Шинэ – Та ч бас шинэ

2008 онд Би “Өөрөөр амьдрахаар” шийдлээ. Би аливаа зүйлд гол дүрд тоглох дургүй. Гэхдээ 2007 оныг дуустал тийм байсан. Яагаад гэвэл би өөрийгөө гол дүрд тоглоход хангалттай сайн бэлтгэгдээгүй гэж боддог байлаа.
Одоо би өөрийн чадах зүйл дээрээ гол дүрд тоглохоос татгалзахгүй ээ хэхэ. Яагаад байж болохгүй гэж.
Миний нэг орчуулж байсан номон дээр
Өнгөрсөн бол түүх
Ирээдүй бол таавар
Өнөөдөр бол бэлэг ....
гэсэн байдаг юм.
Тиймээ 2007 он Оогий гэмээх нэгэн жижиг ертөнцийн эргүүлэх хуудсыг нэгээр нэмж, түүх болон ард хоцорч байна.
Би ирээдүйгээ төсөөлж мөрөөдөж чадахаас, надад ирээдүй маань мөнхөд таавар хэвээр байх нь ойлгомжтой. Гэхдээ Өнөөдөр гэмээх томоос том, асар том бэлгийг би зөв ашиглаж нэг хормыг ч алдахгүй хөдөлмөрлөж чадвал таавар гэх төсөөллийн, мөрөөдлийн ирээдүй маань миний гарт ирэх нь дамжиггүй юм.
Өнөөдөр надад байгаа хамгийн үнэтэй бэлэг миний гэр бүл. Иймээс гэр бүлийнхэндээ, хамгаас хайрт ахдаа, дүү нартаа, эмээдээ бүгдэд нь ШИНЭ ОНЫ МЭНД.
2008 онд Би Шив Шинэхэн, Эрч Хүчтэй ООГИЙНОО байх болно.
ИРЭЭДҮЙГ НЭЭХ ТҮЛХҮҮР НАДАД БАЙГАА. ТҮЛХЭХ Л ХЭРЭГТЭЙ ТИЙМ ҮҮ.

Манайхан




Энэ бол манай ажлыхны шинэ жил. Үнэхээр сайхан болсон.
Бүгдэд нь Шинэ Жилийн Мэнд Хүргэе.

Time сэтгүүлийн Оны Шилдэг Хүн Владимир Владимирович Путин




Путины өмнөх Орос орон


20-р зуунд Зөвлөлт Холбоот улс дэлхий ертөнцийг үзэл сурталаар хоёр ангилан хуваахад голлох үүргийг гүйцэтгэж байлаа. Товчхондоо дэлхий ертөнц АНУ, Зөвлөлт Холбоот Улс гэсэн хоёр туйлд хуваагдан оршиж байсан юм. Хүйтэн дайны бэлэг тэмдэг болсон Берлиний Хана нуран унасаны дараа Орос орон АНУ-аас гэрэвших нь багассан. Хэдийгээр Зөвлөлт Холбоот улс, томоохон гүрнүүдийн хооронд явагдсан геополитикийн “бооцоот тоглоомд” ялагдал хүлээж, АНУын өмнө “сөхөрч” түүнчлэн хүчирхэгжиж байгаа Энэтхэг, Хятадын том “аманд” залгигдаж байгаа мэт дүр зураг харагдах боловч Орос орон өнгөрсөн, одоо, хэт ирээдүй ч дэлхий ертөнцийн “цөм” хэвээр байх болно.
Орос орон, Хятадтай 4200 километрээр хиллэж, дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч хэвээр байж, Саудын Арабын дараа орох хамгийн том нефт үйлдвэрлэгч болж, Ойрхи Дорнодын бүс нутгийн бодлого тодорхойлогч гол гүрэн хэвээр байсаар байна. Энэ ч утгаараа хэрэв Орос оронгүйгээр дэлхийн ертөнцийг төсөөлье гэвэл дэлхийн томоохон гүрнүүд 21р зуунд гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн бүхэн хөсөр хаягдана гэсэн үг.
21р зууны өнгө төрхийг тодорхойлогч Орос хэмээх Их Гүрнийг Владимир Владимирович Путингүйгээр төсөөлөхөд бэрх юм.

Time сэтгүүлийн оны шилдэг хүн Владимир Путин

Агуа Их Эх орны дайны жихүүхэн жилүүдэд 26 сая хүнээ алдан нулимсанд живээд байсан Орос орны баатарлаг Ленинград хотын нэгэн ажилтан ангийн гэр бүлд Путин мэндэлсэн гэдэг. Түүний төрсөн нь үнэн болохыг батлах мэдээллээс өөр хүүхэд ахуйн үеийн тухай тодорхой баримт байдаггүй юм. Гэхдээ түүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол коммунист дарангуйлагч гэгдэх Сталины тогооч хийдэг байсан өвөө нь гэж үздэг.

Тайм сэтгүүлээс жил болгон уламжлал болгон зарладаг оны шилдэг хүн хэмээх энэ шалгаруулалт нь бусдад өгч байгаа “хүндэтгэл бус”, бусдыг “сайшаан магтаж байгаа” хэрэг ч бус юм. Энэ бол тэмцээн уралдаан ч биш. Тайм сэтгүүлийн оны шилдэг гэсэн цолыг дэлхийн ертөнцийг “сайн”, “муу” аль хэсэгт хувааж чадсан тэрхүү хамгийн хүчирхэг “хувь” хүнийг олж харан дэлхий нийтэд танилцуулдаг шалгаруулалт юм.

Нэг үгээр, Тайм сэтгүүлийн Оны Шилдэг хүн болно гэдэг нь хүн төрлөхтөнд хүчирхэг, цуцашгүй удирдах чадвараа зүй ёсоор харуулж чадсан эрхэмд олгогддог цол юм. Путин бол Барууныхны дүгнэн хэлдэгээр ардчилагч биш. Тэр бол чөлөөт индэрийн төлөөлөл ч биш. Нэг үгээр, тэр Орос оронд тогтвортой байдлыг бий болгосоноос гадна Хүйтэн дайны уршигаар нэр хүнд нь унаад байсан Орос оронг эргүүлэн олон улсад үнэлэгдэхэд, олон улсын тавцанд байр сууриа эргүүлэн “тамгалах” нөхцөлийг бүрдүүлсэн гарамгай удирдагч юм. Путин, Орос орныг “чанга” нударгаар номхоруулж чадсан гавьяатан. Ийм учраас түүнийг Тайм Сэтгүүлийн Оны Шилдэг хүнээр зүй ёсоор зарласан болов уу.

Путины гүн цэнхэр “хөлбөрлөшгүй” харц, гадны ямар ч нөлөөнд авталгүйгээр биеэ авч явж чаддаг чадвар, сэтгэлийн хөдлөлөө төдийлөн ил гаргадаггүй “чанга” төрх, өөрийн санаагаа бусдад олон долоо үггүйгээр үйл хөдлөл, харцаараа ойлгуулж чаддаг зэрэг нь түүнийг амжилтанд хүргэх гол зэвсэг болсон гэж ажиглагчид үздэг. Тэр бол үнэхээр “чанга” удирдагч. Түүнчлэн тэрээр АНУ-ын өмнө ямар ч эргэлзээгүйгээр Орос орны ашиг сонирхолыг баттай илэрхийлж, ятган үнэмшүүлж чаддаг цорын ганц удирдагч билээ.

Шинэ Оросын Шинэ Хаан

Путин Орос оронд юу хийж чадсан вэ?. Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2008 оны 3р сард дуусна. Оросын ард түмэн маш их итгэл найдвар өгч түүнийг улиран сонгосон. Үндсэн Хууль гэсэн саад байхгүй бол түүнийг ахин сонгох ч сонирхолтой байгаа нь нууц биш. Орос орон Путинд яагаад итгэл өгсөн вэ?.
Зөвлөлт Холбоот улс задран унасанаас хойш үгүй болоод байсан тогтвортой байдлыг бий болгож, ард түмний дунд их гүрний бахдам үзлийг эргүүлэн авчирч чадсан удирдагч юм. Тэр ерөнхийлөгч болсоныхоо дараа Оросын эдийн засгийг бүхэлд нь атгаж улмаар улс орныг мафийхан уландаа гишгэж байхад бүгдийг нь зоригтойгоор “арчин хаяж”, 2003 онд дундаж иргэний цалинг хоёр дахин нэмж, Оросын хөрөнгө эрх мэдэл хэдхэн баячуудын гарт атгагдсан байсныг задрааж, жирийн ард иргэдийн амьдралыг бодитоор өөд нь татаж чадсан гавьяатай.

Хүйтэн дайны шуурганд сөхөрч байсан хүчирхэг “баавгай”-г ахин сэргээж чадсанаараа Путин Оросын ард түмний дунд гавьяатай. Дээр нь бас Дэлхийн тавцанд өөрийнхөө нөлөөллийг ганцхан зэвсэглэл үйлдвэрлэл, нийлүүлэлтээр бус нефт, хийн түлш болон модны экспортоор бататгах болсон юм. Орос орон,
Дэлхийн ертөнцийн хурцадмал асуудал дээр Орос ямар байр суурьтай вэ?. Америкийн оолон улсад нөлөөллийг сааруулахад далдуур “өдөөн хатгагч”, Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, Ойрхи Дорнод, Ираны асуудалд голлох яриа хэлэлцээрч болж байна.

Путины засгийн газар Орос оронд тогтвортой байдлыг авчирч, мафийхны үйл ажиллагааг намжаахад бас л багагүй зүйлийг золиослох хэрэгтэй болсон. Нэг үгээр хүчтэй, хүнд нудрагны амтыг үзүүлэх шаардлагатай болсон юм. Нэг үгээр тэд хүний эрх, эрх чөлөөгөөр тоглох хэрэгтэй болсон гэсэн үг юм. Путин засгийн эрхэнд гарсаныхаа дараа оросын хэд хэдэн телевизүүдийн суваг, сонин сэтгүүлийг хааж кремлийн суурийг ганхуулахад хүргэж Оросын улс төрийг үнэгүйдүүлэхэд нөлөө үзүүлж байсан хөрөнгөтөнүүдийг үг сүггүй шоронд хориж, Путины засгийн газрыг эсэргүүцэгчдийг баривчилан хорьсон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Путины рейтинг хэзээ ч 70ээс доош орж байсангүй. Энэ түүнийг ямар улс төрч, удирдагч болохыг нотлож байгаа хэрэг юм.
Энэ утгаараа шинэ үеийн Орос орон судлалаар мэргэшсэн, Никсон Төвийн ерөнхийлөгч Димитри Саймэс “Путин бол шинэ үеийн дарангуйлагч. Тэр бол орчин үеийн Петр хаан” гэж дүгнэсэн байдаг юм.

Путины улс төрийн карьер

Зарим тохиодолд Путины улс төрд орсон явдалыг аз тохиосон явдал гэж үзэх хүн олон байдаг. Путин өөрийнхөө залуу насны амьдралыг халаас нимгэн, зодоон цохионд дуртай байнга шарх сорвитой явдаг байлаа гэж дурсан ярьсан байдаг юм. Шаливхан биетэй ч эр хүн шиг эр хүн болоход нь бөхөөр хичээллэдэг байсан нь нөлөөлсөн байж болох талтай.
Оросын Тагнуулын төв газар, гудамжны атаман гэгдэх Путиныг жинхэнэ эр хүн болгон хүмүүжүүлж чадсан. 1975 онд Ленинградын Их Сургуулийн оюутан залуугийн амьдралыг бүхлээр нь өөрчлөх үйл явдал болсон нь үл таних нэгэн этгээд ирж түүнд шууд л “Би чамтай ирээдүйд хэн болох талаар чинь ярилцмаар байна. Гэхдээ яг хэн гэдгийг нарийн яримааргүй байна. Зүгээр л надад итгэ” гэж хэлсэн гэдэг. Энэ бол түүнийг сөрөг тагнуулч болгоно бэлтгэх гэсэн санал байсан юм. Ингээд 1980иод оны дунд гэхэд Путин анхныхаа нууц даалгаварыг аван Зүүн Берлин руу явж НАТО болон Германы улс төрчдийн талаар мэдээлэл цуглуулах даалгавартай ажиллаж байлаа. Хүйтэн дайны үед тэр Германы Дрезденд ажиллаж байсан гэдэг. Харин Берлиний хана нуран унасаны дараа түүнийг Зөвлөлт Орос руу эргүүлэн татсан бөгөөд хамтран ажиллагч нөхдийн хамт Зөвлөлт Оросын үед тагнуул хийж байсан тухай бүх баримт бичиг, нэрсийг галдан шатааж улмаар Шинэ оросд шинэ хүний амьдралаар амьдарч эхлэсэн юм. Нийгэмд гарсан өөрчлөлт түүнээс энэ бүхнийг шаардаж байлаа.
Энэ бүгдийн дараа Путин Санкт Петербург хотын захирагч байсан Анатоли Собчактай танилцсан нь түүний хувьд өнөөдрийн Орос орны нүүр царайг тодорхойлогч залуу лидер байх үндэс суурийг тавьж өгсөн билээ.

Англи хэлнээс эмхэтгэн нийтлэв.

Сэтгэл

Юу хоосон вэ? Сэтгэл
Юу баян гэж? Бас л сэтгэл

Би хэн вэ?




Өчигдөр нэг таньдаг хүний хэлсэн үг өөрөө өөртөө дүгнэлт хийх хэрэгтэйг ойлгуулах шиг санагдлаа. Би тэр үгнээс болж шөнө ч унтаж чадсангүй. “Чи өөрийгөө ухаантай гэж боддог ш дээ” гэж хэлэхэд надад ямар хэцүү санагдаж байсан гэж санана. Яагаад ч юм дотогшоо нэг л сонин гэмээр мэдрэмж “арзагнаад”, нулимс минь эрхгүй гарах гээд гомдоод явчих шиг санагдсан. Ажил дээр байсан болохоор арай хийж л нулимсаа дотогшоогоо залгисан. “Шууд тэнэг” гээд хэлчихсэн бол би ийм хүндээр тусгаж авахгүй байсан байх л даа. Энэ үг надад би бусадтай их буруу харьцдаг болохыг, би буруу тийшээ явж байгааг басхүү “чи одоо хэн ч биш байгаа шүү” гэсэн дохиог өгөх шиг санагдсан л даа. Гэхдээ тэр хүнээс би тэр үгийг өөр нөхцөлд, арай өөр ярианы nuance.д сонсосон бол тэгж их хүндээр тусгаж авахгүй байсан байх л даа. Бас тэгэж хэлсэн хүн нь өөрөө надад их чухал хүн биш байсан бол тэр үг надад их хүнд тусахгүй ч байсан байж болох л юм. Хамгийн гол нь тэр хүний хэлсэн үгнээс би, миний бие авч яваа байдал, хүнтэй харьцдаг харьцаа, үг хэл, хүсэл сонирхол маань намайг эмэгтэй хүн гэж харагдуулдахаасаа илүү “адаар зантай хүйтэн зүрхт” шиг болгодог шиг санагдсан.
Гэхдээ өөрийн гэсэн бодолтой зорилготой хүсэл тэмүүлэлтэй, эрчүүдтэй ижилхэн байр суурьтай байхыг хүсдэг, “тэнэг ч гэсэн” өөрийн үзэл бодлыг хамгаалахын тулд “махарч” чаддаг, биеэ даасан байхыг хүсдэг эмэгтэй эсрэг хүйстэнээрээ зүгээр л эмэгтэй хүн гэдэг утгаараа хайрлуулах хувиар дутах ёстой байдаг гэж үү. Эмэгтэй хүн гэхээрээ заавал сул дорой байх ёстой юм гэж үү.
Хөөрхий дөө миний зорилго, хүсэл тэмүүлэл, үзэл бодол бусдын хувьд “инээдтэй” өчүүхэн байж, “үзэл бодол зорилго ч бол доо” гэж хэлэхээр байж болох ч, би тэнэг дөргүй бух шиг зүтгэдэг ч гэсэн тэр болгон минь наддаа л үнэ цэнэтэй байвал болоо биш гэжүү.
Би чинь эмэгтэй хүн шүү дээ …. Зүгээр л хайрлуулахыг хүсдэг. Хүн эрийн цээнд хүрч том болсон ч ээждээ духаа өгөөд үнсэлүүлэхдээ нялхардаг, бас баярладагтай л адилхан.
Гэхдээ би одоо өөртөө дүгнэлт хийлээ гээд ч яах юм билээ.
Эсрэг хүйстэнээрээ хайрлуулахын тулд заавал эмзэг туяхан, бусдын үгийг хүлээн зөвшөөрдөг, өөрийнхөөрөө шийдвэр гаргахыг хүсдэггүй болж жүжиглэх хэрэгтэй юм гэж үү !!!!!!!!!!!!!!!
Тэгэхээр “Би хэн вэ?”. Би зүгээр л эмэгтэй л хүн.
Би өргөстэй харгана байлаа гэхэд
Өшиглөж хугачихынхаа оронд
Эвтэйхэн шиг ишнээс нь бариад
Өнгийн шар цэцгийг онцгойлон ажиж болохгүй гэж үү
Гэхдээ яаалаа ч гэсэн тэр харгана харганаараа л үлдэнэ.

