Эмх замбараагүй

Намрын яг энэ өдрүүдэд би олон зүйл руу холбироод бүх юм эмх замбараагүй болчихдог юм. Өмнөх жилүүдэд би төөрдөг байшинд орчихсон мэт тэр төөрөгдөлөөс азаар ч гэх үү дээ зөвийг нь олоод хараалчихдаг байсан. Зөв онилсон хараа амьдральд минь том эргэлтүүдийг авчирч байсан удаатай. Энэ удаад яах юм бол доо ...

Навч

Гутлын ул газарт хүрэх бүрийн тоолонд хэврэгшиж өгжирсөн шаргал навч ёолон ... үйрмэгтэнэ. Би гишгэгдэн үйрмэгтсэн шаргал навчсыг харахыг хүссэнгүй. Зүгээр л чиг урагшаа хараад явмаар байлаа. Навчис ёолоно ... би алхасаар ...

Намар

Нар буцаад гадаа гэртгүй хүйт даана бас эзгүйрнэ. Би намарт дургүй. Яагаад гэвэл намрын буцаж байгаа нартай, сүүлчийн үнсэлтүүд миний баруун хацар дээр хүлээсэнд тэрчилэн, жил жилийн намарт зүрхний шарх сэдрэн байдаг болохоор би намарт дургүй.
Олон жилийн өмнөх намрын эхэн сарын тэр нэгэн өдөр ээж маань “ирнээ” гэсэн үгээр хүлээлт үүсгэн үнсээд одоо хир нь ирээгүй. Тэр хүлээлтийг би тайтгаруулах гэж олон ч жил зүүдэндээ ээжтэйгээ уулзаж байна даа. Зүүдэнд ирдэг тэр учрал намрын салхинд дээрэлхүүлэх хүйтэн хөнжилд улам ихэсдэгийг яаана. Тэр үнсэлт надаас “гэр бүлийг дулаацуулах зүрхийг” хулгайлаад явсан.

Хоёр жилийн өмнөх намрын сүүлчийн сарын тэр нэгэн өдөр хайртай гэж бодож байсан залуу “ирнээ” гэж хэлээд уруул дээр минь үнсээд, зүрхийг минь ганцаардлын хүлээлтээр мануулаад одсон. Эцсийн эцэст тэр үнсэлт надаас “эр хүнд өгөх итгэлийг” хулгайлаад одсон. Бас л уйтай намар ...

Нэг жилийн өмнөх намрын дунд сарын тэр нэгэн өдөр ах маань мөн л “ирнээ” гээд хацар дээр үнсээд явсан. Гэхдээ би энэ үнсэлтээс юу ч хүлээхийг хүсээгүй. Учир нь ах маань эр хүний ёсоор өөрийн гэсэн өрх толгойлж байгааг мэдэж байсан болохоор би гансраагүй. Гэхдээ л бас намар ...

Намар намрын салхи хагацлын үнсэлтээр хацрыг минь норгож, намрын зэвүүн салхинд тэнэсэн өнчин хамхуулын өргөсөнд аз жаргалыг минь сүлбээрдэн авч оддог болохоор би намарт дургуй ээ.

Би өөрөөсөө айж байна ...

Өнөөдөр ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр. Өнгөрсөн долоо хоног ажлын хувьд гялалзсан гэж хэлж болохоор амжилт бүхэн цогцолсон өдрүүд байлаа.
Гадаа бүүдгэр саарал ... бас гунигтай ... тэнгэрт үүлгүй, гэхдээ үд дунд болж байгаа хэрнээ наргүй ... Тэнгэр, газар, агаар бүгд тэр гэхийн тэмдэггүй зэгэл сааралд эзлэгдэж ертөнцийн төгсгөлийг илтгэх мэт дүнсийнэ.... Анар чимээгүй .... Аливаа сүйрлийн өмнө нам гүм аниргүй ноёрхон хуурдаггүй гэж үү ....
Сэтгэл маань мөн адил юуг хүлээж байгаа мэдэхгүй гунихарна. Ажлын шинэ долоо хоногийн амралтын өдрүүдэд төлөвлөсөн дэс дараагаар эхлүүлэх ёстой байтал би юу юу ч хийгээгүй атлаа хийх гэж байгаа ажлууддаа дүгнэлт хиймээр санагдах юм. Хамгийн гол нь өөртөө .... Учир нь би өөрөөсөө айж эхэллээ ... би мэдэж байна. Дэндүү өөрийнхөөрөө, өөрийн хүссэнээр загнаж, бүх зүйл миний төлөө үйлчилэх ёстой гэдэгт гүнээ итгэж, бүгд намайг сонсох ёстой хэмээн мэгдэж мөн миний хийж байгаа бүхэн бүрэн дүүрэн зөв гэж бодох болсон маань өөрөө өөрөөсөө айхад хүргэж байна. Намайг айдасд нөмрүүлж байгаа энэ шалтгааныг буруу гэж бодохгүй байсан бол дээр байсан юм. Өмнө нь энэ зарчимаар л амьдарч ирсэн шүү дээ. Гэхдээ яагаад үүнийг буруу гэж бодоод шаналаад байгаагаа ч ойлгохгүй юм ... Магадгүй өөрийнхөөрөө загнаснаас болоод алдаа гардагийг мэдэж эхэлсэн маань, өөрийнхөө төлөө бусдыг “амьдруулах” гэхээр тэд харц буруулах болсонд, бүрэн дүүрэн зөв гэж бодон хийж байсан бүхэн маань буруу болж байгаа болохоор би айж эхэлсэн юм болов уу.
Гэхдээ би энэ айдсыг даваад гарчихвал хийсэн болгон, бодсон бүхэн маань мууг даллан дуусан ч бүгдийн өмнө хариуцлагаа үүрч чаднаааа.

Сэтгүүлч хэн байх ёстой вэ?

Энэ асуулт намайг сүүлийн үед маш их хатгадаг боллоо. Би сэтгүүлч гэх энэ мэргэжлийг хүүхэд байхаасаа эхлэн мөрөөдөн энэ мэргэжлээр суралцаж мөн энэ мэргэжлийн төлөө бүхнээ зориулахыг өнөөдрийг хүртэл бодож байсан гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэл гэдэг нь миний цөхөрсөн бус гомхорсон сэтгэлийн илрэл тэсвэр алдах хүртэл гэсэн үг л дээ.

