4-р сарын 5-ны Бямба гарагийг өөрөөсөө ичиж, өрөөл бусдаар бахархаж өнгөрүүллээ. Монгол Мироку Айко өргөөнд Монголын Хүний Нөөцийн Академиас зохион байгуулсан “Оновчтой Презентаци” нэг өдрийн сургалтанд, тус Академийн захирал, залуухан авч шаливхан, бодож сэтгэж хийж бүтээж байгаагаараа сүүлийн үеийн хэлэлгээр үеийн нөхдөөс "тасарчихсан" Б.Энхболд ахын урилгаар суух зол завшаан миний биед олдсон билээ.
3 жилийн өмнө Интер Ном их дэлгүүрт Мартин Лютер Кингийн өдөрт зориулсан өдөрлөг дээр таарч Энхболдыг мэдэх болсон юм. Тэр цагаас хойш Энхболдтой ажил хэргийн холбоо тогтоосон бөгөөд Энхболд ахаас маш олон сайхан зүйлийг суралцаж, залуу хүний хүсэл мөрөөдлийн хүчээр бүтэж байгаа ажлуудыг нь мэдэрсээр явна.
Хэвлүүхэн яриатай, тун намбалаг, төлөв түвшин, үг яриа нь цэгцтэй байдал нь надад түүнийг дунд эргэм насны байх гэж бодогдуулсан учраас түүнийг би ахаа гэж авгайлсан. Харин сүүлд өөрөөс минь нэг ах гэдгийг мэдсэн авч хийж байгаа ажил хэрэг, гайхалтай хөдөлмөрч зан чанар, хүсэл сонирхолдоо үнэнч дайчин байдал, басхүү залуу хүнд баймгүй нийгмээ харах мэдрэмжийг нь биширэн хүндлэх сэтгэлээр түүнийг “ахаа” хэмээн авгайлсаар ирсэн билээ.
Хүний Нөөцийн Академийн захирал Б.Энхболд сургалт явуулж байгаа нь
“Оновчтой Презентаци” хэмээх энэ гайхалтай сургалт намайг яаж ичээсэн тухай одоо өгүүлэе. Би бол сэтгүүлч орчуулагч хүн. Багаас мөрөөдсөн энэхүү мэргэжилдээ гаршиж, гавьяа байгуулж амжаагүй ч ажил мэргэжлээ өөрийн болгочих юмсан гэсэн чин сэтгэлээр ажилчин ангийн эгнээнд бэдэрч яваа л нэгэн.
Үзэг цаас муухан шиг харшуулан, хурууныхаа хээг илээн байж компьютерийн товчлуур тогшиж үзсэн дуулсан, бодсон санасанаа цаасан дээр эрээчиж, хүнд ойлгомжтойхон шиг хүргэчих юмсан гэж явсаар өнөөдрийг хүрлээ. Ямартай ч, би үзэг цаас нийлүүлэн байж өөрийгөө бусдад ойлгуулахын дайтай байж болох ч хэл амаа эвлүүлэн ярихаараа илэрхийлэх гэсэн санааны шуудан болсон үгс маань эргүүлээд хоолойг минь боомлож, амьсгааг минь давчдуулан олны өмнө ув улаан алим болгох нь олонтой биш ч цөөнгүй удаа.
Олны өмнө гараад яриад эхлэхтэй зэрэгцэн цаасан дээр эрээчин дэс дарааллуулсан санаа минь нүдний өмнө улаан цайм байр байршилаа солин надаар тохуурхаж, эхлэл нь төгсгөлдөө, төгсгөл нь эхэндээ элийрч, харанхуй шөнө замгүй газраар гэрэлгүй машинтай хурдлан давхихтай адил болдог юм. Бусад хүмүүс олны өмнө гарахаараа хэлэх үгээ мартан спикергүй радио болчихдог бол би бээр спикер нь чанга дээрээ чихарсан, антен нь долгионоо олохгүй парчигнасан радио болчихоод, хүн л хамрыг нь мушигаж унтаарахгүй бол ярьж байгаагаараа хүн хашираадаг золиг байгаам.
Яагаад ингээд байхыг би өөрөө таашгүй ээ хэхэ.
Өглөөний 9 цагт бүртгэл нь явагдаж 10 цагт эхлэсэн оновчтой презентацийн энэхүү сургалтанд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн багш, АПУ компаний маркетингийн албаны дарга, Банжиг нетийн үүсгэн байгуулагч, улсын хяналтын прокурор, НҮБ-ын Залуучуудын хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт дандаа санаачилдаг бүтээдэг, нийгмийн идэвхитэй салбарын төлөөллүүд, байгууллагуудын удирдах албаны хүмүүсээс авахуулаад спикер нь шуугиантай ажилладаг сэтгүүлч би очсон байлаа.
Япон соёл ханхалсан илтгэл, презентаци тавихад зориулан засаж дотоод засал чимэглэлийг хийсэн цэвэрхэн цэмцгэр танхимд Академийн захирал Энхболд өөрөө сургалтыг удирдан хөтөлж, завсар хооронд нь Лектор төвийн захирал, Нээлттэй Мэтгэлцээний Холбооны гүйцэтгэх захирал гэх мэт шинэ үеийн залуучуудын мундаг төлөөлөгчид ирж зөвлөгөө зөвлөмж өгсөн юм.
Лектор төвийн захирал Баатархүү
Сургалт өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэл явагдсан. Сургалтанд хүрэлцэн ирсэн 28 залуус эхлээд “атом молекул” тоглоом тоглон 6 баг болж хуваагдсаны дараа баг багаараа тус бүрийн ширээнд суусан билээ.
Сургалтын завсар зайгаар бусдыг хөшөөж, хөлдөөхгүйн тулд төрөл бүрийн хөгжөөнт тоглоом тоглуулж байснаас хамгийн таатай нь эгнэн зогсож байгаад бие биенийхээ нуруунд иллэг хийж өгөх байсан шүү.
Coffee break
Сургалт зохион байгуулалт сайтай байлаа. Олны өмнө яаж зөв өөрийгөө ойлгуулах вэ, зөв ярьж зөв ойлгуулахад юуг анхаарах ёстой ... үг хэллэг, гаднах “интерфейс”, гар хөлийн “савалт”, нүдний “ирмэлт”, нүүрний “үрчийлт” ямар байвал зүгээр гэхээс гадна олны өмнө улаан алим болгож онигоонд чихдэг бусдыг даралдаг ичих нүүргүй “айдас” дайсантай индэр дээр гарахаас өмнө болоод гарсаны дараа хэрхэн “нэгийгээ үзэж нээхий дээлээ уралцан” байлдаж ялалтанд хүрэх вэ зэрэг чухал зөвлөмжүүдийг маш сонирхолтой байдлаар тайлбарлан хүргэж байлаа.
Цайны завсарлагаар олны өмнө үг хэлээд илтгэл тавиад сурчихсан Худалдааны Үйлдвэрийн дээд сургуулийн дунд эргэм насны багш эмэгтэй “сургалтаас авах хэрэгжүүлэх зүйл олон байна, шинэ үеийн залуучуудын шинэ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байх нь зөв юм байна” гэмээн суусан нь сургалтын үр дүнгийн талаарх багахан боловч дорвитой дүгнэлт байна гэж би бодно.
Үдийн завсарлагаар бид урьдчилан захиалсаны дагуу Сансар хороололд байрлах Украйн зоогийн газарт олноороо сууж хооллосон бөгөөд ер нь нэг өдрийн дотор муугуй танилцаж, нийгмийн идэвхитэй, бүтээлч залуучуудтай харилцаа холбоо тогтоох өргөн боломжийг олгосон сургалт байлаа.
Сургалтын төгсгөлд оролцогчдын дунд чөлөөт сэдвээр 3 минутын илтгэл тавих даалгавар өгч шилдэг илтгэгчийг шалгаруулах болсон. Хүмүүс ч эхнээсээ илтгэл тавьж эхэллээ. Би бээр уг нь цаасан дээр санаагаа ээрээчээд суусан юм л даа. Ингээд салхи хагалж эхэнд гарахаас жаалхан имээж, сүүл мушиган нэр цолоо дуудуулах нь зохисгүй гэж бодсон учраас дунд хавьд гараад туучихлаа.
Индэрийн ард эрээчсэн цаасаа бариад гарлаа. Цаасан дээр буусан хэдэн үгс нөгөө л янзаараа байраа солин хөдөлж надад баригдах шинж алгаа ер нь. Төгсгөлөөрөө эхлэсэн үү, эхлэлээрээ төгсгөсөн үү би мэдэхгүй. Ямартай ч яриад л, яриад л байлаа. Яг үнэндээ би юу ярьсанаа таашгүй болоод явчихлаа.
Тавьсан илтгэлээ бодоод байхнээ “сургалтанд ирэхээс өмнө Оогий үсний боолт ч юм уу, үзэг харандаа ч юм уу өөрөө ч мэдэхгүй нэгэн зүйлийг алга болгосон байсан л гэнэ. Хайж байсан зүйлээ гэтэл сургалт болж байгаа Микроку Айко өргөөний шатан дээр хэвтэж байхыг олсон л гэнэ. Энхболд бид хоёр ах дүү биш ч, ах л гэнэ. Ийм ахтай байгаадаа баярладаг л гэнэ”. Ёстой чөтгөр бүү мэд. Оогий хэнийхэн үл мэдэх хайж байсан зүйл эрж хайж байснаа, учир нь үл мэдэгдэх ах дүүсын барилдлага энэ тэр ярьж хадуурч явсанаа төгсгөөд байх шиг байгаам.
Илтгэл биш элгийг нь авсан хадуурлынхаа төгсгөлд хаашаа явах гэж байгаам бүү мэд, сургалт нь арай л дуусах болоогүй л байлтай гэтэл би гэдэг хүн “баяртай” гэж хэлээд индэрээс буух шиг болно лээ. Алга ташилт ... Алга ташилт яг л толгой дээр аянга ниргэж байгаа мэт л аймаар сонсогдоно лээ шүү.
Би будиалантай сэдэвтэй, цоховчисон дэс дараатай илтгэл тавьсан бол бусад залуусын илтгэлийн сэдвийн дийлэнхи нь эх ороноо хайрлах тухай, эх орондоо хийж бүтээхийн төлөө залуу хүн болгон хөдөлмөрлөх ёстой тухай, эх болсон байгалиа хайрлан хамгаалах нь залуус биднээс эхлэх тухай гэхчилэн эх оронч сэтгэлгээтэй байсан нь үнэхээрийн талархууштай байлаа. Хамгийн гол нь, тэд зүгээр нэг ярьдаг биш хийж бүтээж яваа залуус байгаа нь Монголын маань ирээдүй итгэлтэй, эрч хүчтэй, хөдөлмөрч бүтээлч залуусын гарт атгаастай байгаа юм гэдгийг мэдэрч суулаа.
Шилдэг илтгэгчдийг шалгаруулахад Банжиг нет компаний захирал Хүрэлбаатар хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж яваа, залуу хүн бүхэн хүсэл мөрөөдөл, зорилготой байх сэдэвт илтгэлээрээ айргийн 5-д орсон. Худалдаа Хөгжлийн Банкны Дотоод Аудитын Газрын хянан шалгагч Баттогтох 4-р байр, Нью Эксперт ХХК-ийн захирал Ууганболд Эрүүл амьдрахын талаар тавьсан илтгэлээрээ 3-р байр эзлэсэн бол аман хүзүүнд Улсын Ерөнхий Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Батчимэг “Бэлэг” сэдэвт илтгэлээрээ удаалсан. Харин нэгдүгээр байранд нүдэндээ нулимстай, хоолойн зангиран байж багын андынхаа тухай дурсан ярьсан “Үнэт зүйл”-ийн тухай илтгэлээрээ АПУ компаний Маркетингийн албаны дарга Баярхүү эзэлсэн юм.
Сургалтын төгсгөлд бүгдэд нь батламж гардуулсан. Ямартай ч нэг өдрийг сайхан залуучуудтай өнгөрөөж тэднээс их зүйл сурах ёстойгоо ойлгож, эх орондоо хайртай, зорилготой, тэрхүү зорилго хүсэл мөрөөдөлдөө үнэнч эзэн нь байж, эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол улсынхаа цохилох зүрхэнд цус сэлбэн лугших судас нь байж, үеийн залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөх дуусашгүй, үл дундарах, улмаар хойч үед маань үргэжилэн удамших цаглашгүй хүсэлтэйгээр би гарлаа.
Би сургалтанд хамрагдсан хүн шүү
Аан гэхдээ Оогий шууд харьсангүй ээ. Оогий сэтгэлийн хөөрөлд автан нисэж явсаар Их Монголд найзуудтайгаа уулзаж зөв сайхан урамдаж сурах нь сайн хэрэг байна шүү гэдгийг ухуулж амжсан юм шүү.
