Бороо

Өчигдрийн орсон бороо үнэхээр сайхан байлаа. Би намрыг өөрөөр харах болсоон хэхэ. Бороо гэснээс, Р.Чойномын “Бороо” шүлгийг нийтлэмээр санагдлаа. Цаашид Р.Чойномын зарим нэгэн билигт бүтээлийг нийтлэж байхыг хүсэж байна. Бүтээлийг нь, зарах бус олонд хүргэх хүслийг тээж байгаа болохоор, энэ нь хууль бусаар хүний зүйлийг хулгайлсан, хуулбарласан, нийтлэсэн гэх хэрэгт орохгүй байх гэж найднам.

Бороо

Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж
Агуу их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав
Асгаран орох борооны жигд усан ширхэгүүд
Алтан ятга хуурын утаснууд шиг харагдав

Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал
Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод санаа гэмээр
Нүргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ
Түргэлэн товших хөгжмийн нэгэн аялгуу гэмээр ...

Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа
Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод
Тэргэл дугуй солонгоор уул, үүлийг далимдуулан
Тэр хөгжмийнхөө нотын гэрлийн хуулиар бичив.

No comments: