Болов уу


Эхнэртэй хүн өөр хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ дурлаж хайртай болдог болов уу.

Эхнэртэй хүн хэн нэгэнд “би чамайг эхнэрээ ч хайрладаггүй хайраар хайрлаж байна” гэж үнэн сэтгэлээсээ хэлдэг болов уу.

Эхнэртэй хүний “би ганцхан чамтай байхдаа л аз жаргалтай байдаг” гэж хэлэх үг нь чин сэтгэлийн үг байж чаддаг болов уу.

Хожуу ирсэн хайрандаа үнэнч байх нь нүгэл гэж үү. Хэн нэгнийг хуурч байснаас хавьгүй дээр биш үү.

Эсвэл хайрлуулж байгаа хүн буруутан болж амьдрал хулгайлсан гэмтэн байх уу.
Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлах нь нүгэл юм гэж үү


PS: Kino uzsenii daraax “bolow uu” asuultuud …

Кайфтай

За хөөө. Өнөөдөр жаал гадуур харайлгав. Тэгсэн чинь гадаа хавар болчихсын байна ш дээ. Тэнд ч нэг хос гутал, энд ч нэг хос малгай ... Дандаа хосууд явжийнаа. Ёстой нээрээ хаврын шороонд халтардаад гүймээр санагдлаа. Хаврын шороонд халтардаад гүйх ч мөөн сайхан байдагийн. Үгүй ээ байсын!

Хавар хаварт хүмүүсийн хууч өвчин сэдэрдэг гэл үү хэхэ. Нээрээ л хавар болж байгааг мэдэрсэн юм шиг миний хууч өвчин сэдрэх гээд байх шиг. Миний хууч өвчин нь дэвхцэн цовхичон бүжиглэх гэж байгаан. Хэрэв Оогий одоогийн мэргэжлээрээ суралцаагүй бол хүслээс цаашгүй авьяас мааруухан бүжигчин эсвэл жүжигчин болох нь гарцаагүй байлаа. Ямар сайндаа 5-р анги төгсдөг жилийн хавар хөгжим бүжгийн коллежоос шалгалт ирэхэд тэнцээд хагас жил тэнд бүжгийн ангид сурч байхав дээ. Аавын дүү дургүйцээгүй бол тэр чигтээ бүжигчин болчихсоон харайж явахгүй юу. Одоо ч харин бүжиглэх нь кайф авдаг ганц зүйл болж хувирч дээ. Өөртөө таарсан сайхан хувцаслаад, эрх дураараа бүжиглэх ч үгүй мөн сайхан шүү. Оогий бүжиглэхээрээ хавь орчиноо хамаг амьтаныг мартдаг гэмтэй бас хадуурдаг. Баар хаачихаад байхад л бүжиглээд байна шүү дээ. Гэхдээ бүжиглэхэд халаалт огт хэрэггүй гоё ганган хувцас санаа нийлсэн нөхөд байхад л хангалттай. Орчин хамаагүй, хөгжим явж байхад л хаватит.

Бүжиг, Оогий хоёр эртээ урьд цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ гэдэг үеэс холбогдсон хосууд. Цэцэрлэгт байхад л Монгол ардын бүжиг бүжиглэдэг байлаа. Тэхнээ тэрийг арай мэргэжлийн хандлага руу нь оруулах гээд 2-р ангидаа УГЖ Дугараа багшийн бүжгийн дамжаанд орж байгаам. Тэр дугуйлангаас л Оогийноо гэдэг хүн од болох замаа эхлэсэн гэж .... гээд худлаа яриад эхлэхгүй юу. За ямартай ч Монголдоо урдаа барьдаг алдартай бүжигчиний дугуйланд явдаг байсан учраас театрын алтан тайзнаа анх удаа гарч бүжиглэж байсан түүхтэй. Тэгэхэд 8н настай байжээ. Ингээд л Монгол бүжиг бид хоёр 5-р анги хүртэл нөхөрлөсөн дөө.

Дунд ангид ороод Оогий орчиноо, цаг үетэйгээ мэдэрч реп бүжгийг хашраадаг болов хэхэ. Ахын пиджакийг томдуулан өмсөөд гартаа цагаан бээлий хийж байгаад л “Оддын эрэлд” энэ тэр бүжгийн тэмцээнд хамтлагынхаа журмын нөхдүүдтэй нийлэн дөрвөн мөчийг салж унатал нь шидлэн байж бүжиглэнэ шүү дээ. Ер нь бүжиглэх энэ өвчин хавар хаварт л улам ч сэдрэнэ. Гадаа гэртгүй л шороо манаргаад л бүжиглэж гарна даа.

За ингээд байж байтал ахлах ангид ороод цэнгээт бүжгийг хашраана шүү дээ. 9-р ангидаа байгууллагуудын шинэ жилээр уригдаж вальс гээчийг эргэн, цасан охид болдог байлаа. Манай ангийхан бөөнөөрөө бүжиглэх хоббитой. Ямар сайндаа 9-р ангийн Мартын 8-наар хөвгүүд нь түмпэн салад хийгээд өнөөхөөрөө манаачаа панаалдаж том заалны түлхүүр аваад оройжингоо цэнгээт бүжиг хийж баяраа тэмдэглэхэв дээ. Бас л хавар.

Оюутан цагт бүжиглэх өвчин нь гэнэт 3-р курсын хавраас сэдэрч ангийн хөвгүүн ажилладаг “Гайс” баарны байнгийн үйлчлүүлэгч боллоо. Найз охидууд гэдэг нь 10-н жилийн реп бүжгийн хамтлагийн маань жинхэнэ гишүүд болох журмын болоод багийн анд нар. Одоо ч надаас бусад нь амьдрал зохиож ээж болоод юун бүжиглэх караокедох минь гээд намайг бүжиглүүлдэг хүнгүй болох шив дээ. Хөгширсөн хүмүүс дискодож болдоггүйм гэсэн. Оогий бол шаал тоохгүй. Аягүй бол нэг дисконд үсээ өндөр боочихсон эмээ харайж байвал цаад Оогий л гэсэн үг. Нээрээ хөгширсөн болохоос үхсэн биш. Дөрвөн мөч хөдлөж байгаа цагт гоё хувцасаа өмсөөд транс бүжиглэхээс ч татгалзахгүй шүү гэж. За ямартай хавар болжийноо. Өөртөө анхаарал тавиад гоо сайхандаж, хувцас энэ тэрдээ анхаарч зуны бүжигэндээ бэлддэг хэрэг ээ. Гоо сайхандаж, бүжгийн хувцас сонгоход цаг хэрэгтэй биз дээ. Тиймээс блог минь түр баяртай.

Санаачлага гаргахад нас багадахгүй


Оршил.
Хэрэв таньд хэн нэгэнд туслах санаа байвч надад мөнгө алга, надад эрх мэдэл, албан тушаалын боломж бололцоо алга эсвэл цаг нь арай болоогүй байна гэсэн бодлоор туслалцаа хэрэгтэй байгаа нэгэнд гар сунгахаас татгалзсаар ирсэн үү. Магадгүй энэ асуулт надад ч бас хамаатай байх. Баавар гуай “Чи хоёр ээлжийн солих оймстой байж нэгийгээ бусдад илүүчилэх нь жинхэнэ утгаараа хүнд ч, өөртөө ч туслаж байгаа хэрэг” гэж хэлж байсныг би ердөө мартагдаггүй юм. Энэ үгийг хүлээн авсанаас хойш өнөөдрийг хүртэл би солих ээлжийн оймстой болох гэж өглөөнөөс орой хүртэл ажиллаж, бусдад ч дорвитойхон шиг туслаж чадахгүй байх энэ үед, цаг хугацаатай зэрэгцэн миний хэрэгцээ ч нэмэгдэж өөрийн хэрэгцээг гүйцэн түрүүлж, хүсэл шуналаа дараж гүйцэлдүүлэх гэсээр байтал нас маань харавсан сум адил шунигнан, би гэдэг хүн нэг мэдэхэд Ганданд суврага гороолж, хүрд эргүүлэн, будаа цацахаас хэтрэхгүй буянтан болж, бусдад туслах гээч зүйлийг санаж, бодож зүүдлэн мөрөөдсөөр л таяг тулсан эмгэн болох бололтой догоо.
Магадгүй Баавар гуайн хэлсэн тэр үг “чи өөрийнхөө чадах хэмжээнд хэрэгтэй хүнд нь туслаж чаддаг байх ёстой ч” гэсэн байж болох гэдгийг мунхаг би бээр хожмын идэр насандаа дүү нарынхаа хийсэн үйл хэргийг харж ойлгон бодож суунам.

Эхлэл. Ямар ч юм багаас л эхлэдэг. Тиймээс, санаа төвдөлгүй эхлүүлэх л хэрэгтэй. Монгол хүүхдийн төлөө гэсэн бидний уриалгын хүрээнд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Б.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар тэргүүтэй Нисэхийн 7-р сургуулийн 11-р ангийн сурагчид, Бадамлянхуа хүүхдийн асрах төвийн дүү нартаа сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлсэн юм.

МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИД ӨӨРСДӨӨ гэх энэ уриа нь Монголчуудынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын хувь заяаг “тэд л бололцоотой, тэд л хөрөнгөтөй” учраас туслаж байгаа юм хэмээн гадаадыханд даатган орхиж өөрөөсөө зайлуулдаг томчуудын алдаатай занг арилгаж, эрхлэж туньдаг хүүхэд насаа энэ дэлхийд мэндлэхдээ л гээж, амьдрал өөрөө хүнд бэрх гэж бодож яваа үе тэнгийн найз нартаа хүүхдүүд маань өөрсдөө санаачлага гарган туслахад нь түүнчлэн, бие биенээ дэмжин хамтын хүчээр хийж бүтээдэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа билээ. Энэ бүгдийн үр дүнд эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж чадах хүнлэг энэрэнгүй иргэн болж төлөвшин, хамгийн гол нь тэд маань нийгмийн хамгийн жижиг боловч хамгийн үнэтэй хэсэг болох аз жаргалтай гэр бүлийн сайн аав, сайн ээж болон хүмүүжээсэй гэж хүсэж байгаа юм.

Үнэндээ л Монголчууд бид ... шинэ үеийн залуучууд бид ядарсан нэгэндээ нэг нүдээ даран хандаж, алсаас ажигладаг зангаа гээн дунд нь ороод холилддог, дунд нь ороод алдааг нь засаж залруулдаг, болохгүйг нь зааж сургадаг, ирээдүйгээ бид өөрөө өөрөөсдөө бүтээхэд идэвхитэй гар бие оролцож чаддаг бил үү.

Гадныхны гарт өсөн торниж байгаа хүүхэд монголчууд бие биенээ гэдэггүй гэсэн сэтгэлээр хүмүүжиж, элэг нэгт ахан дүүсдээ гоморхоод элэг буруулсан Монгол хүн болон хүмүүжээсэй гэж та хүсэхгүй байгаа биз дээ. Үнэндээ, бидний сэтгэл гаргаагүйд гар сунгаж, гудамжины нойтон хүйтэн цементэн дээр цаас дэвсэн унтаж байсан хүүхдүүдийг өргөн авч асран халамжилж байгаа гадны сайхан сэтгэлтэй хүмүүсийг буруушаах гэсэнгүй ээ. Хамгийн гол нь сэтгэл байхад бүгдийг байгаагүйгээс эхлүүлж чаддаг, эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж чаддаг, сэтгэл байхад бүгдийг бүтээж чаддаг гэдгийг тэд эх оронд минь ирээд бидний нүдэн дээр хийж бүтээж харуулж чадаад байхад бид өдөр бүрийнхээ нормын жижигхэн ажилдаа түүртээд, өөртөө ч өрөөлд ч цаг, сэтгэл гаргаж чадахгүй шар нар, бор хоногийг өнгөрөөн амьдарч байгаа нь хөөрхийлэлттэй санагдаж байна. Иймээс ирээдүйгээ гэсэн Монгол хүн таньд ч гэсэн тийм нэгэн сайхан сэтгэл байхгүй болсон гэдэгт бид итгэхгүй байна.

Энэ буруу сэтгэхүйг бид өөрчлөхгүй бол хэнийг өөрчил гээд ирээдүйгээ лонхтой шар аргатай хамт гударч мансууран, ирээдүйгээ тамхины иштэйгээ халмагхан шүлстэйгээ холин газар руу нулиман дэвслэчихээд амаараа дүүрэн Англи үг урсгаад “гэгээрээд” яваам вэ.

Бид таны найзуудтайгаа жарган зугаацах шар айрагны мөнгөнөөс хумслахаар гуйсангүй, бид таны залуу насны ааганд өнгө эрээлсэн тансаг хүүхний гуя илж тавлан суух цагнаас хороож жаргахын эрхийг хязгаарлая гэсэнгүй, бид таны гэрт орж хүүхдүүддээ хийж өгсөн аяга хоолноос нэг халбага хоол гувшихгүй ээ.

Зүгээр л таниас тархиндаа бидний санаачлагыг жаалхан тунгааж, өөрөө цаашид юу хийж чадахаа бодон, бидэнд хэлээч, бие биенээ дэмжээд хамтдаа ирээдүйгээ бүтээлцье гэж хэлэх гэсэн юм.

Тэгээд ч бид өнөөдөр өөрсдөө ойлгож ухаарч чадахгүй гэвээс дүү нараасаа суралцах хэрэгтэй юм байна гэж бодон дүү нарынхаа хийсэн сайхан үйлсийн талаар хүргэе.

Сэтгэл байвал халаасандаа 200 төгрөгтэй байхад л хангалттай. Аав ээжээсээ унааны мөнгө авдаг тэд маань, сургуулийнхаа хүүхдүүдийн дунд “ХУУЧИН Ч ГЭСЭН ЦЭВЭРХЭН ХУВЦАСАА ДҮҮ НАРТАЙ, НАЙЗУУДДАА БЭЛЭГЛЭЕ” гэсэн уриаг гарган долоо хоногийн аян өрнүүлжээ.
Тэдний энэ хөдөлгөөний гол санаа нь заавал шинэ байх албагүй харин ч өөрийн хайртай хувцасаа цэмцгэр угаан, нямбайлан эвхээд найзууддаа өгөхөд чиглэж байсан.
Сайхан цэвэрлэж угаасан хувцасыг сайхан үгээр эвлэж өгөх нь, брендийн шинэ хувцасыг шидлэн өгсөнөөс хавьгүй дээр гэдгийг дүү нар маань биднээс урьтаж ойлгосон хэрэг.
Өөрөөр хэлбэл, ядарсан нэгэнд чи ядарсан болохоор миний хуучин хувцас өмсөж байгаан, чи ядарсан болохоор би чамд шинэ боловч надад илүүдсэн хувцасаа өгч байгаам гэсэн сэдэл төрүүлэхээр биш, би таньд өөрт байгаа зүйлээр туслахыг үнэн сэтгэлээс хүсэж байгаам шүү гэдгийг үйл хөдлөл, үг хэлээр ойлгуулахад оршиж байсан билээ.

Харин өнгөрсөн Лхагва гарагт дүү маань ирээд “Оогий эгчээ нэг хүүхэд уг нь хуучин хувцасаа өгөхийг маш их хүсэж байгаа боловч, Ээж нь дургуйцээд муусайн асрамжийн юмнуудад өгч байснаас шатаасан дээр гэж байна. Тэгэхгүй бол манай гэр орон, хүүхдүүдийн хийморь үхнэ гээд өгөхгүй байна гэнээ. Би тэр хүүхдэд юу гэж хэлэх вэ” гээд надаас зөвлөгөө авахыг хүслээ.

Би тэр хүүхдэд “ахын дүү баярлалаа. Ээж нь тэгэж хэлээд өгөхгүй бол яахав дээ. Гэхдээ ах нь чамайг тусласан гээд нэрийг чинь бичээд хүүхдүүдэд заавал хэлнээ” гээд явуулчих гэлээ.

Аливаа сайн, муу үйлийн үр бүхэн өөрийн сэтгэлээс үүдэлтэй байдаг билээ. Хэрэв хүн ямарваа нэгэн үйлийг хийхдээ муу муухай сэтгэлийг агуулан үйлдвэл хичнээн сайн үйл байсан ч тэр нь урвуугаар эргэх нь ойлгомжтой юм. Энэ утгаараа, хэрэв тэр ээжээс албадан байж хувцасыг нь авбал дараа нь холбоогүй ч гэсэн ямарваа нэгэн муу муухай хэрэг тохиовол муусайн асрамжийн юмнуудад хувцас өгсөнөөс боллоо гэж хар буун тэрнээсээ эс юм болох бизээ. Үнэн чанартаа асрамжийн юмнуудад хувцас төдийнхөн өгсөндөө биш, өөрийн муу бодлын сэдлээр хийгдсэн үйлийн үр болгон эргэн бууж байгаа нь тэр бизээ. Үнэндээ, цаг зуурын байдлаар, нийгмийн нэгэн салхинд бүдэрч зүдэрч яваа ядуу хүмүүст миний эргэн тойрны хүмүүс тусласанаар муудсан түүхийг би хувьдаа мэдэхгүй юм билээ.

Ая тал засан бялдуулчлахын тулд олон саяын байр байшин өгч тусласанаас, яг хэрэгцээтэй хүнд нь нүдээ олон ганц тэвэнгээр туслаж чадвал тэр хүний баярласан сэтгэл, цагаа олоогүй тусаас ирсэн баярлалаагаас мянга түм дахин арвижин буух нь лавтай.

Тэр ээжийг 11-р ангийн, өөрийнхөө хүүхдээс дутуу сэтгэж яваад нь харамсанаас гадна зөв бодолтой хүүгийнхээ сэтгэлд бүү хар буулгачихаасай гэж бодож байлаа. Магадгүй, өөрийн хүүхдийн сайн сайхны төлөө гэж мухар сүсэгт хэт итгэсэн эхийн сэтгэл гэж ойлгож болох авч, бусдыг хүмүүжүүлдэг бусдыг асран тэтгэдэг эх хүн алсыг харж аливааг харьцуулан шинжиж чаддаг, өөрийн үртэй адилхан хүүхдүүдийг гэх уужим сэтгэлтэй байх ёстой бус уу гэж би бээр мунхаглан тэр эхийн “сэтгэлийг” үл ойлгон буруушааж суулаа.

Дүү нарын маань зохион байгуулсан аяны дүнд, 4 том шуудай хувцас цугларч нөгөөдүүл маань хувцасаа машин олж, хүндхэн ачаандаа түүртсээр Бадамлянхуагийн хүүхдүүдэд аваачиж өгсөн юм. Бид дүү нартай туслаад машин гаргаж өгч болох байсан ч нэгэнт эхлүүлсэн ажлаа өөрсдөө өөрсдийн гараар эцсийг үзэж дуусгах хэрэгтэй гэж бодсон билээ. Бадамлянхуагийн хүүхдүүд ах нартай баярлалаа гээд бяцхан урлагийн тоглолт хийж үзүүлсэн нь тэднийг маань улам бүр хөөрөн баясаж өөрсдийн хийсэн ажлаараа бахархах сэтгэлийг төрүүлж чадсан байна лээ.








Ямартай ч дүү нар маань гадны эмэгтэй Монгол хүүхдийн төлөө ямар их зүйл хийж байгааг олж харан, тэр хүнээр бахархаж, цаашид бид өөрсдөө, өөрсдийнхөө төлөө ийм сайн сайхан үйл хийж яагаад болохгүй юм гэсэн бодолтойгоор өөр өөрсдийн хүссэн мэргэжлийг эзэмшээд ирээдүйдээ туслах ёстой юм байна гэдгийг ойлгож, улам ч ихээр шамдан суралцах урамыг авсан нь олзуурхан онцлууштай үр дүн байлаа.
Мэдээж, энэ ажлын үр дүнд САЙХАН ИРЭЭДҮЙНХЭЭ ГАРТ САЙХАН ИРЭЭДҮЙГЭЭ ДААТГАЖ ӨГӨХ.

Бас хүнд туслах сэтгэлд, бусдын төлөө гэсэн сэтгэлд нас багадахгүй, овоож оцойсон мөнгөтэй байх шаардлагагүйгээс гадна автобусны 200 төгрөг халаасанд нь байхад л болох юм байна гэдгийг дүү нар маань ойлгосон юм.
Энэ ажлыг зохион байгуулсан хайртай дүү Б.Бат-Эрдэнэ, найз нар нь болох Давгасүрэн, Батбаяр болон Б.Батбаатар нартаа чин сэтгэлийн гүнээс талархасанаа илэрхийлж элсэлтийн шалгалтандаа амжилттай оролцоосой гэж хүсье.

Та өөрийн шинэ санал санаачлагаа Монгол хүүхэд сайтан дээр тавина уу.

Чойномын захидал – 03: Эхнэр авах

Үзэгний ир, үгний хурц нь Чойномыг төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээгдэхэд хүргэж улмаар түүний бичсэн зохиол, шүлгүүдийг нь шүүн хэлэлцэж шоронд хүртэл суулгаж байсан гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ. Өдгөө түүнийг санан дурсах, сайшаан магтах хүн захаас аваад ил, мөн их болж. Энэ удаад “Чойномын нууц захидалууд” хэмээх номыг уншиж амжаагүй бусдад, хэрэгтэй байж болох юм гээд тоймлон оруулахаар шийдлээ.
үзэл бодлоороо ах дүүсийн барилдлагатай болсон хуурай дүү Р.Чулуунбазартай хаяглан байсан тэрхүү захидалуудыг Тангадын Галсан өөриймсөгөөр эмхэтгэн 2006 онд хэвлүүлжээ.

Чойномын захидал – 03
“Хажуу-Улаан” Р.Чойномоос

... Айл гэр болж, амар төвшин аж төрж, насныхаа галтайд дуугий нь хожим чагнаж явах үртэй болох хэрэгтэй. Эхнэрийг авахдаа шилснээс, авсан хойноо зөв ханилж, амьдрал болоод өөрийн биеэр хүмүүжүүлсэн нь илүү ашигтай юм гэж би боддог (Нөхөрт гарах тухайд ч гэсэн би үүнтэй санал нэгтэй байгаа шүү. Мэдээж миний дотоод сэтгэлдээ төсөөлдөг тэрхүү арван хуруу тэгш хүн хаана ч байх билээ дээ). Ханилахын өмнө шилээд шилээд сайн авгай олж авч байгаа хүнийг би лав үзээгүй.

Хоолыг амсаж мэдэхээс биш, харж мэдэх аргагүй шүү дээ. Харин нэгэнт амссан хоолоо асгаж цутгалгүй, бас дэндүү пологдолгүй л гудрах хэрэгтэй. Гэхдээ, хоолны хордлого болж үхсэн хүн ч дуулддаг л даа. Энэ нь тун ховор тохиолдол.

Үүнчлэн яаж ч болохгүй дэмий хүүхэн хааяа байдаг боловч, тэд бол тодорхой зүйл учраас тойроод гарчихаж болдог юм.

Хүүхнийг ерөнхийдөө сонгож авах нь зүй. Тэхдээ, өөрөө бас хүүхэд сонгогдох ёстойгоо мартаж болохгүй шүү дээ ...

... харин, мань мэтийн, бичгийн үйлтэй хүмүүст, дэндүү харанхуй хүн л бүү таараасай гэж залбир!

Бас дэндүү барьдаг харгис хатуу юм уу, гэр ахуйд анхилгүй амьтан л хамгийн дэмий юм чинь тэр гэж би боддог. Энд би зөвхөн, хайрт дүү чамдаа жаахан ярихын хүсэл болж л энэ мэтийг бичлээ шүү ...

Амьдрал сайхааан ... Амьдралын амтыг мэдэрч амьдрах бүр ч сайхааан

Өчигдөр 3-р сарын 9-ны Ням гараг байлаа. Мэдээж энэ өдөр Оогийноо, амласан ёсоороо найзуудынхаа хамт Яармагийн Бадамлянхуа төвийн хүүхдүүдтэй Богд уулын нэгэн оргилыг зорин алхасан юм. Урьд өдөр нь, Урт Цагааны номын захаас, ном авч заншсан эгчээс хэдэн ширхэг үлгэрийн номыг худалдан авсан билээ. Сүүлийн өдрүүдэд санхүүгийн жаалхан хямралтай байгаа учраас ийш тийш таксидах, найзуудтайгаа зугаацах мөнгөө хагаслан байж хэдэн ном авсан нь цүнхэн дотроос халуу дүүгэн төөнөж, номнуудаа хурдхан шиг аваачиад шүлсээ хаттал, жавьжаа чилтэл үлгэр унших юмсан гэж яарч байсан юм.