Хоёр. Боломж дандаа дэргэд байдаг – Энэ миний дуртай үг




Өмнө нь би олон улсын мэргэжил нэгт хүмүүсийг хамарсан том уулзалт семинарт оролцож байгаагүй болохоор “алдах бий, миний хэлэх зүйлийг юу гэж хүлээж авах бол” гэсэн айдас намайг маш их зовоож байлаа. Яг л өрөнд баригдсан “хужаа” шиг нэг их чухал хүн хөмсөгөө атруулаад л ...
Ингээд уулзалт семинарын эхний өдөр бидний буусан таван одтой зочид буудлын 2 давхарын хурлын цэлгэр танхимд эхэллээ. Цаг 9:00 ийг заана. Харин миний зүрхний бичлэг байх ёстой хэмжээнээсээ хэт давж, бараг л цөмийн дэлбэрэлт болохнээ.
Куала Лампурын гадаах гудамжинд халуун бөгчим, чийгтэй, халуун орны он удаан жил нигширсэн үл таних үнэр бүхий агаар амьсгалахад хэцүү цээжин дээр дарж байсан бол хурлын танхимд ер бусын таатай сэрүүхэн, заримдаа бүр нимгэн пиджакийн цаанаас жиндэнэ даарч байлаа.
Хурлын танхимд оронгуутаа л би Ази Номхон Далайн 22 орноос ирсэн 20 гаруй сэтгүүлчдийг гүйлгэн харж, байгаа байдал, үс зүсээр нь насыг нь бас хэр хүн вэ гэдгийг тодорхойлох гэж оролдлоо. Нэг бус хүнийг тооцвол би энд хамгийн залуухан нь бололтой.
Төсөөлж байснаас минь бүх зүйл өмнөө байсан юм. Хурал гэхээр л нэг их албаны зангиа хувцасандаа дарагдсан хүмүүс чухал чухал үг шидэлцээд л цэцэрхээд байх юм болов уу гэтэл. Харин ч эсрэгээр бүх зүйл маш найрсаг хэрнээ бүгд урьд нь бие биенээ таньдаг хэзээний найзууд мэтээр эхлэсэн юм. Семинарын явцад бидэнд сургалтын сонгон авсан point-ийг ойлгуулахын тулд тоглоом тоглуулж, хөгжөөх нь элбэг.
Улаанбаатраас тээж ирсэн нөгөө нэг айдас минь тэрхэн зуур алга болж, би биеээ барихаа болж эхэлсэн.
Ингээд үдийн завсарлага болоход бид бүгд цайны өрөө руу гарч кофе, жигнэмэг идэнгээ улам дотно танилцах зуур нэрийн хуудасаа солилцов. Яагаад ч юм би Монголоос авч явсан өнөөх нэрийн хуудаснуудааа гаргаж өгөхөөс санаа зовоод нэрийнхээ хуудсыг авчирсангүй гээд хэлчихсэн хэхэхэхэ. Яагаад ч юм нэрэлхүү гэмээр юм уу эсвэл ийм жаахан юм байж юун өөртөө ахадсан албан тушаалтай юм гэж бодох бий гэсэн нөгөө л нэг Монгол хүний “тэнэгдүү” зангаар тэгсэн хэрэг л дээ. Нэрийнхээ хуудсандаа би .... байгууллагын гадаад харилцааны албаны дарга, сэтгүүлч гээд биччихсэн байсан юм. Гадаад харилцааны албаны дарга гэж хэлж болох ч надаас олон жил ажиллаад олон газар явж юм үзэж нүд тайлсан ахимаг насны хүмүүсийн өөдөөс “том гинжтэй жижигхэн гөлөг” мэт нэрийн хуудас өгөхөөс ичсэн хэрэг л дээ.
Ер нь бол уулзалт семинарын гурван өдөр маш хурдан өнгөрч байсан гэж хэлж болно. Өглөөний 9ээс оройн 5н цаг хүртэл болж байсан ч сургалтын арга барил сонирхолтой тэгээд ч бас би мэргэжлийн чиг баримжаандаа дэлхийд шилдэгт тооцогдох мэргэжилтэнүүдээс анх удаа номын дуу сонсож байсан болохоор сайхан байлаа.
Эцсийн өдөр нь би бэлтгэсэн илтгэлээ тавих, нэвтрүүлгээ үзүүлэх цаг нь болсон юм.
Нэвтрүүлэг ч явлаа .... Би ч үгээ хэллээ .....
“Айдагаа авдартаа хийсний” дараа би урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй талархалыг хүлээн авсан.
Энэ бол би тодорхой шаардлагуудыг биелүүлж чадвал чам шиг залуухан, Англи хэлтэй хүмүүсийг Олон улсынхаа байгууллагын ажилтан болгох сонирхолтой байна гэсэн миний ирээдүйг тодорхойлсон ажлын санал байсан юм.
Тиймээ. Би ажлын санал хүлээн авна гэж төсөөлж ч байгаагүй. Тэр тусмаа гадаадад, дэлхийн 160 гаруй телевизүүдийг нэгтгэсэн тэр том байгууллагын ажилтан шүү.
Одоо цаг хугацаатай уралдан өөрийгөө дайчлах л үлдсэн. Нэг үгээр би эхлэлийг нь тавьж чадсан болохоор итгэлийг алдахгүй хичээх л хэрэгтэй болсон.
Энэ санал надад асар их урам зориг, басхүү томоос том шинэ цонхыг нээж өгсөн юм. Би хичээнээ.

Нэг. Хөнгөн айдастай хилийн дээс давсан нь




Он бүрийн төсгөлд сайн, муу бүх зүйлдээ дүгнэлт хийх сайхан байдаг юм.
Энэ жил 2006 оны сайн, муу, амжилт бүтээлийг гүйцэхгүй ч, оны төгсгөлд буюу 12р сарын дундуур 2007 он гарсанаас хойш хийсэн ажлынхаа үр дүнг үзэж Малайзын Куала Лампур руу өөрөө өөртөө томилолт өгөн явлаа. Томилолтынхоо үүрэг даалгаварыг бас л өөрөө өөртөө өгсөн. Учир нь би нэг байгууллагын гадаад харилцааг анх удаа хариуцан ажиллаж байгаагийн хувьд гадаад харилцаатай холбоотой бүхий л асуудалд өөрөө өөртөө дарга бас цэрэг нь болж явдаг юм. Мэдээж хагас жил гаруй хөөцөлдөн байж дэлхийн хамгийн том нэр хүндтэй хоёр ч холбоонд байгууллагаа амжилттай элсүүлэн, Францын нэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж чадсан юм. Ямар ч байсан би одоо ажиллаж байгаа байгууллагынхаа “анхдагч” бүхнийг хийж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Би энэ ажлынхаа үр дүнг үзэх гэж бүтэн нэг жил ганцаарханаа ажилласан. Хүссэн зорилго минь биелэхгүй удах тэр үед шантараад ажлаасаа гарахаар ч бодож байлаа.
Мэдээж зорилготой байх, зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хэр хэмжээнд хөдөлмөрлөх басхүү шантралгүй тэвчээртэй хүлээх нь амжилтын үндэс юм гэдгийг өнгөрсөнд болсон бүхнээс дүгнэж хэлэх байна.
Миний хийж байгаа ажлын давуу тал нь бусдаас төдийлөн хамааралтай биш, өөрийн хүссэнээрээ бүх ажлаа зохион байгуулж удирдаж болно басхүү шинэ санал санаачлагыг хэрэгжүүлж чадна. Хэрэв би ерөнхий захиралдаа миний санал санаачлага ач холбогдолтой гэдгийг ойлгуулж чадвал бүх зүйл ОК. Азаар захирал маань намайг сайн дэмжиж байгаа нь надад бас урам өгдөг. Иймээс би итгэл алдахгүй сайн ажиллах хэрэгтэй.
Энэ ч утгаараа би Куала Лампурт болсон олон улсын уулзалт семинарт оролцохдоо сайн дураараа шахуу илтгэл тавьж, сайн дураараа байгууллагаа танилцуулах зорилгоор нэвтрүүлэг хийж авч явсан юм. Учир нь гишүүнээр элссэн байгууллагадаа бид “хэн” гэдгээ багахан ч болов нотлохыг хүссэн билээ.