Өнөөдөр Монголд гарын арван хуруунд багтахгүй олон телевиз үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл амралтын өдөр телевизийнхээ өмнө суугаад үзэх гэхээр сонирхон харчихмаар олигтой нэвтрүүлэг гарчихгүй цаг барах нь олонтой. Цаг бараад байгаагийн шалтгаан нь өнөөдрийн монголын телевизийн хөгжлийн хандлага нь зугаа цэнгэл руу түлхүү чиглээд байгаатай холбоотой болов уу. Зугаа цэнгэлийн буюу entertainment нь телевизийн нэг үүрэгт багтдаг ч informative and cognitive буюу мэдээлэх, танин мэдүүлэх гэсэн нэн чухал үүргүүд байх ёстой мэт. Гэтэл Монголын телевизүүдэд сүүлийн хоёр үүрэг бараг орхигдсон гэж хэлж болно.
Нөгөө л нэг од гэсэн тодотголтой хэдэн хүмүүсээ уйлуулж нэг үзээд, инээлгэж нэг үзээд, уралдуулж нэг үзээд, хэрэлдүүлж нэг үзэх юм. Сүүлдээ тэд бүр улиг болчихож. Эсвэл хэдэн дарга сайд нараа суулгаж байгаад талцуулж аваад л хэрэлдүүлж гарна. Хараал ерөөл чулуудалдцан хэр сайн сэтгэл хөдлөлтэй хэрэлдэнэ тэр нь сайн хэлэлцүүлэг, сайн халз тулаан боллоо гэж үнэлдэг нь элбэг. Харин сэтгэл хөдлөм мэтгэлцээнээс үзэгч буюу ард түмэн нь асуудлын гарах гарцыг олж харах нь тун ховор. Тэртэй тэргүй гарах гарцыг хайхаасаа илүүтэйгээр хэн нь сайн өөрийгөө хамгаалж мэгдэж байна гэдгийг л үзүүлэх гээд байх шиг. Жишээлэхэд дөрөв таван жилийн өмнө л яригдаж байсан хотын хоолой хоросгом утааны тухай жил бүр л талцаж ирээд хэрэлдэнэ. Манайхаас өөр газар бол аль хэдийн шийдэх аргаа олчихоод хэрэгжүүлчихсэн байх байтал манайхан телевизээр суугаад цэцэндэхээс цаашгүй. Магадгүй нөгөө дарга цэрэг нар нь, албан тушаалд байх хугацаандаа тархиныхаа хэмжээг мэдүүлэхийг бус зөвхөн нүүрнийхээ халтар арьсыг л олонд харуулах гэсэн далд PR тай холбоотой ч байж болох юм. Хаяа нэг телевизээр тун чухал хүн оролцож байх нь бий. Урамшаад ярилцлагыг нь сонсох гэхээр нөгөө нэг ярилцагч сэтгүүлч нь яриулахгүйгээр асуулт тавиад өөрөө хариулчих нь, эсвэл уялдаа холбоогүй, логик муутай асуулт тавина, аль эсвэл өөрөө тухайн ярилцагч этгээд болон ярьж байгаа сэдвээр огтхон ч мэдлэггүй байгаагийн хар гайгаар өөрийгөө мэдээллээр хангах гээд өөрийхнөө түвшинд хүрэх танилцах төдий асуулт тавьсаар ярилцлагын цаг дуусна.

Сэтгүүлч мэдээлэл шүүрэн авагч, мэдээллийн уурхайг малтагч, өдөөгч байх ёстой байтал манайд бол өөрийгөө мэдээллээр хангагч танин мэдэгч төдийхөн байх юм.

Ер нь аливаа зүйл 100 хувь байх ёсгүй. Гэхдээ ямарваа зүйлийн хөгжил дэвшилийг тухайн салбарыг төлөөлөх 60 биш юмаа гэхэд 55 хувийн стандарт хангасан сайн нөлөөлөөр авч үзэх ёстой хэмээн миний бие боддог. Гэтэл өнөөдрийн сэтгүүл зүйн тогоонд чанагдаж яваа, ард түмэнд мэдээлэл түгээх үүрэгтэй өнөөх сэтгүүлч маань өөрөө огтхон ч боловсроогүй, болоогүй байгаа мэт санагдах боллоо.

Миний бодлоор зааж сургадаг хүн өөрөө тухайн зүйлийн талаар сайтар мэддэг байх ёстой мэт. Юмыг төгс мэдэх боломжгүй гэмээн биеэ өмөөрөхийг оролдож байгаа бол ядахнээ тухайн зүйлийнхээ талаар 70 хувийг хангахуйц мэдлэг мэдээлэлтэй байж, хүмүүст сургаж зааж байх ёстой мэт надад санагдах юм. Эс тэгвээс дутуу дулимаг мэдлэгээр цэнэглэгдсэн хүний амийг харагч би, тархиа угаалгагч болохгүй гэж үү.

