Хайраа түгжье

Утсаа халж, товчлуурын бичиг арилтал мессеж бичдэг байсан тэр үед иймэрхүү зүйл байсан бол гоё байхгүй юу. Зураглал нь хөөрхөн комикс.

Хайрласаар, хайрлуулсаар амьдарцгаая

Блогтоо баярын мэндчилгээнээс өөр бичлэг оруулалгүй уджээ. Одоо ч гэсэн баярын мэндчилгээ гэхдээ уртыг оруулчихья даа.


2 сарын 14ны өдрийг хайртай хосуудын өдөр гэдэг. Энэ баяр “импортын” баяр ч бай хамаагүй зүрх бүр хайртай хайртай гэж хүчтэй цохилох донсолгоог хамгийн ихээр мэдрэх энэ өдрийг эргэн тойронд хүмүүс тэмдэглэн өнгөрөөж байгаад би хувьдаа баяртай байдаг.

“Энэ хорвоод гурван агуу зүйл байна.
Нэгд, өөрөө чи хүнд дурлана гэдэг агуу
Удаад нь, өөрт чинь бас хүн дурлах агуу
Гэвч агуугаас агуу тэр зүйл бол ЭНЭ ХОЁР ХАМТДАА ТОХИОХ ЮМ ДАА”
гэсэн үг байх. Мэдээж хамтдаа тохиож байвал агуугаас агуу зүйл гайхамшиг биш гэж үү, бүхий л зүрх сэтгэлээрээ хоёр биенийхээ төлөө цугтаа цохилж "бөмбөрдөнө" гэдэг хүний биенээс гарах, биеэр "тоглох" хамгийн сайхан хөг аялгуу бизээ. Гэлээ гэхдээ өөрөө хүнд дурлаж, эсвэл өөртөө хүн дурлуулах ч мөн гайхамшиг. Зүрх сэтгэл нь хайрлаж чадаж эс бөгөөс эргүүлэн өгч чадахгүй ч өөрт хүн хайртай гэдгийг мэдэрч амьдрах нь өөрөө гайхамшиг юм.

Нүцгэн ирээд, нүцгэн л буцах хорвоод хүнээр хайрлуулж, хүнийг хайрлаж, өгч өгч бас дахиан өгч амьдарсаар “үзэхийн эцэстээ” үй олон хайрын сүман зүрхтэй золгох сайхан биш байна уу, биш гэж үү. Магад дэндүү романтик гэлээ ч хайр бол амьдралын хүрдийг зөвөөр хөдөлгөгч хүч гэдэгт би итгэдэг.

Хүн ганцаарддаг. Хүмүүс дунд ганцаарддаг. Гэхдээ хайрлаж чаддаг, хайрлуулж чаддаг, хайр дааж амьдардаг хүн ганцаарддаггүй байхаа. Би өөрөө хөвж, нисэж, дуулж амьдрах дуртай. Ихэнхидээ зүрхэндээ итгэдэг. Зүрх минь худал хэлдэггүй гэдэгт итгэсэн учраас аз жаргалаа олсон. Хайрлахын эхлэл итгэл ч байж болох, басхүү хайртай байсаар хайрлуулсаар амьдрах бүх хугацаа ганцхан итгэл дээр тогтсоор байдаг бизээ.

Бүгдэд нь гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе.

Баярын энэ өдөрт зориулаад Даярмонгол сайт дээр М.Саруул-Эрдэнэ ахын орчуулж нийтэлсэн хайрын тухай богино өгүүллэг, туужуудаас өөрт таалагдсан 2-ыг орууллаа.

Хараагүй охин
Хараагүй болохоороо өөрийгөө учиргүй үзэн яддаг нэг охин байсан юм сан жээ. Хайртай залуугаасаа бусдыг бүгдийг нь үзэн ядна. Учир нь залуу л үргэлж охиныг харж халамжилдаг аж. Охин энэ дэлхийг харах өдөр ирдэг л юм бол найз залуугийнхаа гэргий нь болно хэмээдэг байлаа.
Тэгтэл нэгэн сайхан сэтгэлтэн хос нүд хандивлаж, охин ч ертөнцийг, бас найз залуугаа анх удаагаа харав. “Хорвоог харах өдөр чинь ирлээ, хонгор минь надтайгаа одоо гэрлэх үү?” Гэтэл найз залуу нь бас өөр шиг нь сохор нэгэн байсныг харсан охин цочирдон, татгалзжээ.
Залуу уйлсаар холдон одов. Хэсэг хугацааны дараа нэгэн захиа ирүүлснийг нь уншвал “Би чамдаа үүрд хайртай хэвээрээ шүү. Харин нүдийг минь хайрлаж яваарай.”


**********

Залуу хайртдаа 12 цэцэг авчирчээ. 11 нь амьд, нэг нь харин хиймэл цэцэг байх юм гэнэ. Тэгээд хэлсэн нь: “Хамгийн сүүлчийн цэцгийг үхэж дуустал чамдаа би дурласаар байх болно”.