Өгүүлбэрээс төрсөн бодол

Өнөөдөр сонины 18-ны Пүрэв гарагийн дугаарыг гарчиглан суулаа. “Амьдрал үргэлж сайхнаараа” телевизийн реалити шоунд оролцогсодтой хийсэн Б.Баабарын ярилцлагыг уншив.
Ярилцлагаас нэг өгүүлбэр таалагдав, бас өгүүлбэрээс урган гарсан эмх замбараагүй бодлууд намайг эргүүлдлээ.

“... МОНГОЛ УЛСЫН ИРГЭН УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ҮҮРЭГ АВААГҮЙ. ХАРИН САЙН САЙХАН АМЬДРАХ ЭРХТЭЙ ...”. Энэ өгүүлбэрийг уншихтай зэрэгцээд л юун түрүүнд энэ жилийн хүрд эргүүлэх боломж, сонголтгүй сонгуулийн тухай бодол төрлөө.
Бид хавар, зун, намаржингаа улс төрөөр амьсгалж, ааруул хатаах завгүй сонгуульдаагүй юу. Тэр үеэр телевизийн суваг, сонингийн хуудас, хаана тараалдсан газар бүрт нээх эх орондоо хайртайгаа мэдэрсэн том том нүүрнүүд гараад ирсэн дээ.

Тэр олон том “нүүрнүүд” аль нам эсвэл үл хамаараад бүгд нэгийг өгүүлнэ. Яг сайхан унтаж байтал зүүдэнд нь “чи л эх орноо хөгжүүлэхгүй бол цаана чинь дандаа хар гартай авилгачид улс эх орны тогоо цоолж байна. Чиний цаг болсон. Юун чиний хувь хүний, гэр бүлийн аз жаргал. Тэр улс эх орноо хөгжүүлэхэд зүтгэ” гээд өвөг дээдсийн үл амирласан сүнснүүд алин эсвэл хэн нэгний заримдаг саарал ч сүр бараатай дүрс ирээд шивнэхэд, зүүд нойроо хугаслаад үсэрч босонгуутаа сонгуульд нэрээ дэвшүүлчихэж гэнээ. Хэрэв сонгогдвол ханцуй шумлан, хормойгоо шуугаад хөлсөө цувуулан хөдөлмөрлөх юм гээд л мундаг мундаг эх оронч том том нүүрнүүд хаа сайгүй тааралдлаа. Зарим талаар бодохоор миний нүүрнээс бусад нь л сонгуульд нэр дэвшээд байгаам шиг. Сонгуульд нэр дэвших шалтгаан нь үнэнхүү бишрэн хүндэлмээр “Улс эх орноо л хөгжүүлэх”.

Улс эх орноо хөгжүүлэх, зүүдэнд буулгасан лүндэн тушаалыг хэрэгжүүлэх цорын ганц боломжит гарц бол сонгууль гэх. ТВ 5-ын улсын гавшгайч, улаан тугын одонт, шилдэг залуу хөтлөгч олигтойхон шиг логиктой асуулт тавиад телевизийнхээ сэтгүүлчийг хийх биш, мундаг банкны захирал нь ажилчдынхаа нийгмийн наад захын асуудлыг шийдэх ч биш, хэлний курсаас улс төрд лавхан шургалж байгаа лидер залуус бусаддаа олигтойхон шиг үлгэр дууриалалтайгаар үнэнгээсээ “худлаа ярих” ч биш, гудамжинд шог шүүрдэх бүүр ч биш гэнээ.

За энэ ч яахав. Дэндүү ихээр хадуурав. Яалт ч үгүй сонгуулийн синдром гараагүй одоо хүртэл ганц өгүүлбэр уншаад л туйлшираад сонгууль энэ тэр гэдэг болчихож.

Дээрх өгүүлбэрийг уншаад буу үүрүүлээд эзэнгүйдсэн хил мануулчихмаар сайхан эх орончидтойгоо мэдэрсэн сонгуулийн тухай бодол төрсөний дараа жендер бил үү, хүйсийн тэгш харьцаа билүү тэр асуудлын талаар нэг бодол төрлөө. Жендерийн тэгш эрх гэхээр л надад юун түрүүнд би хоол хийнэ, чи хоол хийнэ, би шал угаана, чи шал угаана, эсвэл хамтдаа угаана гэсэн гэр ахуйн цэвэрлэгээ, хоол ундны талаархи эхнэр нөхөр болж буй сүүлийн үеийн залуусын хэрүүл санагддагийн.

Би өөрийгөө сүүлийн үеийн залуусын тоонд багтана гэж бодоод байгаан. Тэгэхээр эхнэр болохоосоо өмнө эхлээд олон нийтийн газар хаях амаараа дүүрэн шүлсгүй болчихоод, 4 жил ухантаж сурсан англи үсгийн цагаан толгойгоо лавхан шиг цээжлээд, нэн даруй сар бүрийн тогтмол цалин авах хөшүүрэг болгох ухааны юм бодно. Тэгээд нэг ажлын бараа хараад авбал тогтвор суурьшилтай басхүү орон тооны цомохтголоор халагдагсдын тэргүүн эгнээд цохогдон бичигдэхээргүй ажилтан болохын тулд зүтгэнэ.

Бусдын ганц өдрийн хоолны мөнгөтэй дүйцэхүйц цалин авсан ч хамаагүй ажил л хийж байвал болоо. Гэхдээ гартаа улаан мөнгөгүй, хөрөнгө зоорьгүй би мэтийн улсууд өр тавин үнэтэй хувцас, өр тавин машин тэрэг, өр тавин гоо сайхан, өр тавин шоу цэнгээн гэхгүй ээ. Хэрэглээ нь тун энгийн сарынхаа цалинд тааруулаад л пирошкидно, сард нэг удаа Нарантуул хавиар эргэлдэнэ. Мөнгөнийхөө нэгээхэн хэсгийг банкинд хадгалуулж хүү бодуулан арвижуулах уу, алин эсвэл хувьцаа авч арвижуулах уу гэдэг ухааны юм бодно. Хувьцаа, хадгаламж хоёрын аль нь богино хугацаанд мөнгийг минь хэд болгох вэ хэмжээний эдийн засгийн мэдлэгтэй болсоныхоо дараа гэр бүлийн амьдрал бодохтойгоо болно.

Нөхөрт гарлаа хэхэ. Улс орны хөгжил, карьер марьер гэж амбицлаж байхаар нөхрөө ажилд нь явахаас өмнө эртхэн шиг босоод цайгаа чанаад хоол цайтай явуулах, хүүхдээ муу сурч байгааг нь гэнэт мэдэнгүүтээ уламжлалт эрүүдэн байцаах арга хэмжээ авах биш байдлыг урьдчилан хяналтандаа байлгах арга буюу хүүхдүүдтэйгээ илүү их цагаар ажиллах /гэхдээ нөхрөөсөө илүү цагаар ажилласны мөнгийг бодуулах эсэх дээр маргаан үүсгэхгүй эв найрамдлын шугамаар аль болох шийддэг байх/, ажлаа эртхэн шиг зохицуулаад нөхрөөсаа уртаж ирэн оройн хоолны ая тал боддог хормойгоо чирсэн хочтой гэрийн авгай болноо.

Юун тэр улс орны хөгжил. Эхлээд гэр бүлийнхээ аз жаргалыг шийдэх хэрэгтэй. Эхнэр нь гал тогоондоо, нөхөр нь хоймортоо байвал тун зүгээр гэж би боддог. Би эмэгтэй хэрнээ тэр жендерийн тэгш эрхийн эсрэг бүрэн зогсдог хүн л дээ хэхэхэ. Эхнэр нь улс орныхоо төлөө амь бие болоод гэр орныхоо аз жаргалыг гаргуунд нь гаргасан УИХ-ын гишүүн ... УИХ-ын гишүүн эхнэртэйн улмаас сексийн дутагдалтай байгаадаа гомдсон нөхөр нь баар цэнгээний газрын байнгын үйлчлүүлэгч ... хүүхдүүд нь гэрийн асрагчийн хортой хоргүй хоолны хусам долоогчид. Ийм байвал ямар уу. Таалагддаг эмэгтэйчүүд байдаг л биз.

Өгүүлбэрээс төрсөн эмх замбараагүй бодлоо эцэслэн дүгнэхэд /гэхдээ эмэгтэй хүний нүдээр шүү/ хэдийгээр би Монгол улсын иргэн мөн боловч би Монгол улсыг хөгжүүлэх үүрэг даалгавар аваагүй. Харин миний төлөө, миний аз жаргалтай амьдралын нөхцөл байдал хаана бүрэлдэн тэнд би амьдрах сонголтоо хийнэ. Харин гэхдээ!!!! энэ сонголтыг хийж байгаа хүний хувьд өөрийгөө хайрладөг, өрөөлийг энэрдэг, улмаар ханьдаа хайртай халамжтай эхнэр, үр хүүхэддээ энэрэлтэй ээж байж тэр бүгдээсээ хувийн аз жаргалаа хүртэж энэ хүмүүний амьдралыг төгсгөх минь.

Зүүдэнд ирдэг хонгорхон ижий


Өнөөдөр би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэллээ
Өвөр дээр нь суугаад нялхарч байна гэж зүүдэллээ
Зүүдэнд минь биелэн ирдэг ээжийнхээ
Зөөлөн сайхан үсний үнэрийг би мэдрэв
Зөөлөн уруул нь духанд минь хүрэхийг бас мэдрэв
Амжаад би ээждээ хайртай гэдгээ харамгүй хэлэхийг хүсэв
Гэтэл ...
Би сэрчихжээ
Ахиад л би ээждээ хайртайгаа хэлж чадсангүй
Нүдээ хүчлэн аниад зүүдээ манахыг хүсэвч
Ахиад би ээжтэйгээ уулзаж байна гэж зүүдэлсэнгүй
Үнэрийг тань мартагнаж байгаа ч охин нь тандаа хайртай
Зүсийг тань үл санах ч охин нь тандаа хайртай
Би ээжийнхээ бяцхан “тугалхан” хэвээрээ

Блог бичсэнээс хойш нэг жил өнгөрчээ

Блог бичээд нэг жил өнгөрчээ. Би блогноос маш олон зүйлийг сурч мэдэж, хамгийн гол нь блогоороо дамжуулаад олох сайхан найзтай болсон. Блог найзуудтайгаа блог гэх сэтгэлийн толиороо харж танилцсан болохоор блог андууд маань миний хувьд хамгийн том бэлэг юм.
Тэр дундаа ЗҮРХЭНДЭЭ ДАЛДЫН ДАЛД НАНДИГНААД ХАДГАЛЧИХСАН ЗҮҮД МӨРӨӨДӨЛД БАЙЖ БОЛОХ НЭЭЭХ САЙХАН АМЬДРАЛЫГ БЛОГ МИНЬ ИЛ ГАРГАСАН.

Оогий байсан цагт блогоо бичсээр л байх болно. Амьдрал сайхааан - энэ миний дуртай үг. Сайхан амьдралын тухай бичлэгүүдийг хамтдаа нэмэх гайхамшигтай ханьтай болж байгаа.
Блог гэдэг миний хувьд...
...Богинхион зайд орших
...Бодол сэтгэлийн дотоод хэсэг
...Болсон болоогүй амьдарлаа
...Бодит талруу нь бичсэн толь
Блог гэдэг миний хувд...
...Яруу найрагт дурлaсандаа бус
...Янжинлхамыг шүтдэгтэй биш
...Ядарч олсон амьдралынхаа үнэнийг
...Ярьж бусадтай хуваалцах хүсэл минь
Блог гэдэг миний хувьд...
...Би гэдэг хувь хүнийг
...Бусдад таниулах цонх минь
...Бэтгэрч явсан сэтгэлээ
...Бичиж дэлгэсэн дэвтэр минь
Блог гэдэг миний хувьд....
Боргил амьдралын үнэнээс
Бадганд мөнхрөх сэтгэл минь
...Бүтээж туурвисан зүйлсээ
...Баясаж хардаг тэмдэглэл минь юм
Б.Гүрбазарын Бодлын хэлхээнээс ...

