Зүүдэнд биелэх учрал
Зэгэл саарал .... Тоост орчлон .... Би олоон жилийн өмнө амьдарч байсан нэг өрөө байрныхаа том өрөөнд өглөөний ургах нарыг уу, алин эсвэл ямар нэгэн зүйл хүлээсэн шинжтэй цонх руу хараалан гүн бодолд автан зогсоно. Гэрт аниргүй агаад гэрийн эд хогшил ямар нэгэн зүйлийг олоон жил хүлээгээд, байрнаасаа хөдлөх нь бүү хэл, амьсгаа авахаас ч зүрхшээх мэт аниргүй, нам гүм ... Энэ аниргүйг эвдэх зүрх хэнд ч байхгүйн илт.
Хананд өлгөсөн Эрдэнэт хивс тоосонд бүрзүүн гунадаж, өнгө нь тэр гэхийх тэмдэггүй болж, гэрийн эд хогшил мөн л орчлонгийн өлөн тоосоос айх мэт нүүрээ далдлан зовхион аньжээ. Энэ бүгд эзнээ ирж, өлөн тоосноос л салгахыг хүлээж буй нь илт. Цонхон дээр ямар нэг зүйлийг хараалдан зогсох би ч гэсэн хөдлөхийг хүсэхгүй хөшиж, цаг хугацааг тэвчээр заан хүлээж, амьсгаа даран чимээ чанганан гансарна. Хананд өлгөсөн цаг 1995 оны 7-р сарын 27-ны 1 цаг 40 минутыг заан зогсожээ. Бас л хүлээлт ...
Нүднээс минь урсах нулимс, олооооон жилийн тоосонд мөн л дарагдаж хацар дээр зам татуулан харлажээ.
Хүлээлт. Энэ их хүлээлт юуг ингэтлээ хүсэмжилнэ вэ. Эд хогшил, хүнтэйгээ тоосонд дарагдана амьсгаа дарна вэ. 1995 оны зуны адаг сарын тэр нэгэн өдөр би ээжийгээ эргээд ирэхээр чинь ..... гэж хэлээд яг ингээд хүлээсэн юм. Тэр цагаас хойш арван хоёр жил өнгөрчээ. Арван хоёр жилийн өлөн тоос нэмэгдэн нэмэгдсээр арьсан дээр минь зузаахан түрхэсэн ингэсэг мэт болон тогтож, эд хогшилын өлөн тоос одоо даруй хуруу зузаан болжээ.
Гэнэт аниргүйг хүлээсийг эвдэж олоон жил салхи үзээгүй хаалганы нугас гаслантайгаар ёолсоор зүрх зүсэн хяхтанлаа. Аниргүйг үргээх хаалганы чихран онгойхтой зэрэгцэн, сэвхийн орж ирсэн салхиар өрөөнд нэвчисэн өлөн тоос бургих мэт болж улмаар бүх зүйл амь орон хөгжиж, хүнтэй юутайгаа хаалганы зүг харааллаа. ЭЭЖ ... МИНИЙ ЭЭЖ ... Тээр жил өмсөөд гарсан жинсэн өмд, хүрэн цамцтайгаа гартаа жижигхэн гар цүнхээ барьчихсан үүдэн дээр зогсож байлаа.
Би .... “Ээжээ” гэж чангаас чанга орилох гэсэн боловч олон жилийн “дуугүйд” аргаж харангатсан хоолой минь хуурай тоосонд горж, дэмий л ам минь ангалзаад чимээгүй “Аан” гэх муухан авиа гаргачихаан яадаад таг болчихов. Би хүчлэн байж
- “Ээжээ ээжээ би таныг ирнэ гэдгийг яг мэдэж байсан. Тэд таныг нас барсан гэсэн. Би итгээгүй ээ. Тэгээд л хүлээсэн. Охин чинь ажил хийдэг болсон. Дүү нар ч том болсон. Тэгэхээр одоо та биднийг тэжээх гэж ийшээ тийшээ олон сараар явах хэрэггүй болсоон .......” гэх мэтээр олоон жил ээжийгээ ирэхээр ингэж тэгэж хэлнэ бас ирэхээр нь ээжийгээ жаргаана даа гэж бодож байсан санаагаа нэг амьсгаагаар үргэлжлүүлж гарлаа.
Ээж минь ганц ч үг дуугарахгүй, анхааралтай чагнаж байснаа, нөгөө л нэг сайхан инээмсэглэлээр намайг харан, намайг тэврэхийг хүссэн байртай гараа сарвайлаа. Намайг үнсэх гэж байна. Харамсалтай нь, ээжийн минь царай өрөөний сараал тоосонд дарагдаад уу, аль эсвэл миний нүд бүрэлзээд юу нь төрх нь нэг л сайн тод харагдаж өгөхгүй байв. БИ ИЖИЙДЭЭ ТЭВРҮҮЛЭЭД, ХАЦАР ДЭЭРЭЭ ҮНСҮҮЛЭХИЙГ АРВАН ХОЁР ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ. Ингээд цонхны өмнөөс үүд хүртэл гүйх гэтэл хөл маань хөдлөхгүй, хүндрүүлэгч туухай зүүчихсэн мэт алхах нь байтугай газраас ч хөндүүрсэнгүй. Хүлээлтэнд хүлэгдсэн хөлийг минь хэзээ ч юм, нэгэн өдөр үүрд энд зогс гэсэн аятай цаг хугацааны гагнаас шалтай нь хамт цементлэчихсэн байсныг ижий рүүгээ тэмүүлэх тэрхэн агшинд л би мэдлээ. Хөлөө байдаг чадлаараа хүчлэн өргөхөд хөлийн тавхайн арьс цементэн хавтаны хамт зулгаран үлдэж, цус гарч байгааг ч үл хайхран урагшаа тэмүүлсээр арай хийж хөлөө салган урагшаа гүйтэл ...... өрөөний дунд томоос том ангал үүсэж би хөл алдан уналаа ...
Ингээд л би сэрчихэв. Гадаа үүр цайж байлаа. Ижий минь намайгаа ор ганцааранг минь орхин явсан цагаас хойш аль хэдийн арван хэдэн жил өнгөрчээ. Жаалхан охин өнчирч хоцрон амьдралыг яаж ч төсөөлөхөө мэдэхгүй байснаа бодвол өнөөдөр хорь гарсан том хүн болсон. Гэсэн хэдий ч би ээжийгээ нас барахад нь дэргэд нь байж, сүүлчийнхэн амьсгалыг мэдэрч, судасныхан аажим аажмаар сулрах цохилтыг чанганаж, “охиндоо ээж нь хайртай” гэх үгийг сонсоогүй болохоор өнөөдрийг хүртэл ээжийгээ ирэхийг хүлээдэг юм. Учир нь, ээж минь хамгийн сүүлд надад “ээж нь эргээд ирнээ” гэж хэлээд л явсан. Тэгж л хэлсэн бол миний ээж хэдэн сар болсон ч заавал эргээд ирдэг байлаа. Тэр болтол нь би өөр өөрийнхөө хийх ёстой ажлыг маш сайн хийгээд, дүү нараа сайн хараад байх ёстой байдаг юм. Одоо ч тийм л байсаар байгаа ... Иймээс ээж минь “миний охин, сайн охин бас дүү нараа сайн хардаг гэдгийг хаана нэгтэйгээ олж мэдээд эргээд л ирнэ. Учир нь би ээжийнхээ занг хэнээс ч сайн мэддэг юм чинь. Би “ээжийн сайн охин” байж чадахаа алхам бүртээ батлаж чадвал, ээжийн минь эргээд ирэх хугацаа нь улам хурдан наашлана. Ийм ч учраас би өнөөдрийг хүртэл бүх талаараа сайн байхыг хичээсээр яваа юм ...
Би эмгэн болтолоо, үхэн үхтэлээ ээжийгээ хүлээнээ .... Хүлээсээр л байна. Зүүдэндээ уулзаад л хүлээгээд байна .... Ээжтэйгээ ахиад уулзахын тулд “би сайн л охин байх” хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Oogii bi chamd heleegui bolovch chamaar urgelj baharhdag shuu, Zarimdaa nadad ch gesen shantrah ue zunduun garna ter buhend bi chamiag harj ulger duurail avdag bailaa,amidraliin ih shuurgand hun bolgon ejiigeesee hagatsdag bolohoor 2-laa setgelee changa bailgaad buhnii ard zaaval garnaa,
Yagaad ch yum be en bichlegiig chini unshaad uuriin erhgui ursan garah nudniihee goliig shirgeej zurhelsenguiee ...
Ejii chini ergeed irnee geed garahdaa minii naizad saihan ah, huurhun duu nar uldeegdeed yavjaa... .
Hamgiin gol ni chamd hair baina. Hairiig mederdeg, hairladag hun erch huctei. Bid zuud gedeg bolowch chi eejteigee uulzsan baina shuu dee o'or hemjeest oron zaid. Chinii blogiig olz uzsendee bayartai bainaa.
Post a Comment