Showing posts with label Заяагийн зохиомж. Show all posts
Showing posts with label Заяагийн зохиомж. Show all posts

Эхийн тухай үлгэр

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ гутлын ширхэг үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.


Үргэлжлэлийг www.oogiinoo.wordpress.com-c унших

Бяцхан байшингийн түүх

Энэ манай үеэс өмнө эрт нэгэн цагт гэнэ. Жижигхэн толгод дээр элдэв ур маяггүй ч, эгэл даруухан баригдсан бат бэх суурьтай нэгэн байшин байжээ.
Бяцхан байшинд аз жаргалтай амьдран суудаг гэрийн эзэн “Барьж босгосон энэ байшингаа мөнгө өгч, алт амласан ч хэнд ч худалдахгүй. Бяцхан байшинд маань гучийн минь гуч урт удаан аз жаргалтай амьдраасай ” хэмээн боддог байв.

Хөндийд орших тосгонг дээрээс нь тольдох бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж, үдшийн саран авхайг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөдөг байлаа.

Өдөр хоног урсан өнгөрсөөр … Хавирган сар, арван тавны сараар ээлжлэн солигдсоор нэг мэдэхэд жижигхэн тосгоны шөнийг хүний гараар бүтсэн цахилгаан гэрлүүд, одод тэнгэртэй булаацалдан гэрэлтүүлэх болжээ. Жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрт жижигхэн тосгон хөл хөдөлгөөнд дарагдаж, амьдрал буцлах болов.

Хаврын урь орж газар дэлхий гэсэн, нар халуун дулаанаар инээмсэглэхэд, толгодын баруун ар дахь тариан талбайд үр тариа соёолж, хормой эмжин урсах бяцхан горхины хөвөөнөө хүүхэд багачууд өдөржин цэнгэн наадахыг бяцхан байшин харж, асуй ирж буй улирлын хөгийг даган баясана.

Зуны дэлгэр цагт өдрийн нар уртсахад, толгодын хормой цагаан цэцгээр хээлэн гоёж, шоржигнон урсах горхинд хөгжилтэй жаалууд шумбан сэлэхийг бяцхан байшин харж баясана.

Өдөр бага багаар богиносож, нарны илч улам улмаар цаашилан газар дэлхий өнгөө өөрчлөж, навчис улаан, шар, хүрнээр зүсээ хувиргасан намрын улирал ирлээ. Амьд бүхний хөдөлгөөн удааширч, боловсорч гүйцсэн улаан алимаа мөчир нь даахгүй багсайх цагаар хүүхдүүд сургуулийн зүг явлаа. Амьтай бүхэн тэнхэрч налайсан намрын улирлыг бяцхан байшин харж баясана.

Одод бяцхан үрстэй саран авхай өдрийн уртыг шөнөөр гүйцэж газар дэлхий цагаан өнгийн хүрмээр ижилсэн гоёсон өвлийн улирал ирлээ. Алимны модод гүн нойрондоо амар тайван нойрсож, цана чаргаар хүүхэд багачууд хөгжилдөн тоглохыг бяцхан байшин харж баясана.

Нэгэн өдөр этгээд сонин төмөр хөлөг жижигхэн тосгоны замаар сүр дуутай орж ирэхэд бяцхан байшин гайхан харжээ … Тэр өдрөөс хойш төд удалгүй этгээд сонин төмөр тэрэгний тоо олширч хөнгөн хөлт морин тэрэг үзэгдэх нь ховорджээ. Тэр өдрөөс хойш төд удалгүй газар хэмжигчид бяцхан байшингийн өмнөх талбайг төө алдахгүй хэмжиж гэнэ. Төд удалгүй уурын хөдөлгүүрт машин ирж, бяцхан байшингийн өмнөх цэцэгт талыг хуу хаман газрын хөрсийг эргүүлж гэнэ …. Ар араасаа хүнд даацын машин цуварсаар … Том чулуу ачсан машин, хайрга ачсан тэрэг, эцэс сүүлд нь зам индүүдэгч машин бяцхан байшингийн эргэн тойронд гялгар толь шиг зам тавьжээ.

Төд удалгүй бяцхан байшингийн тосгон хот болон өргөжиж хүнд даацын машин нааш цааш холхилдох болжээ. Бензин түгээгүүр …. Байр сууц, амралтын газар … Шинэ хот өргөжин тэлсээр тун ч завгүй өдөр хоног өнгөрсөөр. Ганцхан бяцхан байшин л өөрчлөгдсөнгүй, тэр болгоныг ажигласаар л.

Гялгар хар замын тоо нэмэгдэж, жижигхэн тосгоноос юу ч үлдсэнгүй өөрчлөгдөв. Харин бяцхан байшингийн эргэн тойронд дэлгүүр, сургууль, орон сууцны барилга ээлж дарааллан боссоор … Тосгоны хамгийн өндөрт байж, хамгийн эхэнд нарыг угтагч бяцхан байшин өдрийн нарыг үзэхгүй больжээ. Их хотын дунд гуниглан ганцаардсан бяцхан байшинг мөнгө өгөөд ч, алт амлаад хэн ч тоож харахааргүй шоовдорлогдон орхигджээ.

Хуучин тосгоны амар тайван шөнө үл унтрах цахилгаан гэрэл, машины нүргээнт хөгөөр солигджээ. Нэгэн өдөр бяцхан байшин “Хотод амьдрана гэдэг ийм юм байдаг байжээ” гээд санаа алдав гэнэ. Гэсэн хэдий ч бяцхан байшин хотын амьдралыг сайн ч, муу ч гэж хэлж чадахгүй байлаа. Харин хуучин тосгоныхоо амар тайван амьдралыг үгүйлэн, тэнгэрт түгэх одод, саран авхайн ихэмсэг инээмсэглэл, нарны илчит улаан цацрагыг санан гансарах болов.

Төд удалгүй бяцхан байшингийн өмнөх замаар трамбай явж эхлэн, тун удалгүй бетон суурьтай агаарын замаар галт тэрэг хурдалж, бас удалгүй газар доогуур метро сүнгэнэх болжээ.

Хөлийн хурд, хөнгөн тэргэний дугуйны эрчээр яарах хүмүүс бяцхан байшинг анзаарах нь үгүй.

Төд удалгүй бяцхан байшинг тойрсон 3 давхар, 4 давхар байшингууд тэнгэр харанхуйлсан 25 давхар, 35 давхар байшингуудаар солигдож бяцхан байшинд нарны илч тусахаа больж, шөнийн тэнгэрт гялалзах одод хотын неон гэрэлд дарагдан харагдахаа больжээ.

Энэ бүхний эцэст алимны тансаг үнэртэй модод, шөнийн тэнгэрт бужигнах гэрэлт одод, саран авхай, нарны илчийг зүүдэлсээр хотын амьдралаас уйдан залхаж эхлэв.

Ганцаардал, гунигт автсан бяцхан байшингийн харах нүд болсон хоёр цонх үйрэн хагарч, хаалга үүд нь савчин ганхажээ.

Хаврын нэгэн нарлаг өдөр бяцхан байшинг барьсан эзний зээ охин нь замын дэргэдүүр явж байгаад бяцхан байшинг харан зогь тусан зогсжээ. Хогийн ургамалд идэгдэж уйтгарт автсан бяцхан байшинг таньсан бүсгүй нөхөртөө “Энэ бяцхан байшин миний эмээ хүүхэд байхдаа амьдарч байсан байшинтай их адилхан юм. Энэ бяцхан байшинг алимны модоор хүрээлсэн цэцэгт толгод руу нүүлгэвэл тун сайн байхсан” гэж хэлжээ.

Ингээд залуу хос бяцхан байшинг нүүлгэхээр шийджээ. Байшинг нүүлгэхээр ирсэн ажилчид бяцхан байшинг хараад “Үүнийг хаашаа ч нүүлгэж буулгахад эвдэрч хэмрэхгүй үнэхээр бат бөх баригдсан ховорхон байшин байна” гэж уулга алдацгаав.

Гэнэтийн явдалд балмагдсан бяцхан байшин болж буй үйл явдалд аажим аажмаар дасаж замаар өнгөрөх орчин тойрныг ажиглан харжээ. Урт удаан хугацаанд мартагдах дөхсөн тариан талбай, танил дасал болсон дуу чимээ сонсогдож эхлэв. Бяцхан байшинг энд ч тэнд ч буулгана гэж маргалдсаны эцэст алимны модоор хүрээлсэн цэцэгт бяцхан толгодыг олжээ. Бүсгүй “Энэ л бяцхан байшинд тохирох хамгийн сайхан газар юм” хэмээн дуу алдахад бяцхан байшинд ч гэсэн тэрхүү газар таалагдаж байв.

Бууриа сэлгэн шинэчилсэн бяцхан байшингийн дээвэр, цонх, хаалгыг нь янзалж урдын адил гэрэлтэх болов. Өнгө тансаг үзэсгэлэнт толгодод бууриа сэлгэсэн бяцхан байшин өглөөний мандах нарыг бусдаас түрүүн угтаж, үдшийн саран авхайг бүхнээс түрүүн харан ээлжлэн солигдох өдөр хоногийг аз жаргалтай өнгөрөөх болжээ.

Хавар, зун, намар, өвөл … дөрвөн цагийн улирал ээлжлэн хөвөрсөөр бяцхан байшинд хүүхдийн инээд, хүмүүсийн амар амгалан аз жаргалтай амьдрал үргэлжлэх болжээ.

Бяцхан байшингийн амар амгалан амьдралыг их хотын нүргээн ахин эвдсэн болов уу …

Бяцхан байшин их хотын нүргээнд ахин амьдрахыг хүсэх болов уу …

Тэнгэрийн од, саран авхай бяцхан байшингийн цонхоор шагайж … дөрвөн улирал ээлжлэн солигдсоор …

Жижигхэн тосгонд шинэ амьдрал чимээгүйхэн, алгуурхан ахин айсуй ….



“작은 집 이야기” 버지니아 리 버튼
“Бяцхан байшингийн түүх” Виржиниа Ли Буртон
Зургийг бэлтгэсэн: Шуудшууд
Солонгос хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн: Оогийноо
2009 оны 11-р сарын 13

Цонх

Нар тусах цонх өөрт тань бий.
Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.*********************************************************************************
Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Санаж сэдэж явсан ажил маань сэтгэлд хүрэхүйц бүтсэний дараа хүний нутагт ажиллаж амьдарч сурч байгаа Монголчуудыг нэгтгэдэг Түндэмүний Монгол тауныг зүглэв.
Нэгэн ижил неон гэрлэн чимэглэлтэй Солонгосын ихэр гудамжнуудаас Түндэмүний монгол тауны гудамжийг ялгаж танихад төвөгтэй байсангүй. Гудамжны аман дээрээс эхлээд л хөлчүү Монгол залуус том том дуугарч, тойрог үүсгэн тамхилцалгаах нь тун чиг танил дүр зураг санагдаж байлаа.

Гурван эгнээ суудал нь пиг дүүрэн хүнтэй Монгол “шигдан”-ы /зоогийн газар/ сонголт үгүй ганц сул суудал дээр сууж хоолны цэс ч харалгүйгээр шууд цуйван захиалав. Хагас, бүтэн сайн өдрүүдэд Сөүл мөнхүү ойролцоох хотуудад ажиллаж амьдардаг Монголчууд Түндэмүний монгол таунд ирж алжаалаа тайлан өөр хоорондоо уулзаж учирдаг болохоор энэ газар тун их хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.
Хоол хүлээх зуурт хүмүүсийн яриа чихний үзүүрт шүргэнэ. Монголд юмны үнэ нэмэгдсээр Солонгостой амьжиргааны өртөг ижилхэн байгаа ч цалин нь гүйцэж түрүүлж чадахгүй бахардсаар ард хоцорч байгаа тухай, дүү “баагий”-гаа энд нэг сургуульд чихчих ямар боломж байна гэхчилэн аж амьдралын яриа, “муусайн” Солонгосчууд Монгол хүний чигчий хуруунд ч хүрэхгүй арчаагүй сулбагар хэрнээ “хүчирхэг” “оюунлаг” Монголчуудын эх орон яагаад урагшлан хөгжихгүй байгаа нууцыг тайлах цэц булаалдах хөөргөн яриа чих загтнуулна.
Булангийн ширээнд өмнөө “сам чон”-ы 2 литрийн задгай шар айраг тавьсан барзгар нүүртэй хүрэн бор залуу ганцаараа суух нь өөрийн эрхгүй нүдэнд минь тусав. Энэ шигданд 4 хүний ширээг ганцаарчилаад суусан хүмүүс бид хоёр л байгаа бололтой.
Над шиг тал бүрт хараа бэлчээн чих тавьж хэрэгт дурлахгүй зөвхөн урдах шар айргаа гөл ширтэж суугаа тэр залууг би өөрийн эрхгүй сайтар ажиглав. Барилдаж ноцолддог янзын чацархуу том биенд дэндүү багадсан гэмээр цагаан подволк, хар ногоон дисант өмд өмсжээ. Зураач болоод тэрүү хамгийн түрүүнд хүний нүдийг ажигламтгай зантай. Шинжвээс, залуугийн яг л мөс мэт гөлгөр, болор нь эргэчихсэн юм уу гэлтэй мэлгэр хөшингө цагаанаараа эргэсэн харц нь насандаа баймгүй уйтгартай харагдах агаад түүний харц надад битүү гүн саарал мананд төөрсөн мэт сэтгэгдэлийг төрүүлэхэд дотор хачин болоод явчихав. Энэ бодлоосоо болоод дэндүү их дурлаж захиалсан цуйвангаа идэх хүсэл оргүй алга болчихлоо.
Залуу өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой дундуур шар айргаар барьсаар намайг чиглээд ирэв.
- “Сайн уу. 2-уулаа хоёр талд ганцаараа суугаад яахав. Монгол хүмүүс байна яриа нийлээд сууя. Чамайг анх удаа харж байна. Сөүлийнх биш үү. Хаанаас яваа вэ, энд юу хийдэг вэ” гэлээ. Түүний ярианы өнгө, хоолойг сонсоход харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай нэгэн биш бололтой. Би Сөүлд ирсэн зорилгоо дурьдаад монгол хоол идэх санаатай ирсэнээ хэлэхэд тэр миний зураач гэх үгийг олзуурхан өлгөж аваад Монгол нутгийн сайхан зураг ч үнэхээр сайхан шүү гээд нүд нь илтэд гэрэлтэж
- “Өө сайхан мэргэжил байна. Монголд хамгийн сүүлд хэзээ очсон. Ах нь нутагтаа очилгүй 10 жил болж байна. Монгол яваад ирсэн хүн бүрээс монголын тухай сонин хачин сонсох дуртай” гэв.
- “Энэ зун яваад ирсэн” гэхэд
- “Заа яриад бай” гэж тушаангуй өнгөөр хэлэв.
Бид хоёр Монголын тухай зөндөө зүйлийг ярив. Монголын тухай ярьж суусан тэр хэдэн цагийн хооронд нөгөө хүн маань миний анх харсан битүү мөсөөр хучигдсан гөлгөр нэгэн биш хөдөө нутгийн сэргэлэн цовоолог адуучин хархүү болон хувирсан харагдаж байлаа.
Намайг явах болсоноо хэлэхэд тэрбээр надаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйв.
- "Ахынхан гэр энүүхэн энд ойрхон байгаа. Чи манайд очоод нэг зураг зураад өгч болох уу. Ах нь цонхгүй подволын өрөөнд амьдардаг. Чи ахынхаа өрөөний ханан дээр нэг сайхан томоохон шиг цонх зураад өг. Ах нь хөлс мөнгийг нь чадахын хирээр гомдоохгүй өгөхийг хичээнээ" гэлээ.
Амьдралдаа сонссон үнэхээр сонин бас гайхалтай гуйлт тэр байв. Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн зүүгээр хатгаж, тэр хүн надаас хараагаа шилжүүлэхээс өмнө би яарч сандран “Заа тэгэлгүй яахав” гэдэг үгийг тэвдэн хэллээ. Хүн надаас юм авах гэж гуйж байгаа биш би харин тэр хүнээс ямар нэгэн зүйл салгах гээд чармайж байгаа мэт, тэр хүн гуйлтын минь хариуд “үгүй” гээд хэлчих вий гэх эмээх мэдрэмж өөрийн эрхгүй надад төрөөд явчихав.
Ингээд бид хоёр тэдний гэр лүү алхлаа.

********************************************************************************
ЦОНХ

Түндэмүний Монгол таунаас 3 гудамжны цаана тэр залуугийнх байдаг ажээ. 3 давхар байшингийн подволын шатаар нарийхан урт үргэлжлэх хонгил руу буулаа. Хонгилын баруун талаар үргэлжлэх жижигхэн өрөөнүүдийн үүд бүгд нээлттэй байх бөгөөд зарим нь хүн амьдардаг бололтой гудас чемодан, номын тавиур, сэнс байх агаад нэг өрөө нь нийтийн ариун цэврийн өрөө бололтой ариутгалын бодис бохирын үнэртэй холилдон сэнхийнэ. Хонгилийн шатны эсрэг талын бусдаасаа арай том өрөөнд оёдолын үйлдвэр ажиллаж байлаа. Харин буланд байрлах мухрын өрөө миний зураг зурах айл.
Өрөөний хойморт нэг гудас, түүнтэй залгаа овоолсон хэдэн хувцас, будаа агшаагч, ус буцалгагч үргэлжилж, зүүн хананд даавуугаар урласан Монголын төрийн далбаа, асаалттай орхисон сэнснээс өөр эд хогшилгүй байв. Хаашаа хаашаа 3 метр хүрэхгүй
өрөөнд өөр эд хогшил тавих ч арга үнэндээ алга байв.
Би ч шууд ажилдаа оров.
Баруун ханан дээр 1 метр гаруй цонх зурлаа.
Сэлүүхэн том цонхоор хээрийн салхи төвөггүй үлээгээсэй гэсэндээ олон салхивч гаргахыг хүссэнгүй нэг том салхивч зурлаа.
Цонхны наана цэнхэр шар цэцгэн хээтэй цагаан хөшгийг гурвалжилан хуниж зурлаа.
Орой дээрээ мөнх цагаан цасан хучилгатай сүрлэг өндөр нүцгэн уул, түүний оройг ороосон сэрэмгэр нимгэн цагаан үүлтэй гүн цэнхэр тэнгэрийг хөшигний зурвасаар харагдахаар зурж, уулын энгэрээс үл мэдэгдэм эх аван мурилзах туузан цэнхэр голыг торгон ногоон талын дундуур урсгаж зурлаа.
Жижигхэн давчуу өрөөнд орой зай үүсгэн, сэтгэл сэргээхийн тулд уул ус, тал хээрийг тэртээ доор, би өөрөө энэ бүгдийг өндөр дээрээс харж байгаа мэтээр алслуулан зурлаа.

Гарын хөдөлгөөн, зураас бүрийн таталбарыг харж зогссон Балдан тал хээр, уул ус зураад дуусахын алдад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж сааралтсан хоолойгоор:
- "Энд 10 жил амьдарахдаа анх удаа нутгийн салхи, голын хархирааг мэдэрч байна шүү. Ахын дүү энэ сайхан ногоон тал дээр морьтой хүн, бас сайхан монгол гэр зурж болох уу" гээд сул дорой дуугаар аргадангуй гуйв.
Голын эргийн наахан Монгол гэрээс ногоон талаар дөрөө нийлүүлэн хатирах хос морьтонг цонхоор харж байгаа над руу ирж байгаа мэтээр зурлаа.
Эцэст нь цонхны тавцан дээр жижигхэн хөгжилтэй болжмор хөх тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн мэт цомцойлгон зурлаа.

Зураг дууссаны дараа өнөөх хүн гудасныхаа байрыг солиод цонхны эсрэг талд тавихад бид хоёр цонхоор алсын бараа ширтэж чив чимээгүй хэсэг суув.
Харин би зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

***********************************************************************************
ЦОНХНЫ ЦААНА

Тэр Солонгост 10н жил амьдрахдаа сэлүүхэн уужим, амар тайван мэдрэмжийг ганц ч удаа мэдэрч байсангүй. Зураач залууг гаргаж өгсний дараа гараа дэрлэж хэвтээд шүдэнзний толгой амандаа зуун цонхоор алсын бараа ширтэн хэвтлээ.

