Буддизм шашин уу эсвэл гүн ухаан уу



Буддизм шашин уу эсвэл гүн ухаан уу
Буддизм ер нь шашин юм уу, гүн ухаан юм уу гэсэн асуулт олонтаа гарч ирдэг. Энэ нь шашин байх нь хамаагүй, гүн ухаан байх нь ч хамаагүй. Өөрөөр хэлбэл, Буддизмийг юу гэж нэрлэх нь гол биш. Нэг үгээр, түүнд шашин, гүн ухаан гэх мэтчилэн ямар шошго наасан ч энэ Буддизмийн мөн чанар хэвээрээ л үлдэнэ.

Тэгвэл БУДДИЗМ гэж юу вэ?
Шашин (шашин гэдэг олны дунд мухар сүсэг мэтээр ойлгогдох нь бий. Хэрэв тэр утгаар олны дунд түгсэн гэж үзвэл БУДДИЗМЫГ шашин гэж хэлвэл өрөөсгөл болно. Гэхдээ нийтээр заншсан нэр томьёо ёсоор түүнийг хэрэв шашин хэмээн нэрлэх юм бол) үндэслэгчдийн дотроос гагцхүү Будда л өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч ялгаж үздэггүй цорын ганц багш мөн юм. Харин бусад багш нар өөрсдийгөө нэг бол тэнгэр бурхан (GOD) эсхүл түүний аль нэгэн дүр хувилгаан буюу Эрхэт тэнгэрээс шууд заяагдсан гэдэг. Будда бол эгэл жирийн хүн мөнөөс үл барам өөрийгөө аливаа нэгэн далдын хүчний биелэл бус гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл БУДДА бол өөрийн бүх бясалгал, гэгээрэл, олж хүрсэн бүхнээ чухамхүү хүний чармайлт, хүний оюун ухааны үр ач мөн гэж үздэг билээ. Хэрэв хичээнгүйлэн зориглож чармайх ахул хүн хүн бүхэнд бурхан болох дотоод чадавхи буй. БУДДА бол эрхэм дээдийн эгэх хүн юм гэж хэлж болно. “Хүн чанарын” хувьд тэр бээр асар их төгөлдөржсөн тул түүнийг яваандаа нийтийн шашин шүтлэгт бараг “дээд шидтэн” гэж хэлж болно.
БУДДА гэж юу гэсэн үг вэ. Энэ бол 35н насандаа Готама буюу Сиддхаттха гэгч эгэл нэгэн мах цуснаас бүтсэн бодгаль хүн гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш Будда буюу “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН” хэмээн алдаршжээ. Тэгэхээр Будда гэдэг бол “өөрийгөө ялж төгс гэгээрсэн” үг юм.
Буддизм мах цуснаас бүтсэн, өвдөлтийг мэдэрдэг баярлаж чаддаг, гуниж үйлж мэддэг хүнийг эрхэм дээд гэж үздэг. Иймээс хүн өөрөө өөртөө эзэн болох бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөрөөс нь илүү дээд зүйл буюу хүчин зүйл үгүй гэж Буддизмд үздэг.
БУДДА өөрийн шавь нартаа сургамжлан айлдахдаа “Хүн өөрөөр өөрийн итгэл мөн амуй. Та нар өөрсдийнхөө аврагч байх ёстой. Өөр бусад хэнээс ч аврал эр” гэжээ.
Үргэлжлэл бий ….

Зүүдэнд биелэх учрал


Зэгэл саарал .... Тоост орчлон .... Би олоон жилийн өмнө амьдарч байсан нэг өрөө байрныхаа том өрөөнд өглөөний ургах нарыг уу, алин эсвэл ямар нэгэн зүйл хүлээсэн шинжтэй цонх руу хараалан гүн бодолд автан зогсоно. Гэрт аниргүй агаад гэрийн эд хогшил ямар нэгэн зүйлийг олоон жил хүлээгээд, байрнаасаа хөдлөх нь бүү хэл, амьсгаа авахаас ч зүрхшээх мэт аниргүй, нам гүм ... Энэ аниргүйг эвдэх зүрх хэнд ч байхгүйн илт.
Хананд өлгөсөн Эрдэнэт хивс тоосонд бүрзүүн гунадаж, өнгө нь тэр гэхийх тэмдэггүй болж, гэрийн эд хогшил мөн л орчлонгийн өлөн тоосоос айх мэт нүүрээ далдлан зовхион аньжээ. Энэ бүгд эзнээ ирж, өлөн тоосноос л салгахыг хүлээж буй нь илт. Цонхон дээр ямар нэг зүйлийг хараалдан зогсох би ч гэсэн хөдлөхийг хүсэхгүй хөшиж, цаг хугацааг тэвчээр заан хүлээж, амьсгаа даран чимээ чанганан гансарна. Хананд өлгөсөн цаг 1995 оны 7-р сарын 27-ны 1 цаг 40 минутыг заан зогсожээ. Бас л хүлээлт ...
Нүднээс минь урсах нулимс, олооооон жилийн тоосонд мөн л дарагдаж хацар дээр зам татуулан харлажээ.
Хүлээлт. Энэ их хүлээлт юуг ингэтлээ хүсэмжилнэ вэ. Эд хогшил, хүнтэйгээ тоосонд дарагдана амьсгаа дарна вэ. 1995 оны зуны адаг сарын тэр нэгэн өдөр би ээжийгээ эргээд ирэхээр чинь ..... гэж хэлээд яг ингээд хүлээсэн юм. Тэр цагаас хойш арван хоёр жил өнгөрчээ. Арван хоёр жилийн өлөн тоос нэмэгдэн нэмэгдсээр арьсан дээр минь зузаахан түрхэсэн ингэсэг мэт болон тогтож, эд хогшилын өлөн тоос одоо даруй хуруу зузаан болжээ.
Гэнэт аниргүйг хүлээсийг эвдэж олоон жил салхи үзээгүй хаалганы нугас гаслантайгаар ёолсоор зүрх зүсэн хяхтанлаа. Аниргүйг үргээх хаалганы чихран онгойхтой зэрэгцэн, сэвхийн орж ирсэн салхиар өрөөнд нэвчисэн өлөн тоос бургих мэт болж улмаар бүх зүйл амь орон хөгжиж, хүнтэй юутайгаа хаалганы зүг харааллаа. ЭЭЖ ... МИНИЙ ЭЭЖ ... Тээр жил өмсөөд гарсан жинсэн өмд, хүрэн цамцтайгаа гартаа жижигхэн гар цүнхээ барьчихсан үүдэн дээр зогсож байлаа.
Би .... “Ээжээ” гэж чангаас чанга орилох гэсэн боловч олон жилийн “дуугүйд” аргаж харангатсан хоолой минь хуурай тоосонд горж, дэмий л ам минь ангалзаад чимээгүй “Аан” гэх муухан авиа гаргачихаан яадаад таг болчихов. Би хүчлэн байж
- “Ээжээ ээжээ би таныг ирнэ гэдгийг яг мэдэж байсан. Тэд таныг нас барсан гэсэн. Би итгээгүй ээ. Тэгээд л хүлээсэн. Охин чинь ажил хийдэг болсон. Дүү нар ч том болсон. Тэгэхээр одоо та биднийг тэжээх гэж ийшээ тийшээ олон сараар явах хэрэггүй болсоон .......” гэх мэтээр олоон жил ээжийгээ ирэхээр ингэж тэгэж хэлнэ бас ирэхээр нь ээжийгээ жаргаана даа гэж бодож байсан санаагаа нэг амьсгаагаар үргэлжлүүлж гарлаа.
Ээж минь ганц ч үг дуугарахгүй, анхааралтай чагнаж байснаа, нөгөө л нэг сайхан инээмсэглэлээр намайг харан, намайг тэврэхийг хүссэн байртай гараа сарвайлаа. Намайг үнсэх гэж байна. Харамсалтай нь, ээжийн минь царай өрөөний сараал тоосонд дарагдаад уу, аль эсвэл миний нүд бүрэлзээд юу нь төрх нь нэг л сайн тод харагдаж өгөхгүй байв. БИ ИЖИЙДЭЭ ТЭВРҮҮЛЭЭД, ХАЦАР ДЭЭРЭЭ ҮНСҮҮЛЭХИЙГ АРВАН ХОЁР ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ. Ингээд цонхны өмнөөс үүд хүртэл гүйх гэтэл хөл маань хөдлөхгүй, хүндрүүлэгч туухай зүүчихсэн мэт алхах нь байтугай газраас ч хөндүүрсэнгүй. Хүлээлтэнд хүлэгдсэн хөлийг минь хэзээ ч юм, нэгэн өдөр үүрд энд зогс гэсэн аятай цаг хугацааны гагнаас шалтай нь хамт цементлэчихсэн байсныг ижий рүүгээ тэмүүлэх тэрхэн агшинд л би мэдлээ. Хөлөө байдаг чадлаараа хүчлэн өргөхөд хөлийн тавхайн арьс цементэн хавтаны хамт зулгаран үлдэж, цус гарч байгааг ч үл хайхран урагшаа тэмүүлсээр арай хийж хөлөө салган урагшаа гүйтэл ...... өрөөний дунд томоос том ангал үүсэж би хөл алдан уналаа ...