Тэгвэл сэтгүүлч хэн байх ёстой вэ?
Энгийнээр сэтгүүлч хүн нийгэмд болж байгаа үйл явдалд анализ дүн шинжилгээ хийх чадвартай, ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэдэг, ард түмнийг ашиг тустай мэдээ мэдээллээр хангадаг тоймлон тодорхойлвол чихээр сонсож нүдээр баталгаажуулсан мэдээллээ тархиндаа шүүн тунгааж, өгүүлэх эрхтэнээр олон нийтэд хүргэдэг төрийн сүлдний өмнө сөгдөн тангараг өргөдөггүй ч, зүрх сэтгэлдээ нийтийн өмнө үнэнч байхаа андгайлсан шудрага бус зүйлсийн төлөө тэмцэгч дайчин байх ёстой мэт. Мэддэгээ мэдээлдэг байх ёстой гэж би боддог. Мэддэгээ шүү. Мэдэхийн тулд судлах хэрэгтэй. Түүнээс биш мэддэггүйгээ мэддэг мэт уран цэцэн үгээр булзааруулан яригч биш.

Энэ салбарт ажилласан цөөхөн хэдэн сарын дотор эргэн тойрноо ажиглаад байхад мэддэгээ мэдээлдэг, мэдэхгүй байлаа гэхэд мэдэхийг тэмүүлдэг байх ёстой. Нэг үгээр бусдаас түрүүлж боловсрогч, гэгээрэгч мэдээллийг шүүрж авагч, адтай нэгэн байх ёстой. Энэ чанар бас л алга ....

Мэргэжил нэгт нөхдөө өөнтөглөж байгаа би өөрөө ямар хүн вэ сэтгүүлч мөн үү. Ямар ч байсан би өөрийн мэддэггүйгээ мэддэг юм шиг ярихыг хүсдэггүй хүн. Нэг үгээр би зөвхөн мэддэгээ л ярина.

Зияк байз ...

Блогноосоо хөндийрөөд зөндөө удчихлаа. Хийж төвдөхгүй, гүйцэж түрүүлэхгүй ажил, өөртөө зохиож явсаар байгаад зүүлдээ би бүр альнаас нь ч эхлэхээ мэдэхээ байчихлаа. Бүгд л чухал, бүгд л хэрэгтэй. Одоо тэр хувийн асуудлуудаа орхиноо. Бүр шал тэнэг санагдчихлаа. Ажлаа л хийх минь ... Хэдэн өдөр огтын хэрэггүй юмнуудад цагаа зарчихаж бодоод байхнээ. Одоо болиноо ... Хайран цаг минь .... Гэхдээ харамсаад ч яахав дээ цагийг ямар эргүүлж болох биш.

Өөрөө бултдаг зүлэг

Богино банзал, шулуун шилбэ, өндөр өсгийт ... энгэр задгай сэрүүхэн ... хаяаадаа нэг эсрэг хүйстнийхээ харцыг унаган таашаах урин дулаан зуны улирал баяртай.

Сэтгэл сэргэм ногоон дэвсгэр дээр өнгө алаглан хорших гайхамшигийг хотод бус хөдөөд үзэж баясах шив дээ ..
Дуугуй байяааа гэхээр өөрсдөө өдөөд байх юм ... Эднүүс ... энэ зэвийсэн саарал шороон хөшиг .... Хамар амаар дамжин хоолойнд тээглэн эрвэгнүүлж, эрвэгнүүлэх нь багадаад тоосны гэх харшил болоод тогтчих юм маньдаа ...
Зуны урин цагт дөрвөн мөчөө дэлгэн тэрий хадан унахын жаргалыг хотод биш хөдөө л эдлэх шив дээ. Уг нь ямарваа улсын нийслэл хотод иргэдээ, тэжээвэр амьтадтай нь салхилуулах нэг биш ногоон зүлэгтэй нилээн хэдэн цэнгэлдэх хүрээлэн байдаг гэх. Харин манайд зугаацан цэнгэх байтугай модны дор сүүдэрлэх өгзөх дарам сүүдэр ч алга ...
Тийм байтал би ямар энд л зүлэг байх байсыыын гээд тэрий хадаад унчилтайн биш дээ гэж ...
Жил бүрийн хавар түрүүвч зузаан, нимгэн наян олон жуулчид манай орныг зориод маш олноороо ирдэг дээ ... Гэтэл биднуус гэдэг хүмүүс элгээрээ шороон дээр туучиад л арьсны өнгөн давхаргад тогтсон тоосонцор дээр нэрээ бичээд явахаар бүрзгэр саарал хотод амьдраастай хэвээрээ ....

Жил бүрийн хавар Хотын Тохижилт Үйлчилгээний компаний дэргэдэх "Цэцэрлэгжүүлээд Өгье, Ногооруулаад Орхиё" гэх сайхан нэртэй газар мартахгүйгээр л зулзаган ногоонуудыг суулгаж өгнө. Харамсалтай нь, өөрсдийнхөн хашаандхаас бусад нь урганаа л гэж гонжийн жоо... "Цэцэрлэгжүүлээд Өгье, Ногооруулаад Орхиё" газрынхан маань хөөрхий нөгөө хэлдэг гурав хийдэг ганцын үлгэрээр хийх боловч суулгасан ногоо, бут сөөг нь хоёр хөлтэй хохимой толгойтнуудын хөлд нэрвэгдээд суулгасан тэр өдрөөс л сэхэл авах хувьгүйгээр амьсгал хураах юм даа. Зам дагуулан суулгасан зүлэгний нас нь, амьсгаа аваад гаргахын завдалгүй богино гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэдэнд нар тэмүүлж ургах хувь байнгийн дутаастай ... Богино насны нууц нь байраа буруу олж ургаад байгаад оршоод байгаа юм болов уу гэж би боддогийн хэхэ
Өөрсдөд нь зориулаад зориудаар засаж тавьсан тэмдэглэгээ гарцаар гарахаас залхуурч, богино банзалтай хүүхэн хасын цагаан гуяа, цагаан дотоожтойгоо гялалзуулан хайс давах аядаж, харин сайхан гонжтой залуу “нандин эрхтэнээ” золиос тавин өргөст шорон дээгүүр өндөрийн хайралт үйлдэж зам дагаж тавьсан хашаа хайсыг давдаг гэх. Тэгээд л нөгөө суулгасан зүлэг ногоог хамгаалж хатгасан хайс хамгаалагчийнхаа үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог юм.

“Ухамсарт өргөмжит хоёр хөлт” үргэлжийн мөнх ажилдаа яарч байгаа цагт зүлэг ургуулан сууршуулах шал өмнөө шинэ технологийн шийдэл гаргах хэрэгтэй юм болов уу гэж би “цэцэндэж” байна.
Нэг үгээр “өөрөө бултдаг зүлэг” гэж байгаа бөгөөд хэрэв эрдэмтэн мэргэд тархины минь мухарт тунгаагдан шүүгдсэн энэхүү технологийн шийдлийг хэрхэхийг эс олж чадваас Улаанбаатар хот хэзээ ч зүлэг ногоон зурвас газартай болохгүй гэж би “муу ёрлов”.

Гэгэлзүүр

Сүүлийн хэдэн хоног зүүд минь барих үзүүргүй, хөөх учиггүй, тухайлах эзэнгүй, тунгаах үйлгүй болчихжээ .... зүүдэндээ хүртэл уймраад л .... Уг нь цэл залуугаараа л юм.

Сүүлийн хэдэн хоног нэг л мэдэхэд хаашаа ч минь гараад гүйчихээр сэдэл төрөөд, гэсэн хэрнээ хаашаа гүйхээ мэдэхгүй замгүй, хазааргүй уралдааны морь шиг сэтгэл тонгочиод болохоон байчихжээ. ....

Сүүлийн хэдэн хоног алсыг харж, холхон хайраагаад бэлчээрээс гарчих бядгүй, хүлээлтэнд хүлэгдээд, тоосондоо дарагдсан гадсанд зүүгдээстэй аргамж болчихжээ.

Яаалтай билэээ ....