Цонх

Нар тусах цонх өөрт тань бий.
Зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.*********************************************************************************
Амралтын хоёр өдрийг тааруулан үзэсгэлэнгээ гарахаар Баасан гарагийн шөнийн галт тэргээр Сөүлд ирлээ. Солонгост ирээд 2 жил болсон хэдий ч нийслэл хотыг нь анх удаан үзэж сонирхохын далимд үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм.

Санаж сэдэж явсан ажил маань сэтгэлд хүрэхүйц бүтсэний дараа хүний нутагт ажиллаж амьдарч сурч байгаа Монголчуудыг нэгтгэдэг Түндэмүний Монгол тауныг зүглэв.
Нэгэн ижил неон гэрлэн чимэглэлтэй Солонгосын ихэр гудамжнуудаас Түндэмүний монгол тауны гудамжийг ялгаж танихад төвөгтэй байсангүй. Гудамжны аман дээрээс эхлээд л хөлчүү Монгол залуус том том дуугарч, тойрог үүсгэн тамхилцалгаах нь тун чиг танил дүр зураг санагдаж байлаа.

Гурван эгнээ суудал нь пиг дүүрэн хүнтэй Монгол “шигдан”-ы /зоогийн газар/ сонголт үгүй ганц сул суудал дээр сууж хоолны цэс ч харалгүйгээр шууд цуйван захиалав. Хагас, бүтэн сайн өдрүүдэд Сөүл мөнхүү ойролцоох хотуудад ажиллаж амьдардаг Монголчууд Түндэмүний монгол таунд ирж алжаалаа тайлан өөр хоорондоо уулзаж учирдаг болохоор энэ газар тун их хөл хөдөлгөөн ихтэй байх ажээ.
Хоол хүлээх зуурт хүмүүсийн яриа чихний үзүүрт шүргэнэ. Монголд юмны үнэ нэмэгдсээр Солонгостой амьжиргааны өртөг ижилхэн байгаа ч цалин нь гүйцэж түрүүлж чадахгүй бахардсаар ард хоцорч байгаа тухай, дүү “баагий”-гаа энд нэг сургуульд чихчих ямар боломж байна гэхчилэн аж амьдралын яриа, “муусайн” Солонгосчууд Монгол хүний чигчий хуруунд ч хүрэхгүй арчаагүй сулбагар хэрнээ “хүчирхэг” “оюунлаг” Монголчуудын эх орон яагаад урагшлан хөгжихгүй байгаа нууцыг тайлах цэц булаалдах хөөргөн яриа чих загтнуулна.
Булангийн ширээнд өмнөө “сам чон”-ы 2 литрийн задгай шар айраг тавьсан барзгар нүүртэй хүрэн бор залуу ганцаараа суух нь өөрийн эрхгүй нүдэнд минь тусав. Энэ шигданд 4 хүний ширээг ганцаарчилаад суусан хүмүүс бид хоёр л байгаа бололтой.
Над шиг тал бүрт хараа бэлчээн чих тавьж хэрэгт дурлахгүй зөвхөн урдах шар айргаа гөл ширтэж суугаа тэр залууг би өөрийн эрхгүй сайтар ажиглав. Барилдаж ноцолддог янзын чацархуу том биенд дэндүү багадсан гэмээр цагаан подволк, хар ногоон дисант өмд өмсжээ. Зураач болоод тэрүү хамгийн түрүүнд хүний нүдийг ажигламтгай зантай. Шинжвээс, залуугийн яг л мөс мэт гөлгөр, болор нь эргэчихсэн юм уу гэлтэй мэлгэр хөшингө цагаанаараа эргэсэн харц нь насандаа баймгүй уйтгартай харагдах агаад түүний харц надад битүү гүн саарал мананд төөрсөн мэт сэтгэгдэлийг төрүүлэхэд дотор хачин болоод явчихав. Энэ бодлоосоо болоод дэндүү их дурлаж захиалсан цуйвангаа идэх хүсэл оргүй алга болчихлоо.
Залуу өөрийг нь ажиглаад байгааг мэдэрсэн бололтой дундуур шар айргаар барьсаар намайг чиглээд ирэв.
- “Сайн уу. 2-уулаа хоёр талд ганцаараа суугаад яахав. Монгол хүмүүс байна яриа нийлээд сууя. Чамайг анх удаа харж байна. Сөүлийнх биш үү. Хаанаас яваа вэ, энд юу хийдэг вэ” гэлээ. Түүний ярианы өнгө, хоолойг сонсоход харагдаж байгаа шигээ тийм ч уйтгартай нэгэн биш бололтой. Би Сөүлд ирсэн зорилгоо дурьдаад монгол хоол идэх санаатай ирсэнээ хэлэхэд тэр миний зураач гэх үгийг олзуурхан өлгөж аваад Монгол нутгийн сайхан зураг ч үнэхээр сайхан шүү гээд нүд нь илтэд гэрэлтэж
- “Өө сайхан мэргэжил байна. Монголд хамгийн сүүлд хэзээ очсон. Ах нь нутагтаа очилгүй 10 жил болж байна. Монгол яваад ирсэн хүн бүрээс монголын тухай сонин хачин сонсох дуртай” гэв.
- “Энэ зун яваад ирсэн” гэхэд
- “Заа яриад бай” гэж тушаангуй өнгөөр хэлэв.
Бид хоёр Монголын тухай зөндөө зүйлийг ярив. Монголын тухай ярьж суусан тэр хэдэн цагийн хооронд нөгөө хүн маань миний анх харсан битүү мөсөөр хучигдсан гөлгөр нэгэн биш хөдөө нутгийн сэргэлэн цовоолог адуучин хархүү болон хувирсан харагдаж байлаа.
Намайг явах болсоноо хэлэхэд тэрбээр надаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйв.
- "Ахынхан гэр энүүхэн энд ойрхон байгаа. Чи манайд очоод нэг зураг зураад өгч болох уу. Ах нь цонхгүй подволын өрөөнд амьдардаг. Чи ахынхаа өрөөний ханан дээр нэг сайхан томоохон шиг цонх зураад өг. Ах нь хөлс мөнгийг нь чадахын хирээр гомдоохгүй өгөхийг хичээнээ" гэлээ.
Амьдралдаа сонссон үнэхээр сонин бас гайхалтай гуйлт тэр байв. Яагаад ч юм дотроос минь хэн нэгэн зүүгээр хатгаж, тэр хүн надаас хараагаа шилжүүлэхээс өмнө би яарч сандран “Заа тэгэлгүй яахав” гэдэг үгийг тэвдэн хэллээ. Хүн надаас юм авах гэж гуйж байгаа биш би харин тэр хүнээс ямар нэгэн зүйл салгах гээд чармайж байгаа мэт, тэр хүн гуйлтын минь хариуд “үгүй” гээд хэлчих вий гэх эмээх мэдрэмж өөрийн эрхгүй надад төрөөд явчихав.
Ингээд бид хоёр тэдний гэр лүү алхлаа.

