Залуу нас өөрөө гоё

Залуу нас үнэндээ гоё. Ямар ч зүүлт чимэг хэрэггүй ... Цоглог байхад л хангалттай бус уу.

Залуу байхад юунд гуниж гутрах ёстой гэж ...
Гуниг, цөхрөл, ухралт гэх мэт үгс үгийн санд үгүй.
Тэгээд ч залуу насанд нулимс урсахдаа хурдан, хатахдаа амархан байдаг ...

БИ ЗАЛУУУУУУУУХАН БАЙНА. БҮХНЭЭС ИЛҮҮ ЗАЛУУ НАСАНДАААА ХАЙРТАЙ. ЭНЭ БАЙГАА БАЙДАЛДААААА

ГЭРЭЛТ ЕРТӨНЦ тэтгэлэгт хөтөлбөр-блогчдын ажил

Хоосон текст уншснаас зурагтай байвал илүү тогтоон унших болов уу гэж энэхүү зурагт хуудсыг хийлээ. Таныг дуустал нь уншихыг хүсэж байна. Санал хүсэлтээ сэтгэгдэлээр үлдээнэ үү. Баярлалаа. PDF хувилбарыг ЭНД даран татан авч болно.
ЗУРАГ ДЭЭР ДАРАН ТОМРУУЛЖ ХАРААРАЙ

ЗУРАГ ДЭЭР ДАРАН ТОМРУУЛЖ ХАРААРАЙ

ЗУРАГ ДЭЭР ДАРАН ТОМРУУЛЖ ХАРААРАЙ

Гэрэлт Ертөнцийн хилийн чандын зохион байгуулагч, хандивлагчид:

СОЛОНГОС:
Э.Батзаяа
Хаяг: Солонгос, Тежон, мэйл хаяг: shuudshuud@yahoo.com
ЯПОН:
Б.Алтангэрэл
Хаяг: Япон, Токио, Утас: 08034684574 softbank, мэйл хаяг: mgl_agi@yahoo.co.uk

Жич: Хандивлагч та өөрийн өгсөн хандивт хүссэн хэлбэрээр хяналт тавих боломжтой бөгөөд хандивлагч болсон тохиолдолд таны холбогдох хаягаар шаардлагатай мэдээлэл, хяналт тавих “гэрээний” маягтыг илгээх болно. Хэрэв та Солонгост эсвэл Японд байдаг бол дээрх хаягуудаар холбоо барьж болно.
Хандивын санд цугларсан нийт мөнгөн дүнгээс шалтгаалан бид тэтгэлэг авах хүүхдийнхээ тоог нэмэхэд туйлын баяртай байх болно.

Гоё

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Шороо халбагадах гутал минь – чамд би хайртай

Зарим хүмүүс дэндүү хувийн чанартай мэдээллээ блогтоо оруулаад дэмий гэдэг юм билээ. Анх блог хөтөлж байсан миний сонирхол өөр. Тэмдэглэлийн дэвтэр гэж бодон блогоо өөрөө өөртөө зориулан хөтөлдөг байсан. Тиймээс ч цахим тэмдэглэлийн дэвтэрт маань өөртөө зориулаад бичсэн хувийн чанартай бичлэгүүд олон бий. Энэ удаад би бас л хувийн чанартай бичлэг оруулах гэж байна.

more ...

Дэргэд минь байгаач

Шарх сэдрэнэ-нууц дэвтэрт 2006.12.24

Намайг уйлахад нулимсыг минь арчаад дэргэд чимээгүй суугаач гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй ...
Орчлон харанхуйлан ганцаардахад дэргэд минь лаа асаан гэрэл гаргаач гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй ...
Ажилдаа ядарч тамир тасрахад урам өгч хүч нэмээч гэж би зүгээр л хүссэн,
Гэтэл чи хүсээгүй ...
Энэ амьдралаас би юу ч хүсээгүй
Чамайг зүгээр л дэргэд минь байгаач гэж хүссэн

Хүүхэд бүр инээж байг

Хавтгай дэлгэцээр өртөөлөн танилцсан найзууд олон сайхан үйл хэргийг эхлүүлээд байгаа. Хүүхдийн төлөө хийгдэж байгаа ажлуудын талаар блогны минь дэргэдэх баннерууд дээр дарж ороод та бүхэн үзэж болно.
Энэ удаад Гэрэлт Ертөнцийн найзуудаас урт хугацааны маш сайхан ажлыг санаачлан эхлүүлэхээр болоод байна.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ тун удахгүй хүргэх болно.
Та ч бас энэ аянд оролцож ирээдүйдээ туслах боломжтой юм шүү.
Гэрэлт Ертөнцийн найзуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Гэрэлт ертөнц руу орж харж болно.


