Үг холбоогүй уджээ. Блогоо биш юмаа гэхэд тэмдэглэлийн дэвтэрээ ээрчиж суудаг хүн дэвтэрээ ч эрээчих завдалгүй орчинтойгоо танилцах, гэнэт ирсэн урилгагүй “зочныг” үдэж морьдуулах, харь хэлний учир зүйг олох гэж гүйсээр нэг мэдэхэд 5 сар хол гарсан байх юм.
Өчигдөр үзсэн Амёнду арал дээрх цэцгийн үзэсгэлэнгийн талаар хэд гурван үг бичих санаатай суусан боловч нэг л үг эвлэрч эмх цэгцэнд орж өгдөггүй. Ингээд бичихээ азнан зүйл бүрийн бодолд ээдэрч гашилсан тархиа сэргээхээр дуртай блогуудаар хэсэж яваад Соронзон ахын блогоос “Мөнхийн Ёс” бичлэгийг уншлаа. Бичлэгийг уншихад бодлын ээдрээ гарч, тэнэглэх өвчин анагаагдах шиг санагдав.
Солонгост ирээд удалгүй ханиад хүрлээ. Ханиаданд дарлуулснаас болж энд ирэхдээ өвөртөлсөн мөрөөдөл, хүсэл тэмүүллээ мартаж дотны найз маань ч танихгүй болтол унжигар дорой, дотогшоогоо нэгэн болж хувирлаа.
Хамгийн сүүлд хэзээ ингэтлээ өвдөснөө бодоод бодоод ч олсонгүй. Тэгээд бүүр "нэг муу ханиаданд шүү" гэж бодохоор өөртөө дургуй хүрэн өдөржин халуурч хэвтэж залахсандаа орноос босохыг оролдовч дагзнаас дүүжлээстэй хүнд туухай өөрийн эрхгүй гэдэргээ татан унагана. Ингээд л хэд гурван өдрийг цонхоор харагдах модны навчисны салхинд бүжиглэх хөдөлгөөн, цаадхан талын байшингаас хааяа нэг гарч үзэгдэх хүнээр амьдралын өдөр тутмын хэмнэлийг төсөөлөн хэвтлээ.
Ямартай ч хүн босож чадахгүй өвдөхөөрөө хамгийн гол нь сэтгэлээрээ их эмзэг болчихдог юм билээ.
... Ханиаданд дарлуулсан 10 гаруй хоногт биеийн байдлаас шалтгаалан намуухан алхаж, аядуухан дуугарч, зөөлөн харж явсаар, ханиад эдгэж бие гайгүй болсоны дараа унжигар сулбагар имиждээ нэгэнтээ орсон байлаа. Хүний газарт өвдөхөөр ядаж дэргэдэх хүнээ хүртэл зовоогоод эрүүл хүн нь хамтдаа нүднээс гарчих шинжтэй.
Найзуудын маань хэлдэгээр эрүүл галзуу мэдэгдэхгүй өнөөх хүн нь энд ирээд нээх дуугуй хүн болж дүрээ хувиргав.
Чийгтэй газарт ханиадыг нэг муу гэж басамжилж болохгүй гэдгийг сайтар мэдэрлээ.
Соронзон ахын блогт “Хүн амьд явах насандаа нэг удаа ч гэсэн хүнд өвчнөөр өвчилж үзэх хэрэгтэй юм. Энэ нь түүнд туулж өнгөрүүлсэн амьдралаа тайван, няхуур эргэцүүлж үзэх бололцоо олгоно” гэж миний хайртай зохиолч Нодар Думбазе “Закон вечности” романдаа бичсэн байдаг гэжээ. Ханиаданд дарлуулаад, амьсгалахаасаа айж цээж хөндүүрлэж хэвтэхдээ нээрээ л ухаан орсоноос хойших 20 жилийнхээ амьдралыг толгой гашилталаа эргүүлцэж бодсон шүү ХЭХЭХЭ. Ямартай ч өөрийгөө аливаа зүйлийг бодоод л бодоод л яваад байх хүн, биш бодсоноо хэн нэгэнд илэрхийлж, илэрхийлэхгүй юмаа гэхэд цаасан дээр үлдээж байвал оюун ухаан эрүүл саруул, сэтгэл санаа эмх цэгцтэй байх юм гэдгийг сайтар ухаарах шиг.
Одооноос тэмдэглэлээ хөтөлж, блогтоо салхи байнга оруулдаг хэвийн амьдралдаа эргэн орохыг хүснэ.
Бичлэгээ жаахан онцгүй эхлэчихлээ дээ. Заа яахав одоо сэтгэл сэргээх сайхан зурагнууд оруулнаа.
ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН
Солонгост ирснээс хойш хагас бүтэн сайн өдөр болгон салхинд гарч олон сайхан газар нутагтай танилцаж байна. Энд үзэж харих зүйл ихтэй, амарч зугаалах талбай арвинтай сайхан юм. Цаг хугацаатай уралдан ажилладаг Солонгосын хөдөлмөрч ард түмэнд амарч зугаалан алжаалаа тайлах газруудыг хангалттай бэлтгэж өгсөн нь сайшаалтай юм даа.
Харин энэ 5 дахь өдөр сургуулиас зохион байгуулалттайгаар хэлний бэлтгэлийхнийг миний амьдардаг Тежон хотоос автобусаар 3 цаг явж хүрэх Солонгосын баруун тэнгисийн эрэг дээрх Амёнду арлын цэцгийн үзэсгэлэн үзүүлэв. Хавар ялангуяа 4-6 сарын хооронд Солонгосын өнцөг булан бүрт л анги хамт олон,, найз нөхөд, гэр бүлээрээ цэцгийн баяр үзэж нүдээ баясгадаг юм байна.
Хичээл эхлээд удаагүй байхад танилцсан Солонгос эмэгтэй Тежон хотыг "Ухаантнуудын хот" гэж хэлж байсан шүү. Сүүлд бодоод байхад тэр нь ортой минь билээ. Энэ хотод эрдэм шинжилгээ, судалгааны том том төвүүд байхаас гадна Солонгосын шинжлэх ухаан, технологийн цохилох зүрхийг ажиллуулдаг гол мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах KAIST их сургууль буй. Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээнийг 2002 онд Тежонд зохион байгуулж байсан гэх мэтээр бичээд байвал олон зүйл бий. Дараа жич бичлэг болгон тавинаа. Ер нь Тежон Солонгосын сайхан хотуудын нэгд тооцогддог жижигхэн, цэвэрхэн гоё газар.
Солонгос эмэгтэйчүүд цэцэг ургуулж арчилах дуртай юм болов уу гэж бодсон. Энд тэнд цэцгийн дэлгүүр ихтэй. Түүнээс гадна сөөм газар олдохтойгоо зэрэгцээд л цэцэг тарчихдаг хүмүүс байна лээ. Заа ингээд энэ 5 дахь өдрийн аялалын зураг Цаана нь далайн ус цайвалзаад л сайхан харагдаж байгаа биз.
PS: Гэртээ цэцэг тарж байгаа. Цагаан савтай цэцгийн дэлбээнүүд нь уначихсан. Одоо ахиад цомирлигжоод дэлбээлэхэд бэлэн болчихоод байгаа юм. Харин жижигхэн хүрэн савтай цэцэг хоёрдахь удаагаа дэлбээлж буй нь энэ.
4 comments:
minii naiz estoi tasarchihsan gazar baigaam bn daa, bi araas chini uter turgen ochihson gej horhoi hurch bn shuu.
Пөөх хаашаа оччих нь энэ вэ? Чимээгүй болчихсон чинь. Цэцгээр хот босгоо шив
sain uu hoorhonoo, goy zurguud bnaa...bayarlalaa..bieie sain bodoj yavaarai.. :o)
Янжмаа: тиймээ хөө сайхан газар шүү
Амарсайхан: цэцгээр хот бариад л буулгаад л завгүйдүү л гүйгээд байнаа хэхэ.
алтайн уулсад: заа тэгнээ захиасыг хичээнгүйлэн дагнаа. баярлалаа :-)
Post a Comment