Дэргэд хүнгэнэх сэнсний салхи энэ удаад хээр талын тэнүүл салхи мэт сэвэлзэж тэртээ хол адуу янцгааж, голын хархираа чихэнд хөг аялаж тэр өөрөө эмээлээ дэрлэн өвсний толгой амандаа эмрэн хэвтэх дүрд биелэж цагийн зүүнд урсан өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлоо.
Аймгийнхаа төв тоотойхон орж үзэхдээ дотор давчидан өөрийн эрхгүй хөдөө рүүгээ яардаг дээлтэй монгол хүү 18хан насандаа нийслэл хотоо ч үзэж чадалгүй Буянт Ухаагаас Солонгосыг зорьсон. Онгоцноос бууж олны хөлд дайруулах шахан хүний урсгалд хөвсөөр ...
Солонгос зааварлагчийн даллалтаар жижигхэн тэргэнд суухаар онгоцны буудлын байшингаас гартал дотор базлам бүгчим агаар амьсгалахад бэрх цээжин дээр хүнд дарахад өөрийн эрхгүй буцаад гүймээр санагдаж, хамгийн түрүүнд ингээд л хүний нутагт амьсгалж ч чадахгүй үхэх юм байна даа гэсэн бодол төрсөнөө санана.
Гэрээний 3н жил ажиллаж хурааж хуримтлуулсан мөнгөө хөдөө байх ээж аавдаа явуулахаар нэгэн Монгол каргоны илгээмжинд өгсөн ч нөгөөх нь төд удалгүй дампуурал зарлажээ. Хариуцлага хэн хүлээх нь мэдэгдэхгүй хохирогчдын мөнгийг хэн төлөх нь ойлгомжгүй тохох эзэн ч үгүй, учир шалтгаан нь үл тайлагдах ээдрээтэй дампуурлын эцэст түүнтэй адил олон Монголчууд хохироод л үлджээ. Аргаа ядаад нэгэнт ирсэнийх буцах зардал басхүү ганц хоёр илүү цаас олох санаатай ажиллаж байтал визний хугацаа ч хэтэрч харлав.
Түүнийг ингэж мунгинаж байх хооронд эцэг эх нь ч сар хүрэхгүй хугацаанд дарааллан бурхны оронд заларч хүний ганц хүү эх орондоо ч , хүний нутагт ч эзэнгүй гөлөг шиг буцах хаяггүй харанхуйд гээгджээ.
Эрдэм номын мөр хөөж завдаагүй залуу насаа хэдэн ногоон цаасанд торлуулж, угаас ах дүү цөөнтэй, үгүйлэн санах хүнгүй болсон тэрбээр Монголдоо буцах ямар ч хүсэлгүй болж цалингийн илүүг харан хүний нутагт үйлдвэрээс үйлдвэрт шидэгдсээр 10н жилийг арай ядан “идэж” өнгөрөөжээ.
Байр хоол үнэгүй бас дээрээс нь харын хүнийг чамлахааргүй цалингаар ажиллуулдаг болохоор тэр хонгилын оёдолын үйлдвэрийн энэ ажилдаа сүүлийн 5 жил зүтгэсэн.
Цонхгүй хонгилд унтаж, цонхгүй хонгилд ажиллахад гадаа нар хэзээ мандаж хэзээ жаргадагийг ч бараг мартсан энэ бүхэн ч түүнд нээх сонин зүйл бас биш... Тэгээд ч Монголын сайхан талд саатаж хорогдоод жаргадаггүй нар энд 5 өнгөрөхтэй үгүйтэй л нүүрээ буруулаад алга болчихдог.
Орой бүр Түндэмүний Монгол тауны шигданд үдшийг өнгөрөөх түүний амьдрал яг л цуурга түгжээгүй, хэрээсэн торгүй хэрнээ эрх чөлөөг мөнгөөр чөдөрлөсөн шорон шиг санагддаг байв. Ядуу эх орны иргэн болж төрсөний төлөөс энэ юм шиг.
Харин зураач залуугийн бэлэглэсэн энэ цонх харанхуйгаас харанхуй руу тэмтчисэн түүний харх шиг амьдралд цонхны цаана гарч шинээр бүхнийг хийх залуу хүний ирмүүн хүслийг сэрээсэн бадрангуй хөг байлаа.
Өмнө хэзээ ч аливаа зүйлийг нягтлан боддоггүй байсан тэр энэ удаад цонхоор алсыг харан хэвтэхдээ энэ мэт өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралыг эргэцүүлэн бодсоор харанхуй дундах мөнхийн гэрэлтэй цонхны цаадах ирээдүйгээ сэтгэлдээ өнгөтөөр төсөөлөн зурсаар унтлаа.
Зүүдэндээ тэрбээр эх нутагтаа эргэж очоод эцэг эхийнхээ голомтыг үргэлжлүүлж хээр талд адуун сүргийн захад тэнгэрт гялалзах түг түмэн одод тоолон хэвтэж байгаа өөрийгөө харлаа. Газраас ургах галт улаан өглөөний шаргал нарыг угтаад гэрийн зүг яаравчилан давхина. Гэрийн бараа харагдахын алдад ижий нь хүүгээ саравчлан Балдаан миний хүү нааш ир Балдаан Балдаан гэж дуудах нь сонсогдлоо.
Зүүдэнд дуудах ижийн дуу бүдгэрсээр 5 жилийн турш өглөө бүр дуудаж сэрээдэг Солонгос ажмаагийн Балдаан гэх дуугаар солигдох нь ажлын эхний өдрийн 8 цаг болж байгааг илтгэнэ.

**********************************************************************************
5 сарын дараа би Сөүл орох ажлын далимаар өнөөх залуутай уулзахаар түүний амьдардаг 3 байшингийн подволд очлоо. Нарийхан хонгилоор явсаар булангийн өрөөний хаалгыг зөөлөн нээсээр ортол Балдангийн овоолттой байдаг хувцас мөнхүү хаалганы эсрэг талд байх цонх үгүй болжээ. Монголын төрийн далбаа хийгээд, зэрэгцээ хоёр ханын цаас үгүй болсныг харахад Балдан энд ажиллаж амьдрахаа больж цонхоо хуулж аваад хаана нэгтээ явсан нь илт байлаа.
Ер бусын андтайгаа уулзаж чадаагүйдээ жаахан харамсангуй эргэн гарах зуур 20 хүрээгүй Монгол хүүтэй таарав. Оёдолын үйлдвэрт шинээр ажилд орсон Монгол хүү цонхгүй өрөөний шинэ эзэн болохоор гар цүнхээ барин ирж буй нь энэ ажээ.

SHUUDSHUUD-д тохиолдсон явдлаас сэдэвлэн бичив.

Хөдөөний охин

Хөдөөний охин Парист хөл тавьжээ
Бөглүү нүргээн аадрын дуу шиг асгарч шүршинэ.
Хөдөөний охин гудам талбайгаар зугааллаа
Бүдэгхэн нүргээн чулуун замыг долоож дэлсэнэ.
Хөдөөний охин цэцэрлэгт гудамжаар алхаж
Хямсгар гөлгөр ноёдын хажуугаар өнгөрлөө.
Хөөрсөн зүрхний нь цохилтыг Парис олж сонсохгүй. 1915

Поль Элюарын шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.



XX зууны уянгын томоохон төлөөлөлд тооцогддог Поль Элюар нь Францын яруу найрагчдын сор юм. Тэрбээр Францын утга зохиолд сюрреалист урсгалыг үндэслэн хөгжүүлсэн. Монголчуудын хамгийн сайн мэдэх шүлэг нь "Эрх чөлөө". Энэхүү шүлгээс санаа авч Д.Пүрэвдорж "Тусгаар тогтнол" хэмээх шүлгээ бичжээ.

Цэнхэр нүдэн үлэмж биетэн

Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ

Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.

Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай

Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.






Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор
Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг жижигхэн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.


Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ
Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илүүд үзжээ.

Баяртай гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.

Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.


Хазим Хикметийн шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.
Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ харанхуйг чинь гийгүүлэх юм вэ.

НАЗИМ ХИКМЕТ.

Туркийн алдарт яруу найрагч Назим Хикметын цогтой мөрүүд бүхий шүлгийн түүвэр нь манайд 1951 онд гарч байжээ. Амьдарч байсан цаг үедээ эх орондоо хавчин гадуурхагдаж 1950-иад оны эхэн үеэр Зүүн Европийн социалист орнуудаар амьдарч байгаад 1963 онд Москвад таалал төгсжээ.
Өнөөдөр ч гэсэн түүний бүтээлүүд нь Туркдаа төдийгүй дэлхийн модернист яруу найргийн чухал өвд тооцогдсоор байна.