Чи бидэн хоёр

Гал шиг би асан алдаж уурлаж байхад
Ус шиг чи уурыг минь дарах шидтэй
Ус шиг сэтгэл минь гэгэлзэн асгарч байхад
Далан мэт чи тогтоон барих хүчтэй
Салхи мэт би олон аашилж байхад
Уул мэт чи байрандаа үлдэх суурьтай
Сар мэт гуниглан ганцаардаж байхад
Тэнгэр мэт чи тэврэн аргадах ухаантай
Гал ус хоёр мэт арсалдан чи бид хоёр оршивч
Газар тэнгэр хоёр мэт тэрсэлдэн чи бид хоёр амьдравч
Бие биенээрээ дутаж эгэл амьдралыг элээж
Бүтэн нэг цулын хоёр тал юм уу даа ....
Ханьхан минь ....................
Би чамдаа хайртай

Номингоо

ДӨРӨВ. ХАЙДЭЛБЭРГЭЭР

Шилтгээн
Сургалт дууссаны удаах өдөр манай багийхан Хайдэлбэргээр хотын аялал хийхээр галт тэргэнд суун үзэсгэлэнт Некар голын хөвөөнд орших Хайдэлбэрг руу явлаа. Галт тэрэгний цонхоор галбиртан цэнхэртэх Некар гол, ойн модон дундах хийц загвар сайтай Герман маягийн жижигхэн байшингууд, дуут дохиогоо сүртэй хүнгэнүүлэх усан онгоц харагдана.

Үзэсгэлэнт Некар голын хөвөө дэрлэн сунаж тогтсон Хайдэлбэрг хот жилийн дөрвөн улиралд жуулчдын хөлд дарагдана. Олон зуун жилийн баялаг түүх, нүд хужирлах зүйлс арвинтай энэ хотоороо Baden-Württemberg-ийнхан ихээхэн бахархадаг юм билээ. Нээрээ л бахархах зүйл олонтой гэдгийг нэг өдрийн хотын аялалаар явж байхдаа ойлгосон юм шүү.

Хайдэлбэргт очсон хэн бүхэн юун түрүүнд 13-р зуунд баригдсан Хайдэлбэргийн шилтгээнийг үзэж сонирходог. Königstuhl буюу “Хааны сэнтий” нэртэй уулны тагтад орших шилтгээн олон зуун жилийн гайхамшигийг ирсэн хүн бүхэнд харамгүй дэлгэн үзүүлдэг.
Уулын бэлийг ороон дээшлэх, зассан нарийхан шороон замаар бид өгсөн нэг мэдэхэд тэв тэгшхэн цэцэрлэгт хүрээлэнд орж ирлээ.

Энэ зам 13-р зуун руу хүргэнэ
Эртний ихэс дээдэс энэ шилтгээнд тухлан, тансаг цэцэрлэгт хүрээлэнд зугаацан сэлгүүцдэг байсныг дотроо төсөөлөхөд сайхан санагдана. Бөмбөгөр хормойтой торгон даашинз, далбагар том нарны малгай, нарийхан цэмцгэр бээлий өмссөн ихэмсэг хатагтай нар нааш цааш холхилоод л ...... хэхэхэ энэ төсөөлөл минь гэнэт нээрээ л энд маш олон сүнснүүд үүр шөнийн заагаар хэсүүчилдэг байхаа гэсэн бодол болж хувирав. Ингээд Хайдэлбэргийн их сургуульд суралцдаг манай сургалтын багийн гишүүн Питрогоос “энэ шилтгээн сүнстэй юу” гэж асуухад өнөөх маань инээснээ “Орой бид сүнснүүдийн тансаг хүлээн авалтанд оролцож болно шүү дээ” гэж хариулав.

Шилтгээний цэцэрлэг-зарим хүмүүс дээшээ мацаад ядарсан бололтой зүлгэн дээр суусан байна

Бусад маань ярилцаад завгүй
Хайдэлбэрг шилтгээн жуулчдын хөлд дарагддаг нь үнэхээр илт. Гэхдээ энд ирэх жуулчдын ихэнхи нь Азийн орнуудаас байдаг гэдгийг сургалтын зохион байгуулагч хэлж байсан. Нээрээ л биднийг Хайдэлбэргийн шилтгээнээр аялаж явахад яг нэг хэвэнд цутгачихсан юм шиг Япон жуулчид бүгд цаанаас нь нормлоод өгчихсөн мэт ижилхэн нарны малгай, үүргэвч үүрээд “сүрэглэн” явах нь их содон харагдаж байв. Бүгд зургийн аппараттай байх агаад харсан бүхнээ сурмаг аргагүй нэг хором ч алдахгүй дарах нь сонин ч юм шиг.

Хайдэлбэргийн ордон-шилтгээнийг 1228 онд Баваригийн гүн 1-р Louis бариулсан гэдэг юм билээ. 13-р зуунаас өдийг хүртэл хадгалагдаж үлдсэн гэж бодохоор үнэхээр дуу алдам сүрдмээр. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн аймшигт бөмбөгдөлтөнд бага хохирсон цөөхөн хотуудын нэг бол Хайдэлбэрг. 13-р зуунд баригдсан энэ шилтгээнийг сэргэн мандалтын үед ахин шинэчилж засварласан бөгөөд шилтгээний баримал, хийц загвараас Дунд Зуун мөн Сэргэн мандалтын үеийн Европийн уран барилгын чиг хандлага, хийц загварыг бүхэлд нь харж болохоороо гайхамшиг юм. Шилтгээний хана, гудамжны зам, хаалт хашлага бүхэлдээ чулуун хийцтэй, олон настай сүрлэг мод сүүдэртээд шилтгээний орчимд сэрүү татам сайхан. Гадаа жин үдийн халуун байсан хэдий ч шилтгээний чулуун ханан дээр гараа тавихаар сэрүүн даагаад л таатай юм билээ.

Шилтгээн дээрээс хот бүхэлдээ

Өнгөрсөн үеэр
Содон уушийн газар
Шилтгээнийг үзэж сонирхосны дараа бид Хайдэлбэргийн арилжаа зээлийн гудамжаар сэлгүүцэв. Зээлийн гудамжаас ганц хоёр юм авах гэсэн боловч аргагүй л жуулчидад зориулсан гэмээр үнэтэй юм билээ. Ээмэг бөгжний хоббитой болохоор би татганаж татганаж өөртөө нэг жижигхээн ээмгийг дурсгал болгон авч үлдэв. Явж байгаа орон бүрээсээ ээмэг бөгж авч хадгалах нь миний нэг сонирхол болоод байгаа.
Зээлийн гудамжаар жаахан сэлгүүцэж шуналтахаас цаашгүй шүлсээ гоожуулсаар 5 цагт бид эргэн уулзахаар тохирсон талбай дээрээ цуглараад хоол олж идэхээр явлаа.

Болзсон газраа цугларлаа
Хайдэлбэрг их сургуулийн оюутан, бас сургалтын зохион байгуулагч Клаус хоёр биднийг их сайхан газарт аваачин гэсээр дагуулж явав. Бидний очсон шар айрагны газарт оронгуут юун түрүүнд нүдэнд туссан зүйл бол цоохорлон эрээчсэн ширээ сандал, элдэвийн самбар, бичиг цаасаар “чимэглэсэн” хана, тайз. “Ганган хүүхэнд гархи нэмэр” гэдэг шиг л нүд эрээлжлэм чимэг зүүлттэй шар айрагны газрын түүхийг сонссоны дараагаар уушийн газарт тухалсанаа аз завшаантэй хэрэг гэж бодож байлаа. Германчуудыг шар айраггүй төсөөлөхөд бэрх. Шар айраг нь ундаанаасаа хямдхан болохоор ч тэрүү хүмүүс нь шар айргийг ус шиг л хэрэглэнэ. Эндхийн шар айраг сайхан гэсээр манайхан бүгд нэг нэг шар айраг авав, харин би жимсний шүүс.
Сониуч зан минь хөдлөөд эхний асуултаа уушийн газрын зөөгч залууд тавьлаа. Уг нь эзэн нь юм билээ л дээ. Гэхдээ зөөгчөө өөрөө хийж байсан юм. Би “тэр самбар ямар учиртай юм, яагаад бүх ширээ, сандалуудаа эрээлж цоохорлосон юм, энд ямар монгол хүн ирсэн юм вэ, тэр харагдаж байгаа манай мөнгөн тэмдэг байна” гэх мэтчилэнгээр асууж шалгаан ярилцаж гарлаа даа.

Уушийн газрын эзэн, түүний ард 500, 1000-тын мөнгөн дэвсгэрт
Бидний орсон уушийн газар өөрийн гэсэн гайхамшигтай түүхтэй газар байлаа. Үүх түүхийг нь сонсох тусам шар айргийн газар тэр чигтээ залуусын эрч хүч, эр зориг, залуу хүний цуцашгүй хүсэл мөрөөдлийн эхлэл болсон “орд” байсан нь надад маш сайхан санагдаж байв. Энэ уушын газар 1848 онд байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш оюутан залуусын цуглардаг тэр дундаа Хайдэлбэрг их сургуулийн оюутнуудын нууцхан “болздог” газар байсан гэдэг. Энэ дашрамд Хайдэлбэргийн их сургуулийн талаар цухас дурдая. Хайдэлбэрг их сургууль нь 1386 онд байгуулагдсан Европийн хамгийн өндөр настай сургууль бөгөөд эндээс олон гайхамшигтай, суутнууд төрөн гарсан байдаг. Одоо ч гэсэн Хайдэлбэргийн их сургууль Германдаа “Шилдэг” нь бол дэлхийн их сургуулиудын дунд зэрэглэлээрээ эхний 50-д байнга орж явдаг оюуны охь болсон ундарга юм.

Хайдэлбэргчүүд түүхээрээ маш их бахархадаг. Германы ардчилал, хувьсгал, эрх чөлөөний салхи Хайдэлбэргээс эхэлж Герман орон даяар түгсэн гэж үздэг. Францтай ойр хөрш байсан учраас Хайдэлбэргийн оютнуудад Францад гарсан хувьсгал мөн Наполеон Бонапортын эрс шийдэмгий зоримог гаргасан алхамууд үлгэр дууриалал болон тэднийг хувьсгалд уриалан дуудсан гэдэг. Түүхийн аль ч цаг хугацаанд нийгмийн гажиг согогийг мэдэрч, тэр бүгдийн эсрэг зоригтойгоор тэмцдэг хошуучлагчид ямагт оюутнууд байсан. Энэ ч утгаараа Хайдэлбэргийн оюутнууд нийгмээ шинэчлэгчид, хувьсгалчид байсан бөгөөд тэдний цугларан ярилцдаг газар нь энэ уушийн газар байжээ. Уушийн газар хямдхан шар айрагтай, оюутнуудад элэгтэй байсан учраас Хайдэлбэрг их сургуулийн оюутнууд орой бүр 8 цагт цугларч Германы ихэс дээдсийн хирээс хэтэрсэн эрх ямба, газрын эздийн өв залгамжилсан дарангуйлал зэрэгт дургуйцэн, бусармаг буруу бүхнийг нуран унагах төлөвлөгөөгөө энд шивнэлддэг байв.

Тухайн үед оюутнууд Хайдэлбэргийн их сургуулийн зөвлөлтэй санаа нийлэхгүй байсан, Францанд гарсан хувьсгалт хөдөлгөөн, газрын эздийн шуналт татвар ард түмнийг өндийж чадамгүй их зовлонд оруулсан зэрэг нь оюутнуудыг хувьсгал, эрх чөлөөний хөдөлгөөнд уриалан дуудах чухал нөхцөл болжээ.

Уушийн газарт

Бидний орсон уушийн газрын хана, ширээ, сандалыг байгуулагдсан цагаас хойш нэг ч солиогүй гэх. Учир нь энэ бүхэн тэр чигтээ өөрөө түүхийн судар бичиг, баримт болсон учраас тэр байх л даа. Сандал, ширээн бүрт гарын үсэг, үгс, уриа, лоозон- тэр ч байтугай 19-р зууны хувьсгалч залуусын гарын үсэг хүртэл харагдана. Мөн түүнчлэн хана туурганд өлгөсөн самбарууд нь 19-р зууны Германд үйлчилж байсан хууль дэг журмын илэрхийлэл болж байдаг юм билээ.



Тухайлбал энэ харагдаж байгаа самбар дээрх бичиг нь “It is not allowed if don’t wear bathing costumes” буюу “Эмэгтэйчүүд усны хувцасгүй бол орж болохгүй” гэсэн утгатай үг юм гэсэн.

Хайдэлбэрг, уушийн газрын түүхийг Клаус болон уушийн газрын эзэн залуу уриалгахан аргагүй ярьж өгөв.
Бидний яриан дундуур Хайдэлбэргийн оюутан Роланд “Оогий би чамд өөр бас сонирхолтой юм ярьж өгий. ” гэв.
Түүний сонирхолтой яриа нь Германы одоогийн төрийн далбаан тухай байлаа. 1948 онд Хайдэлбэргт болсон Hambacher Fest цуглаанд оюутнууд хар, шар, улаан өнгийн нэгэн ижил нөмрөгтэй ирж оролцон цугларсан олны өмнө нийгмийнхээ болохгүй байгаа бүхнийг шүүмжлэсэн байна. Оюутнуудын өмсөж ирсэн гурван өнгийн нөмрөг сүүлдээ “Германы ард түмний үндсэн эрх, эрх чөлөөг” илтгэх бэлэгдэл бүхий төрийн далбаа болсон гэнэ. Роландын тайлбарласнаар төрийн далбаан улаан өнгө нь цус, хар өнгө нь үхэл, шар нь нарны мандаж буй туяа юм. Нэг үгээр дусал цус бүрээр үнэлэгдэн, үхлээр төлөөс хийн олж авсан Германы энгийн ард түмний эрх, эрх чөлөө нь нарны мандаж буй туяа шиг үргэлж мөнх байсаар байх болно гэсэн утгатай гэж тайлж болохоор. Төрийн далбаан үүсэл, утга бэлэгдэл мөн л Хайдэлбэргээс, Хайдэлбэргийн оюутнуудаас үүсэлтэй гэсэн үг юм.

Тэрнээс гадна Америкийн Иргэний дайнд Хайдэлбэргийн гал сөнөөгчдөөс бүрдсэн арми оролцон боолчлолын эсрэг тэмцэж байсан гэдгийг ч дурсан ярьж байлаа. Иймээс Хайдэлбэргчууд нийгмийн шинэчлэгчид болох оюутнууд, мөн эрх зориг, эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон гал сөнөөгч нартаа их хүндэтгэлтэй ханддаг болохыг залуус ам уралдан нотлон ярьж байв. Энэ ч утгаараа 1999 онд гал сөнөөгч нарт зориулсан хүндэтгэлийн медал гардуулах ёслол Хайдэлбэргийн жижигхэн хот болох Остербуркенд болсон байна.


Тасартлаа уух уу

Германы тэр дундаа Хайдэлбэргийн бахархалт түүхээр аялсаны дараагаар уушын газраас бид гэрийн зүг явлаа. Галт тэрэгний буудал хүрэх замд бид нэгэн сонирхолтой залуустай тааралдав. Хар подболкаар ижилссэн залуус гадаа “архидаж” байх юм. Герман залуугаас “энэ залуучууд ямар нэгэн урсгал чиглэлийг шүтдэг үү” гэтэл “Үгүй ээ. Жирийн л залууус. Харин эдгээр залуус өнөөдөр тасарч унатлаа ууна” гэлээ. Би гайхан “Яагаад” гэхэд “Манай мужид нэгэн заншил байдаг юм. Сүйт залуу хурим хийхийн өмнөх өдрөө бүх найзуудаа цуглуулаад шар айраг, архиар дайлан өөрөө тасарч унтлаа уух ёстой байдаг юм. Энэ нь хуримаа хийсний дараа шар айраг, архийг тасарч унатлаа уухгүй журамтай сайн нөхөр байна гэсэн утгатай” гэлээ. Хэхэхэ сонирхолтой хөгжилтэй заншил. Харин Монголд бол бөөн далим болно байх даа гэсэн бодол төрөв. Манайд ийм заншил байдаг бол өдөр бүр Улаанбаатарын гудамжаар сүрэг сүрэг залуучууд “хүндэтгэх шалтгаанаар тас компаний захирал болсын” гээд явж байна биз дээ. хэхэхэхэ
Залуусын хажуугаар явж өнгөрөхөд биднийг ч бас нэг нэг жижиг шил вискигээр дайллаа.
Хайдэлбэргээр хийсэн нэг өдрийн аялал гайхамшигтай болсон юм. Германд өнгөрүүлсэн хоног мөч бүр миний хувьд гэгээн сайхан дурсамж үлдээсэн. Зүрх сэтгэлд минь ойрхон байгаа, хоёр дахь эх орон мэт санагдах болсон Германд би Европ залуусын мэдлэг боловсролыг мэдэрч ялангуяа тэдний даруу элгэмсэг занг хүндэтгэж байснаа нуух юун.

Амьдрах сайхаааааааан


Өчигдөр, уржигдарын амралтын өдрүүдэд Хустайн нуруу руу сайхан амраад ирлээ.

Одоогийн байдлаар ажил бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн бүрт л тийм байдаг байх л даа. Ажил хийвэл мөнгө олж ам тосдоно гэдэг утгаараа биш юмаа.
Бусад хүмүүсийн хувьд ажил өдрийн 24 цагийн мөн амьдралын хэдэн хувийг "эзэмддэгийг" мэдэхгүй. Миний хувьд 99 хувь юм даа.
Ажил дээрээ л байвал сэтгэл санаа амар, хийж шальсан юм үгүй атал цагийг "үр бүтээлтэй" /үр бүтээлтэй гэчихжээ айхтар үг шүү/ өнгөрөөгөөд байгаа мэт санагддаг "бөлгөө" хэхэхэ.

Гадаа хүйтэн бараг цасан шуургатай гэтэл бид шорлог хийгээд






Гэрт унтах сайхан шүү.
Алсын чимээнд сэрэх Монгол халтар банхар хөв хөв хуцах
Хазаар сул морины өвс ширчигнүүлэн хазлах чимээ
Зууханд очлох модны чад пад хийх "үсэргээн"
Талын догшин салхинд өрхний үзүүр "агсагнаад" л ...

Эрх чөлөө, хязгааргүй эрх чөлөө, амар тайван нам гүм ШИНЭ СОРГОГ МЭДРЭМЖ
Амралтын өдрүүдээр боомилох угаар, бачимдах хашгираанаас хол амрах сайхаан

ГУРАВ. Дэргэд минь байж “хайр” минь, дэндүү ойрхон байж “чи” минь

ОРШИЛЫН ОРОНД
Хүн бүр хилийн дээс алхаж, галуу шувууны мах идэн, юм үзэж нүд тайлах болсон энэ цагт Англи, франц, хятад гэх мэт харийн хэлүүд энэ зууны иргэдийн эзэмших ёстой хэрэглээний наад захын зэвсэг болжээ. Улс орнуудаар явж байхад Солонгос, Хятад, Япон уу гэх нь олонтой. " Үгүй ээ Монгол" гэж хариулахад машид сонирхон яриа өдөх нь түүнээс ч их. Чингис хаанаараа танигдсан Монгол орны онцлог, өнөөдрийн өнгө төрхийг гадаадынхан асууж шалдаг гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ. Тэдний энгийн гэмээр асуултанд нилээдгүй олон удаа бүдэрсний дараагаар боловсрол, сурч мэдэхийг холын холоос хил дамнуулан хайж, өөрт байгаа зүйлсээ гээгдүүлж яваагаа ойлгодог. Тэр бүрт Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Жанцанноров гуай нэгэнтээ " Хойно оюутан байхад Орос багш маань, хүний соёлыг судлахаас өмнө өөрийнхөө соёлыг судлах хэрэгтэй гэж хэлж байлаа” гэсэн дурсамж яриа бодогдоно. Ойд төөрсөн сармагчин, өнгөрсөнөө умартсан ирээдүй болохгүйн тулд, биднээс чимээгүйхэн сөөм сөөмөөр холдоод байх шиг санагддаг эх орныхоо өв соёл, зан заншлаа ядаж өөртөө шингээж үлдэх юмсан гэх хүсэл сэтгэлд минь улам гүнзгий шургалдаг - Энэ цаашид хийх ажил болгоны минь эхлэх цэг байх болно.

НҮҮР ТАХЛАХ ХУДАН МОНГОЛ БИЧИГ МИНУ
Зуны хөтөлбөрийн зохион байгуулагчид явуулсан CV дээр сэтгүүлч гэдгийг товойлгон, онцгойлон бичсэн учраас International Youths Leadership Awards-ийн хоёр дахь хэсэг болох Skills буюу Ур чадварын сургалтын эхний хэсгийг намайг удирдан явуулахыг Герман талын зохиоцуулагч Клаус санал болгосон юм. Монголд байхад сургалтын ерөнхий төлөвлөгөө уншсан учраас Ур Чадварын сургалт болон “Эх орноо танилцуулах” өдөрлөгт зориулан ачааныхаа 90 хувийг ном сэтгүүл, бэлэг дурсгалын зүйлсээр дүүргэсэн билээ.
Авч явах зүйлсээ ач холбогдолын дэс дарааллаар цэгцэлсээр нэг мэдэхэд ачаа нормын хэмжээнээс хэтэрхэд ганц ээлжийн ч солих хувцасгүй Монголоос өмсөж байгаатайгаа гарсан хүн дээ би. Пэээ тэр хэтэрсэн ачаанд мөнгө төлнө гэдэг байж болохгүй шүү дээ.

Ур чадварын сургалтанд сэтгүүлчийн онцлогийн талаар, найруулга зүй, эссэ хэрхэн бичих, телевизийн нэвтрүүлэг хэрхэн бэлтгэх гэх мэтийг 3 цагт багтаан ярихаар бэлтгэсэн байлаа. Миний мэддэг сэтгүүл зүй ч гэж юу байхав, тэр дундаа энэ салбарт хуримтлуулсан арвин их туршлага ч бас юу байхав хөөрхий. Сургуулиа төгссөнөөс хойш үгүй ээ мөн олон байгууллагад ажиллаж, эцсийн дүнд анкет бөглөх "хобби"-той болсон дадал энэ удаад надад "Супера" гуншиг зүүлгэх сайхан хэрэгсэл болсон юм.
Ур чадварын сургалтанд анхны гэсэн тодотголтой бүхнээ дээж болгон авч явсан.
Анхны орчуулсан ном “Менежментийн түлхүүр загварууд”, анхны сэтгүүл болох “Зөвлөх Зөгий”, анхны телевизийн нэвтрүүлэг “Japan Topics”, “World TV”-ээгээ файл хэлбэрээр нь авч очсон билээ. Тэднээс хамгийн их ашиг тусаа өгсөн нь 2007 оны 12-р сард Ази Номхон Далайн орны Телевизүүдийн Холбооноос зохион байгуулсан уулзалт семинарт зориулан бэлтгэсэн Англи дээр subtitle-тай 10 минутын нэвтрүүлэг байв.

За тэр Менежментийн ном байна, Зөвлөх зөгий бас байноо


Миний удирдан явуулсан Ур Чадварын сургалт семинарт танилцуулсан ном сэтгүүл, нэвтрүүлгийн бичлэгүүдийг үзээд “Та нар ямар хэлээр ярьдаг вэ? Оросоор уу” гэж асуув. Тухайн үед нь яагаад тэгэж онцгойлон асуугаад байсныг ойлгосонгүй “Үгүй ээ Монголооор. Гэхдээ бид Орос хэл сайн мэддэг” гэж хэлэхэд “танай бичиг Оростой адилхан болохоор Монголчуудыг бас оросоор ярьдаг юм байна” гэж бодлоо гэх нь тэр. Полшоос ирсэн оролцогч “Монголчууд түүхэндээ бичиг үсэгтэй байсан уу” гэж хүртэл асууж байлаа. Монголчууд түүхэндээ бичиг үсэгтэй байхын зэрэгцээ ЮНЕСКО-гийн бичиг соёлын үнэт сан хөмрөгт Монголын гэсэн тодотголтой олон зүйл бүртгэгдсэн байдгийг ярьсан. “Монголын засгийн газартай хамтран хэрэгжүүлдэг Германы хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлдэг найз маань надад хэрэглэгдэхээ байсан устаж байгаа эртний Монгол бичгийн талаар ярьж байсан. Тэр бичигтэй дурсгалын зурагт хуудас надад бий” гэж хэлэв.

Уйгаржин Монгол бичгийг нийтээрээ хэрэглэхгүй ч Монгол хүн бүр энэ бичгээ мэддэг, эрхэмлэн хайрладаг гэхэд “Крилл бичгээс илүүтэй танай монгол бичиг чинь их сайхан шүү” гэж тэр Герман хуульч хэлээд инээв. Түүний инээмсэглэлийн ард нуугдсан учиртай харц надад маш том анхаарлын бас асуултын тэмдэг болон үлдсэн юм.
Тухайн үед "чи Монгол бичгээр бичиж үзүүлээч" гэх асуулт тавихаас өрсөн "чадна" гэдгээ нотлон харуулах ёстой гэдгийг би ойлгов.


Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

гээд Бямбын Ренчин гуайн шүлэг толгойд харавсан сум шиг гялбаад ирэхийн цагт самбар дээр Монгол бичгээр дээрээс доош хэрэндээ хичээнгүйлэн нямбайлан бичлээ.
Бичиж дууссаны дараа Канад залуу “энэ чинь калиграф арт байна. Өнгөрсөн жил АНУ-ын Индиана мужид яг ийм бичгийн үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэн гаргасан Монгол хүн калиграф урлаг энэ бичгээс үүдэлтэй гэж хэлснийг санах шиг боллоо” гэж байна. Би калиграфынг Монголоос үүссэн гэдгийг яг таг мэдэхгүй ч “Тийм үү” гээд нүүр бардам зогсов. Сургуульд байхдаа “Сэгс цагаан богд” найраглалыг манай ангийхан бултаараа бүрэн эхээр цээжилснийг эс тооцвол бүтэн шүлэг мэддэггүй хүн би. Сэтгэл гэгэлзсэн үедээ өөртөө зориулан нуун байж бичдэг хэдэн шүлгээ хав даран хадгалдаг боловч цээжээрээ унших нь бас үгүй. Гэтэл тэр мөчид Б.Ренчин гуайн шүлгийн энэ бадаг шууд л гялалзаад ирсэн билээ.

Ингээд Ур Чадварын сургалтын ярианы гол сэдэв Монгол бичиг руу хальж өрнөв.

- “Би амьдралдаа ийм гоё бичиг хараагүй л” гэнэ.
- “Зарим талаараа ханзтай адилхан, зарим талаараа араб үсэгтэй адилхан юм” гэнэ.

Яг тухайн үед онгирох юмтай Монгол гэдгээ мэдэрсэн юм шиг боломжийг алдахгүй “рекламдана” биз дээ. “Монгол бичгийг нар зөв тойруулан дээрээс доошоо бичдэг нь Монголчуудын бэлэгдэл, уламжлалыг илтгэдэг. Уйгаржин Монгол бичиг нь 1000 гаруй жилийн түүхтэй бөгөөд босоо чигтэйгээ адилхан Монгол улсын мандан бадрахын бэлэгдэл юм гэх мэтчилэнгээр мэддэг зүйлсээ А-гаас Я хүртэл ярилаа. Гэтэл надаас “ийм гайхамшигтай сайхан бичигтэй ард түмэн яагаад үүнийгээ төрийн бичиг болгохгүй харийн бичиг хэрэглэдэг юм вэ. Чи л гэхэд сэтгүүлч хүн гээд яагаад крилл бичгээр бичдэг юм” гэж намайг хүндхэн асуултанд унагаав. Мунхаг надад хариулт олдсонгүй ээ. Яагаад гэдгийг би тэгээд ч нэг их сайн мэдэхгүй юм чинь гээд өөрийгөө дотроо өмөөрөх янзтай Ичмээр ч юм шиг. “Крилл бидний албан ёсны бичиг болохоор би өөрийнхөө бичсэн зүйлийг олон нийтэд ойлгуулахын тулд криллээр бичдэг л” гэлээ.
За ингээд ур чадварын сургалтын дараа Уйгаржин монгол бичиг тойрсон яриа, оролцогчдын асуултаас үүдсэн эмзэглэл гэмээр шарх цээжин туушаа хөндүүр даран үлдэв. Ямар ч байсан сургалтын сүүлийн өдөр орон орноос ирсэн бүх оролцогчид миний гарын үсгийг криллээр биш монгол бичгээр зуруулж авахыг хүсэн “очерлосон” юм даа. Бид гарын үсэг солилцоогүй боловч бүгд миний гарын үсгийг тэмдэглэлийн дэвтэр, сургалтын материал бүхий хавтас, нэрийн хуудсан дээрээ зуруулж авлаа. Магадгүй, магадгүй ч гэж дээ энэ миний сайных биш УЙГАРЖИН МОНГОЛ БИЧГИЙН ГАВЬЯА бизээ. Ёстой нөгөө ахын хэлдэгээр сайрийлгаад гарын үсгийг зураад л хаясан даа.

Энэ явдалын дараа уйгаржин монгол бичгийг сурсан шиг сурахаар шийдэв. Бусдын гайхлыг төрүүлдэг, бишрүүлдэг Монгол бичгийг сурах нь Монгол хүн бүрийн нэр төрийн хэрэг гэж бодож байгаа ОДОО.

Ур чадварын сургалтыг удирдан явуулсан бас нэг хүн бол Английн Брюнелийн Их сургуулийн доктор, Костас /түүний саяхан хийсэн нээлтийн тухай эндээс уншина уу/ байлаа. Костас 2007 оны өвөл Алпийн нуруунд хийсэн “Алтан аялалын” тухай сонирхолтой танилцуулга хийсэн билээ.
Буурал үстэй хүн доктор КостасДашрамд сонирхуулахад 2006 онд байхаа Монголын нутгаар дамжин өнгөрсөн эртний машинтай аялалын багийн нэг гишүүн доктор Костасын хүү байсан юм билээ. Хүү нь Монголын тухай бишрэнгүйгээр ярьсан нь Костаст хоногшин үлдсэн гэж байсан юм.

БҮЖСЭН НЬ
Сургалтын сүүлийн өдрийн үдэш “National corner” буюу “Эх орноо тайлбарлах” өдөрлөг болов. Өдөрлөг эхлэхээс өмнө бид задгай гал дээр хорхог шарж, Израйлын багийн охидууд эх нутгаасаа авчирсан бин, шарсан бөөрөнхий махаар дайллаа. Хоолны дараа бид хөл бөмбөг ч тоглов.

Сайхан залуу байна уу АЙН





Израйл охид үндэснийхээ хоолоор дайлж байна

Хөл бөмбөг сайхан спорт шүү

Ингээд сургалтын өрөөндөө бэлтгэсэн үзвэрүүдээ танилцуулан эх орноо тайлбарлан сурталчилах хэсэг эхэллээ.

Энэ миний эх орноо сурталчилах булан. Хар Чингисээ мартана гэж үгүй. Оролцогчидод өгөх бэлэг дурсгалын зүйлсээ бас авчихсаан. Номадик мелодис их хэрэг болсон шүү


Израйлын багийн булан





Румин

Словани

“Эх орноо сурталчилах” өдөрлөгт тусгайлан бэлтгэж, оёулсан Монгол дээлээ өмсөөд холоос авчирсан үзүүлэнгүүдээ тайлбарлах ажилдаа орлоо.
Хамгийн түрүүнд эх орныхоо тусгаар тогтнолын тухай яриад төрийн далбаан утга бэлэгдэлийг тайлбарлав. Төрийн далбаан дээрх Соёмбо үсгийн учир жанцанг тайлж, хүүхэлдэйнд өмсгөсөн Монгол хувцас, дотроо тавилгатай Монгол гэрийг мөн танилцуулав. Үзүүлэнгийн дараа монголын язгуур урлаг, дуу хууртай СиДи-нээс “Буянт гол”-ын хөөмий, хархирааг сонсгож, циркийн нугараачдын “Ногоон Дарь Эх” уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав. Уран нугаралт үзсэн оролцогчид дуу алдан шагширч гар хөлөө хөдөлгөн дор бүрнээ уян хатан чанараа шалгаж байснаа гэнэт Монгол дээлтэй мишээн зогсож байгаа намайг дуу нэгтэйгээр уран "хугарах"-ыг “шаардав”. За ингээд хэрэг бишдээд явчихлаа.
Хорхогоо пиво, вино, бас миний дээжлэсэн Хар Чингэс, Словак охидын эх нутгаасаа авчирсан дарс зэргийг холин даруулсан оролцогчид багагүй халамцан “судасны лугшилт” хурдссан учраас тэдэнд миний чадах эсэх нь огтхон ч хамаагүй бүгд дуу нийлүүлэн “Contortion, Contortion, Contortion” гэцгээнэ.
Би “нэрэлхүү” гээд “уран хугаралтаа” биш эсвэл чадахгүй гээд гүрийх нь эвгүй юм даа гээд бодож суутал СиДи-н дээр Монгол ардын бүжиг байгааг санав. За ингээд Монгол бүжиг хийхээр шийдлээ.
Бага ангийн сурагч байхад Монгол улсын гавьяат жүжигчин Дугараа багшийн шавь байсныхаа хувьд би бээр Монгол бүжгийн үндсэн хөдөлгөөнийг хийчихтэйгээ байгаамаа.
Уул шугамандаа би чинь бүжиг хийхдээ ичнээ л гэж байхгүй шүү дээ. Ахлах ангид орсны дараа Монгол бүжиг хийхээ больж “Ирээдүйн одод” реп бүжгийн тэмцээнд ангиасаа хамтлаг бүрдүүлэн, ах нарынхаа пиджакийг томдуулан хэлхийлгэж өмсөөд, таван хурууны цагаан бээлийг гартаа хийгээд хөлөө хол хол шидээд, гараа хүчтэй савлаад бүжиглэдэг байлаа шүү дээ.
Ингээд л ёстой нэг ур чадварын сургалтан дээр хамаг байдаг “юмаа” гаргалаа даа.

Манайхан гар гараасаа бариад ...
Оролцогчид гар гараасаа бариад тойрог үүсгэн тойргийн дунд би нүдээ аниад ая дуустал Монгол бүжиг хийлээ. Дараа нь бид бүгдээрээ Израйл бүжиг хийж, оролцогч залуус хамтдаа бүхэл шөнөжин дуу хууртай наадан сүүлчийн оройгоо салж хагацаж ядан өнгөрөөсөн юм.

Үргэлжлэл Хайдэлбергээр ...