ХОЁР. Миний төрсөн нутаг

ТҮРҮҮЧ НЬ 9-Р САРЫН 15-НД
Би алс баруун хязгаарын Ховд нутгийн бүсгүй. Одоо зүүдэндээ харахаас хэтрэхгүй болоод байгаа төрлөх нутгаа хөгшин Европийн Германд мэдэрсэн жаргалтай өдрүүдийнхөө дурсамжыг хүргэе.

Гялалзан гялтагнах түг түмэн одод руу ойртон тэмүүлэх мөнгөлөг хөлөг яах ийхийн зуургуй Зүүн Берлиний Шенонфелд нисэх буудалд оройн 11 цагт газардлаа. Манай "Чингис Хаан"-тай тун төстэй энэ жижигхэн буудлын бүх зүйлийг өмнө нь харсан эсвэл мэдэрч байсан шиг их дотно санагдаж байлаа. Ах маань намайг тосохоор бага охинтойгоо, эхнэртэйгээ Казелаас ирээд хүлээн байхыг олж харав.

Дээд цэгтээ тулан түгшүүрийн харанга мэт ажиллаж байсан тархины минь хамгаалалтын систем одоо нэг намжиж, хамаг бие хөнгөрөөд би гэдэг хүн найдвартай даатгалд хамрагдсанаа эд эс бүхнээрээ мэдэрлээ.

Ахын амьдардаг Касселд нэг өдөр болоод маргааш нь Frankfurt main airport руу ах эгч хоёроор хүргүүлэв. Энд сургалтанд хамрагдах хүмүүсийг өдрийн 3 цаг хүртэл тосож байгаа билээ. Франкфуртын нисэх буудал дээр хорь гаруй настай, нүдэнд дулаахан Кастен гэдэг Герман залуу намайг тосож авав. Ингээд найдвартай гараас бас нэгэн найдвартай гарт шилжсэн би гэдэг хүн бүх асуудлаа хүмүүст даатгаад дагаад л намирдаг ажлыг тун сайн гүйцэлдүүлж байсан юм.

Кастен бид хоёр ICE хурдны галт тэргэнд суун Германы баруун өмнөд хэсэгт орших Остербуркен руу хөлгийн жолоо залав.
Франкфуртаас Остербуркен руу 5 цаг гаруй явах бөгөөд зам зуур сүр бараатай салхин сэнс, тасралтгүй үргэлжлэх ой мод, жигдхэн зассан тариалангийн талбай, байшин барилга жирэлзэн өнгөрсөөр л.
Цэнхэрлэн мушгирах голын хөвөөг даган сунаж тогтсон эртний гэмээр үзэсгэлэнт хот Кастен бид хоёрын зам зуурын амтат яриаг тасаллаа. Энэ бол Некар голын хөндийд сунаж тогтсон Хайдэлбэрг хот. /Энэ хотын сонирхолтой сайхан түүхийг дараа өгүүлэх болно/



Хайдэлбэрг их сайхан хот байна лээ

Хайдэлбэргээс цааш 2 цаг яваад сургалт болох Остербуркен гэх жижигхэн тосгонд бид оройн 8 өнгөрөөд ирсэн юм.
Сургалт болох байр маань галт тэрэгний буудлын архан талд. Гаднаа дунд зэргийн эдэлбэр газартай, гурван давхар амины хоёр орон сууцны цагаан байранд нь сургалт болно. Гурван давхар жижигхэн байрны хоёр давхарт нь хичээлийн танхим, зэргэлдээх өрөөнд нь чөлөөт цаг өнгөрөөх цайны өрөө байна.

Шатаар дээш гарахад биднийг ирэхийг хүлээж байсан Герман талын ерөнхий зохион байгуулагч Клаус гарч ирэн элгэмсгээр чанга тэврэн угтлаа. Гурван сарын өмнөөс Клаус бид хоёр бие биенээ ичнээгээр мэддэг болсон юм.

Мэнд ус асуусны дараагаар л Клаус над руу хандан их л нухацтайгаар “Би Монголд ажиллаж байгаа Германы элчингийн ажилчдын өмнөөс их санаа зовсон шүү” гэж хэлэв. Сургалтанд оролцох болсоноо хожимдож мэдсэн болохоор надад виз мэдүүлэхэд ердөө 7 хоног байсан юм. Энэ хугацаанд 2 ч удаа элчингийн ярилцлаганд ороод эхний удаад Герман эмэгтэйтэй ам мурийх дөхөн, харцаараа халз тулаан хийж, хаалга савж гарснаар тойрох хуудсаа зуруулах шахсан удаатай. 2 дахь удаа ярилцлаганд орохдоо байнгын мишээлттэй тактикийг хэрэглэж эв найрамдалын гэрээ байгуулснаар виз минь гарсан билээ.

Зуны сургалтанд Герман, Канад, Швейцар, Польш, Румин, Англи, Израйл зэрэг орноос 20 гаруй оролцогчид ирсэн байсан бөгөөд үнэндээ л би ганцаараа монголоос байсан учир эхэндээ жаахан бишүүрхэх шинжтэй. Гэхдээ л даруухан зан хөдлөөд байсан боловч яагаад ч юм дотроо маш их итгэлтэй, хөөрлийн байдалтай байснаа нуух юун.
Оролцогчид танилцаж дууссаны дараа биднийг эртхэн амруулахаар зочид буудалд хүргэж ирэв. Би Польшоос ирсэн, нутагтаа хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг төслийн ерөнхий менежер царайлаг бүсгүйтэй нэг өрөөнд хамт байхаар боллоо.

Нэг өрөөний анд маань

Остербуркенд ирэх гэж бараг 2 өдрийн аялал хийсэн учир би дэрэн дээр толгой тавиад шууд л унтаад өгөв.

ЭХНИЙ ӨДӨР - АЛХААД МАРШ

International Youths Leadership Award хөтөлбөрийн зуны сургалт нь Германы Баден-Буттенберг мужид харьяалагддаг Остербуркен гэх жижигхэн хотод зохиогдсон юм. Европийн Холбооны улсуудад томоохон сүлжээтэй, Английн Лондон хотод төвтэй энэ хөтөлбөрийг өмнө нь Европийн орны хүүхэд залуучуудад зориулан хэрэгжүүлж байгаад өнгөрсөн жилээс Азийн орнуудын залуучуудыг урьж сургадаг болсон юм билээ.

Сургалт 9 цагт эхлэх ёстой учир 7 цагт босон усанд ороод буудлын нэг давхарт байрлах саруулхан танхимд өглөөний цайгаа уулаа. Шив шинэхэн, халуун сэвсгэр талх, олон төрлийн хиам, төрөл бүрийн жимсний шинэхэн шүүс, сүү зэргээр хооллоод сургалт болох газар руугаа хоолны ширээнд танилцсан үзэсгэлэнт Румин охидтой алхаллаа.

Румин бүсгүй

Энэ гүүр даваад бидний сургалт болох байшин бий

Манайхан саравчаа барьж байгаан

Саравч бэлэн болжээ

International Youths Leadership Award хөтөлбөр Expedition буюу Аялал, Skills буюу Ур чадвар гэсэн хоёр хэсэгт хуваагдана.
Европийн орнуудыг хирсэн энэ сүлжээ сургалт нь хүүхэд залуучуудад биеэ авч явах соёл, харилцааны ур чадвар, ажлын орчинд хувь хүн хамт олноо хүндэтгэх замаар байлдан дагуулах арга ухаан, хамгийн гол нь бусдад найрсаг эелдэг хандаж өөрийгөө зөв ойлгуулах дадлыг суулгахаас гадна "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдэг утгаар залуучуудыг спортод дур сонирхолтой болгон эрүүл чийрэг бие бялдартай өсөн хүмүүжүүлэх зорилготой. Сургалтын сүлжээ нь Европийн бүх улсын дунд, болон ахлах ангиудын сургалтын хөтөлбөрт сонгон суралцах хичээл хэлбэрээр ордог юм билээ. Иймээс ахлах анги төгсөж байгаа сурагчид Expedition буюу Аялал сургалтанд хамрагдаж Хүрэл, Мөнгөн медалийн эзэн болсон ёстой.