********************************************************************************
ЦОНХ

Түндэмүний Монгол таунаас 3 гудамжны цаана тэр залуугийнх байдаг ажээ. 3 давхар байшингийн подволын шатаар нарийхан урт үргэлжлэх хонгил руу буулаа. Хонгилын баруун талаар үргэлжлэх жижигхэн өрөөнүүдийн үүд бүгд нээлттэй байх бөгөөд зарим нь хүн амьдардаг бололтой гудас чемодан, номын тавиур, сэнс байх агаад нэг өрөө нь нийтийн ариун цэврийн өрөө бололтой ариутгалын бодис бохирын үнэртэй холилдон сэнхийнэ. Хонгилийн шатны эсрэг талын бусдаасаа арай том өрөөнд оёдолын үйлдвэр ажиллаж байлаа. Харин буланд байрлах мухрын өрөө миний зураг зурах айл.
Өрөөний хойморт нэг гудас, түүнтэй залгаа овоолсон хэдэн хувцас, будаа агшаагч, ус буцалгагч үргэлжилж, зүүн хананд даавуугаар урласан Монголын төрийн далбаа, асаалттай орхисон сэнснээс өөр эд хогшилгүй байв. Хаашаа хаашаа 3 метр хүрэхгүй
өрөөнд өөр эд хогшил тавих ч арга үнэндээ алга байв.
Би ч шууд ажилдаа оров.
Баруун ханан дээр 1 метр гаруй цонх зурлаа.
Сэлүүхэн том цонхоор хээрийн салхи төвөггүй үлээгээсэй гэсэндээ олон салхивч гаргахыг хүссэнгүй нэг том салхивч зурлаа.
Цонхны наана цэнхэр шар цэцгэн хээтэй цагаан хөшгийг гурвалжилан хуниж зурлаа.
Орой дээрээ мөнх цагаан цасан хучилгатай сүрлэг өндөр нүцгэн уул, түүний оройг ороосон сэрэмгэр нимгэн цагаан үүлтэй гүн цэнхэр тэнгэрийг хөшигний зурвасаар харагдахаар зурж, уулын энгэрээс үл мэдэгдэм эх аван мурилзах туузан цэнхэр голыг торгон ногоон талын дундуур урсгаж зурлаа.
Жижигхэн давчуу өрөөнд орой зай үүсгэн, сэтгэл сэргээхийн тулд уул ус, тал хээрийг тэртээ доор, би өөрөө энэ бүгдийг өндөр дээрээс харж байгаа мэтээр алслуулан зурлаа.

Гарын хөдөлгөөн, зураас бүрийн таталбарыг харж зогссон Балдан тал хээр, уул ус зураад дуусахын алдад сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой нүдэнд нь нулимс цийлэгнэж сааралтсан хоолойгоор:
- "Энд 10 жил амьдарахдаа анх удаа нутгийн салхи, голын хархирааг мэдэрч байна шүү. Ахын дүү энэ сайхан ногоон тал дээр морьтой хүн, бас сайхан монгол гэр зурж болох уу" гээд сул дорой дуугаар аргадангуй гуйв.
Голын эргийн наахан Монгол гэрээс ногоон талаар дөрөө нийлүүлэн хатирах хос морьтонг цонхоор харж байгаа над руу ирж байгаа мэтээр зурлаа.
Эцэст нь цонхны тавцан дээр жижигхэн хөгжилтэй болжмор хөх тэнгэрт дүүлэн нисэхэд бэлэн мэт цомцойлгон зурлаа.

Зураг дууссаны дараа өнөөх хүн гудасныхаа байрыг солиод цонхны эсрэг талд тавихад бид хоёр цонхоор алсын бараа ширтэж чив чимээгүй хэсэг суув.
Харин би зургаа түргэхэн дуусгаад салхинд гарч цээж дүүрэн амьсгалахыг юунаас юунаас илүү хүсэж байлаа. Сэнсний хуурай агаартай, хаашаа хаашаа 3 метр хүрэхтэй үгүйтэй бүүдгэр өрөөнд өдөржингөө зураг зурсанаас болж, нимгэн цамц аадар бороонд нэвт цохиулсан мэт хөлсөндөө норон гүн усанд амьсгалаа түгжин олон цаг байсан мэт сэтгэгдэл төрж байв.
Нарийхан урт хонгилоор явсаар шатаар өгсөн гадагш гарахад саун мэт чийглэг бөгчим агаар гялгар уутанд толгойгоо хийсэн адил бүчээд авах хэдий ч хулганы жижигхэн өрөөнд амь тэмцэн амьсгаадахаас хамаагүй дээр ажээ.

***********************************************************************************
ЦОНХНЫ ЦААНА

Тэр Солонгост 10н жил амьдрахдаа сэлүүхэн уужим, амар тайван мэдрэмжийг ганц ч удаа мэдэрч байсангүй. Зураач залууг гаргаж өгсний дараа гараа дэрлэж хэвтээд шүдэнзний толгой амандаа зуун цонхоор алсын бараа ширтэн хэвтлээ.

Дэргэд хүнгэнэх сэнсний салхи энэ удаад хээр талын тэнүүл салхи мэт сэвэлзэж тэртээ хол адуу янцгааж, голын хархираа чихэнд хөг аялаж тэр өөрөө эмээлээ дэрлэн өвсний толгой амандаа эмрэн хэвтэх дүрд биелэж цагийн зүүнд урсан өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлоо.
Аймгийнхаа төв тоотойхон орж үзэхдээ дотор давчидан өөрийн эрхгүй хөдөө рүүгээ яардаг дээлтэй монгол хүү 18хан насандаа нийслэл хотоо ч үзэж чадалгүй Буянт Ухаагаас Солонгосыг зорьсон. Онгоцноос бууж олны хөлд дайруулах шахан хүний урсгалд хөвсөөр ...
Солонгос зааварлагчийн даллалтаар жижигхэн тэргэнд суухаар онгоцны буудлын байшингаас гартал дотор базлам бүгчим агаар амьсгалахад бэрх цээжин дээр хүнд дарахад өөрийн эрхгүй буцаад гүймээр санагдаж, хамгийн түрүүнд ингээд л хүний нутагт амьсгалж ч чадахгүй үхэх юм байна даа гэсэн бодол төрсөнөө санана.
Гэрээний 3н жил ажиллаж хурааж хуримтлуулсан мөнгөө хөдөө байх ээж аавдаа явуулахаар нэгэн Монгол каргоны илгээмжинд өгсөн ч нөгөөх нь төд удалгүй дампуурал зарлажээ. Хариуцлага хэн хүлээх нь мэдэгдэхгүй хохирогчдын мөнгийг хэн төлөх нь ойлгомжгүй тохох эзэн ч үгүй, учир шалтгаан нь үл тайлагдах ээдрээтэй дампуурлын эцэст түүнтэй адил олон Монголчууд хохироод л үлджээ. Аргаа ядаад нэгэнт ирсэнийх буцах зардал басхүү ганц хоёр илүү цаас олох санаатай ажиллаж байтал визний хугацаа ч хэтэрч харлав.
Түүнийг ингэж мунгинаж байх хооронд эцэг эх нь ч сар хүрэхгүй хугацаанд дарааллан бурхны оронд заларч хүний ганц хүү эх орондоо ч , хүний нутагт ч эзэнгүй гөлөг шиг буцах хаяггүй харанхуйд гээгджээ.
Эрдэм номын мөр хөөж завдаагүй залуу насаа хэдэн ногоон цаасанд торлуулж, угаас ах дүү цөөнтэй, үгүйлэн санах хүнгүй болсон тэрбээр Монголдоо буцах ямар ч хүсэлгүй болж цалингийн илүүг харан хүний нутагт үйлдвэрээс үйлдвэрт шидэгдсээр 10н жилийг арай ядан “идэж” өнгөрөөжээ.
Байр хоол үнэгүй бас дээрээс нь харын хүнийг чамлахааргүй цалингаар ажиллуулдаг болохоор тэр хонгилын оёдолын үйлдвэрийн энэ ажилдаа сүүлийн 5 жил зүтгэсэн.
Цонхгүй хонгилд унтаж, цонхгүй хонгилд ажиллахад гадаа нар хэзээ мандаж хэзээ жаргадагийг ч бараг мартсан энэ бүхэн ч түүнд нээх сонин зүйл бас биш... Тэгээд ч Монголын сайхан талд саатаж хорогдоод жаргадаггүй нар энд 5 өнгөрөхтэй үгүйтэй л нүүрээ буруулаад алга болчихдог.
Орой бүр Түндэмүний Монгол тауны шигданд үдшийг өнгөрөөх түүний амьдрал яг л цуурга түгжээгүй, хэрээсэн торгүй хэрнээ эрх чөлөөг мөнгөөр чөдөрлөсөн шорон шиг санагддаг байв. Ядуу эх орны иргэн болж төрсөний төлөөс энэ юм шиг.
Харин зураач залуугийн бэлэглэсэн энэ цонх харанхуйгаас харанхуй руу тэмтчисэн түүний харх шиг амьдралд цонхны цаана гарч шинээр бүхнийг хийх залуу хүний ирмүүн хүслийг сэрээсэн бадрангуй хөг байлаа.
Өмнө хэзээ ч аливаа зүйлийг нягтлан боддоггүй байсан тэр энэ удаад цонхоор алсыг харан хэвтэхдээ энэ мэт өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралыг эргэцүүлэн бодсоор харанхуй дундах мөнхийн гэрэлтэй цонхны цаадах ирээдүйгээ сэтгэлдээ өнгөтөөр төсөөлөн зурсаар унтлаа.
Зүүдэндээ тэрбээр эх нутагтаа эргэж очоод эцэг эхийнхээ голомтыг үргэлжлүүлж хээр талд адуун сүргийн захад тэнгэрт гялалзах түг түмэн одод тоолон хэвтэж байгаа өөрийгөө харлаа. Газраас ургах галт улаан өглөөний шаргал нарыг угтаад гэрийн зүг яаравчилан давхина. Гэрийн бараа харагдахын алдад ижий нь хүүгээ саравчлан Балдаан миний хүү нааш ир Балдаан Балдаан гэж дуудах нь сонсогдлоо.
Зүүдэнд дуудах ижийн дуу бүдгэрсээр 5 жилийн турш өглөө бүр дуудаж сэрээдэг Солонгос ажмаагийн Балдаан гэх дуугаар солигдох нь ажлын эхний өдрийн 8 цаг болж байгааг илтгэнэ.

**********************************************************************************
5 сарын дараа би Сөүл орох ажлын далимаар өнөөх залуутай уулзахаар түүний амьдардаг 3 байшингийн подволд очлоо. Нарийхан хонгилоор явсаар булангийн өрөөний хаалгыг зөөлөн нээсээр ортол Балдангийн овоолттой байдаг хувцас мөнхүү хаалганы эсрэг талд байх цонх үгүй болжээ. Монголын төрийн далбаа хийгээд, зэрэгцээ хоёр ханын цаас үгүй болсныг харахад Балдан энд ажиллаж амьдрахаа больж цонхоо хуулж аваад хаана нэгтээ явсан нь илт байлаа.
Ер бусын андтайгаа уулзаж чадаагүйдээ жаахан харамсангуй эргэн гарах зуур 20 хүрээгүй Монгол хүүтэй таарав. Оёдолын үйлдвэрт шинээр ажилд орсон Монгол хүү цонхгүй өрөөний шинэ эзэн болохоор гар цүнхээ барин ирж буй нь энэ ажээ.

SHUUDSHUUD-д тохиолдсон явдлаас сэдэвлэн бичив.

Зугаалах уу?

Тежон усан цахилгаан станц, далан
Амьдран суугаа Тежон хотод үзэж харж, зугаацан зүггүйтэх олон газар байгаа тухай бичиж байсааан. Тежон хотын баруун хойноос урагш сунаж урсах Гим мөрний эргийг “бараадуулаад” Солонгосын ерөнхийлөгчийн манайхаар бол сэрүүн лабиран, эртний түүх дурсгалын бяцхан хотхон, амралт зугаалгын цогцолбор гэх мэт олон зүйлийг барьж босгосны нэг нь Тежон усан цахилгаан станцын далан.



Усан цахилгаан станцын бүтэц нь яг л мөсөн уул шиг гол хэсэг нь газар доор нүднээс далд бий.Усан цахилгаан станцын далан буюу эндэхийн монголчуудын хэллэгээр Тежон дэм нь олон үүргийг давхар гүйцэтгэнэ. Үерээс хамгаалах далан, далангийн системийн гол судалгааны төв /Солонгост 17 том далан байдаг бөгөөд тэдгээрийн судалгааны гол төв Тежон усан цахилгаан станц дээр байрладаг/, цахилгаан үйлдвэрлэгч, Тежон хотын цэвэр усны гол нөөц тул дархан цаазтай хамгаалалтын бүс газар, мөн Тежонд хамгийн томд тооцогдох амралт зугаалгын төв гэх мэт.

Энэ өвөө амарч яваа хүмүүсийн зураг авч ганц хоёр дэвсгэрт халааслах санаатай л сууж байгаан.

Энэ мэт "ирээдүйтэй", Олимпийн медалийн мэрийлттэй тамирчид мэр сэр үзэгдэхийн билээ ... хэхэ

1980 онд ашиглалтанд орсон Тежон усан цахилгаан станц зөвхөн Тежон хотоо эрчим хүчээр хангаад зогсохгүй хөрш хотуудаа цахилгаанаар хангаж байна.

Энд нэгэн зүйлийг хачирлий. Миний мэдэхийн 8 жилийн өмнөөс л Ховдын Дөргөний, Үенчийн гээд хэл ам татлуулсан усан цахилгаан станц баригдах тухай яригдаж нутгийн иргэд унь тооноо барьж босож эсэргүүцэх юм болоод л байсан. Эцсийн бүлэгт нөгөө усан цахилгаан станцууд нь баригдаж гийгүүлсэн юм одоо хүртэл дуулдахгүй баруун аймгууд Оросоос хараат хазаартай морь шиг цахилгаанаа хэрэглэсээр л байх юм. Намайг хүүхэд байхад л цахилгааны мөнгөө төлөөгүй Оросод их өртэй нэрээр байсхээд л тогны хязгаарлалтанд орж аймгийн төв тэр чигтээ харанхуй байдаг байж билээ.
Орос ахын уур хүрвэл цахилгааны нэг шон доош дарахад л Монголын баруун хязгаар тэр чигтээ харанхуй болдог нэг далайлтын шидэт дохиур шиг ... Ганц ч гэсэн юм гараас гаргаад усан цахилгаан станцаа горим дүрмийн дагуу зөв бариад ашиглалтанд оруулчихвал их л хэрэгтэй эд бололтой дог.
Тежон хот л гэхэд 2 сая гаруй хүн амтай гэж байгаа. Монголын нийт хүн амтай тэнцэхүйц. Гэтэл 2 сая хүн амтай хотын цахилгааны хэрэглээг энэ цахилгаан станцаар хангаад л илүүдлээ бусдад гар сунгаад өгч байхад баруун хязгаарын хэдхэн аймгийнхаа цахилгааныг нэг цахилгаан станцаар шийдчих боломж байгаад байгаам шиг.
Ойр орчмыг нь янзлаад сайхан цэцэрлэгт хүрээлэн давхар барихгүй ч дан ганц цахилгааны хэрэглээг бүрэн хангачих цахилгаан станц миний Ховд нутагт удахгүй ашиглалтанд орохын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.







Борооны улиралаар усны түвшин ихдэж эргээсээ халих үеэр далангийн хавхлагыг нээж усаа асгадаг. Шөнөөр очиж зураг авахаар өнгө өнгийн гэрэл солонгороод дуу нь их сүртэй тээр жил Нигерийн хүрхэрээн эргэн дээр зогсож байсныг санагдуулам сэтгэгдэл төрүүлж өнгөрсөнийг дурсуулахын билээ /Нигерийн хүрхэрээн талаар бол Итгэлт баян шиг мянгуужиндаж байгаан шүү хэхэ/

Өтгөн гэзгийг сул асгасан мэт л харагдаж байна уу. Зурагнуудыг Shuudshuud

Ханийн түшиг

/Үүний хадмал орчуулгыг доороос уншина уу/

Олон жилийг хамтдаа угтаж үдсэн нэгэн аз жаргалтай хос амьдран суудаг байжээ. Үүлгүй тэнгэрт аадар бороо цутгах шиг эмч нарын хариуцлагагүй хагалгааны улмаас эхнэр нь орчлонг харах нүднээсээ хагацаж гэнэ.
Хөөрхий бүсгүйд харанхуй ертөнцийг гийгүүлэх цорын ганц нар үлдсэн нь нөхөр нь байлаа. Идэр залуу насандаа харах мэлмийгээсээ хагацсанд нөхөр нь шаналан зовж байвч эхнэрээ бие даасан эмэгтэй болж гэнэтийн өөрчлөлтөнд хөл алдуулахгүйн тулд чадах чинээгээрээ дэмжин тусалж байв.

Эхнэрээ хараагүй болсоны дараа ч нөхрийн хайр урьдын адил халуун дулаан байсаар. Эхнэр нь ч нэгэнт ирсэн амьдралдаа аажим аажмаар дасан бие дааж байлаа. Цаг хугацааны аядуу цохилт өршөөлгүй мэт санагдах амьдралын эрчит урсгалыг зөөлрүүлж тэрбээр шинэ амьдралдаа нэгэнт дасаж гэнэ.

Өглөө бүрийн шинэ нарны цацраг тэдний хайрыг улам ихээр гийгүүлэх бүрт урд өмнөхөөсөө илүүтэйгээр хоёр биеэ үнэн сэтгэлээр асран халамжлах болжээ.
Ингээд эхнэр нь хуучин ажлаа хийхээр болж өдөр бүр нөхөр нь автобусаар хамтдаа яван ажилд нь хүргэж өгөөд орой бүр эхнэрээ тосон авдаг болжээ.

Нэг өдөр нөхөр нь
“Эхнээр. Одоо чи бүх зүйлийг өөрөө хийж чадах учраас маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй” гэжээ.
Нөхрийнхөө хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ бодлоо сэтгэлийн гүндээ нуун хадгалжээ.
Нөхрийнхөө хэлсэн үгийн хариуд сулхан дуугаар “За” гэж хариулсан ч “намайг тэр минь орхих вий” гэсэн нууцхан бодолтойгоо тэмцэн зүрхэндээ сэмээрхэн уйлжээ.
Ингээд маргааш өдрөөс эхлэн цагаан таягаараа хань хийн автобусаар ажилдаа явах болов. Бүсгүй ганцаараа ажилдаа явах болсоор 2 сарыг үджээ.

Гэтэл нэгэн өдөр автобусны жолооч
“Та их азтай бүсгүй юм. Нөхөр тань өдөр болгон таныг дагаж ирээд алсаас таныг ажиглаж, ажилдаа ороход тань алсаас үнсчихээд явдаг шүү дээ” гэж гэнэ.

Энэ үгийг сонсон бүсгүй мэлмэртэл уйлжээ. Тэрбээр энэ хугацаанд ганцаараа явж байна гэж төсөөлөн бүхнийг өөрөө хийх гэж мэрийн байжээ. Цагаан таягаараа замаа тэмтчин явахдаа ялингүй зүйлд тээглэн бүдэрч унаад эргэн босож алхах бүрт нөхөр нь гүйж очиод түшин босгохыг хүсэвч эхнэрээ өөрийгөө ялан хэн нэгнээс хараат биш өөртөө итгэлтэйгээр бүхнийг хийж чадах шинэ амьдралд сургахын тулд түүний үйлдэл бүрийг алсаас хараад хамтдаа бүдэрч, хамтдаа уйлж байсныг эхнэр нь мэджээ.

Нарт хорвоогийн тоос хөдөлгөх хүмүүний амьдралын зурвасхан хугацаанд дуусашгүй үнэнч хайр халамжаар биенээ дулаацуулан түшиж тулах ханьсахын жаргал гэж энэ буй.
Солонгос хэлнээс орчуулав.

Б.Явуухулан. Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би

Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би

Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

САНАХ Л ЮМ ДАА

Ийм л байдаг

Хүн бүхний харж байгаа зүг заавал зөв байх албагүй.
Өөрийнхөө харж байгаа зүгт бүх анхаарал, сэтгэл санаагаа зориул.
Гагцхүү гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун, өөрийнхөө зорьсон зүг өөдөө.
Сэтгэл ханамж, сэтгэл хангалуун байдал үүнээс л үүддэг юм.
Олон сонголт байх тусам хүн өөрийнхөөрөө байдаг.

Б.Угаанцэцэгийн блогоос

Бороо орохоор

Бороо орж байна.

Зах нь үл үзэгдэх бүхэлдээ харанхуй тэнгэрээс зүсэрч унах энэ борооны дуслууд өд мэт зөөлхөн бууж, өлмий доор тогших хөг аяз нь сэтгэлд ойрхон, уянгатай санагдаж байна.

Өөрчлөлтөнд дасах, байдлыг цэгнэх басхүү нутгийн хүмүүсийн үг яриа гэхээс илүү энэ нутагт амьдарч байгаа элэг нэгтнүүдийн үгийг ялган тунгаах, харцыг барьж шүүхэд нилээдгүй цаг хугацаа хэрэгтэй байдгийн байна.


Бороо орж байна.
Өмнө нь энэ нутгийн борооны хөг аяз нь сэтгэл гижигдэх шиг доогтой, нүүр зүсэм ширүүн санагддаг байсан бол одоо үгүй болжээ.

Бороо асгах энэ "тэнгэр" миний эх орны "тэнгэр"-ээс ялгаа юу байх билээ.

ЗУРГИЙГ SHUUDSHUUD-ИЙН ФОТО БЛОГООС АВАВ.

Өдөр бүр

Зам зуур- жаалхан уянгатай
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Хөлийн жийлт, дугуйны эргэлт. Нэг хэмээр эргэлдсээр цагийг аажим аажмаар хумиж ургашилна.
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Хөлийн жийлт, дугуйны эргэлтээр цаг хугацаа хэмжигдэнэ.
Нэг ... Хоёр ... Гурав ... Нэг ... Хоёр ... Гурав ...
Энэ бол шинэ өглөөний эхлэл. Намайг мөрөөдлийн минь ирээдүй рүү хүргэгч улаан дугуй.
Өглөө бүр улаан дугуйндаа шалавхан шиг морьдоод нэг хоёр гурав нэг хоёр гурав гэх нэгэн хэмнэлээр жийсээр шинэхэн өглөөг эхлүүлдэг.
Улаан дугуйгаа “ташуурдсаар” буудал хүрэх замдаа өнөөдөр хийх ажлаа биш дугуйны эргэлтээр наашлах ирээдүйгээ байнга бодно.

Буудал дээр – жаалхан хэтрүүлэгтэй
Автобусны буудлын наахан талын гэрлэн уулзварын огтлол дээр “үнэнч хүлэгээ” чөдөрлөж орхиод буудал руу хоёр зээрдээрээ харайлгана даа.

Энд ирсэнээс хойш цаг хугацааг бугуйн дахь цагийн зүүгээр биш үнэнч хүлгийнхээ нэг хэмийн хатираа, 10 минутын дотор буудал дээр болж өнгөрөх үйл явдалын өрнөлөөр мэддэг болоод байгаа.

Намайг буудал дээр ирэхэд буудлын саравчны ард ойр зуурын идэшний ногоо зардаг гурван эмээ бараагаа дэлгэж байдаг юм. Бүх бараа нь “чон вон” буюу 1000 төгрөгний үнэтэй ногоон өвснүүд. Мэдэхгүй ээ намайг л харахад энийг нь иддэг болов уу гэмээр зүйлс харагдахгүй Монголын хөдөөд хаа сайгүй л ургадаг нэгэн хэвийн ногоон навчнууд л харагдаад байдаг юм.
Солонгосын эмээ нарын насыг эхэндээ би буруу барагцаалдаг байлаа. Монголтой харьцуулвал наслалт харьцангуй урт гэдгийг сайтар ухаараагүйгээс 60 гаруй насны л эмээ нар гэж боддог байсан чинь харин 80 нилээн хол гарсан эмээ нар байсныг сүүлд мэдсэн. Цаг хугацаа хийгээд үүрийн 5 жингээс үдшийн бүрий хүртэл тариан талбайн дээр хотон шувуу шиг тонголздог тариачны хүнд хөдөлмөр эмээ нарын нурууг эх газартай диагнол болгож дөнгөжээ.
Насны буянаа эдлэн гэртээ ач гуч зээ нараа тойруулан жаргаж суух насан дээрээ нөгөө л нэг хэдэн ногоогоо зарах гээд үдийн халуун нарнаас бултан сүүдэр бараадан сууж энэ амьдралыг илээх нь Солонгос хүмүүсийн бурханаас оноосон зурлага юм даа.

Эмээ нарыг ногоон навчнуудаа дэлгэж дуусахтай зэрэгцээд баруун тэртээгээс гуалиг туранхай бие, өндөр зэгзгэр нуруутай, халимаг засуулсан тачирхаан шингэн үстэй, шингэн бор арьстай, цүнхээ баруун гартай тохсон хүүхэн алиман бондгор өгзөгийг хоёр тийш нь ёстой хайр найргүй шидэлсээр хурдан хурдан алхалан өнгөрч оддог. Яг түүний араас мөр алдахгүй дагах хүүхэн түүнийг бодвол арай л мяраалаг. Тэр бас л цүнхээ баруун гар дээрээ тохчисон байх бөгөөд өмнөх хүүхнээсээ ялгаатай нь гэвэл байнга чихэндээ чихэвч хийсэн байдаг юм. Тэр хоёр хэзээ ч зэрэгцэж явахгүй яг ар араасаа 3 алхамын зайтай монгол үхрийн цувааг санагдуулан мөр мөрөөрөө дагаралдан явна. Гэхдээ тэд биенээ огтоос мэддэггүй хүмүүс биш хаяаадаа хажуугаар өнгөрөхдөө үг сольж харагддаг ч яриа дуусангуутаа ар араасаа дагалдаад явж одно. Ядаж ганц удаа ч гэсэн мяраалагдуу хүүхэн урд нь явж болдоггүйн болов уу гэж бодогдмоор.

