Өгүүлбэрээс төрсөн бодол

Өнөөдөр сонины 18-ны Пүрэв гарагийн дугаарыг гарчиглан суулаа. “Амьдрал үргэлж сайхнаараа” телевизийн реалити шоунд оролцогсодтой хийсэн Б.Баабарын ярилцлагыг уншив.
Ярилцлагаас нэг өгүүлбэр таалагдав, бас өгүүлбэрээс урган гарсан эмх замбараагүй бодлууд намайг эргүүлдлээ.

“... МОНГОЛ УЛСЫН ИРГЭН УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ АВААГҮЙ. ХАРИН САЙН САЙХАН АМЬДРАХ ЭРХТЭЙ ...”. Энэ өгүүлбэрийг уншихтай зэрэгцээд л юун түрүүнд энэ жилийн хүрд эргүүлэх боломж, сонголтгүй сонгуулийн тухай бодол төрлөө.
Бид хавар, зун, намаржингаа улс төрөөр амьсгалж, ааруул хатаах завгүй сонгуульдаагүй юу. Тэр үеэр телевизийн суваг, сонингийн хуудас, хаана тараалдсан газар бүрт нээх эх орондоо хайртайгаа мэдэрсэн том том нүүрнүүд гараад ирсэн дээ.

Тэр олон том “нүүрнүүд” аль нам эсвэл үл хамаараад бүгд нэгийг өгүүлнэ. Яг сайхан унтаж байтал зүүдэнд нь “чи л эх орноо хөгжүүлэхгүй бол цаана чинь дандаа хар гартай авилгачид улс эх орны тогоо цоолж байна. Чиний цаг болсон. Юун чиний хувь хүний, гэр бүлийн аз жаргал. Тэр улс эх орноо хөгжүүлэхэд зүтгэ” гээд өвөг дээдсийн үл амирласан сүнснүүд алин эсвэл хэн нэгний заримдаг саарал ч сүр бараатай дүрс ирээд шивнэхэд, зүүд нойроо хугаслаад үсэрч босонгуутаа сонгуульд нэрээ дэвшүүлчихэж гэнээ. Хэрэв сонгогдвол ханцуй шумлан, хормойгоо шуугаад хөлсөө цувуулан хөдөлмөрлөх юм гээд л мундаг мундаг эх оронч том том нүүрнүүд хаа сайгүй тааралдлаа. Зарим талаар бодохоор миний нүүрнээс бусад нь л сонгуульд нэр дэвшээд байгаам шиг. Сонгуульд нэр дэвших шалтгаан нь үнэнхүү бишрэн хүндэлмээр “Улс эх орноо л хөгжүүлэх”.

Улс эх орноо хөгжүүлэх, зүүдэнд буулгасан лүндэн тушаалыг хэрэгжүүлэх цорын ганц боломжит гарц бол сонгууль гэх. ТВ 5-ын улсын гавшгайч, улаан тугын одонт, шилдэг залуу хөтлөгч олигтойхон шиг логиктой асуулт тавиад телевизийнхээ сэтгүүлчийг хийх биш, мундаг банкны захирал нь ажилчдынхаа нийгмийн наад захын асуудлыг шийдэх ч биш, хэлний курсаас улс төрд лавхан шургалж байгаа лидер залуус бусаддаа олигтойхон шиг үлгэр дууриалалтайгаар үнэнгээсээ “худлаа ярих” ч биш, гудамжинд шог шүүрдэх бүүр ч биш гэнээ.

За энэ ч яахав. Дэндүү ихээр хадуурав. Яалт ч үгүй сонгуулийн синдром гараагүй одоо хүртэл ганц өгүүлбэр уншаад л туйлшираад сонгууль энэ тэр гэдэг болчихож.

Дээрх өгүүлбэрийг уншаад буу үүрүүлээд эзэнгүйдсэн хил мануулчихмаар сайхан эх орончидтойгоо мэдэрсэн сонгуулийн тухай бодол төрсөний дараа жендер бил үү, хүйсийн тэгш харьцаа билүү тэр асуудлын талаар нэг бодол төрлөө. Жендерийн тэгш эрх гэхээр л надад юун түрүүнд би хоол хийнэ, чи хоол хийнэ, би шал угаана, чи шал угаана, эсвэл хамтдаа угаана гэсэн гэр ахуйн цэвэрлэгээ, хоол ундны талаархи эхнэр нөхөр болж буй сүүлийн үеийн залуусын хэрүүл санагддагийн.

Би өөрийгөө сүүлийн үеийн залуусын тоонд багтана гэж бодоод байгаан. Тэгэхээр эхнэр болохоосоо өмнө эхлээд олон нийтийн газар хаях амаараа дүүрэн шүлсгүй болчихоод, 4 жил ухантаж сурсан англи үсгийн цагаан толгойгоо лавхан шиг цээжлээд, нэн даруй сар бүрийн тогтмол цалин авах хөшүүрэг болгох ухааны юм бодно. Тэгээд нэг ажлын бараа хараад авбал тогтвор суурьшилтай басхүү орон тооны цомохтголоор халагдагсдын тэргүүн эгнээд цохогдон бичигдэхээргүй ажилтан болохын тулд зүтгэнэ.

Бусдын ганц өдрийн хоолны мөнгөтэй дүйцэхүйц цалин авсан ч хамаагүй ажил л хийж байвал болоо. Гэхдээ гартаа улаан мөнгөгүй, хөрөнгө зоорьгүй би мэтийн улсууд өр тавин үнэтэй хувцас, өр тавин машин тэрэг, өр тавин гоо сайхан, өр тавин шоу цэнгээн гэхгүй ээ. Хэрэглээ нь тун энгийн сарынхаа цалинд тааруулаад л пирошкидно, сард нэг удаа Нарантуул хавиар эргэлдэнэ. Мөнгөнийхөө нэгээхэн хэсгийг банкинд хадгалуулж хүү бодуулан арвижуулах уу, алин эсвэл хувьцаа авч арвижуулах уу гэдэг ухааны юм бодно. Хувьцаа, хадгаламж хоёрын аль нь богино хугацаанд мөнгийг минь хэд болгох вэ хэмжээний эдийн засгийн мэдлэгтэй болсоныхоо дараа гэр бүлийн амьдрал бодохтойгоо болно.

Нөхөрт гарлаа хэхэ. Улс орны хөгжил, карьер марьер гэж амбицлаж байхаар нөхрөө ажилд нь явахаас өмнө эртхэн шиг босоод цайгаа чанаад хоол цайтай явуулах, хүүхдээ муу сурч байгааг нь гэнэт мэдэнгүүтээ уламжлалт эрүүдэн байцаах арга хэмжээ авах биш байдлыг урьдчилан хяналтандаа байлгах арга буюу хүүхдүүдтэйгээ илүү их цагаар ажиллах /гэхдээ нөхрөөсөө илүү цагаар ажилласны мөнгийг бодуулах эсэх дээр маргаан үүсгэхгүй эв найрамдлын шугамаар аль болох шийддэг байх/, ажлаа эртхэн шиг зохицуулаад нөхрөөсаа уртаж ирэн оройн хоолны ая тал боддог хормойгоо чирсэн хочтой гэрийн авгай болноо.

Юун тэр улс орны хөгжил. Эхлээд гэр бүлийнхээ аз жаргалыг шийдэх хэрэгтэй. Эхнэр нь гал тогоондоо, нөхөр нь хоймортоо байвал тун зүгээр гэж би боддог. Би эмэгтэй хэрнээ тэр жендерийн тэгш эрхийн эсрэг бүрэн зогсдог хүн л дээ хэхэхэ. Эхнэр нь улс орныхоо төлөө амь бие болоод гэр орныхоо аз жаргалыг гаргуунд нь гаргасан УИХ-ын гишүүн ... УИХ-ын гишүүн эхнэртэйн улмаас сексийн дутагдалтай байгаадаа гомдсон нөхөр нь баар цэнгээний газрын байнгын үйлчлүүлэгч ... хүүхдүүд нь гэрийн асрагчийн хортой хоргүй хоолны хусам долоогчид. Ийм байвал ямар уу. Таалагддаг эмэгтэйчүүд байдаг л биз.

Өгүүлбэрээс төрсөн эмх замбараагүй бодлоо эцэслэн дүгнэхэд /гэхдээ эмэгтэй хүний нүдээр шүү/ хэдийгээр би Монгол улсын иргэн мөн боловч би Монгол улсыг хөгжүүлэх үүрэг даалгавар аваагүй. Харин миний төлөө, миний аз жаргалтай амьдралын нөхцөл байдал хаана бүрэлдэн тэнд би амьдрах сонголтоо хийнэ. Харин гэхдээ!!!! энэ сонголтыг хийж байгаа хүний хувьд өөрийгөө хайрладөг, өрөөлийг энэрдэг, улмаар ханьдаа хайртай халамжтай эхнэр, үр хүүхэддээ энэрэлтэй ээж байж тэр бүгдээсээ хувийн аз жаргалаа хүртэж энэ хүмүүний амьдралыг төгсгөх минь.

