“Ухамсарт үхэл үү” эсвэл улс төрийн өшөө авалт уу?

Баасан гарагийн орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ру Му Хён “Тэсвэрлэж үл барах энэ шаналалыг төсөөлөн буулгахад бэрх байна. Миний үлдсэн амьдрал бусдад зөвхөн гай зовлон төвөг удна. Би одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн. Бүү гунигла. Амьдрах, үхэх гэдэг нь байгалийн жам ёс биш гэж үү? Хэнийг ч бүү зэмлэ. Энэ бол хувь тавилан. Намайг чандарлаад, гэрийн минь ойрхон оршуулаарай. Би энэ тухай удаан бодсоон” гэсэн богинохон зурвас үлдээгээд гэрийнхээ ардах уулнаас үсрэн амиа хорложээ.

Түүний үхэл залуучуудын бүтэлгүй хайрандаа гутран өндөр байшингаас “агшинддагаас” тэс ондоо удаан хугацаанд бодож гаргасан шийдвэр болох нь богинохон зурваснаас илт байлаа.

Сайн дураараа үхлээ даллаж өөрийгөө шийтгэх нь нүглээ наминчлах гэсэн арга уу, эсвэл амьдралд гутарч, зовлон шаналалаасаа хурдхан ангижрах гэсэн үйлдэл үү?

Амиа хорлох нь арчаагүй доройн шинж гэж Монголчууд үздэг. Мөн амиа хорлогсдыг диваажин ч, там ч хүлээн авдаггүй гэх. Гэтэл хүний үхлийн хамгийн дорд хэлбэрийг сонгон амиа егүүтгэсэн Солонгосын ерөнхийлөгч Ру Му Хёны үхлийг эх сурвалжууд 6 сая ам долларын хээл хахуулийн хэрэгтэй түлхүү холбон бичиж байна.

Улс төрийн тавцанд олон жил зүтгэхдээ олж авсан шудрага, хээл хахуулиас ангид гэсэн нэр хүндэд нь сэв суулгасан 6 сая ам долларын авилгалын хэрэг түүнийг амиа хорлоход хүргэж ард түмэн, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа үхлээр цайруулж байгаа хэрэг үү?

Хэрэв 6 сая доллар авчихаад түүнийгээ ил тод хүлээн зөвшөөрч чадахгүйдээ шаналан амиа хорлож буй бол Монголд энэ мэт хэрэг үйлдсэн өч төчнөөн ихэс дээдэс шинэхэн сонгогдсон ерөнхийлөгчийн хийх ажилд “дэм үзүүлэн” ар араасаа уулнаас үсэрч, авилгалдаа ялзарсан Монгол амиа хорлох ухамсарт үйлдлийн үрээр дороо цэвэрших байх даа гэж!!!!!! …

Ямартай ч Хёнтэй холбоотой авилгалын хавтаст хэрэг түүний шарилын тагтай цуг хаагдлаа гэж Солонгосын хэвлэлүүдээр бичиж байна.

Ерөнхийлөгч асан Хёны үхлийн дараа Солонгосын Хууль зүйн сайд Ким Кён Хан “Түүнтэй холбоотой авилгалын хэргийг хааж байгаа. Харин экс ерөнхийлөгчийн гэр бүлтэй холбоотой мөрдөн байцаах ажиллагаа цаашид үргэлжлэх болно” гэж өнгөрсөн Бямба гарагт мэдэгдсэн.

Мэдээллийн эх сурвалжуудыг харахад ерөнхийлөгч асан Ру Му Хён яг өөрөө гардаж их хэмжээний мөнгө аваагүй ч түүний эхнэр, болон ойрын хамаатны хүмүүсийн олон сая доллар авч байсан үйлдэлүүд баримтаар хөдөлшгүй нотлогдсон гэж хууль хяналтынхан мэдээлж байгаа. Магадгүй сайн хүний нэрийг 3 худалдаж иднэ гэдэгтэй адил нөхрийнхөө нэр хүндээр түрүү барин өр барагдуулах зорилгоор түр хугацааны зээл гэмээн авч байсан сая сая доллар нь ханаж цадахаа мэдэхгүй сувдаг эхнэрийхэн гарын салаагаар урсаад дууссан байж болох талтай.

Сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч асан Ру Му Хёны гэр бүлийн гишүүдийн тансаглалын талаарх мэдээлэл Солонгосын шар хэвлэлийн хуудсыг дүүргэх гол сэдэв болж байсан гэх. Ерөнхийлөгчийн охины Америкийн нэгэн арлын далайн эрэг дээрх тансаг харш, 60 гарсан эхнэрийхэн насандаа ахадсан ямба, гоо сайхны мэс заслууд гэх сэдвүүд шар сонины сэтгүүлчдийн үзэгний бэхийг барж байжээ.

Гэтэл зарим нэгэн эх сурвалжуудын бичиж байгаагаар экс ерөнхийлөгч Хёны үхлийг Солонгосын одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-тай холбон тайлбарлаж байна. Биенээ үзэн ядахын дээдээр адалдаг улс төрийн 2 хүчин болох МАХН, Ардчилсан нам хоёр шиг эсрэг тэсрэг намаас гарсан хоёр төрийн тэргүүний хооронд улс төрийн өш хонзон байсан гэж сэтгүүлчид ид бичиж эхэллээ. Одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak чамбай сайн найруулсан “хорынхоо” ачаар Хёныг сэтгэл зүйн гүн дарамтанд оруулж амиа хорлоход хүргэлээ гэж шуугих боллоо.

Баруун гар талаас экс ерөнхийлөгч Ру Му Хён, дэргэд нь одоогийн ерөнхийлөгч Ли Мүн Пак

Эрчимтэй хөгжиж яваа Өмнөд Солонгосын улс төрд буй үзэл суртал, эрх мэдлийн төлөөх тэмцэлийг Хён өөрийн үхлээр эцэс болгож, одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-ийн ардчлалыг аажим аажмаар хумиж буй нууцхан ажиллагааг илчилсэн анхааруулах дохио гэж бичиж байна.

5-р сарын 24-ны Ням гарагт экс ерөнхийлөгч Хёныг сүүлчийн замд үдэхээр Bongha тосгонд 200,000 гаруй хүн цугларч түүний зурагны өмнө хүндэтгэл үзүүлжээ. ӨӨР ОЛОН ЗУРГИЙГ

Ерөнхийлөгчийн зургийн өмнө хүндэтгэл үзүүлэхээр урт дараалалд 40 минут зогсох үед тэнд байсан хүмүүсийн амнаас “Lee Myung-bak killed him, Lee Myung-bak did it…” гэсэн үгс олонтой сонсогдож байлаа гэж тухайн үйл явдалыг сурвалжилж байсан Интернейшнл Кореа сонины сэтгүүлч Oh Yeon-ho бичжээ.

ӨМНӨД СОЛОНГОСЫН "ЛИНКОЛН"

“Ухамсарт” үхлээр өөрийгөө цайруулсан байж болох ерөнхийлөгч асан Ру Му Хёний түүхийг сонирхий.

Ру Му Хён нь Солонгосын түүхэнд их сургууль, коллежийн ширээ “илээгээгүй” анхны ерөнхийлөгч гэгддэг. Анхны ч гэж дээ. Одоо ч тийм хүн байхгүй. Харин Ру Му Хёныг Солонгосын түүхэнд анхны гэсэн олон гавьяаг байгуулсан хүн гэхэд хилсдэхгүй.

Доор өгүүлэх түүхээс түүнийг юунд анхных байсан гэдгийг мэдэх бизээ.

1946:
Тэрбээр 1946 онд Гимхай тосгонд ядуу тариачны гэр бүлд төржээ. Хёны ээж алсын хараатай, хүүхдийнхээ боловсролын төлөө сүүлчийн талхны мөнгөө ч зориулж чадах ухаалаг эмэгтэй байсан гэдэг. Ийм ч учраас тэрбээр ерөнхийлөгч болсон хойноо олон сонин сэтгүүлд ээжийнхээ тухай дурсан ярьсан нь олонтой байдаг байжээ. Ээж нь түүнд алдарт Кунзын сургаалийг уншуулдаг байсан нь Хёны ертөнцийг үзэх үзэл хийгээд үзэл бодол төлөвшихөд нь тулхтай багина болж чадсан байна.

1966: 1966 онд Пусаны ахлах сургуулийг дүүргэсний дараагаар нэгэн ахлах сургуулийн шөнийн харуулаар 2 жил ажиллан улмаар1968 онд цэрэгт явжээ. 3 жилийн цэргийн албанаас ирээд багийн дурлалт бүсгүй Вон Як Суктэй амьдрал зохиож нэгэн компанид загасны тор нэхэх ажил хийж байлаа. Гэвч Хёны цалин сар бүрийн байрны түрээс, идэж уух хоолны мөнгөнд бараг хүрэлцэхгүй шахам байжээ. Иймээс Хён амьдралаа өөд татахын тулд тухайн үедээ орлого сайтай хуульч болохоор шийдсэн байна.

Гэсэн ч түүнд их сургууль, коллежд суралцах мөнгө үгүй тул гэрээр хууль судалж, хуульч шүүгчээр ажиллах эрхийн шалгалтыг өгөхөөс өөр зам байсангүй.

1975: Ингээд 1975 онд 4 дахь удаагийнхаа оролдлогоор хуульчаар ажиллах эрхийн шалгалтыг амжилттай өгсөн нь өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй амьдралаа бүхэлдээ өөрчлөх эхлэл байсан юм.

1979 онд Солонгосын Тагнуулын төв газрын дарга Chun Doo-hwan тухайн үеийн еөрнхийлөгч Park Chung Hee-ыг хөнөөж засгийн эрхийг авлаа. Тэрбээр нийгмийг шинэчлэж ардчилалыг өрнүүлж байна гэсэн нэрээр харгис аллага үйлдэж, их дээд сургууль, коллежүүдийг олноор нь хааж, сонин сэтгүүлийн амыг барих болов. Нэг үгээр Chun Doo-hwan цэргийн дэглэм тогтоож, цэргийн хүчээр төрийн эрхийг барих оролдлогыг эрээ цээргүй хийж байв.

Энэ үед Хён хүний эрхийн өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Chun Doo-hwan-ийн цэргийн хүчээр Солонгосын эрхийг барих болсоны дараагаар оюутнууд нэгдэж түүний эсрэг цуглаан зохион байгуулахаар нууцаар цуглан ярилцдаг болжээ. Иймээс Chun Doo-hwan оюутнууд цуглардаг “Burim Incident” клубыг хориотой уран зохиол түгээн дэлгэрүүлж, буруунгуй онол судалж байна гэсэн нэрээр хааж, улмаар клубын гишүүн олон мянган оюутнуудыг эрүүдэн тамлаж эхлэв.

Шоронд эрүүдүүлэн тамлагдсан хоёр оюутны өмгөөлөгчөөр ажиллах үүрэг Хёнд ноогджээ. Хөлийн хуруунуудын бүх хумснууд нь унаж, нүдэнд нь цус хурсан 20 ч хүрээгүй залуусыг харсаны дараагаар Хён ихэд шаналж, цэргийн дэглэмийг түлхэн унагах хүсэл асар ихээр оргилсон гэж бичсэн байдаг. Энэ явдал түүнийг улс төрд ороход ч мөн нөлөөлсөн байна.

1987: 1987 оны 6-р сарын 10-нд Солонгосын түүх төдийгүй Хёны амьдралыг эргүүлэх бас нэгэн том өөрчлөлт гарчээ. Солонгосын орчин үеийн түүхэнд тодоос тод “6-р сарын хөдөлгөөн” /June struggle/ гэж тэмдэглэгдсэн энэхүү ардчилсан хөдөлгөөний томоохон лидер, манайхаар бол анхны“алтан хараацайнуудын” нэг нь яах аргагүй Хён байлаа. Нийгмийг өдөөн турхирсан гэж түүнийг 3 долоон хоног шоронд хорьсон ч дэмжигчдийн хүчээр суллагдаж байжээ.

