Миний хэдэн ноорхой хуудас

Юуны өмнө та бүхэндээ хайр дурлалынхаа мөнхийн гал манаач, аз жаргалтай амьдралынхаа тулганд мөхөшгүй бадрангуй оч нэмээч, өөрсдийн эрхэм бүхнээ цаг хугацаатай уралдан хойш тавилгүй хайрлан эрхэмлэж, хийсэн ажил, бүтээж буй үйл хэрэгтээ чин үнэнч эзэн нь байхыг хүсье.

Би олон зүйлийг сонирхон оролдож үзсэн. Тэр олон сонирхож хошуу дүрэн байсан зүйлсээс одоо хүртэл хайртай хэвээр байдаг, салж чаддаагүй сонирхол маань болсон, болоогүй сонингийн цаас ... хэдэн ноорхой хуудас юм. 7-р ангиасаа эхлэн өдийг хүртэл цуглуулж байгаа сонингийн ноорхой цааснууддаа маш их хайртай. Нэг авдараар дүүрэн ангилсэн эвхээстэй энэ хуудаснуудын бичээс, өгүүлбэр бүрийг эргүүлж тойруулан харахад сонирхолтой санагддаг. Сонингийнхоо хайчилбартаа уншаад хадгалдаг номноосоо илүү хайртай байдаг нь миний олон жил цагаа гарган цуглуулж, бусдаас харамлан хадгалсных бизээ.

Он цаг улирах тусам нугалаасаараа өмрөн элэгдэж, бичиг үсэг нь балран арилж байгаа сонингийн хайлчилбараа харахаар харамсах сэтгэл төрөөд байдаг юм.

Цуглуулга маань ихсэх тусам сэдэвлэн ангилж нямбайлан хадгалсаар л байгаа. Магадгүй энэ хэдэн ноорхой сонингийн хайчилбар маань он цаг явж юм бүхэн цахим хэлбэрт шилжин цаасан зүйлээс татгалзах болсон энэ үед сонингийн цаасны нэгэн түүхийг өгүүлсээр наддаа үлдэх ч юм билүү гэж боддог. Сүүлд хараад байхнээ миний голлон уншдаг Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ сонингууд цахим хэлбэрт шилжсэн байна лээ дээ.

20-р зууны сүүлийн 10нд цуглуулж эхлэсэн сонингийн хайлчилбар маань 21-р зуунтай золгон зуун дамжин байгаа нь сайхан биш гэж үү.
Ангилал маань уран зохиол, Сод хүмүүс, миний монголын түүх, танин мэдэхүй, эдийн засаг, сав шимийн ертөнц, нийтлэл гээд л явж өгч дээ.
Блог маань миний нэгэн сонирхол болсон учраас 10 гаруй жил цуглуулан, шарлан үнгэгдсэн ч хайртай сонингийн хайлчилбаруудаа бага багаар блогтоо оруулан цахим хэлбэрт хадгалах нь зүйтэй гэж саналаа.

Оогийноо, Гэрэлт ертөнцийн ноорхой хуудаснуудад:

НӨХӨШГҮЙ ДӨРӨВ
Дээлийг нөхөж болно, барилгыг ч гэсэн нөхөж, сэлбэж болно. Ой модыг ч гэсэн нөхөн төлжүүлж болно. Цоорхойг бөглөж болно. Хагархайг гагнаж болно. Ханзархайг оёж болно. Хагарсныг эвлүүлж болно. Ер юуг ч гэсэн нөхөж, сэлбэж, эргүүлж, сэргээж болох билээ. “Болно, болно, болохгүй юм гэж энэ хорвоод хаана байна?” хэмээн ярьдаг хүн цөөнгүй бий. Үнэндээ ч тийм мэт. Гэвч нарийндаа тулбал нөхөшгүй, сэргээшгүй, эргэшгүй юм гэж лав л дөрвөн зүйл бий ажээ.

Нэгд. Цагийн гарз нөхөшгүй ажээ. Цаг хугацаа бол хэнд ч, юунд ч захирагддаггүй, эргэшгүй, нөхөшгүй аугаа их урсгал юм. Цагийн тэрхүү хэн, юунаас ч хараат бус урсгал нь амьтай болгоныг ч, амьгүй бүхийг ч элэгдүүлэн элээж ардаа орхидог жамтай ажээ. Хамгийн хатуу чулуу ч цагийн урсгалд үжирдэг. Хамгийн ухаантай хүн гэдэг амьтан ч гэсэн цагийн их урсгалын өмнө яаж ч чадахгүй гундаж жаргалтай хүүхэд нас, баясгалантай залуу нас, намбатай хичээл насыг эргүүлж тогтоох аргамжаагүйн эрхээр зөвхөн дурсамж төдий ярьсаар хорвоогоос хальдаг билээ. Цаг хугацаа тэгэхээр туйлын дээд засаглал ба туйлын үнэтэй хүчин зүйл юм. Харамсалтай нь, хүмүүс үүнийг мэдэрдэг ч гэсэн “цагийн гарздалыг” тун ч дутуу үнэлсээр, заримдаа бүр тоохгүй явсаар нэгэн насыг дуусгадаг нь нийтлэг үзэгдэл бололтой. Урт наслах тухай боддоггүй, тийм ерөөл тавьдаггүй хүн энэ дэлхийд нэгээхэн ч үгүй. Гэвч санаснаар болдоггүй, ерөөөлөөр бүтдэггүй цаг хугацааны алдагдал яг л цоорхой саванд хийсэн ус шиг үргэлж гоожсоор нэг л мэдсэн хүн хөгширснөө, түүх улирснаа мэддэг ажээ. Цаг хугацааг эргүүлэх юм уу нөхөх арга ухаан хэнд ч байхгүй гэлээ гэхдээ түүнийг “эрхшээлдээ” авах ганцхан л арга байдаг. Тэр бол богино цагт ихийг бүтээх юм. Таван жилд хийдэг юмыг таван сард, таван сард хийдэг юмыг таван цагт хийж бүтээх юм бол цагийг захирч байнаа хэмээн хэлж болох ажээ. Хүн төрлөхтөн ийм замаар, ийм аргаар явж байгаа билээ. Харин хүн нэг бүр ийм байж чаддаггүй нь харамсалтай.

Морин өртөөгөөр гурав хоног явдаг байсан газрыг моторт хөлгөөр гуравхан цагт туулдаг, тэмээн жингээр тив дамжин сар жилээр аялдаг байснаа тийрэлтэт онцгоцоор хоногтоо хүрчихдэг болсон нь хүн цаг хугацааны ноёрхлыг даван туулсаар байгаагийн гэрч аргагүй мөн .......

Хоёр. Эрүүл мэндийн гарздал эргэшгүй ажээ. Бас нөхөшгүй буюу. Монгол улсын хүн ам бол энэ орны үнэмлэхүй дээд баялаг. Хүнээс үнэтэй зүйл гэж улс оронд маань байхгүй. Алт мөнгө, шүр сувд бол хүний чимэглэл болохоос биш өөр ашиг түүнд байхгүй. Хүнгүй цөлд алтан уул байгаад ч хэрэг байхгүй. Харин хүн бол бүхнийг бүтээж, бүхнийг хийж чадах дээд эрдэнэ. Тийм эрдэнээр Монгол улс тун ч ядуу. Дөнгөж хоёрхон сая хагас хүн амтай. Гэхдээ цөөхөн байсан тусмаа нэг хүн бүрийн үнэ цэнэ асар өндөр байх нь дамжиггүй. Гэвч хэдхэн хүн маань хэр зэрэг үнэлэгдэж байна вэ? Монгол улсын хүн ам цөөн ч гэсэн эрүүл бол цөөдөхгүй. Тэгвэл хүний үнэ цэнгийн гол хэмжүүр болсон эрүүл мэндий хохирол нөхөшгүй газрын нэг яриагүй мөн.

Гурав. Газрын хэвлий дэх баялагийн гарз нөхөшгүй билээ.
Бодлогогүй эх хүн хэвлий дэх үрээ зулбуулах нь элбэг боллоо. Үрээ хаясан ч хээл нь үлдсэн юм болохоор ахиал жирэмслэх магадал бий. Тэгвэл газрын хэвлий дэх баялагийг хоослон цөлмөвөөс тэнд ахиад алт, мөнгө, зэс, төмөр байтугай наад захын нүүрс ч ахин төлжих найдвар байхгүй туол хоосон хар нүх л усаар дүүрч үлддэг.

Монгол улс газрынхаа хөрсөн доорх баялагийг дор хаяад л хорин зууны турш хөндөөгүй үүцэлсэн бараг л цорын ганц орон байлаа. Өнгөрсөн түүхийг маань бүтээсэн өвөг дээдэс үр хүүхэд хойч үедээ яндашгүй их үүц нөөж үлдээсэн нь тэр билээ. Одоо бид Өгөдэй хааны таамаглснаар “Өөхөнд боосон ч нохой шиншихгүй Өвсөнд боосон ч үхэр үнэрлэхгүй” амьтад болчихоогүй байна гэдгээ харуулах цаг болжээ. Өвөг дээдсийнхээ захиж үлдээсэн үүцний авдарыг өөрсдөө ч онгойлгож чадахгүй харийханы хар гарт бэлэн түлхүүрийг нь хадаг дээр тавиад сарвайхдаа туллаа гэж үү? Онгойлгох түлхүүрийг нэгэнт өгсөн байлаа гэхэд онгойсон авдарынхаа эд баялагийг үр өгөөжтэй хэрхэн зарцуулахад ухаан оюуныг зориулах үлджээ .......

Дөрөв. Алдагдсан үгийг буцааж болдоггүйг Монголчууд гүн ухааныхаа аман хуульд үе дамжуулан шигтгэж өгсөн билээ.
“Агт алдвал барьж болдог, Ам алдвал барьж болдоггүй” гэж ард түмэн хуульчлан баталсаар иржээ. Гэтэл өнөөгийн манайд нийгэмд олон зууныг дамжин магадтай үнэнээ харуулсан энэхүү мэргэн сургамжийг үл ойшоож, “хамрынхаа доорх ангархайг” өөрийгөө болон бусдыг хууран мэхлэх хэрэглүүр болгосон хүмүүс хий үлээж дүүргэсэн бөмбөлөг шиг дээшээ хөвөн гарч ирдэг гаж үзэгдэл шүгэлжээ. Сайн юмны нэрээр халхавчилсан муу юм анхандаа нэг их танигдахгүйтэй адил сайхан амлалт өгдөг хүмүүсийг эхний харцаар танихад амаргүй болн энэ үед буюу хууль тогтоох нэрийн дор сонгогдоод улмаар засаглал тогтоох, засаглал унагаах хэрэглүүр болтлоо төрөл арилжсан УИХ-д гишүүнээр дөрвөн удаагийн сонголт хийхэд мөн ч олон хүн “ам алдаж”, алтан амлалт авч билээ. Урсгасан үгийг нь эргүүлж болдогсон бол монголын ард түмэн “ядуурал”, “ажилгүйдэл” гэдэг хоёр үгийг өдийд мартсан байхсан, бүтэн болоод хагас өнчин хориод мянган хүүхдийн тал хувь нь ч билээ элэг бүтэн байхсан .....

Сонин: Дал
Дугаар: 227 /3/ XVII жарны гаол улаан нохой жилийн хаврын адаг хар луу сарын шинийн гурваны наран өлзийт шарагчин үхэр өдөр
Зохиолч: Л.Түдэв

6 comments:

Anonymous said...

xooox..yamar nandin tsugluulga ve..za xuleegeed l unshaad baiya...

Iim xuuchnii xovor nandin zuiluud suuld ingeed unshij xaraxad ix sonirxoltoi baidgiin tee?

Tsoomii said...

minii huurhun naiz surhii yumaa, tsahim helbert oruulj avah ni zuv ch gesen haichilbaruud chini ene chigeeree ikh nandin zuil baina, naiz ni bas oyutan baihdaa end tendhiin eruul mendiin holbogdoltoi haichilbar tsugluulj hog bolgodog baisiin, suuldee uuruu uchir medeed ireheeree zarim hudlaa yumnuudiig ni tuuj haysaar baigaad,neg havtas duurehgui yum bolson baisan, ergeed unshihad uuriinhuu usultiig bas harj bolohuits yum shig sanagdsan, dahaid unshih burt uur uur dugnelt shuumjlel garch irdeg yum, ter hereer bid nar uurchlugduj bna gesen ug.
chamaig blogoo haachlaa geed dotno alsad yum bicheed uldeesen yumsan,

shine onii mend hurgii, bas naiziigaa 3 sard ochihod ene udaa he he he gesen...

Unknown said...

hi. bi bas ingej haichilbar tsugluuldag baisan.

Anonymous said...

cool blog

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Сайхан цуглуулга байна. Би нэг хэсэг их цуглуулдаг байж билээ. Цуглуулж цуглуулж бараг уншиж амжихгүй. Харин энэ мэт хийчихвэл хэрэгтэй мэдээллээ шууд олох нь хөдөлмөрч юм аа :)