Сайхан бүсгүй



Миний нэг дотны найз Болдын “Би түүнийг харсанаас хойш” гэдэг дуу сонсож байснаа “энэ дууг сонсохоор яг намайг дуулаад байгаа юм шиг санагддаг юм” хэлж байсан юм. Тухайн үед инээлдээд өнгөрч байсан. Харин өчигдөр энэ дууг сонсож суухнээ, үнэхээр л манай найз охинд зориудаар зориулаад биччихсэн юм шиг санагдлаа. Нэг иймэрхүү:

Тэр тийм ч царайлаг биш ч гэсэн
Даруухан дөлгөөхөн цаанаа л нэг нууцлаг
Тэр тийм ч дэгжин биш ч гэсэн
Цэвэрхэн аятайхан, цаанаа нэг хайрламаар
Харах нүдэнд зуурхан үзэгдээд
Хайрлах л гэж хайж явсан
Хармагц л дурлахгүй байхын аргагүй
Хамаг гоо үзэсгэлэнгээ өөртөө нуусан чи
Тэр тийм ч онцгой биш ч гэсэн
Булбарайхан будаагүй, цаанаа л нэг зүүдэлмээр
Тэр тийм ч ялдамхан ч биш ч гэсэн
Хонгорхон холдомооргүй цаанаа л нэг уярмаар

Сахиусан тэнгэр



Сахиусан тэнгэр гэж байдаг болов уу?. Цав цагаан хувцастай, сэтгэл сэргэм сайхан инээмсэглэдэг, үзэсгэлэнтэй, (үзэсгэлэнтэй гэдэг нь хүмүүсийн нийтлэг шалгуураар авч үздэг тэр харах, хазах, үнэрлэх эрхтэний гоё ганган бишээ зүгээр л харахад бүх юмаа мартаад сэтгэл сэргэмээр гэгээрсэн царайтай гэж ...) аядуу амар амгалан, уян зөөлөн сэтгэлтэй сахиусан тэнгэр ганцхан диваажинд л байдаг гэж үү.
Хүрээд очихыг хүсмээр, ярилцаж зөвөлгөө авмаар санагдам тийм хүн байдаггүй гэж үү. Сахиусан тэнгэр диваанжинд л байдаг юм бол хүн төрлөхтөний энэ амьдралыг яагаад диваажин болгож болохгүй гэж.

Бидний дунд, энэ нийгэмд яагаад сахиусан тэнгэр байж болохгүй гэж. Бас яагаад зүгээр л жирийн нэг хүн сахиусан тэнгэрийн амьдралаар амьдарч болохгүй гэж. Нээх гоё ... Бүх юм нь үнэн, өөрөө ч үнэн, хийж байгаа хэлж байгаа бүхэн нь үнэн. Тийм л амьдралаар амьдрах юмсан. Миний бодлоор гэнэн зан гэж байдаггүй юм. За ... байдаг гэж бодоход тэр гэнэн зан ихэвчилэн хир буртаггүй цэвэр ариун сэтгэлтэй хүүхэд насанд л байдаг гээ биз дээ. Тэгэхээр тэр гэнэн гэж хэлээд байгаа зан бол хар буруу санадаггүй, үнэн гэх хэмжүүрээр бүгдийг хэмжисэн сайхан сэтгэлийн хариу илрэл. Магадгүй зөвхөн үнэн гэж бодсон тэр сэтгэлийг л хүмүүс буруу бүхэнд ашиглаж урвуулахдаа гэнэн гэдэг зан муу мэтээр бусдад ойлгуулаад ч байх шиг.

Эцсийн эцэст, миний эргэн тойрон худал хуурмаг байж болно. Би өөрөө өөртөө үнэнч, өөрөө өөртөө үнэн мөнөөр амьдарч энэ амьдралыг туулбал тэр миний хүн болж төрсөний утга учир. Үнэн явлаа гээд бусдын нүдэнд би “алдаж, хүнд ашиглагдаж, хүнд завшуулж” байгаа мэт байж болох ч би тийм гэж бодохгүй ээ. Яагаад гэвэл би юу хийж байгаа зүйл маань, буруу байсан ч нууж худлаа ярихгүй, бусдад ая тал засаж долигнохгүй ээ ...

Тэгвэл үнэн гэж юу юм вэ? Үнэн гэдэг бол хэн бүхэн хүн болж төрсөний утга учир, хүнд хар буруу санаж, хар буруу үйлдэл хийхгүй замнал, хүнийг мах цусанд төрсөнийхөн төлөө үнэлэх хүндлэл, өөрт байгаа бүхнээр хариу нэхэлгүй гар сунган туслах өглөг, хүний сэтгэлийг харлуулах муу үг хэлэхгүй хүсэл. Миний үнэн энэ юм болов уу ...

Хуурамч 14 хоног буюу Гэлэнмаа болохуй ...

Сүүлийн хэдэн өдөр, асар их хувьсгалын ажлын хажуугаар амин хувийн бага сага асуудлыг зохицуулах гээд толгойтой үснээс их проблемтай байлаа. Заримдаа найз нарын хэлдэгчилэн энэ жижиг биенд ахадсан их үүрэг хариуцлага, ачаа үүрч явах хэцүү ч юм шиг санагдах юм. Гэхдээ хэцүү бүхний цаана, хамгийн сайхан зүйл хүлээж байдаг гэдэг үнэн байх нь бий.
Мэдээж, энэ хэдэн өдрүүдэд блогноосоо хөндийрөөд шинэчлэл ч хийж амжсангүй. Сүүлийн 14 хоногт болж өнгөрсөн хувийн амьдрал надад давхар давхар сорилтуудыг нэгэн зэрэг илгээсэн. Сэтгэлийн асар их стресс, дарамт шахалт, өөрийн эрхгүй бодолд гунадах сэтгэл санаа - энэ бүгдийг үл ажиран ажлынхаа хэмийг алдахгүй хийж, хуурамч болтугай инээмсэглэл эсгэнэ гэдэг тийм ч амар байсангүй. Мэдээж, миний амин хувийн асуудал, ажилд маань ямар хамаа байхав дээ. Нэг үгээр ажил, амьдрал хоёр заавал ялгаа заагтай байх ёстой гэж боддог. Хувийн амьдралдаа хичнээн бэрх хүнд байлаа ч, ажлынхаа хэмийг алдахгүй хийх гэсэн зарчмыг баримтлахыг хичээдэг. Харин өнгөрсөн долоо хоногт энэ зарчимыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гэдэг хичнээн бэрх хэцүү болохыг мэдэрсэн. Нэг үгээр, сэтгэл зүрх минь ёолон уйлж байвч, бодол санаа минь хаа холын тэртээ тэнүүчлэн бэдэрч байвч, баяр баясгаланг маань өөрийн эрхгүй уйтгар гуниг дарлаж байвч, ажлаа хэмнэл алдахгүй явуулж, ажлынхаа нөхөдтэй энгийн мэт инээмсэглэн харьцана гэдэг хичнээн бэрх гэдгийг мэдэрлээ.
Гэхдээ одоо хуурамч дүр эсгэхийг шаардсан хуурамч 14 хоног ард үлджээ. Энэ бүгдийн эцэст, бүхнийг эргэн харахад “амьдрал ямар сайхан юм вэ” гэж дуу алдмаар санагдаж байна.
Хуурамч 14 хоног надад сэтгэлийн амар амгалан гээч хичнээн чухал болохыг л ойлгуулсан мэт санагдах юм. Гэхдээ дүр эсгэхгүйгээр ... бодож бодож би гэлэнмаа болохоор шийдсэн. Одоогоор байж болох зөв шийдвэр энэ л юм шиг санагдаад байна. Миний энэ шийдвэрийг надаас өөр хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр ч байтугай намайг галзуу золиотой гэж дүгнэх хүн ч гарсан. “Чи намайг насаараа гоонь эр яв гээ юу” гэж даажигнах, харамлах, харамсах, тохуурахыг зэрэгцүүлэн хэлэх хүмүүс ч таарсан. Гэхдээ л энэ миний шийдвэр, бас миний амьдрал ...

Жаргалтай гуниг

10-р сарын 05-ны Баасан гараг. Би бээр, Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвийн “Суварга” кафед жаал юм бичиж суухнээ, кафен үйлчлэгч хаах цаг болсоныг сануулахад сая нэг сэхээ авч толгой өндийн цонхоор харлаа. Гадаа хэдийнээ харанхуй болжээ.
Миний мөрөн дээр сарын турш хүндхэн ачаа болон явж байгаа өөрөөсөө том хар цүнхээ үүрсээр кафенаас гарахад, гадаа цэвэр тунгалаг агаар толгой сэргээж ... харахнээ ... бороон мөнгөлөг талст дуслууд, зам дагсан шонгийн неон гэрэлд гялалзан урсах торгон хөшиг татуулсаар, тэнгэрийн харанхуйгаас газрын хэвлий руу зөөлнөөр гулсан бууж байлаа. Ямар сайхан юм вэ ...
Ямар сайхан гээч ... Мэдээж, энэ намрын сүүлчийн бороо ч байж болох юм.
Тас хар, харанхуй гүнээс гэгээ татуулан хөшиглөн буух энэ шиврээ бороо, хоёр жил сэтгэлд минь хургасан гунигийг, жаргалтайгаар үлдэнэ хөөх шиг санагдлаа.
4-н жилийн өмнө, би нэгэн залуутай хотын гудамжаар хөтлөлцөн алхаж анхныхаа үнсэлтийг, яг ийм намуухан шөнийн зөөлөн шиврээ бороон дусал бүрээр гэрчлүүлэн өгч билээ.
Харамсалтай нь, өөртөө итгэх эр хүний зориг зүрхгүй тэр залууд намайг “гүйцэх”-ийг оролдоод үзэх тэвчээр дутсанаас, аз жаргал хүссэн үнсэлтээр орхиод явсан юм.
Анхны үнсэлтийг минь, зөөлөн шиврээ бороо гэрчилсэн болохоор яг ийм шиврээ бороо сэтгэлийг минь норгож, хацар дагах нулимсыг мөнгөн дуслуудаараа хаман авч оддог болсон юм. Яагаад гэвэл зөөлөн шиврээ бороо чихэнд минь түүний “хайртай” гэж хэлсэн үгийг шивнэдэг байлаа.
Харин энэ бороо өөр ажээ.
Энэ удаагийн жаргалтай гуниг - нулимсгүй хуурай ... Яагаад гэвэл, тэр залуугийн сэтгэлийн үгсийг дамжуулах бороон дуслуудыг, би харамсалын нулимсаараа бус мартагнахын хүслээр арвилуулан, ард хоцрох мөрөндөө шидлэн хаялаа.
Ингээд л, жаргалтай гуниг сэтгэлийг минь жин дарж, том хар цүнхтэй зөөврийн компьютер дэлхийн татах хүчтэй хавсаран зүүн мөрийг минь доош чангааж, нимгэн хүрэмний цаанаас арьс холгох боловч өвдөлтийг үл хайхран ихэмсэг бардамаар толгой дээгүүр алхаж, ирээдүйд намайг гэх хүлээлтийн зүг тэмүүллээ.

Бороо

Өчигдрийн орсон бороо үнэхээр сайхан байлаа. Би намрыг өөрөөр харах болсоон хэхэ. Бороо гэснээс, Р.Чойномын “Бороо” шүлгийг нийтлэмээр санагдлаа. Цаашид Р.Чойномын зарим нэгэн билигт бүтээлийг нийтлэж байхыг хүсэж байна. Бүтээлийг нь, зарах бус олонд хүргэх хүслийг тээж байгаа болохоор, энэ нь хууль бусаар хүний зүйлийг хулгайлсан, хуулбарласан, нийтлэсэн гэх хэрэгт орохгүй байх гэж найднам.

Бороо

Амгалан тэнгэрт зангирч гарсан үүлс болж
Агуу их байгалийн бодол үймэрч байх шиг санагдав
Асгаран орох борооны жигд усан ширхэгүүд
Алтан ятга хуурын утаснууд шиг харагдав

Нүд сохлом гялсхийх хүчит цахилгаан гал
Нүсэр их байгалийн тархинаа зурсхийн үүсэх онгод санаа гэмээр
Нүргэлэн дуурсах аянгын эрэмгий догшин чимээ
Түргэлэн товших хөгжмийн нэгэн аялгуу гэмээр ...

Тэнгэр газрыг холбосон ятгын түмэн утсандаа
Тэнхээ ихтэй байгаль ялалтын марш тоглоод
Тэргэл дугуй солонгоор уул, үүлийг далимдуулан
Тэр хөгжмийнхөө нотын гэрлийн хуулиар бичив.