Нэг. Хөнгөн айдастай хилийн дээс давсан нь




Он бүрийн төсгөлд сайн, муу бүх зүйлдээ дүгнэлт хийх сайхан байдаг юм.
Энэ жил 2006 оны сайн, муу, амжилт бүтээлийг гүйцэхгүй ч, оны төгсгөлд буюу 12р сарын дундуур 2007 он гарсанаас хойш хийсэн ажлынхаа үр дүнг үзэж Малайзын Куала Лампур руу өөрөө өөртөө томилолт өгөн явлаа. Томилолтынхоо үүрэг даалгаварыг бас л өөрөө өөртөө өгсөн. Учир нь би нэг байгууллагын гадаад харилцааг анх удаа хариуцан ажиллаж байгаагийн хувьд гадаад харилцаатай холбоотой бүхий л асуудалд өөрөө өөртөө дарга бас цэрэг нь болж явдаг юм. Мэдээж хагас жил гаруй хөөцөлдөн байж дэлхийн хамгийн том нэр хүндтэй хоёр ч холбоонд байгууллагаа амжилттай элсүүлэн, Францын нэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж чадсан юм. Ямар ч байсан би одоо ажиллаж байгаа байгууллагынхаа “анхдагч” бүхнийг хийж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Би энэ ажлынхаа үр дүнг үзэх гэж бүтэн нэг жил ганцаарханаа ажилласан. Хүссэн зорилго минь биелэхгүй удах тэр үед шантараад ажлаасаа гарахаар ч бодож байлаа.
Мэдээж зорилготой байх, зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хэр хэмжээнд хөдөлмөрлөх басхүү шантралгүй тэвчээртэй хүлээх нь амжилтын үндэс юм гэдгийг өнгөрсөнд болсон бүхнээс дүгнэж хэлэх байна.
Миний хийж байгаа ажлын давуу тал нь бусдаас төдийлөн хамааралтай биш, өөрийн хүссэнээрээ бүх ажлаа зохион байгуулж удирдаж болно басхүү шинэ санал санаачлагыг хэрэгжүүлж чадна. Хэрэв би ерөнхий захиралдаа миний санал санаачлага ач холбогдолтой гэдгийг ойлгуулж чадвал бүх зүйл ОК. Азаар захирал маань намайг сайн дэмжиж байгаа нь надад бас урам өгдөг. Иймээс би итгэл алдахгүй сайн ажиллах хэрэгтэй.
Энэ ч утгаараа би Куала Лампурт болсон олон улсын уулзалт семинарт оролцохдоо сайн дураараа шахуу илтгэл тавьж, сайн дураараа байгууллагаа танилцуулах зорилгоор нэвтрүүлэг хийж авч явсан юм. Учир нь гишүүнээр элссэн байгууллагадаа бид “хэн” гэдгээ багахан ч болов нотлохыг хүссэн билээ.

Хөнгөхөн айдас, хөнгөхөн догдлол дээрээс нь хүндхэн үүрэг хариуцлага өвөртөлсөөр Куала Лампурыг зорьлоо. Куалад зунаараа бөгчим байгаа гэсэн учраас гэрээсээ гарахдаа зуныхаа шаахай, нимгэн хүрэмээ өмсөн, Эйр Чайнагийн онгоцонд суусан юм. Бээжингээр дамжин Куала Лампурын нисэх буудалд газардахад үнэхээр л миний эх оронд хүйтний хэм тэгээс доош зааж, модод нүцгэрч, бүх зүйл сүүрмэг унтаа байдалд нойрмогтож байхад, Малайзад бөгчим халуун, зүлэг мод нь ногооноороо байлаа.
Малайзын онгоцны буудалд буухтай үгүйтээ л Улаанбаатраас тээсэн хөнгөн айдас минь зүрхний цохилтыг минь улам хүчтэй булиглуулж байсан юм.
Маргааш уулзалт семинарын эхний өдөр

No comments: