Би ном унших тоолондоо ямарваа нэгэн зүйлийг өөртөө авч үлдэж байхыг боддог. Саяхан уншиж дуусгасан “Дэлхий бөөрөнхий биш” гэдэг номноос олж мэдсэн хамгийн дэвшилтэт санаа нь блог гэж “юмны” тухай байлаа гэж өөрийн зүгээс дүгнэж байна. Нэг юмыг олж мэдсэн л бол, хэрэгжүүлэхийг хүссэн бол, заавал цаана нь гарч байж санаа минь амардаг “өттэй” зан минь хөдөө аялалаар явсан хэдэн өдрийн цэвэр агаар, сонин хачинд арай гэж дарагдаж явлаа. Блогдоо тийм ийм юм бичнэ гээд толгойд минь сав л хийвэл элдэв бодол эргэлдэж, бичих зүйлс минь өнгө будагтайгаа төсөөлөгдсөөр миний memory-ийн зай пиг дүүрээд байсныг нуугаад юу гэхэв. Харамсалтай нь яг суугаад бичихээр бичиж байсан зүйлс минь нэг л гологдоод болж өгөх биш. Гэхдээ миний бодол, миний санаа гэж бодоод тавих нь зүйтэй гэж бодож байна.
БЛОГ ГЭЖ САЙХАН ЮМАА. Юм хөгжинө гэдэг чинь бүр ч сайхан юм. Энэ их эрмүүн хөгжлийн цаг үед би гэдэг хүн, алийг нь дагаж хөгжихөө мэдэхгүй “алмайрч” зогсох бас ч үгүй мөн сайхан юм. Блогийн тухай хожуу ч гэсэн мэдсэндээ баяртай байгаа шүү.
БЛОГ ГЭЖ САЙХАН ЮМАА. Манай гэрийхний хэлдэгээр над шиг өрөнд идэгдсэн хятад шиг байнга юм бодож, төрсөн санаагаа, бодсон бодлоо заавал хэн нэгэнд алба юм шиг дуулган байж санаа нь амардаг, мөн цаасан дээр ямар нэгэн зүйл ээрчин байж загатнаагаа арилгадаг “өвчтэй” юм шиг өттэй “нөхөрт” бүр ч зүгээр эд юм гээч. Ингээд хоолойн дээр минь тээглээд гарч харайх гээд тэсэн ядан байгаа тэдгээр үгсийг бусдад хүргэх сайхан зам нь үүнээс өөр юу байх билээ гэж би олзуурахлаа.
Би гэдэг хүн чинь нөгөө нэг нүүдэлчний үр садад яах аргагүй удамшисан хүний чихэнд дуулгадаг заншлаас холдож, суурьшмал соёл иргэншлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилийн үр шимээс хүртэж, блог гээч юманд тал засаж зөөлөвчтэй сандал дээр шигдэн суугаад арван хурууныхаа өндөгийг чаддаг л юм бол эвэрштэл бичээд амныхаа залиаг арилтал чатлах боломжтой болжээ.
БЛОГ ГЭЖ САЙХАН ЮМАА. Улс төр нийгмийн өнцөгөөс талархалаа илэрхийлье гэвэл 90-иод оны ардчилагч нарт баярлахгүй байхын аргагүй бизээ. Магадгүй эрс шулуун, хурц эрэмгий үгтэй Чойном гуай миний энэ үед амьдарч байсан бол амьд сэрүүндээ адлагдаж бус, харин үнэлэгдэж амьдрах байсандаа гэсэн блогийг магтах үгээ олж ядахдаа өнгөрсөн үеийн шудрага ёсны баатрын араас харамсан байж “талархалаа” илэрхийлж суух юун. Би нэг хадуурахаараа “бөөсөнд ч” хамаагүй зүйл ярьчихдаг буруу гэмээр зантай учраас ингэсгээд блогийн тухай төгсөе дөө.
Ингээд блогч нартаа үзэл бодлоо илэрхийлэхийн эрх чөлөөнд “амгаагаа авч хадуурах биш” харин хазаараа тааруулчихаад, “хондлойгоо” багахан шиг холгуулчихаар цогиулахыг хүсье. Миний блогд тавтай морил.
1 comment:
anhnii bichleg ee gej,..neg jiliig udej dee.
getel bi chinii medsenees ch buur hoino, bas dahin neg jiliin daraa blog gedeg zuiliig medej hutulsun bolj ehelj baina daa.anhnii bichleg deer anhnii setgegdeliig neg jiliin hoino bichivee gej...aztai l baigaan baina daa bi :)
za amjilt shuu.
Post a Comment