Хөдөөний охин

Хөдөөний охин Парист хөл тавьжээ
Бөглүү нүргээн аадрын дуу шиг асгарч шүршинэ.
Хөдөөний охин гудам талбайгаар зугааллаа
Бүдэгхэн нүргээн чулуун замыг долоож дэлсэнэ.
Хөдөөний охин цэцэрлэгт гудамжаар алхаж
Хямсгар гөлгөр ноёдын хажуугаар өнгөрлөө.
Хөөрсөн зүрхний нь цохилтыг Парис олж сонсохгүй. 1915

Поль Элюарын шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.



XX зууны уянгын томоохон төлөөлөлд тооцогддог Поль Элюар нь Францын яруу найрагчдын сор юм. Тэрбээр Францын утга зохиолд сюрреалист урсгалыг үндэслэн хөгжүүлсэн. Монголчуудын хамгийн сайн мэдэх шүлэг нь "Эрх чөлөө". Энэхүү шүлгээс санаа авч Д.Пүрэвдорж "Тусгаар тогтнол" хэмээх шүлгээ бичжээ.

Цэнхэр нүдэн үлэмж биетэн

Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ

Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.

Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай

Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.






Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор
Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг жижигхэн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.


Цэнхэр нүдэн Үлэмж биетэн амьдарч байжээ
Цэцгийн дэлбээ шиг үзэсгэлэнт бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илүүд үзжээ.

Баяртай гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.

Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.


Хазим Хикметийн шүлгэн дээр зурган зохиомжийг Э.БАТЗАЯА.
Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ харанхуйг чинь гийгүүлэх юм вэ.

НАЗИМ ХИКМЕТ.

Туркийн алдарт яруу найрагч Назим Хикметын цогтой мөрүүд бүхий шүлгийн түүвэр нь манайд 1951 онд гарч байжээ. Амьдарч байсан цаг үедээ эх орондоо хавчин гадуурхагдаж 1950-иад оны эхэн үеэр Зүүн Европийн социалист орнуудаар амьдарч байгаад 1963 онд Москвад таалал төгсжээ.
Өнөөдөр ч гэсэн түүний бүтээлүүд нь Туркдаа төдийгүй дэлхийн модернист яруу найргийн чухал өвд тооцогдсоор байна.

Монголд хэн баян вэ – Надад сонголт байхгүй

Саяхан болж өнгөрсөн найзуудын яриа:
“Монголд хэн баян юм вэ? Авдарныхаа хоосон, тогооныхоо цоорхойг "гайхуулан" Монгол нэрээр зээлийн барьцаа тавин хөлжигсөд баян. Баяжигсад Монголын нэрийг барьж гадаадаас зээл тусламж аваад тэрийгээ зөвхөн өөртөө зарцуулаад намайг хуурсан хүмүүс. Тэр Монгол гэдэг чинь би биш юм уу. Зөндөө олон “би”-гийн нэрийг барьцаалж авсан мөнгөө надаас нуугаад идчихнэ. “Би”-нүүд эцэст нь гадаадад “хар”-аараа дуудуулан эрхээ хасуулаад, хамгийн хүнд бэрхийг хийн хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээж байдаг. Тэр Энхбаяр, тэр Мянганбаярын унасан олон саяын машин “миний” машин. Би тэрний нэг шилийг хагалчихаад "энэ чинь миний эд хөрөнгө. Хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хамаагүй гэдэг шиг би “өөрийнхөө” машины шилийг хагалаж байна уу үгүй юу чамд ер нь ямар хамаатай юм вэ” гэж болно шүү дээ гэцгээн багахан инээд болоод өнгөрч байлаа. хэхэ хульхидаад ч болов баяжсан нэгнийгээ хараад өөрөө чадаагүйдээ атаархаж байгаа Монгол "би"-гийн яриа.

Үүнийг бид хэн хүнгүй мэддэг мөртлөө өөдрөгөөр авч үзвэл инээд болгон онигоо мэтээр ярьж тэрүүхэндээ инээмсэглээд, ихээхэн сөргөөр ярьвал эднүүс бүгдийг идэж, уугаад дууслаа гэхээс цаашгүй үглэсээр явдаг хүмүүс юм даа.

Харамсалтай нь инээхээс цаагуурхыг сэтгэж өөрийн юм гээд шилийг нь хагалчихвал шууд гавлагдаад шоронд орох нь өнөөдрийн бодит үнэн.

Өнөөдөр нэт-ээс нийтлэл уншлаа. ААЛЗНЫ ТОР.
Үүнээс улбаалан эмх цэгц муутайхан бодол хөвөрсөнийг буулгахад:
Би гээч хүн эх орноос гараад нэн их хугацааг бараагүй ч өдөр бүр сонин эргүүлж мэдээ уншин тэр болгон мэдээллийн арын Пи Ар, хэний гар хөл хаана сарвагнаж байгааг хальт мулт мэргэжлийн хүмүүсийн амнаас сонсон араас нь өөрийн дүгнэлтийг тархины гүнд тунгаан суудаг байсан тэр боломж үгүй болоод багагүй хугацаа өнгөрлөө.
Нэт-д тавигдсан мэдээллээр Монголыг харж байна. Монголд байхдаа өдөр бүр сонин эргүүлэн, мэргэжлийн хүмүүсийн амнаас унасан “илүү үг”-ээр хачирлан дүгнэлт хийдэгтэй харьцуулахад нэт-р мэдээлэл авах нь бас л хязгаарлагдмал байх нь ойлгомжтой.

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр миний бие улс төрийн томоохон хүчинд ажиллаж үзлээ. Энэ хугацаанд хамгийн ихээр мэдэрч харамсал төрсөн зүйл бол боомилогдсон хэвлэлийн эрх чөлөө /тэр үед үнэхээр үүнд бухимддаг байлаа/. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээлэл нь улс төрчид өөрсдийгөө сурталчилах хэрэгсэл гэхээс илүүтэйгээ өрсөлдөгчийнхөө араас буудах цэвэр хар Пи Ар-ын зэвсэг /би ажиллахдаа л ингэж бодсон/. Пи Ар гээч нь угтаа тархи угаах гэсэн үг юмуу даа. Магадгүй өрсөлдөгчөө матан доромжилоход хамгийн их мөнгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгдөг байж болох талтай.
Ингээд тухайн үед үнэн зөв мэдээллийг хэрхэн ямар сувгаар олж авах, эсвэл ямар мэдээллийг үнэн зөв байж болох вэ гэдэг асуултыг өөртөө эрхгүй тавих болов.
Энэ асуултандаа өөрөө “эргүүтдэг” байсан ч өдөр тутмын сонинг гарчиглан уншсаар л.

Гэхдээ үүнд нэг давуу тал байсан нь улс төрийн хүчнүүдэд үйлчилдэг сонингууд нэг сэдвийн мэдээлэл дээр хэрхэн өөр өөрсдийн өнцгөөс хандаж, хэрхэн өөрсдийн эрх ашигт нийцсэн Пи Ар явуулж байна гэдэг тун сонирхолтой санагддаг болов. Заримдаа бодит үнэнийг тийм гэж үү гэж итгэтэл гуйвуулан бичих сэтгүүлчийн ур чадвар, баримтыг гуйвуулан хөрвүүлэх нарийн торгон мэдрэмжийг нь гайхан бахдахад хүргэнэ.

Сонгуулиар монголын өдөр тутмын бүх сонингууд цусны эрчилсэн хурдтайгаар ажиллаж тэр хэмжээгээрээ ч “мөнгөждөг” нь ойлгомжтой. Улс төрийн хүчнүүд нэр хүндтэй сонингуудад өөрсдийн гуйвуулж, баг зүүсэн нийтлэл, мэдээллүүдийг тавихыг улайрч Ард түмний тархийг угаах хар Пи Ар-аа чадамгай хийсний эцсийн бүлэгт хөөрхий ард түмэн /улс төрчдийн ярьдагаар хар масс/ олон давтамжтай гарсан мэдээллийн жин дарсан хэсэг рүү далбийн сонгуулийн өдрүүдэд үнэхээр хөөрхийлөлттэй Утсан хүүхэлдэй болдог нь нууц биш. Бид үнэхээр том хар масс. Авсан мэдээллээсээ хамаарч бидний өнхөрөн хуйлрах чиг өөрчлөгдөнө. Үүний нэг тод жишээг бодитоор мэдэрсэн 7-р сарын 1.

Үнэхээр л, бэхийн дусал бүр нь гайгүй сайн үнэлэгддэг сэтгүүлчид энэ л үед хамгийн их хувийг халааслана. Хэдийгээр энэ нь амьдралын бүхэл бүтэн баталгаа болохгүй ч сарын цалингаас нь хамаагүй их байх бизээ. Тэдний үзэгний таталгаас урссан бэхний мөр бүр сэтгүүл зүйн салбарын шудрага зарчимыг хэлбийлгэж, амьдралын эрхээр гэдэг ходоодонд захирагдсан шүлстэй, сэтгүүлчийн ёс зүй газарт нулимагддаг. Мэдээж ходоод хоосон хүн шудрага ёс ярьсаар өлбөрч үхвэл хамгийн том “тэнэглэл” тэр болох бизээ. Гэхдээ өөрийнхөө мөн чанараа гээхгүйг хүсвэл ямар ч хүнд хоёрдогч сонголт, гарц байдаг гэдэгт итгэдэг.

2008 оны хавар. Мундаг сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтэйгээр /бас эрэн сурвалжлах чиглэлээр ажиллана гэчихжээ. Залуу дэврүүн байждэээ гэж.../ би Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийг тодорхойлж явсан хурц үгтэй ирэмгий сэтгүүлч бүсгүйн гарын дор ажиллах хувь завшаан сайн сэтгүүлчдийн дэмжлэгтэйгээр тохиолоо. Мундаг туршлага, чадвартай “хурандаа”-гаар удирдуулсан “цэрэг” миний “байлдах” талбар улс төр байсан юм. яг УИХ-ын сонгуулийн үе таарч, Монголын томоохон улс төрийн хүчинд үйлчлэх болов. Хувь хүнийхээ хувьд амьдралын шуургыг сөрж яваа мундаг ч эмэгтэй. Түүний монголын сэтгүүл зүйн өнөөгийн нүүр царайг харан сэтгэлийнхээ гүнд шимширдэг шүүрс алдалтыг хэд хэдэн удаа мэдэрч байлаа.

Гэхдээ хэсэгхэн хугацаанд “улс төрийн” сэтгүүл зүйн салбарт ажиллах нь яг л дайны талбарт байлдах мэт санагдаж байсныг юунаас нуухав. Ядаж байхад яг тулаанд орж байгаа мэт шөнө дөлөөр түгшүүрийн дохио аван компьютер, бичиг хэргээ айн бэмбэгнэн зөөж, хуягт танк зэвсэглэсэн цэргүүдийг бэлэн байдалтай тушаал хүлээн зогсохыг харах ч бас л аймаар юм билээ. Ингээд надад сэтгүүлчээр ажиллах зориг бас дээрээс нь азаар сэтгүүлч хүнд зайлшгүй байх ёстой авьяас гээч дутав. Яг үнэндээ Монголд сэтгүүл зүйн салбарт ажиллаж хүний дайтай ар гэрээ авч явна гэдэг бол ёстой цэвэр эр зоригийн асуудал мэт санагдсан. Магадгүй цаг наргүй хамгийн хүнд хүчир ажил хийдэг мөртлөө хөдөлмөрийн хуулиар авах цалин нь үнэхээр маш бага. Би үүд бүх сэтгүүлчийн бичдэг салбар чиглэлийг биш харин яг нийгэмд хэрэгтэй гэсэн хурц асуудлаар бичдэг сэтгүүлчдийн тухай ярьж байгаам шүү.

Дарьны утаа үнэрлэн, газрын хаана нэгтээ бөмбөг дэлбэрэх бий гэсэн айдастай ... үг хэлээ цэгнэн, бусдыг сэжиглэх нүдээр харж манайхан танайхан гэж талцан муудалцах, шаардлагатай бол өөрийнхөө итгэл үнэмшил, өөрийнхөө зөв /зөв бурууг гэхдээ хэн ч мэдэхгүй гэхдээ л тэд зөвхөн өөрсдийгөө зөв гээд дайрах нь аймшигтай/ -ын төлөө зодолдохоос цаагуур юм болох нь ойлгомжтой. Гэхдээ л эцсийн бүлэгт энэ бүхэн нэг л инээдтэй юман дээр тогтож байдаг нь МӨНГӨ. Нэг л инээдтэй шүү дээ тэр мөнгө гэдэг чинь хоосон цаас гэж хэлээд усан тэнэгээрээ дуудуулж байсан л даа.

Гэхдээ нам бүхэлдээ муу биш. Намаа дэмждэг түүнд зүрх сэтгэлээ зориулсан олон мянган шудрага чин үнэнч хүмүүсийн ачаар нам хүчтэй байдаг. Намын тогооноос гэдсээ хагарталаа ховдоглож байгаа тэр луйварчид, олигархууд одоог хүртэл тарганыхаа халуунд аахилан уухлан амь бөхтэй амьдарсаар ч байгаа биз.
Гэртээ идэх талхгүй ч төрийн минь хишиг гээд хүнд хүнд төмөр медалуудаа энгэртээ жирийтэл зүүчихсэн насны бөгсөнд медалаа ч даахгүй түүртэн “намынхаа байртайгаа цугтаа шатнаа” гээд нулимсаа дуслуулах тэр настангууд намд элсэхдээ буруу зүйлийг хүсээгүй, муу зүйлийг даллан дуудаагүй байсан нь лавтай.
Басхүү тэд ямар ч үед итгэл үнэмшилээсээ урваагүй дэмжигчид. Харин тэдний зүрх сэтгэл, итгэлийг буруугаар хөтлөн өөрсдийн хувийн эрх ашигт овжингоор завшиж байгаа тэр хүмүүс ..... үнэхээр аймшигтай.

ЖИЧ: Таныг ААЛЗНЫ ТОР нийтлэлийг уншсан гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр гадаадад байгаа олон монголчуудын адил сонголт хийх "эрхээ хасуулсан" ч энэ удаагийн сонгууль хоёрхон сонголтыг өгчээ. Эрхтэй байлаа ч энэ удаад НАДАД СОНГОЛТ БАЙХГҮЙ юм даа.
ХОЁРХОН Чавганц уралдвал нэг нь түрүүлнээ гэж

Баяртай эх орон минь

Онгоц газраас тасран хөөрөх яг тэр агшинд яагаад ч юм надад их сайхан мэдрэмж төрдөг. Төмөр хүлэг хөөрөх бүртээ намайг үзэж хараагүй оронд аваачин олон зүйлийг мэдэрч сонсох эхлэлийг тавихаас гадна хамгаас хайрт гэр бүл, эх орны минь үнэ цэнийг улам ихээр мэдрүүлдэг. Тэгээд ч ер нь би мэтийн этгээд дэргэдээ байгаа аз жаргалаа үл мэдэрч холын холд сэтгэл хоёрдон тэмүүлдэгээс цааш. Тиймээс над мэтийн хүмүүсийг жаахан ч болов ухаан суулгахын тулд эх орон, хайртай ахан дүүс, гэр бүлээс нь хол тэртээд байн байн “цөлж” байх нь зөв гэлтэй.

МИАТ-ын ОМ301 дугаартай онгоцны хамгийн арын суудалд би оногджээ. Баруун гар талд 30 гаран насны нэг залуу, зүүн талд 20 гаруй насны бүсгүй. Замын турш бид юу ч ярьсангүй чим чимээгүй дүмбэгэр байдалтай. Ер нь тэнд байсан бүх хүмүүс чимээгүй байх бөгөөд бүгд дор бүрнээ нэгийг бодож суугаа нь илт. Харин би догдлонгуй, Солонгост очоод ямар байх болоо гэж биш нэгэнт явж байгаа зорилго минь ойлгомжтой тул хийж бүтээх зүйлсээ бүгдийг нь дотроо зурагласаар явна. Би ер нь бодлоо өнгөтөөр хөгжүүлэн, цагаан, ногоон, цэнхэр гэх мэт дуртай өнгөөрөө тодруулан будах дуртай.

Онгоц буухын алдад дэргэд суугаа 2 хүнтэй хилийн нэвтрэх хуудас бөглөхтэй холбоотойгоор хэд гурван үг солилцлоо. 20 гаруй насны бүсгүй Солонгосд 3 дахь удаагаа ирж байгаа гэх бөгөөд ам нээж амьсгаа авснаасаа эхлээд л Ханкуг хүмүүсийг муулж гарлаа. Үг сольсон эхний хүн маань ам муутай байгаад дотроо жаахан дурамжхан байсан ч бүсгүйн яриаг тасалдуулахгүй анхааралтай сонсоно. Тэр бүсгүйн яриаг сонссоны дараа Эрхцасын ээжийн хэлсэн “Харийн нутаг гэж хүнийрхэхгүй туг сүлд, уул усанд нь залбирч байгаль орчин, хүн зоныг нь хайрлаж явахыг ээж минь захихад, найз нөхөд, хамт олон, хамтран суух бүгдтэй эвийг эрхэмлэж, тусыг санаж, уурыг тэвчин, үгийг бодож, ажил эрдэмд шамдан олны өмнө манлайлан удирдаж яваарай” гэх захиас санагдаж байлаа. Хүний нутгийг зорьж байгаа хүн бүхэн энэ үгийг эрхэмлэн санууштай мэт санагдаж байсан шүү. Тэгээд ч хүн оршин байгаа газар бүрээсээ өөрөө өөртөө сайхан бүхнийг бүтээж, хөгжүүлэн өөрийгөө зоригжуулж амьдарч чадвал энэ алаг дэлхийн аль ч өнцөг булан бүр унаж төрсөн эх нутгаас ялгаа үгүй мэт. Алив зүйл сайнтай, муутай байх нь ойлгомжтой ч би гэдэг хүн ихэнхдээ бүхнийг сайнаар төсөөлж бодох нь нэн түрүүнд бөгөөд энэ зангаасаа болон гэнэн цайлганаараа дуудуулах элбэг.

Гэхдээ тэр бүсгүйг би буруутгахыг хүссэнгүй ...
Онгоцноос буугаад domestic карт аван тосох хүн рүүгээ утсаар ярилаа. Сөүл орох зам ачаалал ихтэй байгаа учраас намайг жаахан хүлээлгэх нь гэж хэлэхэд надад азтай хэрэг мэт санагдаж онгоцны буудлаар жаал тэнүүчилэхээр шийдэв. Нум хэлбэртэй онгоцны буудлыг баруунаас зүүн хүртэл бүх лангууг нэг бүрчлэн дуусгаад 8-р хаалганы харалдаа тухлан Монголоос авсан номоо сонирхолоо.

САЙН УУ АМЬДРАЛ МИНЬ
Энэ яваа амьдралдаа хүн ахин дахин төрөн, шинээр өөрийгөө бүтээдэг байхаа тийм үү.
Тосох хүн маань гүйсээр орж ирэв. Энэ хүн намайг Сөүлийн онгоцны буудал дээр ч биш хүний нутагт эхлэх өөр нэгэн шинэ амьдралын минь эхлэлийг мөн “тосогч”.

“Ирээдүй” рүү минь хүргэх суудлын хөнгөн тэрэгт суун амьдарч бас суралцах хот руугаа яаравчлан хурдаллаа.

Энэ өдөр амралтын өдөр болоод тэр үү машин ихтэй, хурдны зам машины урсгалд бөглөрч хэсэгтээ саатна.
Ширээ адил зурайсан цардмал замаар төвөгггүй урсах машины хурдат гулгааны аясаар навчаа гөвсөн нүцгэн мод, уул дов толгод яах ийхийн зуургүй жирэлзэн өнгөрнө. Шинэ амьдрал руу ийм хурдан очдогийн болов уу.
Анхны сэтгэгдэлээр энэ орон надад өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сонсож болохоор мааш нам гүм, аниргүй газар ажээ. Ёстой хүний биш өөрөө өөрийнхөө амьсгалыг мэдэрч, сэтгэлийн чанд руу бясалгаж болохоор.

ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭГДСЭН УУЛС
Ховд. Миний төрсөн нутаг өндөр өндөр сүрлэг сайхан уулсаар хэрэмлэн хүрээлэгдсэн сайхан газар . Элгэн улаан, цавчим хад асга бүхий сүрдэм уулсыг хараад гадаадын жуулчид “ямар ч модгүй ийм уулс бас байдгаа” гэж шүүрс алддаг.Харин Солонгос орон бас л уулсын эх орон бололтой. Навчаа гүвэн нүцгэрсэн хүрэн моддоор “хүрмэлсэн” дов толгод, уулаар элбэг баян юм. Миний нутгийн уулсыг байгаль эх олон живаа жил өөрийн гараар урлан бүтээсэн бол Солонгосын эдгээр уулыг ард түмэн нь “барьж босгосон” гэх. Манай газар нутгаас 7 дахин бага энэ нутаг оронд их бүтээн байгуулалт ид явагдаж байх тэр үед барилгын хаягдал, газар малтаж гарсан сул шороог овоолон хиймэл уул босгоод дээр нь мод тарин “байгальжуулсан” нь энэ гэнээ. Үүнийг харахад ихээхэн хөдөлмөрч ард түмэн гэлтэй. Солонгос оронд анх хөл тавингуут авсан анхны мэдээлэл минь энэ байлаа. Дараа дараагаар энэ улсад ажиллаж хөдөлмөрлөж байгаа бахархалт Монгол залуусын шудрага хөлс нэвчсэн халуун яриа, хөдөлмөрч амьдралын талаар, энэ улсад сурч боловсорч байгаа залуусын тухай, мөнхүү Солонгос орны түүх соёлын талаар сонирхуулан бичиж байхыг хичээнээ.

ДАВААНЫ ЦААНА ДАВАА

Солонгосын визанд анх удаа ороод ахиад л бөөн мэдрэлийн эсээ үхүүлсэн хэхэ. Өмнө нь Германы элчинд визанд орсонтой адилхан арай ч хаалга саваагүй ээ, угтаа хаалга савах ч боломжийг элчингийн ажилтан надад олгоогүйгээс хамаг хэрэг мандсан хэрэг. Ингэхэд нээрэнгээсээ би ч Герман элчингийн хаалгыг саваагүй л дээ, салхи нэмэр үзүүлчихсэн болохоос биш.
Лхагва гараг. Солонгосын элчинд материалаа Даваа гарагт өгөхөөр төлөвлөж байсан боловч миний хойрго зан, хүнд өгзөгнөөс болж материалаа 3 дахь өдөр барьсаар очлоо. Солонгосын элчин шинэ журмынхаа дагуу визны материалыг ажлын 5 өдрийн турш өглөөний 9.30-12.30 хүртэл авдаг болсон байна лээ. Намайг очиход нөгөө нэг картны барааны оочер гэдэг шиг могой шиг тахиралдсан уртаас урт дараалал үргэлжилжээ. Гадаа жихүүн салхитай байсныг хэлэх үү би хэзээ орохын болоо гэж бодохтой зэрэгцээд л шууд хамран дахь нус юутай хийтэйгээ тас хөлдөж байгаам чинь. Өдөр болгон энэ мэт сүүл нь үзэгдэхгүй анаконда могойн тахиралдсан цуваа сунжирдаг гэж бодохоор Солонгос руу ямар олон хүн явахыг “хүсэж” байна гэж бодохоор аймаар санагдмаар. Нөгөө л нэг тань руу нүүж явна гэдэг шиг монголчууд маань бүгд гадагшаа нүүсээр л, их нүүдэл миний мэдэхийн сүүлийн 5 жил эрчимтэй үргэлжилсээр л. Заримдаа Монголд хэн үлдээд байна гэж асуумаар ч болох шиг. Эс бөгөөс эдгээр хүмүүсийн хэдэн эргэн ирж байгаа болоо гэдгийг бодмоор ч юм шиг. Энэ мэтийг бодсоор 10 цагт эхлэсэн миний дугаарлалт 12 цагийн үед овоо нэг элчингийн монгол эмэгтэйн царайг харуулахтайгаа ойр аваачив.

Хошуу нь харагдах төдий жижигхээн цонхоор би материалаа өгтөл “таны материал дутаа байна” гэж хэлэнгүүтээ надад “АААА” ч гэх боломж олгохгүй “Дараагийн хүн нь” гэсэн үгээрээ намайг шууд “хөөлөө”. Бүрдүүлсэн визний материалдаа 100 хувь сэтгэл ханамжтай байсан миний бие гажилтын байдалд хэсэг орж нэг мэдэхэд ажлынхаа ширээний ард гөлийтөл сууж байхын. “Яагаад материалыг минь авсангүй вэ” гэсэн асуулт намайг ёстой бөмбөгдөж гарлаа. Дотроо бухимдаж байна гэж жигтэйхэн. Ажил дээр байгаа учраас энэ бухимдалаа нүүрэн дээрээ ил гаргаагүй ч болдогсон бол шууд л ширээ нүдээд босож ирээд хамгийн түрүүнд тааралдсан этгээдийн нармаан дундуур буулгаж хүнд цохилтонд оруулах хэмжээний хүч амтагдаж байх юм.

Солонгос явах миний зорилго тодорхой. Мэргэжлээ дээшлүүлж магистарт суралцах. Элчингийн Монгол эмэгтэй миний материалыг авахгүй ганцхан шалтгаан нь “манай дотоод журамд заасны дагуу Солонгос улсад хэлний бэлтгэлд суух хүн заавал нэг жилийн төлбөрийг урьдчилан тушаасан байх хэрэгтэй. Тиймгүй бол материалыг хүлээн авч шалгахгүй” гэсэн юм. Өмнө нь Солонгос улсад хэлний бэлтгэлээр суралцана гэж гарсан Монголчуудын дийлэнхи нь харлаад зугтдаг учраас Солонгосын элчингээс ийм шийдвэрийг гаргасан гэнээ. Ёстой нэгний балаг нөгөөд нь гээч юм болж байгаам даа.
Надад үнэндээ төлбөр хийх ямар ч сонирхол төрөхгүй байгаагаас гадна энэ шийдвэр туйлын утгагүй санагдаж байв. 1 жил Солонгос хэлийг сурах шаардлагагүй байхад би яагаад заавал бүтэн жилийн төлбөр хийх ёстой гэж, хүн суралцах хугацаагаа өөрийнхөө нөөц бололцоо, цаашдын төлөвлөгөөндөө тохируулан сонгодог биз дээ гэхчилэн бодсоны эцэст солонгосын элчингийн ерөнхий консулд хандан гомдолтой өргөдөл бичихээр шийдэв.
Өргөдөлдөө Солонгос улсад яагаад суралцах болсон, магистарын төлбөрийг хаанаас дааж байгаа, яагаад Солонгос хэл сурах болсон, яагаад 6 сар байгаа зэргээ дурьдаад энэ бүх шалтгаанаа тайлбарлах боломж олгохгүй монгол эмэгтэй намайг “хөөсөн” гэж ховлон энэ бол хүний эрхийг зөрчсөнтэй агаар нэгэн үйлдэл гэхчилэн ёстой нэг бурж гарлаа даа. Энэ өргөдөлийг минь авч хэлэлцэхгүй байлаа гэхэд надад харамсаад байх зүйлгүй бөгөөд угаасаа би үнэн юм бичиж надад шалгаад өгсөн ч худал зүйл ганц ч байхгүй учраас надад, айж хойш суугаад байх шаардлага үнэндээ алга байв.
Пүрэв гараг. Заа ингээд өргөдөлөө хувилаад элчин руу 4 дахь өдөр нь факсдаж, бас мэйлдээд орхилоо.
Баасан гараг. Өглөө ажил дээрээ дөнгөж иртэл гар утас хангинав. Утсаа авахад “Солонгосын элчингээс ярьж байна, таны өргөдөлтэй консул танилцсан. Та хүсвэл өнөөдөр материалаа өгөөд визаа мэдүүлнэ үү. Таны материалыг бид шалгаж үзэхээр шийдсэн. Виз авдаг 2 цонхны баруун талд нь авчирч өгөөрэй” гэлээ. Би ч баярлаж байна гэж жигтэйхэн. Зорилго маань биелэж байгаа учраас баярлахгүй гээд яахав дээ. Ажлаас элчин ойрхон тул гүйсээр очиход энэ удаад өмнөхөө бодвол арай л бага хүн байв.
Утсаар хэлсэн хүний цонхонд материалаа өгөх гэтэл надад боломж олгоогүй нөгөө монгол эмэгтэй байлаа.
Тэр “Таны өргөдөл их сайн бичигдсэн байна лээ. Та бас намайг өөрт тань боломж өгөөгүй гэсэн байсан уучлаарай. Манайд 7 хоногт 150 гаруй хүн виз мэдүүлдэг. Тэр болгонд тайлбар хийх боломжгүй бид дотоод журмынхаа дагуу л ажилладаг юм. Та тэр өдөр бас их эвгүй харьцсан шүү” гэв. Би гэдэг хүн хайлсан тугалга шиг уян найланхай амьтан “Өө зүгээрээ. Би дотоод журмыг чинь ойлгож байна. Чамайг ойлгож байсан учраас л тэр үед боломж олдоогүй болохоор өргөдөл бичсэн юм. Тэгээд ч ямар ч хүн суралцах хугацаагаа өөрийн хүссэнээр сонгоно шүү дээ. Гэтэл 1 жил суралцах шаардлага байхгүй байхад тэр шалтгаанаар бууж өгнө гэдэг тэнэг хэрэг” гээд л аваад хаялаа.
Материалаа өгчихсөн ... Ялалт мэдэрсэн баатар шиг дээгүүр харцтай, хамрын нүх тээр тэр тэнгэрт, хөл газарт биш агаарт гэж жигтэйхэн.

Намайг нааш гарахын өмнө Солонгос руу 90 хоног визгүй зорчих тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, Солонгосоос Монгол улсад суугаа Элчин сайдад танилцуулсан сураг дуулдсан. Хэрэв энэ хууль батлагдвал амар болох байх даа Яадгийн бол.

Би сайхаааааааааан гэдэг үгэнд угаасаа дуртай

Сэтгэлдээ урласан нандин шаглаасыг илэрхийлэхэд үг мэхийж, хэл бүрдэгдэг үү?
Давчидах зүрхний минь хэмнэлийг даган цагийн зүү яаран довтолгоно
Намайг чамтай уулзуулах гэж
Хоног өдрийг хумин хурдлана.