Бяцхан байшингийн түүх
4:06 AM Posted In Заяагийн зохиомж , Орчуулга 13 Comments »
Энэ манай үеэс өмнө эрт нэгэн цагт гэнэ. Жижигхэн толгод дээр элдэв ур маяггүй ч, эгэл даруухан баригдсан бат төв суурьтай нэгэн байшин байжээ.
Бяцхан байшинг барьж аз жаргалтай амьдран суудаг гэрийн эзэн “Барьж босгосон энэ байшингаа мөнгө өгч, алт амласан ч хэнд ч худалдахгүй. Энэ бяцхан байшинд маань миний гучийн гуч урт удаан аз жаргалтай амьдраасай ” хэмээн боддог байв.
Хөндийд орших тосгонг дээрээс нь тольдон харах бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж үдшийн ургах сарыг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөдөг байлаа.
Өдөр хоног урсан өнгөрсөөр … Хавирган сар, арван тавны сараар ээлжлэн солигдсоор нэг мэдэхэд жижигхэн тосгоны шөнийг хүний гараар бүтсэн цахилгаан гэрлүүд, одод тэнгэртэй булаацалдан гэрэлтүүлэх болжээ. Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрт жижигхэн тосгон хөл хөдөлгөөнд орж, амьдрал буцлах болов.
Хаврын урь орж газар дэлхий гэсэн, нар халуун дулаан илчээр инээмсэглэж бяцхан байшингийн толгодын баруун хормойн тариан талбайд үр тариа соёолж, хормойг эмжин урсах бяцхан горхины хөвөөнөө хүүхэд багачууд өдөржин цэнгэн наадахыг бяцхан байшин харж, асуй ирж буй улирлын хөгийг даган баясана.
Зуны дэлгэр цаг ирж өдрийн нар уртсахад толгодын хормой цагаан цэцгээр хээлэн гоёж, шоржигнон урсах горхид хөгжилтэй жаалууд шумбан сэлэхийг бяцхан байшин харж баясана.
Өдөр бага багаар богиносож, нарны илч улам улмаар цаашилан газар дэлхий өнгөө өөрчлөж, навчис улаан, шар, хүрэн өнгөөр зүсээ хувиргасан намрын улирал ирлээ. Амьд бүхний хөдөлгөөн удааширч, боловсорч гүйцсэн улаан алимаа мөчир нь даахгүй багсайх цагаар хүүхдүүд сургуулийн зүг явлаа. Амьтай бүхэн боловсорч тэнхэрсэн намрын улирлыг бяцхан байшин харж баясана.
Одод бяцхан үрстэй саран авхай өдрийн уртыг шөнөөр гүйцэж газар дэлхий цагаан өнгийн хүрмээр ижилсэн гоёсон өвлийн улирал ирлээ. Алимны модод гүн нойрондоо амар тайван нойрсож, цана чаргаар хүүхэд багачууд хөгжилдөн тоглохыг бяцхан байшин харж баясана.
Нэгэн өдөр этгээд сонин төмөр хөлөг жижигхэн тосгоны замаар сүр дуутай орж ирэхэд бяцхан байшин гайхан харжээ … Тэр өдрөөс хойш төд удалгүй этгээд сонин төмөр тэрэгний тоо олширч хөнгөн хөлт морин тэрэг үзэгдэх нь ховорджээ. Тэр өдрөөс хойш төд удалгүй газар хэмжигчид бяцхан байшингийн өмнөх талбайг төө алдахгүй хэмжиж гэнэ. Төд удалгүй уурын хөдөлгүүрт машин ирж, бяцхан байшингийн өмнөх цэцэгт талыг хуу хаман газрын хөрсийг эргүүлж гэнэ …. Ар араасаа хүнд даацын машин цуварсаар … Том чулуу ачсан машин, хайрга ачсан тэрэг, эцэс сүүлд нь зам индүүдэгч машин бяцхан байшингийн эргэн тойронд гялгар толь шиг зам тавьжээ.
Төд удалгүй бяцхан байшингийн тосгон хот болон өргөжиж хүнд даацын машин тэрэг нааш цааш холхилдох болжээ. Бензин түгээгүүр …. Байр сууц, амралтын газар … Шинэ хот өргөжин тэлсээр тун ч завгүй өдөр хоног өнгөрсөөр. Ганцхан бяцхан байшин л өөрчлөгдсөнгүй, тэр болгоныг ажигласаар л.
Гялгар хар замын тоо нэмэгдэж, жижигхэн тосгоноос юу ч үлдсэнгүй өөрчлөгдөв. Харин бяцхан байшингийн эргэн тойронд дэлгүүр, сургууль, орон сууцны барилга ээлж дарааллан боссоор … Тосгоны хамгийн өндөрт байж, хамгийн эхэнд нарыг угтагч бяцхан байшин өдрийн нарыг харахгүй больжээ. Их хотын дунд гуниглан ганцаардсан бяцхан байшин мөнгө өгөөд ч, алт амлаад хэн ч тоож харахааргүй шоовдорлогдон орхигджээ.
Хуучин тосгоны амар тайван шөнө үл унтрах цахилгаан гэрэл, машины нүргээнт хөгөөр солигджээ. Нэгэн өдөр бяцхан байшин “Хотод амьдрана гэдэг ийм юм байдаг байжээ” гээд санаа алдав гэнэ. Гэсэн хэдий ч бяцхан байшин хотын амьдралыг сайн ч, муу ч гэж хэлж чадахгүй байлаа. Харин хуучин тосгоныхоо амар тайван амьдралыг үгүйлэн, тэнгэрт түгэх одод, саран авхайн ихэмсэг инээмсэглэл, нарны илчит улаан цацрагыг санан гансарах болов.
Төд удалгүй бяцхан байшингийн өмнөх замаар трамбай явж эхлэн, тун удалгүй бетон суурьтай агаарын замаар галт тэрэг хурдалж, бас удалгүй газар доогуур метро сүнгэнэх болжээ.
Хөлийн хурд, хөнгөн тэргэний дугуйны эрчээр яаран сандрах хүмүүсийн дунд бяцхан байшинг тоож анзаарах хэн ч үгүй.
Төд удалгүй бяцхан байшинг тойрон байсан 3 давхар, 4 давхар байшингууд тэнгэр харанхуйлсан 25 давхар, 35 давхар байшингуудаар солигдож бяцхан байшинд нарны илч тусахаа байж, шөнийн тэнгэрт гялалзах одод хотын неон гэрэлд дарагдаад харагдахаа больжээ.
Энэ бүхний эцэст алимны тансаг үнэртэй модод, шөнийн тэнгэрт бужигнах гэрэлт одод, саран авхай, нарны илчийг зүүдэлсээр хотын амьдралаас уйдан залхаж эхлэв.
Ганцаардал, гунигт автсан бяцхан байшингийн харах нүд болсон хоёр цонх үйрэн хагарч, хаалга үүд нь савчин ганхажээ.
Хаврын нэгэн нарлаг өдөр бяцхан байшинг барьсан эзний зээ охин нь замын дэргэдүүр явж байгаад бяцхан байшинг харан зогь тусан зогсжээ. Хогийн ургамалд идэгдэж уйтгарт автсан бяцхан байшинг таньсан бүсгүй нөхөртөө “Энэ бяцхан байшин миний эмээ хүүхэд байхдаа амьдарч байсан байшинтай их адилхан юм. Энэ бяцхан байшинг алимны модоор хүрээлсэн цэцэгт толгодод аваачиж тавьбал тун сайн байхсан” гэж хэлжээ.
Ингээд залуу хос бяцхан байшинг нүүлгэхээр шийджээ. Байшинг нүүлгэхээр ирсэн ажилчид бяцхан байшинг хараад “Үүнийг хаашаа ч нүүлгэж буулгахад эвдэрч хэмрэхгүй үнэхээр бат бөх баригдсан ховорхон байшин байна” гэж уулга алдацгаав.
Гэнэтийн явдалд балмагдсан бяцхан байшин аажим аажмаар болж буй үйл явдалд дасаж замаар өнгөрөх орчин тойрныг ажиглан харжээ. Урт удаан хугацаанд мартагдах дөхсөн тариан талбай, танил дасал болсон дуу чимээ сонсогдож эхлэв. Бяцхан байшинг энд ч тэнд ч буулгана гэж маргалдсаны эцэст алимны модоор хүрээлсэн цэцэгт бяцхан толгодыг олжээ. Бүсгүй “Энэ л бяцхан байшинд тохирох хамгийн сайхан газар юм” хэмээн дуу алдахад бяцхан байшинд ч гэсэн тэрхүү газар таалагдаж байв.
Бууриа сэлгэн шинэчилсэн бяцхан байшингийн дээвэр, цонх, хаалгыг нь янзалж урдын адил гэрэлтэх болов. Өнгө тансаг үзэсгэлэнт толгодод бууриа сэлгэсэн бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж үдшийн ургах сарыг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөх болжээ.Хавар, зун, намар, өвөл … дөрвөн цагийн улирал ээлжлэн хөвөрсөөр бяцхан байшинд хүүхдийн инээд, хүмүүсийн амар амгалан аз жаргалтай амьдрал үргэлжлэх болжээ.
Бяцхан байшингийн амар амгалан амьдралыг их хотын нүргээн ахин эвдсэн болов уу …Бяцхан байшин их хотын нүргээнд ахин амьдрахыг хүсэх болов уу …
Тэнгэрийн од, саран авхай бяцхан байшингийн цонхоор шагайж … дөрвөн улирал ээлжлэн солигдсоор …
Жижигхэн тосгонд шинэ амьдрал чимээгүйхэн, алгуурхан ахин айсуй ….
“작은 집 이야기” 버지니아 리 버튼
“Бяцхан байшингийн түүх” Виржиниа Ли Буртон
Зургийг бэлтгэсэн: Шуудшууд
Солонгос хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн: Оогийноо
2009 оны 11-р сарын 13





