулт бий. Би хэзээ ч мөнгөний төлөө хөдөлмөрлөөгүй. Зүгээр л ажилдаа дур сонирхолтойгоор тэмүүлж, дуртай ажлаа бүхнээс сайн хийхийг л хүссэн юм. Гэхдээ би өөрийгөө баян хүн болноо гэдгийг мэддэг байсан юм шүү. Өөртөө төрүүлсэн итгэл маань бүхнээс хүчтэй болгож байсанд нууц нь бий болов уу гэж би хариулдаг” гэжээ.

Англи хэлнээс эмхэтгэн нийтлэв.

Тэнэг юм даа тэнэг юм

Өчигдөр нилээн оройтож гэртээ орлоо. Бага дүү ноутбуук асаагаад хип хоп дуу байдаг чангаар чарлуулчихсан, дээрээс нь мессенежерээ нээгээд нээх олон хүнтэй зэрэг чатлаад байж байдгийн. Ажлаасаа гарахдаа л гэрт ямар хоол хийсэн бол гэж бодон, өнгө бүрээр нь зураглан, идэж амжаагүй хоолондоо шүлсээ урьдчилан асгаруулан ортол юун хоол!!!!!!!
Уур түс хийгээд л ... уур гэнэт хүрэв, улаан гал дүрэлзэв гэдэг шиг л ... “Чи хэдэн цагаас ирсэн” гэхэд дүү маань сулхан дуугаар “6 өнгөрөөд” гэлээ. “Тэгээд 6 цагаас хойш 10 хүртэл юу хийж суугаан чи хоол ундаа ч хийхгүй” гээд л цамнаж гарлаа даа.

Өөрөө нэг хоолны ая тал боддогийн билүү гээд хөргөгчнөөс мах гаргатал тас хөлдүү. Хөлдүү мах мөд гэсэхгүй гэдгийг мэдрэнгүүт ахиад л дүү рүү бөөн “ууран” бөмбөгөөр зогсоо завдалгүй шүршэв. Сонсож байсан хөгжмийг нь тас хийтэл унтраагаад мессенжерийг нь шууд хаагаад л ...

Дүү таг чиг. Тэр хавиар аягаа угаагаад, шал арчаад л гүйгээд байлаа. Би гэж нээх том “баатар” талх масло энэ тэрхэн эргүүлээд явах зуур дүү ор засаад “оогий эгчээ одоо унтаа” гэв. Гэтэл өнөөх нь “чи намайг унтуулж яахнуу” гээд л уурлав. Заа ингээд нэг мах зорж шөл хийж уугаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтвоооо хөөрхий.

Өглөө эртээ дүү босчихсон цай чанаад хоол бэлдчихжээ. Хичээлдээ явах гэж байгаа бололтой хувцасаа өмчихсөн үүдэн хавиар бултагнаж ямар нэгэн зүйл хэлэх гээд дүлэгнээд бүлтэгнээд байхын. “Хичээлээсээ хоцорлоо ш дээ чи яваач” гэтэл ... өнөөх маань “Баагий ах өнөөдөр оогий эгчээсээ мөнгө авчихаарай” гэсэн.

Ажаамаа нь 3000 төгрөг шидлэн барин дүүдээ өгөв. Дүү ч чимээгүйхэн гараад явчихлаа.
Дүүг гарах даруйд сэтгэл нэг хөндүүр оргиод, хүйт даагаад явчихав. Миний бага дүү одоо их сургуулийн нэгдүгээр курсын оюутан залуу. Дүүдээ дэндүү муухай зан гаргасандаа өөрийгөө жаахан зэмлэнгүй. Өнөөдөржингөө ажил дээрээ өөрийгөө зэмлэнгүй суусаар л. Үгүй ээ яахав дээ нэг өдөр хичээлээсээ оройхон ирээд найзуудтайгаа чатлаад, хөгжим сонсож байх зуур цаг хугацаа яах ийхийн зуургүй өнгөрөө л биз. Би өөрөө оюутан доргион байгаагүй юм шиг тэгтлээ адаар аашилж байх даа яахав дээ гэж бодоод л ....

Бага дүү маань миний нуруун дээр хүн болсон. Дүүгээ үүрээд, тэргэн дээр түрээд Буянт голын хөвөөгөөр зөндөө явдаг байлаа. Жаахан байхдаа хонгор шар үстэй бондоосон хөөрхөн хүү байж билээ. Цайвар шаргал царайтай, хонгорхон шар үстэй хөөрхөн хүү байсан болохоор нь өхөөрдөөд “Цагаан-аа” гэж дуудна. Манай байрны “ОД”. Хүн бүр л яасан хөөрхөн хүү вээ гээд л өхөөрдөнө. Одоо харин том залуу болсон хэдий ч бусдаасаа нэг л эрхлэнгүй бас бусдад өөрийгөө даатгах шинжтэй, бие даасан биш. Айлын бага болохоор тэгдэг ч байж мэднэ.

Орой болгон эгчийнхээ хөлөнд иллэг хийж өгнө. Дүү минь угтаа бол их хүмүүжилтэй. Унтахынхаа өмнө хөлөндөө иллэг хийлгэхээр нэг мэдэхэд унтаад өглөө их сайхан ааш зан сайтай сэрнээ нөгөөх нь. Орой бүр эгчийнхээ хөлөнд эзнээс нь илүү анхаарал тавина. Түмпэнд ус хийгээд "та хөлөө хий. Хөлний ядаргаа тайлагдвал хүн сайхан амардаг юм гэнэ”. Гэрээсээ холдож явах бүртээ хамгийн ихээр санадаг хайртай хүмүүсийн маань нэг л дээ. Хүн гэдэг тэнэг шүү. Хамгийн эрхэм хүмүүсээ хайр найргүй “уураар” бөмбөгдөөд л ...

Ахин дахин бодмоор ...

Эрж хайж олдохгүй, хүсэвч үл сонсогдох сайхан үгс гэж буй. Энэ амьдралд нялуун чихэрлэг үгс өч төчнөөн хүртэвч сэтгэлд хадагдаж, ухаанд шингэх нь ховорхон. ТИТЭМ ҮГ цувралын энэ хэсэг илүүтэйгээр таалагдлаа. ӨӨРИЙНХӨӨ БУЯНТ ҮЙЛСЭЭР ГАЙХУУЛДАГ ХҮНЭЭС БОЛГООМЖИЛ

Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн буянтны үйлдэл. Буяны тус багаддаггүй. Буян санаж үйлдсэн гялтайх жижигхэн тус ч биенээсээ хавьгүй том сэтгэлийн гэгээ гэрлийг дагуулан ирдэг юм. Бусдын төлөө буян үйлдэх нь хүн болж төрснийх нь утга учир мэт ухаарч санаж явдаг хүмүүс бий. Тэд буяны үйлсийн төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан байдаг. Эд нар цаглашгүй буянтнууд.

Буянтнуудын тусыг хүртдэггүй хүн энэ хорвоод үгүй. Буянтны тусыг тосон авахад ч, буян санаж өгөхөд ч учир бий. Авах ёстойгоос илүүг авах гэж бүү шуна. Бас өгч чадахаасаа илүүг өгөх гэж бүү шанал. Чин зүрхнээсээ өгөх нь ч, авах нь ч аль аль нь сайхан. Хариу горьдолт, харамж тооцоо энд байх ёсгүй. БУЯНЫ ТУС НАЙМАА БИШ. Чи тус болсон хүнээсээ урмын үг, баярын нулимс шаардах ёсгүй. Харин урмын үгээ хэлж, баярын нулимсаа арчих эсэх нь буянтнаас хишиг хүртэгчийн ёс суртахууны хэр хэмжээний асуудал. Жинхэнэ буянтны сэтгэл нь нээлттэй, ам нь хаалттай байдаг юм. Ер нь буяны үйлсийн талаар тус болсон нь дуугүй байж, тусыг хүртсан нь дуугарч байх нийтлэг нэгэн зарчим бий. Их ч бай, бага ч бай буянт үйлсээрээ гайхуулан шагшуулах хэрэггүй. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил. Тийм хүмүүс гайхуулаад байх буянтнууд төдийлөн биш, ажлаасаа ам нь давчихсан байх нь элбэг. Аль эсвэл буянт үйлс бүтээсэн ч түүнийгээ нийтийн тусыг бодож хийгээгүй, хувийн ашиг хонжоо бодож үйлдсэн байх нигууртай. Буянт үйлсээр гайхуулагсадаас их буяныг хүлээгээд нэмэргүй. Жинхэнэ буянтай үйлсийн эзэд намайг хэн юу гэж магтах бол гэж горьдлого тээн, чих тавин чагнадаггүй. Яруу алдраа даяар цуурайтуулан зогсч байгаагаар төсөөлөн, сэтгэлээ зогоон хүлээдэггүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж бодно. Харин дутуу хийсэн болов уу, тус болж чадсан болов уу гэж сэтгэлээ чилээн, санаа зовж явна. Буянтай үйлсийн үнэ цэнэ өөртөө шингэн үлддэг болохоос үнэ хүргэх дуудлага худалдаанд хэзээ ч ордоггүй билээ. Итгэл алдарч, гуниж гутарсан хүнд урам хайрлаж, зориг нэмсэн шидэт үгийг хэлэх нь буяны дээд буян. Энэ үгс бөхөн алдаад байсан итгэл найдварын гэрлийг зүрхэнд нь эргүүлэн асааж өгнө. Санаа зовон, сэтгэл түгшсэн хүнийг сэтгэл засах бүлээн дулаан үгээр тайтгаруулан тайвшруулах сайн санааны үйл нь усгүй ээрэм талд ундаасаж ангасан хүнд уух ус өгч, ангаа цангааг тайлах буянтны үйлдэлтэй адил ижил.

Тэр надад хэзээ ч туслахгүй гэж бодож байсан хүн нь ядарсан үед буяны гараа сунгаж туславал дээдийн буян болоод зогсохгүй сэтгэлийн гэгээ, нүүр дүүрэн мишээл баярыг хамт хайрлана. Ийм буяны тус хэд дахин үнэ цэнэтэй. Тэр надад зайлшгүй туслана гэж итгэн хүлээж байсан нөхөр нь урмыг хугалан чимээгүй байх нь сэтгэлд асч байсан итгэлийн зулыг үлээн унтраахтай адил. Тэгэхдээ энэ хорвоогийн найдваргүй араншинг зүрхэнд тултал сануулна. Үүнээс адгийн хорлол тэр бүр байхгүй. “Хүмүүст ихийг өгч, өөртөө багыг шаарддаг хүн сайн, бусдад багыг өгч өөртөө ихийг шаардагч муу хүн байдаг” гэдгийг эргэцүүлэн бодоорой. Ер нь хэн ч байлаа гэсэн авах болохоор ухасхийдэг, өгөх болохоор гэдэсхийдэг байж таарахгүй.

Бурууг нь шүүмжилж, болохгүйг нь сануулж, болзошгүйг нь сэрэмжлүүлж байгааг инээд алдан, гараа тосон хүлээж авдаг хүн төдийлөн олон биш. Уг нь чиний унтсаныг сэрээж, умартсаныг сануулж байгаа тэр хүн ачлал буянтан. Тэдний үгийг чих тавин сонсдоггүй юм аа гэхэд чихнийхээ хажуугаар яавч бүү өнгөрөө. Болохгүйг сануулах хүнгүй бол болохгүй бүтэхгүйн намагт гүн гүнзгий шигдэнэ. Бурууг шүүмжлэх нөхөргүй бол буруу бусармагийн хөлгүй далайд живнэ. Сэрэмжлэхийн дээдээр сэрэмжлэхгүй бол ялагддаг юм.

Гатлахуйяа бэрх зовлон бэрхшээлтэй тулгаран шантрах үе чамд тохиож магад. Хийх, бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлээр шатаж явсан эрч хүч чинь ямар нэг шалтгаанаас болж саарах мөчтэй тулгарч болзошгүй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байх салшгүй сайн нөхөд чамд хэрэгтэй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байгаа хүмүүс чиний хувьд цаглашгүй буянтнууд. Тэд байгаагүй бол чи саарсан хүчээ нөхөж, шантарсан сэтгэлээ сэлбэж чадах байсан уу, үгүй юу гэдгээ эргээд бодож байгаарай. Тэд өглөгийн дээдийг өгч, буяны дээдийг хүртээсэн буянтнууд мөн байжээ гэдгийг чи санан дурсаж, баярлан талархах болно. Зовлонтыг өрөвдөн энэрч, золгүйг өмгөөлөн аврах нь зол буяны дээд. Өр зүрхний гүнээс оргилон гарсан өрөвч сэтгэл жинхэнэ буянтных. Өрөвч сэтгэлтний дүр эсгэсэн хий хоосон хөөрхийлөл буянтны багтай буруу бодолтных.

Буянтай байна уу, нүгэлтэй байна уу чиний амьдрал бол чиний л бүтээл. Чамд тохиосон уйтгар гуниг, сэтгэлийн зовиурт чамаас өөр хэн ч буруугүй. Энэ бол чиний тарьж суулгасан үрнээс соёолж ургасан ургац. Тийм байтал бурууг өөрөөсөө биш, бусдаас эрж хайх гээд байдаг мунхаг төөрөгдөл ихэнх хүмүүсийг ноцон хоргоож байх юм. Бурууг бусдаас хайх шиг амархан юм байхгүй. Гэхдээ тэндээс олох олдвор бүр ч байхгүй. Сэтгэл чинь чамайг есөн шидээр уруу татна. Тэндээс төөрөх түмэн сэжүүр, будилах буман нугачаа үүснэ. Эдний нэг нь бурууг бусдаас хайх мөнхийн төөрөгдөл юм. Ер нь бэртэгчин сэтгэл бурууг гаднаас эрж, хариуцлагаа ямагт гадна тал руу чихдэг араншинтай. Бурууг бусдаас хайгаад, хариуцлагаас яаж ийгээд мултрах гээд оролдоод байгаагаа мэдэрвэл бэртэгчин сэтгэлд улам бүр хүлэгдэж байна гэдгээ эртхэн ухаарч, засахыг хичээ. Энэ бол өөрөө өөртөө үйлдэж байгаа том буян шүү.

Өөрийнхөө орон зайг баттай эзэл. Эс тэгвээс чи шоовдор хүүхэд мэт гадуурхагдаж, шахагдан тусгаарлагдана. Чиний орон зайг эзлэх гавьяагүй өөр нэгэн эзлэн, хээв нэг сууна. Эзлэх ёстой орон зайгаа эзэлж чадаагүй хүн бүх юманд сэтгэл дундуур, битүүхэн гомдол тээж, түүндээ хэн нэгнийг дотор сэтгэлдээ буруутгаж явах болдог. Өөрийнх нь орон зайг эзлэхэд нь хүмүүст тусал. Энэ тун их буянтай ажил. Энд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тус дэм хэрэгцээгүй. Чи зөвхөн бурууг нь шүүмжлэн хэлж, дутууг нь гүйцээхэд нь тусалж, хөдөлгөөнгүй зогссон байр сууринаас зөв зүгт хөдөлгөхөд нь амьдралын ухаан далайгаасаа дусал дуслаар хайрла, ачлал буянт зөвлөгөө санамжаа тун тунгаар харамгүй өг. Энэ бүхэн мартахын аргагүй буян болно.

Аливаа буянтай үйлийг чин сэтгэлээсээ үйлдэж бай. Сэтгэлээсээ үйлдсэн буяны үйл урт настай, удаан жаргалтай. Сэтгэлээсээ үйлдээгүй буяны үйл сэмэрч үжирссэн даавууны л настай, тус нэмрээр бага. Албан шахалтаар үйлдсэн буянт үйл аваа өгөө төдий л зүйл болохоос амь сүнсгүй, үнэ цэнэгүй. Шударга бус явдлаас зайлсхийх нь шударга үйлдэл төдийгүй буянтай үйлс. Шударга бусыг үйлдэгсэд буяндаа бузар хийж байгаагаа мэдээсэй. Шударга бусаар үйлдсэн аливаа зүйлийн үр дүнд буян хишиг өчүүхэн ч хуралдан цуглахгүй, харин нүгэл хилэнцийг хангалттай хураан бөөгнүүлнэ.

Тус хүргэж, буян үйлдсэн хүний ачийг марталгүй санаж яв. Тус болж, буян үйлдсэн хүний ачийг үл санах нь тусыг усаар хариулахаас онцын ялгаа үгүй. “Санаа зөв бол заяа зөв”. Буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй юм гэсэн шүү. Чамд буян хүртээсэн буянтандаа талархаж сур. Сэтгэлээсээ хэлсэн чиний цөөхөн зөв үгийг сонссон буянтны сэтгэлд наран гийж, зүрхэндээ баяртай үлдэнэ. Тэгж чадвал чамд буян хурна. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулах хэрэггүй, харин гайхамшигтай буянт үйлсийг бүтээж амьдар. Буяны эзэн чамайг хүмүүс аяндаа хайрлан хүндэтгэх болно.