Өдрийн 12 цагийн үед Бадамлянхуа төвийн үүсгэн байгуулагч, захирал болох Австрали эмэгтэй Диди (энэ бол санскарит нэр бөгөөд Монголоор “Эгч” гэсэн утгатай ажээ), Хаан банкны нэг эмэгтэй, сургагч багш нартай Богд уул руу алхлаа. Оогийноо, хоёр бяцхан охинтой хөтлөлцөн явах зуур, өөрийнхөө хүүхэд нас, ямар ажил хийдэг, мэргэжилээ яагаад сонгох болсон гэхчилэнгээр ярьж, харин хүүхдүүд хариуд нь том болоод ямар хүн болох тухай, ямар хичээлдээ дуртайгаа, мөрөөдлөө гээд л амь уралдан шулагналдсаар нэг мэдэхэд нилээн өндөрт модны хаяанд ирсэнээ мэдлээ.





Нарны ээх илчэнд уясан хайлж ханзарсан цас, цасны усанд зөөлрөн дэвтсэн хөвдөрхөг хөрс, нарны гэрлээс имээн модны сүүдэрт нөмөрлөн хорогдсон цагаан цас, амьдралд тэмүүлэх зулзгана ногоон өвс энэ бүгд хавар ирсэнийг илтгэнэ. Жигүүртэн шувуу хүртэл модны оройд үүрээ засан тухалжээ.





Бадамлянхуа төвийн захирал, Австрали эмэгтэй санскарит нэртэй болохыг би дээр дурьдсан. Энэ нь түүнийг иога, бясалгалаар хичээллэдэгийг нотолж байгаа биз.
Ойн намуухан цоорхойд бид түр саатан, зөөлөн хөвдөн дээр замбилан суугаад 20 минут бясалгал хийсэн юм.

Нүдээ аниад, анхаарлаа сэтгэлийн чанд руу чиглүүлэн ажааран суухад холын тэртээх тоншуулын чимээ сэтгэлийн үүдийг тогшиж, нэр нь үл мэдэх шувууны жиргээ, зөөлөн хөрснөөс өндийн ургах зулзгана ногооны зүрхэний лугшилт, модноос модноос, мөчирнөөс мөчир дамжин саатсаар хацар дээр ирэн буух хаврын уяхан салхины үнсэлт сэтгэлийн минь гүн руу шинэ эрч хүч, хүсэл тэмүүлэл, шинэ мэдрэмж, шинэ амьдрал шинэ бүхнийг ганцаарчилан шивнэх шиг санагдсан.

Нүдээ нээн орчиноо ажиглахад Оогийноо өөрийгөө ирж буй хавартай, зулзган ногоотой ижилсэн, амьдрал өөд улам ихээр шунан тэмүүлэх шив шинэхэн ООГИЙНОО болсоноо мэдэрч байлаа.
Амьдрал ямар сайхан юм вэ …. Амьдралын амтыг мэдэрч амьдрах ямар сайхан юм вэ гээд орилмоор, уулнаас уул дамжуулан, үүл үүлнээс рүү өндөрөөс өндөрт тэнгэрийн үл мэдэх хязгаар хүртэл тэнхээ мэдэн орилмоор санагдлаа. Тэрхэн зуур, ООГИЙНОО-нд элгэмсэгээр элэгсэх бяцхан хоёр дүүгээ барьж аваад үнсэхэд өнөөх хоёр нь ихэд гайхсан янзтай том гэгч харав.
ООГИЙНОО ямар азтай гээч. Хүүхэд насанд амьдрал ООГИЙНООД хатуу хандан нүүрээ буруулсан мэт санагдаж байсан саяхан боловч, сайхан сэтгэлтэй томчуудын хайраар хүмүүжин, өнөөдрийг хүртэл дандаа сайхан сэтгэлтэй, сайн хүмүүстэй таарч байсан нь түүнийг өдий зэрэгтэй хүн болгосон юм.
Өөрт нь учирсан сайхан хүмүүсээс амьдралыг хайрлаж болдогийг, амьдралд дурлан тэмүүлсэний хариуд хүсэл тэмүүлэл түүнд жигүүр урган нисэн ирсэнийг мэдсэн билээ.
Одоо тэр бусдын хайрыг, бусдын тусламжийг харж биш бусдад хайр түгээж, бусдад гараа сунгах насандаа хүрсэнээ энэхэн зуур улам ч бүр ойлгосон мэт.
Хүмүүс түүнд амьдралыг хайрласанаар жигүүртэн болж нисдэгийг ойлгуулсантай адилхан тэр одоо өөрөө эдгээр бяцхан хүүхдүүдэд амьдралыг хайрлахыг зааж өгөх хэрэгтэйгээ ойлгоод байх шиг.

Үүний тулд өөрийгөө яаж өөрчлөх ёстой вэ?

Өөртөө тавьсан энэ асуулттай зэрэгцэн Дармапада буюу Бурханы Номын найман мөрт, салхиар өртөөлөн сэтгэлд ийнхүү аминчлан шивнэлээ.

Эхлээд өөрийгөө зөв мөрт
Эгнэгт бат оруулж яв
Өрөөл бусдыг үүнийхээ дараа
Өөд татвал зовлонд унахгүй

Өрөөлд тустай байлаа гээд
Өөрийгөө битгий гаргуунд хая
Өөдөлж дэвших замаа чиглэж
Өнөд түүнээ баттай зорь


Тийм шүү. Ямар үнэн хэлээ вэ. Эхлээд ООГИЙНОО өөрөө атаатны өмнө гэгээрэгч байх, хатуугийн өмнө зөөлөн байх, сэтгэлээрээ, оюун санаагаараа, боловсрол мэдлэгээрээ, үзэмжит зөв төрхөөрөө сайн сайхан болох суурийг баттай тавих ёстой юм байна.

Энэ бүхнийг ойлгуулахын тулд хэсэгхэн зуурын цаг завыг энэ асрамжийн газрын хүүхдүүдтэй холбож өгөө вэ гэж өөрөө өөрийнхөө хувь заяанд баярлан талархаж байлаа. Яагаад ч юм, ООГИЙНОО энэ Бадамлянхуагийн хүүхдүүдтэй уулзаад гэр лүүгээ явах замдаа өөр өөрийгөө шинээр нээж, тэднээс шинээр суралцаад байх шиг санагддаг юм.

Харин энэ удаад тэдэнд туслахын өмнө өөрийн зөв баттай суурийг сайтар тавих ёстойгоо ухамсарлан ойлгож, яг одоо өөрт байгаа үнэтэй бүхнээ харамгүй зөв хайрлаж, хүндлэхээс эхлэх ёстойгоо ойлголоо.

Тиймээ би азтай юм. Яг одоо ООГИЙНООД хэзээ ч урван буруулахгүй гарын таван хуруунд багтах ахан дүүс, өдий зэрэгтэй асран хүмүүжүүлсэн хамаатан садан, хайртай эмээ, өдөр бүр хамгаас дээд аз жаргалыг бэлэглэн байдаг дүүгийн алаг бяцхан үр, хэзээд үнэнч сайхан найз нөхөд, өөрийн болгохыг чармайж яваа мэргэжил гээд юм бүхэн байна шүү дээ.
Юун түрүүнд, бусдад гараа сунган туслахаас өмнө тэр болгоныгоо улам ихээр хайрлаж, эрч хүчтэй амьдрах хэрэгтэй юм байна.

Одоо цэл залуухан байна. Мөрөөдлөө биелүүлэхээр төлөвлөсөн хугацаандаа хүрэхэд ООГИЙНООД таван жил байна. Харин энэ таван жилийн дотор боловсролоо улам бүр дээшлүүлж, үнэтэй гэсэн бүхнээ улам их хайрлах ёстой юм байна.
Амьдралд илүү их шунан тэмүүлэх энэ үед ч мөн амьдралыг бэлэглэгч хавар өөрөө хүрээд иржээ.

ХЭХЭ иймээс ойрын ирээдүйд хийхээр төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрөөс эхлээд өглөө эртлэн босохоо нэг цагаар урагшлуулан таван цагаас босож, өглөө бүрийн ургах нараар гэрчлүүлэн 30 минутыг гэр бүлийнхээ, өөрийнхөө, хүүхдийн сайн сайхны төлөөх залбирал, бясалгалаар эхлүүлж байх болно.

Энэ таван жилийг гүйцэх хором бүрийг алдахгүйн тулд ООГИЙНОО өмнөхөөсөө ч илүү их хөдөлмөрлөх ёстойгоо бяцхан дүү нарынхаа тусламжтайгаар ойлгосон шүү.

Бадамлянхуагийн бяцхан жаалуудын ирээдүйгээ сайхнаар төсөөлөн байгаа хүсэл мөрөөдөл, тэднээс ООГИЙНООд хандан сацарч байдаг эерэг энерги нь, бяцхан дүү нарынхаа ирээдүйд дэм өгөн туслах ООГИЙНООгийн тэмүүлэл болж байна.

Иймээс назгайран удааширах эрх байхгүй ээ. Иймээс, энэ бичлэгээ ООГИЙНООгийн дуртай ширээний ном болох Ким Ү Жүний “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” хэмээх сайхан номноос иш татан өндөрлэе.

“Цагийг хайрлаж гамнаваас зохино. Тухайн цаг ганц л тохиолдоно. Ганц удаагийн юм болгон үнэ цэнэтэй байдаг жамтай. Залуу ахуй үеийнх шиг цаг хугацаа нас сүүдэр хэвийсэн хүмүүсээс 3, 4 дахин илүү үнэтэй байх ёстой. Яагаад гэвэл залуу насаа яаж өнгөрөөснөөс цаашдын амьдралын утга учир, тэр хүн хир зэрэг явах нь шийдвэрлэгддэг учраас тэр.

Сайхан бүсгүй таньдаа эмэгтэйчүүдийн баярын мэнд


Зөөлнөөс зөөлөн, сайхнаас сайхан, уяханаас уяхан Бүсгүйн заяаг олж төрсөн та бүхэндээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын мэнд хүргэе.
Бүсгүй таны өмнө
Аадрын ширүүн бороо
Дусал бүрээрээ уясаж
Сүү болон шивэрдэг
Бүсгүй та өөрөө
Мөнхийн халамжит хань
Хайрын үнэнч манаач
Хайрыг, сэтгэлийг сүүгээрээ амлуулан үрдээ
Өвлүүлсэн ижий
Бүсгүй таны тухай сайхан бичлэгийг Idea эгчийн блогоос уншаарай.

Өөрөөсөө, бусдаас уучлал гуйя

Хэн байх нь хамаагүй хэний ч бай сэтгэлээс урсах эелдэг дулаан зөөлөн үгсээр, хайр халамжаар, урмаар л алив хүн, хүч аван амьдардаг нь үнэнээс үнэн юм гэдгийг энэ долоо хоногт маш их ойлгоод байх шиг. Та саадгүй өөдлөн дэвших карьертай ажилтай, юу хүссэнээ авах мөнгөтэй, өөртөө сэтгэл хангалуун гоо төрхтэй авч эелдэг дулаан зөөлөн үгс, хайр халамж, таньд хандах урам үгүй бол, та байнгийн ганцаардалд автаж, таныг тойрон хүрээлэх бүхэн утгагүй хоосон мэт санагдах болно.
Ням гарагт Яармагт байрлах Бадамлянхуа асрамжийн газарт очсоны дараа энэ бодол маань улам бүр батжиж, хэзээ нэгэн цагт хэн нэгнийг гомдоож байсан бол, улсын төв асрах газраас гараад явж байхдаа тэр газрын удирдлагуудыг буруушаан бодож байсан миний ухар мөчид бодол, хэн нэгний сэтгэлийг хөндөх муу үгс хэлж байсан бол, сэтгэл хөөрөлдөө хэт автан харалган ойлгосон “хотыхон өөрсдөө хи хи хи” бичлэгийг минь уншаад надад гомдсон тэр бүсгүйгээс – бүгдээс нь чин сэтгэлийн угаас уучлал гуймаар санагдаж байна. Санагдаж биш үнэхээр их хүсэж байна. Буруугаа ухаарсан л бол уучлал гуйх хожимдохгүй гэж би бодож байна.

Дармапада буюу Бурханы номонд
“Тэнэг гэдгээ мэдэж байвал
Тэрэнд бас гэгээ байнаа
Харин тэнэгээ мэдэхгүй бол
Харанхуй нүх шиг балар байна”
гэсэн байдаг.
Хожимдож ч гэсэн тэнэг гэдгийг бага ч болов ойлгосон надад гэгээ байнаа гэж өөрийгөө би аргадан цайруулж сууна.
Би асрамжийн газруудаар явсан эцэст, бусдын хийгээгүйг, бусдын санаагүйг санаж үйл хэрэг болгон бусдад буян болж байгаа хэн бүхэнд баярлах, талархах ёстой юм гэдгийг сайтар ухаарч байна. Хүний төлөө хийж байгаа, хүүхдийн төлөө хийж байгаа гэгээн үйлстэн бүрийг шүүмжлэх, муугаар бодох эрх хэнд ч байхгүй мэт. Учир юу гэвээс эцэг эх, төрөл садандаа гологдон гудамжинд гээгдэн бөөсөндөө идэгдэн, хүйтэнд хөлдөж, халуунд гандаж явсан хүүхдүүдийг өөрийн үр мэт хайрлан халамжиндаа авч өндийлгөж, дулаан байр саваар ханган асрамжилаж байгаа бүхэн сайн үйлстэн билээ.
Асрамжийн газраар явахад энийг нь тэгчихгүй, ингээд хийчихгүй, энэ нь буруу байна даа гэхчилэн өөлөн муучлах хомос сэтгэл төрж байх нь цөөнгүй. Гэлээ гэхдээ 120 хүүхэд байтугай нэг айлын таван хүүхдийг ч хүмүүжүүлэн авч явахад ямар хэцүү байдаг билээ дээ гэж бодохоор, өөрөө би юу ч хийгээгүй байж, бусдыг харж муучлан байснаа бодохоор өөрөөсөө үнэхээр ичих шиг болох юм.
Харин түүний оронд асрамжийн ч бай, алив бусдын дутуу бодож, хийж завдахгүй байгаа бүхнийг шоочилохын оронд урам, сэтгэлийн үгсээр гүйцээн нөхөж дэмжин, хийж амжихгүй, хийж хүрэлцэхгүй байгаа бүхнийг хийхэд нь гар сунган туслаж, уруудан байгаа нэгнийг гараас нь өргөн дэмжиж байх нь бусдыг гэх хамгийн дээд өгөөмөр сэтгэл гэдгийг сайтар ухамсарлан ойлгож байна.
Үүнийг уншиж байгаа та ч гэсэн хамгийн ойр сууж байгаа хүндээ яг одоо ганц ч болов урамын үг хэлж, дотны хүмүүсдээ хэлж амжаагүй сайхан үг бүрээ хэлэн чангаас чанга тэврэн үнсээрэй. Сайхан үг хэзээ ч үнэгүйддэггүй юм. Хамгийн хайртай хүмүүсээсээ сайхан, зөөлөн дулаан үгийг битгий харамла, битгий хайрла. Дотны бүхэндээ хэлэх тэр сайхан үг олон давтах бүрт үнэгүйдэхгүй харин ч таны амьдралыг, бусдын амьдралыг харанхуй шөнөөр тусах нарны гэрэл адил гийлгэдэг юм шүү.
Энэ ч утгаараа та гудамжинд явж байхдаа халтар гуйлгачин хүүхдээс цэрвэн бэргэхийн оронд өгөх гэж байгаа зүйлээ зүгээр нэг хоосон нойтон өгөх биш, харин ч яг оносон халуун дулаан үгээр өлгийдөн өгч чадвал тэр хүүгийн амьдралыг бүхэлд нь эргүүлж чадах зүйл хийснээ хожмоо сайтар ухаарах болно.
Тэртэй тэргүй тэднийг нүд үзүүрлэн гоочилох, хамраа даран зугтах, халтар мөнгө холоос шидэн хаях хүн захаас аваад мундахгүй шүү дээ.
Харин та тэр буруу бодолтонуудын дунд гэрэл гийгүүлэгч ухаантан нь байгаарай гэж хүсье.
Энэ сарын 9-ны Ням гарагт завтай бол Уянга бид хоёртой нэгдээд нэг өдрийг халтар бяцхан хүүхдүүдтэй сэтгэлээсээ ярилцаж, салхинд гарахыг хүсэж байна.

Үнсэлт үгүйлэх хүүхэд нас

Ням гарагт би блогчин анд Уянгатайгаа Яармагийн гэр хороололд байрлах Бадамлянхуа хүүхэд асрах газарт нэг өдрийг өнгөрөөлөө. Энэ удаагийн нэг өдөр маань өмнөх өдрүүдийг бодвол арай ондоо байсан гэж хэлж болно. Уянга маань Японд магистар хамгаалахаар сурч байгаа бөгөөд энд судалгааны ажлаар сарын хугацаатай ирсэн байгаа юм. Ажлынхан чиглэл хүүхдийн асууäàлтай холбогдсон байгаа учраас Уянгагийн санал болгосоны дагуу би бараа бологчийн үүрэг гүйцэтгэн Бадамлянхау хүүхэд асрах газрыг зорилоо. Бадамляхуа хүүхэд асрах газрын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй www.mongolhuuhed.org цахим хуудсан дээр тавих учраас би энэ удаад арай өөр зүйлийг бичихийг хүсэж байна.

Үд дундын үед Яармагийн гэр хорооллоор жаалхан төөрч будилан хайсаар Арцатын 8-р гудамжны 341 тоот хашаанд хүрч очлоо. Есөн гэр цэмцийтэл барьсан, жижиг том нийлсэн гурван байшинтай томхон хашаанд ороход хүүхдийн инээд баясалаар дүүрэн эерэг дулаан уур амьсгал биднийг угтсан юм. Өчигдөр цаг агаар тогтуун сайхан, нар ээж илчээрээ харамгүй бүлээцүүлсэн энэ өдөр хүүхдүүд гадаалан тоглож байгаа нь энэ юм.

Хашаан дотроо үсэрдэг тоглоом дээр тоглодог юм билээ. Уянга, бид хоёрыг үсрээч гээд сандаргасан шүү.

Биднийг ирэхийг урьдчилан мэдэж байсан учраас өөрийгөө нэг гэрийн багш гэж танилцуулсан жижигхэн бүсгүй Бадамлянхау асрах газрын талаар уриалгахан аргагүй танилцуулав. Энэ газарт нийт 120 хүүхэд яг өөрийн гэрт байгаа мэт амьдардаг юм билээ. 8-аас дээш насны хүүхдүүдийг нь эрэгтэй, эмэгтэй болгон өөр өөр хашаанд асардаг юм байна. Бид энэ өдөр эмэгтэй хүүхдүүд байдаг хашаанд оройн 8 цаг хүртэл байсан боловч гэр болгонд ороод тоглож зургаа авахуулах гэх мэтээр саатаж байсан учраас бүх хүүхдүүдтэй нь бүрэн танилцаж хараахан амжаагүй юм.
Бадамлянхуа төвийн 0-2 насны нялхуудыг арын том байшинд тусгай асрагч эгч халамжилан, 3-6 настай хүүдүүдийг нь мөн л хоёр байшинд Оюунаа, Заяа гэх хоёр эмэгтэй асрамжилдаг бол 8-ээс дээш настай хүүхдүүдийг гэр барин 9, 9-р нь нэг асрагч багштайгаар хамт амьдруулдаг юм билээ. Том хүүхдүүдийг ингэж нэг гэрт хамтдаа амьдруулах нь аль болох гэр бүлийн уур амьсгалыг төрүүлэх зорилготой гэж Монгол захирал эмэгтэйн тайлбарлаж байсан юм.
Бидний хамгийн түрүүнд зочилсон гэр маань 10-15 насны 9 хүүхэдтэй айл байлаа. Миний хувьд анхны уулзалт маань жаахан биеэ барьсан, үг хэлээ нарийн хянаж, цэнэсэн байдалтай... Яагаад гэвэл буруу зүйл асуугаад, яриад хүүхдийн эмзэг сэтгэлийг хөндчих вий гэж бодоод байсан болохоор төдийлөн чөлөөтэй байж чадсангүй, жаахан зураг л дарах шив дээ.

Ядаж байхад онигоо яриад өгөөч гэхэд нь тэнэг миний толгойд ганц ч онигоо буудаггүй байна ш дээ. Дараа нь, эгч нь онигоо мэдэж ирээд яринаа гэсээр гарлаа.
Ингээд Уянга бид хоёр 3-6 насны хүүхдүүд байдаг байшинд айлчилсан юм. Тэд томчуудыгаа бодвол арай л ондоо. Шууд л гүйж ирээд “манайд ирж байгаа юм уу, та удах уу” гэхчилэнгээр шалгааж, гарнаас барьж аваад их л дотно байх юм билээ. Тун удалгүй бүгд уралдаж ирээд л мэддэг дуу шүлгээ дуржигнуулж гарсан. Үнсүүлэх их дуртай. Хацраа өгөөд л, гарнаас барьчихаад тавихгүй эрхлээд л. Үнэхээр үнсэлтээр дутаж явдаг нь илт байлаа. Хүнийг хайрлаж, наашаа гэж байгааг андахгүй, шууд л ирээд наалдан бие биенээсээ өрсөн эрхлэх гээд ...
Биднийг өөр гэртэй танилцах гээд гарах гэтэл “та 2 ахиад заавал ирнэ шүү” гэсээр хагацаж ядан үдлээ. Бид хоёр ч дараа нь ирэхдээ үлгэрийн номтой ирж үлгэр уншиж өгөхөөр амласаар гарсан юм.

3-6 настануудын гэр.4 настай хирнээ цонх арчаад байгаамаа хөөрхөн

Бяцханчууд маань хүүхэлдэйн кино гарч байгаа сургаар зурагтынхаа өмнө гүйлдээд оччихсон хэхэ

Ингээд бид нялхсын буюу 0-2 насныхан байдаг байшинд ороход тэд маань оройн хоолоо идэх гээд ёстой л бужигнаж байсан юм. Ер нь, энэ газрын халуухан цэг нь энэ байшин бололтой. Халбагаа барьж мэдэхгүй дөнгөж суугаад мөлхөж байгаа бяцханчуудад асрагч ээж нь хоол халбагдан өгч байсан бол дөнгөж тэнцвэрээ олон алхаж байгаа нэг нь хээв нэг ширээний ард суугаад хоол идэх аядах юм билээ. Амаа олж ядан халбагаа чиглүүлж байснаа тэн хагасыг нь асгачих нь олонтой. Энэ байдлаараа аягатай хоолныхон тэн хагас нь шалан дээр унаж хоцордог нь илт. Арга ч үгүй биз. Халбагаа ч зөв барьж чадахгүй, амаа ч олж мэдэхгүй зулзаганууд чинь яаж бүрэн хоол идэж чадах вэ дээ. Хуруун чинээ тэд хоолоо идэхийг хэнээр ч гуйлгахгүй өөрөө халбагдах хэрнээ, хүн халбагадаад өгөхөөр их дуртай нь аргагүй идэж гарна лээ.
Миний ажигласанаар 0-6 насны хүүхдүүд үнсэлт үгүйлэн хүсдэг нь илт байна лээ. Томчууд нь биеэ даасан шинжтэй байхад багачууд нь хүнд долигнон, бялдуучилаж наашаа гэсэн болгон руу хацраа өгөн эрхлэх гэж тэмүүлэх нь их өрөмдмөөр.

Гэхдээ Бадамлянхуа хүүхэд асрах газар миний мэдэхийн хамгийн эерэг дулаан уур амьсгалтай бөгөөд халамжийн төв гэхээс илүү үе тэнгийн жаалууд нэг гэрт хамтдаа амарч байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлж байсан шүү.
Хүүхдүүд сард хоёр удаа Яармагийнхаа өмнө талын Богд уул руу явган аялал хийж салхинд гардаг гэсэн. Энэ удаад 3-р сарын 9-ны Ням гарагийн өглөөний 10 цагт гарах гэж байгаа юм билээ. Хэрэв та хүсэж байвал Уянга бид хоёртой нэгдээд, үүргэвчээ үүрээд хүүхдийн инээдээр хүч сэлбэн салхинд гарч, нэг өдрийг хүүхдүүдэд аз жаргал бэлэглэн өнгөрөөж болно шүү.
Энэ талаар маргааш дэлгэрэнгүй бичнээ. Хүүхдийн инээмсэглэлтэй нэг сайхан өдрийг өнгөрөөхийг хүсвэл блогийн комментад холбоо барих мэйл хаягаа үлдээж болно шүү.

Бадамляхуад авьяастай хүүхдүүд их байдаг юм билээ. Энэ бол хүүхдүүдийн зурсан зургаар хийсэн зурагт хуудас. Зарж байсан хэдээс үлдсэнүүд нь