Цонх

Нар тусах цонх өөрт тань бий.
Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.*********************************************************************************
Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Санаж сэдэж явсан ажил маань сэтгэлд хүрэхүйц бүтсэний дараа хүний нутагт ажиллаж амьдарч сурч байгаа Монголчуудыг нэгтгэдэг Түндэмүний Монгол тауныг зүглэв.
Нэгэн ижил неон гэрлэн чимэглэлтэй Солонгосын ихэр гудамжнуудаас Түндэмүний монгол тауны гудамжийг ялгаж танихад төвөгтэй байсангүй. Гудамжны аман дээрээс эхлээд л хөлчүү Монгол залуус том том дуугарч, тойрог үүсгэн тамхилцалгаах нь тун чиг танил дүр зураг санагдаж байлаа.

Гурван эгнээ суудал нь пиг дүүрэн хүнтэй Монгол “шигдан”-ы /зоогийн газар/ сонголт үгүй ганц сул суудал дээр сууж хоолны цэс ч харалгүйгээр шууд цуйван захиалав. Хагас, бүтэн сайн өдрүүдэд Сөүл мөнхүү ойролцоох хотуудад ажиллаж амьдардаг Монголчууд Түндэмүний монгол таунд ирж алжаалаа тайлан өөр хоорондоо уулзаж учирдаг болохоор энэ газар тун их хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.
Хоол хүлээх зуурт хүмүүсийн яриа чихний үзүүрт шүргэнэ. Монголд юмны үнэ нэмэгдсээр Солонгостой амьжиргааны өртөг ижилхэн байгаа ч цалин нь гүйцэж түрүүлж чадахгүй бахардсаар ард хоцорч байгаа тухай, дүү “баагий”-гаа энд нэг сургуульд чихчих ямар боломж байна гэхчилэн аж амьдралын яриа, “муусайн” Солонгосчууд Монгол хүний чигчий хуруунд ч хүрэхгүй арчаагүй сулбагар хэрнээ “хүчирхэг” “оюунлаг” Монголчуудын эх орон яагаад урагшлан хөгжихгүй байгаа нууцыг тайлах цэц булаалдах хөөргөн яриа чих загтнуулна.
Булангийн ширээнд өмнөө “сам чон”-ы 2 литрийн задгай шар айраг тавьсан барзгар нүүртэй хүрэн бор залуу ганцаараа суух нь өөрийн эрхгүй нүдэнд минь тусав. Энэ шигданд 4 хүний ширээг ганцаарчилаад суусан хүмүүс бид хоёр л байгаа бололтой.
Над шиг тал бүрт хараа бэлчээн чих тавьж хэрэгт дурлахгүй зөвхөн урдах шар айргаа гөл ширтэж суугаа тэр залууг би өөрийн эрхгүй сайтар ажиглав. Барилдаж ноцолддог янзын чацархуу том биенд дэндүү багадсан гэмээр цагаан подволк, хар ногоон дисант өмд өмсжээ. Зураач болоод тэрүү хамгийн түрүүнд хүний нүдийг ажигламтгай зантай. Шинжвээс, залуугийн яг л мөс мэт гөлгөр, болор нь эргэчихсэн юм уу гэлтэй мэлгэр хөшингө цагаанаараа эргэсэн харц нь насандаа баймгүй уйтгартай харагдах агаад түүний харц надад битүү гүн саарал мананд төөрсөн мэт сэтгэгдэлийг төрүүлэхэд дотор хачин болоод явчихав. Энэ бодлоосоо болоод дэндүү их дурлаж захиалсан цуйвангаа идэх хүсэл оргүй алга болчихлоо.
Залуу өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой дундуур шар айргаар барьсаар намайг чиглээд ирэв.
- “Сайн уу. 2-уулаа хоёр талд ганцаараа суугаад яахав. Монгол хүмүүс байна яриа нийлээд сууя. Чамайг анх удаа харж байна. Сөүлийнх биш үү. Хаанаас яваа вэ, энд юу хийдэг вэ” гэлээ. Түүний ярианы өнгө, хоолойг сонсоход харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай нэгэн биш бололтой. Би Сөүлд ирсэн зорилгоо дурьдаад монгол хоол идэх санаатай ирсэнээ хэлэхэд тэр миний зураач гэх үгийг олзуурхан өлгөж аваад Монгол нутгийн сайхан зураг ч үнэхээр сайхан шүү гээд нүд нь илтэд гэрэлтэж
- “Өө сайхан мэргэжил байна. Монголд хамгийн сүүлд хэзээ очсон. Ах нь нутагтаа очилгүй 10 жил болж байна. Монгол яваад ирсэн хүн бүрээс монголын тухай сонин хачин сонсох дуртай” гэв.
- “Энэ зун яваад ирсэн” гэхэд
- “Заа яриад бай” гэж тушаангуй өнгөөр хэлэв.
Бид хоёр Монголын тухай зөндөө зүйлийг ярив. Монголын тухай ярьж суусан тэр хэдэн цагийн хооронд нөгөө хүн маань миний анх харсан битүү мөсөөр хучигдсан гөлгөр нэгэн биш хөдөө нутгийн сэргэлэн цовоолог адуучин хархүү болон хувирсан харагдаж байлаа.
Намайг явах болсоноо хэлэхэд тэрбээр надаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйв.
- "Ахынхан гэр энүүхэн энд ойрхон байгаа. Чи манайд очоод нэг зураг зураад өгч болох уу. Ах нь цонхгүй подволын өрөөнд амьдардаг. Чи ахынхаа өрөөний ханан дээр нэг сайхан томоохон шиг цонх зураад өг. Ах нь хөлс мөнгийг нь чадахын хирээр гомдоохгүй өгөхийг хичээнээ" гэлээ.
Амьдралдаа сонссон үнэхээр сонин бас гайхалтай гуйлт тэр байв. Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн зүүгээр хатгаж, тэр хүн надаас хараагаа шилжүүлэхээс өмнө би яарч сандран “Заа тэгэлгүй яахав” гэдэг үгийг тэвдэн хэллээ. Хүн надаас юм авах гэж гуйж байгаа биш би харин тэр хүнээс ямар нэгэн зүйл салгах гээд чармайж байгаа мэт, тэр хүн гуйлтын минь хариуд “үгүй” гээд хэлчих вий гэх эмээх мэдрэмж өөрийн эрхгүй надад төрөөд явчихав.
Ингээд бид хоёр тэдний гэр лүү алхлаа.

********************************************************************************
ЦОНХ

Түндэмүний Монгол таунаас 3 гудамжны цаана тэр залуугийнх байдаг ажээ. 3 давхар байшингийн подволын шатаар нарийхан урт үргэлжлэх хонгил руу буулаа. Хонгилын баруун талаар үргэлжлэх жижигхэн өрөөнүүдийн үүд бүгд нээлттэй байх бөгөөд зарим нь хүн амьдардаг бололтой гудас чемодан, номын тавиур, сэнс байх агаад нэг өрөө нь нийтийн ариун цэврийн өрөө бололтой ариутгалын бодис бохирын үнэртэй холилдон сэнхийнэ. Хонгилийн шатны эсрэг талын бусдаасаа арай том өрөөнд оёдолын үйлдвэр ажиллаж байлаа. Харин буланд байрлах мухрын өрөө миний зураг зурах айл.
Өрөөний хойморт нэг гудас, түүнтэй залгаа овоолсон хэдэн хувцас, будаа агшаагч, ус буцалгагч үргэлжилж, зүүн хананд даавуугаар урласан Монголын төрийн далбаа, асаалттай орхисон сэнснээс өөр эд хогшилгүй байв. Хаашаа хаашаа 3 метр хүрэхгүй
өрөөнд өөр эд хогшил тавих ч арга үнэндээ алга байв.
Би ч шууд ажилдаа оров.
Баруун ханан дээр 1 метр гаруй цонх зурлаа.
Сэлүүхэн том цонхоор хээрийн салхи төвөггүй үлээгээсэй гэсэндээ олон салхивч гаргахыг хүссэнгүй нэг том салхивч зурлаа.
Цонхны наана цэнхэр шар цэцгэн хээтэй цагаан хөшгийг гурвалжилан хуниж зурлаа.
Орой дээрээ мөнх цагаан цасан хучилгатай сүрлэг өндөр нүцгэн уул, түүний оройг ороосон сэрэмгэр нимгэн цагаан үүлтэй гүн цэнхэр тэнгэрийг хөшигний зурвасаар харагдахаар зурж, уулын энгэрээс үл мэдэгдэм эх аван мурилзах туузан цэнхэр голыг торгон ногоон талын дундуур урсгаж зурлаа.
Жижигхэн давчуу өрөөнд орой зай үүсгэн, сэтгэл сэргээхийн тулд уул ус, тал хээрийг тэртээ доор, би өөрөө энэ бүгдийг өндөр дээрээс харж байгаа мэтээр алслуулан зурлаа.

Гарын хөдөлгөөн, зураас бүрийн таталбарыг харж зогссон Балдан тал хээр, уул ус зураад дуусахын алдад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж сааралтсан хоолойгоор:
- "Энд 10 жил амьдарахдаа анх удаа нутгийн салхи, голын хархирааг мэдэрч байна шүү. Ахын дүү энэ сайхан ногоон тал дээр морьтой хүн, бас сайхан монгол гэр зурж болох уу" гээд сул дорой дуугаар аргадангуй гуйв.
Голын эргийн наахан Монгол гэрээс ногоон талаар дөрөө нийлүүлэн хатирах хос морьтонг цонхоор харж байгаа над руу ирж байгаа мэтээр зурлаа.
Эцэст нь цонхны тавцан дээр жижигхэн хөгжилтэй болжмор хөх тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн мэт цомцойлгон зурлаа.

Зураг дууссаны дараа өнөөх хүн гудасныхаа байрыг солиод цонхны эсрэг талд тавихад бид хоёр цонхоор алсын бараа ширтэж чив чимээгүй хэсэг суув.
Харин би зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

***********************************************************************************
ЦОНХНЫ ЦААНА

Тэр Солонгост 10н жил амьдрахдаа сэлүүхэн уужим, амар тайван мэдрэмжийг ганц ч удаа мэдэрч байсангүй. Зураач залууг гаргаж өгсний дараа гараа дэрлэж хэвтээд шүдэнзний толгой амандаа зуун цонхоор алсын бараа ширтэн хэвтлээ.

Дэргэд хүнгэнэх сэнсний салхи энэ удаад хээр талын тэнүүл салхи мэт сэвэлзэж тэртээ хол адуу янцгааж, голын хархираа чихэнд хөг аялаж тэр өөрөө эмээлээ дэрлэн өвсний толгой амандаа эмрэн хэвтэх дүрд биелэж цагийн зүүнд урсан өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлоо.
Аймгийнхаа төв тоотойхон орж үзэхдээ дотор давчидан өөрийн эрхгүй хөдөө рүүгээ яардаг дээлтэй монгол хүү 18хан насандаа нийслэл хотоо ч үзэж чадалгүй Буянт Ухаагаас Солонгосыг зорьсон. Онгоцноос бууж олны хөлд дайруулах шахан хүний урсгалд хөвсөөр ...
Солонгос зааварлагчийн даллалтаар жижигхэн тэргэнд суухаар онгоцны буудлын байшингаас гартал дотор базлам бүгчим агаар амьсгалахад бэрх цээжин дээр хүнд дарахад өөрийн эрхгүй буцаад гүймээр санагдаж, хамгийн түрүүнд ингээд л хүний нутагт амьсгалж ч чадахгүй үхэх юм байна даа гэсэн бодол төрсөнөө санана.
Гэрээний 3н жил ажиллаж хурааж хуримтлуулсан мөнгөө хөдөө байх ээж аавдаа явуулахаар нэгэн Монгол каргоны илгээмжинд өгсөн ч нөгөөх нь төд удалгүй дампуурал зарлажээ. Хариуцлага хэн хүлээх нь мэдэгдэхгүй хохирогчдын мөнгийг хэн төлөх нь ойлгомжгүй тохох эзэн ч үгүй, учир шалтгаан нь үл тайлагдах ээдрээтэй дампуурлын эцэст түүнтэй адил олон Монголчууд хохироод л үлджээ. Аргаа ядаад нэгэнт ирсэнийх буцах зардал басхүү ганц хоёр илүү цаас олох санаатай ажиллаж байтал визний хугацаа ч хэтэрч харлав.
Түүнийг ингэж мунгинаж байх хооронд эцэг эх нь ч сар хүрэхгүй хугацаанд дарааллан бурхны оронд заларч хүний ганц хүү эх орондоо ч , хүний нутагт ч эзэнгүй гөлөг шиг буцах хаяггүй харанхуйд гээгджээ.
Эрдэм номын мөр хөөж завдаагүй залуу насаа хэдэн ногоон цаасанд торлуулж, угаас ах дүү цөөнтэй, үгүйлэн санах хүнгүй болсон тэрбээр Монголдоо буцах ямар ч хүсэлгүй болж цалингийн илүүг харан хүний нутагт үйлдвэрээс үйлдвэрт шидэгдсээр 10н жилийг арай ядан “идэж” өнгөрөөжээ.
Байр хоол үнэгүй бас дээрээс нь харын хүнийг чамлахааргүй цалингаар ажиллуулдаг болохоор тэр хонгилын оёдолын үйлдвэрийн энэ ажилдаа сүүлийн 5 жил зүтгэсэн.
Цонхгүй хонгилд унтаж, цонхгүй хонгилд ажиллахад гадаа нар хэзээ мандаж хэзээ жаргадагийг ч бараг мартсан энэ бүхэн ч түүнд нээх сонин зүйл бас биш... Тэгээд ч Монголын сайхан талд саатаж хорогдоод жаргадаггүй нар энд 5 өнгөрөхтэй үгүйтэй л нүүрээ буруулаад алга болчихдог.
Орой бүр Түндэмүний Монгол тауны шигданд үдшийг өнгөрөөх түүний амьдрал яг л цуурга түгжээгүй, хэрээсэн торгүй хэрнээ эрх чөлөөг мөнгөөр чөдөрлөсөн шорон шиг санагддаг байв. Ядуу эх орны иргэн болж төрсөний төлөөс энэ юм шиг.
Харин зураач залуугийн бэлэглэсэн энэ цонх харанхуйгаас харанхуй руу тэмтчисэн түүний харх шиг амьдралд цонхны цаана гарч шинээр бүхнийг хийх залуу хүний ирмүүн хүслийг сэрээсэн бадрангуй хөг байлаа.
Өмнө хэзээ ч аливаа зүйлийг нягтлан боддоггүй байсан тэр энэ удаад цонхоор алсыг харан хэвтэхдээ энэ мэт өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралыг эргэцүүлэн бодсоор харанхуй дундах мөнхийн гэрэлтэй цонхны цаадах ирээдүйгээ сэтгэлдээ өнгөтөөр төсөөлөн зурсаар унтлаа.
Зүүдэндээ тэрбээр эх нутагтаа эргэж очоод эцэг эхийнхээ голомтыг үргэлжлүүлж хээр талд адуун сүргийн захад тэнгэрт гялалзах түг түмэн одод тоолон хэвтэж байгаа өөрийгөө харлаа. Газраас ургах галт улаан өглөөний шаргал нарыг угтаад гэрийн зүг яаравчилан давхина. Гэрийн бараа харагдахын алдад ижий нь хүүгээ саравчлан Балдаан миний хүү нааш ир Балдаан Балдаан гэж дуудах нь сонсогдлоо.
Зүүдэнд дуудах ижийн дуу бүдгэрсээр 5 жилийн турш өглөө бүр дуудаж сэрээдэг Солонгос ажмаагийн Балдаан гэх дуугаар солигдох нь ажлын эхний өдрийн 8 цаг болж байгааг илтгэнэ.

**********************************************************************************
5 сарын дараа би Сөүл орох ажлын далимаар өнөөх залуутай уулзахаар түүний амьдардаг 3 байшингийн подволд очлоо. Нарийхан хонгилоор явсаар булангийн өрөөний хаалгыг зөөлөн нээсээр ортол Балдангийн овоолттой байдаг хувцас мөнхүү хаалганы эсрэг талд байх цонх үгүй болжээ. Монголын төрийн далбаа хийгээд, зэрэгцээ хоёр ханын цаас үгүй болсныг харахад Балдан энд ажиллаж амьдрахаа больж цонхоо хуулж аваад хаана нэгтээ явсан нь илт байлаа.
Ер бусын андтайгаа уулзаж чадаагүйдээ жаахан харамсангуй эргэн гарах зуур 20 хүрээгүй Монгол хүүтэй таарав. Оёдолын үйлдвэрт шинээр ажилд орсон Монгол хүү цонхгүй өрөөний шинэ эзэн болохоор гар цүнхээ барин ирж буй нь энэ ажээ.

SHUUDSHUUD-д тохиолдсон явдлаас сэдэвлэн бичив.

21 comments:

Unshigch said...
This comment has been removed by a blog administrator.
Idea said...

Төгсгөл нь эхлэлээсээ ч ойлгомжтой реалист зохиолуудаас уйдах болсноо, яг л үүн шиг гоё зохиомж, гоё өгүүлэмж эрэлхийлсээр байгаагаа би сая л мэдэрлээ.

Хачин гунигт амьдрал, хаачих ч аргагүй харгуй, харх үүрлэм хонгил, харин... түүн дотор харах нүд болсон цонх... Тиймээ, миний цонх зөвхөн надад л бий. Тэр цонхоор нар өдөржин тусч, шөнөжин гэрэлтэй байхад би дуртай.

Авьяаслаг дүү нартаа амжилт хүсье.

Оогий said...

Уншигч: Ахадсан үгээр хөөргөн магтсанд баярлалаа хэхэ

Идэй: Таниас ийм сайхан үг сонсоно гэдэг үнэхээр азтай хэрэг шүү. Маш их баярлалаа.
Нэг хүний хонгилын өрөөнд цонх зурж өгсөн тухай яриаг шуудшууд гээд зураач залуугаас сонссоны дараа заавал бичмээр санагдаад тэгээд бичиж блогтоо оруулж нэг тайвширсан шүү хэхэ

Bas neg Oogii said...

WOW! Uneheer goyo bichjee, goyo ch tuuh baina, togsgol ni yamar baih bol gej shimten unshlaa.

SUNshine said...

Ямар гое бичээ вээ? Сэтгэл өвдөж, баярлаж янз бүр боллоо.

AntiDotE said...

Юм бодогдуулсан яасан айхтар зохиол вэ. Үнэхээр сайхан бичсэн байна шүү.
Уран бүтээлийн өндөр амжилт хүсэе!

3apaa said...

Олон сар тэнэж алга болсон онгодшуу юмыг маань дуудаад байгаа ч юм уу блогоо ихэд санагалзтал бичсэн байна шүү. Мундаг бичсэн байна шүү.

Zandan said...

Найз нь Алматы-д ганцаараа нэг паб-д сууж хоол идэнгээ интернэтэд ороод бичсэн юмыг чинь уншлаа. Яг үнэндээ блог уншаад сууж байхад нээх тохиромжтой газар биш байнаа, хажуугаар оросууд, казакууд Баасан ахын төрсөн өдөр тэмдэглээд, пивдээд, чанга чанга инээлдэн сууж байна, ийм байхад би эргэн орчноосоо тасраад нулимс дусаах дөхөж суулаа. Үнэхээр сонирхолтой, сэтгэл өвдөм мөртлөө энгийн, ёстой л нэг голыг нь олж бичжээ. Би ч жил шахуу орхисон блог руугаа нууц үгээ арайхийж санан барин орох гэж оролдож эхэллээ шүү...

ganga said...

Сэтгэл өвдөж, хоолой зангиртал бичжээ. Үнэн амьдралаас сэдэвлэн, зураач зохиолч хоёрын авьяас хавсарсан бүтээл өөр байна шүү. Хоёр дүүдээ амжилт.

Anonymous said...

Ogino uneheer setgegdel turuulj chadlaa chi, amazing! chamd uneheer baigaliin yum bii shuu. xexexe neeree shuu. Amjilt Shuree.

алтаргана said...

үнэхээр сэтгэл хөндөх сайхан зохиол байна. Хүний сэтгэл санаа гэдэг юутай эмзэг...

Тэр өрөөнд эргээд очиход байхгүй болохоор нь муу юм тохиолдоогүй байгаа гэж тун ч санаа зовлоо ...хөөрхий залуу, жаргалтай яваасай даа

A.Амарсайхан said...

Сайн бичжээ

Tsoomii said...

argagui l oogii bichjee,

Arsun said...

Ёстой мундаг. Дүүдээ амжилт хүсье.

Vinzo said...

Saihan bichsen bna.

Б.Єсєннэмэх said...

...nuugeed l suugaad l henii ch medehgui haana ch baihgui tiim l setgeliin oron zaid ochij, narnii hurts tuya hushignii nariihan zavsaraar bagtaj yadan bagach bolov uruug geregltuulehed, ter amidraliin sain muu olon berhsheelees uitgar gunig az jargaliig amtalsan tsag hugatsaa buhnee bodon urtaar sanaa aldan suuna.

Б.Єсєннэмэх said...

sainu? Oogiinoo egch mine?

БОРОО said...

Сэтгэл хөдлөн байж уншлаа. Баярлалаа

Erhtsas said...

Амьдралын цонхыг нь нээж өгсөн залууд би ч бас баярлалаа гэж хэлмээр санагдав. Сэтгэлийн цонхоо ийм сайхнаар нээлгүүлсэн хүн уудамхан талдаа сайхан амьдарч яваа гэдэгт итгэнэ.

Үнэхээр сайхан бичжээ.

Бүгчим агаар яг л мэдрэгдэж байна, гэхдээ би энэ бүгчим агаарт дассан мэт алхана харин сэтгэл сэрүүхэн агаараар цээж дүүрэн амьсгалахыг л туйлаас их хүснэ, тэр өдөр хурдан болоосой.

Оогий said...

Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд нь маш их баярлалаа.

Kat said...

Өөрийн эрхгүй нүдийг нулимс бүрхээд ирсэн.

Үнэхээр гайхалтай бичжээ. Тэр сайхан сэвэлзсэн салхи үлээж байх шиг л санагдлаа.

Баярлалаа.