Хөнгөхөн айдас, хөнгөхөн догдлол дээрээс нь хүндхэн үүрэг хариуцлага өвөртөлсөөр Куала Лампурыг зорьлоо. Куалад зунаараа бөгчим байгаа гэсэн учраас гэрээсээ гарахдаа зуныхаа шаахай, нимгэн хүрэмээ өмсөн, Эйр Чайнагийн онгоцонд суусан юм. Бээжингээр дамжин Куала Лампурын нисэх буудалд газардахад үнэхээр л миний эх оронд хүйтний хэм тэгээс доош зааж, модод нүцгэрч, бүх зүйл сүүрмэг унтаа байдалд нойрмогтож байхад, Малайзад бөгчим халуун, зүлэг мод нь ногооноороо байлаа.
Малайзын онгоцны буудалд буухтай үгүйтээ л Улаанбаатраас тээсэн хөнгөн айдас минь зүрхний цохилтыг минь улам хүчтэй булиглуулж байсан юм.
Маргааш уулзалт семинарын эхний өдөр

Би нээрээ

Би нээрээ ... Би их сэтгэлийн хөдлөлтэй гэдгээ мэддэг. Ер нь тэр сэтгэлийн хөдлөлөөрөө бусадтай харьцдаг. Алдах нь бага байсан ч би дөнгөж саяхан болж өнгөрсөн бүхнээс сэтгэлийн хөдлөлөө яадаг ч байсан барьж байх нь зүйтэй гэж бодох боллоо.

Завсарлага

Улаанбаатарын утаатай саарал бүүдгэр цасгүй өвлийн завсархан хугацаанд далайн эргийн оронг зорих таатай боломж олдлоо. Энд би нүүрсний утаагаар амьсгалж, уйтгартай өдөр хоногийг аргацаан, арьсан биеэн дээрээ өчнөөн олон хэрэгтэй хэрэггүй хөвөн даавууг хүйтний хэмээс жихүүцэн "байцаалж" байсан бол тэнд би богино юбка, нимгэн мактай нарны сайхан нүдний шил зүүчихээд олон орны сэтгүүлч нартай зугаалах болох нь дээ ... хэхэ

Амьдрах сайхааан


Залуусаа амьдрах сайхан. Аз жаргал хаана байдаг гээч. Миний чиний бидний амьдарч байгаа газар байдаг юм. Чи өөрөө л зөв байж чадах юм бол амьдрал хичнээн сайхан гэдгийг мэдрэх болно. Надад унах машин байхгүй, өмсөх булган шуба байхгүй, тансаг байр сав ч байхгүй, бас баян нөхөртэй болох бодол ч байхгүй. Надад юу ч байхгүй. Харин надад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг сайхан амьдрал болгох "арга" байгаа, бас намайг дэмжидэг хүмүүс байгаа, бас эрх чөлөөтэй амьдарч болох эх орон минь байгаа.

Будда гэж хэн вэ?. Будда бол “Би”



Будда бол “Би” гэж бичсэн минь их учиртай. Өөрийгөө Будда гэж нэрлэх эрх яг одоо надад байхгүй ч ... хэл амаар үйлдэх нүгэл буюу худлаа ярихгүй хүнд хар буруу санахгүй зөв зүйтэй замаар амьдарч чадвал БИ хэзээ нэгэн цагт Будда буюу Бурхан болж чадах юм гэсэн гэгээн сайхан “мөрөөдөлөөр” “тэжээгдэж”, өнөөдрийн байгаа амьдралдаа сэтгэл ханамжтай амьдарч байгаадаа би дуртай байдаг.
Энэ эхлэлээр би Будда буюу Буддын “шашины” Бурханыг тайлбарлахыг оролдох гэсэн юм. Бурхан ялангуяа Буддын “шашинд” байдаг тэрхүү бурхан бол хүн та өөрөө гэж үздэг юм. Тэрнээс биш Монголчуудын дунд төөрөгдөл буюу мухар сүсэг хэлбэрээр оршин тогтнодог хий хоосон, миний гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй тэрхүү зүйл огтоос биш юм.
Одоо миний биш буддын шашиныг гүн гүнзгий судалсан, шашины харьцуулсан судлалын профессор Валпола Рахулагийн тайлбарласанаар “БУДДА ГЭЖ ХЭН ВЭ” гэдгийг таньд хүргэе.

Буддагийн багын нэр нь Сиддахаттха (самгардиар Сиддхартха) овог нь Готама юм. Тэр бээр Умард Энэтхэгт аргын тооллын өмнөх 6 дугаар зууны үед амьдарч байсан гэдэг түүхэн баримт бий. Түүний эцэг нь, Шуддходана (одоогийн Балбын) сакья (сажа) омгийн хаан байв. Тухайн үеийн заншлын дагуу, Сиддахаттха бага залуу 16 насандаа Яшодхара хэмээх гоо үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн байна. Тэр бээр ордоны тансаг жаргалтай амьдралд үнэнхүү аз жаргалтайгаар амьдарч байжээ. Сиддахаттха амьдралын бодит байдал, хүн төрлөхтөний зовлон зүдгүүрийг олж харан, улмаар зовлонг хэрхэн давж туулах замыг олж нээхээр сэтгэл шулуудсан гэдэг. Сиддахаттха энэ хүслээ биелүүлэхийн тулд 29н насандаа цорын ганц хүү Рахулагаа төрсний дараахан хант улсаа орхин дияанч болсон байна. Дияанч Готама Ганга мөрний хөндийгөөр зургаан жилийн турш хэрэн хэсэж шашины нэрт зүтгэлтэн багш нартай уулзаж тэдний номлол сургаалийг сонсож явсан байна. Гэвч түүнийг хүсэл зорилго ханасангүй. Ингээд тэрбээр уламжлалт шашины ёс жаягаас татгалзаж өөрийн замаар явж эхлэв. Ингээд Неранжара мөрний эрэг дээр нэгэн модны ёроолд сууж Готама 35 насандаа Гэгээрэлд хүрсэн гэдэг бөгөөд тэр цагаас хойш Будда буюу “Ялж Төгс Гэгээрсэн” хэмээн алдаршжээ. Түүнээс хойш Бодь буюу Бо мод, “Билгийн Мод” гэсэн нэр гарчээ. Ингэж гэгээрсэнийхээ дараа Будда Баранасын ойролцоохь Бугат цэцэрлэгт анхны номоо өөрийн таван дияанч нөхөртөө айлдсан байна.

Будда гэж хэн вэ гэдэгт товчхон хариулахад ийм буй. Тэгэхээр БУДДА буюу “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН” гэдэг нь өөрөө өөрийгөө ялж, өөрөө өөрийнхөө дотоод сэтгэлийг муу муухай бүрээс ангижруулж чадах тэр ХҮН ТА ӨӨРӨӨ юм. БУДДЫН СУРГААЛЬ бол арван хар нүглээс хол байж өөрөө өөртөө бүрнээ итгэж, хүнд буруу муу хар үйлийг хийхгүйгээр, бусдад хайр түгээж, бусдыг хайрласаныхаа төлөө хариу нэхэхгүй сэтгэлээр амьдрахыг зааж сургадаг юм ЕРӨНХИЙДӨӨ. БУДДА БОЛ ЭНГИЙН НЭГЭН ХҮН. ГЭХДЭЭ ӨӨРИЙГӨӨ “ЯЛЖ ТӨГС ГЭГЭЭРСЭН”...