Өдөр бүр

Зам зуур- жаалхан уянгатай
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Хөлийн жийлт, дугуйны эргэлт. Нэг хэмээр эргэлдсээр цагийг аажим аажмаар хумиж ургашилна.
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Хөлийн жийлт, дугуйны эргэлтээр цаг хугацаа хэмжигдэнэ.
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Энэ бол шинэ өглөөний эхлэл. Намайг мөрөөдлийн минь ирээдүй рүү хүргэгч улаан дугуй.
Өглөө бүр улаан дугуйндаа шалавхан шиг морьдоод нэг хоёр гурав нэг хоёр гурав гэх нэгэн хэмнэлээр жийсээр шинэхэн өглөөг эхлүүлдэг.
Улаан дугуйгаа “ташуурдсаар” буудал хүрэх замдаа өнөөдөр хийх ажлаа биш дугуйны эргэлтээр наашлах ирээдүйгээ байнга бодно.

Буудал дээр – жаалхан хэтрүүлэгтэй
Автобусны буудлын наахан талын гэрлэн уулзварын огтлол дээр “үнэнч хүлэгээ” чөдөрлөж орхиод буудал руу хоёр зээрдээрээ харайлгана даа.

Энд ирсэнээс хойш цаг хугацааг бугуйн дахь цагийн зүүгээр биш үнэнч хүлгийнхээ нэг хэмийн хатираа, 10 минутын дотор буудал дээр болж өнгөрөх үйл явдалын өрнөлөөр мэддэг болоод байгаа.

Намайг буудал дээр ирэхэд буудлын саравчны ард ойр зуурын идэшний ногоо зардаг гурван эмээ бараагаа дэлгэж байдаг юм. Бүх бараа нь “чон вон” буюу 1000 төгрөгний үнэтэй ногоон өвснүүд. Мэдэхгүй ээ намайг л харахад энийг нь иддэг болов уу гэмээр зүйлс харагдахгүй Монголын хөдөөд хаа сайгүй л ургадаг нэгэн хэвийн ногоон навчнууд л харагдаад байдаг юм.
Солонгосын эмээ нарын насыг эхэндээ би буруу барагцаалдаг байлаа. Монголтой харьцуулвал наслалт харьцангуй урт гэдгийг сайтар ухаараагүйгээс 60 гаруй насны л эмээ нар гэж боддог байсан чинь харин 80 нилээн хол гарсан эмээ нар байсныг сүүлд мэдсэн. Цаг хугацаа хийгээд үүрийн 5 жингээс үдшийн бүрий хүртэл тариан талбайн дээр хотон шувуу шиг тонголздог тариачны хүнд хөдөлмөр эмээ нарын нурууг эх газартай диагнол болгож дөнгөжээ.
Насны буянаа эдлэн гэртээ ач гуч зээ нараа тойруулан жаргаж суух насан дээрээ нөгөө л нэг хэдэн ногоогоо зарах гээд үдийн халуун нарнаас бултан сүүдэр бараадан сууж энэ амьдралыг илээх нь Солонгос хүмүүсийн бурханаас оноосон зурлага юм даа.

Эмээ нарыг ногоон навчнуудаа дэлгэж дуусахтай зэрэгцээд баруун тэртээгээс гуалиг туранхай бие, өндөр зэгзгэр нуруутай, халимаг засуулсан тачирхаан шингэн үстэй, шингэн бор арьстай, цүнхээ баруун гартай тохсон хүүхэн алиман бондгор өгзөгийг хоёр тийш нь ёстой хайр найргүй шидэлсээр хурдан хурдан алхалан өнгөрч оддог. Яг түүний араас мөр алдахгүй дагах хүүхэн түүнийг бодвол арай л мяраалаг. Тэр бас л цүнхээ баруун гар дээрээ тохчисон байх бөгөөд өмнөх хүүхнээсээ ялгаатай нь гэвэл байнга чихэндээ чихэвч хийсэн байдаг юм. Тэр хоёр хэзээ ч зэрэгцэж явахгүй яг ар араасаа 3 алхамын зайтай монгол үхрийн цувааг санагдуулан мөр мөрөөрөө дагаралдан явна. Гэхдээ тэд биенээ огтоос мэддэггүй хүмүүс биш хаяаадаа хажуугаар өнгөрөхдөө үг сольж харагддаг ч яриа дуусангуутаа ар араасаа дагалдаад явж одно. Ядаж ганц удаа ч гэсэн мяраалагдуу хүүхэн урд нь явж болдоггүйн болов уу гэж бодогдмоор.

Хоёр хүүхний дараа дугуйныхаа ард Солонгосын тугийг сүртэй намируулсан саарал жилээтэгтэй туранхай хөх өвгөн их л хурдны мэрийлттэйгээр салхи татуулан алдан өнгөрдөг. Өвөөд онцлох юм гэвэл саяхнаас халуун болоод өвөө богино ханцуйтай цамц өмсөх болсон ч өнгө нь хэвээрээ саарал.

Өвөөг өнгөрөхтэйгээ зэрэгцээд л 2, 705 дугаарыг автобусууд ирж зогсох бөгөөд 705-аас надтай цаашид нэг “унаанд замын хань” болох шүлс хайрлахгүй ярьдаг нэгэн ижил хувцас, үс засалттай ахлах сургуулийн хоёр охин бууж ирдэг. Эхэндээ тэр хоёрыг юу тэгтлээ гэрт гадаагүй ярьдагийг мэддэггүй байсан ч саяхнаас чих онгойж эхлээд байгаа болохоор юу ярьдагийг нь гадарлах болсон. Байнга найз хөвгүүд, болоод энд тэндхийн охидууд, бас хувцас хунар. Охидуудын яриа ...

Төд удалгүй зүүн тэртээгээс үргэлж мөнхийн нойрсож буй гүнж нүдэлсэн нэгэн бүсгүй ирнэ. Хувцасласан донж маяг нь тун дажгүй боловч нүд нь байнгын зүүрмэг аястай, нэг л их унтаа царайтай бүсгүй. Цочоовол нойрноосоо бүрэн сэрчих юм шиг санагдаад яагаад ч юм надад түүнийг нэг сайхан “үнхэлцэгийг нь хагартал цочоох юмсан гэж бодогдоод болдоггүйм. Нүдээ бүрэн нээчихвэл давхраатай алган нүдэн байхаар харагдаад байдгийн ...
Гэхдээ магадгүй үд дундын алдад нойр нь сэргээд зовхио 100 хувь дэлгэдэг байж болох юм л даа. Тэгвэл нэг харах юмсан.

Ингээд унтаа нүдт ирсэнээр автобус маань 2 минут хүрэхгүй хугацаанд ирэхийг төвөггүй мэднэ дээ.
704 дугаар автобусанд унтаа нүдт, ахлах сургуулийн 2 охин суусны дараагаар баруун тэртээгээс ахлах сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гартаа сандивич барьчихсан аахлан уухлан гүйсээр унаандаа амжиж сууна. Тэр угаасаа л дандаа ингэж хоцордог хэрнээ гандан буурахгүй идэх юмтайгаа ... Магадгүй энэ сандивичийг худалдаж авах эсвэл бэлдэх гэсээр байгаад унаанаасаа хоцрон алддаг юм болов уу.
Хөвгүүн орж ирэнгүүтээ цүнхнээсээ толь гарган салхинд бага зэрэг сэрвийсэн үсээ налуулж, уруул өнгөлөгчөөр уруулаа өнгөлж амжина. Тэрний үс байнга гоё, долгиондуулан хайчаар ороосон харагддаг шүү.

4 сарын турш үйл явдал дэс дарааллаа хэзээ ч алдахгүйгээр ээлжлэн өнгөрч надад цаг хугацааг бугуйн цагаар биш үйл явдал хийгээд хөлний жийлтээр хэмжихэд тус болж байгаа шүү.
Ингэхэд бугуйн цаг хэсэгтэй л зүүхгүй ээ ....

Үнэнч хүлэг мину зээ ...
Хичээл тарж унаандаа суусаар автобусны буудал дээр эргээд ирнэ. Буудлын цаахна чөдөрлөсөн үнэнч хүлэг минь халуун наранд харангадаж гар хүрэхэд түлэм халсан хэдий ч намайг ирэхийг тэвчээртэй хүлээн байдаг. Нойтон сальфеткаар наранд шарагдсан хондлой, биеийг нь арчиж жаалхан боловч сэрүүцүүлээд үнэнч хүлгээ хатирууланхан бид хоёр биендээ хань болсоор гэрийн зүг яаравчилна.
Гэр лүүгээ яарсан хүмүүс ямар байдаг билээ. Яг л тэрэн шиг.

Үнэнч хүлэг дээрээ ирэхэд хөл минь хөнгөрөөд халуун нарны эсрэг нүүрээ мэлтийтэл сул орхиод давхина даа ...

5 comments:

Soronzon said...

Дүү охины хичээл сурлага өндөр үү?
Сүрхий дүрслэлтэй бичжээ,кк

Unknown said...

Гоё бичсэн байна шүү. Надад таалагдлаа.

Оогий said...

Соронзон ахад: Хичээл сурлага сайн байгаа. Баярлалаа.

Мэндээ: Баярлалаа андаа

Anonymous said...

http://elbegdorj-fun.blogspot.com/

ganga said...

Sain uu Ogii, Batzaya,
Saihan naadaarai.