“D”-г цайруулсан тэмдэглэл

Миний нэртэй жижигхээн жим сургууль гэр хоёрын хооронд гараад 3 сар өнгөрлөө. Хэлний бэлтгэлийн нэгдүгээр ангиа дүүргэж 2-р түвшиндээ дэвших шалтгалтаа өгсөн ч дүнгээ сонсоод жаахан сэтгэл санаагаар унах аядав. Надад өгсөн үнэлгээ анхаарал сул, хайнга зангийг минь дурайтал "зурж" “А”-ээс “D” хүртэл дүнг халааслав. Шалгалтын яг өмнөх өдөр багшаас сайн гэж үнэлүүлэн, өөрөө ч таахалзаж байсан дүрэм дээрээ авсан ганц “D”-гээ үзэн ядаад аргилгахыг хүсэвч яалт ч үгүй миний анхаарал хахрамжгүйн тэмдэг болон сурлагын дэвтэрт наалдан пад болчихвоо хөөрхий. Бусадтай "арсалдах" тэнэгдүү гэмээр үндэсний үзэл гаргаж байхаар өөрийнхөө толгойн дээр байгаа томоос том өвсийг хараад, салан задгай сул талтайгаа тэмцэх хэрэгтэй юм гэдгийг шалгалтын дараа өнгөрсөн борооны хойноос цөв нөмрөхтэй адил ойлговоо.

Шалгалтын төгсгөлд ангиудын хооронд Солонгосоор илтгэл тавих тэмцээн зарлалаа. “D”-д гүйцэгдсэн шарандаа энэ илтгэлд нь заавал нэг юм дуулган даа гэж араа шүдээ арзалзуулсны үр дүнд “гараа хүндрүүлэх”-тэйгээ болов. Хагас бүтэн сайн болгонд гадуур тэнэж аялал хийж байсан тухай өдрийн тэмдэглэлээ Солонгос дээр товчхон ярихад минь Монголд байхдаа “урнаар урамдаж сурцгаая” сургалт багагүй тус болов бололтой. Нүдний ирмэлт, уруулын хөдөлгөөн, гарын савалгаа сайн байсан гэнэ шүү.

За ингээд “D”-г цайруулсан аялалын тэмдэглэлээ нийтэлсүгэй.

Солонгосын баруун урд орших Тежон хотод үзэж харах зүйлс бишгүй олон. Гэрээс холгүйхэн Гим мөрөн мяралзан урсах агаад үзэсгэлэнт эргийг нь бараадсан ногоон төгөлт цэцэрлэг, Тежон усан цахилгаан станцын далан, Солонгосын ерөнхийлөгчийн зуны сэрүүн лавиран, мөнхүү Солонгосын хүчирхэг гурван хаант улсын нэг болох Пэкжэ-гийн үед баригдсан эртний тосгон бий.

Тежон усан цахилгаан станцын далан

Гим мөрөн

“D”-г цайруулсан тэмдэглэл маань дурлан үздэг Дэ Жангум, Хө жүн зэрэг кинонд гардаг эртний тосгоноор хийсэн аялалын тухай байлаа.

Энгэр хормойгоо Гим мөрнөөр ундаалсан Янгсан уулын өндөрлөг бэлд эртний тосгоныг барихаар сонгосон нь байгалийн босгосон шивээ модон хэрэм мөнхүү давж үл барах өндөр уулын хад асга нь гадны халдлага, түрэмгийлэлийг няцаах хамгаалалт байхаар бодоолцсон гэнэ.

Эртний сүрлэн тосгонСолонгосын гурван хаант улсын хоёр болох Пэкжэ болон Гүгурёо-г өөртөө нэгтгэн хүчирхэгжсэн Нэгдсэн Шилла улсын үед энэхүү тосгонд амьдрал ид цэцэглэж байжээ.

Одоо эртний тосгонд захирагчийн байр, будаан талбайн эзний байр, сурвалжит ноёнтоны байр, хэрэг хэлэлцсэн шийдвэрлэх лавиран, сурвалжит иргэнийг сүүлийн замд нь үдэж морьдуулах орхиц байр зэрэг нийт 6 цогцолбор өөр өөрийн гэсэн өвөрмөгц содон түүх, хэв загварыг илтгэн оршино.

Мэдээж хэрэв хана туурга ярьдаг бол эртний сүрлэн байрнуудад түүхэн ямархан том хэлэлцээр үйл явдал болж байсныг бидэнд хэлээд өгөх байсан биз. Улс орон, үндэстэнүүдийн амьдран суусан орон байрны хэлбэр загвар, хийц маяг нь хүний угсаа гарлын дээд доод зэрэг зиндааг тайлбаргүйгээр бидэнд хэлээд өгөх нь гайхалтай.

Орох айл үүднээсээ гэдэг Монгол ардын зүйр үг байдаг даа. Яг түүнийг батлах мэт захирагчийн байрны үүдний угтах хаалгыг модоор “зодож” уран нарийн хийсэн, хашаа нь цэлгэр уужим байх агаад дотроо эмэгтэйчүүдийн ямбаны байр, алжаал тайлах байр, соёлтой 00, зочин хүлээн авах өрөө, гал тогооны байр, зарц боол шивэгчдийн байр гээд нилээн олон байртай.
Захирагчийн байшингийн дээвэр хүртэл “лайтай” бодвол тухайн үедээ л үнэтэйд тооцогддог байсан байлгүй шаазан вааран хийцтэй юм билээ.

Шаазан дээвэртэй захирагчийн байрХарин сурвалжит ноён болон газрын эзний байрны угтах үүдэн хаалганы дээвэр хийгээд бүх байшингуудын дээвэр нь сүрэл. Мөнхүү хашаа нь жижигхэн ихэвчлэн тариа ногоо хураах агуулах сав олонтой.
Байгаа юмаа тордон арчилж юмаар юм хийх гэдэг ухаан энэ Солонгосчуудад бас байх юмаа. Алив зүйлийн донж маягийг нь тааруулан засаж янзлаад аялал жуулчлал, амарч зугаалах үзэмж төгөлдөр цэцэрлэг, үзвэрийн газруудыг хаа сайгүй хийсэн байдаг нь авууштай сайхан чанар.

Эртний гэх энэ тосгоноор яваад харж байхад танилцуулга материал сайтай, бяцхан боловч түүхийн хэсгийг орчин цагт нийцүүлэн засаж тохижуулсан байгаа нь зөвхөн гадаадын жуулчидад Солонгосын эртний дурсгалыг таниулаад зогсохгүй, хойч үедээ түүхээ өвлүүлэн сургах сайхан үзүүлэн материал болж байна гэлтэй.

Биднийг тосгоноор орж гарч явахад ач гуч зээгээ дагуулсан эмээ өвөө нар тайлбар хийгээд явах нь олонтой харагдсан.

Эртний тосгон төдийгүй Гим мөрнийг дээрээс нь тольдож болох тавцан дээр хөл гараа амраан суухад их усны сэрүүн салхи сэвэлзээд л, байгалийн сайхан нүд баясгаж сэтгэл тайтгаруулаад л сайхан амралт болох.
Зүлгэн дээр гудас дэвсээд таван хошуу болон тэнгэр ширтэж өвс зажилан хэвтэх сайхан ч байгалийн сайханд энэ мэт бага сага нүд баясгах зүйлийг хараад бодлогоширон суух сонирхолтой л санагдах юм билээ.

Ер нь тэгээд бодоод байхад эх оронд минь аялал жуулчлал хөгжүүлэх, аялал жуулчлалын жил гээд лоозогноод байдаг яг цаг дээрээ очоод үзэх гэхээр хээр талд учир үл мэдэгдэх ганц хад, сүм дуган, суварга байх. Гадны жуулчид байтугай Монголчууд бид өөрсдөө ч үл мэдэх түүх дурсгалын зүйл олон байдаг даа. Тэр болгоноо засаж янзлах нь байг гэхэд дорвитой сайхан мэдээллээр баяжуулж, аялалын хөтөч нарыг тогтмол мэдээллээр хангаад байх ажлыг хийдэг болоо гэж.

Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг үг хавчуулахад Солонгост үзэж аялаж явахад цэвэрхэн 00, хогийн сав арвин их байх нь "таатай сайхан" юм билээ.
Монголд дулаарахтай зэрэгцээд хэний яаанаагүй л аялалаар явахыг боддог. Аялалаар очсон газарт 00, хогийн савны асуудал бэрх байдгийг хэн хүнгүй мэдэх биз. Наад захын жишээ дурдахад л жилийн 4 улирал алгасгахгүй очдог Ээж хайрхан хүрэх замд хаа сайгүй гялгар уут, архины шил гацуурны чимэглэл шиг гялтагнаж, олон хүний хөл даахгүй дүүрчихсэн ялаа батган шавсан ганцхан модон жорлон байдаг. Ер нь бидний тогтож үздэг бүхэнд л ийм дүр зураг тодоос тод харагддаг даа.

Тэгсэн хэрнээ хүмүүс их үзэж орж гардаг газар манайхан нэг модон шовоохой босгоод машин хориглосон татуурга зоочихсон мөнгө нэхэх нь элбэг. Тэгсэн хэрнээ ядаж ойр орчмынхоо хогийг цэвэрлэх, эсвэл хэдэн хогийн сав аваад тавчих сэтгэлгүй улс даа.

Ингээд сайхан юм зүгээр ч нэг үзэж чадахгүй энэ мэт хадуурч халуурсан бодол эргэлдээд байх юмаа.

УТАА ТООС, ШОРОО БУРТАГТАЙ Ч ХҮН ЗОНЫХОН СЭТГЭЛ АРИУН ЦАГААНААРАА БАЙВАЛ ТЕХНИКЖИН ЦАХИЛГААНЖСАН ТЭР ИХ ХӨГЖИЛД ХУРДЛАН ТЭМҮҮЛЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ Ч ЮМ ШИГЭЭ.

2 comments:

ganga said...

Saihan sonin bichleg bailaa. Chi tegeed uuniig solongos heleer bichsen hereg uu? Haaya hggya C, D-r myalaij baihad zugeer ohin baina, bagshid chini helj dahin neg D taviulbal bid dahin neg goyo bichleg unshih nyaguurtai bolood yavchihlaa.

book said...

Блогчидоо өөрийн блогтоо хэрэгтэй нэмэлт хичээлүүдийг эндээс аваарай.
Блог хичээл: ulesson.blogspot.com