Онгоц газраас тасран хөөрөх яг тэр агшинд яагаад ч юм надад их сайхан мэдрэмж төрдөг. Төмөр хүлэг хөөрөх бүртээ намайг үзэж хараагүй оронд аваачин олон зүйлийг мэдэрч сонсох эхлэлийг тавихаас гадна хамгаас хайрт гэр бүл, эх орны минь үнэ цэнийг улам ихээр мэдрүүлдэг. Тэгээд ч ер нь би мэтийн этгээд дэргэдээ байгаа аз жаргалаа үл мэдэрч холын холд сэтгэл хоёрдон тэмүүлдэгээс цааш. Тиймээс над мэтийн хүмүүсийг жаахан ч болов ухаан суулгахын тулд эх орон, хайртай ахан дүүс, гэр бүлээс нь хол тэртээд байн байн “цөлж” байх нь зөв гэлтэй.
МИАТ-ын ОМ301 дугаартай онгоцны хамгийн арын суудалд би оногджээ. Баруун гар талд 30 гаран насны нэг залуу, зүүн талд 20 гаруй насны бүсгүй. Замын турш бид юу ч ярьсангүй чим чимээгүй дүмбэгэр байдалтай. Ер нь тэнд байсан бүх хүмүүс чимээгүй байх бөгөөд бүгд дор бүрнээ нэгийг бодож суугаа нь илт. Харин би догдлонгуй, Солонгост очоод ямар байх болоо гэж биш нэгэнт явж байгаа зорилго минь ойлгомжтой тул хийж бүтээх зүйлсээ бүгдийг нь дотроо зурагласаар явна. Би ер нь бодлоо өнгөтөөр хөгжүүлэн, цагаан, ногоон, цэнхэр гэх мэт дуртай өнгөөрөө тодруулан будах дуртай.
Онгоц буухын алдад дэргэд суугаа 2 хүнтэй хилийн нэвтрэх хуудас бөглөхтэй холбоотойгоор хэд гурван үг солилцлоо. 20 гаруй насны бүсгүй Солонгосд 3 дахь удаагаа ирж байгаа гэх бөгөөд ам нээж амьсгаа авснаасаа эхлээд л Ханкуг хүмүүсийг муулж гарлаа. Үг сольсон эхний хүн маань ам муутай байгаад дотроо жаахан дурамжхан байсан ч бүсгүйн яриаг тасалдуулахгүй анхааралтай сонсоно. Тэр бүсгүйн яриаг сонссоны дараа Эрхцасын ээжийн хэлсэн “Харийн нутаг гэж хүнийрхэхгүй туг сүлд, уул усанд нь залбирч байгаль орчин, хүн зоныг нь хайрлаж явахыг ээж минь захихад, найз нөхөд, хамт олон, хамтран суух бүгдтэй эвийг эрхэмлэж, тусыг санаж, уурыг тэвчин, үгийг бодож, ажил эрдэмд шамдан олны өмнө манлайлан удирдаж яваарай” гэх захиас санагдаж байлаа. Хүний нутгийг зорьж байгаа хүн бүхэн энэ үгийг эрхэмлэн санууштай мэт санагдаж байсан шүү. Тэгээд ч хүн оршин байгаа газар бүрээсээ өөрөө өөртөө сайхан бүхнийг бүтээж, хөгжүүлэн өөрийгөө зоригжуулж амьдарч чадвал энэ алаг дэлхийн аль ч өнцөг булан бүр унаж төрсөн эх нутгаас ялгаа үгүй мэт. Алив зүйл сайнтай, муутай байх нь ойлгомжтой ч би гэдэг хүн ихэнхдээ бүхнийг сайнаар төсөөлж бодох нь нэн түрүүнд бөгөөд энэ зангаасаа болон гэнэн цайлганаараа дуудуулах элбэг.
Гэхдээ тэр бүсгүйг би буруутгахыг хүссэнгүй ...
Онгоцноос буугаад domestic карт аван тосох хүн рүүгээ утсаар ярилаа. Сөүл орох зам ачаалал ихтэй байгаа учраас намайг жаахан хүлээлгэх нь гэж хэлэхэд надад азтай хэрэг мэт санагдаж онгоцны буудлаар жаал тэнүүчилэхээр шийдэв. Нум хэлбэртэй онгоцны буудлыг баруунаас зүүн хүртэл бүх лангууг нэг бүрчлэн дуусгаад 8-р хаалганы харалдаа тухлан Монголоос авсан номоо сонирхолоо.
САЙН УУ АМЬДРАЛ МИНЬ
Энэ яваа амьдралдаа хүн ахин дахин төрөн, шинээр өөрийгөө бүтээдэг байхаа тийм үү.
Тосох хүн маань гүйсээр орж ирэв. Энэ хүн намайг Сөүлийн онгоцны буудал дээр ч биш хүний нутагт эхлэх өөр нэгэн шинэ амьдралын минь эхлэлийг мөн “тосогч”.
“Ирээдүй” рүү минь хүргэх суудлын хөнгөн тэрэгт суун амьдарч бас суралцах хот руугаа яаравчлан хурдаллаа.
Энэ өдөр амралтын өдөр болоод тэр үү машин ихтэй, хурдны зам машины урсгалд бөглөрч хэсэгтээ саатна.
Ширээ адил зурайсан цардмал замаар төвөгггүй урсах машины хурдат гулгааны аясаар навчаа гөвсөн нүцгэн мод, уул дов толгод яах ийхийн зуургүй жирэлзэн өнгөрнө. Шинэ амьдрал руу ийм хурдан очдогийн болов уу.
Анхны сэтгэгдэлээр энэ орон надад өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сонсож болохоор мааш нам гүм, аниргүй газар ажээ. Ёстой хүний биш өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сэтгэлийн чанд руу бясалгаж болохоор.
ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭГДСЭН УУЛС
Ховд. Миний төрсөн нутаг өндөр өндөр сүрлэг сайхан уулсаар хэрэмлэн хүрээлэгдсэн сайхан газар . Элгэн улаан, цавчим хад асга бүхий сүрдэм уулсыг хараад гадаадын жуулчид “ямар ч модгүй ийм уулс бас байдгаа” гэж шүүрс алддаг.Харин Солонгос орон бас л уулсын эх орон бололтой. Навчаа гүвэн нүцгэрсэн хүрэн моддоор “хүрмэлсэн” дов толгод, уулаар элбэг баян юм. Миний нутгийн уулсыг байгаль эх олон живаа жил өөрийн гараар урлан бүтээсэн бол Солонгосын эдгээр уулыг ард түмэн нь “барьж босгосон” гэх. Манай газар нутгаас 7 дахин бага энэ нутаг оронд их бүтээн байгуулалт ид явагдаж байх тэр үед барилгын хаягдал, газар малтаж гарсан сул шороог овоолон хиймэл уул босгоод дээр нь мод тарин “байгальжуулсан” нь энэ гэнээ. Үүнийг харахад ихээхэн хөдөлмөрч ард түмэн гэлтэй. Солонгос оронд анх хөл тавингуут авсан анхны мэдээлэл минь энэ байлаа. Дараа дараагаар энэ улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа бахархалт Монгол залуусын шудрага хөлс нэвчсэн халуун яриа, хөдөлмөрч амьдралын талаар, энэ улсад сурч боловсорч байгаа залуусын тухай, мөнхүү Солонгос орны түүх соёлын талаар сонирхуулан бичиж байхыг хичээнээ.
ДАВААНЫ ЦААНА ДАВАА
Солонгосын визанд анх удаа ороод ахиад л бөөн мэдрэлийн эсээ үхүүлсэн хэхэ. Өмнө нь Германы элчинд визанд орсонтой адилхан арай ч хаалга саваагүй ээ, угтаа хаалга савах ч боломжийг элчингийн ажилтан надад олгоогүйгээс хамаг хэрэг мандсан хэрэг. Ингэхэд нээрэнгээсээ би ч Герман элчингийн хаалгыг саваагүй л дээ, салхи нэмэр үзүүлчихсэн болохоос биш.
Лхагва гараг. Солонгосын элчинд материалаа Даваа гарагт өгөхөөр төлөвлөж байсан боловч миний хойрго зан, хүнд өгзөгнөөс болж материалаа 3 дахь өдөр барьсаар очлоо. Солонгосын элчин шинэ журмынхаа дагуу визны материалыг ажлын 5 өдрийн турш өглөөний 9.30-12.30 хүртэл авдаг болсон байна лээ. Намайг очиход нөгөө нэг картны барааны оочер гэдэг шиг могой шиг тахиралдсан уртаас урт дараалал үргэлжилжээ. Гадаа жихүүн салхитай байсныг хэлэх үү би хэзээ орохын болоо гэж бодохтой зэрэгцээд л шууд хамран дахь нус юутай хийтэйгээ тас хөлдөж байгаам чинь. Өдөр болгон энэ мэт сүүл нь үзэгдэхгүй анаконда могойн тахиралдсан цуваа сунжирдаг гэж бодохоор Солонгос руу ямар олон хүн явахыг “хүсэж” байна гэж бодохоор аймаар санагдмаар. Нөгөө л нэг тань руу нүүж явна гэдэг шиг монголчууд маань бүгд гадагшаа нүүсээр л, их нүүдэл миний мэдэхийн сүүлийн 5 жил эрчимтэй үргэлжилсээр л. Заримдаа Монголд хэн үлдээд байна гэж асуумаар ч болох шиг. Эс бөгөөс эдгээр хүмүүсийн хэдэн эргэн ирж байгаа болоо гэдгийг бодмоор ч юм шиг. Энэ мэтийг бодсоор 10 цагт эхлэсэн миний дугаарлалт 12 цагийн үед овоо нэг элчингийн монгол эмэгтэйн царайг харуулахтайгаа ойр аваачив.
Хошуу нь харагдах төдий жижигхээн цонхоор би материалаа өгтөл “таны материал дутаа байна” гэж хэлэнгүүтээ надад “АААА” ч гэх боломж олгохгүй “Дараагийн хүн нь” гэсэн үгээрээ намайг шууд “хөөлөө”. Бүрдүүлсэн визний материалдаа 100 хувь сэтгэл ханамжтай байсан миний бие гажилтын байдалд хэсэг орж нэг мэдэхэд ажлынхаа ширээний ард гөлийтөл сууж байхын. “Яагаад материалыг минь авсангүй вэ” гэсэн асуулт намайг ёстой бөмбөгдөж гарлаа. Дотроо бухимдаж байна гэж жигтэйхэн. Ажил дээр байгаа учраас энэ бухимдалаа нүүрэн дээрээ ил гаргаагүй ч болдогсон бол шууд л ширээ нүдээд босож ирээд хамгийн түрүүнд тааралдсан этгээдийн нармаан дундуур буулгаж хүнд цохилтонд оруулах хэмжээний хүч амтагдаж байх юм.
Солонгос явах миний зорилго тодорхой. Мэргэжлээ дээшлүүлж магистарт суралцах. Элчингийн Монгол эмэгтэй миний материалыг авахгүй ганцхан шалтгаан нь “манай дотоод журамд заасны дагуу Солонгос улсад хэлний бэлтгэлд суух хүн заавал нэг жилийн төлбөрийг урьдчилан тушаасан байх хэрэгтэй. Тиймгүй бол материалыг хүлээн авч шалгахгүй” гэсэн юм. Өмнө нь Солонгос улсад хэлний бэлтгэлээр суралцана гэж гарсан Монголчуудын дийлэнхи нь харлаад зугтдаг учраас Солонгосын элчингээс ийм шийдвэрийг гаргасан гэнээ. Ёстой нэгний балаг нөгөөд нь гээч юм болж байгаам даа.
Надад үнэндээ төлбөр хийх ямар ч сонирхол төрөхгүй байгаагаас гадна энэ шийдвэр туйлын утгагүй санагдаж байв. 1 жил Солонгос хэлийг сурах шаардлагагүй байхад би яагаад заавал бүтэн жилийн төлбөр хийх ёстой гэж, хүн суралцах хугацаагаа өөрийнхөө нөөц бололцоо, цаашдын төлөвлөгөөндөө тохируулан сонгодог биз дээ гэхчилэн бодсоны эцэст солонгосын элчингийн ерөнхий консулд хандан гомдолтой өргөдөл бичихээр шийдэв.
Өргөдөлдөө Солонгос улсад яагаад суралцах болсон, магистарын төлбөрийг хаанаас дааж байгаа, яагаад Солонгос хэл сурах болсон, яагаад 6 сар байгаа зэргээ дурьдаад энэ бүх шалтгаанаа тайлбарлах боломж олгохгүй монгол эмэгтэй намайг “хөөсөн” гэж ховлон энэ бол хүний эрхийг зөрчсөнтэй агаар нэгэн үйлдэл гэхчилэн ёстой нэг бурж гарлаа даа. Энэ өргөдөлийг минь авч хэлэлцэхгүй байлаа гэхэд надад харамсаад байх зүйлгүй бөгөөд угаасаа би үнэн юм бичиж надад шалгаад өгсөн ч худал зүйл ганц ч байхгүй учраас надад, айж хойш суугаад байх шаардлага үнэндээ алга байв.
Пүрэв гараг. Заа ингээд өргөдөлөө хувилаад элчин руу 4 дахь өдөр нь факсдаж, бас мэйлдээд орхилоо.
Баасан гараг. Өглөө ажил дээрээ дөнгөж иртэл гар утас хангинав. Утсаа авахад “Солонгосын элчингээс ярьж байна, таны өргөдөлтэй консул танилцсан. Та хүсвэл өнөөдөр материалаа өгөөд визаа мэдүүлнэ үү. Таны материалыг бид шалгаж үзэхээр шийдсэн. Виз авдаг 2 цонхны баруун талд нь авчирч өгөөрэй” гэлээ. Би ч баярлаж байна гэж жигтэйхэн. Зорилго маань биелэж байгаа учраас баярлахгүй гээд яахав дээ. Ажлаас элчин ойрхон тул гүйсээр очиход энэ удаад өмнөхөө бодвол арай л бага хүн байв.
Утсаар хэлсэн хүний цонхонд материалаа өгөх гэтэл надад боломж олгоогүй нөгөө монгол эмэгтэй байлаа.
Тэр “Таны өргөдөл их сайн бичигдсэн байна лээ. Та бас намайг өөрт тань боломж өгөөгүй гэсэн байсан уучлаарай. Манайд 7 хоногт 150 гаруй хүн виз мэдүүлдэг. Тэр болгонд тайлбар хийх боломжгүй бид дотоод журмынхаа дагуу л ажилладаг юм. Та тэр өдөр бас их эвгүй харьцсан шүү” гэв. Би гэдэг хүн хайлсан тугалга шиг уян найланхай амьтан “Өө зүгээрээ. Би дотоод журмыг чинь ойлгож байна. Чамайг ойлгож байсан учраас л тэр үед боломж олдоогүй болохоор өргөдөл бичсэн юм. Тэгээд ч ямар ч хүн суралцах хугацаагаа өөрийн хүссэнээр сонгоно шүү дээ. Гэтэл 1 жил суралцах шаардлага байхгүй байхад тэр шалтгаанаар бууж өгнө гэдэг тэнэг хэрэг” гээд л аваад хаялаа.
Материалаа өгчихсөн ... Ялалт мэдэрсэн баатар шиг дээгүүр харцтай, хамрын нүх тээр тэр тэнгэрт, хөл газарт биш агаарт гэж жигтэйхэн.
Намайг нааш гарахын өмнө Солонгос руу 90 хоног визгүй зорчих тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, Солонгосоос Монгол улсад суугаа Элчин сайдад танилцуулсан сураг дуулдсан. Хэрэв энэ хууль батлагдвал амар болох байх даа Яадгийн бол.
10 comments:
Амьдралын нэгэн шинэ хуудсыг зоригтойгоор нээж, хүсэл тэмүүллээ сэтгэлдээ тээн алсыг зорьсон дүүдээ аз жаргал, амжилт хүсье.
Урагшлах харгуй чинь үргэлж дардан, угтах мөчүүд чинь үргэлж гэгээлэг байг.
Миний найз өмнөө тавьсан зорилгоо биелүүлээд буцаад ирээрэй. Аз жаргал, амжилт бүтээлийг хүсье
Санаснаа гүйцээгээд сайн яваад ирээрэй.
Сайн яваад ирээрэй за үл мэдэх анд минь
зорьсондоо хүрч сайн сураад ирээрэй. Харийн нутгийн тухай сайхан нийтлэл уншина гэж хүлээж байя
За тэгээд сайн сураарай. Амжилт хүсье
bi l 8 sard ochij chamtai uulzahaas, 2 laa mongold taaraldahgui yum bnaa oooooo
uragshaa haraad zorigtoi minii huurhun naiz, kiss
comment unshsan shuu, naiz ni mongoldoo irchihsen saihan bna, udahjgui butsna, 8 sard zunii amraltaar bi solongos yavnaa, helee sain suraarai, minii orchuulagch hiine shuu he he,
yadruuzai, hooloo sain ideerei, stresstuuzei,
Амжилт хүсэн сэтгэгдэл үлдээсэн бүгдэд нь баярлалаа.
Хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье, их юм сураад ирээрэй
Post a Comment