Та бидний ажилд нэгдэх буюу саналаа өгөхийг хүсвэл shuudshuud@yahoo.com; buyant_oogii@yahoo.com хаягаар холбогдох эсвэл comment-р үлдээж болно.

Миний хэдэн ноорхой хуудас

Юуны өмнө та бүхэндээ хайр дурлалынхаа мөнхийн гал манаач, аз жаргалтай амьдралынхаа тулганд мөхөшгүй бадрангуй оч нэмээч, өөрсдийн эрхэм бүхнээ цаг хугацаатай уралдан хойш тавилгүй хайрлан эрхэмлэж, хийсэн ажил, бүтээж буй үйл хэрэгтээ чин үнэнч эзэн нь байхыг хүсье.

Би олон зүйлийг сонирхон оролдож үзсэн. Тэр олон сонирхож хошуу дүрэн байсан зүйлсээс одоо хүртэл хайртай хэвээр байдаг, салж чаддаагүй сонирхол маань болсон, болоогүй сонингийн цаас ... хэдэн ноорхой хуудас юм. 7-р ангиасаа эхлэн өдийг хүртэл цуглуулж байгаа сонингийн ноорхой цааснууддаа маш их хайртай. Нэг авдараар дүүрэн ангилсэн эвхээстэй энэ хуудаснуудын бичээс, өгүүлбэр бүрийг эргүүлж тойруулан харахад сонирхолтой санагддаг. Сонингийнхоо хайчилбартаа уншаад хадгалдаг номноосоо илүү хайртай байдаг нь миний олон жил цагаа гарган цуглуулж, бусдаас харамлан хадгалсных бизээ.

Он цаг улирах тусам нугалаасаараа өмрөн элэгдэж, бичиг үсэг нь балран арилж байгаа сонингийн хайлчилбараа харахаар харамсах сэтгэл төрөөд байдаг юм.

Цуглуулга маань ихсэх тусам сэдэвлэн ангилж нямбайлан хадгалсаар л байгаа. Магадгүй энэ хэдэн ноорхой сонингийн хайчилбар маань он цаг явж юм бүхэн цахим хэлбэрт шилжин цаасан зүйлээс татгалзах болсон энэ үед сонингийн цаасны нэгэн түүхийг өгүүлсээр наддаа үлдэх ч юм билүү гэж боддог. Сүүлд хараад байхнээ миний голлон уншдаг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ сонингууд цахим хэлбэрт шилжсэн байна лээ дээ.

20-р зууны сүүлийн 10нд цуглуулж эхлэсэн сонингийн хайлчилбар маань 21-р зуунтай золгон зуун дамжин байгаа нь сайхан биш гэж үү.
Ангилал маань уран зохиол, Сод хүмүүс, миний монголын түүх, танин мэдэхүй, эдийн засаг, сав шимийн ертөнц, нийтлэл гээд л явж өгч дээ.
Блог маань миний нэгэн сонирхол болсон учраас 10 гаруй жил цуглуулан, шарлан үнгэгдсэн ч хайртай сонингийн хайлчилбаруудаа бага багаар блогтоо оруулан цахим хэлбэрт хадгалах нь зүйтэй гэж саналаа.