Хоёр хүүхний дараа дугуйныхаа ард Солонгосын тугийг сүртэй намируулсан саарал жилээтэгтэй туранхай хөх өвгөн их л хурдны мэрийлттэйгээр салхи татуулан алдан өнгөрдөг. Өвөөд онцлох юм гэвэл саяхнаас халуун болоод өвөө богино ханцуйтай цамц өмсөх болсон ч өнгө нь хэвээрээ саарал.

Өвөөг өнгөрөхтэйгээ зэрэгцээд л 2, 705 дугаарыг автобусууд ирж зогсох бөгөөд 705-аас надтай цаашид нэг “унаанд замын хань” болох шүлс хайрлахгүй ярьдаг нэгэн ижил хувцас, үс засалттай ахлах сургуулийн хоёр охин бууж ирдэг. Эхэндээ тэр хоёрыг юу тэгтлээ гэрт гадаагүй ярьдагийг мэддэггүй байсан ч саяхнаас чих онгойж эхлээд байгаа болохоор юу ярьдагийг нь гадарлах болсон. Байнга найз хөвгүүд, болоод энд тэндхийн охидууд, бас хувцас хунар. Охидуудын яриа ...

Төд удалгүй зүүн тэртээгээс үргэлж мөнхийн нойрсож буй гүнж нүдэлсэн нэгэн бүсгүй ирнэ. Хувцасласан донж маяг нь тун дажгүй боловч нүд нь байнгын зүүрмэг аястай, нэг л их унтаа царайтай бүсгүй. Цочоовол нойрноосоо бүрэн сэрчих юм шиг санагдаад яагаад ч юм надад түүнийг нэг сайхан “үнхэлцэгийг нь хагартал цочоох юмсан гэж бодогдоод болдоггүйм. Нүдээ бүрэн нээчихвэл давхраатай алган нүдэн байхаар харагдаад байдгийн ...
Гэхдээ магадгүй үд дундын алдад нойр нь сэргээд зовхио 100 хувь дэлгэдэг байж болох юм л даа. Тэгвэл нэг харах юмсан.

Ингээд унтаа нүдт ирсэнээр автобус маань 2 минут хүрэхгүй хугацаанд ирэхийг төвөггүй мэднэ дээ.
704 дугаар автобусанд унтаа нүдт, ахлах сургуулийн 2 охин суусны дараагаар баруун тэртээгээс ахлах сургуулийн дүрэмт хувцастай хөвгүүн гартаа сандивич барьчихсан аахлан уухлан гүйсээр унаандаа амжиж сууна. Тэр угаасаа л дандаа ингэж хоцордог хэрнээ гандан буурахгүй идэх юмтайгаа ... Магадгүй энэ сандивичийг худалдаж авах эсвэл бэлдэх гэсээр байгаад унаанаасаа хоцрон алддаг юм болов уу.
Хөвгүүн орж ирэнгүүтээ цүнхнээсээ толь гарган салхинд бага зэрэг сэрвийсэн үсээ налуулж, уруул өнгөлөгчөөр уруулаа өнгөлж амжина. Тэрний үс байнга гоё, долгиондуулан хайчаар ороосон харагддаг шүү.

4 сарын турш үйл явдал дэс дарааллаа хэзээ ч алдахгүйгээр ээлжлэн өнгөрч надад цаг хугацааг бугуйн цагаар биш үйл явдал хийгээд хөлний жийлтээр хэмжихэд тус болж байгаа шүү.
Ингэхэд бугуйн цаг хэсэгтэй л зүүхгүй ээ ....

Үнэнч хүлэг мину зээ ...
Хичээл тарж унаандаа суусаар автобусны буудал дээр эргээд ирнэ. Буудлын цаахна чөдөрлөсөн үнэнч хүлэг минь халуун наранд харангадаж гар хүрэхэд түлэм халсан хэдий ч намайг ирэхийг тэвчээртэй хүлээн байдаг. Нойтон сальфеткаар наранд шарагдсан хондлой, биеийг нь арчиж жаалхан боловч сэрүүцүүлээд үнэнч хүлгээ хатирууланхан бид хоёр биендээ хань болсоор гэрийн зүг яаравчилна.
Гэр лүүгээ яарсан хүмүүс ямар байдаг билээ. Яг л тэрэн шиг.

Үнэнч хүлэг дээрээ ирэхэд хөл минь хөнгөрөөд халуун нарны эсрэг нүүрээ мэлтийтэл сул орхиод давхина даа ...