Бавуугийн Лхагвасүрэн – Сарны цагаан цус



Оршил. 12-р сарын 9-ны өдөр. Ажлаасаа гараад хүндхэн хар цүнхээ мөрөндөө нэг үүрч, гарандаа нэг дүүрсээр Улсын төв номын сангийн дэргэдэх драмын театр руу алхалаа. Таксидах хүсэл байсан ч шинэ жилийн баяр наадам гээд сарын төсөв хэтэрсэн болохоор нарийлаж бас хэмнэж байгаа ухаантай алхаж байгаан.
Улсын драмын театрт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Сарны цагаан цус” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийг үзэхээр явж байгаа минь энэ.
Энэ жүжгийг үзэх боломж олгосон найзтайгаа драмын театрын үүдэнд уулзаад дотогш орох явцад ажиглахад, жүжгийн нээлт хийж байгаа өдөр болоод ч тэрүү дандаа төрийн “томчууд”, урлаг соёлын одод байхаас гадна ер нь бол сэхээтэн байрын царайны хүмүүс дийлэнх байх юм гээч. Шинэхэн ерөнхий сайд Баяр, УИХ-ын дарга Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн харагдана лээ.
Жүжгийн зохиолч нь Бавуугийн Лхагвасүрэн гуай болохоор арга ч үгүй биз. Жүжиг эхлэхэд Лхагвасүрэн гуай үг хэллээ. Тэрбээр “Энэ жүжиг таны сэтгэлд удаан үргэлжлэх болтугай” гэсэн ерөөлөөр жүжигээ эхлүүлсэн юм.
Үзэгчид амьсгал дарж, чимээ анирлахад би ч мөн адил хүчтэйхэн шиг амьсгалаад аниргүйг үргээн “од” болчихвий гээд бас л амьсгаагаа хураав.
Жүжиг. Жүжиг эртний нэгэн Монгол гүрний мөхөл, мөхөлд хүргэсэн шалтгааныг өгүүлэх аж. Үхлээр эхлээд үхлээр төгсөх энэ жүжиг, жинхэнэ өнөөдрийн Монголын төрд, төрийн тэргүүнд сануулга, ухаарал, хэлэх үгээ драмаар илэрхийлж байгаа нь илт байсан юм. Жүжгийн үйл явдалыг энд нурших нь илүүц биз. Та зүгээр л очиод үз. Жүжгийн үг хэллэг нь яруу тансаг агаад хүнд ухаарал хайрлахаас гадна Монгол хэлний яруу тамсагийг илтгэнэ. Тайз засалт ч мөнхүү үнэхээрийн сайн, жүжгийн найруулга тавилт миний молхи дүгнэлтээр “тасарчихсан” байна лээ.
Б.Лхагвасүрэн гуайн өнөөдрийн төрд хандах үгээ жүжгээрээ дамжуулж хэлээд байх шиг санагдсан. Нэг үгээр жүжигт хэлсэн “Эхлэл буруу бол төгсгөл хүртлээ буруу байдаг” гэсэн үг илтгээд байна лээ. Төрд бугшсан алдаа эндэл, буруу алхамыг эхлүүлсэн бол төгсөлийг тэр чигт нь төгсөөд бүхнийг эхнээс нь эхлүүлэх ёстой гэсэн утга санаа юм. Тиймээ жүжигт өгүүлсэнээр өнөөдрийн манай төр, нийгэмд болж байгаа авилгалын торон хэлхээ, толгой түрүүгүй эрх мэдлийн төлөөх тэмцэлдээн энэ бүгдийг өнөөдрийн эрх барьж байгаа, түүнд орооцолдсон “толгойтон” бүрийг үндсээр нь устгаж байж, төр ариун байх ёстой гэсэн санаа цухалзаж байна лээ.
Инээдтэй дүгнэлт. Жүжиг төгссөний дараа хүрэлцэн ирж цагаа заран “ажаарсан” төрийн тэргүүдийг сэтгэгдэлээ хэлэхийг хөтлөгч урилаа. Юун түрүүнд, УИХ-ын дарга Лүндээжанцан “Би Лхагвасүрэн гуайг залуу ахуй цагаасаа мэднэ. Энэ их хүнийг хүндлээд Бавуу ахаа гэж дууддаг юм. Өнөөдрийн үзсэн энэ агуу цар хүрээтэй жүжгийг би өөрийнхөө хэмжээнд хүлээн авч ойлголоо. Ийм агуа оюуны тогооноос миний ойлгох хэмжээ халбагаар хутган авч ойлгохдоо адил юм” гэж хэлсэн юм. Харин шинэ ерөнхий сайд Лүндээжанцан гуай шиг олон үг хэлээгүй ч “сэтгэлд удаан үргэлжилэх болтугай” гэж хэлсэн. Төрийн өндөрлөгүүдийг үг хэлж дууссаны дараа Б.Лхагвасүрэн гуай, “Миний жүжгийг өнөөдөр Монголын төр ирж сонирхолоо гэж би ойлгож байна. Харин төрийн нэг өндөрлөг маань, халбагатай биш шанагатай ирж тогооноос хутган ойлгосон бол би баярлах байлаа” хэмээн хэлсэн нь цугларсан үзэгчдийн хоржоонтой инээдийг хүргээд зогсохгүй, Лүндээжанцан гуайг улайлгаад амжлаа. Нээрээ л, гол ойлгох ёстой хүмүүс нь угтаа ортол ойлгосонгүй гэдгийг УИХын даргын хэлсэн үг цухалзуулсан нь, УИХын ширээний ард дутуу ойлгосон, эсвэл ойлгох тархины хэмжээ хүрээгүйдээ хариуцлагаас зугтдаг хэвшсэн зангаас үүдэлтэй үгс нь эвгүй байдалд оруулаад авсан мэт надад санагдсан.
Би ингэж ойлголоо. Хүн хэлэхээс нааш, цааш чичэхээс нааш гэдэг шиг би энэ жүжгийг үзсэний дараа “би өөөрөө төр биш болохоор” өөрийнхөө хэмжээнд зарим нэгэн зүйлийг ойлголоо. Надад хамгийн үнэн санагдсан үг бол “Эхлэл буруу бол төгсгөл хүртлээ буруу байдаг” гэсэн үг. Тиймээ аливаа зүйлийн эхлэлийг тавих хүртлээ сайтар бодож байж, тунгаан байж эхлэлийг нь зөв тавьж чадвал аяндаа бүх зүйл сайхнаар үргэлжилэн бүтэх ажгуу.

6 comments:

3apaa said...

Айдаа... Том уран зохиолчийн зохиол болоод ч тэр үү Хувьсалын жүжгүүдийн хажууд эргэцүүлэл, ухаарал, болгоомжлол хайрласан мундаг жүжиг болсон. Төрийн үнэ цэнэ, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар бодит болон хийсвэр үзэгдлүүдээр дүүрэн сайн жүжгийн зохиол юм. Номыг нь олж авмаар санагдав.

Менежментийн баг нь ухаалаг хөдөлсөн бол үзэгчдээр зрителээ дүүргэж, жүжгийн номыг борлуулж ашиг хийчих боломжтой байсан болов уу?

Манай жүжигчид ч бас дажгүй чадвартай тоглож байлаа. Найруулгыг Мөнхдорж гуай хийсэн бол ямар байх байсан бол? Найдандорж дүрдээ тохироогүй санагдсан. Гэхдээ Найдандорж гуайд болон түүний удирдлагад ажилласан жүжигчид, уран бүтээлчид болон арын албаныханд баяр хүргэе. Дахин иймэрхүү чанарлаг уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулах болтугай гэж ерөөе

Оогий said...

надад бол нээг их өөлөөд байх юм үгүй санагдсан :-)

Unknown said...

Жүжиг гараад дуусчихсан уу? энэ нэг дөрвөлжин дэлгэц ширтэж суух хооронд амьдрал буцлаад өнгөрчих болтой юм аа.

Оогий said...

Ганбаатарт: Дуусаагүй хөөө. Энэ долоо хоногт амжаад үзчихвэл хугацаа байна шүү хэхэ

Arsun said...

Zaraagaar damjaad irlee. Saihan blogtoi yum. Ene jujgiig uzeh sanaatai ene 7 honogt amjih heregtei yum baina. lundee guai o'oriigoo yasan ih doosh ni hiigee we. B.Lhagwasuren guai aguu shuu.

Оогий said...

To arsun: xarin tiinh. xenii umnu yamar ug xelexee saitar bodoj bxgui bol ewgui baidald orox ni enuuxend shuu.