ДӨРӨВ. ХАЙДЭЛБЭРГЭЭР

Шилтгээн
Сургалт дууссаны удаах өдөр манай багийхан Хайдэлбэргээр хотын аялал хийхээр галт тэргэнд суун үзэсгэлэнт Некар голын хөвөөнд орших Хайдэлбэрг руу явлаа. Галт тэрэгний цонхоор галбиртан цэнхэртэх Некар гол, ойн модон дундах хийц загвар сайтай Герман маягийн жижигхэн байшингууд, дуут дохиогоо сүртэй хүнгэнүүлэх усан онгоц харагдана.

Үзэсгэлэнт Некар голын хөвөө дэрлэн сунаж тогтсон Хайдэлбэрг хот жилийн дөрвөн улиралд жуулчдын хөлд дарагдана. Олон зуун жилийн баялаг түүх, нүд хужирлах зүйлс арвинтай энэ хотоороо Baden-Württemberg-ийнхан ихээхэн бахархадаг юм билээ. Нээрээ л бахархах зүйл олонтой гэдгийг нэг өдрийн хотын аялалаар явж байхдаа ойлгосон юм шүү.

Хайдэлбэргт очсон хэн бүхэн юун түрүүнд 13-р зуунд баригдсан Хайдэлбэргийн шилтгээнийг үзэж сонирходог. Königstuhl буюу “Хааны сэнтий” нэртэй уулны тагтад орших шилтгээн олон зуун жилийн гайхамшигийг ирсэн хүн бүхэнд харамгүй дэлгэн үзүүлдэг.
Уулын бэлийг ороон дээшлэх, зассан нарийхан шороон замаар бид өгсөн нэг мэдэхэд тэв тэгшхэн цэцэрлэгт хүрээлэнд орж ирлээ.

Энэ зам 13-р зуун руу хүргэнэ
Эртний ихэс дээдэс энэ шилтгээнд тухлан, тансаг цэцэрлэгт хүрээлэнд зугаацан сэлгүүцдэг байсныг дотроо төсөөлөхөд сайхан санагдана. Бөмбөгөр хормойтой торгон даашинз, далбагар том нарны малгай, нарийхан цэмцгэр бээлий өмссөн ихэмсэг хатагтай нар нааш цааш холхилоод л ...... хэхэхэ энэ төсөөлөл минь гэнэт нээрээ л энд маш олон сүнснүүд үүр шөнийн заагаар хэсүүчилдэг байхаа гэсэн бодол болж хувирав. Ингээд Хайдэлбэргийн их сургуульд суралцдаг манай сургалтын багийн гишүүн Питрогоос “энэ шилтгээн сүнстэй юу” гэж асуухад өнөөх маань инээснээ “Орой бид сүнснүүдийн тансаг хүлээн авалтанд оролцож болно шүү дээ” гэж хариулав.

Шилтгээний цэцэрлэг-зарим хүмүүс дээшээ мацаад ядарсан бололтой зүлгэн дээр суусан байна

Бусад маань ярилцаад завгүй
Хайдэлбэрг шилтгээн жуулчдын хөлд дарагддаг нь үнэхээр илт. Гэхдээ энд ирэх жуулчдын ихэнхи нь Азийн орнуудаас байдаг гэдгийг сургалтын зохион байгуулагч хэлж байсан. Нээрээ л биднийг Хайдэлбэргийн шилтгээнээр аялаж явахад яг нэг хэвэнд цутгачихсан юм шиг Япон жуулчид бүгд цаанаас нь нормлоод өгчихсөн мэт ижилхэн нарны малгай, үүргэвч үүрээд “сүрэглэн” явах нь их содон харагдаж байв. Бүгд зургийн аппараттай байх агаад харсан бүхнээ сурмаг аргагүй нэг хором ч алдахгүй дарах нь сонин ч юм шиг.

Хайдэлбэргийн ордон-шилтгээнийг 1228 онд Баваригийн гүн 1-р Louis бариулсан гэдэг юм билээ. 13-р зуунаас өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэж бодохоор үнэхээр дуу алдам сүрдмээр. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн аймшигт бөмбөгдөлтөнд бага хохирсон цөөхөн хотуудын нэг бол Хайдэлбэрг. 13-р зуунд баригдсан энэ шилтгээнийг сэргэн мандалтын үед ахин шинэчилж засварласан бөгөөд шилтгээний баримал, хийц загвараас Дунд Зуун мөн Сэргэн мандалтын үеийн Европийн уран барилгын чиг хандлага, хийц загварыг бүхэлд нь харж болохоороо гайхамшиг юм. Шилтгээний хана, гудамжны зам, хаалт хашлага бүхэлдээ чулуун хийцтэй, олон настай сүрлэг мод сүүдэртээд шилтгээний орчимд сэрүү татам сайхан. Гадаа жин үдийн халуун байсан хэдий ч шилтгээний чулуун ханан дээр гараа тавихаар сэрүүн даагаад л таатай юм билээ.

Шилтгээн дээрээс хот бүхэлдээ

Өнгөрсөн үеэр
Содон уушийн газар
Шилтгээнийг үзэж сонирхосны дараа бид Хайдэлбэргийн арилжаа зээлийн гудамжаар сэлгүүцэв. Зээлийн гудамжаас ганц хоёр юм авах гэсэн боловч аргагүй л жуулчидад зориулсан гэмээр үнэтэй юм билээ. Ээмэг бөгжний хоббитой болохоор би татганаж татганаж өөртөө нэг жижигхээн ээмгийг дурсгал болгон авч үлдэв. Явж байгаа орон бүрээсээ ээмэг бөгж авч хадгалах нь миний нэг сонирхол болоод байгаа.
Зээлийн гудамжаар жаахан сэлгүүцэж шуналтахаас цаашгүй шүлсээ гоожуулсаар 5 цагт бид эргэн уулзахаар тохирсон талбай дээрээ цуглараад хоол олж идэхээр явлаа.

Болзсон газраа цугларлаа
Хайдэлбэрг их сургуулийн оюутан, бас сургалтын зохион байгуулагч Клаус хоёр биднийг их сайхан газарт аваачин гэсээр дагуулж явав. Бидний очсон шар айрагны газарт оронгуут юун түрүүнд нүдэнд туссан зүйл бол цоохорлон эрээчсэн ширээ сандал, элдэвийн самбар, бичиг цаасаар “чимэглэсэн” хана, тайз. “Ганган хүүхэнд гархи нэмэр” гэдэг шиг л нүд эрээлжлэм чимэг зүүлттэй шар айрагны газрын түүхийг сонссоны дараагаар уушийн газарт тухалсанаа аз завшаантэй хэрэг гэж бодож байлаа. Германчуудыг шар айраггүй төсөөлөхөд бэрх. Шар айраг нь ундаанаасаа хямдхан болохоор ч тэрүү хүмүүс нь шар айргийг ус шиг л хэрэглэнэ. Эндхийн шар айраг сайхан гэсээр манайхан бүгд нэг нэг шар айраг авав, харин би жимсний шүүс.
Сониуч зан минь хөдлөөд эхний асуултаа уушийн газрын зөөгч залууд тавьлаа. Уг нь эзэн нь юм билээ л дээ. Гэхдээ зөөгчөө өөрөө хийж байсан юм. Би “тэр самбар ямар учиртай юм, яагаад бүх ширээ, сандалуудаа эрээлж цоохорлосон юм, энд ямар монгол хүн ирсэн юм вэ, тэр харагдаж байгаа манай мөнгөн тэмдэг байна” гэх мэтчилэнгээр асууж шалгаан ярилцаж гарлаа даа.

Уушийн газрын эзэн, түүний ард 500, 1000-тын мөнгөн дэвсгэрт
Бидний орсон уушийн газар өөрийн гэсэн гайхамшигтай түүхтэй газар байлаа. Үүх түүхийг нь сонсох тусам шар айргийн газар тэр чигтээ залуусын эрч хүч, эр зориг, залуу хүний цуцашгүй хүсэл мөрөөдлийн эхлэл болсон “орд” байсан нь надад маш сайхан санагдаж байв. Энэ уушын газар 1848 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш оюутан залуусын цуглардаг тэр дундаа Хайдэлбэрг их сургуулийн оюутнуудын нууцхан “болздог” газар байсан гэдэг. Энэ дашрамд Хайдэлбэргийн их сургуулийн талаар цухас дурдая. Хайдэлбэрг их сургууль нь 1386 онд байгуулагдсан Европийн хамгийн өндөр настай сургууль бөгөөд эндээс олон гайхамшигтай, суутнууд төрөн гарсан байдаг. Одоо ч гэсэн Хайдэлбэргийн их сургууль Германдаа “Шилдэг” нь бол дэлхийн их сургуулиудын дунд зэрэглэлээрээ эхний 50-д байнга орж явдаг оюуны охь болсон ундарга юм.

Хайдэлбэргчүүд түүхээрээ маш их бахархадаг. Германы ардчилал, хувьсгал, эрх чөлөөний салхи Хайдэлбэргээс эхэлж Герман орон даяар түгсэн гэж үздэг. Францтай ойр хөрш байсан учраас Хайдэлбэргийн оютнуудад Францад гарсан хувьсгал мөн Наполеон Бонапортын эрс шийдэмгий зоримог гаргасан алхамууд үлгэр дууриалал болон тэднийг хувьсгалд уриалан дуудсан гэдэг. Түүхийн аль ч цаг хугацаанд нийгмийн гажиг согогийг мэдэрч, тэр бүгдийн эсрэг зоригтойгоор тэмцдэг хошуучлагчид ямагт оюутнууд байсан. Энэ ч утгаараа Хайдэлбэргийн оюутнууд нийгмээ шинэчлэгчид, хувьсгалчид байсан бөгөөд тэдний цугларан ярилцдаг газар нь энэ уушийн газар байжээ. Уушийн газар хямдхан шар айрагтай, оюутнуудад элэгтэй байсан учраас Хайдэлбэрг их сургуулийн оюутнууд орой бүр 8 цагт цугларч Германы ихэс дээдсийн хирээс хэтэрсэн эрх ямба, газрын эздийн өв залгамжилсан дарангуйлал зэрэгт дургуйцэн, бусармаг буруу бүхнийг нуран унагах төлөвлөгөөгөө энд шивнэлддэг байв.

Тухайн үед оюутнууд Хайдэлбэргийн их сургуулийн зөвлөлтэй санаа нийлэхгүй байсан, Францанд гарсан хувьсгалт хөдөлгөөн, газрын эздийн шуналт татвар ард түмнийг өндийж чадамгүй их зовлонд оруулсан зэрэг нь оюутнуудыг хувьсгал, эрх чөлөөний хөдөлгөөнд уриалан дуудах чухал нөхцөл болжээ.

Уушийн газарт

Бидний орсон уушийн газрын хана, ширээ, сандалыг байгуулагдсан цагаас хойш нэг ч солиогүй гэх. Учир нь энэ бүхэн тэр чигтээ өөрөө түүхийн судар бичиг, баримт болсон учраас тэр байх л даа. Сандал, ширээн бүрт гарын үсэг, үгс, уриа, лоозон- тэр ч байтугай 19-р зууны хувьсгалч залуусын гарын үсэг хүртэл харагдана. Мөн түүнчлэн хана туурганд өлгөсөн самбарууд нь 19-р зууны Германд үйлчилж байсан хууль дэг журмын илэрхийлэл болж байдаг юм билээ.



Тухайлбал энэ харагдаж байгаа самбар дээрх бичиг нь “It is not allowed if don’t wear bathing costumes” буюу “Эмэгтэйчүүд усны хувцасгүй бол орж болохгүй” гэсэн утгатай үг юм гэсэн.

Хайдэлбэрг, уушийн газрын түүхийг Клаус болон уушийн газрын эзэн залуу уриалгахан аргагүй ярьж өгөв.
Бидний яриан дундуур Хайдэлбэргийн оюутан Роланд “Оогий би чамд өөр бас сонирхолтой юм ярьж өгий. ” гэв.
Түүний сонирхолтой яриа нь Германы одоогийн төрийн далбаан тухай байлаа. 1948 онд Хайдэлбэргт болсон Hambacher Fest цуглаанд оюутнууд хар, шар, улаан өнгийн нэгэн ижил нөмрөгтэй ирж оролцон цугларсан олны өмнө нийгмийнхээ болохгүй байгаа бүхнийг шүүмжлэсэн байна. Оюутнуудын өмсөж ирсэн гурван өнгийн нөмрөг сүүлдээ “Германы ард түмний үндсэн эрх, эрх чөлөөг” илтгэх бэлэгдэл бүхий төрийн далбаа болсон гэнэ. Роландын тайлбарласнаар төрийн далбаан улаан өнгө нь цус, хар өнгө нь үхэл, шар нь нарны мандаж буй туяа юм. Нэг үгээр дусал цус бүрээр үнэлэгдэн, үхлээр төлөөс хийн олж авсан Германы энгийн ард түмний эрх, эрх чөлөө нь нарны мандаж буй туяа шиг үргэлж мөнх байсаар байх болно гэсэн утгатай гэж тайлж болохоор. Төрийн далбаан үүсэл, утга бэлэгдэл мөн л Хайдэлбэргээс, Хайдэлбэргийн оюутнуудаас үүсэлтэй гэсэн үг юм.

Тэрнээс гадна Америкийн Иргэний дайнд Хайдэлбэргийн гал сөнөөгчдөөс бүрдсэн арми оролцон боолчлолын эсрэг тэмцэж байсан гэдгийг ч дурсан ярьж байлаа. Иймээс Хайдэлбэргчууд нийгмийн шинэчлэгчид болох оюутнууд, мөн эрх зориг, эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон гал сөнөөгч нартаа их хүндэтгэлтэй ханддаг болохыг залуус ам уралдан нотлон ярьж байв. Энэ ч утгаараа 1999 онд гал сөнөөгч нарт зориулсан хүндэтгэлийн медал гардуулах ёслол Хайдэлбэргийн жижигхэн хот болох Остербуркенд болсон байна.


Тасартлаа уух уу

Германы тэр дундаа Хайдэлбэргийн бахархалт түүхээр аялсаны дараагаар уушын газраас бид гэрийн зүг явлаа. Галт тэрэгний буудал хүрэх замд бид нэгэн сонирхолтой залуустай тааралдав. Хар подболкаар ижилссэн залуус гадаа “архидаж” байх юм. Герман залуугаас “энэ залуучууд ямар нэгэн урсгал чиглэлийг шүтдэг үү” гэтэл “Үгүй ээ. Жирийн л залууус. Харин эдгээр залуус өнөөдөр тасарч унатлаа ууна” гэлээ. Би гайхан “Яагаад” гэхэд “Манай мужид нэгэн заншил байдаг юм. Сүйт залуу хурим хийхийн өмнөх өдрөө бүх найзуудаа цуглуулаад шар айраг, архиар дайлан өөрөө тасарч унтлаа уух ёстой байдаг юм. Энэ нь хуримаа хийсний дараа шар айраг, архийг тасарч унатлаа уухгүй журамтай сайн нөхөр байна гэсэн утгатай” гэлээ. Хэхэхэ сонирхолтой хөгжилтэй заншил. Харин Монголд бол бөөн далим болно байх даа гэсэн бодол төрөв. Манайд ийм заншил байдаг бол өдөр бүр Улаанбаатарын гудамжаар сүрэг сүрэг залуучууд “хүндэтгэх шалтгаанаар тас компаний захирал болсын” гээд явж байна биз дээ. хэхэхэхэ
Залуусын хажуугаар явж өнгөрөхөд биднийг ч бас нэг нэг жижиг шил вискигээр дайллаа.
Хайдэлбэргээр хийсэн нэг өдрийн аялал гайхамшигтай болсон юм. Германд өнгөрүүлсэн хоног мөч бүр миний хувьд гэгээн сайхан дурсамж үлдээсэн. Зүрх сэтгэлд минь ойрхон байгаа, хоёр дахь эх орон мэт санагдах болсон Германд би Европ залуусын мэдлэг боловсролыг мэдэрч ялангуяа тэдний даруу элгэмсэг занг хүндэтгэж байснаа нуух юун.

Амьдрах сайхаааааааан


Өчигдөр, уржигдарын амралтын өдрүүдэд Хустайн нуруу руу сайхан амраад ирлээ.

Одоогийн байдлаар ажил бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн бүрт л тийм байдаг байх л даа. Ажил хийвэл мөнгө олж ам тосдоно гэдэг утгаараа биш юмаа.
Бусад хүмүүсийн хувьд ажил өдрийн 24 цагийн мөн амьдралын хэдэн хувийг "эзэмддэгийг" мэдэхгүй. Миний хувьд 99 хувь юм даа.
Ажил дээрээ л байвал сэтгэл санаа амар, хийж шальсан юм үгүй атал цагийг "үр бүтээлтэй" /үр бүтээлтэй гэчихжээ айхтар үг шүү/ өнгөрөөгөөд байгаа мэт санагддаг "бөлгөө" хэхэхэ.

Гадаа хүйтэн бараг цасан шуургатай гэтэл бид шорлог хийгээд






Гэрт унтах сайхан шүү.
Алсын чимээнд сэрэх Монгол халтар банхар хөв хөв хуцах
Хазаар сул морины өвс ширчигнүүлэн хазлах чимээ
Зууханд очлох модны чад пад хийх "үсэргээн"
Талын догшин салхинд өрхний үзүүр "агсагнаад" л ...

Эрх чөлөө, хязгааргүй эрх чөлөө, амар тайван нам гүм ШИНЭ СОРГОГ МЭДРЭМЖ
Амралтын өдрүүдээр боомилох угаар, бачимдах хашгираанаас хол амрах сайхаан