Showing posts with label Р.Чойномоос .... Show all posts
Showing posts with label Р.Чойномоос .... Show all posts

Чойномын захидал – 03: Эхнэр авах

Үзэгний ир, үгний хурц нь Чойномыг төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээгдэхэд хүргэж улмаар түүний бичсэн зохиол, шүлгүүдийг нь шүүн хэлэлцэж шоронд хүртэл суулгаж байсан гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ. Өдгөө түүнийг санан дурсах, сайшаан магтах хүн захаас аваад ил, мөн их болж. Энэ удаад “Чойномын нууц захидалууд” хэмээх номыг уншиж амжаагүй бусдад, хэрэгтэй байж болох юм гээд тоймлон оруулахаар шийдлээ.
үзэл бодлоороо ах дүүсийн барилдлагатай болсон хуурай дүү Р.Чулуунбазартай хаяглан байсан тэрхүү захидалуудыг Тангадын Галсан өөриймсөгөөр эмхэтгэн 2006 онд хэвлүүлжээ.

Чойномын захидал – 03
“Хажуу-Улаан” Р.Чойномоос

... Айл гэр болж, амар төвшин аж төрж, насныхаа галтайд дуугий нь хожим чагнаж явах үртэй болох хэрэгтэй. Эхнэрийг авахдаа шилснээс, авсан хойноо зөв ханилж, амьдрал болоод өөрийн биеэр хүмүүжүүлсэн нь илүү ашигтай юм гэж би боддог (Нөхөрт гарах тухайд ч гэсэн би үүнтэй санал нэгтэй байгаа шүү. Мэдээж миний дотоод сэтгэлдээ төсөөлдөг тэрхүү арван хуруу тэгш хүн хаана ч байх билээ дээ). Ханилахын өмнө шилээд шилээд сайн авгай олж авч байгаа хүнийг би лав үзээгүй.

Хоолыг амсаж мэдэхээс биш, харж мэдэх аргагүй шүү дээ. Харин нэгэнт амссан хоолоо асгаж цутгалгүй, бас дэндүү пологдолгүй л гудрах хэрэгтэй. Гэхдээ, хоолны хордлого болж үхсэн хүн ч дуулддаг л даа. Энэ нь тун ховор тохиолдол.

Үүнчлэн яаж ч болохгүй дэмий хүүхэн хааяа байдаг боловч, тэд бол тодорхой зүйл учраас тойроод гарчихаж болдог юм.

Хүүхнийг ерөнхийдөө сонгож авах нь зүй. Тэхдээ, өөрөө бас хүүхэд сонгогдох ёстойгоо мартаж болохгүй шүү дээ ...

... харин, мань мэтийн, бичгийн үйлтэй хүмүүст, дэндүү харанхуй хүн л бүү таараасай гэж залбир!

Бас дэндүү барьдаг харгис хатуу юм уу, гэр ахуйд анхилгүй амьтан л хамгийн дэмий юм чинь тэр гэж би боддог. Энд би зөвхөн, хайрт дүү чамдаа жаахан ярихын хүсэл болж л энэ мэтийг бичлээ шүү ...

Зарим заримдагуудад зориулсан шүлэг


Загатнаагүй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шүлэг бичилгүй горьгүй
Замбараагүй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа бие гутаажээ

Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юмс төдий элбэг болжээ
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ

Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивгээр хооллогч өт хорхой мэт буюу

Дөнгүүр явбал дээрд үзэж нударгана гэнэ
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж гуйлгачин гэнэ
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаараа явбал аархахдаа зайгуул гэнэ

Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө ууж чадахгүй явж уусан хүнийг
архичин гэнэ
Уу ид гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана

Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгүй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй өнгөрвөл их зан гаргасан гэж уйлчих шахна

Дориухан явбал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишиглэнэ
Мөнгө харуулчилбал гуйж авчихаад эргүүлж өгөхгүй
Мөнгөтэй цагтаа уулзвал нэг нүдээр харахгүй цааш эргэнэ

Гэтэл энэ хүн өөрөө ямар хүн вэ?
Гэм буруугүй хазгүй гишгэдэггүй ариухан амьтан уу!!!
Гэвэл бас үгүй ээ !!!
Энэ хорвоод төрөөд гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангүй
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг үмхээчин
Зарим ийм заримдагуудад зориулж
Өөрсөн шиг нь
Заваан шүлэг нэгийг бичлээ ХАЙРАН ГАР МИНЬ

Бороо

Өчигдрийн орсон бороо үнэхээр сайхан байлаа. Би намрыг өөрөөр харах болсоон хэхэ. Бороо гэснээс, Р.Чойномын “Бороо” шүлгийг нийтлэмээр санагдлаа. Цаашид Р.Чойномын зарим нэгэн билигт бүтээлийг нийтлэж байхыг хүсэж байна. Бүтээлийг нь, зарах бус олонд хүргэх хүслийг тээж байгаа болохоор, энэ нь хууль бусаар хүний зүйлийг хулгайлсан, хуулбарласан, нийтлэсэн гэх хэрэгт орохгүй байх гэж найднам.

Бороо

Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж
Агуу их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав
Асгаран орох борооны жигд усан ширхэгүүд
Алтан ятга хуурын утаснууд шиг харагдав

Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал
Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод санаа гэмээр
Нүргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ
Түргэлэн товших хөгжмийн нэгэн аялгуу гэмээр ...

Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа
Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод
Тэргэл дугуй солонгоор уул, үүлийг далимдуулан
Тэр хөгжмийнхөө нотын гэрлийн хуулиар бичив.