Аялалын хэсэгт хэд хэдэн шаардлага байдаг бөгөөд аялалын бартаа саад, км-ийг харгалзан залуучуудад Европийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн Хүрэл, Мөнгө, Алт гэсэн медалиудыг өгдөг. Хүрэл медал авсаны дараа Мөнгөн медалын аялалд гарах эрхтэй болно. Аялал хийх зуураа залуучууд бие биедээ өөр өөрсдийн чаддаг мэддэг бүхнээ зааж сургах ёстой. Хэрэв хүсвэл ур чадварын сургалтыг танхимын сургалт байдлаар тусгайлан зохион байгуулж ч болно. Европийн бүх улсуудад байдаг энэ сүлжээнд орж чадвал аль ч улсад ногоон гэрлээр аялал хийх боломжтой болно гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, Европийн аль ч улсад сүлжээгээр дамжуулан хүссэн газартаа аялал хийж болох бөгөөд энэ аялалыг нь тухайн орны сургалтын менежер зохион байгуулдаг юм билээ.

Эхний өдрийн сургалт маань Expedition буюу Аялал байлаа.
Өглөөний шүүдэр буусан нойтон, зөөлөн ногоон зүлгэн дээр гутлаа тайлан хөл нүцгэн зогсоод “хөтөч” тоглоом тоглов. Германдаа нилээдгүй нэртэй хуульч, 65 настай Волф гээд Герман хүн миний хамтрагч боллоо. Зуныхаа амралтаараа манай сургалтанд ажиглагч, зөвлөхөөр оролцоод цаашаа Итали, Францаар аялах төлөвлөгөөтэй нэгэн юм. “Хөтөч” тоглоомын дараа аялалаар явахад галаа хэрхэн асаах, цайгаа яаж чанах, галаа яаж унтраах, майхнаа барихдаа юуг анхаарах, луужин болон GPRS -ийг хэрхэн ашиглах, газрын зурагтай яаж ажиллах, аялалын замаа хэрхэн төлөвлөх гэх мэтчилэн аялалд явахад анхаарах бүх зүйлийг зааж сургав.

За энэ манай сургалтын байр

Тоглоом тоглоноо

Ингээд бид хоёр багт хуваагдан Остербуркенээс 20 км-ийн зайтай орших усан үзэмний ферм руу аялах даалгавар авлаа. Аялалдаа гарахын тулд эхлээд газрын зураг дээрээ бүх тэмдэглэгээ хийж аялалын маршрут болон аялалын хуудсаа бөглөөд ачаагаа зөв тэнцүү хувиарлан үүрээд гарч өгнө дөө. Би ч яахав угаасаа аялаж, амрах, алхах дуртайм болохоор надад энэ хэсэг маш их таалагдаж байсан юм.

Манай багийнхан аялалын төлөвлөгөө гаргаж байгаа нь, Улаан цамцтай хүн Герман талын ерөнхий зохион байгуулагч


За энэ маршрутаар л явна даа

Ойг зүсэн тэгшхэн зассан цардмал замаар Швейцариас ирсэн Роланд гэдэг залуутай яриа нийлэн алхаж гарваа. Зам зуур бид хоёр багсайтал ургасан алимны модноос алим авч идэн дундаршгүй их яриа өрнүүлэн алхасаар нэг мэдэхэд усан үзэмний ферм дээр ирэв.

Алим ингээд ургаад байхын

Идээд ... идээд

Манай хоёр буу халаад явж өгч байнооо

Ярилцаад л газрын зургаа хараад л алхаад байна

Аялалын маань эцсийн цэг дээр биднийг сургалтын байр руу аваачих машин ирчихсэн хүлээж байсан юм.

Энэ хүн 65-тай хуульч. Сайхан харагдаж байгаа биз.

Сургалтын байрандаа ирээд баг тус бүр аялалын тухай тайлан тавих ёстой. Аялалын үеэр ямар хүндрэл тохиолдсон, төлөвлөсөн газраа товлосон хугацаандаа очиж чадсан эсэх, мөн замдаа ямар хачин сонин адал явдалтай тулгарав гэхчилэн бүгдийг тайлбарлан хүргэх юм л даа.

Манай багийн тайлан

Нөгөө баг маань бас л тайлангаа тавьж байна

Expedition буюу Аялалын сургалтын өдрүүд энэ мэтчилэнгээр үргэлжилдэг.
Өдөр хоног өнгөрөх тусам сургалт маань улам сонирхолтой, басхүү олон орны сайхан залуучуудтай өнгөрөөсөн хором мөч бүхэн үнэтэй санагдаж байсныг нуугаад юу гэхэв.
Ямартай ч энэ удаагийн экспидишн сургалтын үеэр бид 5н өдөр, өдөрт 20 км өөр өөр маршрутаар алхах, хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр аялалынхаа тухай тайлбарлан бусаддаа хүргэж байсан нь багийн хамт олныг ойртон нөхөрлүүлэх, нэг цул хэсэг болгон нягтруулахад хамгийн хэрэгтэй сайхан арга мэт санагдаж байна лээ.

Энэ удаагийн зуны сургуулийн Expedition буюу Аялал хэсэгт явган аялал багтсан бол өвлийн сургалтын хөтөлбөрт цана чаргаар гулгах болон уулын спорт багтаж байгаа юм билээ. Харин дараагийн зуны сургалтын хөтөлбөрт усан завин аялал багтсан гэдэг нь миний хорхойг улам их хүргэж байсан шүү.

Дараагийн удаад ур чадвар сургалтын талаар, мөн “Эх орноо тайлбарлах” өдөрлөгийн үеэр "нугар, хугар" гэсэн шахаанд орсоны эцэст монгол бүжиг хийн хугарах аюулаас мултарсан тухай, олон юманд хошуу түрэн явдаг зан маань намайг аварсан тухай өгүүлэх болно. Ур чадварын сургалтын үеэр Монгол тусгаар тогтносон, өөрийн гэсэн бичиг соёлтой улс гэдгийг ойлгуулах гэж багахан боловч сандраад авсан шүү.

Үргэлжлэл бий ...

НЭГ. Шерметов дээр өөрийгөө хайсан нь

Онгоцны хөдөлгүүрийн нүсэр чимээ чихэн дээр хүнгэнэж, толгойд түм буман бодол эргэлдэн тархи минь бас хүнгэнэнэ. Тайвширахаар нүдээ аниад толгойгоо гэдийлгэн суудлын түшлэг налах гэсэн боловч хүзүү яг хүнийх юм шиг хөшөөд хөдлөх бүрийд хөндүүрлэж хэмх нүдүүлсэн мэт янгинана. За ингээд аялалынхаа эхний өдрийг л янгинаж, хүнгэнсэн мэдрэмжтэйгээр эхлүүлж байгаа нь энэ байлаа.
Өмнөх өдөр нь хамт олны зохион байгуулсан үдэлтийн “парти” дээр толгойгоо сэгсжиж рок дэлссэний гор ингэж гарч байгаа бололтой. Нэг л их ярвайлттай нөхөр хүний толгой мөрөн дээрээ зээлдээд тавчихсан юм шиг зантайсаар онгоц газардахыг минут секунд тоолон хүлээнэ.

Онгоцонд явахдаа цаг хуваалцахаар авсан “History of Mongolia” гэсэн Б.Баабарын номыг унших гэж хичээх боловч өөрийнхөө тухай бодсоор ...
Өдийг хүртэл 50-ын талыг насласан боловч нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлоогүй, төөрсөөр яваагаа би сайн мэднэ. Нилээн хэдэн жилийн өмнө ахын надад тавьж байсан асуулт саяхан мэт тод санагдаж байх юм.
“Чи одоо 20 хүрлээ. Чамд ямар мэдрэмж төрж байна” гэсэн асуулт. Тухайн үед 20 нас надад их л том хариуцлага, хүнд ачаа үүрүүлж байгаа юм шиг санагдаж байсан боловч тухайлсан мэдрэмжийг хэлж чадахгүй л байлаа.
Энэ бүхний дараа ах “За ямар ч байсан хүн 20-30 насны хооронд нийгэмд эзлэх байх суурь, өөрийгөө олж чадахгүй бол амжилтанд хүрэх, төлөвших хугацаа чинь оройтдог юм шүү” гэж хэлж байсан нь санагдана.
Энэ үг 5 жилийн дараа ингэтлээ намайг мөрдөж, өнгөрүүлсэн бүхнээ эргэцүүлэн бодолд автуулах юм гэж санаж байсангүй.

Ингэж байсаар ашгүй нэг Шерметовын нисэх онгоцны буудалд Москвагийн цагаар өглөөний 12 өнгөрөөд газардлаа.
Хаа сайгүй шилжих онгоцоо хүлээн гөлийсөн хүмүүс. Том гүрэн гэчихээд онгоцныхоо буудалд нэмээд нилээн хэдэн сандал тавчихгүй дээ гэсэн бодол надаас гадна өөр олон хүнд бодогдож байгаа бололтой. Сүүж амраах газар хаана байна тэр болгонд хүмүүс чихээстэй. Азтай нэг нь сандал дээр, харин бусад нь шатан дээр эсвэл шалан дээр юм дэвсээд унтаж байх юм. Сандал олсон нэг нь “яг босооч” гэсэн шиг суудалдаа ургаа мод шиг хөдлөх шинжгүй. Сандалын “эзнийг” бөгс өндийв үү, үгүй юу суухаар мярааж манасан хүмүүс олзоо харуулдаж байгаа мэт өлөн бүргэдийн хянамгай нүд гарган тас гөлрөн сууна.
Монголоос нисэх үед ах, эгч хүний нутагт мэдрэлийн эсийг дээд цэгт нь, нүд шүдийг хурц байлгаж, сонор сэрэмжтэй байхыг чандлан анхааруулсан тул би гэж нэг хүн яах ийхийн зуургүй гараанаасаа гарч гүйх гэж байгаа амьтан шиг сортолзоод, соомолзоод их л айхтар явж байноо. Чингис хаан нисэх буудал дээр танилцсан 13 настай охиноо дагуулсан дунд эргэм насны эгчтэй хөлгийн жолоо, хошуу амаа нийлүүлэхээр шийдсэн билээ.

Бид гурав Шерметовын онгоцны буудал дээр тухлах нэг суудал олж аваад хоолны эрэлд гарлаа. Швецайр нөхөртэй Монголдоо дэлгэр зуны цагаар амарчихаад явж байгаа гэх энэ эмэгтэй ийшээ тийшээ явсан арвин туршлагатай нэгэн байлаа. Үд дүндийн үед бидэнд нэг монгол хүн хоолны саваар банштай шөл, пирошки, сүүтэй цай авчирч өгсөн нь тэр эгчийн Москвад амьдардаг төрсөн ах нь гэнэ. Би ч сайхан хоол идээд Шерметовын онгоцны буудалтай танилцах аялалдаа гарлаа. Даанч үзэж сонирхоод байх юм үгүй тул хурдхан шиг л шилжин суух онгоц минь ирээсэй гэж бодон Оросын онгоцны буудал дээр танилцсан Монголчуудтайгаа гангар гунгар хийсээр суух болов.

Шерметов дээр буугаад утсаа асаахад ар араасаа цувран ирсэн олон зурвасууд бүгд “Монгол хоёр алт, хоёр мөнгөтэй боллоо” гэсэн сайхан мэдээ авчирсан юм. Шерметовын онгоцны буудал дээр танилцсан бидний хэдэн Монголчууд энэ сайхан мэдээг хамтдаа тэмдэглэж Англид амьдардаг гэж танилцуулсан залуу duty free-гээс оргилуун дарс аван тэрүүхэндээ баяраа тэмдэглэлээ. Газар газрыг зорьж байгаа Монголчуудтайгаа ярьж суухад зуны сайхан өдрүүдийг эх нутагтаа өнгөрөөгөөд надаас бусад нь харийн орныг удаан хугацаар зорьж байх юм. Оргилуун дарсаар дайлсан хүдэр бор ах л гэхэд Англид 10н жил ажиллаж амьдарсан гэх бөгөөд дагуулж яваа хоёр охины бага нь монголоор ойлгох авч ярьж чадахгүй том эгчийнхээ өмнөөс Англиар дуржигнана.
Тэр ах Улаанбаатарыг барилгын талбар шиг болсон байна лээ гэж хэлээд бүтээн байгуулалт явагдаж байгаа нь сайн хэрэг. Энэ бүхэн ард түмэндээ хүртээлтэй хувиарлагдвал өнөөдрийн барилгын талбай ч яамаа байнаа гэж хэлсэн юм. Энэ мэтээр бид эх орныхоо тухай дандаа гэрэл гэгээтэй сайхан зүйлсийг ярилцаж суулаа.

Шерметов дээр баяр Олимпийн медалийн баяр тэмдэглэсэн манай багт Англид амьдардаг ах хоёр охинтойгоо, Швейцарт амьдардаг эгч охинтойгоо, Туркад сурахаар явж байгаа хоёр оюутан охин, Польш руу ажиллахаар явж байгаа нэг залуу дүүтэйгээ байсан юм. Надаас бусад нь бүгд гадаадад олон жил болох хүмүүс.
Та нар л эх орондоо байхын бол бүх зүйл сайхан болно шүү дээ гэсэн ятгасан шинжтэй үгс хааяа хааяахан хавчуулж байсан би Германд хэдэн өдрийг өнгөрүүлчихээд эх орондоо ирэхдээ бусадтай адилхан гадагшаа тэмүүлэх сэтгэлтэй болчихно гэж бодоогүй байлаа.

Шерментовын онгоцны буудлаас Монголчуудаа үдэж гаргасны дараа нислэгийн ээлжээ хүлээн би ганцаар хоцорлоо. Энэ зуур яг гэрээслэл бичих гэж байгаа хүн шиг өнгөрсөн таван жилийн хугацаанд хүнд тустай зүйл хийсэн бил үү гэх мэт олон асуултууд хөвөрсөөр л ... “Өнөөдрийг хүртэл миний хийж ирсэн бүхэн хэн нэгэнд тустай байж чадсан болов уу, миний явж байгаа зам зөв үү, би цаашид хэн байх ёстой вэ” гэхчилэн бодсоор суулаа. “Би хувийн амьдралаа ор тас хойш тавчихаад сурах гэж чармайгаад, ажил ажил гэж өдөр шөнөгүй чардайгаад яваад байдаг энэ нь эмэгтэй хүний хувьд зөв байж чадах уу, хэзээ нэгэн цагт би хэнд ч хэрэггүй адаар зантай, ааш муутай албан тушаалын хэнээтэй ганцаардсан хүн болчих вий” гэхчилэн бодсоор л ...

Сургуулиа төгссөний дараах таван жилийн хугацаанд үнэд орсон хэнэггүй орчуулагч, хульхдуулдаг гэнэн хурган дарга, оюутанд ээлтэй багш, нислэгийн компанид орон тооны илүүдэл ажилтан, өөртөө дургуй телевизийн хөтлөгч, хальт нэг хэлтэсийн дарга, асрах газрын сайн дурын хүүхэд асрагч "Үүлэн бор"-чин, АХ намын эсэргүү хэвлэлийн ажилтан гээд өөрийгөө нээж олох гэж олон ажил хийсний эцэст хийж чаддаг ч юм байхгүй, хийж чаддаггүй ч юм үгүй саармаг, заримдаг гийгүүлэгч шиг л нөхөр болчихоо юу даа гэж өөрийгөө дүгнэнэ.

Бодолд хулжисан намайг “Берлин посадка” хийж байна гэсэн орос эмэгтэйн дуу сэрээхэд суудлаасаа босон харайн үүргэвчээ чирсээр 8-р гарц дээр очлоо. Берлиний нислэгт хамгийн сүүлд бүртгүүлж байгаа хэнэггүй зорчигч би бололтой миний араас хүн ирсэнгүй. Намайг суудалдаа сууснаар төд удалгүй онгоц хөөрч үл таних холын орныг зорилоо.
Ахиад л бодолд дарагдлаа. Энэ удаад хүзүүний хөндүүр гайгүй болж би суудалдаа шигдээд онгоц буутал унтахаар шийдэн мөшгин мөрдөх бодлыг албаар таягдан хөөхийг хичээн нүдээ тас аниад амьсгаагаа зөөлөн авлаа.

Үргэлжлэл бий ...

Сонголт

Уртын урт, хөөр баяртай, олз омог арвинтай аян замдаа алжааж ядралгүй сайн яваад ирлээ.
Аян замын тэмдэглэл тэрлэхээс өмнө сонголтын тухай хэд гурван үгийг бичьюу гэлээ.
Сэтгэл дотор байгаа, бодогдсон бүхнээ блог дээрээ ил гарган та бүхэнтэйгээ хуваалцах дуртай байдаг учраас эх орондоо ирэнгүүтээ хийсэн сонголтынхоо талаар бичиж байна.

Хүний ажил, амьдралд бишгүй олон сонголт хийх тохиолдол гарах нь дамжиггүй.
Өнөөдрийг хүртэл би бээр эрс тэс сонголт хийсээр байгаа бөгөөд цаашид ч сонголт арвин олноор хийсээр байх бизээ.
Миний сонголт намайг хамгийн сайн мэддэг гэх ойр дотны хүмүүст ч тааж тааварлашгүй санаандаггүй гэнэтийн, зарим хүмүүст нь өөрийнхөө амийг хорлохтой агаар нэгэн, наанадаж тэнэг гэсэн зүүсгэл өгөхөөр байдгийг сонголт хийх бүртээ хүмүүсийн хандлага, үг хэлнээс би мэдэрдэг.

Хүмүүс их сонин юм. Хүмүүсийг сонин болгож байгаа би өөрөө тэднээс илүү сонин байж болох талтай.
Олон олон гэнэтийн сонголт хийж байсан хэдий ч сонголтондоо зөв, буруугийн аль нэгэн тодотголыг одоо хүртэл өгч чаддаггүй. Үгүй ээ, өгч байсангүй.
Магадгүй, зөв бурууг нь ялгаж мэддэггүй ч юм болов уу.
ГЭХДЭЭ!!!!! Алив хүн олон зүйлээс ямарваа нэгэн зүйлийг онцгойлон сонгож байгаа бол түүнд бага ч болов давуу тал байна гэсэн үг.
Тэгэхээр буруу сонголт гэж байхгүй юм шигээ.

Сонголт хийсэнтэй холбогдуулан шинэ өдөр бүрийг энэ шүлгийг уншиж угтаж байхаар шийдсэн ХЭХЭХЭ.

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч,
тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч,
тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай