Энд тэндээс
Нээлттэй өдрийн тэмдэглэл. Блогийг миний нэг найз хүмүүсийн интернетэд байрлуулсан нээлттэй өдрийн тэмдэглэл гэж хэлж байсан юм. Бийр янтаа, цаас гэх зүйл үгүй байхад хүмүүс өөрийн үзэл бодлыг нийтэд хүргэх хэрэгсэлээр хад чулуу, цозон будагийг сонгодог байсан биз. Хөгжил ахисаар ... Цаас зохион бүтээгдсэн нь, хүмүүсийн үзэл бодлыг бусдад хурдан хугацаанд хүргэх, мэдээлэл түгээхэд асар том дэвшил гаргасан. Хөгжил явсаар .... Одоо миний мэдэх мэдээлэл түгээх цахим хэлбэр. Арван жилд анх удаа комьпютер хэмээгч дөрвөлжин цагаан “хайрцаг”тай танилцан, мэдээлэл зүйн багшаа “пааналдан” байж, ангийн хэсэг найзуудтайгаа мэдээлэл зүйн өрөөнд шөнө дөл болтол суудаг байсан сан. Тэр үед компьютер дээр юм бичиж, зураг зурахаас хэтрэхгүй байж билээ. Арван жилдээ өдрийн тэмдэглэлээ 98н хуудастай дөрвөлжин шугамтай дэвтэр дээр хөтөлж, их сургуульд орсоны дараа арай нэг шат ахин “Dairy” гэсэн зориулалтын гоёмсог дэвтэр дээр бичдэг болсон юм. Хувийн “нууц товчоогоо” амьнаасаа илүү хайрлана, бас бусдаас харамлахдаа нуух газраа олж яддаг байж билээ. Миний навсгар дэвтэрүүд .... Хэсэг цаг хугацааны дараа “нууц товчооныхоо” хуудсыг эргүүлэхэд өөрөө ч мартагнасан сайхан дурсамжууд дурайдаг байсан сан. Харамсалтай нь, гуравдугаар курст байхад “нууц товчоогоо” бусдын гарт алдчихаад .... түүнээс болж бүгдийг нь “галдсан” юм. “Галдаж” суухад нүднээс минь өөрийн эрхгүй нулимс гарч байлаа. Тэр дэвтэрүүдтэй миний нэгэн үеийн түүх “үхчисэн” мэт одоо санагддаг. Хүн өнгөрсөнд болсон онцгой үйл явдалыг л санах болохоос тэр болгоныг санаад байдаггүй. Өөрөө ч мэдэхгүй биччихсэн тэрхэн үеийн сэтгэгдэл хожмоо маш их ухаарал хайрладаг байж болох талтай. Цаасан дээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байх тэр үед цүнхэнд маань том хар дэвтэр байнга яваастай. Харин одоо өөр ... Одоо ч “бараг” л өдрийн тэмдэглэлээ компьютер дээр бичиж, тэрнээс “зүрхний”, “зүсний” гэж ангилан интернетэд тавьдаг болсон байна. Тэмдэглэл цахим хэлбэрт шилжсэнээс хойш “жижигхэн” биеийг минь салхинд туугдахаас хамгаалдаг нэг “зангуутай” болсон нь том хар цүнхтэй зөөврийн компьютер.
Блогчид. Энэ Баасан гарагт ажлаа амжуулчихаад өрөөндөө ганцаараа үлдэн, өөртөө хальт зав гаргаж, энд тэндэхийн блогуудаар орлоо. Үнэн, худал хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж салгаж чадвал блогийн ертөнц үнэхээр баян юм билээ. Би худал ажиглаагүй бол блог бичигчид ялангуяа шилдэг бичлэгтэй, сэдэв өргөнтэй, бичлэг сайтай блогчид голчлон нь мэргэжлийн сэтгүүлчид биш байгаа юм. Мэргэжлийн сэтгүүлчид байгаа бол тэр нь гарын арван биш таван хуруунд багтаад байх шиг. Энэ бол миний дүгнэлт блог ертөнцийг мэдэх болсоноос хойшхи таван сарын хугацаанд ...
Ажил нэг л биш. Би одоогийн ажилдаа өөрөө өөртөө дарга, өөрөө өөртөө цэрэг. Алдаагаа өөрөө хянана, амжилтаа өөрөө дүгнэнэ, ажлын төлөвлөгөөгөө өөрөө гаргана. Өөртөө дарга, дүгнэгч байна гэдэг шиг тэнэг зүйл байхгүй бололтой. Сүүлдээ бүр зөв юм хийгээд байгаагаа ч, бурууг хийгээд байгаагаа ч мэдэхээ байлаа. Магадгүй албаны дарга гэх энэ албан тушаал надад ахдаад байгаа байж болох юм. Гэхдээ сүүлийн хэдэн сар арай л гайгүй байгаа.
Хурдхан. Хурдан л явмаар санагдаж байна шүү.... Эндээс ....
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment