Шарсан төмс

Шарсан төмс зажилах бүрийд аман дотор тос даан шарчигнах чимээ ганцхан надад ч биш эргэн тойрон дахь бүх хүмүүст сонсогдож байгаа байхдаа гэмээр тод байлаа. Гэвч тэнд надаас өөр хүн үгүй болохоор би л ганцаараа амтат шарсан төмсийг хэрхэн үйрэн бутарч байгааг сонсоно.

Бүдэгхээн гэрэлтэй баарны ширээний нэгэн буланд би ганцаараа сууна.

Энэ хүн яагаад ганцаараа суугаад байгаа юм болоо гэсэн байртай зөөгч хархүү надаас нэмэлт захиалга авахыг үл зүрхлэвч сониучирхан сонжисон байдалтай наагуур цаагуур хааяа нэг явж хоосон ширээнүүдийн тавцанг хичээнгүйлэн нямбай арчихын завсар хулгайн нүдээр намайг хяламхийн харна.
Уумаар, дуулмаар эсвэл уйлмаар ч юм шиг.

Олоон олон өдөр бужигнасан хүн хөлөөс би хэтэрхий залахснаа одоо л мэдэрч байх шиг.
Цор ганцаараа байгаад л баймаар.

Ухаантай хүний дүр эсгэх гүн ухаантнууд, өөрийн үнэнийг тулган үнэмшүүлэгчид, нээх сүрхий ажил хэрэгч дүр эсгэн хөмсөгөө атируулагчид, надаас өөр хүн энд үгүй гэж тодрогчид, дүрдээ итгэн зааж зааварлах шүүмжлэгчид ... Ёооох дандаа ухаантай хүмүүсийн дунд байх ямар хэцүү юм гэж бодогдмоор. Үнэндээ тэнэг байх нь ухаантай байхаас хавьгүй амар тайван байхаа гэж санамаар.

Нар ид шарж гадаа халуун байгаа бололтой орж гарах зөөгч хархүү хөвөн даавуун дүрэмт хувцсандаа түүртэнгүй хөдлөх аядаж, нээлттэй хаалгаар гарах бүртээ ямар нэгэн зүйлийг цухалдангуй бувтнана.
Ядаргаа ч юм уу. Ингэж байхаар гэртээ найз охиноо тэврээд л хүйтэн коло уугаад хэвтэж байхгүй гэж би өмнөөс нь бодно.

Гэтэл би гэрэлгүй шахуу гэхдээ агааржуулагчийн сэвэлзэх хиймэл салхинд сэрүүцэн баарны нэгэн буланд ширээний ард гүн бат шигдэн суугаад юу ч юм бодно.
Ганцхан зажилж буй төмсний үйрэн бутрах нь тодоос тод сонсогдоно. Жин үдийн халуунд ганцаараа харанхуй буланд шигдэн баардах нь гоё ч юм уу гэж санана.

Юу хүсээд байгаагаа мэдэхгүй, юунд дургуй хүрээд байгаагаа ойлгохгүй, яах ёстойгоо ухаарахгүй, бодохыг ч хүсэхгүй ингэж суух сайхан ч юм уу.
Шарсан төмс хайж хурууд минь цагаан тавагны ёроолоор тэнэсэн боловч шарсан төмс үлдээгүй бололтой. Амттай юм ямар хурдан дуусдаг юм вэ?
Миний авсан шарсан төмсийг хэн идчихээ вэ гэж хардангуй бодлоо.
Төмс дуусчихжээ ...

7 comments:

Anonymous said...

Sain uu oogiinoo. goyo zuragnuud oruulsan baina.

Anonymous said...

Sonin medremj baina

Мөнхбаатар said...

...Юу хүсээд байгаагаа мэдэхгүй, юунд дургүй хүрээд байгаагаа ойлгохгүй. Яах ёстойгоо ухаарахгүй, бодохыг ч хүсэхгүй...

...Амттай юм ямар хурдан дуусдаг юм бэ...


...Юу хүсээд байгаагаа мэдэхгүй... Хүсэж болохгүй... Хүсэнгүүт хэн нь нэг нь "буруу!" гэж гэнэт хаанаас ч юм гарж ирж хэлнэ... Тэр нь хэцүү. Тиймээс хүсэхгүй байх хэрэгтэй... Хүсэхгүй байгаа гэж тунхаглаад хэрэг дээрээ нууж хүснэ... Хээнцэр нууцлаг хүснэ... Тунхаглаж гэж ердөө л бичих...

...Амттай юм хурдан дуусдаг... Амттай нь асар хурдан мэдэгддэг. Тэгээд мэдэгдмэгц дуусж эсвэл зугатааж эхэлдэг... Амтаараа аажуу тайван байхыг мартуулдаг... Төмс дуусчихжээ... Амт дуусчихжэээ...

ganga said...

Шарсан төмс дууссан бол шарвингаа идээд... Сайхан наадаарай.

peakfinder said...

Saihan bayarlaarai.

xvv said...

Нэг юм хүсээд л, санаснаар болохгүй байгаа болохоор гуниг төрж байгаа байх даа. Заримдаа ганцаараа сууж төвлөрөх ч хэрэгтэй шүү. Нээрээ төмс шарж идэх юмсан...

A.Амарсайхан said...

Шарсан төмсөнд бус шаналсан сэтгэлд учир их бий. 200 граммыг 3 сайхан дугтарчих. Гунигаа байтугай гутлаа хаяна гайгүй.