1988: онд тэрбээр Үндэсний Ассемблейд сонгогдсон. Улс төрд ороод хийсэн анхны ажил нь авилгалд идэгдсэн засгийн газрыг мөрдөн шалгах тусгай хороог удирдах байлаа.

Улс төрд зүтгэсэн он жилүүдэд Хёнд сөрөг имижээс илүүтэйгээр эерэг имиж, нэр хүнд их байсан гэдэг. Ард түмэн түүнийг үндэсний бэлэг тэмдэг ерөнхийлөгч гэж үнэлж хүндэтгэж байсан. Улс төрчид, шүүмжлэгчид, нийгмийн идэвхитэй давхаргынхан түүнийг шудрага, голч ноён нуруутай гэж үнэлдэг.

Хёны нэр хүндийг тулах хоёр том хүчин зүйл байдаг гэж шүүмжлэгчид үздэг. Улс төр, засгийн эрхэнд орохоос өмнө буюу 1984 оноос эхлэн тэрбээр Байгаль орчныг хамгаалах асуудлаар амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хүртэл дуу хоолойг нэгтгэж байсан ерөнхийлөгч. Энэ ч утгаараа төрийн өндөр албан тушаал хаших явцдаа хог боловсруулах асуудал, сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан оролцож байснаас гадна нийгмийн халамж үйлчилгээний талаар олон зүйл хийсэн гэдэг.

1997 онд Ким Дэй Жуны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд идэвхийлэн оролцжээ. Сонгуулийн үеэр нийгмийн бүхий л давхаргад хүрч чадсан Хёны сонгуулийн бодлого нь Ким Дэй Жуныг ерөнхийлөгчөөр сонгогдоход нөлөөлсөн гэж улс төрчид үздэг байна.

Ингээд 1997 онд Ким Дэй Жуныг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараагаа Хён Далай Тэнгисийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллах болов. Сайдаар ажиллаж байхдаа тэрбээр Солонгосын өнцөг буланд хүрч жирийн загасчин, томоохон бизнесмэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх шатны иргэдтэй биечлэн уулзаж салбарынхаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн үзэл бодлыг түлхүү оруулдаг байсан учраас Хёныг ард түмний сайд байсан гэж нэрлэх болжээ. Иймээс ч ашиг, мөнгөний төлөө улайран зүтгэдэг бизнесменүүдээс илүү ажилчин ангид түүний хэрэгжүүлж байсан бодлого илүүтэйгээр таалагддаг байжээ. Сайдын хугацаанд хэрэгжүүлж байсан түүний яамны бодлого нь Солонгосын улс төр судлалд “мэдлэг дээр тулгуурласан” /практик дээр тулгуурласан/ гэдэг нэр томьёог оруулж ирсэн ч гэдэг.

2003: Ард түмэний дунд олсон түүний нэр хүнд, уясам дөлгөөн царай, сайхан инээмсэглэл зэрэг нь Хёнд 2003 оны Солонгосын ерөнхийлөгчийн суудлыг төвөггүй авчирч чадлаа. Тэрбээр илт давуу саналаар ерөнхийлөгч болсон байна. Хён бол Солонгосын түүхэнд хамгийн ихээр гоочлуулж байсан ерөнхийлөгч гэгддэг. Гэвч түүний хүний эрхийн төлөө тэмцэгч, ардчилалын анхдагч, байгаль орчны баримталж байсан бодлого, төрийн бодлогыг тэнцвэржүүлэхэд оруулсан хувь нэмэр зэрэг гавьяа нь түүнийг бүх зүйлээс цайруулж чаддаг байлаа.


