ХОЁР. Миний төрсөн нутаг

ТҮРҮҮЧ НЬ 9-Р САРЫН 15-НД
Би алс баруун хязгаарын Ховд нутгийн бүсгүй. Одоо зүүдэндээ харахаас хэтрэхгүй болоод байгаа төрлөх нутгаа хөгшин Европийн Германд мэдэрсэн жаргалтай өдрүүдийнхөө дурсамжыг хүргэе.

Гялалзан гялтагнах түг түмэн одод руу ойртон тэмүүлэх мөнгөлөг хөлөг яах ийхийн зуургуй Зүүн Берлиний Шенонфелд нисэх буудалд оройн 11 цагт газардлаа. Манай "Чингис Хаан"-тай тун төстэй энэ жижигхэн буудлын бүх зүйлийг өмнө нь харсан эсвэл мэдэрч байсан шиг их дотно санагдаж байлаа. Ах маань намайг тосохоор бага охинтойгоо, эхнэртэйгээ Казелаас ирээд хүлээн байхыг олж харав.

Дээд цэгтээ тулан түгшүүрийн харанга мэт ажиллаж байсан тархины минь хамгаалалтын систем одоо нэг намжиж, хамаг бие хөнгөрөөд би гэдэг хүн найдвартай даатгалд хамрагдсанаа эд эс бүхнээрээ мэдэрлээ.

Ахын амьдардаг Касселд нэг өдөр болоод маргааш нь Frankfurt main airport руу ах эгч хоёроор хүргүүлэв. Энд сургалтанд хамрагдах хүмүүсийг өдрийн 3 цаг хүртэл тосож байгаа билээ. Франкфуртын нисэх буудал дээр хорь гаруй настай, нүдэнд дулаахан Кастен гэдэг Герман залуу намайг тосож авав. Ингээд найдвартай гараас бас нэгэн найдвартай гарт шилжсэн би гэдэг хүн бүх асуудлаа хүмүүст даатгаад дагаад л намирдаг ажлыг тун сайн гүйцэлдүүлж байсан юм.

Кастен бид хоёр ICE хурдны галт тэргэнд суун Германы баруун өмнөд хэсэгт орших Остербуркен руу хөлгийн жолоо залав.
Франкфуртаас Остербуркен руу 5 цаг гаруй явах бөгөөд зам зуур сүр бараатай салхин сэнс, тасралтгүй үргэлжлэх ой мод, жигдхэн зассан тариалангийн талбай, байшин барилга жирэлзэн өнгөрсөөр л.
Цэнхэрлэн мушгирах голын хөвөөг даган сунаж тогтсон эртний гэмээр үзэсгэлэнт хот Кастен бид хоёрын зам зуурын амтат яриаг тасаллаа. Энэ бол Некар голын хөндийд сунаж тогтсон Хайдэлбэрг хот. /Энэ хотын сонирхолтой сайхан түүхийг дараа өгүүлэх болно/



Хайдэлбэрг их сайхан хот байна лээ

Хайдэлбэргээс цааш 2 цаг яваад сургалт болох Остербуркен гэх жижигхэн тосгонд бид оройн 8 өнгөрөөд ирсэн юм.
Сургалт болох байр маань галт тэрэгний буудлын архан талд. Гаднаа дунд зэргийн эдэлбэр газартай, гурван давхар амины хоёр орон сууцны цагаан байранд нь сургалт болно. Гурван давхар жижигхэн байрны хоёр давхарт нь хичээлийн танхим, зэргэлдээх өрөөнд нь чөлөөт цаг өнгөрөөх цайны өрөө байна.

Шатаар дээш гарахад биднийг ирэхийг хүлээж байсан Герман талын ерөнхий зохион байгуулагч Клаус гарч ирэн элгэмсгээр чанга тэврэн угтлаа. Гурван сарын өмнөөс Клаус бид хоёр бие биенээ ичнээгээр мэддэг болсон юм.

Мэнд ус асуусны дараагаар л Клаус над руу хандан их л нухацтайгаар “Би Монголд ажиллаж байгаа Германы элчингийн ажилчдын өмнөөс их санаа зовсон шүү” гэж хэлэв. Сургалтанд оролцох болсоноо хожимдож мэдсэн болохоор надад виз мэдүүлэхэд ердөө 7 хоног байсан юм. Энэ хугацаанд 2 ч удаа элчингийн ярилцлаганд ороод эхний удаад Герман эмэгтэйтэй ам мурийх дөхөн, харцаараа халз тулаан хийж, хаалга савж гарснаар тойрох хуудсаа зуруулах шахсан удаатай. 2 дахь удаа ярилцлаганд орохдоо байнгын мишээлттэй тактикийг хэрэглэж эв найрамдалын гэрээ байгуулснаар виз минь гарсан билээ.

Зуны сургалтанд Герман, Канад, Швейцар, Польш, Румин, Англи, Израйл зэрэг орноос 20 гаруй оролцогчид ирсэн байсан бөгөөд үнэндээ л би ганцаараа монголоос байсан учир эхэндээ жаахан бишүүрхэх шинжтэй. Гэхдээ л даруухан зан хөдлөөд байсан боловч яагаад ч юм дотроо маш их итгэлтэй, хөөрлийн байдалтай байснаа нуух юун.
Оролцогчид танилцаж дууссаны дараа биднийг эртхэн амруулахаар зочид буудалд хүргэж ирэв. Би Польшоос ирсэн, нутагтаа хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг төслийн ерөнхий менежер царайлаг бүсгүйтэй нэг өрөөнд хамт байхаар боллоо.

Нэг өрөөний анд маань

Остербуркенд ирэх гэж бараг 2 өдрийн аялал хийсэн учир би дэрэн дээр толгой тавиад шууд л унтаад өгөв.

ЭХНИЙ ӨДӨР - АЛХААД МАРШ

International Youths Leadership Award хөтөлбөрийн зуны сургалт нь Германы Баден-Буттенберг мужид харьяалагддаг Остербуркен гэх жижигхэн хотод зохиогдсон юм. Европийн Холбооны улсуудад томоохон сүлжээтэй, Английн Лондон хотод төвтэй энэ хөтөлбөрийг өмнө нь Европийн орны хүүхэд залуучуудад зориулан хэрэгжүүлж байгаад өнгөрсөн жилээс Азийн орнуудын залуучуудыг урьж сургадаг болсон юм билээ.

Сургалт 9 цагт эхлэх ёстой учир 7 цагт босон усанд ороод буудлын нэг давхарт байрлах саруулхан танхимд өглөөний цайгаа уулаа. Шив шинэхэн, халуун сэвсгэр талх, олон төрлийн хиам, төрөл бүрийн жимсний шинэхэн шүүс, сүү зэргээр хооллоод сургалт болох газар руугаа хоолны ширээнд танилцсан үзэсгэлэнт Румин охидтой алхаллаа.

Румин бүсгүй

Энэ гүүр даваад бидний сургалт болох байшин бий

Манайхан саравчаа барьж байгаан

Саравч бэлэн болжээ

International Youths Leadership Award хөтөлбөр Expedition буюу Аялал, Skills буюу Ур чадвар гэсэн хоёр хэсэгт хуваагдана.
Европийн орнуудыг хирсэн энэ сүлжээ сургалт нь хүүхэд залуучуудад биеэ авч явах соёл, харилцааны ур чадвар, ажлын орчинд хувь хүн хамт олноо хүндэтгэх замаар байлдан дагуулах арга ухаан, хамгийн гол нь бусдад найрсаг эелдэг хандаж өөрийгөө зөв ойлгуулах дадлыг суулгахаас гадна "Эрүүл биед саруул ухаан оршино" гэдэг утгаар залуучуудыг спортод дур сонирхолтой болгон эрүүл чийрэг бие бялдартай өсөн хүмүүжүүлэх зорилготой. Сургалтын сүлжээ нь Европийн бүх улсын дунд, болон ахлах ангиудын сургалтын хөтөлбөрт сонгон суралцах хичээл хэлбэрээр ордог юм билээ. Иймээс ахлах анги төгсөж байгаа сурагчид Expedition буюу Аялал сургалтанд хамрагдаж Хүрэл, Мөнгөн медалийн эзэн болсон ёстой.

Аялалын хэсэгт хэд хэдэн шаардлага байдаг бөгөөд аялалын бартаа саад, км-ийг харгалзан залуучуудад Европийн орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн Хүрэл, Мөнгө, Алт гэсэн медалиудыг өгдөг. Хүрэл медал авсаны дараа Мөнгөн медалын аялалд гарах эрхтэй болно. Аялал хийх зуураа залуучууд бие биедээ өөр өөрсдийн чаддаг мэддэг бүхнээ зааж сургах ёстой. Хэрэв хүсвэл ур чадварын сургалтыг танхимын сургалт байдлаар тусгайлан зохион байгуулж ч болно. Европийн бүх улсуудад байдаг энэ сүлжээнд орж чадвал аль ч улсад ногоон гэрлээр аялал хийх боломжтой болно гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, Европийн аль ч улсад сүлжээгээр дамжуулан хүссэн газартаа аялал хийж болох бөгөөд энэ аялалыг нь тухайн орны сургалтын менежер зохион байгуулдаг юм билээ.

Эхний өдрийн сургалт маань Expedition буюу Аялал байлаа.
Өглөөний шүүдэр буусан нойтон, зөөлөн ногоон зүлгэн дээр гутлаа тайлан хөл нүцгэн зогсоод “хөтөч” тоглоом тоглов. Германдаа нилээдгүй нэртэй хуульч, 65 настай Волф гээд Герман хүн миний хамтрагч боллоо. Зуныхаа амралтаараа манай сургалтанд ажиглагч, зөвлөхөөр оролцоод цаашаа Итали, Францаар аялах төлөвлөгөөтэй нэгэн юм. “Хөтөч” тоглоомын дараа аялалаар явахад галаа хэрхэн асаах, цайгаа яаж чанах, галаа яаж унтраах, майхнаа барихдаа юуг анхаарах, луужин болон GPRS -ийг хэрхэн ашиглах, газрын зурагтай яаж ажиллах, аялалын замаа хэрхэн төлөвлөх гэх мэтчилэн аялалд явахад анхаарах бүх зүйлийг зааж сургав.

За энэ манай сургалтын байр

Тоглоом тоглоноо

Ингээд бид хоёр багт хуваагдан Остербуркенээс 20 км-ийн зайтай орших усан үзэмний ферм руу аялах даалгавар авлаа. Аялалдаа гарахын тулд эхлээд газрын зураг дээрээ бүх тэмдэглэгээ хийж аялалын маршрут болон аялалын хуудсаа бөглөөд ачаагаа зөв тэнцүү хувиарлан үүрээд гарч өгнө дөө. Би ч яахав угаасаа аялаж, амрах, алхах дуртайм болохоор надад энэ хэсэг маш их таалагдаж байсан юм.

Манай багийнхан аялалын төлөвлөгөө гаргаж байгаа нь, Улаан цамцтай хүн Герман талын ерөнхий зохион байгуулагч


За энэ маршрутаар л явна даа

Ойг зүсэн тэгшхэн зассан цардмал замаар Швейцариас ирсэн Роланд гэдэг залуутай яриа нийлэн алхаж гарваа. Зам зуур бид хоёр багсайтал ургасан алимны модноос алим авч идэн дундаршгүй их яриа өрнүүлэн алхасаар нэг мэдэхэд усан үзэмний ферм дээр ирэв.

Алим ингээд ургаад байхын

Идээд ... идээд

Манай хоёр буу халаад явж өгч байнооо

Ярилцаад л газрын зургаа хараад л алхаад байна

Аялалын маань эцсийн цэг дээр биднийг сургалтын байр руу аваачих машин ирчихсэн хүлээж байсан юм.

Энэ хүн 65-тай хуульч. Сайхан харагдаж байгаа биз.

Сургалтын байрандаа ирээд баг тус бүр аялалын тухай тайлан тавих ёстой. Аялалын үеэр ямар хүндрэл тохиолдсон, төлөвлөсөн газраа товлосон хугацаандаа очиж чадсан эсэх, мөн замдаа ямар хачин сонин адал явдалтай тулгарав гэхчилэн бүгдийг тайлбарлан хүргэх юм л даа.

Манай багийн тайлан

Нөгөө баг маань бас л тайлангаа тавьж байна

Expedition буюу Аялалын сургалтын өдрүүд энэ мэтчилэнгээр үргэлжилдэг.
Өдөр хоног өнгөрөх тусам сургалт маань улам сонирхолтой, басхүү олон орны сайхан залуучуудтай өнгөрөөсөн хором мөч бүхэн үнэтэй санагдаж байсныг нуугаад юу гэхэв.
Ямартай ч энэ удаагийн экспидишн сургалтын үеэр бид 5н өдөр, өдөрт 20 км өөр өөр маршрутаар алхах, хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр аялалынхаа тухай тайлбарлан бусаддаа хүргэж байсан нь багийн хамт олныг ойртон нөхөрлүүлэх, нэг цул хэсэг болгон нягтруулахад хамгийн хэрэгтэй сайхан арга мэт санагдаж байна лээ.

Энэ удаагийн зуны сургуулийн Expedition буюу Аялал хэсэгт явган аялал багтсан бол өвлийн сургалтын хөтөлбөрт цана чаргаар гулгах болон уулын спорт багтаж байгаа юм билээ. Харин дараагийн зуны сургалтын хөтөлбөрт усан завин аялал багтсан гэдэг нь миний хорхойг улам их хүргэж байсан шүү.

Дараагийн удаад ур чадвар сургалтын талаар, мөн “Эх орноо тайлбарлах” өдөрлөгийн үеэр "нугар, хугар" гэсэн шахаанд орсоны эцэст монгол бүжиг хийн хугарах аюулаас мултарсан тухай, олон юманд хошуу түрэн явдаг зан маань намайг аварсан тухай өгүүлэх болно. Ур чадварын сургалтын үеэр Монгол тусгаар тогтносон, өөрийн гэсэн бичиг соёлтой улс гэдгийг ойлгуулах гэж багахан боловч сандраад авсан шүү.

Үргэлжлэл бий ...

13 comments:

Soronzon said...

Ойрд тувт аялаж байна аа.
Өчигдөр бүтэн өдөржингөө "Алтайн уулс"-тай хамт хөгшин Европоор аялаад ирсэн. Өнөөдөр чамтай хамт Германы Хайдэлбэрг хотоор зугааллаа. Сайхан юмаа.
Кибер ертөнцийн энэ "ид шид" л намайг гайхуулаад байгаа юм даа.
Агаа нь дахиж орж ирж хамт зугаалнаа хө.

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

sonirxoltoi unshlaa..daraagiinxiig ni xyleej bna..:-)

Tsoomii said...

tav tuhtai uulzaj gurvan ug solih zavgui baisan oogii germanaas aynii bogts duuren sonintoi irsen bololtoi, neeree chamaig dandaa guij baigaagaar tusuuldug bolchihojee, he he, blogiin shine zabvar huurhun bolovch zarim usgiin fond tanigdahgui baigaa yumuu daa.

oyunaa said...

Uneheer sonirholtoi surgalt bolson bna aa. Bi bas ayalah yavgan alhah ih durtai. Ter alim yasan goe haragdaj bna aa tee ideed l he he... urgeljleliig ni huleej bna shuu bicheed bgaarai hoo hamtdaa surgaltand suusan uym shig l bichine shuu ...

Anonymous said...

bur german ruu butsaj ochson yum shig goy blaa. nzaa

Оогий said...

Найз Цоомийдоо уучлаарай гээд ахин дахин хэлий. Дараа ирэхээр нь булт уулзанаа. Сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. Үргэлжлэлийг нь оруулах гээд яаравчилж байгаа

ganga said...

Oogii saihan surgaltand oroltsjee. Chinii bichleg Dotno Alsiin dugaart garsan shuu.

A.Амарсайхан said...

Хүүе, би танай Ховдын хүргэн ш дээ. Хэ хэ. Одоо бараг манай Ховд гэж ярьдаг болж дээ.
Шийгуа нь гүй мөн гоё шүү.

Anonymous said...

Би гэж нэг харалган амитан найз блогт чинь би цохиж явна ш дээ. Блогтоо бас чамайг нэмчлээ шүү. Сайхан явсан байна. Руминууд их царайлаг юмаа би нэг румин охин таних юм байна.

Anonymous said...

Хөдөлмөрч бахархамаар бүсгүй шүү.

Anonymous said...

дараагийн хэсгээ хурдан оруулаарай, гнэхээр сонирхолтой байлаа. Тэр бүжиг хийсэн тухай сонсох юмсан

Оогий said...

Ганга эгчид: Баярлалаа. Би Дотно-Алсын дугаар бүрийг олж авнаа.

Амараа ахад: таны эхнэр Ховдын бол сайн бүсгүй байгаам байна даа /хэхэхэ/. Ааяааа шийгуагаа ч их санадаг шүү. Бас зун бүр гол дээр тоглодог байснаа, сангийн хэрэм дамнан гүйдэг байснаа. Аз жаргал минь Ховдод бий.

Үлэмж: блогийг минь листэндээ нэмсэнд баярлалаа хө. Би чиний блогоос үгүй мөн их зүйлийг татаж авсан даа.

Эрхцас: Баярлалаа /Ичээд улаан болчихлоо/.

Алтаргана: Баярлалаа. Удахгүй оруулнаа.