Төгсгөлийн цэг тавихын өмнө Оогий өөрөө парчигнадаг спикерээ засаж, санаагаа бусдад зөв хүргэх урлагт суралцахаар шийдсэн. Алийн болгон хэлгүй хүн шиг үзэг цаас барин хүнтэй харилцаж, өөрөөсөө ичиж явах юм вэ.
Зөв ярих нь үнэхээр л урлаг юм байна лээ шүү Залуусаа.
Дашрамд сонирхуулахад Монголын Хүний Нөөцийн Академи байгууллагуудын захиалгаар олон нийтийн харилцаа, хүний нөөцийн сургалт зохион байгуулж байгаа юм билээ. Монголдоо шинэ сургалтын арга барилаар явагдах сонирхолтой уйдамгүй сургалтын санаачлагыг талархаад барашгүй.
Залуу хүний явах замыг, залуу хүний тэмүүлэх хүслийг, залуу хүнийг цэнэглэх тэрхүү мөрөөдлийг та эндээс олно гэдэгт итгэлтэй байна.
11 comments:
Сайхан сургалт байна. Энэ талаар судалнаа. Ингэхэд манай сүүлийн үеийн залуучууд их мундаг чадварлаг болж байгаа шүү. Бүгдэд нь амжилт хүсье
Zuw. Ulam uragshaa
Zuvhun uragshaa, huhruh als ruu, zuulun salhiny araas yav Oogii. Amjilt!
Mongold ochikhooroo ene surgaltiig chin sonirkhoyo baiz. Khuurkhun Oogiinoodoo amjilt shuuu.
Завгүй энэ тэр гонгинож байж гоё юмнаас хоцорчээ би.
Ер нь бол ангайтал ярьж сурна гэдэг аймар хэцүү мөртлөө асар хэрэгтэй урлаг юм шиг байгаан. Тэр тусмаа олны өмнө ярих, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь бичихдээ бэлэн амлаж, бүдэрч унатал нь бүлт үсрэхээс хэд дахин хэцүү байх оо. Хэзээ нэг сурах юм байгаан.
Оогий дүүдээ ойлгож мэдсэнээ улам цааш нь үргэлжлүүлж, түмний өмнө түгдэрч гацалгүй, бусдын урд будилж төөрөлгүй, уран цэцэн, утга төгөлдөр "урамдах" урлагийг төгс эзэмшээсэй гэж ерөөе.
PS: Энэ гоё номнуудаа тэгж байгаад эгчдээ зээлүүлж уншуулаарай. ккк
Монголд байгаа чадварлаг залуучуудаараа бахархаж байна. Хүний сэтгэлд гэгээ татуулж, урам зориг хайрласан иймэрхүү үйл ажиллагаа улам ихээр зохиогдож байгаасай.
Чи энэ бичлэгээрээ намайг ч мөн адил "сайхан урамдах" урлагт ялгалаа. Ер нь талаар сайн судлаж, Туршиж үзнээ.
Сайнхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ Энхболд гэж нөхөртэй чинь танилцах юмсан..кк
Saihan yarij surahiinsan, urlag yum shig baigaan. Bi ch huntei uulzaad guliin tag shuu dee, mendees tsaahsgui.
Үлмэдэхд: Тийм шүү. Судлаж үзээрэй хө.
Баяраа, Сэгсээхэй, Амараадаа: Баярлалаа найзуудаа.
Айдөө: Харин тийм. Та очсон бол бүр гоё байхгүй юу. Хоёулаа нийлж байгаад нэг, 2-р байрыг нь авах ч байсын билүү хэхэ. Тэгнээ таньтай жич уулзаж байгаад жич "урамдцгаанаа"
Укад: Монголд маань бахархамаар залуучууд их байгаа. Тэднийгээ сайн дэмжиж өгвөл ч бидэнд хийхгүй ажил, давахгүй даваа, хүрэхгүй оргил гэж байхгүй юм билээ.
Микад: Найзаа. Монголд ирсэний чинь дараа танилцуулж өгч болно шүү хөө.
Арсун ахад: хэхэ гөлийн таг .... Би бол хяхардаг гээд боддоо бүр аймаар байгаа биз дээ /чихээ дарав/.
Нөгөө Оогий чинь бид хэдийгээ хандгай буга болгож, бахаа хангахаар шийдсэн бололтой... урамдаж суръя гэнэ үү... би өөр хүн шүү :P
Post a Comment