Showing posts with label Аз жаргал. Show all posts
Showing posts with label Аз жаргал. Show all posts

"Ээжээ" - Бүүвэйн дуу


Хүн биеэрээ, өөр дээрээ мэдэрсэн юмаа л хамгийн сайн мэддэг гэдэг байхаа. Эхийн хайр гэдгийг ээж болж үзсэн хүн л мэдээж жинхэнэ утгаар хэлж чадах байх. Гэхдээ эх болсон хүн бүрээс үрээ хайрлах хайраа та үгээр илэрхийл дээ гэвэл бүх ээжүүд “үгээр хэлж боломгүй мэдрэмж” гэх болов уу.

Нэгэн хүний хэдэн жилийн өмнө хэлж байсан үг одоо их ойрхон бууж байна. Эмэгтэй хүн нөхөртэй болохоор ахин шинээр эмэгтэй хүн болж, эх хүн болохоороо жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болдог гэж. Үүнийг тайлбарлахад хэцүү юм. Гэхдээ л энэ үг их үнэн бололтой. Эмэгтэй хүний хамгийн нандин чанар болох хариу нэхэхгүй хайр, бас уян зөөлөн зан ааль хүний эхнэр болоод бас ээж болсоны дараа жинхэнээсээ төгс утгаа олдог болохоор тэр юм болов уу даа. Энэ мэтээр бодоход хариултыг нь заавал яг таг өгөмгүй хэрнээ сайхан бодролууд хөвөрч байгаа биз дээ бүсгүйчүүдээ. Саяхан блогчин Ига-гийн фэйсбүүкээс "Хүмүүсээ хүүхэд гаргацгаая" гэж уриалсан сэтгэгдэлийг уншсан хэхэ. Бүсгүй хүн ээж болохтой холбоотой бас нэгэн бодол төрдөг болсон кккк. Хүний энэ насны амьдралд гайхамшигтай хувь тавилан болгон илгээдэг “ГУРВАН БЭЛЭГ”-ийн тухай бодол өдөр шөнөгүй эргэлдэх болсон шүү. Тэрийгээ нэг завандаа бичиж оруулах юмсан гэж бодож байгаа. Ямартай ч хүний амьдралын, амьд байхуйн шалтгаан бас аз жаргалыг би “ХҮН” л гэж хэлнээ.

Нэмэлт болгоод энэ гоё богино өгүүллэгийг орууллаа. Өгүүллэгийг уншихдаа Игорь Крутой-ын “Бүүвэй”-н аязыг сонсоорой. Тайвширал дотроос мэдрэгдэнэ.

Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАН-аас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд ...

БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:

-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг "ЭЭЖ ЭЭ" гэж дуудаж болно гэлээ.

Хайрласаар, хайрлуулсаар амьдарцгаая

Блогтоо баярын мэндчилгээнээс өөр бичлэг оруулалгүй уджээ. Одоо ч гэсэн баярын мэндчилгээ гэхдээ уртыг оруулчихья даа.


2 сарын 14ны өдрийг хайртай хосуудын өдөр гэдэг. Энэ баяр “импортын” баяр ч бай хамаагүй зүрх бүр хайртай хайртай гэж хүчтэй цохилох донсолгоог хамгийн ихээр мэдрэх энэ өдрийг эргэн тойронд хүмүүс тэмдэглэн өнгөрөөж байгаад би хувьдаа баяртай байдаг.

“Энэ хорвоод гурван агуу зүйл байна.
Нэгд, өөрөө чи хүнд дурлана гэдэг агуу
Удаад нь, өөрт чинь бас хүн дурлах агуу
Гэвч агуугаас агуу тэр зүйл бол ЭНЭ ХОЁР ХАМТДАА ТОХИОХ ЮМ ДАА”
гэсэн үг байх. Мэдээж хамтдаа тохиож байвал агуугаас агуу зүйл гайхамшиг биш гэж үү, бүхий л зүрх сэтгэлээрээ хоёр биенийхээ төлөө цугтаа цохилж "бөмбөрдөнө" гэдэг хүний биенээс гарах, биеэр "тоглох" хамгийн сайхан хөг аялгуу бизээ. Гэлээ гэхдээ өөрөө хүнд дурлаж, эсвэл өөртөө хүн дурлуулах ч мөн гайхамшиг. Зүрх сэтгэл нь хайрлаж чадаж эс бөгөөс эргүүлэн өгч чадахгүй ч өөрт хүн хайртай гэдгийг мэдэрч амьдрах нь өөрөө гайхамшиг юм.

Нүцгэн ирээд, нүцгэн л буцах хорвоод хүнээр хайрлуулж, хүнийг хайрлаж, өгч өгч бас дахиан өгч амьдарсаар “үзэхийн эцэстээ” үй олон хайрын сүман зүрхтэй золгох сайхан биш байна уу, биш гэж үү. Магад дэндүү романтик гэлээ ч хайр бол амьдралын хүрдийг зөвөөр хөдөлгөгч хүч гэдэгт би итгэдэг.

Хүн ганцаарддаг. Хүмүүс дунд ганцаарддаг. Гэхдээ хайрлаж чаддаг, хайрлуулж чаддаг, хайр дааж амьдардаг хүн ганцаарддаггүй байхаа. Би өөрөө хөвж, нисэж, дуулж амьдрах дуртай. Ихэнхидээ зүрхэндээ итгэдэг. Зүрх минь худал хэлдэггүй гэдэгт итгэсэн учраас аз жаргалаа олсон. Хайрлахын эхлэл итгэл ч байж болох, басхүү хайртай байсаар хайрлуулсаар амьдрах бүх хугацаа ганцхан итгэл дээр тогтсоор байдаг бизээ.

Бүгдэд нь гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе.

Баярын энэ өдөрт зориулаад Даярмонгол сайт дээр М.Саруул-Эрдэнэ ахын орчуулж нийтэлсэн хайрын тухай богино өгүүллэг, туужуудаас өөрт таалагдсан 2-ыг орууллаа.

Хараагүй охин
Хараагүй болохоороо өөрийгөө учиргүй үзэн яддаг нэг охин байсан юм сан жээ. Хайртай залуугаасаа бусдыг бүгдийг нь үзэн ядна. Учир нь залуу л үргэлж охиныг харж халамжилдаг аж. Охин энэ дэлхийг харах өдөр ирдэг л юм бол найз залуугийнхаа гэргий нь болно хэмээдэг байлаа.
Тэгтэл нэгэн сайхан сэтгэлтэн хос нүд хандивлаж, охин ч ертөнцийг, бас найз залуугаа анх удаагаа харав. “Хорвоог харах өдөр чинь ирлээ, хонгор минь надтайгаа одоо гэрлэх үү?” Гэтэл найз залуу нь бас өөр шиг нь сохор нэгэн байсныг харсан охин цочирдон, татгалзжээ.
Залуу уйлсаар холдон одов. Хэсэг хугацааны дараа нэгэн захиа ирүүлснийг нь уншвал “Би чамдаа үүрд хайртай хэвээрээ шүү. Харин нүдийг минь хайрлаж яваарай.”


**********

Залуу хайртдаа 12 цэцэг авчирчээ. 11 нь амьд, нэг нь харин хиймэл цэцэг байх юм гэнэ. Тэгээд хэлсэн нь: “Хамгийн сүүлчийн цэцгийг үхэж дуустал чамдаа би дурласаар байх болно”.



Бурханлаг хүн

Бичлэг маань ямар ч шашинтай холбоогүй бөгөөд бодит хүний тухай өгүүлж байгаа юм шүү. Гайхамшигтай өр нимгэн сэтгэл, урам сэргэж ухаан нэммээр гэгээлэг зөвлөгөө, амнаас нь унах үг бүр үнэ цэнэтэй гайхаж биширч өөрийн эрхгүй өвдөг сөгдөн хайрламаар тийм л гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Бүхий л зүйлийг хүүхэд мэт гэгээн цагаанаар төсөөлж, ярьж, бусдад хүргэж басхүү гишгиж хагдалахаас зүрхшээм тийм л ариун нандин дэвсгийг өлмий дор ургуулах гэгээн хүмүүс бидний дунд амьдарч байх. Гэхдээ тэд ховорхоон ховор. Далайн гүн харанхуйн ёроолд дунгийн хавтсанд нуугдах цагаахан сувд мэт ховорхон.

Хүн гээч хачин сонин “гар” юмаа. Нээх сайхан юмны тухай бичих гэхээр үг цөөдөөд байгаа ч юм шиг. Бидний дунд эгэлхэн ажиллаж амьдарч байгаа бодит хүний тухай үгээр урлаж цаасан дээр дүрслэн бурхантай зүйрэлмээр санагдавч магад дэндүү хол хөндий хоосон хийсвэр буух гээд байгаа учир Бурханлаг Хүн гэж нэрлэсэн юм.

Мэдээж Бурханлаг хүний дэргэд байхаар өөрийгөө хичнээн муу гэдгийг таньж дутагдалаа улам тод мэдэрсээр байх авч дэргэд нь мөнхөд байхыг хүснэ.

Аливаа зүйлийн эцсийн гаргалгааг дандаа нигүүсэх сэтгэл, энэргүй хайраар цагаалж чадах тэр л бурханлаг хүний дэргэд багахан хугацаанд бүүр цаашлаад насан туршдаа байх аз тохиолыг жинхэнэ их хувь заяа гэх үү. Ямар ч хүнийг (бусдыг) нигүүсэх энэрч хайрлах сэтгэлийн дуусашгүй өгөгдөл орчлонд хүн болж төрөхөд нь Бурханлаг хүн танаа энгийн хүмүүсээс хавь илүү жин дарж шагнагдан төрсөнийг алхам тутамдаа мэдрэх юм.

Хэдийгээр би Бурханлаг хүн таны дүрд хэзээ ч хувилан биелж чадахгүй ч Бурханлаг хүн таны өлмийд сөгдөн амьдарч чаднаа. Насан туршдаа.

Энэ бол миний бодол мөрөөдөлд ургаж, хүслээр биелсэн БОДИТ Бурханлаг хүн юм.

Арбайтчин оюутан

Зун дууслаа. Зун би ажилчин байлаа. Намар ирлээ. Намарт буцаад л “ширээний бөглөөс” орон тооны ажил эхэллээ дээ.

Зун яг энэ гарчиг шигээ байлаа. Нэг үгээр хичээлийн чөлөө заваар "хүрд эргүүлэх боломж гарвал" цагийн ажил хийхийг бодно шүү дээ гадаадад сурдаг оюутан бид чинь. Хүмүүсийн хэлдэгээр хоолны газарт аяга тавга угааж “дижичин” болно, шал арчиж “хоккейчин” болно, буудлын өрөө хэсэн “биеэ үнэлэнэ” /цэвэрлэгээ хийж цагийн хөлсөө авахаа хэлж байгаам шүү гэж хэхэ/ гэх мэтээр арбайтчин оюутны амьдралын дүр зураг даа.
Би ч мөн адил арбайтчин оюутны амьдралыг энэ биеэрээ амсаж явна.

Энэ зуны ид халуунаар нэгэн үйлдвэрт цагийн ажил хийлээ. Анхны биш хоёрдахь ажил маань. Үйлдвэрийн захирал өвгөн гэж нэг хөөрхөн гар бий. 70 нилээн гарч яваа, хүний үгийг нүд ирмэхийн зуурт мартчихдаг юм шиг хэрнээ мөнгөний тухайд бол ганц вон алдахгүй санадаг бас боддог. Хүнийг аргалаж ажлаа хийлгэхдээ тун сайн. Солонгост эрэгтэй хүн ёстой алт эрдэнэс шүү дээ. Тэд үйлдвэрийн ажилд орохдоо цалин, байр, хоол, орчин гээд бүх зүйлийг нь харж шилж сонгоно. Хэрэв тэдэнд сарын сая 200-аас илүүгүй цалин өгнө гэвэл оогт тоохгүй үнэд орно доо. Миний ажиллаж байсан үйлдвэрийн эзэн өвгөн тоолдог хэдээсээ болоод эрчүүдэд тоогдохгүй тиймээс яалт ч үгүй эмэгтэй бас оюутан намайг ажиллуулж байсан юм.

Өвгөн бид хоёр яг халууны улирлаар “байлдаж” таарсан. Пэээ базарваань. Би энэ Солонгосын зуныг, халуунаас ямар их залхаж байсан гээч. Хөл гараа хөдөлгөх нь байтугай зүгээр зогсож байхад хамаг хөлс урсаад, ядаж байхад ид ажлын үеэр тэр хөлсийг арчих завгүй хамаг биеийн шингэн хувцсанд шингээд сүүлдээ өнөөх хувцас нь шингээж үл бараад шал нойтон амьтан ажил хийнэ дээ. Гадаа аймшигтай нартай байхад хувцас шал нойтон, хатахгүй байж болдог юм байна лээ гэдгийг мэдсэн. Тэр мөнгө үрэн таран хийж турдаг хүүхнүүд Солонгост цалинжиж турвал таарна гэж. Би л гэхэд туранхайм байж турсан. Яс арьс биш яс яс болсон доо ... туранхай хүн турахаараа арьс нь нимгэрэн, нимгэрсэн арьс нь фосфортоод их сайхан гэрэлтэж харагддаг болдогийн байна лээ хэхэ.

Үйлдвэрийн захирал өвгөн бол байнга хөрөгчнөөс хүйтэн ус зөөгөөстэй. Миний хоёр гар завгүй тул аягатай усыг аманд хийж өгнө. Цаадуул чинь айхтар хүнийг яаж шуухан уяраахаа мэднэ. Өвгөнийг гүйгээд байнгуут би гэдэг хүн өндөр настай хүн ажил хийгээд бас ус аягалж өгөөд байхад ажлыг нь сайн хийчих юмсан гээд чардайгаад байна даа.

Ингээд өвгөний ажилд сар гаруй хөлсөө барьсан даа. Ажил хийсний дараа хамгийн кайфтай нь цалин гар дээрээ авах байдгийн байна лээ дээ.

Сургуулиа төгсөөд Монголд төрийн, хувийн, бизнесийн гээд салбар болгонд л ажиллаж байлаа. Тухайн үедээ л гологдохооргүй цалин авч байлаа. Мэдээж цалин авах болгондоо баяртай байдаг байсан.

Гэхдээ энд цалин аваад баярлах тэр мэдрэмж Монголд байснаас өөр. Бүүр шаал ондоо. Цалин аваад баярлах өөр мэдрэмжүүдийн эхний шинж тэмдэг л гэхэд цалингаа авахаараа нээх их бодолд дарагдана, мөнгөө хэсэг хугацаанд харж сууна яг дурлалт залуугаа харж байгаам шиг хэхэ. Хоёрдохь шинж тэмдэг нь мөнгөө яаж үрэхгүй байх талаар бодож эхлэнэ. Бүүр огтхон ч үрэхгүй талаар гээч. Мөнгөндөө маш их хайртай яг Гобсек шиг. Мөнгө олох л юм бол ганц ч вон үрэхгүй байх ухаан.

Монголд ажил хийх өөр л дөө бас ч гэж. Ажлын 8 цагт тав тухтай орчинд, сурч мэдсэн зүйлээ зовлогоо зовоохгүй хийдэг болоод тэр байсан ч байж болох. Харин энд оюутнуудын бас Монголчуудын хийдэг үйлдвэрийн ажил үнэхээр л зовлогоо зовооно доо.

Би том болсон намайг ажилд аваарай гэх удаах бүлэг бла бла ...

Цагаа тулахаар чадахгүй дээ гэсэн хүн ч чадаж, барахгүй дээ гэсэн ажлаа ч бардаг юм билээ.

Ажлын цаг бол ярилт ч үгүй. Өдөрт 12-14 цаг үргэлжилэнэ- хоол идэх 1 цагийг эс тооцвол 1 минут ч амрах байтугай гар хөлөө зогсоох зайгүй ажиллана. Хөлсөө ч арчиж амжихгүй гээч. Хөлс нэг шувтарахын хооронд өнөөх машины урсдаг зам эргэлдээд дараагийн тавих юмнууд хоцорчихно. Тэгвэл дараа дараагийн техник, үйлдвэрийн машины ажиллагаа доголдоно.

Энэ бүхний эцэст хийж барахгүй гэснээ хийж бараад, чадахгүй гэснээ даван хөдөлмөрөө үнэлүүлээд гар дээрээ сая гарсан цалин авах нь кайфтай. Надад авч байгаа мөнгөндөө гол биш санагдаж байлаа. Гэхдээ энэ бол эхэндээ. Одоо хэдий хэмжээний цалин авах чухал л даа яагаад гэвэл архаг арбайтчин болсон учраас хэхэ... Хэзээ ч төсөөлж байгаагүй тэр хүнд бэрх ажлыг би хийж чадаад тэрний бүрэн бүтэн баталгаа болж гар дээрээ энэ цалинг авсан шүү дээ гэх тэр мэдрэмж бол хамгийн гайхалтай нь.

Эхэндээ үйлдвэрийн хар бор ажил хийхэд эргүүлэг шиг л бодолд живнэ дээ. “Би чинь Монголд хэн байлаа ч гэх шиг ... би чинь хэн билээ ч гэх шиг ...” гэх мэтчилэн бодогдож орой ажлаас тараад орон дээр таван хошуу болон унахын цагт үе үеэрээ шархирах час час хийх багахан өвдөлтүүдийг мэдрэхдээ өөртөө гомдоод уйлмаар ч болох үе бий. Гэхдээ тэр бодол бол хамгийн тэнэг гэдгийг бага багаар мэдэрсэн дээ. Яагаад тэнэг гэж үү. Яагаад гэвэл би өөрөөсөө ичсэн. Тэгэж бодож чадаж байсандаа бас тийм бодол тээж байсандаа ичсэн. Яагаад гэвэл цагийн ажил хий /арбайт/ гэж хэн ч намайг хүчлээгүйгээс гадна “би энэ ажлыг хийж байхдаа яахав дээ” гэх мэтчилэн илүүрхэх давуу тал надад байхгүй гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл хар бор гэж “арьс өнгөөр ялгаврласан” тэр ажлыг хүн л хийдэг. Тэгэхээр би хүний л хийдэг ажлыг өөрийн хүслээр хийж байж яагаад илүүрхэсэн тэр тэнэг бодлыг өөртөө төрүүлэн, шудрагаар хөдөлмөрлөж байгаа бусдыг “гутааж” үнэгүйдүүлэх ёстой гэж. Басхүү тэр тэнэг бодол өөртөө төрүүлсэнээрээ, тээж явснаараа өдийг хүртэл хар бор ажил хийж үр хүүхдээ тэжээн аж амьдралаа хэнээс ч дутахгүй авч яваа Солонгосын энгийн нэгэн иргэн, эсвэл энд амьдралаа залгуулах гэж ажиллаж байгаа бусад орны иргэдийг үгүйсгэн, дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү. Хэдийгээр бид энэ амьдралд хийж байгаа ажлаараа, өмсөж байгаа хувцасаар, бодож байгаа бодлоороо гэх мэт олон зүйлээр ялгардаг ч эцсийн мөн чанартаа богинохон амьдралдаа аз жаргалыг амтлах гэсэн эцсийн ганц хүсэлтэй л хүн, хүмүүс. Иймд хүн гэдэг утгаараа бид нэг нэгнээсээ юугаараа ч илүүрхэж, дутуурхахгүй.

Эцсийн эцэст энэ бүх 1 минутын үл амсхийх нөр их хөдөлмөр, нэмүү өртөг буй болгож буй үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаас, 1 минутанд тасралтгүй урсан гарах бүтээмжээрээ өнөөдрийн Солонгосын гялалзан хөгжиж байгаа нүүр царай тодорхойлогдож буй.

Арбайтчин болсоноороо би жинхэнэ утгаараа "том хүн" болсон доо. Магадгүй хүн болохдоо ч жинхэнэ утгаараа дөхөж очиж байгаа ч юм болов уу.

Элдвээр эргэлдэх "том санаанууд" гэх төгсгөлийн бүлэг

Би Монголд яаж ажиллаж байлаа. Тэр бол ажиллаж байгаа хэрэг биш байжээ. Би дэндүү ихээр эрхлэж байж. Эх орон маань намайг зүгээр л дэндүү их тансаглуулж сургажээ. Монголдоо бид үнэндээ л асгаж цутгаж, гоморхож туниж амьдардаг юм билээ. Иймээс сургуулиа төгсөөд хурдхан очвол яаж ажиллах ёстойг ойлгосон. Мөнгө гэдэг асар үнэ цэнэтэй хэрнээ ямар их хөлсөөр олддогийг, жинхэнэ хөлс ханхалсан мөнгийг хэрхэн зөв зарцуулах ёстойг хожуу боловч ойлгосон. Мэдээж мөнгийг тэгэж ингэж зарцуулах ёстой гэдгийг ном сонингоос өч төчнөөн уншиж байлаа. Гэхдээ биеэрээ амссан тэр туршлага бол жинхэнэ мэдлэг, бас ухаан болдогийн байна. Яагаад би өдийг хүртэл тэрбумтануудын намтарыг уншиж байсан хэрнээ тэд өндөрлөгт гарах хүртлээ зовлогоо хэрхэн зовоож хөдөлмөрлөж байсан гэдэг ганцхан өгүүлбэрийг бүрэн дүүрэн ойлгоогүйн болоо. Магадгүй өөрөө тэгэж хөдөлмөрлөж үзээгүй болохоор тэр өгүүлбэрийн үнэ цэнийг гүн бат ухаараагүй юм байлгүй дээ.

Бас бид одоо хүртэл хар бор ажилтан, үйлдвэрийн ажилтан гэхээр боол мэт сэтгэж дөлж зугтан гадуурхасан хэрнээ оффисд ажилладаг цагаан захтанг мундаг мэтээр хэтрүүлэн туйлшруулж ойлгодог байнаа. Гэтэл өнөөдөр эх орноо л нэг харий. Нөгөө л Оюутолгой, Тавантолгойд нь мянга мянгаараа ажлын байр гарчихаад байхад тэнд чанар хангаж ажиллах Монгол ажилтан байхгүй байна гэх. Гэтэл гудамжаар дүүрэн их дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдтэй ...... !!!!!!. Магадгүй бүхий л цаг хугацаанд бидний ганцхан гарц боловсрол байсан байж болох ч боловсрол гэдгийг өөрөөр ойлгож, ажил гэдгийг бас өөрөөр ойлгож хүлээн авах цаг нь болсон юм билээ. Гэхдээ одоо ч мэдээллийн бүхий л сайтуудаас гадна хүмүүсийн яриаг сонсож байхад тэр болгоныг ярьдаг болсон нь сайшаалтай том дэвшил шүү.

Зааа заа нэмж хэлэхэд Солонгосын үсрэнгүй хөгжилд мянган мянган монгол залуусын хүч хөдөлмөр, асгарч буй мянган мянган литр хөлс асар их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт би хувьдаа санал нийлж 4 мөчөө өргөнө. Жишээ нь би л гэхэд “сульдаатай”, 10 метрт ч олигтойхон гүйж барахгүй нөхөр гэлтгүй Солонгосын машины үйлдвэрлэлд хөлс хүчээ оруулж амжсан бөлгөө.

ЭНД АСГАРЧ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨЛСИЙГ МОНГОЛД ЦӨЛЖИЖ БУЙ ХӨРСӨНД АСГАВАЛ ЯМАР ИХ ГАЗРУУДЫГ ХУУРАЙШИЛТААС АВАРЧ ЧАДАХ БОЛОО. Дашрамд хэлэхэд Солонгост ажилладаг Монгол залуус хамгийн мундаг нь байдаг юм шүү. Чичлүүлдэг гарууд бий ч сайнаар магтуулдаг нь тэднээсээ их дээ.

Одоо хичээл эхэлсэн нэг хэсэгтээ л нуруу туруу, хүзүү толгойндоо “шар ус хуримтлуулна” тэгээд амралтын саруудаар, хуримтлуулсан арвин их шар уснуудаа тараах хөл гарны дасгал хийж арбайтчин болно доо.

Нэг иймэрхүү спираль амьдралаар амьдрана даа.

Өөрийгөө сонсохуй

Салхины аясаар зөвхөн модны навчис ширчигнэж хаяа хаяахан дуу дуугаа авалцан шаагилдах бүлэг мэлхийн дуу.

Мэлхий дуугархаа болих тэр агшинд өөрийнхөө амьсгалыг сонсож эхлэнэ. Гүн амьсгаа аван хамрын самсаагаар эргэн гарах агшин бүрт судсаар минь эрчтэй гүйх цусны урсгал тод тодхон мэдрэгдэнэ. Толгой, хөл, гар, бүх биеэр урсаж буй цусны эрчимт урсгал яван явсаар зүрхний хавхлагт юүлэн асгарах тэр чимээ надад маш тод мэдрэгддэг. Яг л өндөр хавцалаас гүн цүнхэл руу асар их ус хүрхээ болон асгарах мэт тийм нэгэн урсгал.

Үргэлжлэлийг энд дар

Эхийн тухай үлгэр

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ гутлын ширхэг үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.


Үргэлжлэлийг www.oogiinoo.wordpress.com-c унших

Б.Явуухулан. Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

САНАХ Л ЮМ ДАА

Өдөр бүр

Зам зуур- жаалхан уянгатай
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Хөлийн жийлт, дугуйны эргэлт. Нэг хэмээр эргэлдсээр цагийг аажим аажмаар хумиж ургашилна.
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Хөлийн жийлт, дугуйны эргэлтээр цаг хугацаа хэмжигдэнэ.
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Энэ бол шинэ өглөөний эхлэл. Намайг мөрөөдлийн минь ирээдүй рүү хүргэгч улаан дугуй.
Өглөө бүр улаан дугуйндаа шалавхан шиг морьдоод нэг хоёр гурав нэг хоёр гурав гэх нэгэн хэмнэлээр жийсээр шинэхэн өглөөг эхлүүлдэг.
Улаан дугуйгаа “ташуурдсаар” буудал хүрэх замдаа өнөөдөр хийх ажлаа биш дугуйны эргэлтээр наашлах ирээдүйгээ байнга бодно.

Буудал дээр – жаалхан хэтрүүлэгтэй
Автобусны буудлын наахан талын гэрлэн уулзварын огтлол дээр “үнэнч хүлэгээ” чөдөрлөж орхиод буудал руу хоёр зээрдээрээ харайлгана даа.

Энд ирсэнээс хойш цаг хугацааг бугуйн дахь цагийн зүүгээр биш үнэнч хүлгийнхээ нэг хэмийн хатираа, 10 минутын дотор буудал дээр болж өнгөрөх үйл явдалын өрнөлөөр мэддэг болоод байгаа.

Намайг буудал дээр ирэхэд буудлын саравчны ард ойр зуурын идэшний ногоо зардаг гурван эмээ бараагаа дэлгэж байдаг юм. Бүх бараа нь “чон вон” буюу 1000 төгрөгний үнэтэй ногоон өвснүүд. Мэдэхгүй ээ намайг л харахад энийг нь иддэг болов уу гэмээр зүйлс харагдахгүй Монголын хөдөөд хаа сайгүй л ургадаг нэгэн хэвийн ногоон навчнууд л харагдаад байдаг юм.
Солонгосын эмээ нарын насыг эхэндээ би буруу барагцаалдаг байлаа. Монголтой харьцуулвал наслалт харьцангуй урт гэдгийг сайтар ухаараагүйгээс 60 гаруй насны л эмээ нар гэж боддог байсан чинь харин 80 нилээн хол гарсан эмээ нар байсныг сүүлд мэдсэн. Цаг хугацаа хийгээд үүрийн 5 жингээс үдшийн бүрий хүртэл тариан талбайн дээр хотон шувуу шиг тонголздог тариачны хүнд хөдөлмөр эмээ нарын нурууг эх газартай диагнол болгож дөнгөжээ.
Насны буянаа эдлэн гэртээ ач гуч зээ нараа тойруулан жаргаж суух насан дээрээ нөгөө л нэг хэдэн ногоогоо зарах гээд үдийн халуун нарнаас бултан сүүдэр бараадан сууж энэ амьдралыг илээх нь Солонгос хүмүүсийн бурханаас оноосон зурлага юм даа.

Эмээ нарыг ногоон навчнуудаа дэлгэж дуусахтай зэрэгцээд баруун тэртээгээс гуалиг туранхай бие, өндөр зэгзгэр нуруутай, халимаг засуулсан тачирхаан шингэн үстэй, шингэн бор арьстай, цүнхээ баруун гартай тохсон хүүхэн алиман бондгор өгзөгийг хоёр тийш нь ёстой хайр найргүй шидэлсээр хурдан хурдан алхалан өнгөрч оддог. Яг түүний араас мөр алдахгүй дагах хүүхэн түүнийг бодвол арай л мяраалаг. Тэр бас л цүнхээ баруун гар дээрээ тохчисон байх бөгөөд өмнөх хүүхнээсээ ялгаатай нь гэвэл байнга чихэндээ чихэвч хийсэн байдаг юм. Тэр хоёр хэзээ ч зэрэгцэж явахгүй яг ар араасаа 3 алхамын зайтай монгол үхрийн цувааг санагдуулан мөр мөрөөрөө дагаралдан явна. Гэхдээ тэд биенээ огтоос мэддэггүй хүмүүс биш хаяаадаа хажуугаар өнгөрөхдөө үг сольж харагддаг ч яриа дуусангуутаа ар араасаа дагалдаад явж одно. Ядаж ганц удаа ч гэсэн мяраалагдуу хүүхэн урд нь явж болдоггүйн болов уу гэж бодогдмоор.

Хоёр хүүхний дараа дугуйныхаа ард Солонгосын тугийг сүртэй намируулсан саарал жилээтэгтэй туранхай хөх өвгөн их л хурдны мэрийлттэйгээр салхи татуулан алдан өнгөрдөг. Өвөөд онцлох юм гэвэл саяхнаас халуун болоод өвөө богино ханцуйтай цамц өмсөх болсон ч өнгө нь хэвээрээ саарал.

Өвөөг өнгөрөхтэйгээ зэрэгцээд л 2, 705 дугаарыг автобусууд ирж зогсох бөгөөд 705-аас надтай цаашид нэг “унаанд замын хань” болох шүлс хайрлахгүй ярьдаг нэгэн ижил хувцас, үс засалттай ахлах сургуулийн хоёр охин бууж ирдэг. Эхэндээ тэр хоёрыг юу тэгтлээ гэрт гадаагүй ярьдагийг мэддэггүй байсан ч саяхнаас чих онгойж эхлээд байгаа болохоор юу ярьдагийг нь гадарлах болсон. Байнга найз хөвгүүд, болоод энд тэндхийн охидууд, бас хувцас хунар. Охидуудын яриа ...

Төд удалгүй зүүн тэртээгээс үргэлж мөнхийн нойрсож буй гүнж нүдэлсэн нэгэн бүсгүй ирнэ. Хувцасласан донж маяг нь тун дажгүй боловч нүд нь байнгын зүүрмэг аястай, нэг л их унтаа царайтай бүсгүй. Цочоовол нойрноосоо бүрэн сэрчих юм шиг санагдаад яагаад ч юм надад түүнийг нэг сайхан “үнхэлцэгийг нь хагартал цочоох юмсан гэж бодогдоод болдоггүйм. Нүдээ бүрэн нээчихвэл давхраатай алган нүдэн байхаар харагдаад байдгийн ...
Гэхдээ магадгүй үд дундын алдад нойр нь сэргээд зовхио 100 хувь дэлгэдэг байж болох юм л даа. Тэгвэл нэг харах юмсан.

Ингээд унтаа нүдт ирсэнээр автобус маань 2 минут хүрэхгүй хугацаанд ирэхийг төвөггүй мэднэ дээ.
704 дугаар автобусанд унтаа нүдт, ахлах сургуулийн 2 охин суусны дараагаар баруун тэртээгээс ахлах сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гартаа сандивич барьчихсан аахлан уухлан гүйсээр унаандаа амжиж сууна. Тэр угаасаа л дандаа ингэж хоцордог хэрнээ гандан буурахгүй идэх юмтайгаа ... Магадгүй энэ сандивичийг худалдаж авах эсвэл бэлдэх гэсээр байгаад унаанаасаа хоцрон алддаг юм болов уу.
Хөвгүүн орж ирэнгүүтээ цүнхнээсээ толь гарган салхинд бага зэрэг сэрвийсэн үсээ налуулж, уруул өнгөлөгчөөр уруулаа өнгөлж амжина. Тэрний үс байнга гоё, долгиондуулан хайчаар ороосон харагддаг шүү.

4 сарын турш үйл явдал дэс дарааллаа хэзээ ч алдахгүйгээр ээлжлэн өнгөрч надад цаг хугацааг бугуйн цагаар биш үйл явдал хийгээд хөлний жийлтээр хэмжихэд тус болж байгаа шүү.
Ингэхэд бугуйн цаг хэсэгтэй л зүүхгүй ээ ....

Үнэнч хүлэг мину зээ ...
Хичээл тарж унаандаа суусаар автобусны буудал дээр эргээд ирнэ. Буудлын цаахна чөдөрлөсөн үнэнч хүлэг минь халуун наранд харангадаж гар хүрэхэд түлэм халсан хэдий ч намайг ирэхийг тэвчээртэй хүлээн байдаг. Нойтон сальфеткаар наранд шарагдсан хондлой, биеийг нь арчиж жаалхан боловч сэрүүцүүлээд үнэнч хүлгээ хатирууланхан бид хоёр биендээ хань болсоор гэрийн зүг яаравчилна.
Гэр лүүгээ яарсан хүмүүс ямар байдаг билээ. Яг л тэрэн шиг.

Үнэнч хүлэг дээрээ ирэхэд хөл минь хөнгөрөөд халуун нарны эсрэг нүүрээ мэлтийтэл сул орхиод давхина даа ...

Тэмдэглэл

Үг холбоогүй уджээ. Блогоо биш юмаа гэхэд тэмдэглэлийн дэвтэрээ ээрчиж суудаг хүн дэвтэрээ ч эрээчих завдалгүй орчинтойгоо танилцах, гэнэт ирсэн урилгагүй “зочныг” үдэж морьдуулах, харь хэлний учир зүйг олох гэж гүйсээр нэг мэдэхэд 5 сар хол гарсан байх юм.

Өчигдөр үзсэн Амёнду арал дээрх цэцгийн үзэсгэлэнгийн талаар хэд гурван үг бичих санаатай суусан боловч нэг л үг эвлэрч эмх цэгцэнд орж өгдөггүй. Ингээд бичихээ азнан зүйл бүрийн бодолд ээдэрч гашилсан тархиа сэргээхээр дуртай блогуудаар хэсэж яваад Соронзон ахын блогоос “Мөнхийн Ёс” бичлэгийг уншлаа. Бичлэгийг уншихад бодлын ээдрээ гарч, тэнэглэх өвчин анагаагдах шиг санагдав.

Солонгост ирээд удалгүй ханиад хүрлээ. Ханиаданд дарлуулснаас болж энд ирэхдээ өвөртөлсөн мөрөөдөл, хүсэл тэмүүллээ мартаж дотны найз маань ч танихгүй болтол унжигар дорой, дотогшоогоо нэгэн болж хувирлаа.
Хамгийн сүүлд хэзээ ингэтлээ өвдөснөө бодоод бодоод ч олсонгүй. Тэгээд бүүр "нэг муу ханиаданд шүү" гэж бодохоор өөртөө дургуй хүрэн өдөржин халуурч хэвтэж залахсандаа орноос босохыг оролдовч дагзнаас дүүжлээстэй хүнд туухай өөрийн эрхгүй гэдэргээ татан унагана. Ингээд л хэд гурван өдрийг цонхоор харагдах модны навчисны салхинд бүжиглэх хөдөлгөөн, цаадхан талын байшингаас хааяа нэг гарч үзэгдэх хүнээр амьдралын өдөр тутмын хэмнэлийг төсөөлөн хэвтлээ.
Ямартай ч хүн босож чадахгүй өвдөхөөрөө хамгийн гол нь сэтгэлээрээ их эмзэг болчихдог юм билээ.
... Ханиаданд дарлуулсан 10 гаруй хоногт биеийн байдлаас шалтгаалан намуухан алхаж, аядуухан дуугарч, зөөлөн харж явсаар, ханиад эдгэж бие гайгүй болсоны дараа унжигар сулбагар имиждээ нэгэнтээ орсон байлаа. Хүний газарт өвдөхөөр ядаж дэргэдэх хүнээ хүртэл зовоогоод эрүүл хүн нь хамтдаа нүднээс гарчих шинжтэй.
Найзуудын маань хэлдэгээр эрүүл галзуу мэдэгдэхгүй өнөөх хүн нь энд ирээд нээх дуугуй хүн болж дүрээ хувиргав.
Чийгтэй газарт ханиадыг нэг муу гэж басамжилж болохгүй гэдгийг сайтар мэдэрлээ.

Соронзон ахын блогт “Хүн амьд явах насандаа нэг удаа ч гэсэн хүнд өвчнөөр өвчилж үзэх хэрэгтэй юм. Энэ нь түүнд туулж өнгөрүүлсэн амьдралаа тайван, няхуур эргэцүүлж үзэх бололцоо олгоно” гэж миний хайртай зохиолч Нодар Думбазе “Закон вечности” романдаа бичсэн байдаг гэжээ. Ханиаданд дарлуулаад, амьсгалахаасаа айж цээж хөндүүрлэж хэвтэхдээ нээрээ л ухаан орсоноос хойших 20 жилийнхээ амьдралыг толгой гашилталаа эргүүлцэж бодсон шүү ХЭХЭХЭ. Ямартай ч өөрийгөө аливаа зүйлийг бодоод л бодоод л яваад байх хүн, биш бодсоноо хэн нэгэнд илэрхийлж, илэрхийлэхгүй юмаа гэхэд цаасан дээр үлдээж байвал оюун ухаан эрүүл саруул, сэтгэл санаа эмх цэгцтэй байх юм гэдгийг сайтар ухаарах шиг.

Одооноос тэмдэглэлээ хөтөлж, блогтоо салхи байнга оруулдаг хэвийн амьдралдаа эргэн орохыг хүснэ.
Бичлэгээ жаахан онцгүй эхлэчихлээ дээ. Заа яахав одоо сэтгэл сэргээх сайхан зурагнууд оруулнаа.

ЦЭЦГИЙН ҮЗЭСГЭЛЭН
Солонгост ирснээс хойш хагас бүтэн сайн өдөр болгон салхинд гарч олон сайхан газар нутагтай танилцаж байна. Энд үзэж харих зүйл ихтэй, амарч зугаалах талбай арвинтай сайхан юм. Цаг хугацаатай уралдан ажилладаг Солонгосын хөдөлмөрч ард түмэнд амарч зугаалан алжаалаа тайлах газруудыг хангалттай бэлтгэж өгсөн нь сайшаалтай юм даа.

Харин энэ 5 дахь өдөр сургуулиас зохион байгуулалттайгаар хэлний бэлтгэлийхнийг миний амьдардаг Тежон хотоос автобусаар 3 цаг явж хүрэх Солонгосын баруун тэнгисийн эрэг дээрх Амёнду арлын цэцгийн үзэсгэлэн үзүүлэв. Хавар ялангуяа 4-6 сарын хооронд Солонгосын өнцөг булан бүрт л анги хамт олон,, найз нөхөд, гэр бүлээрээ цэцгийн баяр үзэж нүдээ баясгадаг юм байна.

Хичээл эхлээд удаагүй байхад танилцсан Солонгос эмэгтэй Тежон хотыг "Ухаантнуудын хот" гэж хэлж байсан шүү. Сүүлд бодоод байхад тэр нь ортой минь билээ. Энэ хотод эрдэм шинжилгээ, судалгааны том том төвүүд байхаас гадна Солонгосын шинжлэх ухаан, технологийн цохилох зүрхийг ажиллуулдаг гол мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах KAIST их сургууль буй. Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээнийг 2002 онд Тежонд зохион байгуулж байсан гэх мэтээр бичээд байвал олон зүйл бий. Дараа жич бичлэг болгон тавинаа. Ер нь Тежон Солонгосын сайхан хотуудын нэгд тооцогддог жижигхэн, цэвэрхэн гоё газар.

Солонгос эмэгтэйчүүд цэцэг ургуулж арчилах дуртай юм болов уу гэж бодсон. Энд тэнд цэцгийн дэлгүүр ихтэй. Түүнээс гадна сөөм газар олдохтойгоо зэрэгцээд л цэцэг тарчихдаг хүмүүс байна лээ. Заа ингээд энэ 5 дахь өдрийн аялалын зураг Цаана нь далайн ус цайвалзаад л сайхан харагдаж байгаа биз.



PS: Гэртээ цэцэг тарж байгаа. Цагаан савтай цэцгийн дэлбээнүүд нь уначихсан. Одоо ахиад цомирлигжоод дэлбээлэхэд бэлэн болчихоод байгаа юм. Харин жижигхэн хүрэн савтай цэцэг хоёрдахь удаагаа дэлбээлж буй нь энэ.

Тэнэг юм даа тэнэг юм

Өчигдөр нилээн оройтож гэртээ орлоо. Бага дүү ноутбуук асаагаад хип хоп дуу байдаг чангаар чарлуулчихсан, дээрээс нь мессенежерээ нээгээд нээх олон хүнтэй зэрэг чатлаад байж байдгийн. Ажлаасаа гарахдаа л гэрт ямар хоол хийсэн бол гэж бодон, өнгө бүрээр нь зураглан, идэж амжаагүй хоолондоо шүлсээ урьдчилан асгаруулан ортол юун хоол!!!!!!!
Уур түс хийгээд л ... уур гэнэт хүрэв, улаан гал дүрэлзэв гэдэг шиг л ... “Чи хэдэн цагаас ирсэн” гэхэд дүү маань сулхан дуугаар “6 өнгөрөөд” гэлээ. “Тэгээд 6 цагаас хойш 10 хүртэл юу хийж суугаан чи хоол ундаа ч хийхгүй” гээд л цамнаж гарлаа даа.

Өөрөө нэг хоолны ая тал боддогийн билүү гээд хөргөгчнөөс мах гаргатал тас хөлдүү. Хөлдүү мах мөд гэсэхгүй гэдгийг мэдрэнгүүт ахиад л дүү рүү бөөн “ууран” бөмбөгөөр зогсоо завдалгүй шүршэв. Сонсож байсан хөгжмийг нь тас хийтэл унтраагаад мессенжерийг нь шууд хаагаад л ...

Дүү таг чиг. Тэр хавиар аягаа угаагаад, шал арчаад л гүйгээд байлаа. Би гэж нээх том “баатар” талх масло энэ тэрхэн эргүүлээд явах зуур дүү ор засаад “оогий эгчээ одоо унтаа” гэв. Гэтэл өнөөх нь “чи намайг унтуулж яахнуу” гээд л уурлав. Заа ингээд нэг мах зорж шөл хийж уугаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд унтвоооо хөөрхий.

Өглөө эртээ дүү босчихсон цай чанаад хоол бэлдчихжээ. Хичээлдээ явах гэж байгаа бололтой хувцасаа өмчихсөн үүдэн хавиар бултагнаж ямар нэгэн зүйл хэлэх гээд дүлэгнээд бүлтэгнээд байхын. “Хичээлээсээ хоцорлоо ш дээ чи яваач” гэтэл ... өнөөх маань “Баагий ах өнөөдөр оогий эгчээсээ мөнгө авчихаарай” гэсэн.

Ажаамаа нь 3000 төгрөг шидлэн барин дүүдээ өгөв. Дүү ч чимээгүйхэн гараад явчихлаа.
Дүүг гарах даруйд сэтгэл нэг хөндүүр оргиод, хүйт даагаад явчихав. Миний бага дүү одоо их сургуулийн нэгдүгээр курсын оюутан залуу. Дүүдээ дэндүү муухай зан гаргасандаа өөрийгөө жаахан зэмлэнгүй. Өнөөдөржингөө ажил дээрээ өөрийгөө зэмлэнгүй суусаар л. Үгүй ээ яахав дээ нэг өдөр хичээлээсээ оройхон ирээд найзуудтайгаа чатлаад, хөгжим сонсож байх зуур цаг хугацаа яах ийхийн зуургүй өнгөрөө л биз. Би өөрөө оюутан доргион байгаагүй юм шиг тэгтлээ адаар аашилж байх даа яахав дээ гэж бодоод л ....

Бага дүү маань миний нуруун дээр хүн болсон. Дүүгээ үүрээд, тэргэн дээр түрээд Буянт голын хөвөөгөөр зөндөө явдаг байлаа. Жаахан байхдаа хонгор шар үстэй бондоосон хөөрхөн хүү байж билээ. Цайвар шаргал царайтай, хонгорхон шар үстэй хөөрхөн хүү байсан болохоор нь өхөөрдөөд “Цагаан-аа” гэж дуудна. Манай байрны “ОД”. Хүн бүр л яасан хөөрхөн хүү вээ гээд л өхөөрдөнө. Одоо харин том залуу болсон хэдий ч бусдаасаа нэг л эрхлэнгүй бас бусдад өөрийгөө даатгах шинжтэй, бие даасан биш. Айлын бага болохоор тэгдэг ч байж мэднэ.

Орой болгон эгчийнхээ хөлөнд иллэг хийж өгнө. Дүү минь угтаа бол их хүмүүжилтэй. Унтахынхаа өмнө хөлөндөө иллэг хийлгэхээр нэг мэдэхэд унтаад өглөө их сайхан ааш зан сайтай сэрнээ нөгөөх нь. Орой бүр эгчийнхээ хөлөнд эзнээс нь илүү анхаарал тавина. Түмпэнд ус хийгээд "та хөлөө хий. Хөлний ядаргаа тайлагдвал хүн сайхан амардаг юм гэнэ”. Гэрээсээ холдож явах бүртээ хамгийн ихээр санадаг хайртай хүмүүсийн маань нэг л дээ. Хүн гэдэг тэнэг шүү. Хамгийн эрхэм хүмүүсээ хайр найргүй “уураар” бөмбөгдөөд л ...

Залуу нас өөрөө гоё

Залуу нас үнэндээ гоё. Ямар ч зүүлт чимэг хэрэггүй ... Цоглог байхад л хангалттай бус уу.

Залуу байхад юунд гуниж гутрах ёстой гэж ...
Гуниг, цөхрөл, ухралт гэх мэт үгс үгийн санд үгүй.
Тэгээд ч залуу насанд нулимс урсахдаа хурдан, хатахдаа амархан байдаг ...

БИ ЗАЛУУУУУУУУХАН БАЙНА. БҮХНЭЭС ИЛҮҮ ЗАЛУУ НАСАНДАААА ХАЙРТАЙ. ЭНЭ БАЙГАА БАЙДАЛДААААА

Гоё

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Талын зоригт нүүдэлчид

1771 онд Орос орныг хатан хаан Екатерина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.

Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: " Та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров.

Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Казакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.

Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх.

Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.

Баруун Халимагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.

Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.

Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрийн сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ.

Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. Тэр өдөрт 300 майл газрыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч Халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.

Зүүн тийш 500 орчим километрт Казакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр казакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Казакууд 9000 Халимагийн амийг авав.

Казакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс Халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.

Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.

Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Казакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Казакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.

Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.

Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.

Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.

Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. Энэ бол Орос, Казак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.

Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагш түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Казак тэргүүтнийг дутаалгав.

Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагыг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйя. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Екатерина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. Иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.

Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олонхи нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров.

Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.

Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу есдүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улангасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв.

Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав.(Одоогийн Ховд аймгийн Булган сум) Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ.

Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж эх нутаг элгэн садан Монгол ахан дүүсээ гэсэн сэтгэлийн дэмээр хатуу бэрхийг давсан түүх юм.

Эх сурвалж

Гал зүрхшээх гайхамшиг

1922 оноос ноцож эхэлсэн их хэлмэгдүүлэлтийн гал 1930-иад оны үед ид дүрэлзэж, айл бүрийг гашуун нулимсанд живүүлж, олон зуун сүм хийд, дуганы шатаж буй утаанд тэнгэр харанхуйлсан он жилүүдэд цөвүүн цагийн аймшигт үнэнээр хуйларсан хэлмэгдүүлэлтийн шуурга халдаж зүрхлээгүй цорын ганц хийд бол Чойжин Ламын сүм музей юм.

Нийслэл хотын чанх төвд чимээгүйхэн хэрнээ ихэмсэг дүнсийх энэ сүмд анхны долоо гэгдэх Бодоо, Данзан, Сүхбаатар, Лосол, Чойбалсан, Догсом, Амар нар Монголын төрийг хамгаалагч Улаан Жамсран бурханы өмнө мөргөж хурууныхаа өндгийг ханан модон тагштай сүүн дээр цусаа дусаан хүртэж тангарга өргөн “нам нуугдаж, сэм нийлье” гэмээн Ардын намыг байгуулж, аугаа үйл хэргийг эхлүүлсэн бөгөөд манай үе үеийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд “ах” нарын нүд харуулдан нууцаар ирж сүмийн шүтээнд мөргөн залбирч төрийн хэргийг зөв тийш нь залж чиглүүлэх адислалыг гуйн залбирдаг байсан гэдэг.
Хожим хувьсгалын үйл хэрэг бүтэж их жанжин Д.Сүхбаатар Нийслэл хүрээнд ирээд Чойжин ламын музейн хойно /хожим тэр газар 1925 онд Сүхбаатарын талбайг байгуулсан/ ард түмэндээ үг хэлж, түр засгийн газраа ч мөнхүү сүмийн хойно байгуулж байсан юм. Хожим 1951 онд Засгийн газрын ордныг сүмийн чанх хойно барьсан нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин Ламын сүм, чойжин сахисууд хамгаалж байдаг гэсэн утга агуулагдаж байгаа бөгөөд эдүгээ Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэгт намирах төрийн далбаа Чойжин ламын сүм музейн Гол Сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцсан байдаг нь тохиолдлын хэрэг биш буй за.

