Ханийн түшиг

/Үүний хадмал орчуулгыг доороос уншина уу/

Олон жилийг хамтдаа угтаж үдсэн нэгэн аз жаргалтай хос амьдран суудаг байжээ. Үүлгүй тэнгэрт аадар бороо цутгах шиг эмч нарын хариуцлагагүй хагалгааны улмаас эхнэр нь орчлонг харах нүднээсээ хагацаж гэнэ.
Хөөрхий бүсгүйд харанхуй ертөнцийг гийгүүлэх цорын ганц нар үлдсэн нь нөхөр нь байлаа. Идэр залуу насандаа харах мэлмийгээсээ хагацсанд нөхөр нь шаналан зовж байвч эхнэрээ бие даасан эмэгтэй болж гэнэтийн өөрчлөлтөнд хөл алдуулахгүйн тулд чадах чинээгээрээ дэмжин тусалж байв.

Эхнэрээ хараагүй болсоны дараа ч нөхрийн хайр урьдын адил халуун дулаан байсаар. Эхнэр нь ч нэгэнт ирсэн амьдралдаа аажим аажмаар дасан бие дааж байлаа. Цаг хугацааны аядуу цохилт өршөөлгүй мэт санагдах амьдралын эрчит урсгалыг зөөлрүүлж тэрбээр шинэ амьдралдаа нэгэнт дасаж гэнэ.

Өглөө бүрийн шинэ нарны цацраг тэдний хайрыг улам ихээр гийгүүлэх бүрт урд өмнөхөөсөө илүүтэйгээр хоёр биеэ үнэн сэтгэлээр асран халамжлах болжээ.
Ингээд эхнэр нь хуучин ажлаа хийхээр болж өдөр бүр нөхөр нь автобусаар хамтдаа яван ажилд нь хүргэж өгөөд орой бүр эхнэрээ тосон авдаг болжээ.

Нэг өдөр нөхөр нь
“Эхнээр. Одоо чи бүх зүйлийг өөрөө хийж чадах учраас маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй” гэжээ.
Нөхрийнхөө хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ бодлоо сэтгэлийн гүндээ нуун хадгалжээ.
Нөхрийнхөө хэлсэн үгийн хариуд сулхан дуугаар “За” гэж хариулсан ч “намайг тэр минь орхих вий” гэсэн нууцхан бодолтойгоо тэмцэн зүрхэндээ сэмээрхэн уйлжээ.
Ингээд маргааш өдрөөс эхлэн цагаан таягаараа хань хийн автобусаар ажилдаа явах болов. Бүсгүй ганцаараа ажилдаа явах болсоор 2 сарыг үджээ.

Гэтэл нэгэн өдөр автобусны жолооч
“Та их азтай бүсгүй юм. Нөхөр тань өдөр болгон таныг дагаж ирээд алсаас таныг ажиглаж, ажилдаа ороход тань алсаас үнсчихээд явдаг шүү дээ” гэж гэнэ.

Энэ үгийг сонсон бүсгүй мэлмэртэл уйлжээ. Тэрбээр энэ хугацаанд ганцаараа явж байна гэж төсөөлөн бүхнийг өөрөө хийх гэж мэрийн байжээ. Цагаан таягаараа замаа тэмтчин явахдаа ялингүй зүйлд тээглэн бүдэрч унаад эргэн босож алхах бүрт нөхөр нь гүйж очиод түшин босгохыг хүсэвч эхнэрээ өөрийгөө ялан хэн нэгнээс хараат биш өөртөө итгэлтэйгээр бүхнийг хийж чадах шинэ амьдралд сургахын тулд түүний үйлдэл бүрийг алсаас хараад хамтдаа бүдэрч, хамтдаа уйлж байсныг эхнэр нь мэджээ.

Нарт хорвоогийн тоос хөдөлгөх хүмүүний амьдралын зурвасхан хугацаанд дуусашгүй үнэнч хайр халамжаар биенээ дулаацуулан түшиж тулах ханьсахын жаргал гэж энэ буй.
Солонгос хэлнээс орчуулав.

Б.Явуухулан. Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

САНАХ Л ЮМ ДАА

Ийм л байдаг

Хүн бүхний харж байгаа зүг заавал зөв байх албагүй.
Өөрийнхөө харж байгаа зүгт бүх анхаарал, сэтгэл санаагаа зориул.
Гагцхүү гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун, өөрийнхөө зорьсон зүг өөдөө.
Сэтгэл ханамж, сэтгэл хангалуун байдал үүнээс л үүддэг юм.
Олон сонголт байх тусам хүн өөрийнхөөрөө байдаг.

Б.Угаанцэцэгийн блогоос

Бороо орохоор

Бороо орж байна.

Зах нь үл үзэгдэх бүхэлдээ харанхуй тэнгэрээс зүсэрч унах энэ борооны дуслууд өд мэт зөөлхөн бууж, өлмий доор тогших хөг аяз нь сэтгэлд ойрхон, уянгатай санагдаж байна.

Өөрчлөлтөнд дасах, байдлыг цэгнэх басхүү нутгийн хүмүүсийн үг яриа гэхээс илүү энэ нутагт амьдарч байгаа элэг нэгтнүүдийн үгийг ялган тунгаах, харцыг барьж шүүхэд нилээдгүй цаг хугацаа хэрэгтэй байдгийн байна.


Бороо орж байна.
Өмнө нь энэ нутгийн борооны хөг аяз нь сэтгэл гижигдэх шиг доогтой, нүүр зүсэм ширүүн санагддаг байсан бол одоо үгүй болжээ.

Бороо асгах энэ "тэнгэр" миний эх орны "тэнгэр"-ээс ялгаа юу байх билээ.

ЗУРГИЙГ SHUUDSHUUD-ИЙН ФОТО БЛОГООС АВАВ.