“Цахим ерөнхийлөгч“

Хёныг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Солонгосын хүн амын 70 гаруй хувь нь өдөр бүр интернет хэрэглэх боломжтой болжээ. Өнөөдөр захын жижигхэн тосгонд хүртэл интернет холболттой хавтгай дэлгэцээр дэлхийг тольдон харж болж байна.

Түүний засгийн газрын гол баримталж байсан бодлого нь төрийн бүх алба нэгжүүдийг цахим хэлбэрээр ажлаа явуулах “e-government” байлаа.

“Халтар царайт”
Солонгосын сэхээтэн нийгмийн давхрага болон сөрөг хүчнийхэн Хён-ыг “халтар царайт” гэж гоочилдог байлаа. Түүний элит биш удам угсаа Хёныг олон ч зүйл дээр гадуурхагдахад нөлөөлж байжээ.

Нээрээ л ажиглаж байхад Америкт боловсрол эзэмшсэн, англиар ярьдаг сэхээтнүүд Солонгосчуудын дунд хамгийн мундаг гэсэн “зүүсгэлийг” хүртдэг. Энэ ч утгаараа өнөөдрийн Солонгосын бүхий л шат дарааллын лидерүүд Америкт боловсрол эзэмшсэн, эсвэл тус улсад мэргэжил дээшлүүлсэн байдаг. Харин Хён ерөнхийлөгч болохоосоо өмнө Солонгосчуудын мөрөөдлийн Америкт сурах нь байтугай хөл тавьж ч үзэж байгаагүй гэдэг.

2003 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хёны дорд угсаа гарлаар тоглоом хийсэн телевизийн рекламыг өрсөлдөгч сөрөг хүчнээс бэлтгэн цацаж байлаа. Гэсэн ч Хёныг Солонгосын “Линколн” гэж нэрлэх болсон нь түүнийг хоосонгүй илтгэж байгаа хэрэг биз.

Хён ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд засгийн газрын бодлогыг томоохон хотуудад тэнцвэртэйгээр шилжүүлэх ёстой, төрийн бодлогыг нэг газар төвлөрүүлэх нь буруу гэж үзэж энэ тал дээр багагүй ажлыг эхлүүлсэн байна. Иймээс Хёны засгийн эрхийн үед төрийн олон агентлагуудыг Тежон руу шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байжээ. Түүний энэ бодлогын ачаар Тежон орчин үеийн дэвшилтэт хот болон хөгжих явц нь түргэссэн байна.

Төрийн эрх мэдэл, засаг захиргааны нэгжийг тэнцвэржүүлэх бодлого нь худалдаа бизнес, засаг захиргаа, соёл урлаг гээд бүх шатны бодлого 400 жилийн турш зөвхөн Сөүлд төвлөрч байсныг тэнцвэртэйгээр хувиарлаж, голлох бүс нутгуудад шилжүүлэх эхлэл нь байлаа.

Ямартай ч Ру Му Хён ард түмний дунд нэр хүндтэй ерөнхийлөгч байсан гэж бүхий л шатандаа үздэг юм билээ.

Харин түүний амиа хорлох болсон шалтгаан нь гэр бүлийхний их хэмжээний мөнгө бусдаас авснаас үүдсэн сэтгэлийн дарамт байв уу аль эсвэл хэвлэл мэдээллээр бичиж байгаа одоогийн ерөнхийлөгч Lee Myung-bak-ийн алсуур хийсэн улс төрийн өс хонзонгоос үүдэлтэй “аллага” байв уу гэдэг нь тайлагдашгүй үлдэж байна.

Англи хэлнээс эмхэтгэн нийтлэв.
Эх сурвалжууд:
http://news.bbc.co.uk/
http://cnn.com
http://www.japanfocus.org
http://www.s9.com/Biography/Roh-Moo-Hyun
http://www.koreatimes.co.kr/www/news/nation/2009/04/117_43503.html
http://english.ohmynews.com/ArticleView/article_view.asp?article_class=2&no=385276&rel_no=1
http://www.jejutimes.co.kr/news/articleView.html?idxno=56129tragedy
http://www.hani.co.kr/arti/society/society_general/344874.html

9 comments:

Munkhbayar said...

Үнэхээр сайхан түүхтэй хүн байна. Баярлалаа

Soronzon said...

Дүү охин сайн явна уу?
Хичээл сурлага нь өндөр, бие нь сайн биз дээ?
Шинэ блог нээгээ юу?

Unknown said...

Энэ Хо Му Хений хувь заяа нээрээ эмгэнэлтэй дууслаа шүү. уг нь бол их үнэнч шудрга нэр цэвэр улс төрч гэж үнэлэгдэж ерөнхийлөгч болсон юм байна лээ.

Anonymous said...

За юуны өмнө Оогийноодоо сайхан бичлэг оруулсанд баярлалаа. Надад нэг бодол байдаг юм.Энэ нь азийн зарим улс Япон Солонгос зэрэг оронд нэр төрөө аврах нэг шийдэл нь амиа хорлох юм болов уу гэж.Энэ хүний хувьд хэдийгээр эмэгнэлтэй ч энэ хэмжүүрээр нь зөв ч юм уу гэж бодогдож байна.Манай авилгачид энэнээс дохио авдаг ч болоосой.Бас нэг юм хэлэхэд сонгуулийн дүнд энэ мэдээлэл ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн болов уу.Манай орон шиг авилгал нь жирийн үзэгдэл болсон бас Солонгосын соёлын нөлөө хүчтэй орж ирж байгаа улсад энэ бол жинхэнэ сенсаац байсан шүү

Загас said...

Сайхан бичлэг нийтэлжээ.
Чухам л судалгаа, нотолгоо, 3-дагч өнцгөөс хийсэн ажиглалт дүгнэлтийг сайхан хослуулж.
Ер нь Рон Мун Хён дэлхийн хэмжээний хүн байсан нь ойлгомжтой. Ямар ч төр, аль ч цаг үеийн удирдагчдад тохиодог нууцлаг үйлийн золиос болсон болов уу гэж ойлгох юм. За тэгээд холын Монгол биднүүс ч юу мэдхэв дээ?

Анх удаа блогоор чинь орж байна. Дараа дараачийн бичлэгүүдийг чинь манаж сууя
Чамд амжилт хүсье.

Segsger said...

Сайн уу хайрт дүү минь? Сая Зараагийн блогоор орж чамайг өвдсөнийг мэдлээ. Одоо гайгүй юу? Юун аймаар юм биччихсэн юм бэ, зүрх хагарчих шахлаа. Тэд өдрүүд чинь ард үлдсэн нь яамай даа. Удаан холбогдсонгүй шүү. Эгээ нь хөдөөний шахуу хүн болчихоод байгаа. Энэ зунжин ажлаараа хөдөө явах байх. 21 аймаг, 365 сумаараа нэвтрүүлэг бэлтгэж байгаа юм. Сая чиний блог руу орж ирээд л "Ёоох" гэж санаа амарлаа шүү. Нөгөө л цоглог хэвээрээ байгаад чинь, харинй нутагт байгаа дүү охин миний "Миний мэдэх Оогийноо" хэвээрээ л бичиж туурвиж, сонсож сонирхож байгаад чинь баярлаад дээрх бичлэгийг нямбайлан уншаад гарлаа. Амжилт хүсье. Биеэ бодож яваарай миний дүү.

ganga said...

Сайн уу, Та хоёр Солонгост байгаа юм уу? Дажгүй юү?

Манайд өөрсдөө зайгаа тавиад өгөх эр зоригтой удирдагч алга байна. Ардууд хүндлэх байтугай бараг үзэн ядаад байхад ширээ сандалтайгаа тас зууралдаад л...

Оогий said...

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа

Anonymous said...

Уг нь их нүдэнд дулаахан, эерэг сэтгэгдэл төрүүлдэг хүн байсан юмсан. Харамсалтай юм аа даа...