Зүүдэнд ирдэг хонгорхон ижий


Өнөөдөр би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэллээ
Өвөр дээр нь суугаад нялхарч байна гэж зүүдэллээ
Зүүдэнд минь биелэн ирдэг ээжийнхээ
Зөөлөн сайхан үсний үнэрийг би мэдрэв
Зөөлөн уруул нь духанд минь хүрэхийг бас мэдрэв
Амжаад би ээждээ хайртай гэдгээ харамгүй хэлэхийг хүсэв
Гэтэл ...
Би сэрчихжээ
Ахиад л би ээждээ хайртайгаа хэлж чадсангүй
Нүдээ хүчлэн аниад зүүдээ манахыг хүсэвч
Ахиад би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэлсэнгүй
Үнэрийг тань мартагнаж байгаа ч охин нь тандаа хайртай
Зүсийг тань үл санах ч охин нь тандаа хайртай
Би ээжийнхээ бяцхан “тугалхан” хэвээрээ

Блог бичсэнээс хойш нэг жил өнгөрчээ

Блог бичээд нэг жил өнгөрчээ. Би блогноос маш олон зүйлийг сурч мэдэж, хамгийн гол нь блогоороо дамжуулаад олох сайхан найзтай болсон. Блог найзуудтайгаа блог гэх сэтгэлийн толиороо харж танилцсан болохоор блог андууд маань миний хувьд хамгийн том бэлэг юм.
Тэр дундаа ЗҮРХЭНДЭЭ ДАЛДЫН ДАЛД НАНДИГНААД ХАДГАЛЧИХСАН ЗҮҮД МӨРӨӨДӨЛД БАЙЖ БОЛОХ НЭЭЭХ САЙХАН АМЬДРАЛЫГ БЛОГ МИНЬ ИЛ ГАРГАСАН.

Оогий байсан цагт блогоо бичсээр л байх болно. Амьдрал сайхааан - энэ миний дуртай үг. Сайхан амьдралын тухай бичлэгүүдийг хамтдаа нэмэх гайхамшигтай ханьтай болж байгаа.
Блог гэдэг миний хувьд...
...Богинхион зайд орших
...Бодол сэтгэлийн дотоод хэсэг
...Болсон болоогүй амьдарлаа
...Бодит талруу нь бичсэн толь
Блог гэдэг миний хувд...
...Яруу найрагт дурлaсандаа бус
...Янжинлхамыг шүтдэгтэй биш
...Ядарч олсон амьдралынхаа үнэнийг
...Ярьж бусадтай хуваалцах хүсэл минь
Блог гэдэг миний хувьд...
...Би гэдэг хувь хүнийг
...Бусдад таниулах цонх минь
...Бэтгэрч явсан сэтгэлээ
...Бичиж дэлгэсэн дэвтэр минь
Блог гэдэг миний хувьд....
Боргил амьдралын үнэнээс
Бадганд мөнхрөх сэтгэл минь
...Бүтээж туурвисан зүйлсээ
...Баясаж хардаг тэмдэглэл минь юм
Б.Гүрбазарын Бодлын хэлхээнээс ...

Чи бидэн хоёр

Гал шиг би асан алдаж уурлаж байхад
Ус шиг чи уурыг минь дарах шидтэй
Ус шиг сэтгэл минь гэгэлзэн асгарч байхад
Далан мэт чи тогтоон барих хүчтэй
Салхи мэт би олон аашилж байхад
Уул мэт чи байрандаа үлдэх суурьтай
Сар мэт гуниглан ганцаардаж байхад
Тэнгэр мэт чи тэврэн аргадах ухаантай
Гал ус хоёр мэт арсалдан чи бид хоёр оршивч
Газар тэнгэр хоёр мэт тэрсэлдэн чи бид хоёр амьдравч
Бие биенээрээ дутаж эгэл амьдралыг элээж
Бүтэн нэг цулын хоёр тал юм уу даа ....
Ханьхан минь ....................
Би чамдаа хайртай

Номингоо