Ингээд л би сэрчихэв. Гадаа үүр цайж байлаа. Ижий минь намайгаа ор ганцааранг минь орхин явсан цагаас хойш аль хэдийн арван хэдэн жил өнгөрчээ. Жаалхан охин өнчирч хоцрон амьдралыг яаж ч төсөөлөхөө мэдэхгүй байснаа бодвол өнөөдөр хорь гарсан том хүн болсон. Гэсэн хэдий ч би ээжийгээ нас барахад нь дэргэд нь байж, сүүлчийнхэн амьсгалыг мэдэрч, судасныхан аажим аажмаар сулрах цохилтыг чанганаж, “охиндоо ээж нь хайртай” гэх үгийг сонсоогүй болохоор өнөөдрийг хүртэл ээжийгээ ирэхийг хүлээдэг юм. Учир нь, ээж минь хамгийн сүүлд надад “ээж нь эргээд ирнээ” гэж хэлээд л явсан. Тэгж л хэлсэн бол миний ээж хэдэн сар болсон ч заавал эргээд ирдэг байлаа. Тэр болтол нь би өөр өөрийнхөө хийх ёстой ажлыг маш сайн хийгээд, дүү нараа сайн хараад байх ёстой байдаг юм. Одоо ч тийм л байсаар байгаа ... Иймээс ээж минь “миний охин, сайн охин бас дүү нараа сайн хардаг гэдгийг хаана нэгтэйгээ олж мэдээд эргээд л ирнэ. Учир нь би ээжийнхээ занг хэнээс ч сайн мэддэг юм чинь. Би “ээжийн сайн охин” байж чадахаа алхам бүртээ батлаж чадвал, ээжийн минь эргээд ирэх хугацаа нь улам хурдан наашлана. Ийм ч учраас би өнөөдрийг хүртэл бүх талаараа сайн байхыг хичээсээр яваа юм ...
Би эмгэн болтолоо, үхэн үхтэлээ ээжийгээ хүлээнээ .... Хүлээсээр л байна. Зүүдэндээ уулзаад л хүлээгээд байна .... Ээжтэйгээ ахиад уулзахын тулд “би сайн л охин байх” хэрэгтэй.

Энд тэндээс



Нээлттэй өдрийн тэмдэглэл. Блогийг миний нэг найз хүмүүсийн интернетэд байрлуулсан нээлттэй өдрийн тэмдэглэл гэж хэлж байсан юм. Бийр янтаа, цаас гэх зүйл үгүй байхад хүмүүс өөрийн үзэл бодлыг нийтэд хүргэх хэрэгсэлээр хад чулуу, цозон будагийг сонгодог байсан биз. Хөгжил ахисаар ... Цаас зохион бүтээгдсэн нь, хүмүүсийн үзэл бодлыг бусдад хурдан хугацаанд хүргэх, мэдээлэл түгээхэд асар том дэвшил гаргасан. Хөгжил явсаар .... Одоо миний мэдэх мэдээлэл түгээх цахим хэлбэр. Арван жилд анх удаа комьпютер хэмээгч дөрвөлжин цагаан “хайрцаг”тай танилцан, мэдээлэл зүйн багшаа “пааналдан” байж, ангийн хэсэг найзуудтайгаа мэдээлэл зүйн өрөөнд шөнө дөл болтол суудаг байсан сан. Тэр үед компьютер дээр юм бичиж, зураг зурахаас хэтрэхгүй байж билээ. Арван жилдээ өдрийн тэмдэглэлээ 98н хуудастай дөрвөлжин шугамтай дэвтэр дээр хөтөлж, их сургуульд орсоны дараа арай нэг шат ахин “Dairy” гэсэн зориулалтын гоёмсог дэвтэр дээр бичдэг болсон юм. Хувийн “нууц товчоогоо” амьнаасаа илүү хайрлана, бас бусдаас харамлахдаа нуух газраа олж яддаг байж билээ. Миний навсгар дэвтэрүүд .... Хэсэг цаг хугацааны дараа “нууц товчооныхоо” хуудсыг эргүүлэхэд өөрөө ч мартагнасан сайхан дурсамжууд дурайдаг байсан сан. Харамсалтай нь, гуравдугаар курст байхад “нууц товчоогоо” бусдын гарт алдчихаад .... түүнээс болж бүгдийг нь “галдсан” юм. “Галдаж” суухад нүднээс минь өөрийн эрхгүй нулимс гарч байлаа. Тэр дэвтэрүүдтэй миний нэгэн үеийн түүх “үхчисэн” мэт одоо санагддаг. Хүн өнгөрсөнд болсон онцгой үйл явдалыг л санах болохоос тэр болгоныг санаад байдаггүй. Өөрөө ч мэдэхгүй биччихсэн тэрхэн үеийн сэтгэгдэл хожмоо маш их ухаарал хайрладаг байж болох талтай. Цаасан дээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байх тэр үед цүнхэнд маань том хар дэвтэр байнга яваастай. Харин одоо өөр ... Одоо ч “бараг” л өдрийн тэмдэглэлээ компьютер дээр бичиж, тэрнээс “зүрхний”, “зүсний” гэж ангилан интернетэд тавьдаг болсон байна. Тэмдэглэл цахим хэлбэрт шилжсэнээс хойш “жижигхэн” биеийг минь салхинд туугдахаас хамгаалдаг нэг “зангуутай” болсон нь том хар цүнхтэй зөөврийн компьютер.

Блогчид.
Энэ Баасан гарагт ажлаа амжуулчихаад өрөөндөө ганцаараа үлдэн, өөртөө хальт зав гаргаж, энд тэндэхийн блогуудаар орлоо. Үнэн, худал хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж салгаж чадвал блогийн ертөнц үнэхээр баян юм билээ. Би худал ажиглаагүй бол блог бичигчид ялангуяа шилдэг бичлэгтэй, сэдэв өргөнтэй, бичлэг сайтай блогчид голчлон нь мэргэжлийн сэтгүүлчид биш байгаа юм. Мэргэжлийн сэтгүүлчид байгаа бол тэр нь гарын арван биш таван хуруунд багтаад байх шиг. Энэ бол миний дүгнэлт блог ертөнцийг мэдэх болсоноос хойшхи таван сарын хугацаанд ...
Ажил нэг л биш. Би одоогийн ажилдаа өөрөө өөртөө дарга, өөрөө өөртөө цэрэг. Алдаагаа өөрөө хянана, амжилтаа өөрөө дүгнэнэ, ажлын төлөвлөгөөгөө өөрөө гаргана. Өөртөө дарга, дүгнэгч байна гэдэг шиг тэнэг зүйл байхгүй бололтой. Сүүлдээ бүр зөв юм хийгээд байгаагаа ч, бурууг хийгээд байгаагаа ч мэдэхээ байлаа. Магадгүй албаны дарга гэх энэ албан тушаал надад ахдаад байгаа байж болох юм. Гэхдээ сүүлийн хэдэн сар арай л гайгүй байгаа.

Хурдхан. Хурдан л явмаар санагдаж байна шүү.... Эндээс ....

Бавуугийн Лхагвасүрэн - Үнэн хүн

Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойгоос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

11-р сарын 06-ны өдөр миний дотны найз, “Сайхан бүсгүй” бичлэгийн эзэн Янжка маань Бавуугийн Лхагвасүрэн гуайн уулзалт ярилцлаганд хамт явахыг урилаа. Мэдээж энэ санал миний хувьд татгалзаж боломгүй сайхан боломж байсан юм. Энэ дашрамд, найздаа эгэл агаад үнэн хүний үгийг сонсох боломж олгосонд баярлалаа гэж хэлмээр байна Сэтгэлийн гүнээс.

Монголын утга, уран зохиолоос миний хүндэтгэн хайрлаж явдаг хүн бол яах аргагүй Бавуугийн Лхагвасүрэн гуай юм. Би тэр хүнийг яруу найрагч гэхээс илүүтэйгээр хувь хүн талаас нь их хүндэлдэг гэхүү дээ.
Би, арван жилийн жаалхан охин байхдаа “Боржигоны Бор Тал” шүлгээс нь Лхагвасүрэн гуайтай ичнээ танил болсон юм. Гэхдээ таван жилийн өмнө сонинд өгсөн нэг ярилцлаганаас энэ хүнийг хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ. Тэрхүү ярилцлаганд, Бавуугийн Лхагвасүрэн гуай өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралыг нэг нэгэнгүй ярьж “Амьдрал намайг сургасан юм шүү дээ” гэж хэлсэн тэр үг одоо хүртэл зүрхэнд минь хадаатай яваа. Яагаад ч юм тэр ярилцлага Лхагвасүрэн гуай бид хоёрт ижилхэн гэмээр олон зүйл байх шиг санагдсан юм. Нэг үгээр, бид хоёр “зовлон” гэдгийг магадгүй “жаргал” болгон харж тээршээдгүйгээрээ ижилхэн байж ч болох талтай. Мөн түүнчлэн амьдралын их аянд Лхагвасүрэн гуай зөвхөн өөрийгөө хүмүүжүүлээд зогсохгүй олон хүнийг хүмүүжүүлж ухаажуулж, амьдралыг хайрладаг болоход нь сургасан гэж бодохоор өөрийн эрхгүй даган дууриамаар сэтгэгдэл төрсөн юм.
Лхагвасүрэн гуайн “Зовлон жаргалаас илүү амттай” гэсэн үг надад маш их таалагдсан гэх үү дээ. Өнөөдрийг хүртэл “аавын энтэй” ухаалаг үгийг нь хаана нэгтэйгээс сонсох, эсвэл уншчих санаатай сонингийн хуудас эргүүлдэж, зурагтаны суваг сольж байдаг болсоноо нуугаад юу гэхэв.
Хамгийн сүүлд буюу 7н хоног өмнө Монголын Үндэсний Телевизээр гарч байсан “Монгол бичгийн араас маань унших уу эс унших уу” гэдэг хөндүүр сэдвийг ярилцан, Бавуугийн Лхагвасүрэн, Америкжсан соёлтой хөрөнгөжиж яваа бэлчинтэй Глобал Удирдагчийн залууг бүлтэгнүүлж байхыг нь нэг үзээд бах минь ханаж билээ. Магадгүй та, Глобалын залууг гоочилсон үг унагасан намайг өөдөө өгсөн яваа нэгнээ уруу дарж байгаа аргагүй л тамын тогооны монгол юм даа гэж бодож байх бий. Би тэр хүний цаг үеээ овжин харсан занд нь бус, бусдын хүсэл сонирхолыг дэгээдэн бэлжиж байгаа хөрөнгөнд ч бус харин ганцхан “Монголыг Америкаар солих, Монголыг Америктай жишэх” гэдэг үзэл бодолд нь эгдүйцдэг юм. Би Англи хэлийг сурж яваа. Өнөөдөр энэ хэлээр гэдсээ тэжээж ч яваа. Гэхдээ, би Англиар “ярьдаг” Монгол биш, Англи хэлээр хоолоо олж иддэг Монгол байх болно.
Эгэл агаад үнэн хүний ухаарал хайрласан үг бүрийг би тосож аван тэмдэглэж суусан бөгөөд ЭХ ОРОН, ЭХ БИЧИГ, УЛАМЖЛАЛ СОЁЛ, ХҮН байхын утга учрыг тайлбарлаж миний үеийн залуучуудад хэрэгтэй үнэ цэнэтэй зүйл ярьж байсан болохоор би тэр болгоныг ганцаараа амтлахыг хүсээгүйдээ, Лхагвасүрэн гуайн оюуны тольтноос ундарсан үг бүрээр цуврал бичлэг хийхээр шийдлээ. Та бүхэнд хэрэгтэй байж, ухаанд чинь бурам нэмж, оюунд тань мэлмий тольдоож, хүн байхын учир утгыг ойлгуулна гэж найдаж байна.