Оогийноо, Гэрэлт ертөнцийн ноорхой хуудаснуудад:

НӨХӨШГҮЙ ДӨРӨВ
Дээлийг нөхөж болно, барилгыг ч гэсэн нөхөж, сэлбэж болно. Ой модыг ч гэсэн нөхөн төлжүүлж болно. Цоорхойг бөглөж болно. Хагархайг гагнаж болно. Ханзархайг оёж болно. Хагарсныг эвлүүлж болно. Ер юуг ч гэсэн нөхөж, сэлбэж, эргүүлж, сэргээж болох билээ. “Болно, болно, болохгүй юм гэж энэ хорвоод хаана байна?” хэмээн ярьдаг хүн цөөнгүй бий. Үнэндээ ч тийм мэт. Гэвч нарийндаа тулбал нөхөшгүй, сэргээшгүй, эргэшгүй юм гэж лав л дөрвөн зүйл бий ажээ.

Нэгд. Цагийн гарз нөхөшгүй ажээ. Цаг хугацаа бол хэнд ч, юунд ч захирагддаггүй, эргэшгүй, нөхөшгүй аугаа их урсгал юм. Цагийн тэрхүү хэн, юунаас ч хараат бус урсгал нь амьтай болгоныг ч, амьгүй бүхийг ч элэгдүүлэн элээж ардаа орхидог жамтай ажээ. Хамгийн хатуу чулуу ч цагийн урсгалд үжирдэг. Хамгийн ухаантай хүн гэдэг амьтан ч гэсэн цагийн их урсгалын өмнө яаж ч чадахгүй гундаж жаргалтай хүүхэд нас, баясгалантай залуу нас, намбатай хичээл насыг эргүүлж тогтоох аргамжаагүйн эрхээр зөвхөн дурсамж төдий ярьсаар хорвоогоос хальдаг билээ. Цаг хугацаа тэгэхээр туйлын дээд засаглал ба туйлын үнэтэй хүчин зүйл юм. Харамсалтай нь, хүмүүс үүнийг мэдэрдэг ч гэсэн “цагийн гарздалыг” тун ч дутуу үнэлсээр, заримдаа бүр тоохгүй явсаар нэгэн насыг дуусгадаг нь нийтлэг үзэгдэл бололтой. Урт наслах тухай боддоггүй, тийм ерөөл тавьдаггүй хүн энэ дэлхийд нэгээхэн ч үгүй. Гэвч санаснаар болдоггүй, ерөөөлөөр бүтдэггүй цаг хугацааны алдагдал яг л цоорхой саванд хийсэн ус шиг үргэлж гоожсоор нэг л мэдсэн хүн хөгширснөө, түүх улирснаа мэддэг ажээ. Цаг хугацааг эргүүлэх юм уу нөхөх арга ухаан хэнд ч байхгүй гэлээ гэхдээ түүнийг “эрхшээлдээ” авах ганцхан л арга байдаг. Тэр бол богино цагт ихийг бүтээх юм. Таван жилд хийдэг юмыг таван сард, таван сард хийдэг юмыг таван цагт хийж бүтээх юм бол цагийг захирч байнаа хэмээн хэлж болох ажээ. Хүн төрлөхтөн ийм замаар, ийм аргаар явж байгаа билээ. Харин хүн нэг бүр ийм байж чаддаггүй нь харамсалтай.

Морин өртөөгөөр гурав хоног явдаг байсан газрыг моторт хөлгөөр гуравхан цагт туулдаг, тэмээн жингээр тив дамжин сар жилээр аялдаг байснаа тийрэлтэт онцгоцоор хоногтоо хүрчихдэг болсон нь хүн цаг хугацааны ноёрхлыг даван туулсаар байгаагийн гэрч аргагүй мөн .......

Хоёр. Эрүүл мэндийн гарздал эргэшгүй ажээ. Бас нөхөшгүй буюу. Монгол улсын хүн ам бол энэ орны үнэмлэхүй дээд баялаг. Хүнээс үнэтэй зүйл гэж улс оронд маань байхгүй. Алт мөнгө, шүр сувд бол хүний чимэглэл болохоос биш өөр ашиг түүнд байхгүй. Хүнгүй цөлд алтан уул байгаад ч хэрэг байхгүй. Харин хүн бол бүхнийг бүтээж, бүхнийг хийж чадах дээд эрдэнэ. Тийм эрдэнээр Монгол улс тун ч ядуу. Дөнгөж хоёрхон сая хагас хүн амтай. Гэхдээ цөөхөн байсан тусмаа нэг хүн бүрийн үнэ цэнэ асар өндөр байх нь дамжиггүй. Гэвч хэдхэн хүн маань хэр зэрэг үнэлэгдэж байна вэ? Монгол улсын хүн ам цөөн ч гэсэн эрүүл бол цөөдөхгүй. Тэгвэл хүний үнэ цэнгийн гол хэмжүүр болсон эрүүл мэндий хохирол нөхөшгүй газрын нэг яриагүй мөн.

Гурав. Газрын хэвлий дэх баялагийн гарз нөхөшгүй билээ.
Бодлогогүй эх хүн хэвлий дэх үрээ зулбуулах нь элбэг боллоо. Үрээ хаясан ч хээл нь үлдсэн юм болохоор ахиал жирэмслэх магадал бий. Тэгвэл газрын хэвлий дэх баялагийг хоослон цөлмөвөөс тэнд ахиад алт, мөнгө, зэс, төмөр байтугай наад захын нүүрс ч ахин төлжих найдвар байхгүй туол хоосон хар нүх л усаар дүүрч үлддэг.

Монгол улс газрынхаа хөрсөн доорх баялагийг дор хаяад л хорин зууны турш хөндөөгүй үүцэлсэн бараг л цорын ганц орон байлаа. Өнгөрсөн түүхийг маань бүтээсэн өвөг дээдэс үр хүүхэд хойч үедээ яндашгүй их үүц нөөж үлдээсэн нь тэр билээ. Одоо бид Өгөдэй хааны таамаглснаар “Өөхөнд боосон ч нохой шиншихгүй Өвсөнд боосон ч үхэр үнэрлэхгүй” амьтад болчихоогүй байна гэдгээ харуулах цаг болжээ. Өвөг дээдсийнхээ захиж үлдээсэн үүцний авдарыг өөрсдөө ч онгойлгож чадахгүй харийханы хар гарт бэлэн түлхүүрийг нь хадаг дээр тавиад сарвайхдаа туллаа гэж үү? Онгойлгох түлхүүрийг нэгэнт өгсөн байлаа гэхэд онгойсон авдарынхаа эд баялагийг үр өгөөжтэй хэрхэн зарцуулахад ухаан оюуныг зориулах үлджээ .......

Дөрөв. Алдагдсан үгийг буцааж болдоггүйг Монголчууд гүн ухааныхаа аман хуульд үе дамжуулан шигтгэж өгсөн билээ.
“Агт алдвал барьж болдог, Ам алдвал барьж болдоггүй” гэж ард түмэн хуульчлан баталсаар иржээ. Гэтэл өнөөгийн манайд нийгэмд олон зууныг дамжин магадтай үнэнээ харуулсан энэхүү мэргэн сургамжийг үл ойшоож, “хамрынхаа доорх ангархайг” өөрийгөө болон бусдыг хууран мэхлэх хэрэглүүр болгосон хүмүүс хий үлээж дүүргэсэн бөмбөлөг шиг дээшээ хөвөн гарч ирдэг гаж үзэгдэл шүгэлжээ. Сайн юмны нэрээр халхавчилсан муу юм анхандаа нэг их танигдахгүйтэй адил сайхан амлалт өгдөг хүмүүсийг эхний харцаар танихад амаргүй болн энэ үед буюу хууль тогтоох нэрийн дор сонгогдоод улмаар засаглал тогтоох, засаглал унагаах хэрэглүүр болтлоо төрөл арилжсан УИХ-д гишүүнээр дөрвөн удаагийн сонголт хийхэд мөн ч олон хүн “ам алдаж”, алтан амлалт авч билээ. Урсгасан үгийг нь эргүүлж болдогсон бол монголын ард түмэн “ядуурал”, “ажилгүйдэл” гэдэг хоёр үгийг өдийд мартсан байхсан, бүтэн болоод хагас өнчин хориод мянган хүүхдийн тал хувь нь ч билээ элэг бүтэн байхсан .....

Сонин: Дал
Дугаар: 227 /3/ XVII жарны гаол улаан нохой жилийн хаврын адаг хар луу сарын шинийн гурваны наран өлзийт шарагчин үхэр өдөр
Зохиолч: Л.Түдэв