Миний барьсан түүхий талх амттай

Сүүлийн 2 сар аньсага, сормуусыг нийлүүлэх завгүй ажиллаж байна.
Бүр байтлай гэрт нь Оогийноо гэдэг хүн амьдардаг гэдгийг ч манайхан мартахад хүрч, би гэдэг хэнбугай гэртээ шөнө дөлөөр орж хальт нүдний хор гаргаад, үүр шөнийн заагаар гарч оддог болоод удлаа.
Нэг ажлын завсараар бас нэгэн ажлыг амжуулах гэж хүний хэлсэн цагт олзлогдож, зав гаргаж ажлаа хувиарлана гэдэг бас л хялбар залгидаг хоол, хөнгөн хийдэг зүйл биш бололтой.
Заа яахав ажил юм, эхлүүлснийг нэгэнт дуусгах ёстой гэж гүрийсээр л ....
Бүр байтлай амьдралынхаа алтан боломжийг хүртэл хойш тавин ажилласаар л ....
Завгүй байх сайхан. Завгүй байсны эцэст үр дүнг л үзэх хамгийн чухал. Үр дүн гарч байвал тэр нь сайн, муу байх нь тийм ч чухал биш мэт.
Өмнө нь ингэж ажиллахгүй биш, ажиллаж байлаа. Ажлын үр дүнд сайн, муу ч хөөрхий ном гарч, тэр болгоноос олон зүйлийг сурч мэдэн ажилдаа хэрэгжүүлэхийг нь хэрэгжүүлэн явдаг л байлаа. Хамгийн гол нь нойр хоолноос минь хумслан байж гарсан бүтээлээ гар дээрээ барин зогсох, хүмүүст үзүүлэн шүүмжлэл сонсохоос нь сонсож, магтуулах нэгний үгэнд нь “хошигорч” зогсох таатай байдаг юм.

Гурилаа зуураад л, эсгээд л, халуун зуухны өмнө нүүрний арьсаа зумлан байж талх барина. Энэ бүхний эцэст түүхий ч, түлэнхий ч цагаа гаргаж, нүүрээ түлэн хийсэн талх минь гар дээр уур савсуулан гараад ирэх сайхан.
Гэтэл цаг бараад л байдаг, цаг бараад л байдаг, унтах нойр, идэх хоолоо умартан байж чардайгаад л байдаг. Үр дүн гарахгүй удах тусам дотор оргилон байсан эрч хүч, сэтгэлийн хөөрөл унтарсаар л мөхсөөр л байх бололтой.
Надаас үл хамаарах үл ойлгогдох гадны хүчин зүйл түүхий, түлэнхий талх гарахыг хойш татаж, удаашруулсаар л ....
Яагаад ажил удааширч, үр дүн гарахгүй байхын учир шалтгааныг мэдэхгүй, мэдээлэлгүй байх нь улам бүр тамтай юм.
Ингэх тусам гайхна, бас бөхөнө ......
Магадгүй энэ бүгдийн эцэст хариулт нь Оогийноо чи өөрөө нэг гацалттай байна гэж байж болох л юм.

3 comments:

Мөнхбаатар said...

Талханд орох ёстой нэг хольц дутчихаад үнэр нь өөр болчихоод байхад талх л байвал гээд дайраад байгаа юм болов уу?

Түр азнаад гадны тэр хүчнийхээ үгийг сонсоод үзвэл яасан юм. Таныг түрэж, түлхэх гээд байхад нь түүнтэй нь уралдах гээд байгаа ч юм бил үү...

За за мэдэхгүй юм. Ер нь заавал талх малх энэ тэр шаналж зовж байхаар өвс идээд ус уугаад явж байсан ч болно шүү дээ :P

Idea said...

Талхчин нь чи л юм чинь түүхий ч байсан, түлэнхий ч байсан идэхэд амттай байх болов уу. Гэхдээ зуурмагаа зууханд хийнгүүт шууд талх болоод гараад ирдэггүй болохоор орц, найрлага, гурил, тэр ч бүү хэл давс хужрыг нь тааруулна гэдэг амаргүй хэрэг.

Өрөөлийн эрхшээлээс өөрөө ангижирч, тариагаа тарьж, гурилаа тээрэмдээд, зуухаа галлаж, зуурмагаа жигнээд хүссэн үедээ идчихдэг болохын төлөө өшөө илүү хичээгээрэй. Нөхцөл боломж хийгээд нөөц бололцоо чамд бий шүү, Талх болгон чинь тархинд шингэх болтугай.

Оогий said...

Мөнхбаатарт: Баярлалаа хө. Би бодоод л байгаам

Айдоо: Өрөөлийн эрхшээлээс ангижирнаа. Хувьсгалын тохироо бүрдэх цагийг хүлээж байгаам хэхэхэ