Өдгөө нэг сая хүнтэй түм түчигнэн бум бужигнасан Улаанбаатар хотод өдрөөс өдөрт нэмэгдэн өндийх шил толь мэт өндөр барилгуудын сүүдэрт нар “үгүйлэн” намбайх Чойжин ламын сүм музей халдашгүй дархан, дуусашгүй баялаг, сүрдмээр ихэмсэг, үнэн гайхамшиг юм.
Илүү сартай хаврын хахирган өдөр Чойжин ламын музейн хашаагаар ороход зуны мишээх нар ганцхан энд онцгойлон тусаж байна уу даа гэлтэй сэтгэгдэл төрж байлаа. Услаж тордсон хөрс, чийг үнэртэн нар амтлан дэлбээлэх моносын модод, дардан зассан чулуун зам ... шувуун жиргээнд хөглөгдөж, шившээ салхинд үнсүүлэхэд зөөлөн агаад түмэн амарлингуйг их хотын үймээнт амьдралын тэхий дунд мэдрэх нь чилж ядарсан шуугиант хотын хүмүүн надад сонин хийгээд гайхамшигтай санагдана.
Сүм музейн босгоор хөл тавьсан даруйд миний бие 21-р зуунаас 19-р зууны эхэн рүү, их түүхийн дуусашгүй гайхамшиг руу хөл алдан орлоо. Зуун наст Чойжин ламын сүмийн сүрлэг нууцлаг ертөнц надад ийнхүү шивнэлээ:

Чойжин Ламын сүмийг анх 1889-1902 онд ард түмний хандив тусламжаар Зүүн Хүрээнд Монгол улсын сүүлчийн Эзэн хаан, Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Живзундамба хутагтын төрсөн дүү, Монгол улсын төрийн их Чойжин, хар зүгийн тэрсүүтний омгийг дарагч Лувсанхайдавт зориулан Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлаган дор бүтээжээ. Чойжин ламын сүм нь Монголын төрийг хар зүгийхнээс хамгаалж, төрийн мэлмийг гийгүүлэх увидастай учир Манжийн хаан сүмийг барихад ихээхэн дургүйцэж байсан гэдэг. 1903 онд Зүүн хүрээн дэхь Чойжин ламын сүм учир битүүлгээр шатсан түүхтэй.

Чойжин лам буюу Лувсанхайдав нь урд хойдохыг харах билэг оюун төгс нэгэн байсны учир цөвүүн цаг ирэхэд соёлын үнэт дурсгалт зүйлсийг хамгаалан авч үлдэх хувь зохиолтой сүмийг барьж байгуулах нь нэн чухал гэж үзэн удаах жил нь буюу 1904 оноос эхлэн Чойжин ламын сүмийг барих ажлыг яаравчлуулсан байна.
Төрийн хэргийг дээлийн ханцуйд шивнэлдэн, сүүдрээ хүртэл хардаж байсан цэвүүн цаг байсан тул Лувсанхайдав буюу Чойжин лам өөрийн хөрөнгөөр хоёрхон жилийн дотор сүмийг барьж, дотоод заслыг эхлүүлсэн байна.
Гэвч Манжийн хаан, Монголын төрийг хамгаалан Чойжин бууж байх сүм хийд барихыг зөвшөөрөхгүй, сүмийг нураах, ажлыг зогсоох явуулга хийн, тэр ч байтугай Монголын эрх бүхий хүмүүсийг дарамталж байжээ.
Энэ үед Лувсанхайдав лматан уран арга, ов мэх хэрэглэн Манжийн хааны толгойг эргүүлж чадсан гэдэг. Тэрбээр 1906 онд Манжийн хаанд өргөн барьсан бичигтээ “Манжийн хааны түмэн өлзийг бататган, шашин төрийн өмнөөс чойжин бууж, эх болсон хамаг амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдөр бүр ном хурах учир өөрийн хүчин чадал, ард түмний дэмжлэгээр 55 тасалгаа бүхий сүмийг барьж босгов. Таныг урт удаан наслах, манжийн төрийг өнө удаан оршуулах үүднээс чойжин бууж байх тул нэр хайрлахыг хүсэн, есөн цагааныг бэлэг болгон хүргүүлж байна” хэмээн бичжээ. Энэ бичигт урамшин хөгжсөн Манжийн Бадруулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнан олгожээ.

Ийнхүү Монголчуудын сүлд хийморь ивээсэн завшаанаар 1908 онд Чойжин ламын сүм үүдээ нээсэн байна. Монгол төр шашныг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст VIII Богд Жибзундамба хутагт “Хар зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж шүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс Чойжин буудаг, төр шашны нууц үйл ажиллагаа явуулдаг эгэл ардад хаалттай сүм болгожээ.

Иймд Чойжин ламын сүмд зөвхөн төр, шашины зүтгэлтэнүүд саатан морилж, төрийн их сахиус шүтээнд мөргөн залбирдаг, харин эгэл ард түмэнд хаалттай газар байжээ.

Үг ярих бүү хэл амьсгаа авахад бэрх хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монгол орон даяар сүм хийд, дугануудыг үүд хаалгыг хааж, галдан шатааж, түүний дотор байсан судар ном, бурхан тахил, бичиг соёлын үнэт дурсгалыг устган үгүй хийж байсан хүнд бэрх цаг үе байлаа.

Энэ үед монголын нэр бүхий сэхээтнүүд шашин, соёлын үнэт эд өлгийн зүйлийг аймаг хошуудаас цуглуулан Чойжин ламын сүмд төвлөрүүлээд, төрийнхөө дээд байгууллагад албан ёсны бичиг хүргүүлсэн байна. Энэхүү бичигт Чойжин ламын сүмд Монгол урчуудын ур ухаанаа шингээн бүтээсэн түүх соёлын үнэт бүтээлүүд хадгалагдан буй учир төрийн хамгаалалтанд авахыг хүссэн байдаг.
Орос ахын нүднээс буруулж, 1939 онд Чойжин ламын сүмийг улсын 1-р зэргийн хамгаалалтанд авсны ачаар өвөг дээдсийн маань соёлын үнэт дурсгалууд бидний үед өвлөгдөн ирсэн түүхтэй. Чойжин ламын сүмийг хамгаалахад Маршал Чойбалсан онцгойлон анхаарч байсан гэдэг. Учир нь Чойбалсан, Чойжин буух эрдэм чадлыг эзэмшсэн Бодоо ламын гэрт өсөн хүмүүжсэн төдийгүй түүний өргөмөл хүү байснаас гадна дээр өгүүлсэнчлэн хувьсгалын үг яриаг энэхүү сүмд нууцхан шивнэсэн анхны долоогийн нэг байсан билээ.

1942 онд Чойжин ламын сүмийг “Шашны түүхийн музей” болгосноор 1969 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийх, тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалтай музей байсан юм. Харин 1962 онд Чойжин ламын нууцлаг ертөнц эгэл ард түмэндээ анх үүд хаалгаа нээснээс хойш Чойжин ламын сүм музей гэж нэрийдэх болжээ.

Чойжин ламын сүм нь Монголын төрийг муу зүгийн ад зэтгэрээс хамгаалах ариун дагшин газар төдийгүй соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг түүхийн нугачаанаас аварч гарсан гайхамшигт орд юм. Чойжин ламын музейд хамгаалагдан хадгалагдсан үнэт зүйлсүүдээс Богд хааны ордон музей, Занабазарын дүрслэх урлагийн музей, Улсын төв номын санд шилжүүлэн сан хөмрөгийг нь баяжуулсан юм. Тухайлбал IV богдын Түвдээс авчирсан 108 боть Ганжуур ном Лхашидын тарни гүн ухаан, анагаах ухааны бүтээлүүдийг багтаасан Түвдийн гар бичмэл 226 боть Данжуурыг /номыг XVI зууны үед Монгол хэлээр орчуулагдсан/ Монгол Улсын Үндэсний номын санд, харин Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей байгуулагдах үед түүх соёлын хосгүй үнэт бүтээл болох Өндөр гэгээн Занабазарын эх бүтээлээс язгуурын таван бурханы дөрвийг, Цагаан дарь эх болон цамын баг бүрэн өмсгөлийн хамт танка, зээгт наамлын бүтээл зэрэг олон бүтээлүүдийг шилжүүлсэн юм. Түүнчлэн Богд хааны ордон музейд 21 дарь эх болон танка, зээгт наамлын бүтээл зэргийг хүлээлгэн өгсөн билээ.

Уран барилга, өв соёл, төрийн мэлмийг хамгаалагч энэхүү Чойжин ламын музейн цогцолбор чуулганд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан “Дэмчиггарав”, “Аюуш”, “Доржсэмбэ”, “Майдар”, “Рэнжүү”, “Минтүг” зэрэг сонгодог бүтээлээс эхлээд 1000 жилийн өмнө Энэтхэгт урласан хүрэл суврага, Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил зэрэг Халхын нутаг хошуудын алдартай уран гартны авьяас билэг, бурхан ухаан, сүсэг биширлээр, урлан бүтээсэн бурханы шашны түүх, соёлын үнэ цэнтэй 6500 гаруй бүтээлүүдийн дээжис хадгалагдан байдаг.

Ийнхүү илүү сартай хаврын хоног өдрүүдэд зунтай урьтаж золгосон Чойжин ламын музей надад түүхэн гарвалаа өгүүлсэн бол дараа дараагийн удаад өөрийн үнэт нандин бүтээлийн түүхийг нэг бүрчлэн дэлгэн ярихаа аминчлан шивнэлээ.

/Үргэлжлэл бий/ЗӨВЛӨХ ЗӨГИЙ сэтгүүлээс авлаа.

Миний анхны сэтгүүл зүйн бүтээл

Миний бурхан МИНИЙ ТООНОТ –ын нүүр царай болсын

Амьсгал бүрээ мэдэрч, хором бүрээ үнэлж амьдрах сайхан биш гэж үү.
Сэтгэл минь дэнсэлж донсолохдоо амархан, гуниж гутрах нь энүүхэнд авч эргэн сэргэж, өөдрөг тийшээ хөлбөрөх нь түүнээс илүү амархан билээ.
Ажил бүтэхгүй, явахгүй болохоор уур минь хүрэх ч нэгэнт эхлүүлсэн ажлын цэгийг тавьж, зөөлөн шинэхэн бяслагны шар шүүсийг шахах нь ямар кайфтай гээч.

Дипломан дээр сэтгүүлч гэж бичүүлсний хэргийг гаргаж сэтгүүл зүйн анхны бүтээлээ эх барьж авлаа.
Сэтгүүлдээ би сэтгүүл зүйн бичлэг оруулахаас гадна мэдээж арай нэг хийж зуршсан орчуулга хийх давуу талаа ашиглан “ажиллаа”.
Сэтгүүл маань интернет бүр тодруулбал блог ертөнцөөс төрж бодитоор мэндэллээ гээд хэлчихэд нээх буруудахгүй болов уу.
Арсун ахынхаа “цүнхэнд багтдаг” монгол гэрийг сэтгүүлийнхээ хуудсанд багтааж, Номинчимэд ахынхаа тусгаар тогтнолын бахархалыг үг үсэг бүртэй нь аравнаалж, зүрхэнд минь, бодолд минь уяатай явдаг Монгол хүний бахархал, үнэ цэнэ, би Монгол хүн болж төрсөнийхөө хувь зохиолыг илтгэх бичлэгүүдийг түлхүү оруулан шингээхийг эрхэмд үзэн мөрөөдлийнхөө эхлэлийг энэ сэтгүүлээр тавьж чадлаа гэж хэлэхдээ таатай байна.

Эх барьж авсан бүтээл маань “Зөвлөх зөгий” нэртэй. Хачин жигтэй нэр байна уу.
Жигтэй нэрлэгдсэн сэтгүүлийн маань эхний хуудсыг л эргүүлэн тойруулаад хараарай. Эхний өгүүлбэр нь л таныг хөтлөөд нэг мэдэхэд арын хуудсанд аваачсан байх бий. /ТОМРОВ ХЭХЭ/ Энэ зурагны өнгө жаахан сонин байгаад байна энэ линк дээр дарж гоё өнгийг харна уу

Сэтгүүлд минь багтсан мэдээлэл бүрийг үнэ цэнэтэй, хүнд хэрэгтэй, хийж хэрэгжүүлж болохоор ядаж л мэдээлэл нь архив болон үлдэж мөнхүү оюунд тань бодрол хөврүүлэхээр байгаасай гэж бодож ажилласан юм шүү.
Бодрол хөврүүлж, мэдээлэл өгөх сэтгүүлийн минь дизайн үнэхээрийн гайхалтай, аргагүй л эмэгтэй хүний торгон мэдрэмж, өнгө будгийн гайхашигт хослол цогцлон бүрдсэн гээд хэлчихэе. Аргагүй дээ Юнителийн урдаа барьдаг ганц том дизайнер хийсэн юм чинь ГЭЭД Л АХИАД НЭГ ТОМРОНОО.

Сэтгүүл зүйн багш маань агуулга, хэлбэрийн нэгдэл гэж их ярьдаг байж билээ.
Агуулга, хэлбэрийн нэгдэл. Сэтгүүл уншихад урамтай сайхан, харахад гэгээтэй дулаан сэтгэл татам байх хэрэгтэй. Энэ л утгаараа харц хөтлөх дизайныг Юнителийн дизайнер тун сайн шийдэж чадсан юм.
Зөндөө магтаад байна уу ХЭХЭ. Залуу хүмүүст магтаал бурам шиг хэрэгтэй биш гэж үү.
ЭНЭ ЗАВШААНЫГ АШИГЛААД гэдэг шиг Бэлэн Сэнгэ нэрээр Блог ертөнцөд алдаршсан Айдоо эгчдээ дэмжиж туслаж, урам өгч бурмаар тэжээж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Оогийноо давруу юм болохоор Адьяа эгчээс салахгүй наалдан ПАД.
Мөн бас 25-р суваг телевизийн хөтлөгч, найз, хөөрхөн Номиндоо сэтгүүлд минь өнгө нэмж зургаа авахуулахыг зөвшөөрсөнд баярлалаа, зургийг тасархай авсан Идодоо, сэтгүүлийн менежер басхүү жаахнаараа авч цангаргатай сайн захирал Ууганаадаа бүгдэд нь баярлалаа.
Баг маань сэтгэл нийлсэн залуусаас бүрдсэн учраас ажлын чөлөө заваараа сэтгүүл дээрээ үүр цайтал сууж байхдаа унтах нойрныхоо хойно урдаас харамсан хорогдоод байх юмгүй байлаа шүү ГЭЖ.
Сэтгүүлийнхээ дээжээс Арсун ахдаа, Номинчимэд ахдаа бэлэглэнээээ. Арсун, Немо миний хүүхдүүд “борооны охиноосоо” бэлгээн ирж аваарай.

Өө нээрээ мартах нь!!!!!!!! Оогийноо би бээр 4 хэсгээс бүрдэх сэтгүүлийнхээ МИНИЙ ТООНОТ хэсэгтээ хамгаас их ач холбогдол өгч ажилласан. Энэ хэсгийг та анхааралтай уншиж хариултаа өгөөрэй. Урьд хожид хаана ч гарч байгаагүй ХОВРЫН мэдээлэл байгаа шүү. /БАС Л ТОМРОЛТ ХЭХЭ/ Дээр байгаа миний бурхан МИНИЙ ТООНОТЫН нүүр царай болж зургаа авахуулсан юм. За Зараа ахад загнуулсааааан. Энд тэнд зургийг нь тавилаа ингээд... Би уг нь Зараа ахын үгийг тун сайн дагаж, аль болох зургийг нь тавихаас түтгэлзэж байсан юм. Энэ удаад тэвчсэнгүй шүү.

За ингээд Оогийноогийнхоо сэтгүүлийг уншаад сэтгэгдэлээ үлдээгээрй БЛОГ АНД НАРАА.
Зөвлөх Зөгий нэртэй сэтгүүлийг худалдан аваарай залуусаа. Бие биеэ дэмжийлдээ ТИЙМЭЭ.

Аз жаргал

Өнгөрсөн жилийн үнэхээр аз жаргалтай байж билээ. Гэр бүлийхэнтэйгээ сар гаруй Архангай, Өвөрхангайн үзэсгэлэнт байгалиар аялаж Хөвсгөл нуурын эрэг дээр хоёр майхнаа зоон хэдэн өдөр болсон минь санаанаас ердөө гардаггүй юм. Бодох тусам Хөвсгөл нуурын гүн цэнхэр мандал, асгаран буух борооны дуслаар буржигнах нуурын мандал, амгалан хөвөх усны шувууд, зөөлөн хөрс гээд л ....


Сэтгэл зүрх тэр чигтээ амар амгалан. Хамгийн ойр дотны хүмүүс маань бүгдээрээ хамт байсан болохоор хотын амьдралд яарч зүтгэх нь үгүй.


Өглөө эртээ сэрчихээд майхныхаа завсараар нуурын мандал хараалан хэвтэх тун сайхан.


Тааваараа хүссэн газраа буудаллан, тогоогоо тавиад хоолоо хийгээд идчихнэ.
Хийн зуух гэх авч би түүнийг төдийлөн таашаадаггүй. Түүний оронд дүү нартайгаа мод, аргал түүгээд нүдээ хорстол үлээж гал асаан тулгын гурван чулуун задгай гал дээр хоол цайгаа бургилан буцалгаад идэх сайхан.

Хээрийн гэр. Хоёр майхан. Гал тавиагүй шүү. Шумуул хөөж байгаам хэхэ. Ер нь тэгээд багачуултайгаа аялалаар явахад наад зах нь чихрийн ганц цаас байсан ч машиныхаа хогийн уутанд хийж, түүдэг тавьсан ч ойр орчимоо сайтар харж гал алдахгүй байхыг бодох хэрэгтэй гэдгийг анхааруулж байх нь зүйтэй. Аялалаар яваад байхаар дүү нар маань ч гэсэн байгальтайгаа зөв харьцаад сурчихдаг юм. Ганц шүдэнзний модыг ч тоомсоргүй хаяхгүй байх гэдгийг ойлгож байна гэдэг чухал.



Хээрийн хүмүүст хээ байх биш дээ. Аян зам нийлсэн хүмүүстэйгээ нэг үдшийг өнгөрөөж, яриа үүсгэн галын наадам хийж шоудаад л. Их сургуулиа төгсөөд ажилд орохоосоо өмнө Азийн орнуудаар аялаж байгаа гэх эдгээр Франц залуучуудтай хоёр өдөр нэг газар буудаллан түүдэг гал тойрон суугаад дуу дуулж, бүжиг хийн, ярилцаж өнгөрөөсөн.
Хоёр хоногийн дотор багагүй найзууд болж чадсан шүү.


Ингэхэд Монголчууд маань шүд, нүүр гараа угаахдаа голын усанд шууд угаачихдаг. Бас л буруу мэт. Хөвсгөлийн эрэг дээр байхад эдгээр залуучууд жижиг шилэнд ус хийж аваад нуурын эргээс холоо очоод угаагаад байсан. Их зөв санагдаж байсан шүү. Ганцаас, жижигээс бүх зүйл эхлэнэ.


Хамгийн их таалагдсан газар Төвхөн хийд: Уулын тагтан дээр барьсан хийд. Ирээдүйд нээх сайхан амьдрал "зохиохдоо" хэхэ хүүхдүүдээ дагуулаад Монголынхоо үзэсгэлэнт газраар зун бүр аялал хийнэ. Дараа нь өөрсдөө чадлаараа олон улсуудаар явж үзнэ биз. Эхлээд эх орныхоо сайхныг мэдэрсэний дараа явбал гадны хүний өмнө хэлэх үгтэй, жиших юмтай бахархах зүйлтэй байх байх л даа гэж бодоод байгаам.

Энэ жил ч мөн хамаг юмаа ачиж аваад гараад өгнө дөө. Би тогоо шанага, түмпэн саваа хачигнуулаад, хөнжил гудсаа бөөгнүүлээд л ... Зураг буулгагчаа ташаандаа, жижиг дэвтэрээ өвөртөө, үзэг харандаагаа чихнийхээ ард хийгээд л гарах ч үнэхээр сайхан шүү

Эргээд бодоход бие биенээ ойлгох, хамгийн үнэтэй нандин эрхэм зүйлс болох гэр бүлээ хайрлах сэтгэл аялалын өдрүүдэд улам батжидаг мэт. Эцсийн эцэст миний хийж, бодож байгаа бүхэн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө л байдгаас хойш. Сайхан бүхнийг дэргэдээсээ, ойрхоноосоо мэдэрч амьдрах нь утга учиртай.

Намайг хүлээж байгаа тэр харийн дүр зургийг хүлээн зөвшөөрч нэг л чадахгүй юм. Би гэрээсээ явбал аймаар уйланхай, улам уярамтгай, гэгэлзүүр болчих байх даа.

Яагаад гэдгийг чи хэлээч



Яагаад гэдгийг чи хэлээч
Шинэхэн юм шиг сэтгэл ингэж догдолдогийг
Яагаад гэдгийг надад хэлээч
Хөнгөн баяслаар сэтгэлээ сэргээж
Зөөлөн мөрөөдөж, далдуурхан гунигладагийг
Сэтгэлийн гүндээ нууцхан үгүйлэн хайрлах
Мөрөөдөмтгий бяцхан оч
Хөгжилтэйгээр бадамлан асдагийг
Тоомжиргүй эрхэмсэг, эрэмгий харцанд
Бэргэн хөөрч ичингүйрдэгийг
Яагаад гэдгийг надад хэлээч

Мөнгө олохгүй ч (гэртээ би хамгийн бага орлоготой болохоор намайг гэрийхэн маань мөнгө олдоггүй хэрнээ хамгийн их ажилтай хүн гээд байгаам, хийж буй үйлдэл бүрээ мөнгөөр үнэлүүлдэг хүмүүст хийж байгаа бүхэн минь ихэд ойлгомжгүй гэдэгтэй санал нэгдэнэ л дээ ХЭХЭ) ажил ихтэй, нойр багатай ч өглөө бүр хөшигний чөлөөнөөр зуравсхан шагайвчилах нараар үнсүүлж, дулаахан анхилуун хөнжилдөө тэврүүлэн сэрэх юутай сайхан, юутай жаргалтай.

Нүүрээ хүйтэн усаар нэг шүршээд, урьд өдөр нь бэлдсэн хувцасаа хальт мулт шургуулж аваад чихэндээ хөгжим дуугарган баруун мөрөндөө ноутбүүкээ үүрээд, зүүн гартаа цүнхээ бариад дүүгийн машинд амжиж сууна хотын төвийг бараадна.

Хотын төвд амьдрал ориголон, бориглоно. Энэ долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригууд дүрэм журамд барьцаалагдан, албаны хувцсанд цус багтран боогдсон өдрүүд байлаа. Төр түшилцэж байгаа багагүй өндөр албан тушаалтантай уулзахаар цаг тохирсон тул тухайн хүнээ хүндэтгэж албаны цэвэр хувцаслах ёстой байлаа. Өндөрдүү өсгийт, хар юбка, захтай цамц эсвэл пиджак .........

Өчигдөр бол тэс ондоо. Өмд, намхан гутал. Жинхэнэ эрх чөлөө. Өдөржингөө оффислон хөмсгөө атруулан тачигнуулж байгаад оройхон шиг цүнхээ үүрээд удахгүй их хувь заяаг шийдэх хуваарьт ажлаа бодон нэгэн байгууллагыг зорьлоо.
Өөртөө амар чөлөөтэй хувцасласан тул зорьсон газраа хүртэл алхахаар шийдэв. Гадаа орчлонгийн тоосыг хотын сул хогтой туусан ууртай салхитай байсан ч мөрөөдөлдөө хөвөн хөгжим сонсон алхах сайхан байлаа.

Тэр нэгэн явдалаас хойш хэн нэгэнд яг түүнд татагдаж байсан шиг тэмүүлэхгүй байх гэж бодож байсан минь үгүй юм болов уу. Яг шинэхэн юм шиг хэн нэгэнд сэтгэл минь цагаахнаар, хариу хүсэлгүйгээр татагдаад байх шиг. Зүрхэний далд нууцхан бадамлах бяцхан оч хөлийг минь улам хөнгөрүүлж үүлнээс үүл дамжин нисэн буун яваад л ....
Биений ил далд нүх сүв бүхэнд хумхын тоос нэвчин бөглөх авч хүзүүний нимгэн алчуурт шингээсэн тансаг үнэр, өөрийн минь үнэртэй холилдон сэнгэнэх нь нэг л таатай мэдрэмж. Өөртөө дурлаад ч байх шиг ...
Хаврын хахирган шороотой хуурай салхи, хотын бачим ууртай машины дуут дохио, ар араасаа давран давхацах их ажил, хүмүүсийн уур бухимдал юу ч миний хөнгөн аз жаргал, нууцхан бадамлах дурлалын очыг унтрааж чадахгүй бололтой.
Ажил ихтэй байхад ....... хэхэ
Даанч тэр мэдэхгүй, анзаарахгүй ч үгүй, би ч мэдэгдэхийг үл хүснэ.

Ёстой яаахаа мэдэхээ байчихийн

Би нэг хүнийг харахаараа ёстой яаахаа мэдэхээ байчихийн. Харангуут л өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж байгаа мэт газар дээрээ нам тээглэж, хамаг байдаг бие салганаж чичрээд, хоолой ам өөрийн эрхгүй нялхарч уясаад, үнсэхэд ч хүртэл багадмаар санагдаад бүр байтлай хазаад авбал л хамаг хүсэл биелэх гээд … ядаж байхад хазаж болохгүй болохоор бүр хэцүүү мооо.
Хараад л хайр хүрнэ, хайр хүрсэний дараа шууд “террорист” сэтгэлгээ сэдэрч шүд ам хавираад, шүлс савираад байхынмаа. Яаахаараа ийм хайр байдаг байнаа.
Өмнө нь би хэнд ч ингэж хартайгаар, бүр “террорист” хандлагаар хайртай, дуртай болж байгаагүйм байна.
Харвал л хамаг ядаргаа арилчих шиг санагдаад үнсээд л үнсээд л үнэрлээд л үнэрлээд л байхыг хүснэ. Орой болгон тэврээд хамт унтах гэхээр даанч намайг “мөөмгүй” гээд тоохгүй юм.

Хайртай дүүгийн маань хүүхэд гараад одоо яг 8н сар болж байна. Миний ганц шүтээн, “Бурхан”, … Зулзагаа харахаар л аль байдаг сайн сайхан, ховрын үг дуусаад байхын.

Одоо ёстой муухай дээрээ байгаа. Нээх том нүдээрээ над руу цоо ширтэнэ. Харсан болгоноо авч ам руугаа хийн орчлон ертөнцийг амаараа танин мэдэж байгаа гэгээхэн зулзага манайд байгаа.
Дүү маань эхнэрээ жирэмсэн байхад “Охин гараасай. Тэгвэл ганц эгч минь маш их баярлана” гэж байнга хэлдэг байсан гэдгийг сүүлд бэрээсээ сонсоод дүүгээ хараад улам хайр хүрээд байж билээ. Харин ч миний хөөрхөн дүү азтай, ууган хүүхэд нь голомт залгах нуган үр төрсөнд нь би маш их баяртай байгаа. Эрэгтэй, эмэгтэй ялгаа юу байхав дээ. Тэр сайхан “бурхад” чинь.

Баяр баясгалан, инээд хөөр бэлэглэгч. Зулзагын маань тонтгор аав нь наддаа л жаахан дүү минь хэвээрээ. Наддаа жаахан зулзага маань өөрөө бас зулзагатай. Хөөрхөн байгаа биз. Зулзага нь янз бүрийн ид шид үзүүлбэл “Оогий эгчээ хардаа. Сууж байна, инээж байна, баачихлаа, шээчихлээ” гээд юм болгоныг нь бид онц сонирхолтой кино, ший үзэж байгаа юм шиг харж баярлана хөөрч, өхөөрдөнө.
Нэг л мэдэхэд хоёр шүд, нөгөө мэдэхэд дөрвөн шүд. Одоо бүр зургаан шүдтэй гээд боддоо.
Миний муу алаг зулзага хөдөлгөөн гэж айхтар. Аав нь нэг хөлд оруулагч авч өгсөн чинь одоо тэрүүгээрээ хоёр өрөө, галын өрөөний хооронд Шумахир шиг л жолоодон давхина гээч.

Хөгширөөд тэгээд ч байгаа юм уу. Өмнө нь ингэж их хүн хайрлаж байснаа санахгүй л юм. Би гэртээ хамгийн чанга дуутай, орилоо хүн. Зулзагаа хараад л хэлэх байх үгээ олж ядан орилж гарна. Зулзага маань намайг хараад үгийг маань ойлгоод байгаам шиг байгаан. Гараа дэвээд л, толгойгоо сэгсрээд л, нүд нь гэрэлтээд л янз бүрийн авиа гаргаад миний урдаас орилж гарна. Сүүлдээ ховрын сайхан үгс дуусаад урдаас нь би бас зулзагынхаа авиагаар ярьж гарна. Орилж орилж байснаа хөгшин, залуу хоёрын хоолой хатаад нэг нь аяга ёроолдон, нөгөөх нь ээжийнхээ мөөмийг үмхээд авна.

Сая манай бэр “таныг байхгүй болохоор Идэрээ таг гайхширалын байдалтай болчихийн.” гэж байгаам. Чанга яригч нь байхгүй болчихоор зулзага маань хэсэгтээ л “шоконд” орчихдог юм шиг байгаан.
Би муухай зулзагадаа гурван настай болохоор нь цав цагаан төгөлдөр хуур авч өгнө гээд амалчихсан. Хүнд авч өгөхөөр амласан ганц том бэлэг маань тэр.
Манайх чинь адуу шиг тачигнатал давхидаг харчуудтай. Хамгийн багад тооцогдож нэг хэсэг “од” болдог байсан 2-р ангийн үеэл ах нь хөлбөмбөгийн улаан панат. Хэн хэн ч гэнээ бүх хөлбөмбөгчдийг нээх урт бүтэн нэр, удам судар түүх намтар, амжилт бүтээлтэй нь цээжилээд тархи нь бүхлээрээ архив болсон нэг “хархүү” байгаам. Жижигхэн үеэл ах нь Бямба, Нямынхаа амралтаа тэсэн ядан хүлээж манайд ирэхээрээ, 8н сартай дүүдээ хөлбөмбөг ярьж өгөөд одооноос багтаа элсүүлнэ барина гээд байгаа. Тэгэхээр миний төгөлдөр хуурыг дарж суухнуу үгүй уу мэдэхгүй ээ хэхэ.
Хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай … Дуусахгүй ээээээ